АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Гамбир”-дуулсан Молекул

Posted by Ажиглагч on 2012/03/10

Манай телевизийн ярилцлагууд даанч залхуутай, яагаад гэвэл хөтлөгч нь зочиндоо тал зассан асуултуудыг ээлж дараалан дэвсэж таатай яриа өрнүүлэхээс өөр хэрэгтэй юм хэлүүлж чаддаггүй. Иймээс худалч, хоосон чалчигч, авлигач, хүнд сурталтан, олигарх, газрын наймаачин, тендерийн хулгайчыг урихад айж ичихгүй дэгдээд л орж ирдэг. Эсэхүл мөнгөө төлчж асуулт захиалчихаад  хариулт бэлэн ирж тухална. Бас захын дурак ярилцлага хөтөлдөг болжээ. Телевизийн суваг дэндүү олон учраас хаа нэгтээ шургалж хэн нэгэнтэй 30-40 минут чалчаад суучих юм. Элдэв улс төрч, нэр дэвшигч, горилогчид сонгуулийн хөтлөгч болж тоглох дуртай.

Одоогоор уригдсан зочноо байцааж чадахыг ганц хичээж байгаа нь “Шууд” телевизийн “Гамбир” нэвтрүүлэг. Миний үзээгүй нэгэн дугаарт өөрийгөө хөдөлдөг болгоны удирдагчаар өргөмжилсөн, 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээгч Магнай уриа лоозонгоо хашгирч эхлэхэд нь (гэртээ хүртэл цуглаан зохиож суудаг биз) өөр шигээ тэмцэхгүй байна гэж зэмлэсэн хүмүүсийн ядахдаа ганц нэр хэлээч гэж буланд шахаж гомдоосон, өөр нэг дугаарт Арго багшаас мэддэг 20-30 хэлнийхээ зөвхөн тавханаар ганц өгүүлбэр орчуулж өгөөч гэж гэнэтийн шалгалт авч унагасан, саяхны нэг дугаарт твиттерийн хэдэн мянган фэнээсээ “Гамбир” ярилцлагад орох уу, яах уу?” гэж зөвлөгөө авч ихэд бэлтгэлтэй ирсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас дэлгүүрт байгаа талхны үнийг асууж “300 төгрөг” гэж хариулсныг цацаж онигоонд оруулсныг шторкоос харсан.

Зөвхөн хөтлөгч (залуугийн нэр хэн билээ?) асуугаад байдаггүй, бас үзэгчдээс асуулт цуглуулж дамжуулдаг бөгөөд өчигдрийн “Гамбир”-т оролцсон УИХ-ын гишүүн Батж.Батбаярыг тэвдүүлсэн зарим асуулт бас үзэгчдийнх байжээ. Нэг үзэгч тов тодорхой асуув:

-Та хамгийн сүүлд хэзээ нийтийн тээвэр буюу автобусанд суусан бэ?

-Би зургаа долоо хоногийн хоёрдугаар эмнэлгээс гарч хуучнаар Бактериологийн хүрээлэнгийн тэндээс автобусанд суугаад Ленин клубын урд буугаад явган алхаж гэртээ харьсан.

Сайхан худлаа хэлэх юм аа. Зүүн талаас ирсэн автобусууд Ленин клубын урд зогсдогггүй. Учир нь тэнд байсан автобусны буудлыг гурав, дөрвөн жилийн өмнө хаасан тул 40 мянгатаас нааш буудалгүй. Өмнөх нэгэн сонгуулийн сурталчилгааны сонин дээрээ “Танд ямар дутагдал байдаг вэ?” гэсэн асуулт захиалж “Худлаа хэлж чаддаггүй ганц том дутагдалтай” гэж агуу худлаа ярьсан Батбаяр яг хэвээрээ. Харин автобусны тасалбарын үнэ 400,  троллейбусных 200 төгрөгийг яг хэлсэн. Ганхуягаас сургамж авч цээжилж цээжилж ирсэн байх.

Би ярилцлагыг дундаас нь үзэхэд хөтлөгчийн бусад асуултууд Батбаярыг бажгадуулж байсан. Ерөөсөө зурагт үздэггүй, өөдтэй юм гардаггүй гэж даналзсан ч “байцаалт”-ын эцэст “Цагийн хүрд”, 25-ын мэдээ хоёрыг үздэг, бас телевизийн зарим нэвтрүүлэг гайгүй болж таарлаа. 2008 онд Баянхонгор аймгаас сонгогдсоноос хойш тийшээ хоёрхон удаа очсоноо хичнээн цайруулаад ч “хоёрхон удаа” хэвээр үлдэв. “Баянхонгорчууд өөрсдөө  улс төржсөн” гэж дуугарсныг бодоход сонгогчидтойгоо түр тар хийсэн бололтой.

Харин хүүхдүүдээ улс төрд оруулах уу гэсэн асууултанд бултаад нэмэргүйг ойлгосон бололтой, томыгоо улс төрд бэлтгэж байгаа гэв.

Төгсгөл рүүгээ хөтлөгчийн асуултанд бачимдаж “… Чи залуугаасаа ийм явах юм бол чиний амьдрал тиймэрхүү л байх болно. Чи 24-хэн настай байж яаж чадаж байна аа… Миний хүүхэд байсан бол би алгадаад унагаачихсан, “битгий солиор” гэж хэлнэ”, бас “молекул” нэрний утгыг асуухад “Би чамаар молекул гэж хэлүүлмээргүй байна” (сонины ярилцлагад, энэ нэрнээс ичдэггүй, намайг нямбай, нарийн, тооцоотой учраас найзууд тэгдэг” гэж хариулсан удаатай), … Би арай өөр яриа байх гэж бодож танай энэ “Гамбир” нэвтрүүлэгт орж ирсэн. “Гамбир” гэдэг нь гамбир болгоно гэсэн үг юм байна даа” гэх мэтээр баахан нервтсэн ч гар барьж салсан юм.

Батж.Батжаргалын хамгийн чухал нууц – Хөвсгөлийн фосфофитыг “Талст маргад”-тай хамт яг яаж авсныг тултал асуух байсан ч хөтлөгчид мэдээлэл дутаж үргэлжлүүлээгүй, бас Тавантолгойн 14-ийн нэг байсан түүхийг сөхсөнгүй.

Оносон асуултууд улс төрчдөд хүмүүжлийн ач холбогдолтой бөгөөд оносон сум шиг улс төрчийнх нь хувьд дуусгаж ч чадна. Хурааж цуглуулснаа идэж уугаад жаргаж сууна биз.

9 Responses to ““Гамбир”-дуулсан Молекул”

  1. sun2_sh@yahoo.com said

    ter chin manai surguuliin ah bhgui yu. Lodoi ahdaa amjilt

  2. nomin_IU said

    таны энэ нийтлэлийг zaluu.com ямар ч эх сурвалж дурдалгүйгээр үл барам өөрсдөө энд тэнд нь нэмээд
    гаргачихсан бна шүү. энэ линк нь http://bit.ly/ycMJgd. гарчиг нь адилхан бна лээ.
    интернетэд зохиогчийн эрхийг хөндөх асуудал их гардаг.
    та энэ талаар нэг нийтлэл бичээч

  3. ariuna said

    ene nevtryyleg tand taalagdsan l yum bol yagaad hotlogchiinh ni neriig medehgyi gej bgaa yum bee? Ooroo tom setgyylch bolohoor jijig setgyylchiin neriig helehees icheed bgaa yumuu

    • Oyunaa said

      за ингэх ямар ч шаардлага байхгүй ш, хэрэгтэй юмаа олоод л авсан бол болоо юм биш үү дээ

  4. Шавь минь овоо доо. Ч.Лодойсамбуу гээд залуу хөтөлдөг юм. Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллеж төгссөн залуу. Ажиглагчийн хараанд өрттөл нэвтрүүлэг хийж байгаа шавьдаа баяр хүргэе. /Сайн хүний нэрийг мянга худалдаж идэж болдог гэдэг. Сайн шавийн нэрээр өөрийгөө рекламдав/

  5. munkhuu said

    зарим нийтлэлийг нь сайтуудаас уншиж байсан ч өнөөдөр энэ блог руу орж үзлээ. Урд нь ажиглагч гэдэг нэртэй бишгүй таарч явахдаа яагаад ч юм улс төрийг л голдуу “ажигладаг” гэж бодож явж.

    Би гадаадад олон жил амьдарч байгаа болохоор монголын тэр олон телевизийн нэрийг нь сонссоноос цаашгүй, онлайнаар тавигдаж байгаа кинонуудын заримыг нь шинэ хуучин гэлтгүй үздэг хүн. Харин унших дуртай тул мэдээ мэдээллийн сайтуудыг бол өдөр болгон эргүүлддэг юм.

    Энэ блогоос монголын сэтгүүл зүй, телевизийнхний зарим сонирхолтой дүр төрхийг олж мэдлээ. Нэг талыг бариагүй, баримттай дүгнэлттэй, энгийн эвлэгхэн бичсэн нийтлэлчид талархья. Тэр дурьдсан нэвтрүүлгүүдийг үзсэн бол өөртэй чинь санал нэгдэнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна, даанч улс төрчдийн увайгүй яриа, худал хуурмаг магтаал, хов жив гүтгэлэг энэ тэрийг үздэг ч үгүй, оронд нь сайхан концерт үзсэн нь дээр гэж боддог. Танд амжилт хүсье

    • zochin said

      Tantai 100 huvi sanal niilj bna.
      Tserenjav guai tand amjilt husie. Mongoliin setguul zuig shuumjilj duugarch chadaj bgaa tsoriin gants hun ta shuu. Manai setguulchid ooroo oorsdiigoo magtaj hoorgohoos oor yu ch chadagguig end harin helie.Haramsaltai ni ted ene site-iig unshdag ch ugui biz dee

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: