АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for December, 2011

Арилжааны телевизүүдийн “Алтан шонхор-2011”

Posted by Бид on 2011/12/31

Өчигдөр орой “Алтан шонхор-2011” ёслолын ажиллагаа болж МҮОНТ, бас  TV9-өөс бусад бараг бүх сувгаар нэгэн зэрэг шууд дамжуулав. Дэлхий дээр өөр хаана ч ингэж телевизүүд нийлж үзэгчдээ хавсайддаггүй байх гэж бодлоо.

Шилдэг орон нутгийн телевизээр Дархан-Уул аймгийн DBS, шилдэг олон ангит киногоор SBN телевизийн “Гэр”, шилдэг баримтат киногоор НТВ телевизийн “Өвгөн ганц мод”, шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр “Ийгл ньюс”, шилдэг нийгэм, эдийн засгийн хөтөлбөрөөр BTV-ийн “Бизнесийн давалгаа”, шилдэг төслөөр “25-р суваг”-ийн “Making the Band”, шилдэг сэтгүүлчээр “Ийгл” телевизийн М.Батдорж нарыг, эдгээрээс гадна шилдэг цэнгээнт нэвтрүүлэг, шилдэг зураглаач, шилдэг тайз засалт, шилдэг инженер, шилдэг хөгжмийн хөтөлбөр, шилдэг танин мэдэхгүйн нэвтрүүлэг, шилдэг хүүхдийн нэвтрүүлэг, шилдэг график дизайнер гээд нийт 18 ангиллаар тодруулах шиг боллоо. 

Тал талаасаа нэр дэвшүүлсэн, гэхдээ МҮОНТ оролцохгүй пээдийсэн тул зөвхөн арилжааны телевизүүдийн шилдгүүд гэвэл зохилтой. Ер нь монголын телевизүүдийн дуу хөгжим, цэнгээний нэвтрүүлгүүд хэзээнээс дажгүй. Америкийн шоу нэвтрүүлгийг орчуулаад гаргахад ялгарч сүйд болдоггүй. Сүүлийн үеийн цугларч суугаад найрлаж чалчсан нэвтрүүлгүүд тун зугаатай. Телевизийн зарим реклам сурталчилгаа, дизайн чимэглэл гайхалтай сайн болдог. Даанч нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгүүд гээд сэтгүүл зүй рүү дөхөхийн хэрээр муудчихдаг.  Иймээс МҮОНТ оролцоод ч энэ ангилал дээрдэхгүй. Цаашилбал, олигтой анализ, эрэн сурвалжлага телевизүүдэд үгүй учраас тийм номинаци байгаад ч нэмэргүй. Уул уурхай байгаль орчныг сөнөөж байгаа тухай TV9-ийн хэдэн нэвтрүүлгээс өөр нэр дэвшихгүй. Хэрвээ телевизүүд сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэж чаддагсан бол шилдгүүдийг энэ удаагийнх шиг Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Бямбацогт, Ч.Сайханбилэг, Ж.Батсуурь, Батж.Батбаяр, З.Алтай, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дээрээс нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл гээд дан томчууд ирж зарлаж гардуулахаас ичмээр, эрхэм гишүүд гэхэд 2012 оны гишүүний 3 тэрбум төгрөгөө хаана нууснаа илчлүүлээд зугатаах байсан. (Эсвэл ичихгүй хүрч ирээд гардуулж зогсох байв уу?) 

“Алтан шонхор-2011” ёслолын үеэр ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “Өнгөрсөн хугацаанд бид 220 сэтгүүлчийг орон  сууцтай болголоо. Сэтгүүлчдийн үндсэн цалин бага мөртлөө нэмэлт орлого их, түүнийг нь тодорхойлох аргагүй байсан хэдий ч тэдэнд хамгийн урт хугацаатай, хамгийн бага хүүтэйгээр зээл олгосон” гэж сайрхлаа. Манайд орон сууцны ипотекийн зээлийн асуудал хууль, дүрмээр биш Алдаржавхлан гэдэг даргын сайн дураар шийдэгддэг юм байна.  Орон сууцны зээлийн эх үүсвэр хэмжээ хязгаартай байж таарна, түүнд оочирлосон хүмүүсээс 220 нь сэтгүүлч нэрээр оочир дайрахад өөр 220 хүн тэгэж чадаагүй гэсэн үг. Орон сууц, санхүүжилтын корпораци, ипотекийн зээлийн наад цаадахыг телевизүүд сөхдөггүй нь ийм учиртай байж. Одоо сонинууддаа л найдья.

Posted in + ТЕЛЕВИЗ | 2 Comments »

“Кёкүшюзаны 10000” шийдэгдэв

Posted by Бид on 2011/12/27

NBS телевизийн “Блиц” ярилцлагад УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр оролцлоо. Миний хувьд чих тавьж сонирхсон цорын ганц зүйл бол 2008 онд УИХ-д сонгогдохын тулд Сонгинохайрхан дүүргээс 10000 залууг Япон руу саадгүй явуулж ажиллуулна, хэлэлцээр хийчихсэн гэж амлаад хошгируулснаа юугаар тайлбарлах.  Төдөлгүй нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Л.Пүрэвням энэ асуултыг тавих нь тэр. 

Кёкүшюзан юу гэж хариулсныг та зүүдлэх ч үгүй. Яг явуулах гэсэн чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвх цацагдсаны улмаас монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон, муусайн хятадууд хүртэл хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай монголчууд очвол хордоод эрүүл мэндээ алдаж нөхөн төлбөр нэхэгдэж болзошгүй гэлээ. Ингээд Кёкүшюзаны сонгуулийн амлалт биелээгүйд Фукушимагийн АЦС (нарийсгавал усанд автсан хөргөлтийн систем, бүр цааш хөөвөл цунами) төдийгүй сайхан сэтгэл гаргаж явуулаад байхад сүүлд нь нөхөн төлбөр нэхэж магадгүй сонгинохайрханчууд (бусдыг манай дүүрэг биш гээд амыг нь хаачихна) өөрсдөө буруутай болж “Японд 10000 хүн явуулна” хэмээх энэ тоглоом төгслөө.         

Тэгвэл цацрагт хордоогүй Японы бусад нутагт явуулаач гэж сэтгүүлч асуугаагүй. Нэмэргүй биз. Ирэх сонгуульд саналаа өгсний маргааш өглөө нисгэнэ гээд 10000 тийз захиалсан тухайгаа сийхгүй ярьж мэднэ.

Posted in Улс төр, эдийн засаг, NBS | Leave a Comment »

Экс Ерөнхийлөгчийн ярьж өгсөн нэвтрүүлэг

Posted by Бид on 2011/12/19

“Загалмайлсан эцэг” киноны хөгжмийг утга төгөлдөр эгшиглүүлж наагуур нь “Улаанбаатар таймс” сонины нэрийг чангаар дуудан хэлхсэн “Детектив” нэртэй нэвтрүүлэг TV9 телевизээр Бямба гаригийн үдэш гарлаа.

Ихэнхдээ нэлээд эрт дэгдсэн мэдээлэл,  таамаглал, асуултууд хэдий ч зарим шинэ баримтуудыг цухуйлгасан нь тун сонирхолтой байв. Тогтоож авсан хэдийг дурдвал:

– Ерөнхий прокурорт нэр дэвшигч хуулийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг Д.Дорлигжав хангаагүй мөртлөө хувийн “Билэг” дээд сургуульд 10 жил багшилсан гэсэн бичиг хийлгэж авчээ. Хэрвээ үнэхээр багшилсан бол авсан цалин, төлсөн татвар, нийгмийн даатгалын баримт байх ёстой … Д.Гансүх [ЗТБХБ-ын дэд сайд]: Саруулбуян намайг дуудаад хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн мөртлөө хувь нийлүүлэгчээр оруулсан байсныг хожим мэдсэн гэжээ… Ц.Дашдорж [УИХ-ын гишүүн]: Би хувьчлал эхэлж байсныг нь мэднэ. Согоосүрэн [эхнэр нь] хөрөнгө оруулсан байх… Удалгүй Н.Энхбаяр Ерөнхий сайд С.Батболдтой уулзахад С.Батболд “Нямдорж миний үгэнд орохгүй байна. Нямдорж, Дорлигжав хоёр цаагуураа тохироод байна” гэх мэтээр өөрсдөөсөө зайлуулж байжээ… Өөрийнхөө бууны нохой болох Дагиймааг Ганц худаг руу явуулж Чулуунбаатараас үг алдуулах гэж оролдсон… Г.Мөнхбаяр тэргүүтэй нийслэлийн удирдлага “Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг 2011 оны 5-р сард хүчингүй болгож нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгийг Сэргэлэнд хууль бусаар гаргаж өгчээ… Н.Энхбаяр Ж.Бямбадоржийг дуудаж уулзаад, цаад Нямдорж чинь галзуурчихаж. Чи хэлэх ёстой гэсний дагуу Бямбадорж Нямдоржтой уулзсан тухайгаа ярихдаа, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болмогцоо АТГ-ын дарга Сангарагчаад Н.Энхбаярыг ямар ч хамаагүй аргаар хэрэгтэн болго гэсэн үүрэг өгсөн юм байна гэжээ… Н.Энхбаяр ерөнхий прокурор Дорлигжавтай утсаар ярьж тохироод уулзахаар очиход цаадах нь завгүй, дараа өөрөө залгаад уулзая гээд зугатсан … Мөрдөн байцаах газрын хошууч Отгонжаргалд Үндэсний бөхийн холбооны Нямдорж ах нь миний дүү шударга байгаарай гэж хэлсээр байтал удмандаа муу юм хийж байгаа анхны хүн боллоо… 

Сайтар анзаарвал экс ерөнхийлөгч Н.Энхбаяр янз бүрийн хүмүүстэй хоёулхнаа уулзах юмуу утасдалцахдаа яг юу ярьсныг үг үсэггүй дэлгэжээ. Гарцаагүй Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг байна. Уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Биндэръяаг 24 цаг дагуулж шогшуулаагүй, бас утасныхаа яриаг чагнуулаагүй бол шүү. Иймээс “Бид энэ нэвтрүүлгийг сонин хэвлэл, сайтуудын мэдээлэл, таамаглалд тулгуурлаж бэлтгэлээ” хэмээн байн байн давтсан нь Энхбаяраас зайлуулах оролдлого байж. Сүүлдээ “энэ муу нурсан байшингуудын оронд  том том хэрэг явдлуудыг шалгая гэж монголын ард түмэн хүсч байна”, “”Улаанбаатар таймс” сонины хувьчлал хамгийн шударга болсон” гэх мэтээр сөрөг довтолгоонд орж тэр барилгыг Н.Энхбаярт буцаагаад аваад өгчих шахав.

Нэвтрүүлгийн төгсгөлд нь “TV9 телевиз мафийн бүлгийг илчлэхийг оролдлоо. Өөр телевиз ингэж илчлэхгүй байна. Одоо биднийг дайрах байх. Бид цаашаа өшөө олон булхай луйврийн талаар нэвтрүүлэг хийнэ” гэж амаллаа.

Маш зөв. Хийх хэрэгтэй. Чөлөөт хэвлэл мэдээлэл ийм байх учиртай. TV9-ын залуучууд уул уурхай, байгаль орчны асуудлаар хурц нэвтрүүлгүүдийг бэлтгэж чаддаг. Гагцхүү өөр хоорондоо үзэлцэж байгаа тэр мафиудын нэгний өмнөөс нөгөөтэй байлдаж гардаг нь жаахан харамсалтай. Бас эрсдэлтэй. Сүүлийн саруудад “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлаар Н.Энхбаярыг хамгаалсан  TV9-ын  сэтгүүлч залуучууд эзнийхээ санах ойд save-лэгдэж буйгаа мартаж болохгүй. Цааш үргэлж Энхбаярын талд явахгүй бол, хэнд юуг ярьж өгөхөд тоть шиг давтаж нэвтрүүлэг хийснийг нэгэн сайхан өдөр нэр устайгаар сануулж, бэст бөгс долоогчдын (хэвлэлийн хурал дээр өөрийнх нь хэлсэн нэр томъёо)-хоо жагсаалтанд нэмээд зарлаж орхино шүү! Хоёулхнаа шивнэлдсэн яриануудыг хоёр сая хүнд сийхгүй дэлгэхийг харав уу?

Үүнээс хойш TV9 телевиз сэтгүүлчдээ хэрхэн ашиглаж байгааг анхааралтай ажиглая.

Posted in TV9 телевиз | 1 Comment »

Удирдах зөвлөлүүдэд дарга олдохгүй, Чилаажавыг л залж байна

Posted by Бид on 2011/12/19

Сэтгүүлчдийн их хурлын урьд өдөр  Хэвлэлийн хүрээлэн гэжтөрийн бус статустай газрын  удирдах дээд Ерөнхий чуулган болжээ.  Тэгээд 13 хүнтэй удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дахиад л МОНЦАМЭ агентлагын ерөнхий захирал Т.Баасансүрэн, “Түгээмэл” дээд сургуулийн захирал Ү.Хүрэлбаатар, МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгийн дарга Ц.Лхагвадаш, “Улаанбаатар” радиогийн захирал У.Булган, “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн, “Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Отгонбаяр, МҮОНРТ-ийн программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, ЕTV-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр нарын дарга, захирлуудаар дүүргээд ханалгүй Үндэсний номын сангийн захирал, Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга,  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавыг тавьжээ. Ёстой нөгөө “ганган хүнд гархи нэмэр” болсон байна. Би олон давхар албан тушаал, элдэв сонгуультай учраас амжихгүй гэх мэтээр татгалзаж сүйд болох байтугай дуртай байсан гэлцэнэ.

Зохиолчдын эвлэлийг би сайн мэдэхгүй, байшинтай учраас түрээслээд сууж л байдаг биз. Харин өөрийнх нь нэг удаа хэлснээр, Үндэсний номын сангийн  түүхэн барилга муудаж хоёр жигүүр нь олон сая номын хүндэд дарагдан доошоо сууж нурахдаа тулсан байгаа. Гэтэл нэгэн этгээд хууль зөрчин яг тэр  хананд тулган эхлээд газар ухаж эхлэхэд ч, өндөр барилгыг зунжин, намаржин босгож байхад ганц үг ч ганхийгээгүй. Аймхайгийх биз. Бас түүний Үндэсний зөвлөлийг нь толгойлж байгаа МҮОНРТ төр, засгийн өвөрт шигдсээр байхад таг дуугүй 5-6 жилийг баржээ.  Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг уншиж үзсэн юм болов уу?  Сүүлдээ юу хийдэг нь үл мэдэгдэх, бүрэн хаалттай Үндэсний зөвлөлийг нааш цааш аялуулсаар гартаа оруулж МҮОНРТ-ийг хяналтгүй эзэмшиж суугаа хэсэг нөхөд Хэвлэлийн хүрээлэн мэт дэл сул байгууллагын удирдлагад өөрсдөө шургалж, бас шургалуулж тал засдаг  болсон байна.

P.S:  Маргааш нь МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболдыг сэтгүүлчдийн байгууллагын Ерөнхийлөгч болгохоор яаж зүтгэснийг бүгд сайн харж авлаа.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 1 Comment »

“Хэвлэл мэдээллийн эздийн амьдрах эрх”

Posted by Бид on 2011/12/18

12-р сарын 10-ны Бямба гаригийн өглөө 400 гаруй төлөөлөгчтэйгээр нийслэлийн Хүүхэд, залуучуудын ордонд эхэлсэн Монголын сэтгүүлчдийн 15-р их хурал хэдэн удаагийн сунжирсан завсарлага, хүлээлттэйгээр нийт хорин хэдэн цаг үргэлжилсэн юм. Шөнө дундаас хойш сонгууль явуулж санал хураахад төлөөлөгчдийн арайхийж тэн хагас оролцсон бол Ням гаригийн өглөөний долоон цагаас хойхно тооллогын дүнг зарлах мөчид зуугаад төлөөлөгч баатарлагаартэсч үлдсэн байлаа. Урьд үдэш нь Баасан ах, эгчийн нэрээр хэтрүүлж хүртээд (арай ч хурлын өглөө биш байх) баргардуу ирсэн нэлээд хэдэн төлөөлөгч хуралдаа хэт дайчин оролцож хөгжөөсөн, зарим нь энэ хооронд шараа тайлж бүр цоо эрүүл болоод зогсохгүй орой тийшээгээ буцаад манарч амжсан тийм урт хурал болов.

Сонин хачин яахав, юу өөрчлөгдөв? Хоёр том шинэчлэл явагдлаа. Нэгдүгээрт, МСНЭ-ийг МСЭ болгосон (бүхэл бүтэн үсэг авч хаяна гэдэг тоглоом биш!), хоёрдугаарт,  тэргүүн дэд ба дэд ерөнхийлөгч гэсэн хоёр даргыг шинээр нэмлээ. Тэгээд гүйцээ. Сэтгүүлчдийг дарга нар нь төлөөлдөг социализмын үеийн байгууллагын загвар, бас зарчмыг ардчиллын 21 дэх жилд дахин хэвээр үлдээв. Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Суваг телевизүүдийн холбоо, Монголын радиогийн нэгдсэн холбоо, Сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын чөлөөт сонинуудын холбоо, Нийслэлийн сонины холбоо, Радио, телевизийн академи, бас МҮОНРТ, МОНЦАМЭ, өдөр тутмын том сонин, телевизүүдийг төлөөлсөн дарга, захирлууд хурлыг зохион байгуулж, удирдаж, нэр дэвшиж, тэгээд сонгогдлоо. Сэтгүүлчдийн бус, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвлэл!

Өөртөө шаардлага тавих тэнэг дарга мэдээж үгүй. Иймээс МСЭ сэтгүүлчдийн эрх ашиг, ажлын байр, цалин хөлсийг нэхэхгүй. Дүрмэндээ үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай гэсэн ганц өгүүлбэр оруулсан хэрнээ сэжиглэсэн мэт өөрөөсөө зайлуулж тусдаа ҮЭ байгуулан дэмжих тухай дурдаад өнгөрөв. Редакцийн бие даасан байдал, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг, төр засаг, компаниуд хэвлэл мэдээллийг эрхэндээ оруулдаг “хамтран ажиллах гэрээ” гээд эгзэгтэй асуудлуудыг хэвээр үлдээнэ. Оронд нь дөрөвдэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө, хууль тогтоомж, мэдлэг боловсрол гэх мэтээр тэртээ дээгүүр ярьж дараачийн хэдэн жилийг өнгөрөөнө. Бас Монгол Улсыг хэвлэлийн бүтэн эрх чөлөөтэй болгохоор хөөцөлдөх юм гэсэн. Сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг ээлжит удаагаа баталсан ч хурал болгоноор давтаад тас мартдаг хоосон өгүүлбэрүүд учраас хэлэлцэх ч юм байсангүй.

Сэтгүүлчдэд эрх чөлөөг нь олгохгүй юм байна. Одоо жинхэнэ сэтгүүлчдийн байгууллага хэрэгтэй гэсэн хүмүүс МСЭ-ийг хаяж өрх тусгаарлавал би лав гайхахгүй. Уг нь саяын их хурлаар нэг шаанс байсан. Тэр бол нэг гар, хөл нь улс төрд дүрээстэй явдаг, ажил олгодог, цалин өгдөг, бас өгдөггүй, тэгээд сэтгүүлчдээ зардаг эздийг биш, жирийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг удирдлагад сонгох. Дүрмийн шинэ төсөлд ийм заалт оруулахыг хоёр ч сэтгүүлч шаардахад МОНЦАМЭ-ийн ерөнхий захирал Т.Баасансүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар хоёр хурлын тэргүүлэгчээр суугаагаа ашиглан ээлж дараалан эсэргүүцэж гарав.

Т.Баасансүрэн:

– Хувийн мэдээллийн хэрэгслийн эзэн Ерөнхийлөгч байж болохгүй гэсэн санал бол Үндсэн хуулинд байдаг хүний эрхийг зөрчиж байна.  Хуулийн дагуу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон юм бол сэтгүүлчдийнхээ байгууллагыг тэргүүлж яагаад болохгүй гэж…

М.Наранбаатар:

– Бүх сонин, бүх телевиз бүгдээрээ хэн нэгэн хүний харьяат байгаа. Тэгэхлээр сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч хэн болох юм бэ! УИХ-ын гишүүн болох юм уу? Бид хэн нэгэн хүнийг сонгож л таарна. Заавал эзэн байх ёсгүй гэх нь утгагүй…

Т.Баасансүрэн:

– Өнөөдөр манай сэтгүүлчдийн жаахан авъяастай, гайгүй гэсэн нь хувьдаа сонин телевизтэй байгааш дээ. Тэгээд сэтгүүлчдийн ерөнхийлөгчөөр ямар хүнээ сонгох юм бэ? Тэр хүн ерөнхийлөгч болчих юм бол хувийнхаа телевизийг өөр хүнд өгч болно.

М.Наранбаатар:

– Бид тэдний бизнес эрхлэх эрх, тэр байтугай амьдрах эрхийг зөрчих гээд байна ш дээ. Сонгох сонгогдох эрх нь хүртэл зөрчигдөж байна.

Тайлбар хэрэггүй биз. Харин МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч (хэвээрээ юу?) Ц.Дашдондов “Ажил авах, ажлаас халах эрх бүхий хүн сэтгүүлчдийн байгууллагын удирдлагад байж таарахгүй ээ. Олон улсын зарчим тэр. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн далд мөлжлөгө яваад байна. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна. Нарийн ярих юм бол ажлын бус цагаар ажиллавал яахав, өөрийн унаагаар сурвалжлага хийвэл яахав гэдгийг гэрээнд тусгадаг, эзэдтэйгээ ярьдаг байх ёстой” гэсэн бол сэтгүүлч Б.Цэрэн-Очир “Тэргүүлэгчид та нар хувийн эздийг оруулж ирэх гээд байгаа юм уу?” хэмээн сандаргаж санал хураалгахыг дахин дахин шаардахад М.Наранбаатар “За тэгвэл энэ асуудлаар санал хураах уу гэдэг дээр санал авах хураах уу, яахав?” (УИХ-ын дарга ч түүнээс суралцмаар!) гэхчлэн мэдэн будилж чангаах зуур сөхөө авсан бололтой нөхдүүдийн “Эздийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна”, “Өнөөдөр Монгол улсад ашиг сонирхлын зөрчлийн хууль хараахан гараагүй учраас эздийг сонгож болно” гэсэн ухуулга эхэллээ. Энэ асуудлаар санал хураалт ил байсан төдийгүй дарга нар нь хараад сууж байхад сэтгүүлчид дагалгүй хаачихав.

Дарга даргадаа хайртай юм байна. Хоёр тэргүүлэгч хэвлэл мэдээллийн эздийн амьдрах эрхийн төлөө ингэж нэр нүүрээ барж тэмцсэний цаад учир оройхон бүрэн тодорхой болсон юм. Өглөө хурал эхлэхэд л МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр “Зууны шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд, дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины хэлтсийн дарга Д.Заяабат гурвыг тавихаар өчигдөр орой тохиролцсон тухай битүү яриа дэгдчихээд байсан. Халамцуу нөхдийн үгийг би тухайн үедээ тоогоогүй ч оройхон нэр дэвшүүлэх тухай зарлаж хамгийн түрүүнд МУИС-ын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор М.Зулькафиль босч “Зууны шуудан” сонины …” гэж дуугарах тэр мөчид сая эргэлзээ тайлагдаж билээ.

МСН-ийн Ерөнхийлөгчид Б.Ганболдоос гадна Б.Галаарид, С.Наранбаатар нар нэр дэвшиж сэтгүүлч, зохиолч, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал Б.Галаарид сонгогдсоныг сонинууд зөндөө бичсэн тул нуршихгүй. Харин “эздийн амьдрах эрх” (ингэж нэрлэе) төлөвлөгөөний нэгдүгээр заалт яагаад бүтэлгүйтсэнийг шөнийн 01-02 цаг хүртэл үлдэж саналаа өгсөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг судалж амжаагүй учраас хэлэх таамаг алга. Эргээд санахад ахмадууд ядарч, оройтолгүй харьцгаасан. Бас зарим нь МСНЭ-ийг,  удирдлагыг маш хурцаар шүүмжилсэн, гэхдээ ихэнх нь дарга нарынхаа дэргэд хүндэтгэлтэйгээр амаа хамхиж суусан залуу сэтгүүлчид тэгэсхийгээд явцгаасан. Үлдсэн ганц хоёрыг нь “чиний биологийн нас хамаагүй… чи муу мэдээ бичиж чадахгүй байж“ гэхчлэн толгой түрүүгүй загнах юм. Харин саналын хуудасны тооллого тайзан дээр ил тод, будлиангүй харагдсан.

Сэтгүүлчдийн хуралд төрд алба хашдаг нөхдүүд, бас төрийн яам, агентлагийн хэвлэл мэдээллийн албаныхан нэлээд олон суулаа.  Тэдний нэг, Улаанбаатар хотын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр босч нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд сэтгүүлчдийн ордон барих газар олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээг дуулгахад төлөөлөгчид алга нижигнүүлэв. Амьдрал хайр дээр шиг, МСЭ өөрийн газар дээр тогтох болж байна. “Эздийн амьдрах эрх” төлөвлөгөө үүнтэй холбоотой ч байж мэдэх. Харин араас нь Т.Баасансүрэнгийн “Нээрээ газар өгсөн, барилга барих компани ч тодорхой болсон”, мөн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Заяабатын “Би энэ газрыг авч өгсөн” гэсэн мэдэгдлүүд энэ бэлгийн талаар бяцхан эрэгцүүлэхэд хүргэлээ.

Сэтгүүлчдийн эвлэлд газар хэрэггүй, МСЭ-ийг атгасан тэр байгууллагууд санхүүжүүлээд, эсвэл гишүүдийн татвар , бусад орлогоороо тохирсон байр түрээсэлж аваад явбал дээр гэж хэлбэл сэтгүүлчид (үнэн хэрэгтээ дарга нар нь) намайг бариад идчих биз. Иймээс аливаа байгууллага газартай, тэндээ байр савтай байвал зүгээр гэж хэлэхээс.

Гэхдээ огт мөнгөгүй, саяын хурлаар саналын хуудсаа ч хэвлээд гаргачих компьютер, принтергүй 4-5 цаг хүлээлгэсэн байгууллагад олон тэрбумын газар бэлэглэнэ гэдэг гайхалтай. Нийслэлд газрыг зөвхөн дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалт нэрээр олгох дүрэмтэй. Хэзээ дуудсан, эсвэл шалгаруулсан бэ? Хэрвээ сэтгүүлчид (үнэндээ сэтгүүлчдийн нэрээр МСЭ) тэр газрыг авбал Улаанбаатар хотын хаалттай, өрсөлдөөнгүй газар олголтын булхайг хүлээн зөвшөөрсөн төдийгүй оролцсон хэрэг бус уу? “Тодорхой болсон” тэр компани МСНЭ-ийн нэрээр газар авч 10, 20 давхар барилга бариад ганц нэг давхрыг нь өгөхөөр тохирсон операци ч байж мэдэх. Хамгийн ноцтой нь долдугаар хорооллын тэр газраас оршин суугчдыг “хөөж” дуусаагүй, иргэд ч газраа өгөхгүй тэмцэлдсээр өдий хүрсэн. Одоо “сэтгүүлчдийн газраас нүү!” гээд дайрах уу? Бас ирэх хавар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр эндээс УИХ-д нэр дэвшиж энэ үеэр сэтгүүлчдийн ордны барилгын шав тавьж ч магадгүй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 1 Comment »

Сэтгүүлчдийн жилийн чуулган

Posted by Бид on 2011/12/06

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хурал Монголын сэтгүүлчдийн 14-р их хурал нэрийн дор 12-р сарын 10-ны Бямба гаригт болохыг зарлалаа.

2001 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) хоёрыг барилга байшин зэрэг хэдэн том юмаар наймаацан нийлүүлж МСНЭ-ийг байгуулснаас хойш ер өөдөлсөнгүй. Зүгээр л муу ажилласан бол бас яахав, гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАХН-ын даргын сурталчилгаанд зогсоо зайгүй хүчин зүтгэж, Ерөнхийлөгч нь хэзээ нэгэн цагт сонгуульд нэр дэвшихэд хэрэг болуужин хэмээн нэлээд хэдэн жилийн турш энэ сэтрээр гоёж шоудсан билээ. Тэгээд намаас нь команд өгмөгц “баяртай” ч байхгүй нүүрээ буруулан хаяж оджээ. Удирдлагууд нь сонгууль дөхөхлөөр “фронт”-д дайчлагдаж, харин дуусахлаар эргэн ирж тэврээд хэвтчихдэг нь бүр дүүрч, гагцхүү сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын орон зайг эзэлж нэрийг нь барьсан атлаа тэдний эрх ашгийг хамгаалахгүй арав шахам жилийг  алдсан нь харамсмаар. МСНЭ-ийг муу байна гэж сэтгүүлчид энд тэндгүй шүүмжилдэг хэрнээ цуглаад хуралдахаараа дээрх нөхдийн элдэв үгэнд хууртаж, сайндаа л сэтгэлээ онгойтол ярьж аваад бахь байдгаар нь үлдээдэг.

Одоогийн МСНЭ бол үндсэндээ социализмын үеийн зохион байгуулалт юм. Тэгэхэд Монголын сэтгүүлчдийн холбоо нь хэвлэл мэдээллийг бүрэн хамарсан, удирдлага нь сонин сэтгүүлийн эрхлэгч, телевиз, радиогийн дарга нараас бүрддэг, МАХН-аас томилогддог “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч тэргүүлдэг байв. Дарга нараар нь дамжуулан сэтгүүлчдийг удирдан чиглүүлж байсан хэрэг. Тэгвэл хорин жил өнгөрч хэвлэл мэдээллийн салбарт Монголын сонины холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо мэтчилэн эздийн байгууллагууд тусдаа гарч эрх ашгаараа ялгарчихаад байхад сэтгүүлчид тусгаар тогтнолоо олоогүй буюу нөгөө л эзэд, дарга, захирлууд буюу тэднийг төлөөлсөн нөхдийн гарын дор явж ирлээ. Өнөөдөр ажилллагсад нь эзэдтэйгээ, хэрвээ төрөөс санхүүждэг бол Засгийн газартай цалин хөлс, нийгмийн асуудлаа ярьдаггүй, гурван талт хэлэлцээр хийдэггүй бараг цорын ганц салбар нь хэвлэл мэдээлэл болон торойжээ. Эзэн, дарга, сэтгүүлч, зохиолч, пиарчин, рекламчин, дээрээс нь улс төрч, нийгмийн зүтгэлтэн гэсэн олон дүрийн аль ашигтайд ээлжлэн хувирсаар байгаад хэн нь мэдэгдэхээ больсон нөхдүүд МСНЭ-ийг гартаа оруулсан.

Өнгөрсөн зун хэсэг сэтгүүлч “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хороо байгуулж МСНЭ-ийг шинэчлэхээр хөдөлснөөс хойш  томоохон чуулган зохион байгуулж, бас шүүхдэлцэж амжсан. Явсаар энэ их хуралд тулж ирлээ. МСНЭ-ийн гүйцэтгэх хороо, энэ түр хороо, бас  “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” бүлэг (дууриаж, эсвэл сөрөг иргэний хөдөлгөөн шиг гарч ирэв үү?)-ээс хамтран боловсруулж Их хуралд оруулахаар бэлтгэсэн МСНЭ-ийн дүрмийн төслийг үзлээ. Өмнөх дүрмээс зарчмын ялгааг олж чадсангүй. Үндсэн асуудал болсон ажил олгогч, захиалагч эзэд болон сэтгүүлчдийн зааг, харилцах зарчмын талаар юу ч байхгүй, редакцийн бие даасан байдлыг хангах тухайд дурсаад л өнгөрчээ. Дүрмийн эхэнд “МСНЭ нь үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай байна” гэсэн мөртлөө араас нь “МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллаж Хэвлэл мэдээллийн ажилтан, албан хаагчдын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулж хөдөлмөрийн хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлнэ” хэмээн өөрөөсөө зайлуулсан заалтууд оржээ. Эздээс илт дөлсөн байна.

Ерөнхийдөө хэвлэл мэдээлэлд хамаатай болгоныг хамж багтаасан байгууллага хэвээр үлдэх бололтой. “Их хуралд МСНЭ-ийн гишүүн болон тухайн хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй сэтгүүлч, редактор, гэрэл зургийн сурвалжлагч, баримтад кино бүтээгчид их дээд сургуулийн сэтгүүл зүйн салбарын багш нар, мэргэжлийн судлаач 8 хүн тутмаас их хурлын төлөөлөгч 1 хүнийг сонгоно” гэхчлэн журамласан байна.  Найман хүнтэй байгууллагад эрхлэгч, сэтгүүлч хоёрын хэнийг сонгох бол? Хэрвээ 3,эсвэл 5 хүнтэй редакци байвал яахав? Энэ мэтээр дээрх журам утга муутай учраас Их хуралд оролцохыг маш хүссэн хүмүүс элдэв арга заль зохиож байж л “сонгогдож” чадна.

Эзэд нь сэтгүүлчдээ бүрэн мэдэж бараг албат болгосон харагддаг жишээ бол Монголын сонины холбоо юм. “Өглөөний сонин”, “Хүмүүс”, Хүмүүсийн амьдрал”, “Сэрүүлэг”, “Монголчуудын амьдрал” зэрэг сонины төрд ажилладаг, сонгууль болохлоор МАН (МАХН-аас)-аас нэр дэвшдэг нөхдүүд өөрсдийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд зориулсан Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоог байгуулж өгөөд хашчихсан байгаа.

Сэтгүүлчдийн байгууллага бол юуны өмнө сэтгүүлчдийнх байх ёстой. Тэр тусмаа хувь сэтгүүлчийнх. Тэрбээр хаана, хэний дор ажилладаг, эсвэл ажилладаггүй, ямар нэгэн салбар, клубт хамрагддаг эсэхээс үл хамааран дүрмийн шаардлагыг хангаж л байгаа бол чөлөөтэй элсэх, тэгээд сонгох сонгогдох, үүний тулд их хуралд оролцох эрхтэй. Гэтэл дүрмэнд “Их Хурлын төлөөлөгчдийг хот, хөдөөгийн сэтгүүлчдийн анхан шатны салбар зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэргэдэх клуб, бүлгийн хурлаас сонгоно” гэсэн нь сэтгүүлчдийг бөөнддөг нөгөө л арга юм. Сэтгүүлч эрх чөлөөтэй байх нь ядахдаа өөрийгөө мэддэг, бас  төлөөлдөг байхаас эхэлнэ. Монгол улс хэтэрхий олон сэтгүүлчтэй учраас багталцахгүй энэ тэр гэх биз. Мянган хүн чуулж яагаад болохгүй гэж? (Үнэн хэрэгтээ хэдэн зуугаас илүү оролцохгүй). Ийм хурлыг ягштал зохион байгуулах нь менежментийн тусдаа асуудал юм.

Харин МСНЭ-ийн дарга нарын тоог нэмэгдүүлж Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд олон сайхан даргатай байхаар дүрмийн төсөлд тусгажээ. Сонирхолтой  хурал болох байх.

Их хурлаар МСНЭ-ийн дүрмийн төслийг хэлэлцэж батлана. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн байгууллага ямар байх ёстойг хэн ч төгс мэдэхгүй. Энэ удаад бүрэн шийдэл, хариулт олдохгүй ч байж болзошгүй. Иймээс МСНЭ-ийн Их хурлыг өмнөх жаран жилийнх шиг 4 жилд ганцхан удаа биш, харин жил тутам бүх сэтгүүлчдийн чуулган хэлбэрээр хийдэг байх нь зүйтэй санагдана. Тэгвэл одоо батлах дүрмээ нэг жил “туршаад” ирэх онд засаж сайжруулах боломж нээгдэнэ. Цаашдаа тулгамдсан, тулгарсан асуудлыг хэдэн жилээр хүлээлгэхгүй, шуурхай шийдвэрлэдэг болно. Шинээр сонгогдсон удирдлагад хугацаа олгох ёстой ч нэг жил гэдэг бол юу хийж буйгаа харуулахад хангалттай. Хэрвээ ажил сайн яваа бол үргэлжлүүлнэ, үгүй бол солигдоно. Дөрвөн жилээр гарчихаад олигтой юм хийхгүй мөнхөрдөг, тэгээд бусдыг төдийгүй өөрийгөө залхаадаг байж таарахгүй. 23 хүнтэй байхаар төсөлд тусгасан Гүйцэтгэх хороонд ч хамаатай асуудал юм.

Улс орон, нийгэм, технологи, үйл явц асар түргэн өрнөж байхад сэтгүүлчдийн байгууллага хуучны намын их хурал юмуу одоогийн сонгуулийн мөчлөг бараадан гэлдрэх албагүй төдийгүй ёсгүй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

“Хүрээ” хувьчлалын “сод” хувилбар

Posted by Бид on 2011/12/05

Бямба гаригт олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Монгол Улсын Засгийн газар энэ жилийг бизнесийн орчныг шинэчлэх жил болгон зарласны хариуд бизнес эрхлэгчид нийгмийн сайн сайхны төлөө эрүүл бизнесийг цэцэглүүлэхээр нийгмийг уриалж байна” гэж хоёр талд зэрэг нялуурсан оршилтойгоор Мэдээллийн технологийн үндэсний паркийн байранд “Өргөө синема” кинотеатр, тоглоомын төв нээгдсэн тухай захиалгатай сурвалжлага үзүүллээ. Гагцхүү эрүүл бизнес эрхлэгчид нь ардын жүжигчин Мэндбаярын (кино үзэх сайхан тухай ярив) цаагуур орчихоод огт цухуйгаагүй юм. Бусад телевизүүд ч төстэй сурвалжлага үзүүлжээ.   

Сонинууд телевизүүдийг бодвол арай шударга. Өнгөрсөн зун Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхим хоёрыг ямар ч тайлбар, өдөр сударгүйгээр гэнэт хаагаад засварлаж эхэлснийг анх “Өдрийн шуудан” анзаарч Ц.Анандбазар захиралтай “Сод Монгол” компанитай холбоотойг илчилсэн санагдана. Харин “Өнөөдөр” сонин саяхны нэг дугаарын тэргүүн нүүрнээс эхэлсэн томоос том сурвалжлагад энэ явдлыг улаан, цагаан дээрэм гэж нэрлээд МТҮП-ийн гүйцэтгэх захирал Ё.Сүхбаатартай ярилцаж төсвийн байгууллага учраас байр саваа түрээслүүлэхээс өөр аргагүй талаар баахан гомдоллуулж төгсгөсөн байлаа. 

Төр өөрт нь хариуцуулсан энэ барилгын (зөвхөн байршил нь олон тэрбумаар үнэлэгдэх биз) тэн хагасыг тавиад туучихсан даргын яриа хачин санагдаж хэн болохыг нь хальт сураглав. УИХ-гишүүн Э.Мөнх-Очир нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа дороо авч ажиллуулсан, хотын ерөнхий менежерээр дэвшихдээ үүрэг гүйцэтгэгчээр үлдээж байсан чин үнэнч нөхөр ажээ. Харин сонгуулийн дараа гэнэтхэн Монголд өөр олдоогүй цорын ганц мэдээллийн технологийн менежерээр тодруулж энэ суудалд тавьжээ. Одоо Мөнх-Очир, Анандбазар нар ямар холбоотойг бага сага мэддэг хүнд энэхүү өнгөт дээрмийн учир начир зах зухаасаа тодрох биз. Эртнээс бодож боловсруулсан операци. Эхлээд хүнээ чимээгүйхэн аваачиж тавьсан. Тэр нь “Сод Монгол”-той сэмээрхэн гэрээ байгуулсан. Цаадах нь арай эрт даварч нэг ам.метр талбайг дөнгөж 5000 төгрөгөөр түрээсэлснээ ч төлөхгүй эрхэлсэн. Шүүхдэлцэж жүжиглэсэн нь хожим “Аймаар юм болсон. Үзэлцээд үзэлцээд бараагүй” гэж хэлэхийн тулд.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Анандбазарын “Сод Монгол” компанийн дээрэм зөвхөн МТҮП-аар хязгаарлагдахгүй. Өнгөрсөн зун нийслэлийн өмчид байдаг Соёлын төв өргөөний нэгээхэн хэсгийг хувьчилж аваад засварлаж эргэн тойрны дундын болон нийтийн эзэмшлийн газрыг хашаалж авсан учрыг сонирхоход “өрөндөө авсан” гэв. (Юун сонгон шалгаруулалт, өрсөлдөөн?!)

“Сод Монгол” компани МТҮП-ын тэр хэсгийг бас л өрөндөө авч таарна. Ганц, хоёр жилийн дараа “Өргөө синема”-г байгуулсан хөрөнгө зардлаа хэдэн зуун саяар үнэлж нэхэхэд Ё.Сүхбаатар дарга “манайх төсвийн байгууллага учраас арга алга” хэмээн гоншигноход бэлэн суугаа. Эсвэл амжаад бултчихсан байна. Ингээд МТҮП-ийн барилгын хагас “Сод Монгол”-ын өмч болно. Дараа нь давуу эрх ярьж үлдсэн хэсэгт ч санаархаж мэднэ. Мартсанаас, III,IV хороолол дахь том “Өргөө” кино театрыг “Сод Монгол” хэзээ, ямар тендерээр, хэнтэй өрсөлдөөд хувьчлаад авчихсан юм бол?

Энэ бүхэн бол нийслэлийн экс Засаг дарга М.Энхболдын эхлүүлсэн “хүрээ” маягийн хувьчлалын үргэлжлэл юм. Ерөнхийдөө нийтэд зарлахгүй, өрсөлдүүлэхгүйгээр хотын өмчид хэн нэгний хөрөнгийг оруулж хувь эзэмшүүлээд сэмээрхэн хувьчилж өгөх арга юм. М.Энхболдын үед “Тэнгис” кинотеатрт солонгосчууд засвар хийгээд л 80 хувийг эзэмшдэг болжээ. Барилга, бас доорхи газар хоёроос дутахгүй өртөгтэй засвар гэж байх уу? Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүрийн зун М.Энхболд тэргүүтэй баяр наадмын комисс улсын төсвөөс мөнгө гаргуулж засвар хийлгэдэг атал 51 хувь нь хувьчлагдсан төдийгүй нийслэлийн эзэмшдэг хувь огт нэмэгддэггүйн нууцыг тэр л мэднэ. “Улаанбаатар” банк, “Улаанбаатар даатгал”-ыг бас л М.Энхболдын үед иймэрхүүгээр хувьчилсан нь хожим мэдэгджээ. “Ард”, “Од” кино театрууд ч ялгаагүй.  

М.Энхболдын “хүрээ” хувьчлалын нарийн ухаан, ул мөр үлдээдэггүй нь хотын дараачийн эрх мэдэлтнүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж бахархан дууриасан юм. Одоо ид шуугиж байгаа “Өргөө” зочид буудалд “Хар дун” нэртэй компани хөрөнгө оруулахаар амлангуут  75 хувийг өгчихсөн нь Нямдорж сайдын ачаар саяхан ил болсон билээ.  

Саяхан болтол нийслэл хот өөрийн өмчийн UBS телевиз, “Улаанбаатар” радио, бас “Улаанбаатар таймс” сонинтой байсан. Аливаа хэвлэл мэдээллийн хувьд бурууд нүд хурц байж, тэр тусмаа хотын өмч хөрөнгийг идүүлж уулгахгүй “хүүе хайя” хэмээн дуугарч байх үүрэгтэй ч цаадуул нь арван хэдэн жил тэжээж таргалуулсан төдийгүй бөөн өмч хөрөнгө тасалж өгөөд “хүрээ” маягаар учрыг нь олсон билээ. Харин “Улаанбаатар таймс”  сонинд буюу цаана нь байсан нөхдүүдэд хэвлэх үйлдвэрийн барилгыг хотын төвийн газартай нь хамт залгиулахыг оролдож хэтэрхий шунасан тул цаадуул хахаж цацаад  баригдчихав.  

Харин Соёлын төв өргөөг арай өөрөөр, энд тэндээс нь таслан хувьчилж эхлэв бололтой. Нийслэлийн өмч хувьчлал “сод” хувилбараар үргэлжилж байна.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »