АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for June, 2012

Шөнө дундын мэтгэлцээн

Posted by Бид on 2012/06/29

Даваа гаригт зарлагдсан “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг 22.30-аас хуваарьтай байсан ч нэр дэвшигчид минут, секунд бүрийг мөнгөөр зодож булаагаад, араас нь Ерөнхий сайд С.Батболд “Сайд ба сэтгүүлч” ярилцлагаараа оочир дайрснаас шөнө дундын 00 цагаас өмнөхөн ам мөчид амжиж эхэлсэн юм. Бичлэг байсан учраас чөлөөтэй хойшлуулжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц Төрийн ордноо хаяж “25-р суваг”-таа эргэж ирээд мэдээллийн хөтөлбөрөө өөрөөрөө эхлүүлдэг болсон З.Алтай гишүүн хөтөлж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ш.Гунгаадорж, Д.Содном гурав, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Зоригт гурав, бас МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцлоо. Харин санаандгүй байтал сонгуулийн сурталчилгааны гурван долоо хоногт тохиосон цорын ганц жинхэнэ мэтгэлцээн болчихов

Эхлэлийг С.Баярцогт гишүүн тавьж өөрийн намын мөрийн хөтөлбөр дэх татварын бодлогын заалтуудыг учир зүггүй магтангуутаа  МАН-ынхыг нэг хувийн татвараас нь эхлээд баахан гоочлов. Д.Зоригт гишүүн “Манай намын мөрийн хөтөлбөрийг бид өөрсдөө тайлбарлая, тэх үү?” гэж өндөлзөөд өндөлзөөд барсангүй. Хөтлөгч З.Алтай дундуур нь орж “цөмөөрөө бие биенээ шүүмжлээд яахав, мөрийн хөтөлбөрөө сайхан ярьцгаая, сонгогчид өөрсдөө дүгнэлт хийнэ биз” гэж усан яриа уруу хөтөлсөн ч С.Баярцогт үргэлжлүүлэн довтолж, Зоригт хариу барьж маргасны ачаар намуудын мөрийн хөтөлбөрийн уриа, лоозон, амлалтын тоо цифрүүд амь орох шиг болов. Манай топ сэтгүүлчид хүртэл улс төрчдөд гологдож байна шүү!

Дуу хөгжмийг нэгэнт хэтэрхий дээд, эсвэл хэт доод өнгөнөөс эхэлчихвэл тэр чигээрээ дуусгахаас өөр аргагүй юм гэсэн. Энэ удаагийн “Дуусдаггүй яриа” шууд өндөр авсны ачаар тэр чигээрээ үргэлжлэв. Муудалцаагүй, тэр тусмаа барьцалдаж аваагүй, тэр байтугай ихэнх асуудлаар санаа нийлсэн хэрнээ арга замуудыг сонгогдож авснаараа ялгарав.

Бат-Үүл баатар мэдээж орон сууцнаасаа эхэлсэн. Монголд хүмүүсийг сайн ажиллуулах ганц арга бол орон сууцтай болгох, Үүний тулд газрын доорх баялгийг газар дээрх үл хөдлөх хөрөнгө болгох хэрэгтэй тухай яриад “Орон сууцтай хүнээр ажил хийлгэх шал өөр. Өнөөдөр том компаниуд хүнийг орон сууцаар л татдаг болсон байна” гэлээ.

Монголчууд ажил голж байгаа шалтгааныг Ерөнхий сайдууд тайлбарлав. Д.Бямбасүрэн: Цалин их бага байхаас илүүтэйгээр нийгмийн баталгаа чухал. Манайд залуучуудыг барилга дээр хэд хоног ажиллуулчихаад элдвээр дуудаад хөөгөөд явуулчихдаг. Ш.Гунгаадорж: Манай хамаатны хүүхдүүд Солонгос яваад ирэхэд нь асуухад тэд 1. Цалинтай 2. Муу, сайн ч гэсэн орон байртай. 3. Маш дэгтэй, хонх дуугарахад юу ч хаяж байсан орхиод кофегоо цайгаа уудаг. Бүх юм нарийн зохион байгуулалттай учраас сайн ажилладаг гэсэн…

Дараа нь улс төрийн намуудыг барьж авлаа. “Өчигдөр Содном гуай “Ийгл” телевизээр ярихдаа “Монгол алт” шиг компаниудын  төсөл дээр намуудын мөрийн хөтөлбөр тулгуурлах ёстой гэж хэллээ. Ингэж болохгүй. МАН баахан тэрбумтныг дэд сайдаар гаргаж ирсэн. Тэгтэл манай АН хүүхдийн парк дотор байшин барьсан Наранхүүг гаргаж ирсэн. Намуудын санхүүжилт маш ноцтой шүү” гэж Бямбасүрэн гуай хурцаллаа. Сонгууль болж үхэх сэхэхээ үзэлцэж байхад хүний өөрийнгүй хэлээд тавьчихна гэдэг тоглоом биш. Э.Бат-Үүл: “Нам гэдэг бол хүмүүсийн эвлэлдэж нэгдсэн арай соёлжсон хэлбэр. Эс тэгвэл отог омгийн, компанийн мэдлийн сум гарч ирнэ”, С.Баярцогт: “Германд парламентад суудалтай намыг л нам гэж үзээд төсвөөс санхүүжүүлдэг. Манай хөтөлбөрт ч тэгэж тусгасан. Намууд нэг байшинд орох ёстой”, Я.Содбаатар: Манай хөтөлбөрт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад намуудаас гадна иргэний нийгэм оролцох боломжийг хангана гэж заасан…

Д.Бямбасүрэн дахиад өдөөв: Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт улс орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэхэд их анхаарсан. Өнөөдөр манай хоёр нам хурдан өсөлтийн дон туссан байна. Гадаадын хөрөнгө оруулалт маш их байна. Бид барах уу? Миний тооцоогоор Монголыг 30 тэрбумын өрөнд оруулж магадгүй… Харин Ш.Гунгаадорж тийм алсад санаархалгүйгээр “Маргаашнаас хоёр нам халуун хөнжилд орно доо…” гэж санаа алдсан бол Д.Содном “Сөрөг хүчний мөрийн хөтөлбөрт байгаа сайн юмыг авч хэрэглэх хэрэгтэй” гэж битүүхэндээ дэмжив.

Энэхүү “Дуусдаггүй яриа” шөнийн 02 цагт дууссан юм.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн сурталчилгааны төгсгөл

Posted by Бид on 2012/06/29

Энэ удаагийн сонгуулиар МҮОНТ сонгуулийн ерөнхий хорооны хуваарийн дагуу улс төрийн намууд, бие даан нэр дэвшигчдэд үнэ төлбөргүй, ерөнхийдөө ижил цаг гаргаж үйлчилсэн дээрээ нэмж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр бөөн сурталчилгаа хийж өглөө. Сонгуулийн үйл явдлын мэдээ юм уу гэхэд сурвалжилсан хүмүүс нь зүс царай, нэр усаа огт харуулаагүй, намуудын штабаас ирүүлснээс зайлахгүй бичлэгийг зөвхөн намын ажилтны амнаас гарах тайлбартайгаар уншиж байлаа. Нэртэйгээр нь бас “Цагийн хүрд”-ийг намуудад тэгш хуваагаад өгчихвөл дээр байж. Тэгээгүйгээс Ардын нам ба Ардчилсан Намын нэр дэвшигчид хэт давамгайлж, бас Адьшаа зэрэг нэр дэвшигчийг дахин дахин (“Адьшаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав”, “Адьшаа сонгогчидтойгоо уулзлаа” гэх мэт) гаргах юм. Бүр Адьшаагийн сурталчилгааны нэвтрүүлгийг үзүүлж амжсан. Товчхондоо, зургадугаар сард олон нийтийн телевизэд сэтгүүл зүй гэж юмны шинж тэмдэг ажиглагдаагүй.

Нийт зургаан удаа мэтгэлцээн (үнэн хэрэгтээ ээлжилсэн ярианууд) зохион байгуулснаас оргил нь сонгуулийн сурталчилгааны хаалтаас хэдхэн цагийн өмнө болж урьдчилж сугалсан хуваарийн дагуу намуудын дарга нар мөрийн хөтөлбөрөө тус бүр 10 минут танилцуулж ярьцгаав. Цагийн тоолуурын минут нь дээшээ, секунд нь доошоо гүйсэн нь сонин харагдсан.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МСДН-аас дэд дарга Д.Энхзаяа, хуульч А.Эрдэнэбилэг,  Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа, дэд дарга Ж.Занаа, ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, МУНН-ын дарга Б.Батболд, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх (энэ намд өөр хэдэн хүн байдаг бол? Их хурлаа хийж байгаа зургийг үзэхсэн), Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар ээлжиллээ. Харин туг далбаагаа мандуулсаар гарч ирсэн Монголын ногоон намын О.Бум-Ялагч “Монголын ногоон нам өнөөдрийн мэтгэлцээнийг удаан хүлээсэн. Энэ мэтгэлцээнд Монгол Улсын төр барьж байгаа намууд, олон намууд сууж байгаад ардчилсан орны үзэл баримтлал, ёс зүйн хүрээнд бие биендээ асуулт тавьж олон нийтэд байр сууриа илэрхийлэх байх гэж бодсон. Гэтэл өнөөдөр нам болгонд тусад нь цаг өгөөд бид нарыг та бүхэнтэй харьцах бололцоо олгож байгаа нь нэг талаас зөв. Нөгөө талаас бусад намуудын булхайг илчлэх, тэдэнд ард түмнээс гараад байгаа асуултыг тавих бололцоо олгоогүй нь харамсалтай” гэж өдөөд авсан.

Дунд хавьд ярих хуваарь ногдсон Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд студид ирсэнгүй. Гэхдээ зугтаагүй, харин шал өөрөөр зүтгэж, хоёр талдаа туг хатгасан индрээс сонгогчдод хандсан бичлэг ирүүлснийг гаргалаа. Түүний яриа 5-6 минут үргэлжлээд үлдсэн хугацааг МАН-ын мөрийн хөтөлбөрийн тухай МАН-ын сэтгүүлч Д.Сарангэрэлийн амт шимтгүй тайлбараар дүүргэв. Оронд нь тэр Гүрбазараар цоллуулсан бол хавьгүй дээр байж. Ардын нам ингэж пээдийснээр хэдхэн мөчийн дараа заналт өрсөлдөгчийнхөө зууш болсон юм.

Төгсгөлөөсөө хоёрдахь нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байж М.Энхсайхантай цуг гарч ирсэн Н.Энхбаяр шууд дайрлаа: Юуны өмнө ард түмэнтэйгээ шууд нэвтрүүлгээр дамжуулж уулзаж байгаадаа баяртай байна… Бид шууд та бүхэнтэй уулзахдаа … дуртай байдаг. Зарим намууд шууд уулзахаасаа айж байна. Жишээлбэл, Монгол Ардын намын удирдлага энд ирж уулзахаасаа, та бүхэнтэй уулзахаасаа айж байна. Бичсэн бичлэгээ ирүүлж байна. Видео телевизээр гаргаж байна. Энийг би өнөөдрийн Монгол Ардын нам, Ардчилсан нам эдний удирдлагууд ярих зүйлгүй болсон байна. Айж эмээж байна гэж бодож байна. Айсан эмээсэн хүмүүс сонгууль будлиулж магадгүй. Ялангуяа Монгол Ардын нам…

Мэтгэлцэхэд хамгийн сүүлд дуугарсан нь давуутай. Ямар аз тохиосон юм бүү мэд, ийм завшаан Ардчилсан намд таарч Н.Алтанхуягийн дарга нь гарч гурван минут ярив. Юу ярьсан нь хамаагүй, өөрийн биеэр ирсэн нь хангалттай байв. Араас нь АН-ын нэр дэвшигчдийн мэндчилгээ.

Ингэж сурталчилгаа дуусахаас хэдхэн минутийн өмнөх Ардын нам баруун, зүүн талаасаа хоёр удаа хүнд цохилт авч амжих нь тэр.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Захиалагчийн нэрний оронд “Төлбөртэй”

Posted by Бид on 2012/06/24

Хэдхэн хоног үлдлээ. Одоо нам, нэр дэвшигчид өрсөлдөгчийгөө “няцаах хугацаа өгөхгүйгээр гүтгэлэг цацна” гэж хардангаа өөрсдөө тийм “гүтгэлэг”-үүдийг ахиухан бэлтгэж суугаа. Баримт, фактууд байгаа бол сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт, эсвэл бүр эхлэхээс өмнө дэлгээгүй, хэлэлцэж хэрэлдээд буруу зөвөө ололцоогүй, сэтгүүлчид нь эрэн сурвалжлаагүй юм чинь сүүлийн хэдэн өдөрт асгарч л таарна. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв.

Сонин хэвлэл, интернэтийн сайтад гүггэлэг гэмээр элдэв бичлэг ерөөсөө тасраагүй, хар мянгаараа нийтлэгдэж байна. Гэхдээ өнөөдөртөө бүх хэвлэл мэдээлэл дундаас хамгийн чухал нь телевиз учраас телевизийн гүтгэлэг илүү ноцтой. Үүнийг хязгаарлахын тулд Сонгуулийн тухай хуулиар өндөр торгууль төлөвлөснөөс гадна захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичиж  нэвтрүүлгийн нийт хугацаанд гаргахыг шаардсан юм. Иймээс сонин, сайтуудтай харьцуулахад телевизүүд хамаагүй аядуу байгаа. Намуудын сурталчилгаа явуулах, хэн нэгнийг магтахдаа “МАН-ын захиалгат нэвтрүүлэг”,  “АН-ын захиалгат нэвтрүүлэг” гэхчлэн титрт бичиж байна. Харин жаахан эгзэгтэй болмогц захиалагчийн нэрний оронд ямар ч эзэнгүй “Сонгууль-2012”, эсвэл “Төлбөрт нэвтрүүлэг” буюу “Захиалгат нэвтрүүлэг” гээд тавьчихаж байгаа нь хариуцлагаас зайлсхийх нүхээ малтаж буй хэрэг юм. “Хэн өгсөн юм бол доо хөө … тэр нөхөр хийсэн байх, бидэнд үзүүлэхгүй яадаг золиг вэ…” хэмээн мэдэн будлихаас эхлэнэ. Цааш нь “… манай намын нэр байхгүй байгаа биз дээ” гээд гүрийнэ. Нээрээ байхгүй юм чинь! Сүүлийн өдрүүдэд энэ тэр сувгаар сэмхэн гарах болсон Н.Энхбаяр ба түүний нөхдийн эсрэг “Аалзны тор цуврал буюу мартагдаагүй түүх – 6”, “Хар цагаан”, бас бус нэвтрүүлгүүд “Төлбөртэй” гэсэн ганц хаягтай.

Одоо үлдсэн хоёр хоногт “гүтгэлэг” сад тавибал хүүе хаая, хэн яагаад гэж хэлж ч амжихгүй. Гэхдээ ихэнх нь баримт нотолгоотой байна гэдэгт найдья. Хэрвээ тийм бол нэрээ нууж яадаг байна?

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн сурталчилгааны үргэлжлэл буюу уриа лоозон, клип, дуу …

Posted by Бид on 2012/06/23

Сонгуулийн сурталчилгаа гэдэг бол тэр чигээрээ амлалт. Энэ удаад намууд бэлэн мөнгөнийхөөс дутахгүй том амлалтуудыг цацжээ. 300, 400, 500 мянган айлын орон сууц, татвараас чөлөөлөх, 10 мянган үйлдвэр байгуулах, “ач санах” хууль, тэтгэврийн зөрүүг арилгах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох нь тус бүрдээ тэрбум тэрбумын өртөгтэй. Метро ашиглалтанд оруулаад (хэдэн зуун тэрбум!) зогсохгүй “та хэдэн төгрөгөөр зорчих вэ?” гэж санал асууж саймширсан нам бий. Сонгогчид үнэгүй зорчихоос буцахгүй тул дахиад хэдэн тэрбум. Харин ч 2008 оны сонгуулийн амлалтууд тов тодорхой тоо учраас хариуцлага асуух боломжтой юмсан. Ардын нам (тэр үеийн МАХН) хөнжил дотроос нь хорлонтойгоор босч гүйсэн АН-ын үлдээсэн нэг саяыг нэмсний ачаар 1,5 сая гэсэн тоонд арайхийж хүргэсэн амлалтын мөнгөө 6-р сарын 28-наас өмнө өгч харагдах гээд үйлээ үзэж байгаа. Чадахгүй бол унана. Ийм хүнд үед МАН-ын 220 мянган гишүүн өөрсөддөө ногдох мөнгөнөөсөө татгалзаж намаа авраасай билээ.

Намуудын мөрийн хөтөлбөр гэж СЕХ-нд үзүүлээд дуусдаг дэмий цаас байна. Уг нь авлига авна, олигарх болно, нутгаа зарна, ядууруулна, хуйвалдана, нураана гэсэн үг өгүүлбэр тэнд байхгүй. Гэхдээ түүнийг судалж суудаг гэнэн сонгогч нэг ч үгүй. “Манай намынх хамгийн сайн” гэж дуугардаг сонгогч хүртэл уншаагүй, зүгээр л намдаа хайртай учраас тэгэж хэлдэг. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хураангуйлсан “Би үлдэнэ” анимэйшн хүртэл залхуутай.

Сонгууль бол сүртэй үгсийн шоу. Ардын нам “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, Ардчилсан нам “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” мэт телевиз, сонин, гудамжны самбараар балбаад сонгогчдын толгойг мушгих ганц зорилготой уриа лоозонгоор эхэлсэн. Пиарын мэргэжилтнүүд анх солиод өгчихсөн бол одоо АН-ынхан “шударга ёс” гээд авч өгөх байлаа. Сайхан амьдарцгаая гэсэн ганцхан уриаг Монголдоо, эх орондоо, нутагтаа, нийслэлд, 100 айлд, Сүхбаатар аймагтаа гэсэн хувилбартайгаар өөр өөр намууд ашиглаж болоод байна. .

Харин одоо дараачийн ээлжийн илүү тодорхой уриа, тэдгээрийг дүрсжүүлсэн клипүүд гарч ирлээ. МАН-ын “Бүтээснээсээ ихийг бүтээнэ” гурван үг утга төгөлдөр. Өөр ямар ч нам үүнийг хэлж чадахгүй. Бас сүүлийн хэдхэн хоногт гудамжаар ярайсан “Зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж” гэсэн аварга том самбарууд хамтарсан засгийг хаяад арилж өгсөн Ардчилсан намд маш эвгүй тусч байгаа. (Цаадуул нь “гадаадад байгаа монголчуудыг эх орноосоо зугатсан болгож доромжиллоо” хэмээн саармагжуулахыг оролдож эхэлсэн ч  тийм биш). Ханилж яваад нөхрөө, Түгжил, бусдыг аахилуулаад өөрөө таахалздаг агуулгатай клипүүд араас нь гарч ирлээ.

Тэгвэл АН-ынхны гол уриа – “Олуулаа” үнэхээр хүчтэй. Дагаад “Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?” уриа хурц, бүр дэндүү хурц, харин цааш нь задалбал өөрсдөө ч өртөх аюултай тул оронд нь “Дандаа ингэж явахгүй байлгүй дээ”, “Удахгүй цаг өөр болно” гэхчлэн сонгогчдыг гэгэлзүүлж байгаад “Олуулаа ялсан онцгой наадам” руу залж байна. “Намайг Амараа гэдэг” дайчин клип энэ сонгуульд шинэ хувилбараар  үргэлжиллээ. Харин өөдөөс нь МАН-ын зүгээс “Намайг Амараа гэдэг… за за, миний хэн байх нь хамаагүй” сөрөг клип хийсэн ч телевизээр ганц удаа үзүүлээд өнгөрчээ. Хулхи төдийгүй хэт нуршуу учраас тэр биз.

Сонгуулийн сурталчилгааны дунд хавьд хэд хоног дуугаар үзэлцлээ.

Өнгөрсөн сонгуулиар монголын хамаг оддыг элсүүлсэн МАН-ын “Өглөө шиг эх орон” (ая Ц.Балхжав, үг Ш.Гүрбазар) дуунаас намын нэр, тэмдгийг хасаад саяхан болтол цацдаг байсан. Тэгвэл 2012 оны сонгуульд зориулж Ардын намаас “Бид бүгд нэг Монгол” дууны клипэнд Төрийн ордон, Чингэсийн хөшөө, төрийн хүндэт харуулыг дайчилж, Лхагвасүрэн, BX, Болд, Сарантуяа, Эмоушн, Төмөрбаатар, Амархүү, Чинбат, Ариунаа, Отгонжаргал, Жаргалсайханыг дуулуулсан (өөр үлдсэн дуучин бий уу?), эртний Монголд ах дүү хоёр алалцах шахаад эвлэрснийг харуулсан үйл явдалтай хэрнээ өмнөхдөө хүрсэнгүй. Харин “Монголоороо байгаасай” (хэрэв дэлгэцэн дээрхийг би зөв харсан бол, үг Цогжилт, С.Амармандах, ая Баян гэжээ) клип таалагдлаа. Дуучин Б.Дашдондог цуурайтуулж, “Хар сарнай”-н Б.Амармандах дэвхцсэнээс илүүтэй монгол дээл өмссөн бяцхан жаал, охидын түрсэн давталтын ая дэндүү сайхан.

Ардчилсан нам өмнөөс нь шинэ үеийнхний “Өнө мөнх эх орон” дууны клипийг сөргүүлэн тавьжээ. Ая, үг нь МАН-ын сонгуулийн дууны их мастерууд гэж надад ойлгогддог Ц.Балхжав, Ш.Гүрбазар хоёрынх байгаа нь сонин. Дан залуучууд учраас сайхан клип болсон ч сэтгэлд үлдэхүйц аятай биш. Ардчилагчдын хоёр дахь дуу бол  “Халуун элгэн нутаг”. Монголын янз бүрийн аймаг сумынхнаар дуулуулж нэр ус, нутаг орныг бичсэн нь сонин. Даанч шинэ дуу биш. Ингээд Ардчилсан нам дуугаараа дийлдэх нь үү гэтэл “Хонхны дуу. Virtual version” гарч монголын фэйсбүүкчид хэмээх хэдэн залуу дуулж, бас өөр нэг хувилбарыг “Хонх”-ын Энхбаяр өөрөө оролцож дууллаа гэсэн. Хэдийд ч хэнийг ч эргүүлж чадах гайхалтай дуу.

Дуугүй намд найдлага үгүй. Хот хөдөө, гадаад дотоодыг багтаасан лут клип хэд хэдийг хийлгэж бүх сувгаар өдөр шөнөгүй цацуулж чадсан хоёр нам хамгийн олон суудал авна. 2008 онд “Өглөө шиг эх орон” дууны төсөв 300 саяас давсан гэдэг. Зөвхөн ганц дууны, зөвхөн  хийлгэх зардал. Тэгвэл 2012 оных бүр үнэтэй, мөнгөний ханш навс унаж, уран бүтээлчдийнх суга өссөн байх ёстой. Дуунаас гадна арван хэдэн сувгаар нүд эрээлжилтэл солигдож байгаа сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг, ярилцлагуудын үнэ тэрбум тэрбум төгрөг болно. Сонгуулийн хувь заяаг мөнгө шийддэг гэж үүнийг хэлээд байгаа юм.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Нэр дэвшигчдийг унагаах асуултууд

Posted by Бид on 2012/06/23

Өнгөрсөн дөрвөн жилд өөдгүй муу байсан улс төрчдийг огцруулах, бас онцгүй шинэ нөхдүүдийг замаас нь буцаах цорын ганц арга бол сонгууль учраас нэр дэвшигчдийг хатуу шалгах ёстой. Дөлгөөн далайд хэн ч хамаагүй залуурдана, харин хүчтэй шуурга, их давалгааг зөвхөн сайн далайчин гэтэлнэ. Эдийн засагч Д.Жаргалсайхан УИХ ба нийслэлд нэр дэвшигчдэд ноцтой асуултууд тавьсан билээ. Гагцхүү бүр тодорхой болгож тавих хэрэгтэй. Эс тэгвэл “тийм үү, яасан муухай юм бэ, би сонгогдвол үзүүлээд өгнө” гээд зальдаж мэдэх хүмүүс. Манай улс төрчид ичихгүй.

Тухайлбал, нийслэлд нэр дэвшигчдийг баталгаатай шалгах асуулт байна. Хачирхаж, бүр эсэргүүцэж магадгүй, гэхдээ эхнийх нь “Та Зайсанд амьдардаг уу?” Хэрвээ тийм бол таныг сонгохгүй! Дэлхийд хамгийн анхных байж магадгүй дархан цаазтай энэ ууланд зөвхөн аялал жуулчлал эрхлэх хуультай атал Байгаль орчны сайд байсан У.Барсболд, Г.Шийлэгдамба, И.Эрдэнэбаатар (Л.Гансүхийн тухайд сайн мэдэхгүй) нар зогсоо зайгүй газар олгож, хамгаалалтын захиргааны Д.Түмэнхүү гэгч нэмж хутган, нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нар ерөнхий төлөвлөгөөнд зурж баталгаажуулаад, хажуугаар нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав сэм хумсалсаар нийслэлийн сая хүний нүдэн дээр бүхэл бүтэн орон сууцны хорооллууд босчихоод байна. 2012 оны сонгуулийн сурталчилгаанаас харахад шударга бус явдлыг үл тэвчих, авлигачдыг үзэн ядахаараа уралдаж байгаа нэр дэвшигчид тэнд амьдрах бүү хэл Зайсангийн ам руу хараад бухимдсандаа… сонгуульд өрсөлдсөн байж таарна.

Зарим нь “бүгдээрээ энэ байрнуудад орж байгаа ш дээ” гэх биз. Харин бүгдээс илүү учраас нэр дэвшсэн баймаар. “Харин тийм, би аймаар үнэтэй авч шулуулсан, би энд миллиметр ч газар эзэмшдэггүй, маргааш эндээс нүүлээ” гээд даналзах хүн ч олдоно. Бас 28-наас өмнө Зайсанг цэвэрлэх аян зохиож, Зайсанг хамгаалах хууль санаачлах, У.Барсболд нарыг шоронд суулгахаа амлаж магадгүй. Хэрэггүй ээ. Бид таныг шалгачихлаа.

Дараачийн асуулт: Та Улаанбаатарт газар авсан уу? Нийслэлд газрыг зөвхөн төсөл сонгон шалгаруулалт ба дуудлага худалдаагаар олгох хууль дүрэмтэй. Тэгвэл та ямар төсөл оруулж аль компани, байгууллага, хувь хүмүүстэй өрсөлдөж, эсвэл ямар дуудлага худалдаагаар хэдэн  төгрөгөөр авсан билээ? Энэ асуултанд сурталчилгаан дээрээ шударга төр, хууль ёсыг дуудан цээжээ балбаж байгаа нэр дэвшигчид хариулж чадах ёстой.

Газрын тухай асуултыг хувь нэр дэвшигчээс гадна бүхэл бүтэн, тэр тусмаа эрх баригч намуудад тавихсан. Газар олгох нь зөвхөн нийслэл, бас дүүрэгт байдаг эрх мэдэл. Энэ утгаараа хотын дарга, түүнд хариуцлага тооцдог ИТХ хоёр Ерөнхий сайд, УИХ-аас ч илүү мэдэлтэй. Сүүлийн арваад жилийн хот төлөвлөлтийн дампуурал, дур зоргоороо газар булаалт тасралтгүй үргэлжилсэнд нийслэлд эрх барьсан МАН буруутай. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ-д Ардчилсан намаас арваад хүн суусныг мартах ёсгүй. Тэд энэ их муухайг зогсоох гэж үзэлцсэн баримт олдоогүй. Хэрвээ хүчин мөхөсдсөн бол хурал хаях, суулт хийх, иргэддээ хандах зэргээр тэмцсэн, ядахдаа дуу хоолойгоо гаргасан удаа байхгүй. Оронд нь бас зөвшилцөж Засаг даргын орлогчдын тоог гурваар нэмүүлж нэгийг нь хүртэнгүүтээ тэр газар олголтыг үг дуугүй баталсаар өдий хүрчээ. Шударга биш гэж гаслахаасаа өмнө тэр шударга бусыг зогсоохын тулд юу хийснээ өөрөөсөө асуу гэдэгсэн.

Дахин нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийн хувьд “тойргийн мөнгө”-ийг асуухсан. Гэтэл дөрвөн жилийн турш шударгаа гайхаад бараагүй гишүүд хүртэл энэ жил гэхэд тус тусын 3 тэрбумыг тойрогтоо эсгий гэр, зээл, ямар ч задаргаагүй төсөл, хөтөлбөр нэрээр тараалгаж өөртөө наагаад сурталчилгаандаа ашиглаж байна. Хуулиараа, энэ мөнгө зөвхөн хөрөнгө оруулалт байх ёстой.

Ямар ч нэр дэвшигчийг “унагаах” асуулт заавал олдоно. Үүнийг бодож олох, хариулахгүй бултвал нэхэж аваад сонгогчдод хүргэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Үүний тулд дөрөвдэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө байдаг. Дайрлаа, гүтгэлээ гэж дүвчигнэж ч магадгүй. Гагцхүү давж гарсан нь УИХ-ын гишүүн, эсвэл нийслэлийн  Иргэдийн хурлын төлөөлөгч болсугай.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Эрх нам, нэр дэвшигчид …

Posted by Бид on 2012/06/23

Энэ Бямба гаригийн “Ярилцъя…” үйл явдал, тойм тайлбар” шууд ярилцлагын нэвтрүүлэг бол сонгуулийн санал хураалтын өмнөх хамгийн сүүлчийн дугаар юм. Харин МҮОНТ шулуухан сурталчилгаа хийж гарлаа.

1. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч С.Түмэнгэрэл
2. ИЗНН-аас нэр дэвшигч С.Дэмбэрэл.
3. МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Ц.Цогзолмаа
4. МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Д.Тэрбишдагва
5. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигч Л.Амгалан
6. МАН-ааас НИТХ-д нэр дэвшигч Ц.Чинбат.
7. АН-ын дарга Н.Алтанхуяг.

2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам эвслийн болон бие даагч 544 нэр дэвшигч өрсөлдөж ихэнх нь телевизээр цухайж ч үзээгүй байхад тэртээ тэргүй дэлгэцэн дээр хадагдсан энэ мэт хэдхэн нөхрийг дахин эрхлүүлж, ердийнхөөс хамаагүй урт,  1 цаг 20 минут үргэлжилсэн байна. Тэднийг эрх баригч, том нам, рейтинг өндөртэй учраас гэхчлэн зөвтгөж магадгүй. Тэгвэл сонгуулийн хуулиар бүх нам, нэр дэвшигчид тэв тэгш эрхтэй, энэ хэдийг илүү тэгш эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн хоёр намын нэр дэвшигчдийг яриулахад бусад нь барьцах тул өөр ганц хоёр намаас оруулж жийрэглэжээ. Нэг намд үйлчилбэл өрөөсгөл, хоёр намд үйлчилбэл тэнцвэртэй, гурав, дөрөвдэх намыг нэмбэл олон ургалч болж харагддаг болжээ.

Бас нэг зүйл. АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцсан хэсгийг бусад сувгаар “Төлбөртэй” гэсэн титртэйгээр үзүүлжээ. Олон нийтийн телевизийн ярилцлага, намын сурталчилгаа хоёрт ялгаа үгүй.

Posted in Янз бүр | Leave a Comment »

Самбарын дайн: Ардын нам Ардчилсан Намыг “хийж”, МАХН хоёуланг нь “жийж” байна

Posted by Бид on 2012/06/23

Posted in Янз бүр | Leave a Comment »

Нийслэлийн шугам сүлжээний сонгууль

Posted by Бид on 2012/06/22

Улсын Их Хурлынхаас дутахгүйгээр нийслэлийн ИТХ-ын төлөө үзэж тарцгааж байна. Гол баатрууд нь Ардын намын Г.Мөнхбаяр ба Ардчилсан Намын Э.Бат-Үүл хоёр. Бусад нэр дэвшигчдийг бид хараагүй, тэд хоёр даргынхаа араар нуугдчихаад сурталчилгааны туршид ил гарсангүй. Ингээд нийслэлийн сонгууль үнэндээ Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл хоёрын өрсөлдөөн юм.

Улсын баатрын хувьд санаачлагыг шууд гартаа авч 45-уулаа сонгогдоод гэр хорооллын зүгт шугам сүлжээ татаж өгөөд иргэдээр амины орон сууц бариулахыг нийслэлийг өөрчлөх түлхүүр гэж зарлан тунхагласан.

Харин одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр эхэндээ хэсэг балмагдсан ч яваандаа сөхөө авч 45-ын тоог 1 сая 300 мянга гэсэн тоогоор давахыг хичээхийн зэрэгцээ “инженерийн шийдэлтэй” гэсэн үгийг духан дээрээ бичээд сөрөг довтолгоонд оржээ. Өөрөө инженер, багт нь бөөн инженер, тэгэхлээр Бат-Үүлийн яриад байгаа шугам сүлжээг ч илүү сайн чадна гэсэн санаа. Гэхдээ энэ бол алдаа. Тийм мундаг инженерүүд мэргэжлээрээ ажиллавал хамаагүй дээр. Магадгүй, АН–ыхан “Сонгогчид бидний төлөө саналаа өгвөл Мөнхбаяр даргыг шугам сүлжээ хариуцсан орлогчоор тавина” гээд даапаалаад эхэлбэл яана?

Read the rest of this entry »

Posted in Янз бүр | Leave a Comment »

Мэтгэлцээн

Posted by Бид on 2012/06/19

Ази тивийн цээж хавиас ардчиллаараа гайхуулсан сураг дуулддаг манай Монгол улсын 2012 оны парламентын сонгуулиар улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид нь нүүр нүдээ харалцахгүй, халз тулахгүй өнгөрч байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз цуврал мэтгэлцээн явуулсан ч намуудын төлөөллийг (бас бие даагчдыг тусад нь) хагас дугуйлж суулгаад нээх том сэдвүүдээр ээлж дараалан томоотой яриулаад өнгөрчээ. Арилжааны телевизүүдийн тухайд намууд өөрсдийг нь үг дуугүй сурталчлахаас өөр юманд мөнгө төлөхгүй учраас мэтгэлцээн зохион байгуулаагүй. Ганцхан “Ийгл”телевиз “Сонгуулийн хайрцаг” (Election Box) дотроо энэ үгийн утганд нэлээд ойртсон хэдэн хэлэлцүүлэг хийв. Хамгийн ойртсон нь 6-р сарын 18-нд болжээ.

Өмнөх дугааруудад нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид оролцсон бол энэ удаад УИХ-д дэвшигчид, нэрлэвэл, Уламжлалын нэгдсэн намаас гавьяат жүжигчин Б.Батзаяа, АН-аас нэр дэвшигч Б.Батбаатар, гуравдахь хүчний эвслээс “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат, ИЗНН-аас Д.Зоригт дөрөв оролцож үе үе ширүүхэн үзэж тарлаа. МАН-аас хүн ирээгүй учраас шүүмжлэлийн бай нь АН байв. Хариуцлага алдсан нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль гаргах санаачлагыг дэмжиж байна уу асуултын дараа ийм яриа өрнөв.

Б.Батбаатар: Монгол төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Цээжээ дэлдсэн болгон эх оронч биш..
Д.Зоригт: Та нар төрийн тогтвортой байдал гэдэг үгийн цаана нуугддаг. Намын жагсаалтанд 3,4,5 удаа сонгогдсон хүмүүс байна. Үхэн үхтлээ тэнд байх гээд байгаа юм уу?
Д.Энхбат: АН-ынхан сонгууль болохоор сайхан ярьдаг. Хор найруулах юмыг АН-ынхан монголын улс төрд оруулж ирсэн, түүнийгээ МАН-д алдчихсан. Цаадуул нь туршлага, зохион байгуулалттай болохоороо илүү ашигладаг…
Б.Батзаяа: Шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж байна гэсэн чинь үр хөврөл нь байх юм..
Б.Батбаатар: Би үр хөврөл биш… Ялагдсан хүмүүс гомдол гаргаад ялсныгаа эргүүлж татна гээд ажлыг нь хийлгэхгүй байж таарахгүй
Д.Энхбат: Чи Ардчилсан намынхаа технологийг яриад байна. Тэр булхайтай юмаа толгойноосоо авч хая …

Дараа нь жүжигчин мөртлөө яагаад нэр дэвшсэн тухай асуухад Б.Батзаяа гавъяат “Жүжигчин хүн ерөнхийлөгч болоо биз дээ!?” гэв. Рейгантай барьцсан хэрэг.

Төгсгөлд нь “Танай намыг сонгох ямар шалтгаан байна?” асуултанд хариулцгаав.

Д.Зоригт: Бид засаг барьж үзээгүй учраас нэр цэвэр хүмүүс.
Б.Батбаатар: Сануулахад, танай Иргэний Зориг нам Их хурал дахь суудлынхаа тоогоор Засгийн газарт сайдтай байсан шүү. Харин Ардчилсан Нам хэлсэн болгоноо хийж чадсан учраас ялна.
Б.Батзаяа: Манай нам бүх намаас хамгийн цэвэр. Бид бусармаг зүйлд нэр холбогдоогүй.
Д.Энхбат: Бид МАНАН-гаар ёстой залхаж гүйцлээ…
Дахиад Б.Батзаяа: Намын листэнд чинь нөгөө айхтар олигархууд нуугдаж байгаа шүү. Улс төр манантай байна, Улаанбаатар манантай байна. Ийм их МАНАН-тай байхад алсын бараа, юу ч харагдахгүй байна. Бид арилгана. Манайхыг сонгоорой.

Харамсалтай нь мэтгэлцээнээс намын томчууд зугтаадаг, МАН-аас ядахдаа жирийн нэр дэвшигчээ ч явуулдаггүй, нэг удаа нийслэлийн ИТХ-ын сонгуулийн гол хоёр өрсөлдөгч – МАН-ын Г.Мөнхбаяр, АН-ын Э.Бат-Үүл хоёрыг урьж нийтэд зарласан ч хөтлөгчдийн хэлснээр бол хоёулаа “ажлын боломжгүй” гэсэн хариу өгчээ. Харин АН-ынхны зарласнаар, Г.Мөнхбаяр зөвшөөрөөгүй гэнэ.

Posted in Янз бүр | Leave a Comment »

Газраас гадна самбарыг хувааж авцгаажээ

Posted by Бид on 2012/06/16

TV9 телевизэд захиалсан Focus Talk-оор нэвтрүүлгээрээ УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Б.Батбаатарын ам халж энэ удаад самбараар, сурталчилгааны материалаар зодсон сонгууль болж байна гэж шүүмжилснээ өөрийгөө тэдний нэг гэдгийг гэнэт ухаарч цайруулахыг оролдохдоо “Чингэлтэй дүүрэгт би долоохон самбар дээр намынхаа нөхөдтэй хамтраад сурталчилгаагаа тавиулж байгаа. Энэ долоон самбар бол Чингэлтэй дүүргийн Ардчилсан Намын өмч” гэж ярив. Замын хажууд зоосон тоо томшгүй олон жижгүүдийг биш тэнгэр таглаж нар халхалсан, өдөртөө хэдэн зуун мянга, саяар түрээслүүлдэг хааш хаашаагаа арав, хорин метрээр хэмжигддэг тэр самбаруудыг хэлж байна. Улаанбаатар самбар газар шиг үнэ цэнэтэй болжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Чингэлтэй дүүрэгт цөөнх байсан Ардчилсан намынхан олонх байгаа МАН-тайгаа тохиролцож самбарын зөвшөөрлийг хуваагаад авчээ. Тэдэнд долоо ногдсон байна. Дүүрэгтээ сөрөг хүчин санаатай юм бол ийм шударга байдлыг гаргуулахгүйгээр самбарын зөвшөөрлийг ил тод, нээлттэй өрсөлдүүлж олгохыг шаардаж болох байсан уу? Байсан. Гэвч тэгээгүй. Хуйвалдаж хуваах боломж гарвал АН-ынхан хэзээ ч буцдаггүйн жишээ өнөөдөр гудамжаар дүүрэн байна. Гудамжны самбаруудыг анхааралтай хараарай. Тоолсон ч болно.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Барилга, хаяг, реклам | Leave a Comment »

Зөвхөн нэр дэвшигчидтэй “Ярилцъя”

Posted by Бид on 2012/06/15

Олон нийтийн телевизийн Бямба гаригийн “Ярилцъя…” үйл явдлын тойм, тайлбар нэвтрүүлэг сонгуулийн сурталчилгааны горимд бүрэн шилжжээ. Дөнгөж сая дууссан дугаар ер бусын өгөөмөр байж тавын таван нэр дэвшигчийг яриуллаа. Жагсаавал:

1.”Наадам, олимп, сонгууль”. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд
2. Улс шиг хөгжье, Хүн шиг амьдарья”. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
3. УИХ-д Үйлдвэрчний эвлэл төлөөлөлтэй байя…. МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар
4. “Ярилцья”. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “Чагдаржав сан”-гийн тэргүүн Б.Амарсанаа
5. “Ярилцья”. УИХ-ын гишүүн, АН-аас Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Я.Батсуурь

Тайлбараа болилоо.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Төрийнхний булаасан газар: 120 мянгат

Posted by Бид on 2012/06/14

Хавар хаврын уламжлалт газрын маргаан цөөрсөн мэт санагддаг нь Улаанбаатарын төвд булаах газар бараг үлдээгүйнх. Байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбайн араас сургуулиудын биеийн тамирын талбайнууд хэрчигдээд алга боллоо. Гэсэн ч дарга нар барилга барих зай талбайг яаж ийгээд олоод булааж чадаад байх юм.

120 мянгатын зам дагуух урт газрыг аваад орон сууцны хороолол барихаар труба татаж гарсан “Алтай констракшн”-ий  эсрэг тэр хавийн оршин суугчид Захиргааны хэргийн шүүхээр хоёр жил заргалдаж ялах ялагдахын дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байтал араар нь төрөлх дүүрэг нь юу амжуулсныг хэдхэн хоногийн өмнөх хоёр байрных нь ханан дор хашаа хатгаад ухаж эхлэхэд сая мэдэцгээжээ.  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга, цагдаа, эмнэлгийн нэгдсэн байрыг зэргэлдээх айлуудын цонхны нарыг хааж барихаар тэднээс асуулгүйгээр шийдсэнийг  оршин суугчид “төрийн минь сүлд” гээд шүд зуун тэсч өнгөрүүлье гэхэд залгуулаад босгох цагдаагийн албан хаагчдын лав таван давхар орон сууц бүр илүү таглах тул эсэргүүцэж хэвлэлийн хурал хийжээ. Тэднийг жагсаал цуглаан зохиож магадгүй сургаар дүүргийн цагдаагийнхан ирчихсэн жижүүрлэж харагдана. Өнгөрсөн арваад жил Хан-Уул дүүрэгт олон арван газрын маргаан дэгдэж иргэд, хамгаалалтын албаныхан хоорондоо цусаа холилдохын наагуур сөргөлдөж байхад Хан-Уулын цагдаа ингэж санаа тавьсан удаагүй. Өөрийн юм гэдэг өөр байна!

Оршин суугчдыг хэлэх үггүй болгох гэж босгосон самбараас  үзэхэд хорооны байрыг нийслэлийн газрын алба, харин цагдаагийн орон сууцны зөвшөөрлийг Хан-Уул дүүрэг өөрөө өгчээ. Ардчилагчид ялсан цорын ганц дүүрэг гээд байгаа… Наймаанд найз, газар булааж нар хаахад нам гэж байдаггүй юм байна.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

“Сонгуулийн хайрцаг” доторх мэтгэлцээн

Posted by Бид on 2012/06/14

“Ийгл” телевиз УИХ-д сонгуульд хамаатай мэдээ, тайлбар, сурвалжлага, ярилцлага, сурталчилгаа юу байна, бүгдийг багцлаад Election Box нэрээр өглөө, өдөр, үдэш тус бүр 2-3 цагаар үзүүлж байна. Час улаан өнгө, ярайсан хөтлөгчид, тасралтгүй яриа хөөрөө, ээлж дараалсан зочид, завсар зайгүй дүрс, урсдаг мөрүүд,  … нэг үгээр хэлбэл бүх юмтай, пиг дүүрэн бүрэн хөтөлбөр. Гэхдээ нүсэр.

Хэзээ юу гаргахыг урьдчилж мэдэх аргагүй. 12 цагаас мэдээ, 12.15-аас ярилцлага, 12.30-аас мэтгэлцээн гэх мэтээр тогтсон цэг алга. Амаар зарладаг байх, гэхдээ хэзээ? Хэрвээ үгээр урсгадаг бол хэзээ?  Бас сурталчилгаа нь ялгарахгүй холилдчихоод байна. [Энэ тухай дараа дэлгэрүүлье].

Election Box дотор нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зарлан явуулж эхэлсэн нь анхаарал татлаа. Бүх намуудыг урьсан, үнэ төлбөргүй боловч одоогоор том намууд, тэр тусмаа Их  хуралд нэр дэвшигчид ирээгүй тул голдуу жижиг намуудын жижиг нэр дэвшигчдийн ойр зуурын сулавтар яриа өрнөж байна.

Хамгийн эхний мэтгэлцээн 100 мянган орон сууцны асуудлаар байжээ. Хоёрдахь нь титрт бичсэнээр “Нийслэлийн дэд бүтцийг хэрхэн сайжруулах талаар…”. Нийслэлийн ИТХ-д АН-аас нэр дэвшигч Д.Байдраг, МАХН-МҮАН-ын С.Баттулга хоёр индэр дээр зогсож, гуравдахь хүчний Батдэлгэр хөтлөгчдийн хажууд сууж харагдав. Индэр хүрэлцээгүй биз. Содон юм гэвэл “Өнгөрсөн дөрвөн жил танай Ардчилсан намыхан засагт байсан шүү дээ. Да.Ганболд хотын дэд дарга хийсэн” гэсэн Батдэлгэрийн шүүмжлэлийн хариуд Д.Байдраг, нийслэлд АН үргэлж цөөнх байсныг дурдаад “… Сүхбаатарын хөшөөг тэрбум төгрөгөөр хүрэлдсэн. Бас Баянзүрх дүүргийн Засаг дарга офицеруудын ордны цаадах аюулгүй тойрог дээр нохойны хөшөө болгосон. Хэрвээ иргэдээсээ асуусан бол цэцэрлэг бариулах байсан…” гэж ярианы үзүүрийг өөр дүүрэг рүү чиглүүлээд аргалж орхив.

Өнөөдөр болсон гуравдахь хэлэлцүүлэгт бүгдээрээ  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Одгэрэл (АН), Жадамбаа (МУНН), Амартүвшин (ИЗНН) гурав ирж (МАН-ын төлөөлөл бас алга) тус дүүргийн тулгамдсан асуудлыг хогноос эхлэн хөндөж эхэлсэн ч яриа муутай нөхдүүд таарч сонирхолгүй болов. Эргээд суваг эргүүлэхэд хөтлөгч Жаргалмаа “Та Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг уу?” гэж ганц зөв асуухыг сонслоо. Энэ асуултыг бүгдэд нь зэрэг тавиад үзэлцүүлэх байсан юм. Бас дүүргийн хүн амын тоо, төсөв, та дүүрэгтээ хэдэн модыг яг хаана суулгасан гээд асуувал бүгд унана…

Мэтгэлцээн хэр болох нь сэдвээ яаж томъёолох (сонсоод л дайраад орчихмоор байх), ямар асуулт тавих (буланд шахсан тас түс)-аас буюу хэрхэн бэлтгэж хөтлөхөөс хамаарна. Цаагуур чинь хэдэн зуун нэр дэвшигч хэл амаа билүүдээд хөлхөлдөж байна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

МҮОНТ-ийн сэтгүүлчид сонгуульд!

Posted by Бид on 2012/06/14

Олон нийтийн телевиз Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хатуу хуваарийн дагуу ажиллах үүрэгтэй ч зарим сэтгүүлч нь амжуулж өгч байх юм.

Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг нэр дэвшигчдийг самсаа шархиртал цоллох горимд шилжээд удлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүүтэй хийсэн ярилцлагын үеэр (бусдаас онцолж оргил цагаараа үзүүлсэн нь төлбөр мөнгө ахиу байсных уу?) сэтгүүлчийн амнаас унасан “… сайн хүн гэсэн бодол төрмөөр санагддаг” гэсэн өгүүлбэр гүн сэтгэгдэл төрүүлж бодолхийлэхэд хүргэв. Сэтгэл зүйчид судалмаар тун нарийн үзэгдэл! “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэж хүнээс чухам юуны бизнес хийж мөнгө олдог, нийслэлийн тэр олон газрыг ямар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар гартаа оруулсан, 2008 оны олимпийн аваргуудад сая долларуудаа хаана гардуулах (“очиж сурвалжилья”), паркийн газрыг хэзээ буцааж тушаахыг асуудаггүй сэтгүүлч гэж байдаг, тэр нь Ш.Гүрбазар ажээ. Энэ дугаарыг хэд хоногийн дараа TV5 телевизээр АН-ын цаг дээр давтаж үзүүлсэн. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнодог олон нийтийн телевиз намуудын нэвтрүүлгийг бэлтгэж өгдөг болсон байна. Бүр захирал нь АН-ын “Олуулаа” нэвтрүүлгийг бэлтгээд, хөтлөөд зогсохгүй нэр дэвшчихсэн тууж явааг санацгаая.

Өнөөдөр “Хариулахгүй ч байж болно”-ын ээлжит дугаар TV9 телевизээр гарах нь тэр. Энэ удаад АН-аас Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн өөдөөс харж суугаад баахан бишрэв. Нялуун халуун үгсээ өмнөх нэвтрүүлгүүдээр хэлээд дуусгасан биз гэж бодтол үгүй байлаа. “Өөрийг чинь амандаа их хүрдэг хүн гэж гадуур ярьдаг”, “Өөрийн чинь тухай муу юм сонсоогүй” гэсэн хоёр өгүүлбэрийг дурдаад зогсоё.

Арван хэдэн жилийн турш орон нутгийн Тавантолгойн ордыг сорж хэмжээлшгүй баяжсан (тэгсэн хэрнээ хэн нэгнийг Өмнөговьд цахилгаан станц барьсангүй гэж дуугарсан), жирийн иргэдийн хувьцааг луйвардсан хэрэг эцэслэгдээгүй, тэрбум тэрбумын татвараас улаан цайм бултсан (УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд “эцэст нь хүртэл шалгана” гэж амалсан, сураг алга) энэ эрхмээс асуух юм Гүрбазарт даанч олдсонгүй. Гэхдээ магтах юм дахиад олдож “Монгол 999″ их дулаахан санагддаг” гэлээ. Цаадах нь өлгөж аваад, 2000 компани нийлсэн нь монголын ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнолыг бодсон хэрэг байсан тухай томорч гарлаа.

1990-ээд оны эхээр улсын 400 гаруй үйлдвэрийн хувьцааг Монгол Улсын бүх иргэнд цэнхэр тасалбараар тараасан боловч нэг мэдэхэд хэдхэн хүний гарт орсон шиг “Монгол 999”-ийг тус бүртээ сая төгрөг тушааж элссэн олон мянган компани эзэмшдэг гэж ойлгогддог боловч хэдэн томчууд (тэдгээрийн тоонд Д.Бат-Эрдэнээс гадна МАН-ын Н.Лхагважав нэр дэвшигч багтдаг) нь нэмэлт хувьцаа гарган өөрсдөө худалдаж аваад ихэнхийг эзэмшдэг болсон сураг дуулдсан, үнэн үү? Даанч энэ нэвтрүүлгийн асуултанд хариулахгүй  ч байж болдог төдийгүй энэ мэт хариулмааргүй асуултыг огт тавьдаггүй. Тэр тусмаа нэр дэвшигчдэд.

Арай өмнөхөн МҮОНТ-ээр үзүүлсэн “Хүчирхэг Монголоо хамтдаа байгуулъя ” нэвтрүүлгийг та юуны тухай гэж бодож байна? “Монгол 999″-ийн удирдлага, тэдгээрийн дотор Д.Бат-Эрдэнэ, “Урбанек”-ийн Б.Лхагважав, хуульч Д.Оросоо, АН–ын С.Одонтуяа, Б.Мөнхтуяа нарын нэр дэвшигчид ээлжилсээр өндөрлөсөн юм.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Гомдолтой байна …

Posted by Бид on 2012/06/13

Хэвлэл мэдээллийн сурталчилгааны үнэ тариф нэр дэвшигчдэд өндөрдөж байх шиг. Үүнийг томоос том хоёр компанийн эздийн гомдлоос харж болно.

6-р сарын 9-ны орой “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа”-нд оролцсон “Монос” группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг “Бид телевизээр нэг нэвтрүүлэг гаргах гэхэд 8 сая төгрөг нэхэж байна” гэж дуу алдсан юм. Гэхдээ бүхэл бүтэн нэвтрүүлэг найман сая төгрөг байгаа бол дараачийнхтай харьцуулахад хамаагүй хямд гэсэн үг. 12-ны үдэш бас “25-р суваг”-ийн  “Тодруулга мэдээ”-нд ярилцлага өгсөн МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Лхагважав “Би энэ нэвтрүүлэгт орох гэж 4 сая төгрөг төлж байна. 4000 ширхэг талхны үнийг энэ 10 минутийн нэвтрүүлэгт төлж байна” гэлээ. Эдийн засагч, бизнес эрхлэгч хүний үг мөн. Тэр бээр “Урбанек” компанийн эзэн билээ.

Нэг талаас, хөрөнгө чинээтэй хүмүүс хэвлэл мэдээллийг худалдаж авсаар байгаа зөвхөн мөнгөөр хөдөлдөг муу занд сургачихаж. Ярилцлага хүртэл мөнгө. Нөгөө талаас, УИХ-ын гишүүн болохыг хүсвэл төлөх л болж дээ.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сэтгүүлчид бүгдээрээ сонгуульд!

Posted by Бид on 2012/06/12

Телевизүүдийн сурталчилгаа хуулиар зөвшөөрсөн хоногийн хоёр цагийн хязгаарт багтаж байна уу? Хяналт тавьж мониторинг хийх үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр таг чиг. Жирийн сонгогчид цаг, минутыг хэмжээд сууж чадахгүй, тийм үүрэггүй. Хэвлэл мэдээлэл энэ талаар дуугарахгүй. Яагаад гэвэл бүгдээрээ улс төрийн намуудтай гэрээ байгуулаад нэг тал болчихсон. Нэг нь ховх худалдаж авдаг, нөгөө нь дуртайяа худалдагддаг учраас тэр. Манайд авлига өгсөн, авсан хоёрыг зэрэг шийтгэдгээс болж илэрдэггүйтэй адил нам жим өнгөрнө.

Гэхдээ арилжааны ихэнх сувгаар зөвхөн МАН ба АН хоёрт ногдож байгаа хугацааг хэмжихэд тус бүрдээ хоёр цагийг элбэг дүүргэнэ. Ярилцлага болгон 30, 40 минут үргэлжилдэг байхад аргагүй. Энэ хоёр нам хамгийн их цагтайгаас гадна “Ардын мэдээ” ба “Олуулаа” нэртэй тус тусын мэдээллийн хөтөлбөр явуулж мэдээ, сурвалжлага, ганцаарчилсан, хоёр гурваараа нийлсэн, дугуйрч суусан, заал дүүргэсэн ярилцлагууд тасрахгүй байна. Богино сурталчилгаануудыг үзээд байтугай тоолоод ч баршгүй.

Энэ юу ч биш. Сонгуулийн үйл явдлыг сурвалжлахыг сурталчилгаанд тооцохгүй гэсэн цоорхойн ачаар аль ч телевизийн мэдээллийн хөтөлбөр пиг сурталчилгаа болжээ. А намын Б гэдэг нэр дэвшигч тойрогтоо очиход сонгогчид нь шагшаад шагшаад ханаагүй тухай ганцхан загвартай. Хэрвээ чөлөөтэй сэтгүүлчсэн бол төчнөөн хүн цугларчээ, хажууд зогсоо нь тэр тэр, юунаас болж тойргоо сольсон, хэр шанстай, ямар судалгаагаар хэдэд яваа зэрэг асуулт тавьж хамаагүй сонирхолтой байхсан. Даанч захиалга учраас сурвалжлагч нь нүүрээ харуулдаггүй, нэрээ бичдэггүй, ингээд тойргийнхондоо “та нар мэд” гээд өөрийгөө тушааж эрхэлсэн, бас эртхэн улс төрд ороогүйнхээ төлөө нутгийнхандаа зад загнуулсан тухай хөгжилтэй тайлбарууд. Харин бороо дагуулж очсон нэр дэвшигч хараахан алга. Цаг агаарын мэдээ үзээд тааруулж очихгүй дээ. Архангайд нэр дэвшигчийг бүр “УИХ-ын даргын туслах хийж явахдаа бодлого боловсруулалцаж явсан” гээд авч өгсөн. Даргадаа цаасыг нь дамжуулсан байлгүй.

Саяын хэд хоногийн турш Улаанбаатар хотын өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалтыг “Зам”, “Гэрэлтүүлэг”, “Усан оргилуур” гэх мэтээр сэдэвчилж магтсан дүрстэй тайлбарууд мэдээн дундуур ямар ч тэмдэг, тайлбаргүйгээр гарсныг зөвхөн ганц телевиз “Нийслэлийн МАН-ын хорооноос ирүүллээ” гэж ам алджээ.

Телевизүүдийн оргил цагийн нэвтрүүлгүүд бүгд сурталчилгаа. “25-р суваг” телевизийн “Хэн юу ярив?”, “Ам нээвэл…”, “Гарц”, “Тодруулга”, “Би”, “Оддын ээж” (одоо бол “Нэр дэвшигчийн ээж”), мэдээж “Дуусдаггүй яриа” (анхнаасаа сурталчилгааны нэвтрүүлэг, сүүлийн дугаарыг нэр дэвшигч З.Алтай өөрөө хөтөлсөн нь сонгууль тулснийх), TV9-ын “Бүсгүйчүүд”, “Дотно яриа” (бүр ноднингоос эхэлсэн), TV Lounge, “Ардын парламент” (харин энэ ярилцлага төлбөргүй байж магадгүй санагдсан), C1 телевизийн “Зангиагүй яриа”, TV8-ын “Ард түмний толь”-ийн сурвалжлагууд, “Нээлттэй хүн”, Golf and Coffee, НТВ-гийн “Болзоо”, “Чухал яриа”… Бүх нэвтрүүлэг сурталчилгаа болжээ гэвэл нэг их хэтрүүлэг биш. Шинэ содон нэвтрүүлгүүд ч нэмэгджээ. Жишээлбэл, “Уншъя, ярилцья” нэрээр хэдэн жилийн өмнөх “Үнэн үү? нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяр, Камертоны Л.Ган-Эрдэнэ хоёр сонины мэдээ, сурталчилгаанаас түүж уншингаа МАН-ыг магтаж АН-ыг муулан марзагнаж суудаг болж.

Бүгдээрээ фронтод гэдэг шиг сэтгүүлчид сонгуульд морджээ. Айл хэсэхээ болж сураг тасарсан Г.Алтантүрүү хүртэл Баянхонгорт оччихсон, хажуугаар өнгөрөх машинуудыг зогсоож “энэ зам гоё байгаа биз?” гэж гайхуулж зогсов. Бариулсан хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга гэнэ ээ. МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн тухай “Миний түүх” нэртэй  дөрвөн ангит баримтат киног бүтээсэн бол MNC-ийн “Мөнхтөрийн цаг” АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Лу.Болдод зориулагдлаа. Сонины сэтгүүлчид сонгууль угтан телевизийг сонгох болжээ. “Зууны шуудан” сонины Б.Ганчимэг, сэтгүүлч Х.Бүрэнтогтох хоёр нэр дэвшигчдээс асуудаг “1х2″ ток шоугаа эхэлж, “Улаанбаатар таймс” сонин руу явсан сэтгүүлч А.Дагиймаа МАН-ын хэн нэгэнтэй хамт энэ тэр сувгийн дэлгэцэн дээр ээлжлэн хадагджээ.

Харин намууд руу очсон дарга голдуу сэтгүүлчид хөшигний цаагуур далд фронтын дайчид болцгоожээ. Юу хийснийг нь бид орой болгон харж сууна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Олон нийтийн телевизийн халз … ярианууд

Posted by Бид on 2012/06/09

МҮОНТ-ээс сонгуулийн санал хураалтын өдрөөс өмнөх Пүрэв гариг бүрийн үдэш улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан халз мэтгэлцээнийг явуулахаа зарласны маргааш буюу 7-р сарын 7-ны орой эхнийх нь болж МҮОНТ, МҮОНР хоёроор нэгэн зэрэг шууд дамжуулжээ.

Тус тусын мөрийн хөтөлбөрт байгаль орчин, экологийн асуудал хэрхэн туссан талаар МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, АН-аас Л.Гансүх, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва, ИЗНН-аас Ш.Пүрэвсүрэн, МНН-аас О.Бум-Ялагч, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх (энэ намд өөр хэдэн хүн байдаг бол? Олуулаа хуралдсан зургийг харах юмсан),  А.Ганбаатаргүй болсон МСДН-аас Энхзаяа, Иргэний хөдөлгөөний намаас Д.Сүхгэрэл, МУНН-аас Д.Бадарч, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Эх орон” намын И.Эрдэнэбаатар, өөр нэг намаас бизнес эрхлэгч Заяа гэхчлэн арван хэдэн нэр дэвшигч мэтгэлцэх болов. Гэхдээ мэтгэлцээн биш, хүн тус бүрийг хоёр минутаар дэс дараалан яриулж танилцуулга хийлгэсэн нэвтрүүлэг болов. Миний зөв, чиний буруу, манайх илүү .. байхгүй. Өөр хоорондоо огт харилцаагүй. Тэдний яриаг тус тусад нь бичээд нийлүүлж үзүүлбэл бараг ялгаагүй.

Иймээс уйтггартай байлаа. Ганц сонирхолтой юм гэвэл Б.Жаргалсайхан “ярих цаг бага байна” гэж чамлаад нэвтрүүлэг дуусахаас өмнө хаяад явжээ.

Мэтгэлцүүлэхийн тулд яг одоо эрх барьж, хариуцлага хүлээх учиртай МАН, саяхан болтол барилцаад сонгуулийн өмнө амиа хоохойлоод зугатсан АН хоёрт таагүй асуултууд тавьж бусад намуудаар шүүмжлүүлж балбуулах тийм сэдэв, асуултууд хэрэгтэй. Жишээлбэл: “Зайсанг ийм болгосонд хэн буруутай вэ?” гээд мэтгэлцүүлбэл ширүүн яриа болох нь эргэлзээгүй. МАН, АН хоёр юу хэлэх сонин. Бас болоогүй, нэг хэсэг хамтарсан Засгийн газарт орж Байгаль орчны сайдаар хэсэг ажиллах зуураа Зайсангийн газрыг зад заралцсан “Эх орон” намын И.Эрдэнэбаатар сайн балбуулах ёстой. Д.Тэрбишдагва гишүүн ч баярлах болоогүй. Түүний МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа Г.Шийлэгдамба бас сайд байхдаа дутуугүй амжуулсан.

P.S:

Олон нийтийн телевизийн дараачийн мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлт, хөгжил” сэдвээр байж “Гуравдахь хүчин” эвслээс Хосбаяр, МНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, МАХН-МҮАН-аас нэр дэвшигч Н.Дашзэвэг, АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, “Эх орон” намын Д.Зоригт (“Идэр” дээд сургуулийн захирал), ИХН-аас нэр дэвшигч Гэрэлмаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын мэдээж дарга Ш.Төмөрсүх, бас Заяа, МУНН-ын дарга Б.Батболд, МАН-ыг төлөөлж Н.Энхболд, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ИЗЗН-ын дэд дарга С.Дэмбэрэл, МСДН-ын Сандуйжав гэх мэтээр бүх намын төлөөлөл ирсэн. Гуравдахь нь “Гэр бүл, хүүхэд, хөгжил” сэдэвтэй байжээ. Аль аль нь мэтгэлцээн болсонгүй.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арын хаалга

Posted by Бид on 2012/06/09

Сурсныг сураар боож болдоггүй гэсэн.  Хуулинд зааснаар бол, зөвхөн төлбөргүй, зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу гэснийг МҮОНТ яаж ийгээд давж гараад байх юм.

Өнгөрсөн Бямба гариг буюу 6-р сарын 9-ны “Ярилцья…” шууд ярилцлагын нэвтрүүлэгт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар, АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг оролцуулжээ. Хоёр том намын төлөөллөөс зэрэг урихлаар бие биентэйгээ барьцахгүй амар. Эрх баригч хоёр намд зэрэг хандив овоолоод амыг нь хаачихдаг том компаниудын аргыг олон нийтийн телевиз муугүй эзэмшжээ.

Бас 6-р сарын 5-нд хөтөлбөрт бичихгүйгээр сэмхэн үзүүлсэн МАН-аас нэр дэвшигч, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийн тухай “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хөрөг нэвтрүүлгийг албан ёсны сурталчилгаа эхлэхээс нэг өдрийн өмнө учраас хамаарахгүй гээд бухаж магадгүй, тэгвэл нэг өдрийн дараа буюу 6-р сарын 7-ны “Өглөө” хөтөлбөрт МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигч, “Өндөр буянт холдинг” компанийн захирал Н.Төмөрхүү оролцож “Та яагаад нэрээ дэвшүүлэх болсон бэ?” гэх мэт асуултанд хариулж ярилцсаныг хууль зөрчсөн гэж үзэхээс өөр яахав. 500-гаад нэр дэвшигчээс ганцыг онцолж оруулсныг бодоход том арын хаалга байснаас зайлахгүй.

Ийм үйлдэл гаргасан нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж бичсэн нь хуулинд дурайж байгаа. Гэхдээ МҮОНРТ-ийн дарга нар айлтгүй, сайндаа л татвар төлөгчдийн мөнгөөр торгуулаад өнгөрнө.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Хэлэлцүүлэг, мэтгэлцээн болоосой

Posted by Бид on 2012/06/03

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль хатуу чанд болсон гэдэг. 35.24-д нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна, 35.25-д хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцахаар зааглаж (хариуцлага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлж торгох) буух эзэнтэй, буцах хаягтай болгож байгаад бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан бол хэдэн саяар торгох заалтаар гүйцээсэн юм.

Бултах газар үгүй! Одоо хэвлэл мэдээллийн шүүмжлэл болгон гүтгэлэг нэрээр тас цавчуулах эрсдэлтэй. Үүний оронд магтаж сурталчлаад явбал аюулгүй хэрнээ ашигтай! Тэртээ тэргүй монголын хэвлэл мэдээллийн төгс чаддаг нь магтаал, оргил нь нэр сонгуулийн магтаал. Гишүүн, сайд, дарга байсан нэр дэвшигчийг төрд зүтгэж яваа гэж магтахаас эхлэнэ. Сөрөг хүчин мөртлөө дөрвөн жил шахам нэг хөнжилд хэвтсэн бол ард түмнийхээ төлөө яахаас ч буцахгүй болж таарна. Огцорч өгдөггүй нөхрийг төрийн төлөө төрсөн, чадаагүй байсан ч гүйцээх шаардлагатай гэнэ. Бондойсон залуу нэр дэвшигч бол шинэ эрч хүч, харин эмэгтэй бол УИХ-ын танхимыг нинжин сэтгэлээр дүүргэхээс гадна авлига авахгүй. Даргын хүүхэд бол удам сайтай, сэхээтэн, биш бол амьдралын хатуу хүтүүг мэднэ. Баян бол гэдсээ, гэрээ засчихсан, харин ядуу бол ном-ы–ы-ын буюу ухаантай. Элдэв муухайд нэр холбогдсон, шоронгоос гарсан ч хамаагүй – алдаж онож явсан эр хүн. Морь уядаг бол эрийн хийморь, харин уядаггүй бол амьтан зовоодоггүй. Олон хэл мэддэг бол өндөр боловсролтой, ганцтай бол жинхэнэ монгол … Сэтгүүлчид зөвхөн яриа эхлүүлж, “сүүлийн хэдэн минутийг танд үлдээх”-ээс хэтрэхээ больж, сүүлдээ нэвтрүүлгээ нэр дэвшигчид өөрсдөө хөтөлдөг болж байна.

Сурталчилгаа албан ёсоор эхэлмэгц мэдээ, сурвалжлага, дуу хөгжим, найр наадам хүртэл хүртэл сурталчилгаа болж хувирдаг. Гудамжаар явахад (сурталчилгааны самбаруудыг эс тооцвол) нэр дэвшигчид харагдахгүй мөртлөө зурагт үзэж сонин уншихлаар Монголд зөвхөн тэд ажил хийж, хурал хийлгэж, барилга барьж, зам тавьж, бас хоол идэж, гадуур зугаалж, хөдөө гадаа явж, ингэхдээ бороог хүртэл оруулж (голдуу дагуулж очно) харагддаг. Энэ бүхнийг яах ч аргагүй. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос баталсан “Олон нийтийн радио, телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-д 3.4. Сонгуулийн үйл явдлын тухай мэдээ, сурвалжлага, сонгогчдын боловсролд зориулсан мэдээ … мэдээллийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулахгүй” тухай заалт бий.

Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дан яриа, магтаал хоёроор дүүрэх үү? Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сайн муу, алдаа оноог хэвлэл мэдээллээр ярьж болох уу? Найдлага бий. Дээрх журмын 3.3-т “Телевиз, радио нь иргэдийг үнэн зөв, бодитой, тэнцвэртэй мэдээллээр хангах зорилгоор тухайн телевиз, радиогийн редакцийн зүгээс бэлтгэн нэвтрүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч, тэдний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, сонгуульд өрсөлдөгчдийн хооронд явуулах мэтгэлцээн зэрэг нэвтрүүлгүүдэд нам, эвсэл, нэр дэвшигч, тэдний төлөөллийг оролцуулахдаа оролцогч бүрт адил тэгш боломж олгоно” гэж заажээ. Сувгаа, цагаа, нэвтрүүлгээ лангуун дээр тавьсан мэт зарж суухын завсар зайгаар ийм хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохиож яагаад болохгүй гэж? Зөвхөн Улаанбаатараас эфирийн 16 телевиз, кабелийн бүр олон суваг нам, нэр дэвшигч тус бүрийг ганц нэгээр, хоёр гурваар, нам эвслээр цуглуулж тал талаас төлөөлөл оролцуулж, бас хөндлөнгөөс дүгнүүлж ярилцахыг зөвшөөрсөн байна. Телевиз, сувгууд хамтарсан ч болно. Гэхдээ хэдэн телевизийн сэтгүүлчдийг захиалсан “Ерөнхий сайд ба сэтгүүлч”, “Сайд ба сэтгүүлч”, “Засаг дарга ба сэтгүүлч” шиг бөөндсөн сурталчилгааг хэлээгүй.

Ирэх сонгуулийн сурталчилгаа гуравхан долоо хоног үргэлжилнэ. Эхлэнгүүтээ дуусна. Сая, тэрбумын захиалга цутгаж байхад телевизүүд нам, нэр дэвшигчдийн хойноос хөөцөлдөн цуглуулж явах сөхөөгүй байх биз. Нэг тал нь татгалзвал, эсвэл ирэхгүй бол өрөөсгөл, улмаар гүтгэлэг болж хувирна. Ингээд нэр дэвшигчдийг шүүмжилж хэлэлцэх, бас муу муухайг нь илчлэх ганц арга бас л төлбөртэй буюу захиалгат нэвтрүүлгүүд болно. Энэ удаад захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйцаар бичиж нэвтрүүлэхийг шаардсан заалт орсон учраас телевизүүд зүрхлэх үү? Гэхдээ манайд хууль хэрэгжихгүй гэж “сайхан” юм байдаг.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн сурталчилгааны оршил

Posted by Бид on 2012/06/02

Энэ өдрүүдэд 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхэлж байгаа ч хуулиас өмнө олон сар үргэлжлээд одоо зөвхөн төгсгөлийн шатандаа орсон хэрэг юм. Дахиж нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийн хувьд дөрвөн жил тасраагүй, жил тутам тэрбумаар, энэ онд бүр гурван тэрбум төгрөгөөр баталгаажуулсан сурталчилгаа байлаа. Өрсөлдөгчид нь үлдсэн гуравхан долоо хоногт хичнээн ч чардайгаад найдвар тун бага. Хэрвээ одоогийн гишүүд дахин сонгогдож чадахгүй бол ёстой “хохь нь”.

“Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа … нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэж хуулинд заасан. Гэхдээ тэд хэвлэл мэдээлэлтэй хавсайдаад хэдэн сар дураараа нэг дургилаа.

Юуны өмнө арилжааны телевизүүдэд ямар нэгэн зохицуулалт байтугай ёс зүйн хэм хэмжээ үгүй тул шүүмжлээд ч нэмэргүй. Өөрийгөө хамгийн анхны ардчилсан, чөлөөт, шударга хэмээн сагсуурч ханадаггүй, иймээс жаахан эх захтай байж болзошгүй “25-р суваг” телевизийг ажиглахад ялгаа алга. Улсын Их Хурлын хэсэг гишүүд Пүрэв гаригийн оргил цагаар цэцэрхэж суудаг “Дуусдаггүй яриа” (хамгийн сүүлчийн дугаарт нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилтын асуудлаар УИХ-ын гишүүн З.Алтай хөтөлж, Н.Батбаяр, Д.Зоригт, Л.Гантөмөр, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарын зургаан нэр дэвшигч оролцов) багадаад Ардын намынхан үүнийг тусдаа хийдэг “Залуус-Цаг үе” нэвтрүүлэг дөрөвдүгээр сараас нэмэгдсэн нь телевизийн хөтлөгчийн дүрд хувирсан МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хөтөлж буй цаг хорин минутийн яриа юм. 5-р сарын 12-ны дугаарт “Зам – хөгжлийн гарц” сэдвээр нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Мөнхбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, нийслэлийн автозамын газрын дарга Д.Од нар оролцов. Сүүлчийнхээс бусад нь нэр дэвшихийг санаархагчид. 5-р сарын 19-ны дугаарт “Хүний төлөө нийгмийн бодлого”-оор УИХ-ын гишүүн Д.Очирбат, НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр, бас Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, 5-р сарын 26-ны дугаарт дахиад Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, “Өгөөж” ХХК-ий захирал С.Түмэнгэрэл, Ерөнхий сайдын зөвлөх С.Амарсанаа, Гадаад хэргийн дэд сайд Х.Тэнгэр дөрөв нар тухалж харагдсан. Энэ нэвтрүүлгийг маргааш нь 25-р сувгаас гадна тэр Я.Содбаатарын хувийн “Шинэ дэлхий” телевизээр давтдаг гэсэн. Харин 6-р сарын 2-ны дугаарт “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн анализ” сэдвээр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар нарын өргөн бүрэлдэхүүн оролцоод зогсохгүй хөтлөгчөөс ирэх долоо хоногт энэ цагтаа эргэн уулзахын ерөөл тавьж төгсгөлөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ч зогсохгүй нь.

Бямба гаригт “Миний муусайн найз нар” нэвтрүүлгээр УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигч, Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргалыг намын зүтгэлтнүүд нь эргүүлж тойруулан магтаж өглөө. Бүтэн цаг 40 минут үргэлжлэв. Бас хөтөлбөрт бичигдсэнээр, 18-19 цагийн хооронд тус телевизийн эзэн.З.Алтайн “Үүргэвчтэй аялал”-ын “Шинэ Зеланд-2” дугаар гарчээ.  Ингээд энэ өдөр “Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна” гэсэн заалтыг дээр дурдсан гурван бүхэл нэвтрүүлгээр авч үзэхэд элбэг хоёр дахин хэтрэхээр байна. Урьд оройн сурталчилгаануудыг өглөө нь давтсаныг тооцвол бараг дөрөв дахин!

Дөрөвдүгээр сараас МАН-ын дөрвөн жилийн амжилтыг ухуулсан “Хөгжлийн хуудас” цувралыг үдэш болгон үзүүлсэн бол тавдугаар сараас “Танайд хоноё”-ийн Алтантүрүүг дахин орлосон Ганзориг гудамжинд гараад хэн нэгнийг зогсооход дандаа нэр дэвшигчид таараллаж АН-аас нэр дэвшигч Б.Болорыг Гадаад харилцааны дэд сайд байхад нь хоносон бичлэг үзүүлж, ИЗНН-аас нэр дэвшигч Б.Хүдэр-Янгийнд хонож, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хамт вагонд сууж Сайншанд ороод  ирсэн бол, арай өмнөх нэг дугаарт Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хамт Таван толгойн сургалтын төвд шөнийг өнгөрөөжээ.  Өдөр тутмын “Хэн юу хэлэв?”-ээс эхлээд “Гарц”, “Оддын ээж”, “Би” хүртэл сонгуулийн горимд бүрэн шилжсэн байна.

“25-р суваг” хэдийгээр хувийн телевиз, хэнийг оруулж гаргах тэдний дур зорго мэт боловч нэвтрүүлгээ орон даяар цацдаг  радио долгионы давтамж нь хуулинд зааснаар Оюутолгой, Тавантолгойн адил төрийн өмч, түүнээс нэгээхэн зурвасыг тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг болохоор жаахан хамжааргатай баймаарсан. Харин Сонгуулийн тухай хуулийг огт зөрчих ёсгүй.

Ганц найдвар бол МҮОНРТ. Гэтэл сонгууль хэмээх наадмын өнгийг тодорхойлдог урьдчилсан сурталчилгаа хэмээх сунгаанаас харахад … хэрэг алга. Захиралд нь тойрог олдоогүй ч АН-ын жагсаалтаар нэр дэвшсэн, харин Ерөнхий захиралд тойрог байтугай нам олдоогүй учраас чадаагүй тухай итгэмээргүй сонин сонсдохоос гадна энгийн үед ч хуулиар тас хориотой далд, тодруулбал сонгуулийн далд сурталчилгаа тасарсангүй.

Олон нийтийн телевизийн хамгийн том ярилцлага – “Цаг үе, үзэл бодол”-оор нэр дэвшигчид ээлжилсээр. “Хариулахгүй ч байж болно” бүр хавтгайрсан. Долоо хоногт ганц хуваарьтай байсан бол дөрөвдүгээр сарын дундаас хоёр дахин олширч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, бас өөр хэдэн  эрхмийг оролцуулж амжлаа. Зөвхөн нэр дэвшигчид. Мэдээж ярилцлага тус бүрийг маргааш нь давтсан. Харин нэг удаа “Яруу найрагч Б.Ариунсан оролцоно” хэмээн хөтөлбөртөө зарлуулсан нь ЭБЭХ-ний дэд сайд асан, АН-аас Говь-Алтайд нэр дэвшигч болж таарав. Ийнхүү гавъяат сэтгүүлч маань наадмын өдөр Хүй долоон худагт барааны морьдын тоосыг биш, өмнөө суугаа нэр дэвшигчийн нүдийг хараад хамрын самсаа нь шархирдаг болсон мэт “… Таныг нэр дэвшсэнд би үнэхээр баярлаж байна… Та нар л төрд гарах ёстой… Ёстой гоё … Яасан сайхан юм бэ…” маягийн асуулт гэхээсээ илүү нялуурсан магтаалыг хаваржин урсгалаа.

“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг МҮОНТ-ийн дэвжээнээс хальж MCS группийн тэргүүн дэд захирал Л.Энх-Амгалангийн оролцсон дугаар тэр чигээрээ TV9 телевизээр гарах нь тэр. Бас нэг дугаартаа “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг оролцуулсныхаа араас “Нутаг минь” нэртэй сэтгүүлчийн тэмдэглэл үзүүлэв. “Би монголоороо гоёдог” брэнд шүлгээрээ эхэлж өөрийн төрсөн нутаг – Дорноговь аймгийн Зүүн баянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй талаар ярьж, одоо түүхийгээр нь вагон вагоноор урагшаа зөөж байгаад баахан шогширсны эцэст тийм үйлдвэр байгуулах Ц.Анандбазарын нэрийг хэллээ. Тайлбар хэрэггүй биз. Төгсгөлд нь энэ сэдвээр олон олон цуврал хийнэ гэж амалсан. Даанч Ц.Анандбазар нь хоригдчихлоо. Нэвтрүүлэг үргэлжлэх үү?

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »