АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Улаанбаатарын сүйтгэн байгуулалт

Posted by Ажиглагч on 2012/04/30

Нэг мэдэхэд миний мэдэх Улаанбаатараас юу ч үлдэхгүй бололтой. Социализмын жилүүдэд зугуухан боссон нийслэл хот хүссэн хүсээгүй шинэчлэгдэх жамтай ч XX зууны Монгол улсын түүх, дүр төрхийг гэрчилсэн хэдэн сайхан байшин, ганц нэг гудамж талбайг үлдээхсэн.

Өнөөдрийн капиталист бүтээн байгуулалтын эрч хүч, тэнгэрт санаархсан tower, plaza, бүхэл бүтэн villa, town, castle-ийг жилээр биш, өдөр сараар сүндэрлүүлдэг арга технологи, тэгээд хаа ч хамаагүй зайчилж юмуу нураалгаад эзэлж авдаг их мөнгөний дайралтанд хуучин Улаанбаатар тэсч үлдэхгүй. Уг нь хуучин болгон муу, муухай, тэр тусмаа устгах ёстой биш. Ядахдаа хотын төвийн зарим хэсгийг цохож байгаад хамгаалах ёстой.

Үүнийг тэр үеийн Улаанбаатарт төрж өссөн нийслэлчүүд шаардах ёстой болов уу. Ноднин нийслэлийн нутгийн зөвлөл гээд хэдэн овсгоо сүржигнэж эхлэхэд юу ярихыг нь сонсоход, ажлын цагийг наймаас эхлүүлнэ, хог хаяж болохгүй, бас орон гэргүй хүмүүст туслана гээд зогссон. Увсын юмуу Хэнтийн нутгийн зөвлөлийнхөн хийсэн ч болох, бүр хийх ёстой ажил. Яагаад гэвэл тэд бас Улаанбаатарын иргэд. Харин 1950-иад оноос хойш Улаанбаатарт ид барьж байгуулж байх үеийн уугуул иргэд (одоо хэдийнээ ахмадууд болцгоосон) 40 мянгатынхан, субботник, хүүхдийн парк, “Соёл эрдэнэ” гэх мэтээр хачин сайхан дурсамж ярьдаг мөртлөө ганц нэгийг ч болов хадгалж үлдээхийн төлөө ганц үг ганхийдэггүй нь хачирхалтай.

Хүүхэд насны дурсамж хамгийн үнэ цэнэтэй бөгөөд хүчтэй. Харин нийслэлийн одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр Ховдын уугуул учраас түүний санах ойд 1960,70-аад оны Улаанбаатарын гудамж талбай бус, тэртээ Ховдын төв, эргэн тойрны уул хад оршдог биз. Иймээс хуучин барилгыг устгаж шинийг босгох захирамжинд гарын үсэг зурах мөчид түүний тархин дотор нь ямар ч реакци явагдахгүй.  Өмнөх богинохон хугацааны Засаг дарга, гэхдээ олон жил Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан Т.Билэгт хичнээн олон барилгыг буулгасан төлөвлөгөө батлах ажлыг удирдав? Улаанбаатарын уугуул яавч биш. Ц.Батбаяр гэж хотын хөдөөнөөс ирсэн Засаг дарга хүртэл Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг сүйтгэснээрээ нийслэлийн [төвийн] уугуул иргэдийг яаж доромжилж буйгаа хэзээ ч ухаарахгүй.  Тэгвэл нийслэлийн төвд төрж өссөн (даргын хүүхэд) хэрнээ хамгийн урт хугацаанд сүйтгэн байгуулсан М.Энхболдоос яагаад? гэж асуух нь зүйн хэрэг. Түүний дурсамжийг эрх мэдэл, мөнгө хоёр юу ч үлдээлгүй арчсанаас зайлахгүй. Ийм Засаг дарга нарыг захирч байх учиртай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бол нэр дэвшүүлсэн намаараа сүлжилдсэн бүлэглэл. Хүмүүс хотын ч хамаагүй улс төрд гарахаараа уугуул байтугай суугуул иргэн ч биш болдог ажээ.

Өндөр, гоё, тансаг хэрнээ миний танихгүй Улаанбаатар. Ноднин хэдэн байрны дунд үлдсэн цэцэрлэг, тоглоомын талбайг булааж барилга барихыг эсэргүүцсэн оршин суугчдыг компанийн захирал залуу “та нар бүтээн байгуулалтыг эсэргүүцлээ” хэмээн зад загнасан. Энэ бол бүтээн биш сүйтгэн байгуулалт. Гэхдээ оройтчихлоо.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: