АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for January, 2012

Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлгийн дараа

Posted by Бид on 2012/01/19

Өнгөрсөн оны 12-р сард “Улаанбаатар таймс” сонины (яг үнэндээ хэвлэх үйлдвэрийн хуучин байр, түүний газрын) хувьчлалын талаар “Детектив” нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсний дараа TV9 телевизийнхнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн дуудаж мэдүүлэг авсан талаар тус телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат, ерөнхий продюссер, Д.Төрмөнх, мөн өмгөөлөгч О.Баа­санхүү (бас МАХН-ын өмгөөлөгч гэдгийг мэднэ) нар Монго­лын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаар хүч нэмэгдүүлсэн хэвлэлийн хурал хийлээ.

Тэд их л томоос эхэлж ардчиллаас хойш 20 жил өнгөрөхөд Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрмөсөн алга болсныг Энхбат захирал зарлав. Санал нийлэхгүй байна. Асуудал байгаа нь үнэн, гэхдээ 10 жилийн өмнө буюу 2000 онд тус телевизийн одоогийн эзэн Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд болонгуутаа тэр үеийн хэвлэл мэдээлэлд давамгайлж байсан сонинуудад шалгалт оруулж зарим нэгийг хаалгасан, Монгол телевизийг аль 1999 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олон нийтийн болгохын оронд өөрийн засаглалын жилүүдэд бүрэн мэдэлдээ байлгаж Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар өөрийнхөө сэм хувьчилж авсан “Засгийн газрын мэдээ”/“Зууны мэдээ”-г мануулж үлдээгээд байсан Б.Ганболдыг, харин Монгол телевизийн захирлаар өөрийг нь томилсон,  бас эхнэрийнхээ удирддаг “Чөлөөт хэвлэл” сангийн нэрээр чөлөөт сонинуудыг жагсааж байгаад Ерөнхийлөгч Н.Багабандийг туулгасан тэр хэдэн жилийнхтэй зүйрлэхийн аргагүй дээрдсэнийг мэдэн будилжээ. Наад зах нь улс төрөөс арчигдах шахсан экс ерөнхийлөгч хүртэл өнөөдөр телевиз эзэмшээд тааваараа тооцоо бодож суугаа билээ.

Хуралд оролцогсод том ярьцгаасан хэрнээ TV9-ыг яг юуны төлөө буруутгасныг тодорхой хэлсэнгүй. Зөвхөн Д.Төрмөнхийн ярианаас, уг нэвтрүүлэгт “Улаанбаатар таймс”-ын хувьчлалтай холбогдуулан Н.Энхбаярыг өмөөрсөн, эсвэл Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Т.Билэгт, Л.Сэргэлэн тэргүүтэй олон хүмүүсийг буруутгаж илчилсний төлөө дуудаагүй, харин уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, хошууч Отгонжаргалын “нэр явж байсан учраас” гэж ойлгогдов. Хэрвээ тийм бол арай өөр хэрэг. Гэхдээ нэвтрүүлэгт тэр нэр яаж “явсныг” сийрүүлбэл, “… Хошууч Отгонжаргал нь Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн төрсөн дүү. Уг нь шударга байхыг хичээдэг мөрдөн байцаагч байсан. Тэгээд ч бөхийн холбооны Нямдорж ах нь “Манай удмынхан хэзээ ч хүнд муу юм хийж амь амьдралаа залгуулж байгаагүй. Чи ч гэсэн “Улаанбаатар таймс”-ын дуулиантай асуудлаар шударга л бай. Дээрээс чинь шахаад буруу юм хийлгэх гээд байвал наад ажлаасаа гар гэж хэлсэн гэдэг. Уг нь ухаантай хүнд сонсвол юм бодохоор л үг. Даанч Отгонжаргал нь ахынхаа үгэнд орохгүй, удмандаа хүний муу үзэж амьдрах гэж оролдож байгаа анхны хүн болов. Тэр дарга нарынхаа даалгаврыг биелүүлж буруугүй хүмүүсийг буруутгах гэж улайрна. Ямар сайндаа л Нямдорж сайд “До.Чулуунбаатар сэтгүүлч  хүний өмнөөс 2-3 сар шоронд суусан” гэхэв. Ийм илт хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн ажлыг хэн хийв? Ажлын хэсгийн ахлагч Отгонжаргал хошууч… Хамгийн инээдтэй бөгөөд харамсалтай нь үүрэг даалгавар өгсөн дарга нар нь “бууны нохой” болсон Отгонжаргал мэт, дунд доод шатны албан тушаалтныхаа араар гэмгүй царайлж нуугдана… Отгонжаргал яагаад ахынхаа ухаантай үгэнд орохгүй байгаа юм бэ? Өөрөө дарга нар нь хууль бус даалгавар өгч байгааг сайн мэдэж ойлгож байгаа шүү дээ. Энэ тухай шалгаж байгаа хүмүүст, өмгөөлөгч нар учирлан хэлсэн байдаг…”.

Зүгээр ч нэг “яваагүй” юм байна. Ажлаа хийж яваад удам судраараа дуудуулсан мөрдөн байцаагч Отгонжаргал Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан бололтой. Хамгийн гол нь ах нь дүүдээ юу гэж сургасныг, ер нь баахан хүний, тэр тусмаа албан тушаалтнуудын хоорондын яриаг тагнаж чагнаагүй л юм бол нэвтрүүлгийн зохиогчид хаанаас мэдэв?  Иймээс Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг  гэдэгт эргэлзэх юм алга. Жишээлбэл, түүний хэн нэгэнтэй хоёулхнаа юу ярьсныг Энхбаяраас өөр хэн ч хэлэхгүй. Үүнийгээ булзааруулах гэж дээрхэн үед Бямбын Ринчингийн хэлснээр “нэрээ нуугаачингуудын” аргыг хэрэглэж урт бичдэг нэгэн нийтлэлчид “сэтгэлээ онгойтол” ярьж томоос том өгүүлэл бичүүлээд “Боршувуу” нэртэй блог дээр тавиулж (дараа нь хулгайч сайтууд хуулж тавихыг хүлээж байгаад устгачихсан. Одоо бүгд л муу нэртэй “Бор шувуу”-г чичилсэн жигтэйхэн цэвэрхэн улсууд) түүнээсээ авч уншаад дүрсжүүлсэн нэвтрүүлэг байжээ.

Хурал дээр зарласан өөр нэг чухал мэдээлэл бол уг нэвтрүүлгийг хөтөлсөн залуу сэтгүүлч (Биндэрьяа гэсэн байх) цагдаад дуудагдсанаас болж “цочирдож, зүрх зориг нь мохож” цаашид энэ нэвтрүүлгийг хөтлөхгүй гэж өргөдлөө өгсөн гэнэ. Айсандаа бус, бусдын гар хөл болж явахаас цэрвэсэн биз. Энэ бол анх удаа сэтгүүлч өөрийн үзэл бодолд нийцэхгүй нэвтрүүлэг хийхээс татгалзсан хэрэг юм.

TV9-ийнхөн мөрдөн байцаагдсан талаараа “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийнэ, цаашид “Детектив” нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ, өмч хувьчлалын талаар “зөндөө нэвтрүүлэг бэлтгэж байгаа” гэж амалсан юм. Тэгээсэй. TV9 телевиз байгаль орчных шигээ эрэн сурвалжлагууд үзүүлэхийг тэсч ядан хүлээж байя. Гэхдээ энэ төлөвлөгөө Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал ба “Улаанбаатар таймс”-ын нэртэй байшингийн хувьчлал яаж шийдэгдэхээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалын бусад хулгай луйврыг энэ нэвтрүүлэг шиг илчлүүлэхийн тулд хошууч Отгонжаргал экс ерөнхийлөгчийн хэргийг үргэлжлүүлэх хэрэгтэй болжээ.

Нэвтрүүлгийн эх сурвалж болгосон тэр нийтлэлийг үнэхээр сайн бичсэнийг хэлэх хэрэгтэй. Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Л.Сэргэлэн нар үнэхээр муу хүмүүс, хулгайч, дарамтлагчид болохыг залхуугүй нотолжээ. Харин Н.Энхбаяр гэдэг гэгээнтний дандаа ойр дотнын хүмүүс энэ муухай юманд хутгалдсан нь тун сэжигтэй.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

Монголын “ТIME” ба америкийн “Космополитен”

Posted by Бид on 2012/01/15

Монгол, монголчууд дэлхийн тавцанд гарлаа гэсэн мэдээ үе үе дуулддаг. Саяхан Олон улсын  тогтмол хэвлэлийн холбоо (International Federation of the Periodical Press/Fédération Internationale de la Presse Périodique (FIPP) буюу Олон улсын сэтгүүлүүдийн холбоонд манай “Үндэстний ТОЙМ” сэтгүүл (BNCA ХХК) гишүүнээр элссэнийг тус байгууллагын Magazine World сэтгүүлд мэдээлжээ.

Одоо дэлхийн энд тэнд болдог сэтгүүл эрхлэн гаргагчдын хурал семинарт олон хэлийн төлөөлөгчидтэй зэрэгцэж суугаад хуралддаг болно. Тэр үеэр манай “ТОЙМ”, америкийн “ТАЙМ” хоёр тааралдаад ихрийнхээ өрөөснийг гэнэт олсон мэт  зогтусч болзошгүй юм. Сэтгүүлийн агуулгад гайхалтай тохирсон “тойм” хэмээх монгол үг бичлэг, дуудлага хоёроороо очиж очиж дэлхийн №1 сэтгүүлийн нэртэй захиалсан мэт таарсныг ашиглахгүй бол алдас болно. Ингээд үндэстний хэмээх бяцхан угтвартай “ТОЙМ” мэндэлсэн байх. Одоохондоо америкчууд TIME (шрифт), бас Red border design (улаан хүрээ) хоёрын барааны тэмдгээ “Тойм”-оос харамлаж барьсан сураг  дуулдаагүй. Дэлхий даяараа америк сэтгүүлийг дууриадаг тул тоохгүй.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл www.toimsetguul.mn сайтдаа өөрийгөө танилцуулж “… шар мэдээллээс ангид боловсрол танин мэдэхүйн чиглэлийг редакцынхаа гол бодлого болгон, уншигчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд нийгэм эдийн засаг, улс төрийн мэдээллийн үндэсний хэмжээний №1 сэтгүүл болохын төлөө ажиллаж байна” гэжээ. Үүнд залруулга хэрэгтэй, яагаад гэвэл анхнаасаа №1 байсан. Тэгээд ч түүнтэй өрсөлдөх долоо хоног тутмын мэдээллийн сэтгүүл (newsmagazine) Монголд огт байхгүй. Гэхдээ АНУ-д Time, Newsweek, US News & World Report гурав, Германд гэхэд Stern, Spiegel, Focus гурав үзэж тардагийг харгалзвал манайх хэдий жижиг зах зээл ч тун удалгүй өрсөлдөгчид өндийж мэднэ. Дэлхий даяар тогтмол хэвлэлийн хүндийн төв өдөр тутмын сониноос сэтгүүл рүү шилжих хандлагатай тул  яваандаа янз бүрийн нөхдүүд хошуурах магадлалтай.

“Үндэстний ТОЙМ”-ыг эрхлэн гаргадаг BNCA ХХК бол Бодь групын 50% -ын хөрөнгө оруулалттай хамтарсан компани бөгөөд уг сэтгүүлээс гадна baabar.mn сайтыг эрхэлдэг гэжээ. Анх хааяа нэг хэвлэгддэг сурталчилгааны маягийн сэтгүүл байснаа уржнан долоо хоног тутмын горимд шилжихдээ телевизийн хөтөлбөр нийтэлж 1000 төгрөгөөр зарагдан уншигчдаа татдаг байснаа удалгүй бяр амтлагдаж больсон төдийгүй дугаарын үнээ нэмж 2500 төгрөг болгосон юм. Өнөөдөр өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын баримт фактыг хоржоонтойгоор багцалж, өдөр тутмын сониныхоос хавьгүй сонирхолтой, зураг, график, схемтэй нийтлэлээр дүгнэж чадаж байна. Товчхондоо, монголын “ТАЙМ” гэдгийг сануулахад хангалттай. Хавтаснаасаа эхэлдэг cover story буюу дугаарын сэдвүүд янзтай. Санаж байгаагаас, “Мүүнтэй нөхцсөн Монгол”, “Бясалгал бол тэнэглэл биш”, “Би ямар тагтаа юм уу?”, “Бонустай залуу”, “Солонгосын бэр”, “1998 оны 10-р сарын 2. Зориг алагдав”, “20 дугаар тогтоол”. Би хувьдаа долоо хоног тутам худалдаж авдаг боловч уншиж бардаггүй. Гарчиглаад орхиход хайран санагддаг тул тэвхийтэл хураагаад байгаа. Харин оны зааг дээр гарсан New York Times-тай хамтарсан “Эргэлтийн цэг 2012” тусгай дугаар том хавтгайгаар хэвлэгдсэн тул сондгойроод, номын тавиур дээр багтахгүй байна.

 

Монгол гэдэг нэрийг дэлхийн сэтгүүлийн тавцанд дуудуулсан нөгөө жишээ бол 2010 оны 12-р сараас монгол хэл дээр гарч эхэлсэн Cosmopolitan юм. Америк гоо сайхан, амьдрал, хэрэглээг стандарт болгосон эмэгтэйчүүдийн гялгар америк сэтгүүлийн стандарт ямар байдгийг бид монголоор хардаг боллоо. Нэр (англиараа), шрифт, хэмжээ, өнгө, сэтгүүлийн дотоод бүтэц, нүүр булангууд, бичлэгийн загвар, мэдээж макет дизайн тэр чигээрээ стандарт. Сэтгүүлийн хавтаснаас хүний нүд хамгийн түрүүнд тусдаг яг тэр цэгт тавьсан секс гарчиг, хажууд нь европ царайтай хүүхнүүд, хааяа тэдэн шиг болтол “сайжирсан” монгол хүүхнүүд угтаж авдаг нь бас л цаанаас тогтоож өгсөн хатуу стандарт.

Америк хувилбарыг хуудас хуудсаар эргүүлэхэд хавтас, хавтасны дотор тал – реклам, дараачийн нүүр реклам, эргүүлээд реклам, дахиад реклам, эргүүлээд бас реклам … реклам, реклам, (сая нэг) гарчиг, реклам, реклам, ямар нэгэн нийтлэлийн эхлэл, дахин реклам хагас хуудас, нийтлэл хагас хуудас, реклам … Харин монгол хувилбар арай даруу: реклам, реклам, эрхлэгчийн мэндчилгээ, реклам, гарчиг, гарчиг, нийтлэл, реклам … Ямартай ч манай (яг үнэндээ Улаанбаатарын) зах зээлээс сар тутам, нийт 14 дугаар тасралтгүй хэвлэгдэн гарахад хүрэлцэхүйц реклам босгож чаджээ. Үнэтэй гутал хувцас, цүнх, гоо сайхны барааны реклам дүүрсэн (хаана ямар дэлгүүрт зарж байгааг жагсаасан лавлах хуудастай) сэтгүүлийг монгол хүүхнүүд дуртайяа худалдан авч (нэлээд хэдэн мянган хувь хэвлэгддэг гэж сонссон) амтанд нь орчихсон бол хаа газрын хүүхнүүдэд ялгаа алга…

Cosmopolitan-ийг Монголд хэдэн гайгүй сэтгүүлийг (гадаад сурталчилгааны “Mongolica”, “Изинис” компанийн нислэгийн Smart Way гэх мэт) эрхэлдэг “Ирмүүн Мальтимедиа” ХХК Hearst корпорацид санал тавьж гэрээ байгуулсны үр  үр дүнд тус сэтгүүлийн 61 дэх буюу монгол хувилбарыг гаргажээ. Сайт нь www.cosmopolitan.mn.

Бас нэг зүйл. Эхний дугаарыг Бээжинд хэвлүүлж авчирсан бол одоо зөвхөн Улаанбаатарт, “Улаанбаатар принт-д хэвлүүлдэг. Монголд дэлхийн түвшний сэтгүүлийг үйлдвэрлэж чаддаг болсон байна.

   

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

“Гадуур яригдаж байгаа …”

Posted by Бид on 2012/01/12

Өчигдрөөс хойш бүх хэвлэл мэдээллийн үндсэн сэдэв болоод байгаа Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга чухам юу хэлж шуугиулсныг үзэгчиддээ хүргээгүй мөртлөө МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр энэ орой дээрх шүүмжлэлийг няцаасан MCS-ийн мэдэгдлийг цаг алдалгүй нэвтрүүлсний оршил нь “Энержи ресурс” уул уурхайн компани Монгол Улсын Засгийн газарт тогтвортой байдлыг гэрээг байгуулахаар өргөн бариад байгаа. Энэ гэрээний талаар гадуур яригдаж байгаа мэдээллэлтэй холбогдуулан MCS болон “Энержи ресурс” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ” байв. Гадуур биш, дотуур, бүр Төрийн ордон дотроос тов тодорхой  ярьсныг яагаад ч юм хэлж зүрхэлсэнгүй. Араас нь “Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Батцэнгэл, MCS-ийн олон нийттэй харилцах албаны захирал Баяраа хоёрын яриаг үзүүлснийхээ дараа “энэ асуудал зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байгаа, өргөн баригдаагүй” гэж тайвшруулсаар төгсгөлөө.

Манайд ямар азаар олон телевиз байна аа. Хэрвээ ганцхан МҮОНТ байсан бол яана!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Юмтай хүмүүс

Posted by Бид on 2012/01/12

“Шинэ дэлхий” телевизийн мэдээллийн хөтөлбөр хоёр үдэш дараалан нэгэн эрхмээр нээгдэв. Өчигдөр ямар нэгэн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, МАН-ын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, сонин хэвлэлийн асуудал задгай байгаа учраас мэдээллийн эрх чөлөөний асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй, сониныг ХЗДХЯ, телевизийг болохоор ХХЗХ бүртгээд байна гэсэн битүү юм ярихыг (МАН өөрөө бүртгэх үү?) үзүүлсэн бол өнөөдөр Нийгмийн ардчилал МЗХ-ноос зохион байгуулсан хэлэлцүүлгээр эхэлж гол баатар нь тус арга хэмжээг задалж тайлбарласан Я.Содбаатар байв. Хэд хоногийн өмнө Засгийн газраас гарахаа зарласан нөгөө намыг аймшиггүйгээр муулсан мэдэгдэл уншаад байсан тус телевизийн эзэн ч юмтай хүн шиг аашилж байна аа.

Бас өчигдөр TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр “Ерөнхий сайд ба иргэн” уулзалтыг нэгд нэгэнгүй уянгалуулан сурвалжлах зуураа “энэ сайхан арга хэмжээг дуулиан шуугиангүй, дотно байлгахын тулд хэвлэл мэдээллийг бараг уриагүй” гэв. Уригдсан ганц нь Ерөнхий сайд дэргэд сууж харагдсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл хатагтайн эзэмшдэг TV5 өөрөө байсан хэрэг. Маргааш нь орой нь уулзалтыг дахиад бүтэн давтлаа.

Телевизүүд сонгуулийн горимд зугуухан шилжиж байна.

Posted in Шинэ дэлхий, TV5 телевиз | 1 Comment »

“Холимог хурал”

Posted by Бид on 2012/01/07

Олон төрөл жанрын хэвлэлийн хурал байна. Анх чухал арга хэмжээ, үйл явдлыг зарлах, онцгой мэдэгдэл хийхийн тулд сэтгүүлчдийг цуглуулдаг юм шиг байснаа сүүлдээ лекц унших, хичээл заах (гэхдээ дараачийн хуралд шахагдаад ганц цагаас хэтэрдэггүй нь сайхан), бас улс төрийн явдлыг зурагтаар үзээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулж, заримдаа хөнжилдөө хурхирч байгаа хоёр намыг сэртэл нь загнадаг хурал зөндөө болжээ. Амьдралаа хэнгэнэтэл хүүрнэх явдал ч гардаг. Нэг илтгэгч хамаг мөнгөө алдаж хоосорсноо (“одоо явган явж байна өө”) гэж гомдоллосон ч хурлын төлбөрөө дийлсэн л байгаа юм. Орой нь бүх телевизээр цацагдаж, маргааш өглөө бүх хэвлэлд бичигдэхэд сэтгэл онгойхгүй хаачихав. Эрдэнэчимэг гэж хүүхэн үе үе шүлэглэж бөөлдөгийг бүгд мэднэ. Ууланд гарч биш, хурал зарлаж байгаад! Тоосго шиг лаг номнуудаа урдаа хураачихаад өргөж гайхуулдаг Арго багш ойрд үзэгдээгүй. Борлуулж дууссан бол сайн хэрэг. Хэрэг түвэгт орооцолдсон этгээдийн сүүлчийн найдвар хэвлэлийн хурал ч тааралддаг.  Харин хүүхдийн тоглоомын талбай дээр газар ухаж барилга бариад эхэллээ, эсвэл Солонгос явж эмчлүүлэхэд 70 сая төгрөг хэрэгтэй гэж аврал эрсэн хурлыг шоолж таарахгүй.

Тэгвэл өчигдөр хэвлэлийн “холимог хурал” (хуурга биш хурал!) хэмээх цоо шинэ форматыг МҮОНРТ-ийн хэсэг дарга нар зохион бүтээлээ. Давхар, эсвэл хурал доторх хурал гэсэн ч болно.

Ийм учиртай. Сүүлийн хоёр жил шахам “Зэс эрдэнийн хувь” нэртэй хөдөлгөөний тэргүүн Д.Алтанхуяг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулан зэс гаргаж борлуулаад Орхон аймгийн иргэдэд хүртээх санаачлага гарган бужигнуулж яваа. Ноднин иргэдээс 1000,1000 төгрөгийг татаж компани байгуулсан ч үйлдвэрийн удирдлага, Төрийн өмчийн хорооныхон судлах хэрэгтэй, оросуудаас асууна гээд огт зөвшөөрөөгүй. Тэгтэл үйлдвэрийн хэдэн дарга нарын ивээлээр “Ачит-Ихт” нэртэй үл мэдэгдэх компани сэмээрхэн зөвшөөрөл авч үйлдвэрээ байгуулж эхэлсэн нь саяхан илчлэгджээ. Бухимдсан Алтанхуяг үүний учрыг олохоор хэдэн сар хөөцөлдөөд бараагүй тул Ерөнхий сайд С.Батболдод хандаж “… Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа төрийн мэдлийн МҮОНТелевизэд хандаад 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа боловч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар үндэслэлгүйгээр хүндрэл учруулж эхэлсэн бөгөөд учрыг тодруулвал энэ эрхэм хүн бас л таны Засгийн газрын томилгоотой, эрхэм Сугартай нэг нутаг ус, найз нөхөд юм байх. Үүний зэрэгцээ ажлын байрандаа архидаж найрлаж, бид түүнд нь саад болж уур хилэнг нь их хүргээд, бидний хүсэлтийг хүлээн авахгүй байх шиг байна” гэсэн үгтэй шаардлагаа танилцуулахаар өнгөрсөн Баасан гаригт Mongolnews-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад ярьж байтал гэнэтхэн МҮОНТ-ийн ерөнхий продюсер Ц.Лхагвадаш, программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, бас нэг дарга Ө.Нарангэрэл, мөн МҮОНР-ийн захирлаар мөнхөрсөн Б.Пүрэвдаш нар (ийм лут бүрэлдэхүүнтэй ирснийг бодоход Наранбаатар нь үүрэг өгчээ) ирж өөдөөс нь харж суугаад хариу ярьж эхэлснээр хэвлэлийн хурал дотор өөр нэг хэвлэлийн хурал үүсч сэтгүүлчдийг баахан алмайруулж хоёр тийш харайлгав.

Ч.Батцэнгэл Алтанхуягыг оны дараахан МҮОНРТ-ийн байранд очиж нэвтрүүлэг нэхэхдээ муудалцаж өөрийг нь боож унагасан бичлэг камерт үлдсэнийг сануулж “Танай хөдөлгөөн ямар хүнээр удирдуулж яваагаа хар” хэмээн ичээхэд цаадах нь мөчөөгөө өгөхгүй, тэгвэл МҮОНРТ-ийн дарга нар ажил дээрээ энэ бүрэлдхүүнээрээ архидаж байсныг нүдээрээ харсан тухайгаа хэлж оноо тэнцлээ.

Уг нь МҮОНТ-ийхэн Төрийн өмчийн хороонд хандаж нэвтрүүлэгт урьсан бичиг явуулснаа харуулсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Одоо энд тайлбар хийе. МҮОНТ-ийн амиа авч гардаг олон аргын нэг энэ байна. Ямар нэгэн эгзэгтэй асуудлыг боож унагахын тулд гэнэтхэн олон ургальчид хувирч нөгөө талтай барьцалдуулан гацаадаг. Заавал баахан дарга нарыг заавал телевиз дээрээ “жа” гэж цуглуулах (хов хоосон ярьцгаана л биз) ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Өрөөндөө пялхайж сууцгаахын оронд босож очоод эрэн сурвалжилж болохгүй юу? Хэрвээ энэхүү ноцтой асуудлын мөрөөр үнэхээр явья гэвэл тэр Алтанхуягтай (өөрөө ярилцлага өгөхийн түйс байж таарна), бас Төрийн өмчийн хороогоор дайрч Сугартай (заавал ярилцлага авна гээ сахихад зугтаад зугтаад хаачихав), дараа нь Эрдэнэтийг зүглэж Ганзориг захиралтай уулзаж бажгадуулаад, эцэст нь Эрдэнэт уулын тэр хэл амтай овоолгон дээр, тэр сэм үйлдвэрийн барилга дээр очоод зураглахад л бүх зүйл тодорно.

“Холимог хурлын” багийг тийш илгээх юмсан. Замдаа найрлаад сайхан явцгаана даа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хөнгөхөөн улс төржив

Posted by Бид on 2012/01/01

Бид 2011 оныг зурагт үзэж, 2012 оныг бас тэгэж угтлаа. Анзаарвал, заавал шинэ жилээр гэлтгүй нэртэй, нэргүй хүмүүс цугларч ууж идэнгээ пан гөрөхийг нэвтрүүлэг гэдэг болсон санагдав. Дунд ороод суучихсан мэт, уйдсангүй ээ. Он солигдсоны дараа шөнөжин сахиж суугаад ч хамаагүй заавал үздэг Х-ТҮЦ-ийн баярын хөтөлбөр энэ удаад “Өвлийн инээмсэглэл-2011” нэрээр UBS телевизээр гарав.

Театрын авъяастныг тодруулдаг To Be or Not To Be тэмцээнийг элэглэсэн нь үе үе элэг хөшөөсөн нэвтрүүлэг болжээ. Шинэ юм гэвэл “улс төржих” янз цухалзав. Аглуу (гавъяат жүжигчинЛ.Баттулга)-г хэлж байна. Нээрээ ч манай хошин шогийнхон тэнэгтсэн эр, аальгүй хүүхэн, хадам ээж, хазгар хөгшнөөр хэдий болтол зугаа гаргахав. Улс төрчийн ээлж дөхсөн байлтай.

Алиалагчийн хувцас өмсөж ирсэн эрхэм шууд л улс төр ярьж шалгаруулалтаас тэр дороо ус цацуулж хөөгдсөн ч хорооныхоо иргэдтэй мэндчилснээр барахгүй 2012 онд сонгуулиар хэнийг дугуйлахаа сайн бодохыг уриалж амжсан бол хойноос ирсэн Алла Пугачёва томчуудад хандсан гэмээр “Эй вы там наверху …” (үнэн хэрэгтээ тийм биш) дуугаа дуулав. Дараа нь үзүүлсэн “Алтыг нь аваад авдар нь үлдсэн Монгол” нэртэй модерн бүжгийн  тахийж  мурийсэн хөдөлгөөнүүд бүжигчин Аглуугийн шүүгчдэд тайлбарласнаар бол “уул усаа ухаж хонхойлгоод байна … нөхөн сэргээлтгүй газрууд ихэслээ … байгаль дэлхий нэг л шилгээнэ шүү … дэлхийн  зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ хэт өндөр байгаа”-г илэрхийлсэн гэнэ. Бас болоогүй, хоёрдугаар шатанд гараад хүний наймаа, хар тамхины наймаа мэтийг бүжиглэж үзүүлэхээ амаллаа. 

Энэ удаад Х-ТҮЦ-ийнхөн хөнгөхөн бөгөөд бүдэгхэн улс төржив. Дараагийн удаад арай тодруулж, нэр хаяг цухалзуулж элэглэвэл болох уу?

Posted in + ТЕЛЕВИЗ | 1 Comment »

Хаанахын шилдгүүд вэ?

Posted by Бид on 2012/01/01

Жилийн өмнө МҮОНРТ  санаачлан зарим арилжааны телевизийг өөртөө элсүүлэх, бас Монголд цорын ганц өргөн нэвтрүүлгийн радио  дээрээ FM-үүдийг нэмэх замаар Монголын радио, телевизийн академийг байгуулжээ. Нэгэнт академи тул саяын шинэ жилээр телевизүүдийн холбооны “Алтан шонхор-2011”-т оролцохгүйгээр томорч тусдаа “Болор үзэг” хэмээх тусдаа шагналыг бий болгосон юм. Одоо сэтгүүлчид үзгээр зөвхөн тэмдэглэж аваад жинхэнэ бүтээлээ keyboard-оор туурвидаг болсон ч яруу найргийн “Болор цом”-ыг санагдуулсан энэ шагналын  анхныхыг гардуулах ёслолын тухай нэвтрүүлгийг 12-р сарын 31-ны үдэш МҮОНТ  ба TV9 хоёр үзүүллээ. Радио, телевизийн академи хэрнээ хэвлэл мэдээллийн бүх төрлийг дүгнэж, ингэхийн тулд Хэвлэлийн хүрээлэн, Суваг, телевизүүдийн нэгдсэн холбоо, Сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, ФМ радиогийн нэгдсэн холбоог хамтран зохион байгуулагчаар оролцуулсан гэлээ.  

Оны телевизийн нэвтрүүлэгчээр МҮОНТ-ийн Ч.Ичинхорлоо, Оны гоц нийтлэлийн эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хэнтийн мэдээ” сонин, Оны радио дуу хоолойгоор “Гэр бүлийн радио 104.5”, Оны онцлох сэтгүүлээр “Uptown”, Оны фото зургаар “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаярын бүтээл, Оны онцгой сайтаар www.news.mn, Оны сэтгүүлчээр TV9-ийн Б.Отгон нарыг тодруулжээ. Нэр дэвшсэн материалуудыг үзээгүй ч миний хувьд Оюун-Эрдэнэ, news.mn, Отгон гурвын тухайд санал нийлж байна. Шагналуудыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, бас “Спирт бал бурам”, “Макс групп” зэрэг том компанийн захирлууд гардуулсан тухайд тайлбар хэрэггүй.

Яг долоо хоногийн өмнө болсон энэ арга хэмжээний талаархи мэдээ, сурвалжлагад дээрх 8 номинацийн дараа юу болсныг огт дурдаагүй нь хачирхалтай. Гол юм тэгэхэд эхэлжээ. Монголын радио, телевизийн академийн удирдлагууд (лав МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, энэ академийн ерөнхийлөгч, МҮОНТ-ийн захирал М.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш нар харагдсан) тайзнаа гарч нийт 10 сая төгрөгийн шагналын сантай хэмээсэн “Мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө” уралдааны шагналуудыг гардууллаа. 

Телевизийн мэргэжлийн сэтгүүл зүйн 1-р байранд МҮОНТ-ийн “Нийгмийн захиалга” цувралын “Орцны жижүүр ба хүүхэд”, 2-р байранд бас МҮОНТ-ийн “Тусгаар тогтнол, газар шороо” нэвтрүүлэг, харин 3-р байранд “Шинэ дэлхий” телевизийн “Нэг сэдвээр” нэвтрүүлэг орсон бол радиогийн төрлөөр 1-р байранд МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөр, 2-р байранд МҮОНР-ийн “Түмний  нэг” радио найруулал, 3-р байранд  МҮОНР-ийн “Хөгжлийн төлөө аж үйлдвэр” нэвтрүүлэг тус тус шалгарчээ. Хөөрхий FM-үүд  МҮОНР-той яаж ч өрсөлдөхөв. Ерөнхийдөө өөртөө зориулсан уралдаан болж таарлаа. МҮОНТ-ээр үзүүлсэн “Болор үзэг-2011” нэвтрүүлгийн энэ хэсэг ойлгомжгүй, мэргэжлийн бус байсан тул “Тусгал” нэвтрүүлэг түрүүлснийг  дараачийн ярианаас мэдэж авлаа. Тэгтэл Их Монгол FM 91,7 радио ямар нэгэн 3-р байр эзэлсэн (1,2-р байрууд хаачсан?), бас МҮОНР-ийн сэтгүүлч, доктор Л.Мөнхтөрийн “Ярьдаг сэтгүүл зүй буюу радио сэтгүүл зүй” шүүмж судлалаар 3-р байр эзэлсэн, эсвэл түрүүлсэн ч юм шиг магтсаар дуусгав. Шинэ оны анхны “Цагийн хүрд”-ээс ч тодорхой болсонгүй.

Санал нийлэхгүй, тохиролцохгүй болохоороо, заримдаа үнэхээр илүү шударга, сайныг гаргаж ирэхийн тулд, бас бушуухан хүртэхийн тулд хэсэг бүлгээрээ салж нэгдэн тус тусдаа шалгаруулсаар байгаад хэвлэл мэдээлэлд бусад бүх салбарын нэгэн адил шагнал, өргөмжлөл маш олон болжээ. Энэ удаад ч гэсэн шагналыг хувааж авахгүй гэж ярьсаар сайхан хувааж авцгаалаа. Нэгэнт олон юм бол хэн, хаанаас тодруулсан шилдэг, тэргүүн, манлай, оны… болохыг заавал хамт хэлж сурахаас өөр аргагүй. Мэргэжлийн боксын дэлхийн аваргууд энд тэндээс зэрэгцээд тодордог, хэн хамгийн мундаг нь ойлгогддоггүй, учрыг лавлахад IBF, WBC, WBA, WBO нэртэй өөр өөр холбооны рейтингээр гарч ирсэн байдаг.

Урьд жилүүдэд Монголын сонины холбоо шилдэг телевиз энэ тэр гээд шалгаруулж ирснийг санаж байна. Хэвлэлийн хүрээлэн цагаан сараар бас тэгэх байх. Дөнгөж өчигдөр “Хэвлэл мэдээллийн салбарын 2011 оны онцлох хүн”-ээр BTV телевизийн гүйцэтгэх захирал Г.Баянжаргалыг зарлав. Ямар ид шидээр онцгойрсныг гайхахын оронд МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал” хэмээх Монголын залуучуудын холбооны “Алтан сарнай” наадмын шагнал гэдгийг хэлчихэд бүх юм байрандаа очно. Ирэх УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдтэй цуврал ярилцлага хийгээд байгаагийн учир ч тайлагдана. 2000 оны “Зууны манлай”-нууд бол манай “Зууны шуудан” сонин, харин “Мянганы хүн Чингэс” бол “Нью-Йорк таймс” сониных бөгөөд сүүлдээ эх сурвалж мартагдсан нь эхний тохиолдолд цагаа олсон сайн пиар, дараачийнханд монголчууд бидэнд таалагдсан учраас тэр юм.   

Манайд Чингэсийн одон хоёр байдаг ч нэг нь төрийнх, нөгөө нь АН-ынх гээд хэлчихэд хоёр “Чингэстэн”-ий хэн нь том болохоо булаалдахгүй.

Юу хэлснээс хэн хэлсэн нь дутуугүй чухал гэж үнэн шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »