АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Мөнгө өгөхөөс нааш …

Posted by Ажиглагч on 2012/04/22

Эдийн засаг, бизнесийн сэдвийг барьж авсан сэтгүүлч, сонин хэвлэл, телевиз, радиогийн нэвтрүүлэг зөндөө. Гэхдээ бараг бүгдээрээ эдийн засгийн өсөлт, инфляц, татварын бодлого, өрсөлдөх чадвар, Таван толгой, ипотек, бодлогын хүү, дунд хугацааны хөтөлбөр, хөрөнгийн зах зээл, арга ядахад дэлхийн эдийн засгийн хямрал гээд дандаа том ярих тул зах зээлийн бодит үйл явдал, үзэгдлүүдийг тоож сонирхдог нь алга.

Гурав, дөрөвхөн жилийн өмнөөс электрон ба цахилгаан барааны зах зээлд “Некст электроникс” нэртэй тоглогч мэндэлж Улаанбаатарын энд тэнд, Дархан, Эрдэнэт, бас “төрөлх нутаг” (рекламын танилцуулгандаа бичсэнээр) Ховдод шар хаягтай дэлгүүрүүдээ байгуулсан юм. Тэгтэл нодингоос дэлгүүрүүдийн хагас нь Next Сenter нэртэй болж өөрчлөгдлөө. Хоёр найзын байгуулсан компани овоо хөл дээрээ босмогц муудалцаад салсан, гэхдээ урд зүгээс бараа оруулах сувгаа хоёулаа сайн мэдэх тул тус тусдаа үргэлжлүүлсэн мэт сэтгэгдэл төрж билээ. Тэгтэл энэ хавар дахин нэр, хаяг солигдож зарим дэлгүүрийн хаяг “Arina Electronics” болж өөрчлөгдөв.   Ариунаа биш Арина!  Яах аргагүй нэг юм болоод байна. Гэхдээ үүнийг сонин хэвлэлд сурвалжилж бичсэн, эсэхүл телевизээр үзүүлснийг санахгүй байна.

Хэрэв сэтгүүлчид энэ мэт зах зээлийн элдэв сонин, өөрчлөлт хандлагыг ухаж үздэгсэн бол сонин хэвлэл, телевиз, радиогийн эдийн засгийн булан, нэвтрүүлэг, бас энэ зүгийн сэтгүүлүүд өнөөдрийнх шиг уйтгартай байхгүйсэн. Хамгийн том BSB компани цахим дэлгүүр байгуулж лангуугаа Интернэтэд нээсэн нь өрсөлдөгч компаниудын бүтэл муутай өмнөх оролдлогуудаас юугаараа өөр, ер нь энэ зах зээлийг “Номин электроникс”, BSB, Global Electronics (Panasonic),”Оюуны ундраа” чухам ямар бараагаар хэд хичнээнээр хуваадаг гээд огт бичдэгггүй сэдэв, асуудал түм бум.

Ноднин ижилдүү дэлгэцтэй хэдэн зурагтаас сонгож ядсан эмэгтэй “хямдралтай юу, бэлгэнд нь юу ирэхэв” гэхчлэн баахан асууж асууж 10 хувь хямдруулсан тухай хов хоосон тоо, шал хэрэггүй залгуур малгуурханд хууртаад миний харсаар байтал тааруухныг нь авчихсан. Манай хэрэглэгчдийн сэтгэл зүй, тэдний эрэлт хэрэгцээ, цаашилбал жилийн 365 хоногийн турш үргэлжилдэг мөнхийн Sale, сая тэрбумын хонжворт сугалааны заль, цаанаас нь шоволзох маркетингийн арга ухаан, бас залилангууд зэрэг сэдвүүд хааяа нэг гардаг гомдол, заргыг эс тооцвол огт хөндөгдөөгүй. “Номин электроникс” бараагаа зарахдаа хүмүүсийн гэрт нь явж орох шахдаг хэрнээ баталгаат засварын газраа нийслэлийн тэртээ баруун захад цөлж эвдэрхий бараа таарсан азгүй худалдан авагчдаа дахин шийтгэдэг нь бас сэдэв.

Дээр эхлүүлсэн электрон барааны жишээг үргэлжлүүлье. Монгол нэр зүүсэн зурагт, ноутбүкүүд ар араасаа гарч ирлээ. Зургийн аппарат, камераас бусдыг бид “хийж” байна. Үндэсний үйлдвэрлэл! Хорь гаруй жилийн түүхийнхээ дунд хэсэгт “Номин электроникс”-т худалдагдаж амжсан “Монэл” брэндийн хэрнээ гаднаасаа MacAir шиг харагдах цалин цагаан ноутбукууд ямар үзүүлэлттэй, хэр сайн болохыг худалдагчид нь өөрсдөө сайн хэлж чадахгүй байна.  Уржнан MGM компани начин заан гээд бөхийн цолтой ширээний компьютер, ноднингоос соёмбо үсэгтэй ноутбүк гаргаж дээжээс нь УИХ-д бэлэглэсний нэг нь спикерийн ширээн дээр заларч амжсан. (Монгол Улсын Их хурлын танхимд телевизийн студи адил сурталчилгаа тавьсантай адил байсныг анзаарсан бололтой төдөлгүй болсон). Одоо “MCS электроникс”-ийн “Могул” ноутбүкүүд зах зээлийг эзэлж байх шиг. Гэхдээ рекламдсан шигээ зайгаа үнэхээр 5 цаг 30 минут барьдаг эсэхийг нотолсон, эсвэл няцаасан тестийг хаа нэгтэйгээс уншихсан. Энэ бүхэн эдийн засгийн бус технологийн сэтгүүл зүйн хариуцах ажил байх, гэтэл “Компьютер таймс” зэрэг төрөлжсөн сэтгүүлүүд хүртэл учир зүггүй магтахаас өөрөөр дуугарахгүй юм.

Хамаг шалтгаан энд байна. Манай хэвлэл мэдээлэл аливаа бизнес, компани, бараа, үйлчилгээг хамгийн түрүүнд реклам сурталчилгаа, бэлэн мөнгө гардаг АТМ шиг хардаг болжээ. Мөнгө өгвөл сурталчилна, өгөхгүй бол инфляц, хямрал, бодлогын хүү, дэлхийн эдийн засгийн хямрал мэтийн агуу сэдвүүдээ мөлжөөд суучихна.

“Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Д.Болор чимээгүйхэн ажлаа сэлгэж “Скайтел”-д яг тийм албан тушаалд очсоноор шууд өрсөлдөгч байсан “Юнител”, бас “Скайтел”-ийг зэрэг эзэмшдэг MCS-ийн хүн болжээ. Улс төрийнхөөр бол МАН-аас гараад АН-д элсэх, эсвэл эсрэгээр хийсэнтэй адил юм. 1,2 сая хэрэглэгчтэй “Мобиком”-ын эсрэг тун саяхан нэг сая хэрэглэгчтэй болсноо зарласан “Юнител”-ийн зарлаагүй дайн шийдвэрлэх шатандаа орж байх шиг. Хэрэглэгчиддээ байр орон сууцыг үе үе арав, таваар тарааж байхад хэдхэн нэгж, ярианы минутаар урамшуулж өрсөлддөг “Мобиком” удаан тэсэхгүй. Сэтгүүлчид шуугиулах, чаддаг нь эрэн сурвалжлах сэдэв энэ боловч зөвхөн захиалгат ярилцлагууд үзэгдээд өнгөрөв.

Сонин, телевизүүд компаниудтай хамтран ажиллах нууц гэрээний нууц заалтуудад дөрвөн мөчөө хүлүүлээд реклам сурталчилгааны захиалга, бас дуудлага ирэхийг тэсч ядан хүлээж гүйцэтгэсээр хамаг цаг, зай талбайгаа барж байна.

3 Responses to “Мөнгө өгөхөөс нааш …”

  1. Uschin, tuslah, uilchlegch ajild abna, utas91919120,,,, 96674458

  2. Jargal said

    Ёстой үнэн бөгөөд гоё бичсэн байна. Би КТ сэтгүүлийг гаргадаг боловч таны үнэн гэдгийг 100% баталж ийм байдалд орсондоо уучлал гуйж, үүнийг өөрчлөх талаар ажиллах болно гэдгээ хэлье.

  3. Baadai said

    Mash uneniig bichjee.Amjilt

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: