АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for April, 2012

Улаанбаатарын сүйтгэн байгуулалт

Posted by Бид on 2012/04/30

Нэг мэдэхэд миний мэдэх Улаанбаатараас юу ч үлдэхгүй бололтой. Социализмын жилүүдэд зугуухан боссон нийслэл хот хүссэн хүсээгүй шинэчлэгдэх жамтай ч XX зууны Монгол улсын түүх, дүр төрхийг гэрчилсэн хэдэн сайхан байшин, ганц нэг гудамж талбайг үлдээхсэн.

Өнөөдрийн капиталист бүтээн байгуулалтын эрч хүч, тэнгэрт санаархсан tower, plaza, бүхэл бүтэн villa, town, castle-ийг жилээр биш, өдөр сараар сүндэрлүүлдэг арга технологи, тэгээд хаа ч хамаагүй зайчилж юмуу нураалгаад эзэлж авдаг их мөнгөний дайралтанд хуучин Улаанбаатар тэсч үлдэхгүй. Уг нь хуучин болгон муу, муухай, тэр тусмаа устгах ёстой биш. Ядахдаа хотын төвийн зарим хэсгийг цохож байгаад хамгаалах ёстой.

Үүнийг тэр үеийн Улаанбаатарт төрж өссөн нийслэлчүүд шаардах ёстой болов уу. Ноднин нийслэлийн нутгийн зөвлөл гээд хэдэн овсгоо сүржигнэж эхлэхэд юу ярихыг нь сонсоход, ажлын цагийг наймаас эхлүүлнэ, хог хаяж болохгүй, бас орон гэргүй хүмүүст туслана гээд зогссон. Увсын юмуу Хэнтийн нутгийн зөвлөлийнхөн хийсэн ч болох, бүр хийх ёстой ажил. Яагаад гэвэл тэд бас Улаанбаатарын иргэд. Харин 1950-иад оноос хойш Улаанбаатарт ид барьж байгуулж байх үеийн уугуул иргэд (одоо хэдийнээ ахмадууд болцгоосон) 40 мянгатынхан, субботник, хүүхдийн парк, “Соёл эрдэнэ” гэх мэтээр хачин сайхан дурсамж ярьдаг мөртлөө ганц нэгийг ч болов хадгалж үлдээхийн төлөө ганц үг ганхийдэггүй нь хачирхалтай.

Хүүхэд насны дурсамж хамгийн үнэ цэнэтэй бөгөөд хүчтэй. Харин нийслэлийн одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр Ховдын уугуул учраас түүний санах ойд 1960,70-аад оны Улаанбаатарын гудамж талбай бус, тэртээ Ховдын төв, эргэн тойрны уул хад оршдог биз. Иймээс хуучин барилгыг устгаж шинийг босгох захирамжинд гарын үсэг зурах мөчид түүний тархин дотор нь ямар ч реакци явагдахгүй.  Өмнөх богинохон хугацааны Засаг дарга, гэхдээ олон жил Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан Т.Билэгт хичнээн олон барилгыг буулгасан төлөвлөгөө батлах ажлыг удирдав? Улаанбаатарын уугуул яавч биш. Ц.Батбаяр гэж хотын хөдөөнөөс ирсэн Засаг дарга хүртэл Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг сүйтгэснээрээ нийслэлийн [төвийн] уугуул иргэдийг яаж доромжилж буйгаа хэзээ ч ухаарахгүй.  Тэгвэл нийслэлийн төвд төрж өссөн (даргын хүүхэд) хэрнээ хамгийн урт хугацаанд сүйтгэн байгуулсан М.Энхболдоос яагаад? гэж асуух нь зүйн хэрэг. Түүний дурсамжийг эрх мэдэл, мөнгө хоёр юу ч үлдээлгүй арчсанаас зайлахгүй. Ийм Засаг дарга нарыг захирч байх учиртай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бол нэр дэвшүүлсэн намаараа сүлжилдсэн бүлэглэл. Хүмүүс хотын ч хамаагүй улс төрд гарахаараа уугуул байтугай суугуул иргэн ч биш болдог ажээ.

Өндөр, гоё, тансаг хэрнээ миний танихгүй Улаанбаатар. Ноднин хэдэн байрны дунд үлдсэн цэцэрлэг, тоглоомын талбайг булааж барилга барихыг эсэргүүцсэн оршин суугчдыг компанийн захирал залуу “та нар бүтээн байгуулалтыг эсэргүүцлээ” хэмээн зад загнасан. Энэ бол бүтээн биш сүйтгэн байгуулалт. Гэхдээ оройтчихлоо.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Улаанбаатарын сүйтгэн байгуулалт: Оросууд мэдсэн үү?

Posted by Бид on 2012/04/30

“Оросууд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа сая давсан хүн амтай болно гэж төсөөлөөгүй”, “Анх таван зуухан мянган хүнтэй хот байхаар төлөвлөж өгсөн Улаанбаатар хот өнөөдөр сая гаруй хүнтэй болчихоод байна”.  Хэт төвлөрөл, газрын маргаан, агаарын бохирдол, замын түгжрэл гэхчлэн Улаанбаатарын хамаг зовлонгийн тухай сурвалжлага, тайлбарыг ингэж эхлүүлдэг заншилтай. Дээрхэн нэгэн телевизийн сэтгүүлч залуу “манай нийслэлийг оросууд ийм олон машинтай болохыг мэдэхгүйгээр шавааралдсан байшин барьснаас автомашины зогсоолын газар алга” хэмээн хатуу шүүмжилсэн. Өмнөх амьдралыг сайн мэдэхгүй залуучууд буруу зөрүү ойлголттой явах нэг хэрэг. Харин ийм тайлбар Улаанбаатарыг замбараагүйтүүлсэн Засаг дарга нарт бөөн зол болж байгаа юм.

Монголын нийслэл яаж томрох, хөдөөнөөс хот руу нүүж шавааралдахыг байтугай өөрийнхөө улсыг задарч сүйрэхийг мэдээгүй оросуудыг зүгээр орхиё. Харин ч Улаанбаатарын ихэнх барилга байшин, хорооллыг барьж өгөөд зогсохгүй хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, өргөн цэлгэр гудамж, нийтийн эзэмшлийн талбайг дэд бүтэц, шугам сүлжээтэйгээр үлдээснийг бид өнгөрсөн хорин жилийн турш мөлжиж дүүргэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Хорьхон жилийн “алсыг харж чаддаггүй” ах нарын барьж өгсөн дөрөвдүгээр цахилгаан станц өнөөдөр 1,2 сая хүнтэй болсон нийслэлд элбэг хүрэлцээд байгаа нь гайхалтай. Иймээс “оросууд манай хотыг сая давсан хот болно гэж мэдээд ийм том цахилгаан станц ярьж өгсөн” гэж ярьдаг болцгоох уу?

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Улаанбаатарын сүйтгэн байгуулалт: Хэдэн баримт

Posted by Бид on 2012/04/30

Өнгөрсөн 2-р сард болсон Биеийн тамир, спортын үндэсний зөвлөгөөн дээр Ерөнхий сайд С.Батболд “Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон учир уг обьектийн суурин дээр нь орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. 1958 оны 10-р сард нээлтээ хийж хагас зуун жилийн турш монголын спортын амьдралын төв байсан энэ барилгыг хоцрогдож муудсанаар дуудаж элдвээр гоочилдог ч газрын хөрснөөс арчихад дэндүү хайран. Өршөөх хэрэгтэй.

Дараа нь жил нь буюу 1959 онд ашиглалтанд орсон Төв цэнгэлдэх хүрээлэн бол тэр чигээрээ монгол наадмын түүх. Гэтэл эргэн тойрны газрыг булааж орон сууцны барилгуудаар бүслүүлчихээд одоо “наадам  явуулахад багадлаа, наадамчид багтаж шингэх зайгүй”-гээр дуудсаар буулгах арга чарга хайдаг болжээ.

11-р хорооллын урд оршдог “хуучин гэмтэл” буюу “түлэнхийн төв”-ийн барилгыг нурааж буурин дээр нь найман давхар шинэ байшинг концессийн гэрээгээр босгох компани нь хэдийнэ тодорсон. Нураахын тулд огт засахгүй, сүүлийн арван жил нэг ч грамм шохой хүргэж будаг хүргэхгүйгээр Улаанбаатарын хамгийн сарампай байшин болгож гутаалаа. Эмнэлгийг өөр газарт бариад үүнийг музей  болгохсон.

Урдаа эх, хүүхдийн хөшөөтэй 1-р төрөх эмнэлгийн хоёр давхар анхны барилга бол хуучин Улаанбаатарын бас нэг билэг тэмдэг. Тэгвэл уржнан нурааж, буурин дээр нь “Бороо гоулд” компани төрөх эмнэлэг бариад дуусгаж байна. Яагаад заавал нэгийг нурааж байж нөгөөг барих гэж? Эх хүүхдийн төлөө учраас шүүмжлэх аргагүй, гэхдээ дараачийн 40 тонн алтны орд газрын лицензтэй тэнцэх наймаа…

Эхлээд Налайхад, тэр нь бүтэхээ больмогц Багануурт оюутны хотхон байгуулж улсын их, дээд сургуулиудыг бүрмөсөн нүүлгэж аваачих утгагүй ажил ид ундарч байгаа. Харин хотын төвд үлдэж хоцрох МУИС-ын түүхэн барилгыг яах тухай элдэв таамаг явдаг. Гэхдээ хэн нэгний толгойд тов тодорхой төлөвлөгөө бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Ноднин БСШУЯ-наас гаргасан “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” нэртэй баримт бичигт Монголын Үндэсний номын сан, Монголын үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, бас Улсын драмын эрдмийн театрийн барилгуудыг акталж буюу нурааж шинээр зориулалтын барилга барихаар тусгажээ. Үндэсний номын сангаас эхэлж байх шиг. 1951 онд баригдсан баганат барилгыг засаж тордох, эсвэл арагш өргөтгөхийн оронд (даанч арын цэцэрлэгийг устгаад барилга барьчихсан) хаа нэгтээ шинийг барих нэрээр хөсөр хаяж, тус бүртээ сая ном хэвлэл хадгалаастай хоёр жигүүрийн нэг талд “Моннис” цамхагийг босгочихсон бол нөгөө жигүүрт нь дараачийн барилгыг нааж байгаа.

XX зууны Монголын түүх, соёлын бөгөөд уран барилгын дурсгал болсон энэ барилгуудыг актлах тухай бичиж чадсан хүмүүс соёл хариуцсан яаманд суудаг нь  харамсалтай. Харин Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагын музейн хуучин төрхийг хадгалаад өргөжүүлэн шинэчлэх тухай бичжээ. Эргэн тойронд сул талбай нэг кв.метр үлдээгүй тул яаж хэрэгжихийг бүү мэд.

Харин улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгад их засвар хийнэ гэжээ. Дэндүү сайхан учраас нурааж зүрхлэхгүй. Гэхдээ урд талд нь 17 давхар Central Tower хэдийнэ сүндэрлэсэн бол хойт талд нь илүү өндөр гозойх АН-ын Ардчиллын ордны суурийг ухаж эхэллээ. Ихэнх улс орны нийслэл хотын төвд түүхээ сахиж  эзэн хаан, парламентын ордны дээрээс өнгийхийг зөвшөөрдөггүй бол манайд хад асганы ёроолд хаясан мэт харагдах боллоо. Төрийн ордны зүүн талд Хэвлэх үйлдвэрийн түүхэн барилгыг балгас болгохын оронд үлдээчихгүй дээ. Хувьчилж авдаг л юм байгаа биз.

Тун удахгүй Улаанбаатарын хуучин барилгуудыг нурааж дуусна. Шалтаг нь: хоцрогдсон, хуучирсан, газар хөдөлбөл дарж ална. Энэ логикоор бол Төрийн ордныг бушуухан буулгаж шинийг барих хэрэгтэй. Гэхдээ жинхэнэ шалтгаан нийслэлийн төвийн газруудыг хэн нэгэнд авч өгөөд барилга бариулахад байгаа юм.

Хэрвээ ямар ч байшин барилгыг хэдэн арван жилээр засаж тордохгүй бол холцорно, муудна, яйжийна. Харин байлгая гэвэл засаад, газар хөдлөлтөөс айвал бэхлээд явбал ямар ч барилга дахиад зуун жил тогтоно.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Сүйтгэн байгуулалт: Хүүхдийн парк

Posted by Бид on 2012/04/29

Анх хүүхэд, залуучуудын “Найрамдал” парк, одоо Үндэсний соёл, амралтын хүрээлэнг битүү тагласан хашааны хойт хаалгыг хүнд даацын машин оруулахаар нээснийг хараад орж энэ зургийг дарсан юм. Хамгийн түрүүнд орос, монголоор бичсэн хоёр самбар эцсээ хүлээх мэт зогсох нь нүдэнд туслаа. Одоо үсгүүд нь баларч уншигдахаа больсон ч   МХЗЭ ба ВЛКСМ (Бүх Холбоотын Ленины Коммунист Залуучуудын Эвлэл)-ийн гишүүд энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулав, 1967 он гэсэн өгүүлбэрийг монгол, оросоор тус тусад нь бичсэн байсан санагдана.

“Төрсөн сайхан нутагтаа түүгээр үүгээр явахсан” – Д.Нацагдорж

Сүхбаатарын талбайн баруун урд босно гэж мэхэлсэн “Шангри-Ла” жинхэнээсээ энд босч байна.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Сүйтгэн байгуулалт: Цэцэрлэгт хүрээлэн

Posted by Бид on 2012/04/26

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэрээр Туул голын дагуу тэртээ тэргүй зэлүүд зүлэг, бургас байсан газрыг хашаалж аварга том хаалга босгоод дотор нь энд тэндгүй цемент цутган мод тарьдаг дуулиантай бүтээн байгуулалт өрнөж байгаа. Гэхдээ нийслэлийн иргэдэд бүр ойрхон, яг хажууд нь, бүр хот дунд маш сайхан хоёр цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн зуунд байгуулж хэдэн арван жилийн турш хэдэн мянган мод тарьж ургуулсаар шинэ зуунтай золгосны нэг – Сэлбэ голын баруун эрэг дэх ДСНК-ийн гэгдэх томоос том цэцэрлэг нэг мэдэхэд орон сууцны хороолол болж төрөл арилжсан бол  нөгөөх нь Хүүхдийн паркийн газрыг хэдэн том компани хэрчиж хуваагаад дуусгах замдаа оржээ. Ингэхийг далдуур зөвшөөрсөн, дараа нь түүндээ тааруулж нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөг өөрчилж засварлан хууль ёсны болгож харагдуулсан нийслэлийн дарга нар өмнөх нүглээ цайруулахыг оролдож байгаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр. Үүнийг сүйтгэн, тэр байтугай устган байгуулалт гэвэл зохилтой.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Улаанбаатарын сүйтгэн байгуулалт: Хариуцлага ярьсангүй

Posted by Бид on 2012/04/25

Иргэний танхимд “Хотыг дахин хөгжүүлэх тухай” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын хэсэг гишүүд, мэдээж нийслэлийн удирдлагууд оролцов.

Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гэж хэдэн зуун хуудас цаас, картонон макет, самбаран зургууд байдаг хэдий ч нийслэлийн удирдлага өөрсдийн хаалттай олгосон газрын зөвшөөрөл, түүн дээр бариулсан барилгууддаа тааруулан засварлаж суудаг бүрэн дампуурсан баримт бичиг юм. Хууль засдагтай адил юм. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотыг баруун тийш тэлж хөгжүүлнэ,  ЗДТГ-ын шинэ барилгыг Сонгинохайрхан дүүрэгт босгоно хэмээн макет хүртэл үзүүлж гайхуулсныг бид мартсан. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордон хаана сүндэрлэснийг харвал тэр нь хүртэл залилан байжээ.

Гэтэл энэ хэлэлцүүлэг дээр Налайхаас цааш баригдахаар дуншдаг Их дээд сургуулийн хотхоны явцыг сонирхож, хэрхэн бүтэлгүйтэж байгааг чагнан толгой сэгсэрцгээж цаашдаа уялдаа холбоотой ажиллах, Хотыг дахин төлөвлөх хууль гаргах, 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг сайн хийх талаар зөндөө олон мэргэн санаа урсгаад тарцгаав. Ганцхан хариуцлага ярьсангүй. Нийслэлийн толгойд ээлж дараалан гардаг эрх мэдэлтнүүд өмнөхөө цайруулах, цаашдаа айх юмгүйгээр дураараа дургихдаа халхавч болгон ашиглах дараачийн цааснуудын үйлдвэрлэл эхэллээ.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

“Детективийн эсрэг детектив” хаачив?

Posted by Бид on 2012/04/23

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгчийн ажил хийдэг Н.Энхбаярын ярьж өгсөн “Детектив” нэвтрүүлгээр түүний хэргийг шалгаж байсан УМБГ-ын мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргалыг гүтгэж, бас хачирт нь доромжилсний төлөө цаадах нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасны дараа TV9-ээр онц байдал зарлаж “Манайхныг дуудаж байцаалаа… Бидний шударга нэвтрүүлгийг зогсоох гэж байна … Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хэрэг” гэхчлэн хэвлэлийн хурал хүртэл зарлаж  удахгүй “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийж монголын бүх авлигийг цувралаар илчлэхээ амлахад би хувьдаа их үнэлж билээ. Манай телевизүүдээс анх удаа жинхэнэ эрэн сурвалжлага явуулж гаргах болсон учраас.

Эхлээд 2-р сарын 11-ны орой 21.00 цагаас хөтөлбөртөө “Детективийн эсрэг детектив” гэж зарласан байв. “Шударга үнэний дуу хоолой” бэлэн байх нь аргагүй гэж бодов. Тэгтэл ямар ч тайлбаргүйгээр цуцалж онгойсон цагийг баахан рекламаар таглаж орхилоо. Хэтэрхий хүчтэй баримт орсон, магадгүй “бөмбөг дэлбэрэх” байсан учраас зүрхлээгүй байж мэдэх. Эсэхүл баримт нотолгоо дутсан? Ингээд дахин хүнд хүчир эрэн сурвалжлагаа үргэлжлүүлсэн мэт дахин хоёр сар шахам хүлээлгэсний эцэст хэдэн үдшийн өмнөөс анхааруулж байн байн зарласны эцэст 5-ны Пүрэв гаригийн 21.40-д, бас 7-ны  Бямба гаригийн 21.00 цагаас “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлгээ хоёр удаа зарлав. Гэвч дахиад хуурлаа. Худлаа нээрээ тайлбарлаж барих гэж оролдсон ч үгүй.

Өнөөдөр Н.Энхбаярыг барьж хорьчихоод байхад “Детективийн эсрэг детектив”-ээ гаргахгүй, гаргах байтугай зарлаж айлгах ч үгүй байна. Үнэхээр гүтгэчихсэн учраас тэр. Мөрдөн байцаагч яахав, монголын авлигачид энэ удаад аврагдлаа.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

Мөнгө өгөхөөс нааш …

Posted by Бид on 2012/04/22

Эдийн засаг, бизнесийн сэдвийг барьж авсан сэтгүүлч, сонин хэвлэл, телевиз, радиогийн нэвтрүүлэг зөндөө. Гэхдээ бараг бүгдээрээ эдийн засгийн өсөлт, инфляц, татварын бодлого, өрсөлдөх чадвар, Таван толгой, ипотек, бодлогын хүү, дунд хугацааны хөтөлбөр, хөрөнгийн зах зээл, арга ядахад дэлхийн эдийн засгийн хямрал гээд дандаа том ярих тул зах зээлийн бодит үйл явдал, үзэгдлүүдийг тоож сонирхдог нь алга.

Гурав, дөрөвхөн жилийн өмнөөс электрон ба цахилгаан барааны зах зээлд “Некст электроникс” нэртэй тоглогч мэндэлж Улаанбаатарын энд тэнд, Дархан, Эрдэнэт, бас “төрөлх нутаг” (рекламын танилцуулгандаа бичсэнээр) Ховдод шар хаягтай дэлгүүрүүдээ байгуулсан юм. Тэгтэл нодингоос дэлгүүрүүдийн хагас нь Next Сenter нэртэй болж өөрчлөгдлөө. Хоёр найзын байгуулсан компани овоо хөл дээрээ босмогц муудалцаад салсан, гэхдээ урд зүгээс бараа оруулах сувгаа хоёулаа сайн мэдэх тул тус тусдаа үргэлжлүүлсэн мэт сэтгэгдэл төрж билээ. Тэгтэл энэ хавар дахин нэр, хаяг солигдож зарим дэлгүүрийн хаяг “Arina Electronics” болж өөрчлөгдөв.   Ариунаа биш Арина!  Яах аргагүй нэг юм болоод байна. Гэхдээ үүнийг сонин хэвлэлд сурвалжилж бичсэн, эсэхүл телевизээр үзүүлснийг санахгүй байна.

Хэрэв сэтгүүлчид энэ мэт зах зээлийн элдэв сонин, өөрчлөлт хандлагыг ухаж үздэгсэн бол сонин хэвлэл, телевиз, радиогийн эдийн засгийн булан, нэвтрүүлэг, бас энэ зүгийн сэтгүүлүүд өнөөдрийнх шиг уйтгартай байхгүйсэн. Хамгийн том BSB компани цахим дэлгүүр байгуулж лангуугаа Интернэтэд нээсэн нь өрсөлдөгч компаниудын бүтэл муутай өмнөх оролдлогуудаас юугаараа өөр, ер нь энэ зах зээлийг “Номин электроникс”, BSB, Global Electronics (Panasonic),”Оюуны ундраа” чухам ямар бараагаар хэд хичнээнээр хуваадаг гээд огт бичдэгггүй сэдэв, асуудал түм бум.

Ноднин ижилдүү дэлгэцтэй хэдэн зурагтаас сонгож ядсан эмэгтэй “хямдралтай юу, бэлгэнд нь юу ирэхэв” гэхчлэн баахан асууж асууж 10 хувь хямдруулсан тухай хов хоосон тоо, шал хэрэггүй залгуур малгуурханд хууртаад миний харсаар байтал тааруухныг нь авчихсан. Манай хэрэглэгчдийн сэтгэл зүй, тэдний эрэлт хэрэгцээ, цаашилбал жилийн 365 хоногийн турш үргэлжилдэг мөнхийн Sale, сая тэрбумын хонжворт сугалааны заль, цаанаас нь шоволзох маркетингийн арга ухаан, бас залилангууд зэрэг сэдвүүд хааяа нэг гардаг гомдол, заргыг эс тооцвол огт хөндөгдөөгүй. “Номин электроникс” бараагаа зарахдаа хүмүүсийн гэрт нь явж орох шахдаг хэрнээ баталгаат засварын газраа нийслэлийн тэртээ баруун захад цөлж эвдэрхий бараа таарсан азгүй худалдан авагчдаа дахин шийтгэдэг нь бас сэдэв.

Дээр эхлүүлсэн электрон барааны жишээг үргэлжлүүлье. Монгол нэр зүүсэн зурагт, ноутбүкүүд ар араасаа гарч ирлээ. Зургийн аппарат, камераас бусдыг бид “хийж” байна. Үндэсний үйлдвэрлэл! Хорь гаруй жилийн түүхийнхээ дунд хэсэгт “Номин электроникс”-т худалдагдаж амжсан “Монэл” брэндийн хэрнээ гаднаасаа MacAir шиг харагдах цалин цагаан ноутбукууд ямар үзүүлэлттэй, хэр сайн болохыг худалдагчид нь өөрсдөө сайн хэлж чадахгүй байна.  Уржнан MGM компани начин заан гээд бөхийн цолтой ширээний компьютер, ноднингоос соёмбо үсэгтэй ноутбүк гаргаж дээжээс нь УИХ-д бэлэглэсний нэг нь спикерийн ширээн дээр заларч амжсан. (Монгол Улсын Их хурлын танхимд телевизийн студи адил сурталчилгаа тавьсантай адил байсныг анзаарсан бололтой төдөлгүй болсон). Одоо “MCS электроникс”-ийн “Могул” ноутбүкүүд зах зээлийг эзэлж байх шиг. Гэхдээ рекламдсан шигээ зайгаа үнэхээр 5 цаг 30 минут барьдаг эсэхийг нотолсон, эсвэл няцаасан тестийг хаа нэгтэйгээс уншихсан. Энэ бүхэн эдийн засгийн бус технологийн сэтгүүл зүйн хариуцах ажил байх, гэтэл “Компьютер таймс” зэрэг төрөлжсөн сэтгүүлүүд хүртэл учир зүггүй магтахаас өөрөөр дуугарахгүй юм.

Хамаг шалтгаан энд байна. Манай хэвлэл мэдээлэл аливаа бизнес, компани, бараа, үйлчилгээг хамгийн түрүүнд реклам сурталчилгаа, бэлэн мөнгө гардаг АТМ шиг хардаг болжээ. Мөнгө өгвөл сурталчилна, өгөхгүй бол инфляц, хямрал, бодлогын хүү, дэлхийн эдийн засгийн хямрал мэтийн агуу сэдвүүдээ мөлжөөд суучихна.

“Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Д.Болор чимээгүйхэн ажлаа сэлгэж “Скайтел”-д яг тийм албан тушаалд очсоноор шууд өрсөлдөгч байсан “Юнител”, бас “Скайтел”-ийг зэрэг эзэмшдэг MCS-ийн хүн болжээ. Улс төрийнхөөр бол МАН-аас гараад АН-д элсэх, эсвэл эсрэгээр хийсэнтэй адил юм. 1,2 сая хэрэглэгчтэй “Мобиком”-ын эсрэг тун саяхан нэг сая хэрэглэгчтэй болсноо зарласан “Юнител”-ийн зарлаагүй дайн шийдвэрлэх шатандаа орж байх шиг. Хэрэглэгчиддээ байр орон сууцыг үе үе арав, таваар тарааж байхад хэдхэн нэгж, ярианы минутаар урамшуулж өрсөлддөг “Мобиком” удаан тэсэхгүй. Сэтгүүлчид шуугиулах, чаддаг нь эрэн сурвалжлах сэдэв энэ боловч зөвхөн захиалгат ярилцлагууд үзэгдээд өнгөрөв.

Сонин, телевизүүд компаниудтай хамтран ажиллах нууц гэрээний нууц заалтуудад дөрвөн мөчөө хүлүүлээд реклам сурталчилгааны захиалга, бас дуудлага ирэхийг тэсч ядан хүлээж гүйцэтгэсээр хамаг цаг, зай талбайгаа барж байна.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 3 Comments »

Онлайн хэлэлцүүлэгт оролцоорой !

Posted by Бид on 2012/04/16

2012 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэхийг ЮНЕСКО гишүүн орнууддаа уриалжээ. Хэвлэлийн эрх чөлөө ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэгдэл нь уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэвлэлийн эрх чөлөөг урьд өмнө байгаагүй шинэ түвшинд хүрэх замыг нээж иргэний нийгэм, залуучууд, хүй олонд нийгэм, улс төрийн асар их өөрчлөлт хийх боломж олгох болно.

“Глоб Интернэйшнл” төрийн бус байгууллагаас энэ уриалгы дэмжиж хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор “ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ гэж ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД-ийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ. Хэрвээ та энэ хэлэлцүүлэгт оролцож үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл дээрх зурган дээр дарж буюу http://www.globeinter.org.mn/media-freedom хаягаар хандаарай.

Хэлэлцүүлгийг “Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй”, “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй нь”, “Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүд” гэсэн гурван сэдвийн явуулна.

Онлайн хэлэлцүүлгийн үр дүнг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3-ны өдөр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулах “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр танилцуулна.

Posted in Хэвлэлийн эрх чөлөө | 2 Comments »

ТV баривчилгаа

Posted by Бид on 2012/04/13

4-р сарын 12-ны орой ажил тарах үед эхэлсэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлыг хамгийн түрүүнд “Ийгл” телевиз  утсаар авсан мэдээгээр хүргэж, удалгүй дүрстэйгээр шууд дамжуулж эхэлснээрээ энэ талаар Монголд №1 гэдгээ дахиад нэг удаа нотлов. Явуулын ганц биш, хоёр гурван станц аваачжээ. Харин түүний хувийн TV9 телевиз барагцаалбал нэг цагаар хоцорчээ. Олон нийтийн телевиз  тэр шөнө унтахаасаа өмнө ямар ч байсан товчхон мэдээлж (гэхдээ амаараа?) амжсан нь сайшаалтай.

Удалгүй Улаанбаатарт байдаг телевизүүдийн ихэнх яаравчлан очиж шуурхай сурвалжлага, бичлэгүүдийг шөнийн турш (02 цагаас хойш яасныг мэдэхгүй, би унтчихав), харин үүрээр эртэлж өглөө нар мандтал үзүүлснээр энэ баривчилгаа гучаад жилийн өмнө Гүррагчаа сансарт ниссэн шиг монголчуудыг зурагтын өмнө уяж чадлаа. Манай телевизүүд яасан ч мундаг, хөдөөгүүр яасан ч олон сувгийг шууд үздэг болчихсон юм, хотоос ялгарах юм огт үгүй, тэр дор нь “яана аа, оймстой нь өргөхдөө яадаг юм” гэсэн ууртай сэтгэгдэл ирүүлээд байсан.

Үйл явдлын газарт тэр шөнө том бужигнаан боллоо. Хаана нь цагдаа, хаана нь сэтгүүлч, хаана нь МАХН-ын гишүүд, дэмжигчид, өөр хаана хэн байгааг бүү мэд. Монголчууд бид голдуу хар бараан хувцасладаг, иймээс хав харанхуй шөнө, хав хар хувцастай … бөөн хар юмнууд. Цагдааг форм, сэтгүүлчдийг камер, аппарат, микрофоноор ялгаж болох ч орилоон чарлаан хэнээс гарсныг таагаад ч нэмэргүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн ямар нэгэн дарга бололтой том эр, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Амарбат хоёрыг баахан хүүхнүүд бүслээд асуугаад ч байх шиг, загнаад ч байх шиг.  Тэр хавийг дүүргэсэн МАХН-ынхны уриа шаардлагад охид голдуу сурвалжлагчдийн толгой бүтэн эргэж “баривчлах бичгээ үзүүл”, “хүний эрхийг зөрчиж болж байна уу?”, “та нар Энхбаяр даргыг буудах гэсэн юм уу?”, “хэний захиалгаар яваад байна?” мэтийн үгэнд эргэлдлээ. TV9-ийнхэн сүрхий сайн ажиллаж энгийн хувцас өмссөн цагдаагийн бололтой ажилтнуудыг соргогоор илрүүлээд зогсохгүй араас нь элдэж хувцаснаас чангаан зургийг авч амжсан. Арай л баривчилж тушаагаагүй.

TV9-ын тайлбарууд нь ер бусын хурц агаад “амь насанд халдах оролдлого”, “7-р сарын нэгний хэргийг илчилсний хариу”- гаас доош буусангүй. Үнэхээр дайчин зэвсэг юм аа. Шөнө дунд Н.Энхбаяр сурвалжлагчаа гэртээ оруулж суулгаад өөрийг нь баривчлахаар цагдааг явуулсан 6 хүний нэрийг хэлж өглөө: Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Тэр зургаа даалгавар өгөхөд нь Н.Энхбаяр хажууд нь зогсож байснаас зайлахгүй.

Энэ баривчилгаа телевизүүдийн хувьд мэдээллийн найр байв. Яаж ч фантаазлаад, ямар ч реалити шоу зохиогоод Монгол улсын төрийн тэргүүн байсан хүнийг бөөн адал явдалтайгаар, хүчээр, сэвхийтэл өргөөд ачиж явахыг бодож олохгүй. Энэ бол бүхэл бүтэн улс төрийн нам, УИХ-ын дөрвөн гишүүнийг хоромхон зуур дэргэдээ авчирч чадсан Н.Энхбаярын нэр хүнд, бас “гавъяа”. Гэхдээ Монгол Улсын иргэн урьд нь жолооч, бизнесмен, Ерөнхийлөгч, малчин, авлигын загалмайлсан эцэг, өвгөнтийн архичин, цагдаа хэн ч байсан, хуулийн байгууллагаас арван удаа дуудуулахгүйгээр очоод уулзчих, цагдаагийнхний хувьд гадаад кинон дээр гардаг шиг тухайн газарт хөндлөнгийн хүмүүсийг нэвтрүүлэхгүй тууз (police line) татаж тусгаарлах, Авлигатай тэмцэх газрын хувьд хэвлэлийн төлөөлөгчөө урдаа гаргаад яриулах,  сэтгүүлчдийн хувьд өөрийн телевизийн нэрийг томоор бичсэн хантааз өмсөж ялгарах гээд бөөн сургамжтай боллоо. Телевизээр үзсэн миний чихэнд гэхэд зарим этгээдийн чулуудсан тун эвгүй үгнүүд хэдэнтээ сонсодсон. Хамгийн бага муугаар бодоход, нэг охин ойчоод бусдын хөлд гишгүүлчихвэл, нэг тэнэг сэмээрхэн том чулуу аваад олны толгой дээр шидчихвэл юу эхлэхэв? МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “маргааш Сүхбаатарын талбай дээр гарч сонгуулийн бус хувьсгал хийж энэ засгийг унагаая” гэж албан ёсоор уриалсан. Чадаагүй нь яамай.

Маргааш үдээс өмнө телевизүүд хэсэгхэн амсхийж, харин 14 цагаас Хэвлэлийн хүрээлэнд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлыг багтаж ядсан олон сэтгүүлч сурвалжлахад бас л “Ийгл” (бага зэрэг дүрсний алдаатайгаар) шууд дамжуулах шиг болов. Н.Энхбаяр Японы шашны байгууллагын бэлгийг завшиж TV9-ыг байгуулсан тухай баримт уншигдсаны дараа тус телевизийн сурвалжлагч “Та нар TV9 телевизийг хаана гээд 150 гаруй ажилчдыг ажилгүй болгох уу? гэж асуулаа. Зүв зүгээр ажлаа хийж яваа сэтгүүлчийг ингэж айлгах гэж. Энэ хэвлэлийн хурлыг TV9 хэзээ хойно хасч тайраад хагас дутуу гаргажээ.

Өдрийн 14 цагаас Сүхбаатарын талбай дээр МАХН-аас зохион байгуулахаар зарласан цуглааныг TV9 телевиз 14.30-ын үед шууд дамжуулж эхлэхдээ “TV9-өөс өөр телевиз эрх баригчдын дарамтаас айгаад очихгүй байна, бид дамжуулна” гэж амалсан хэрнээ хувьсгал хийхэд хангалтгүй цөөн хүн цугларсан тул 14.55-ын үед шууд таслаад солонгос киногоо үзүүлж тайвширсан байна.

Амралтын өдрүүдэд Энхбаярыг хамгаалсан ярилцлагууд TV9-ээр дүүрчээ. Гэтэл түүний засаглалын үед Соёлын гавъяат хүртсэн нэгэн “Энхбаяр бол гэгээрсэн хүн” хэмээн дүгнээд дараачийн магтаалуудыг үнэ цэнэгүй болгов. Бусад нь бурхны хэмжээний юм ярих л үлдсэн.  TV9-ын ширүүн мэдээ, сурвалжлагуудын эх сурвалж нь “… гэсэн мэдээлэл байна”, “.. . гадуур яригддаг”, “… гэж ойлгогдохоор байна”, “… гэж үзэх хүн ч бий”, “… гэсэн болгоомжлол төрөхөөс өөр аргагүй” болж хувирлаа. Монголын уул уурхайн баялаг, байгаль орчныг сайн хамгаалдаг TV9 телевизийг энэ өдрүүдэд эзэн нь, түүнийг дагасан улс төрчид жинхэнээсээ “алж байна”.

P.S: 2012.04.14-нд хийсэн хэвлэлийн хурал дээр Н.Удвал “Цэргийн ангиуд биднийг дэмжиж байна. Бас цагдаагийнхан МАХН-ыг дэмжиж энэ муухай юманд оролцохгүй гэж байгаа тухай мэдээ бидэнд ирж байна” гэж ярив. Өдөөн хатгана гэж энийг хэлэх байх.

P.P.S: 2012.04.15-ны орой Н.Удвал дарга “Шонхор” телевизийн ярилцлагад оролцохдоо “… Буудлаа шүү, аллаа шүү гээд ороод ирсэн… Ямар ч үгийн солиогүй муужруулаад аваад явсан…” гэлээ. Сүүлийн хэдэн өдөр энэ хатагтайн хэлж ярьж байгаа нэг л биш ээ!

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 2 Comments »

Хуулийг ярилцлагаар орлуулахуй

Posted by Бид on 2012/04/12

Өнөөдөр Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж (тэртээ тэргүй тэнд жижүүрлэж зогсдог) байгаад 2008 оны 7-р сарын 3,4,5-ын өдрүүдэд УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай хийсэн гурван удаагийн уулзалтын 300 хуудас тэмдэглэлийг ил болгожээ. Үймээн хэдийнэ дэгдэж МАХН-ын цагаан ордон шатаж дууссаны дараа онц байдал тогтоож байж намжаасан ч 5 хүний амь үрэгдэж, хэдэн зуун хүн хоригдсоны болсон ярианууд.

Нөгөө л “сонгууль шударга бус” болсон тухай гомдлууд. Хэрвээ тийм баримт, нотолгоо байгаа бол цаасан дээр буулгаж Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаад хандахын оронд хэлэлцье, тохиролцъё, зөвшилцъе. Хуулийн заалт ярьдаггүй ээ.  Өнөөдөр шударгаараа “гайхуулж” байгаа экс Ерөнхийлөгч маань хуулиас гадуур хашгичихаа болих тухай анхааруулж, хариуцлага нэхэхийн оронд хэдэн өдөр дэмий чалчуулсан байгаа юм даа. Үймээнийг хэн өдөөсөн, хэн үргэлжлүүлсэн нь бүгд тодорхой байхад шүү.

Тэрнээ өмнө буюу яг 7-р сарын 1-ны орой үймээнчид МАХН-ын байрыг гүйцээчихээд Соёлын төв өргөөг эхэлж байхад Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нар цуглуулж С.Баярын хэлснээр “баахан мэргэн цэцэн” ярьцгаасан байдаг.  Тэд хэл амаа олж зөвшилцөнгүүт бүх юм хэвийн болчих юм шиг. Хүмүүсийг уриалж  дуудан хөөргөж хөөргөчихөөд үймээн самуун дэгдэж хяналтаас гарангуут амиа хоохойлоод бултчихсан хүмүүстэй ярих юм юу ч байгаагүй.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

“Юун долоон сарын нэгэн”

Posted by Бид on 2012/04/11

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийг МАН (МАХН) ба Ардчилсан Нам хоёр хавсайдаж байгаад сонгогчдоосоо асууж хэлэлцүүлэхгүйгээр 2011 оны 12-р сард баталж гаргасан. Сүүлийн хэдэн жил учир зүггүй муулж гутаасан өмнөх хуулийг бас төстэй аргаар 2005 оны 12-р сард баталсан түүхтэй.

Сонгуулийн шинэ хууль бол энэ зөвхөн хоёр намын, тэр тусмаа Их хуралд суугаа гишүүдийн бүтээгдэхүүн  юм. Өөр хуулийн төслийг болохоор худлаа нээрээ санал авч салдаггүй хэрнээ энэ удаад тас нууж өмнөх дөрвөн жилийн турш зурагтаар гарсан, тойрогтоо хэдэн тэрбумыг зарцуулсандаа яг тааруулж, хэрвээ барахааргүй бол гулсаад, эсвэл намын жагсаалтаар шууд гарахаар тооцоолж бараг өөрсдийнхөө овог, нэрийг жагсааж байгаад баталсан шинэ хуулийн ганцхан заалтыг Үндсэн хуулийн цэцээс цуцалж магадгүй болоход л хууль тэр чигээрээ хэмхэрч мэдэхээр болжээ. Одоогийн гишүүд 2008 оны сонгуулиар бүгд тойргоос гарч, сонгогчдынхоо төлөө үхэн хатан зүтгэнэ гэж тангараг өргөсөн хэрнээ дараачийн сонгууль дөхөхийн хэрээр зангаа хувиргаж “бид тойргийн сонгогчдод дарлуулахгүй” гэж занасаар байгаад тойроггүй жагсаалтыг гаргаж ирсэн. Үндсэн хуулиар бол бид УИХ-ын гишүүнийг шууд буюу яг нэрлэж саналаа өгөх ёстой байтал намыг сонгох болчихлоо.

Сонирхлын зөрчилтэй хүмүүс буюу УИХ-ын гишүүд өөрсдийгөө сонгуулах хуулийг өөрсдөө батлан гаргасныг болиулах арга байдаггүй нь харамсалтай.

Ядахдаа алдаа мадаггүй хэрэгжвэл сайнсан. Гэтэл Үндсэн хуулиа зөрчсөн заалтуудтай нь илэрсэн,  цахим үнэмлэх хэвлүүлж амжихгүй, амжлаа ч санал тоолох машинд таарахгүй… Бөөн будлиан, эцэс төгсгөлгүй хэрүүл, “сонгууль шударга бус боллоо” гэсэн санааны зоргоор хашгичих үндэс хэдийнэ тавигджээ. Тун саяхан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Би сонгуульд оролцоод ялагдах юм бол би л лав хүлээн зөвшөөрөхгүй… Юун долоон сарын нэгэн… Бүр илүү юм болно” гэж илүү ч үгүй, дутуу ч үгүй заналхийлэхийг телевизээр үзлээ.

Posted in Улс төр, эдийн засаг | 1 Comment »

6-р сарын 30-ны хэрэг …

Posted by Бид on 2012/04/08

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа дөрвөн хүнийг буудаж алах үеэр хариуцлага алдсан хэргээр цагдаагийн дарга нарыг шүүх гэж ядаж байна. Онц байдал тогтоож нийслэл хотын төв хэсэг цагдаагийн бүрэн мэдэлд орчихоод байхад хүмүүс буудуулсныг (харин нэг хүн яагаад ч юм МАХН-ын намын байранд нэвтэрч угаартсан) өөр хэнээс асуух юм бол? Амарболд генерал, Ганбаатар хурандаа, Зоригт хурандаа шагайж гох дараагүй (харин Батсүх хурандаагийн талаар эргэлзээтэй юм уншсан) байлаа ч үл мэдэгдэх этгээд(үүд) бусдыг намнаад, эсвэл хурц гэрэл тусгасан хар машинаар хөөж пулеметоор шүршээд явахад цагдаагийнхан мэдээгүй, иргэдээ хамгаалж өөдөөс нь байлдаж устгаагүйн төлөө зад шийтгэх хэрэгтэй. Иракт манай байлдагч Азбаяр алан хядагчийг яаж устгасан билээ? Харин шоронд хорих, хорих бол хичнээн, цолыг хураах хураахгүйн алин болох нь цэвэр хуулийн асуудал. Дөрвөн хүнийг “мэргэн” оносон этгээдүүд харгис цагдаа, хар машинтан, харь гаригийнхны аль нь ч байсан заавал олох ёстой.

Гэхдээ энэ бүхэн 7-р сарын 2-ны хэрэг юм. Өмнөх өдрийн 23 цаг өнгөрч байхад онц байдал зарласны дараа цагдаагийнхан үймээнийг дарж галдан шатаагчдыг элдэн хөөж хэдэн зуугаар баривчлах үеэр хүмүүс алагдсан явдал 00 цагаас хойш буюу 7-р сарын 2-ны Лхагва гаригт болжээ.

Харин жинхэнэ 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнөх талбай руу жагсагсад цуварч, тэр нь үдээс хойш аажмаар улангассан дайралт болж хувирахад цагдаагийнхан тэднийг тараах, ядахдаа зогсоох гэж өдөржин оролдсон ч чадалгүй дийлдсэнээр орой тийшээгээ Цагаан байшинг (хачирт нь Соёлын төв өргөөний зүүн, зүүн урд хэсгийг) галдан шатаалгасныг бид телевизээр бараг реалити шоуны түвшинд үзсэн тул цаг цагаар санаж байгаа.

Харин 6-р сарын 30-ныг бараг ярьдаггүй. Урьд өдөр нь болсон УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусаад саналын хуудсыг тоолсон шөнө сонгуулийн тойрог, хэсгийн хороод дахь ажиглагчдынхаа утасдсан мэдээг хүлээсэн нэр дэвшигчид оволзож үүрээр 76 нь мишээж эхэлсэн бол өөрийгөө Төрийн ордонд заларснаар сэрүүн зүүдлээд сая, тэрбумаар шатсан бусад хэдэн зуун нөхөд хэсэг зуур гацаанд орсон. Ганц нэг нь “би ялж явсан… ”, “ялах байсан юм… ” хэмээн сулхан бувтнасаар өглөөтэй золгож гашуудал зарлахдаа тулах зуур аврал санаандгүй ирсэн юм. Сонгуульд оролцсон улс төрийн хоёр том намын нэг – Ардчилсан Намын дарга Ц.Элбэгдорж 30-ны өдөр Сүхбаатарын талбай дээр гарч “өнгөрсөн шөнө манай нам ялж явсан чинь өглөө ялагдчихлаа. Ингээд монголын ард түмэн саналаа луйвардуулчихлаа” гэж албан ёсоор зарласнаар шударга бус сонгуулийн тухай дөвчигнөлийн гинжин урвал эхэлсэн. “Нотлох баримт”-тай болж хөөрөөд их удирдагчийн дүрд хувирсан Магнай тэргүүтэй ялагдагсад энд тэндгүй том жижиг цуглааныг дараалан асааж Төв шуудангийн урдах замыг хааж … тэр нь шөнө дөл болтол үргэлжилж түр намжаад маргааш нь жинхэнэ 7-р сарын нэгэн эхэлсэн билээ. .

2008 оны УИХ-ын сонгууль үнэхээр шударга бус болсон уу? Яг ингээд луйвардсан гэж 3D кино шиг дүрсний гүнзгийрэл, өнгөний ялгаралтай ярьцгаадаг ч дөрвөн жил өнгөрөхөд шүүхээр нотлогдсон нь ганц хоёрхон. Сонгуулийн сурталчилгаанаас эхлээд нэрсийн жагсаалт, бүртгэл, санал хураалт, тооллого төгс биш, гэхдээ тэр үеийн сонгуулийн хуулийн дагуу явагдсан. Онгорхой цоорхойтой ч хэдий ч “сонгууль шударга бус боллоо” гэж дарга нь зарласан Ардчилсан Нам МАХН-тай нэг хөнжилд шурган толгойгоо битүүлж баталчихаад бөөн баяр гарч ирсэн тэр хуулийн дагуу. Тэгээд Сонгуулийн ерөнхий хороог хоёр нам тохиролцоогоор байгуулж дарга Баттулгыг МАХН-аас, ерөнхий нарийн бичгийн дарга Баярсайханыг АН-аас гэхчлэн сөөлжүүлэн томилж улс орон даяар сонгуулийн тойрог, хэсгийн хороо тус бүрийг МАХН, АН хоёр талаасаа тэнцүү (бүр АН-ынх бага зэрэг илүү гэдэг) бүрдүүлсэн. Хулхидуулчихлаа гэж дагаж чарласан жижиг намууд тэр яриад байгаа луйвруудыг олж хараад ховлохуйц нүд,  амтай хүмүүсийг бас оруулж байсан.

Тэгсэн атал, бас УИХ-ын сонгуулийн эцсийн байтугай урьдчилсан дүнг ч зарлаагүй байхад Ц.Элбэгдорж хашгичихаад эхэлсэн нь намаа сонгуульд ялагдуулснаа барагцаалчихаад эртхэн цайруулж өөрийгөө авч гарах гэснийх. Хэрвээ хоёр хоногийн дараа юу болохыг мэдсэн бол амаа хамхих байсан гэж найдья. Ерөнхийлөгч болсон хойноо хоригдогсдыг бушуухан өршөөж тарьсан балгынхаа ул мөрийг хагас дутуу балласан. Харин 5 хүний амийг бараагүй.

Сургамж юу вэ гэвэл нэгэнт өнөөдөр үймээн самуун эхэлбэл зогсоох найдлага үгүй, цагаа тулахаар улс төрчид сүүлээ хавчаад зугатна, ардын хүүхдүүд (үймээнд хөөрсөн залуучууд) ардын хүүхдүүдийг (цагдааг) баахан довтолно, тэд буцаагаад хариугаа авна. Өнөөдөр хувьсгал хийж самуурахад бэлэн залуучууд, ажилгүйчүүд, бүр ахмадууд Улаанбаатарын гудамжинд хар мянгаараа байна. 2008 онд МАХН-ын байрыг түймэрдээд баригдагсдын ихэнх нь сонгуульд санал өгөөгүй хүмүүс байсныг нотолсон тоо бий. Юун “саналаа луйвардуулсандаа бухимдсан иргэд”.  Ардчиллаас хойш төрсөн шинэ үеийн дунд “ху” нам гэгч юмны эсрэг ямар нэгэн сэдэл байдаг …

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Телевизүүдийн холбооноос хууль баталдаг болжээ.

Posted by Бид on 2012/04/04

7-р сарын 1-ны гэгдэх хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн генерал ба хурандаа нарын ээлжит шүүх хурал 2012 оны 3 дугаар сарын 28-нд урьдчилан хорих төвд болоход нээлт, хаалтыг нь чөлөөтэй сурвалжлуулсан атлаа зөвхөн гурван телевизийг сонгон авч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхийг хориглосныг Монголын телевизүүдийн холбоо эсэргүүцэж ингэж ялгаварлан гадуурхсан  шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэхийн  холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан ширүүн мэдэгдэл нийтлүүлжээ.

Ширүүнээс гадна хөгжилтэй мэдэгдэл болжээ.

“Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хуулийн хүрээнд мэдээ, мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ.”, 7.2 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа төрөөс хараат бус явуулна.” хэмээн заасныг ноцтой зөрчсөн байна” гэж уг мэдэгдэлд залхуугүйгээр, бас тун хариуцлагатай ишлэсэн байлаа.

Гэтэл дээрх өгүүлбэрүүд бол одоо зөвхөн боловсруулаад хэлэлцүүлж буй, өөрөөр хэлбэл батлагдаагүй хуулийн төслийн заалтууд юм. Телевизүүдийн холбоо хэмээх эзэд, захирлуудын байгууллага “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” гэсэн ганц хуудсыг уншиж ч үзээгүй юм байна. Сураг сонсоход, МАН-д ажилд орсон хэрнээ TV5-ын нэрээр тус холбооны тамгыг атгаж суугаа хатагтай Д.Сарангэрэлийн бүтээл ажээ.

Бас төгсгөлийн өгүүлбэрт шүүхийг “Олон түмний нүдэн дээр ил явагдсан хэргийг хаалттай явуулах гэж улайрч …” хэмээн буруутгажээ.  Ил явагдчихсан юм бол хаалтай явуулж болох уу? Шүүхийнхэн уншаад улайрахтай манатай бөөн инээдэмд автаж хөгжилдсөн биз.

P.S: Тэрхүү шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яг ийм утгатай мэдэгдэл хийж сэтгүүлчдийг хамгаалжээ. Сайхан хоршсон байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, Хэвлэлийн эрх чөлөө | Leave a Comment »

Зайсангийн ам бүрэн эзлэгдсэн. Одоо Зайсан толгой өөд дайрч байна.

Posted by Бид on 2012/04/04

Хоёр жилийн өмнө “Собт трэйд” нэртэй компани Зайсангийн энгэр өөд авирч барилга барихаар томоор хашаалж эхэлмэгц нийслэлчүүд цочиж бөөн шуугиан дэгдсэний ачаар мэргэжлийн хяналтынхан ирж зогсоосон санагдана. Өнгөрсөн хугацаанд хөшигний цаагуур ямар үйл явдал өрнөж, хэн нь хэнтэй тохирч, юу өгч авалцсаныг бүү мэд, өнөөдөр барилгын ажил хэдийнэ эхэлжээ.

“Собт трэйд” бол УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа идэж уугаад шоронд орж байсан С.Отгонбаярын эзэмшлийн “Оюуны ундраа” группийн охин компани юм.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 8 Comments »

Энэ самбаруудын эздийг илчлэх хэрэгтэй гэж бодлоо

Posted by Бид on 2012/04/04

Өнөөдөр гудамжаар дүүрэн “Би бодохдоо … ” болчихлоо. Нийсэлийн хамгийн ашигтай байрлалын самбаруудыг энэ сурталчилгаа ээлж дараалан эзлээд зогсохгүй, зөвхөн энэ сурталчилгаанд зориулсан том том самбаруудыг энд тэндгүй шинээр босгож байна.

Гудамжны рекламын самбарууд бол арав гаруй жилийн өмнөөс МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны мэдлийн бизнес юм. Нийслэлд хаана хэдийг ямэр хэлбэр загвараар байрлуулахыг анх “Улаанбаатар” сан шийдэж орлогыг нийслэлийн төсөвт цуглуулдаг гэх боловч цааш ардчилсан социалистууд хэмээх төрд орох, төрөөс хүртэхдээ монголын жирийн залуучуудаас онцгой эрхтэй нөхдийн компаниудад түрээсэлж эхэлсэн бол сүүлдээ самбар босгох зөвшөөрөл олгох зэргээр тэдний мэдэлд бүрэн шилжүүлжээ. Ач холбогдолгүй жижиг самбарууд хотод үлдсэн. Энэхүү дээд зэргийн хаалттай бизнес нийслэлийн ямар ч төсөв, тайланд тооцогддоггүй явдаг. Одоо “Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбоо хүссэн газартаа шинийг зоож байгааг харахад тэдний гарт хэвээр байна.

Сүхбаатарын талбайн чанх урд, Энх тайвны өргөн чөлөө рүү харсан аварга том самбаруудын өртөг нь хэд болохыг хэн ч мэдэхгүй. Нийслэлийн А бүсийн арай жижиг самбарын түрээсийн үнэ өдрийн 450 мянган төгрөг гэж сонсож  байсан. Тэгвэл төвөөс нэлээд зайтай, жишээлбэл Хан-Уул дүүрэг дэх самбаруудыг түрээслэхэд сарын 2 сая төгрөг юм байна.

Асар том бизнес бидний хажууд, бидний толгой дээгүүр цэцэглэж байна. Бүгдийн нүдний өмнө ил мөртлөө хаалттай. Эхлээд би, энэ самбаруудыг цэгцэлж журамлах хэрэгтэй гэж бодсон. Тэгснээ журамлана гэж ярихын  өмнө самбаруудын эзэн, эзэмшил, төлбөр тооцоог ил тод болгох хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Posted in Барилга, хаяг, реклам | 1 Comment »

Шүүмжилсны ачаар …

Posted by Бид on 2012/04/03

Аливаа хүн, хүмүүс, байгууллага, түүний дотор хэвлэл мэдээлэл эгзэгтэй үед шалгагддаг. Өдөр тутмын сонинуудаас хамгийн төвийг сахидаг, туйлширдаггүй нь “Өнөөдөр” сонин гэх дүгнэлт үе үе сонсогддог. Ердийн цагт ерөнхийдөө тийм, гэхдээ оны эхэнд Ардчилсан Нам хамтарсан Засгийн газраас гарахаа зарласны дараах өдрүүдэд хэний талд вэ гэдгээ харуулав.

2012 оны 1-р сарын 9-ны дугаараар жишээ татахад, тэргүүн нүүрэндээ энэ сэдвээрх багц нийтлэлийн дээгүүр өгсөн гарчиг “Ардчилсан нам түүхэн сонголтыг” ТҮҮХИЙРҮҮЛЛЭЭ” байлаа. Редакцийн албан ёсны байр суурь энэ. Араас нь хөвөрсөн төстэй гарчгуудаас  нэгийг дурдвал “Мааниа уншсан АН”.  Дотор нь “…өөрийнхөө хойдохыг уншчихсан нь хэдхэн сарын [дараа] тодорхой болох бус уу?” гэх мэтээр бичжээ.

Өнгөрсөн 2,3-р сард тус сонин Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь рашаан сувиллын эргэлзээтэй хувьчлалыг эргэн сурвалжилж “Алдагдсан рашааны мөрөөр”, “Мөнгөний ундарга ба алдагдсан рашаан” шүүмжилсэн цувралыг нийтэлснийхээ араас “Алдагдсан рашаан, орхигдсон эрдэст усны тухай үнэнийг өчихүй” нэртэй, ямар нэгэн тайлбар, нэр хаяггүй өгүүлэл гаргасан. Уншихад, нөгөө будлианы эзэн “Жем Хужирт” компанийн захиалга ажээ. Одоо эрэн сурвалжлага үргэлжлэх болов уу гэвэл тэгсэнгүй.

Хэрвээ “Өнөөдөр” сонин шүүмжлээгүй бол энэ орлого орохгүй байсан.

Posted in "Өнөөдөр" сонин | Leave a Comment »

“Сөрөг мэдээллийг хаах гэрээ”

Posted by Бид on 2012/04/02

“Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөнд

Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевизүүд, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.

Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа барьсан хэдэн хуудаснаас нэгийг эргүүлээд:

– Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь… Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон  цагт ирж мэдээ, сурвалжлага авна… MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ… хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр  зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан “бүр янзтай” байхсан. Нэвтрүүлгийн бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж байгаад хэдэн өгүүлбэр гаргаж авлаа.

4.6. М-Си-Эс группийн өгсөн мэдээ болон рекламын эх файлд ямар нэгэн засвар хийхийг хориглоно.

4.7. М-Си-Эс группийн дуудсан газарт, тохиролцсон цагт ирж мэдээ сурвалжлага авна.
4.8. М-Си-Эс холдинг ХХК, Спирт бал бурам ХХК, М-Си-Эс-Кока Кола ХХК, М-Си-Эс Электроникс, М-Си-Эс Азиа пасифик бьюри ХХК, М-Си-Эс Интернэшнл, М-Си-Эс проперти ХХК, Энержи ресурс ХХК, Скайресорт ХК, Орчлон ХХК, Юнител, мөн М-Си-Эс группын ерөнхий удирдлага У.Оджаргал, Ж.Од нарыг болон шинээр үүсэх М-Си-Эс группийн бизнесийн салбар хийгээд бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
4.9. Дээрхи 4.8-д заасан заалт биелэгдээгүй тохиолдолд дараахи нөхцөлийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй.
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 1-3 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 20% хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 4-5 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 6-аас дээш удаа гаргавал сонин тухайн сарыг гүйцэтгэлээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
4.10. М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг мэдээллийг хаасан тухай товч тайланг (тайланд агуулга . . . . . . . . . . . багтааж) сар бүрийн эцэст бичгээр хүлээлгэн өгч байна. [Цааш гаргагдсангүй]

Ямар ч цензорын санаанд орохгүй заалтууд. Аливаа компаниас ирүүлсэн хэвлэлийн мэдээг тэр чигээр нийтэлбэл жаахан ичгэвтэр, харин тэнд орсон баримт мэдээллийг ашиглаж (илүү дутуу, нуршилт, өөрийн магтаалыг хасаад) шинээр мэдээ бэлтгэхийг сэтгүүл зүй илүүд үздэг. Гэтэл энд хоригложээ. Тэгээд дуудсан газарт гозойж байх үүрэг хүлээлгэсэн байна. Хамгийн хачирхалтай нь, гэрээт телевиз, сонинууд MCS-ийг сарын турш хүссэнээр нь сурталчлахын хажуугаар сөрөг мэдээллийг агнаж, хэрвээ чадаагүй бол тэр тоогоор суутгуулж байж “цалингаа” авдаг нь нэг ёсондоо MCS-д ажилд орсон мэт. Бас “М-Си-Эс группийн захиалгат бус сөрөг мэдээлэл” гэж бичсэнийг харахад “М-Си-Эс группийн захиалгат сөрөг мэдээлэл” гэж байх нь ээ?  MCS гэж Монголдоо багтахгүй том групп  телевиз, сонинуудын мэдээг хянаж хувь процент тооцсон шиг өчүүхэн зан гаргадаг болсон нь хэвлэл мэдээллийг [мөнгөөр] далайсан газартаа далд оруулсаар байгаад баримжаагаа алдсаных.

MCS групп ба Нямдорж сайдтай хоёр фронтод зэрэг дайтаж эхэлсэн Х.Баттулга гишүүн өөрийн хөрөнгө оруулсан C1  телевизээрээ ярих гээд очтол “эзэнтээн, бид MCS-тэй ийм гэрээ байгуулсан, яахав” гээд үзүүлсэн нь MCS-ийг илчилсэн баримтуудын тоог нэгээр нэмчихжээ. Ингээд өнөө цагийн цензурын дээд хэлбэр болсон “хамтран ажиллах гэрээ”-ний хэдэн өгүүлбэр дэлгэгдлээ. Бүх хуудсууд задарвал юу болохов?

Өнөөдөр монголын томоохон телевиз, өдөр тутмын сонинуудаас MCS-тэй гэрээ байгуулаагүй үлдсэн бол би лав маш гайхна. Дээрх гэрээнд сонин гэж бичээд C1 телевизтэй байгуулсан нь ямар ч хэвлэл мэдээллийн нэрийг солиод бичдэг универсал загвар болохыг нотолно.

Эрхэм гишүүн Х.Баттулга хэд хоногийн дараа хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа энэ сэдвийг дахин задлав.

… Хэвлэлийг ойлгож байгаа. 80 хувь нь баригдчихсан байгаа. Юунд вэ? Мөнгөнд. Би та нарт нэг гэрээ үзүүлсэн, та нарын эзэд бүгдээрээ тэр гэрээг хийсэн байгаа. C1 хүртэл хийсэн явж байна гэж би хэлсэн дээ. Зурагтаараа гарах гэсэн чинь гаргадаггүй байна шд ээ. Яасан? MCS-ийг муулж болохгүй гэсэн гээд. Тэгээд тэр Монголын үндэсний радио, телевизээр гарах гэсэн чинь бас гаргахгүй гэхээр нь орон сууц ярих гэсэн юм аа гэж худлаа хэлээд орж ярилаа ш дээ. Би Их хурлын гишүүн хүн шүү дээ. Жирийн иргэд тэгэхлээр тэр телевизээр юугаа ярихав? Өчигдөр орой телевизээр Нямдорж, хувьсгалт намынхныг 20 минут ярьж байна.  Намайг хоёр минут л гаргаж байна. За, TV5 бол зүгээр хавтгай. Нам мамаа хамгаалалгүй яахав, гэхдээ намаас өөр эх орон гэж нэг юм байна ш дээ… Хэвлэл мэдээлэл өнөөдөр цензуртай болсон. Та нар заль мэх гаргаад яаж ийгээд гаргаад байхыг бодоорой... гэжээ.

Хэдэн жилийн өмнө “Мобиком” корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг “Нийгмийн толь” сонин илчлэхэд тус корпораци  нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад бараагүй, харин “стратегийн түншлэлийн гэрээ” байгуулснаар учраа амархан ололцсон гэдэг. Ноднин өвөл болсон сэтгүүлчдийн их хурал дээр, компаниуд гэрээ байгуулахдаа шүүмжлэхгүйгээс гадна сөрөг мэдээллийг саармагжуулах үүрэг хүлээлгэдэг талаар зарим сэтгүүлч гомдол мэдүүлэхэд индэрт суусан эзэд дуугүй өнгөрөөсөн.

Хувийн компаниас гадна УИХ, Засгийн газраас эхлээд төрийн байгууллагууд иймэрхүү гэрээг байгуулдаг нь ноцтой бөгөөд тусдаа сэдэв юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газрын тогтоолд “төр, засгийн бодлого шийдвэрийг мэдээлж сурталчлах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай” заалт оруулж шаардагдах хөрөнгө мөнгийг хүссэн хэмжээгээр гаргахыг Сангийн сайдад үүрэгддэг байсан бол одоо баян төрийн багтаж ядсан төсвийн их мөнгөний хаанаас хэдийг яаж гаргаад хэнд өгөөд байгаа нь мэдэгдэхээ больжээ. Х.Баттулга гишүүн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн. Засгийн газрыг муулахгүй гээд” хэмээн битүү юм хэлээд, MCS-ынх шиг задлахгүйгээр зогссон. Тэрбээр өөрөө саяхан болтол Засгийн газарт хуралдаж суухдаа тэр шийдвэрийг батлалцсаных болов уу.

Гэхдээ хувийн компани, Засгийн газар алин ч бай үүнийг хүлээн зөвшөөрч хүртчихдэг нь хэвлэл мэдээлэл. Иймээс хамгийн чөлөөт телевиз, хамгийн шударга өдөр тутмын сонин энэ сэдвээр дуугараагүй. 4-р сарын 6-нд “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн хуралдах юм гэсэн.  Гэрээнүүдээ хуудас хуудсаар нь дэлгэж байгаад илэн далангуй ярилцвал эрүүлжих найдвар бий.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Монголын оронд Марокко

Posted by Бид on 2012/04/01

1940 онд Сибирийн Гулагт хоригдож байсан польш, америк, латви, югославийн хэсэг иргэн умрын нүүр нүдгүй шуурган дундуур оргож урагшаа Байгаль нуурыг бараадан улмаар Монголыг урдаас хойш нэвт өнгөрч Түвд ороод цааш Хималайг  давж Энэтхэг хүрч байгааг харуулсан “Гэрийн зүг” (The Way Back) уран сайхны киног олон нийтийн телевизээр.

CCCР-ийн нутгаас гарчихвал эрх чөлөөтэй золгоно гэж төсөөлсөн тэд Монголд нэвтрээд тааралдсан өндөр баганат хаалган дээр Иосиф Сталин, Хорлоогийн Чойбалсан хоёрын зураг байхыг хараад бас коммунист улс гэдгийг сая мэднэ. Холливудын кинонд баатруудаа монголын нутгаар аялуулна гэдэг ховор тохиолдол учраас 1940 оны Монголыг яаж харуулах нь сонин байв. Даанч манай нутаг тэр дороо говь болж эхлээд сүйдсэн ганц сүм сүм тааралдаж, тэгтэл өндөр тоомсог унасан дундаж ази маягийн хэдэн джигит учир зүггүй давхиж ирээд ирээд “мөргөлчид үү?” гэж асуугаад тэр чигээрээ давхиж одсоноос өөр ганц хүн алга. Яаж ч бодсон хаа нэгтээ ядахдаа ганц монгол гэр цайрч харагдмаар. Интернэтээс хайж үзвэл уг киноны  зургийг Болгар, Марокко, Энэтхэг гуравт авсны Монголыг Мароккогоор орлуулсан болж таарлаа.

Уг киног Гулагаас 6 хоригдол оргож яг тэр замаар Энэтхэг хүрсэн бодит явдал дээр тулгуурласан гэх “Сталины лагераас зугатсан нь” нэртэй польш зохиолоор бүтээсэн гэжээ. Дэлхийн 2-р дайны дараа германы олзны цэрэг Сибирээс оргож дундаж Азиар дамжин Иран хүрч нутагтаа буцсан түүх, тийм кино байдгаас өөрийг сонсоогүй тул дахин Интернэт ухваас BBC хэдийнэ эрэн сурвалжлага явуулж Монголоор дайрсан тэр үйл явдлыг санаанаасаа зохиосныг олж тогтоосон юм байна. Худлаа зохиол учраас зохиогч нь монголыг Марокко, тоомсог, джигит маягаар бичиж, Холливуд киногоо тэгэж хийгджээ. Хэрвээ үнэхээр Монголд орж ирсэн бол манай баатарлаг хилчид хойт биш гэхэд өмнөд хил дээр бариад авна, тэрнээс бүр өмнө хонь хариулж яваа нэг жаал гахай явган хэдэн навсгар нөхдийг тэртээ холоос харж томчууддаа, цаадуул нь багийн даргад, багийн дарга дотоодыг хамгаалахынханд дуулгаад … нэг мэдэхэд буцаад Гулагт хүргэгдсэн өөр кино байхсан. БНМАУ-ыг коммунист гээд явган алхаад нэвт гарч болдог шүүрэн шанага шиг харуулсан нь таалагдсангүй.

Posted in КИНО | 1 Comment »