Улаанбаатарын сүйтгэн байгуулалт: Хариуцлага ярьсангүй
Posted by Mongold on 2012/04/25
Иргэний танхимд “Хотыг дахин хөгжүүлэх тухай” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын хэсэг гишүүд, мэдээж нийслэлийн удирдлагууд оролцов.
Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гэж хэдэн зуун хуудас цаас, картонон макет, самбаран зургууд байдаг хэдий ч нийслэлийн удирдлага өөрсдийн хаалттай олгосон газрын зөвшөөрөл, түүн дээр бариулсан барилгууддаа тааруулан засварлаж суудаг бүрэн дампуурсан баримт бичиг юм. Хууль засдагтай адил юм. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотыг баруун тийш тэлж хөгжүүлнэ, ЗДТГ-ын шинэ барилгыг Сонгинохайрхан дүүрэгт босгоно хэмээн макет хүртэл үзүүлж гайхуулсныг бид мартсан. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордон хаана сүндэрлэснийг харвал тэр нь хүртэл залилан байжээ.
Гэтэл энэ хэлэлцүүлэг дээр Налайхаас цааш баригдахаар дуншдаг Их дээд сургуулийн хотхоны явцыг сонирхож, хэрхэн бүтэлгүйтэж байгааг чагнан толгой сэгсэрцгээж цаашдаа уялдаа холбоотой ажиллах, Хотыг дахин төлөвлөх хууль гаргах, 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг сайн хийх талаар зөндөө олон мэргэн санаа урсгаад тарцгаав. Ганцхан хариуцлага ярьсангүй. Нийслэлийн толгойд ээлж дараалан гардаг эрх мэдэлтнүүд өмнөхөө цайруулах, цаашдаа айх юмгүйгээр дураараа дургихдаа халхавч болгон ашиглах дараачийн цааснуудын үйлдвэрлэл эхэллээ.
jays said
Нийслэлийн газрын алба евроазийн шилдэг менежменттэй байгууллага болсон гээд германы төрийн бус байгууллагаас шагнал авсан. Уул нь улаанбаатарыг тэгшхэн шугамдаад кадастарын дагуу газар олгож чаддаггүй л хүмүүс шүү дээ.