АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Улаанбаатарын сүйтгэн байгуулалт: Хэдэн баримт

Posted by Ажиглагч on 2012/04/30

Өнгөрсөн 2-р сард болсон Биеийн тамир, спортын үндэсний зөвлөгөөн дээр Ерөнхий сайд С.Батболд “Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон учир уг обьектийн суурин дээр нь орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. 1958 оны 10-р сард нээлтээ хийж хагас зуун жилийн турш монголын спортын амьдралын төв байсан энэ барилгыг хоцрогдож муудсанаар дуудаж элдвээр гоочилдог ч газрын хөрснөөс арчихад дэндүү хайран. Өршөөх хэрэгтэй.

Дараа нь жил нь буюу 1959 онд ашиглалтанд орсон Төв цэнгэлдэх хүрээлэн бол тэр чигээрээ монгол наадмын түүх. Гэтэл эргэн тойрны газрыг булааж орон сууцны барилгуудаар бүслүүлчихээд одоо “наадам  явуулахад багадлаа, наадамчид багтаж шингэх зайгүй”-гээр дуудсаар буулгах арга чарга хайдаг болжээ.

11-р хорооллын урд оршдог “хуучин гэмтэл” буюу “түлэнхийн төв”-ийн барилгыг нурааж буурин дээр нь найман давхар шинэ байшинг концессийн гэрээгээр босгох компани нь хэдийнэ тодорсон. Нураахын тулд огт засахгүй, сүүлийн арван жил нэг ч грамм шохой хүргэж будаг хүргэхгүйгээр Улаанбаатарын хамгийн сарампай байшин болгож гутаалаа. Эмнэлгийг өөр газарт бариад үүнийг музей  болгохсон.

Урдаа эх, хүүхдийн хөшөөтэй 1-р төрөх эмнэлгийн хоёр давхар анхны барилга бол хуучин Улаанбаатарын бас нэг билэг тэмдэг. Тэгвэл уржнан нурааж, буурин дээр нь “Бороо гоулд” компани төрөх эмнэлэг бариад дуусгаж байна. Яагаад заавал нэгийг нурааж байж нөгөөг барих гэж? Эх хүүхдийн төлөө учраас шүүмжлэх аргагүй, гэхдээ дараачийн 40 тонн алтны орд газрын лицензтэй тэнцэх наймаа…

Эхлээд Налайхад, тэр нь бүтэхээ больмогц Багануурт оюутны хотхон байгуулж улсын их, дээд сургуулиудыг бүрмөсөн нүүлгэж аваачих утгагүй ажил ид ундарч байгаа. Харин хотын төвд үлдэж хоцрох МУИС-ын түүхэн барилгыг яах тухай элдэв таамаг явдаг. Гэхдээ хэн нэгний толгойд тов тодорхой төлөвлөгөө бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Ноднин БСШУЯ-наас гаргасан “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” нэртэй баримт бичигт Монголын Үндэсний номын сан, Монголын үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, бас Улсын драмын эрдмийн театрийн барилгуудыг акталж буюу нурааж шинээр зориулалтын барилга барихаар тусгажээ. Үндэсний номын сангаас эхэлж байх шиг. 1951 онд баригдсан баганат барилгыг засаж тордох, эсвэл арагш өргөтгөхийн оронд (даанч арын цэцэрлэгийг устгаад барилга барьчихсан) хаа нэгтээ шинийг барих нэрээр хөсөр хаяж, тус бүртээ сая ном хэвлэл хадгалаастай хоёр жигүүрийн нэг талд “Моннис” цамхагийг босгочихсон бол нөгөө жигүүрт нь дараачийн барилгыг нааж байгаа.

XX зууны Монголын түүх, соёлын бөгөөд уран барилгын дурсгал болсон энэ барилгуудыг актлах тухай бичиж чадсан хүмүүс соёл хариуцсан яаманд суудаг нь  харамсалтай. Харин Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагын музейн хуучин төрхийг хадгалаад өргөжүүлэн шинэчлэх тухай бичжээ. Эргэн тойронд сул талбай нэг кв.метр үлдээгүй тул яаж хэрэгжихийг бүү мэд.

Харин улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгад их засвар хийнэ гэжээ. Дэндүү сайхан учраас нурааж зүрхлэхгүй. Гэхдээ урд талд нь 17 давхар Central Tower хэдийнэ сүндэрлэсэн бол хойт талд нь илүү өндөр гозойх АН-ын Ардчиллын ордны суурийг ухаж эхэллээ. Ихэнх улс орны нийслэл хотын төвд түүхээ сахиж  эзэн хаан, парламентын ордны дээрээс өнгийхийг зөвшөөрдөггүй бол манайд хад асганы ёроолд хаясан мэт харагдах боллоо. Төрийн ордны зүүн талд Хэвлэх үйлдвэрийн түүхэн барилгыг балгас болгохын оронд үлдээчихгүй дээ. Хувьчилж авдаг л юм байгаа биз.

Тун удахгүй Улаанбаатарын хуучин барилгуудыг нурааж дуусна. Шалтаг нь: хоцрогдсон, хуучирсан, газар хөдөлбөл дарж ална. Энэ логикоор бол Төрийн ордныг бушуухан буулгаж шинийг барих хэрэгтэй. Гэхдээ жинхэнэ шалтгаан нийслэлийн төвийн газруудыг хэн нэгэнд авч өгөөд барилга бариулахад байгаа юм.

Хэрвээ ямар ч байшин барилгыг хэдэн арван жилээр засаж тордохгүй бол холцорно, муудна, яйжийна. Харин байлгая гэвэл засаад, газар хөдлөлтөөс айвал бэхлээд явбал ямар ч барилга дахиад зуун жил тогтоно.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: