АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

ТV баривчилгаа

Posted by Ажиглагч on 2012/04/13

4-р сарын 12-ны орой ажил тарах үед эхэлсэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлыг хамгийн түрүүнд “Ийгл” телевиз  утсаар авсан мэдээгээр хүргэж, удалгүй дүрстэйгээр шууд дамжуулж эхэлснээрээ энэ талаар Монголд №1 гэдгээ дахиад нэг удаа нотлов. Явуулын ганц биш, хоёр гурван станц аваачжээ. Харин түүний хувийн TV9 телевиз барагцаалбал нэг цагаар хоцорчээ. Олон нийтийн телевиз  тэр шөнө унтахаасаа өмнө ямар ч байсан товчхон мэдээлж (гэхдээ амаараа?) амжсан нь сайшаалтай.

Удалгүй Улаанбаатарт байдаг телевизүүдийн ихэнх яаравчлан очиж шуурхай сурвалжлага, бичлэгүүдийг шөнийн турш (02 цагаас хойш яасныг мэдэхгүй, би унтчихав), харин үүрээр эртэлж өглөө нар мандтал үзүүлснээр энэ баривчилгаа гучаад жилийн өмнө Гүррагчаа сансарт ниссэн шиг монголчуудыг зурагтын өмнө уяж чадлаа. Манай телевизүүд яасан ч мундаг, хөдөөгүүр яасан ч олон сувгийг шууд үздэг болчихсон юм, хотоос ялгарах юм огт үгүй, тэр дор нь “яана аа, оймстой нь өргөхдөө яадаг юм” гэсэн ууртай сэтгэгдэл ирүүлээд байсан.

Үйл явдлын газарт тэр шөнө том бужигнаан боллоо. Хаана нь цагдаа, хаана нь сэтгүүлч, хаана нь МАХН-ын гишүүд, дэмжигчид, өөр хаана хэн байгааг бүү мэд. Монголчууд бид голдуу хар бараан хувцасладаг, иймээс хав харанхуй шөнө, хав хар хувцастай … бөөн хар юмнууд. Цагдааг форм, сэтгүүлчдийг камер, аппарат, микрофоноор ялгаж болох ч орилоон чарлаан хэнээс гарсныг таагаад ч нэмэргүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн ямар нэгэн дарга бололтой том эр, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Амарбат хоёрыг баахан хүүхнүүд бүслээд асуугаад ч байх шиг, загнаад ч байх шиг.  Тэр хавийг дүүргэсэн МАХН-ынхны уриа шаардлагад охид голдуу сурвалжлагчдийн толгой бүтэн эргэж “баривчлах бичгээ үзүүл”, “хүний эрхийг зөрчиж болж байна уу?”, “та нар Энхбаяр даргыг буудах гэсэн юм уу?”, “хэний захиалгаар яваад байна?” мэтийн үгэнд эргэлдлээ. TV9-ийнхэн сүрхий сайн ажиллаж энгийн хувцас өмссөн цагдаагийн бололтой ажилтнуудыг соргогоор илрүүлээд зогсохгүй араас нь элдэж хувцаснаас чангаан зургийг авч амжсан. Арай л баривчилж тушаагаагүй.

TV9-ын тайлбарууд нь ер бусын хурц агаад “амь насанд халдах оролдлого”, “7-р сарын нэгний хэргийг илчилсний хариу”- гаас доош буусангүй. Үнэхээр дайчин зэвсэг юм аа. Шөнө дунд Н.Энхбаяр сурвалжлагчаа гэртээ оруулж суулгаад өөрийг нь баривчлахаар цагдааг явуулсан 6 хүний нэрийг хэлж өглөө: Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Тэр зургаа даалгавар өгөхөд нь Н.Энхбаяр хажууд нь зогсож байснаас зайлахгүй.

Энэ баривчилгаа телевизүүдийн хувьд мэдээллийн найр байв. Яаж ч фантаазлаад, ямар ч реалити шоу зохиогоод Монгол улсын төрийн тэргүүн байсан хүнийг бөөн адал явдалтайгаар, хүчээр, сэвхийтэл өргөөд ачиж явахыг бодож олохгүй. Энэ бол бүхэл бүтэн улс төрийн нам, УИХ-ын дөрвөн гишүүнийг хоромхон зуур дэргэдээ авчирч чадсан Н.Энхбаярын нэр хүнд, бас “гавъяа”. Гэхдээ Монгол Улсын иргэн урьд нь жолооч, бизнесмен, Ерөнхийлөгч, малчин, авлигын загалмайлсан эцэг, өвгөнтийн архичин, цагдаа хэн ч байсан, хуулийн байгууллагаас арван удаа дуудуулахгүйгээр очоод уулзчих, цагдаагийнхний хувьд гадаад кинон дээр гардаг шиг тухайн газарт хөндлөнгийн хүмүүсийг нэвтрүүлэхгүй тууз (police line) татаж тусгаарлах, Авлигатай тэмцэх газрын хувьд хэвлэлийн төлөөлөгчөө урдаа гаргаад яриулах,  сэтгүүлчдийн хувьд өөрийн телевизийн нэрийг томоор бичсэн хантааз өмсөж ялгарах гээд бөөн сургамжтай боллоо. Телевизээр үзсэн миний чихэнд гэхэд зарим этгээдийн чулуудсан тун эвгүй үгнүүд хэдэнтээ сонсодсон. Хамгийн бага муугаар бодоход, нэг охин ойчоод бусдын хөлд гишгүүлчихвэл, нэг тэнэг сэмээрхэн том чулуу аваад олны толгой дээр шидчихвэл юу эхлэхэв? МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “маргааш Сүхбаатарын талбай дээр гарч сонгуулийн бус хувьсгал хийж энэ засгийг унагаая” гэж албан ёсоор уриалсан. Чадаагүй нь яамай.

Маргааш үдээс өмнө телевизүүд хэсэгхэн амсхийж, харин 14 цагаас Хэвлэлийн хүрээлэнд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлыг багтаж ядсан олон сэтгүүлч сурвалжлахад бас л “Ийгл” (бага зэрэг дүрсний алдаатайгаар) шууд дамжуулах шиг болов. Н.Энхбаяр Японы шашны байгууллагын бэлгийг завшиж TV9-ыг байгуулсан тухай баримт уншигдсаны дараа тус телевизийн сурвалжлагч “Та нар TV9 телевизийг хаана гээд 150 гаруй ажилчдыг ажилгүй болгох уу? гэж асуулаа. Зүв зүгээр ажлаа хийж яваа сэтгүүлчийг ингэж айлгах гэж. Энэ хэвлэлийн хурлыг TV9 хэзээ хойно хасч тайраад хагас дутуу гаргажээ.

Өдрийн 14 цагаас Сүхбаатарын талбай дээр МАХН-аас зохион байгуулахаар зарласан цуглааныг TV9 телевиз 14.30-ын үед шууд дамжуулж эхлэхдээ “TV9-өөс өөр телевиз эрх баригчдын дарамтаас айгаад очихгүй байна, бид дамжуулна” гэж амалсан хэрнээ хувьсгал хийхэд хангалтгүй цөөн хүн цугларсан тул 14.55-ын үед шууд таслаад солонгос киногоо үзүүлж тайвширсан байна.

Амралтын өдрүүдэд Энхбаярыг хамгаалсан ярилцлагууд TV9-ээр дүүрчээ. Гэтэл түүний засаглалын үед Соёлын гавъяат хүртсэн нэгэн “Энхбаяр бол гэгээрсэн хүн” хэмээн дүгнээд дараачийн магтаалуудыг үнэ цэнэгүй болгов. Бусад нь бурхны хэмжээний юм ярих л үлдсэн.  TV9-ын ширүүн мэдээ, сурвалжлагуудын эх сурвалж нь “… гэсэн мэдээлэл байна”, “.. . гадуур яригддаг”, “… гэж ойлгогдохоор байна”, “… гэж үзэх хүн ч бий”, “… гэсэн болгоомжлол төрөхөөс өөр аргагүй” болж хувирлаа. Монголын уул уурхайн баялаг, байгаль орчныг сайн хамгаалдаг TV9 телевизийг энэ өдрүүдэд эзэн нь, түүнийг дагасан улс төрчид жинхэнээсээ “алж байна”.

P.S: 2012.04.14-нд хийсэн хэвлэлийн хурал дээр Н.Удвал “Цэргийн ангиуд биднийг дэмжиж байна. Бас цагдаагийнхан МАХН-ыг дэмжиж энэ муухай юманд оролцохгүй гэж байгаа тухай мэдээ бидэнд ирж байна” гэж ярив. Өдөөн хатгана гэж энийг хэлэх байх.

P.P.S: 2012.04.15-ны орой Н.Удвал дарга “Шонхор” телевизийн ярилцлагад оролцохдоо “… Буудлаа шүү, аллаа шүү гээд ороод ирсэн… Ямар ч үгийн солиогүй муужруулаад аваад явсан…” гэлээ. Сүүлийн хэдэн өдөр энэ хатагтайн хэлж ярьж байгаа нэг л биш ээ!

2 Responses to “ТV баривчилгаа”

  1. Saruul.A said

    Манай ТВ, хэвлэлийхэн үнэхээр бодит байдлыг биш, харин сэтгэлийн хөөрлийг дамжуулах юм. Иргэдийн туйлшрал үнэндээ тий байгаа юу, эсвэл хэвлэлийхэн зориуд түүж харуулаад байна уу гэдгийг ялгахад бэрх санагддаг. Үнэндээ авилгалын хэргээр дуудагдсан Энхбаярыг өрөвдөөд уйлаад “өрөвч сэтгэлтэй” болж харагдаад байгаа хүмүүс яагаад ЖИНХЭНЭЭСЭЭ ӨРӨВДМӨӨР байгаа хүмүүс, байгаль орчныг өрөвдөхгүй хүйтэн сэтгэл гаргадаг юм бэ? Нэг “өрөвч” авгай ярьж байнаа: “Манай баруун аймгийн цэвэр цустай Нямдорж яагаад ийм үйлдэл хийж шударга ёсны төлөө тэмцэгч Н.Энхбаярыг баривчилав” гэж байх юм. Цэьвэр цусны хүн гэж юуг хэлээд байна? Тэгвэл баруун аймгийн биш бид бохир цустай болж таарав уу? Энэ ярилцгагыг харуулсан ТВ-д харин баярлалаа. Иймэрхүү хүмүүс, эсвэл төрийн гэмт хэрэгтнүүд Энхбаярыг тйорон хүрээлээд байгааг харуулж өгч байгаа сэтгүүлч нар бас байнаа. Тодорхой баримт нийтлүүлэх гэхээр ихэнх сонин, сайтууд “одоохондоо хамаагүй юм нийтлүүлэхгүй байна” гэсэн хариу барьж байгаа нь хачирхалтай санагдлаа. Цэрэнжавтаа ийм нүсэр том сайт хөтлөн мэдээлэл хүргэж байдагт их баярлалаа. Улам их амжилт хүсэн ерөөв. А.Саруул

  2. Naran said

    Ухаангүй дурлачихсан юм гэсэн наад Удвал авгай чинь Энхбаярт. Хайрандаа сохорсон хүн юу ч ярьж болно. Шоронгийн ханыг дэлбэлээд хайрт Энхбаяраа суллая дайраад гэж байж ч магадгүй.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: