АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for November, 2011

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай

Posted by Ажиглагч on 2011/11/08

Дээрхэн “Шууд” телевизээр урт нэртэй хуулийн зөв бурууг шүүсэн хэлэлцүүлэг болж түүнд оролцсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр гол усны эхэнд алт ухдаг компаниудыг өмөөрч өгч байлаа. Сэтгүүлч залуугийн эгдүү хүрч,

– Та уурхайтай юу?

– Надад уурхай байхгүй гэж түс тас хариулаад үргэлжлүүлэн өмөөрсөн эрхэм гишүүн маань сонирхлын зөрчилгүй тул компанийн захирлууд ба иргэдийн хөдөлгөөнүүдийн хажууд зөвхөн үнэн зөвийг хэлсэн ганц хүн болж гялалзлаа.  

Тэрбээр газар төнхөж шороо овоолсон уурхайгүй гэж яах аргагүй үнэнээ хэлжээ. Харин өөрийн мэдлийн хэд хэдэн компанийн нэрээр ашигт малтмалын лицензүүд, түүний дотор Дархан-Уул аймагт алт олборлох лиценз аваад хадгалсан өөр үнэнээ нууж чадав. Асуугаагүй юм чинь. Хэрвээ урт нэртэй хууль бүтэлгүйтвэл кёкүшюзаны уурхай шууд нээгдэнэ. Худлаа хэлээгүй. Цэв цэвэрхэн.

Энэ болон бусад сэтгүүлчдийн оновчгүй асуултуудаар дасгал сургууль хийсээр байгаад Кёкүшюзаны амны фигур маш гоё болсон байна. Тун саяхан УИХ-ын ажлын хэсэгт багтаж Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар явахдаа нинжа нарын фонон дээр “энийг ашиглаж энэ компаниудыг ингээд хөөгөөд гаргачих юм бол бид найрын ширээний нэг ёсондоо л ууц гэсэн үг, нэг ёсондоо бид нар ах дүү төрөл саднаараа бүгд нүүгээд бүгд улсаасаа юм гуйхгүй бүгдээрээ л нинжа болчихмоор байна, ихэнх нь тэгээд ингээд бас ингээд яриад хүмүүсээс асуухлаар бүгдээрээ л нинжа болох сонирхолтой ямар ч нөхөн сэргээлт байхгүй хэдэн газар газрууд үлдээд,  орон нутагт нь ямар нэгэн тийм үлдсэн юм байхгүй, энийг бас өнөөдөр энэ дээр нь ирээд бас яг ингээд нүдээр харахад ойлгож байна” (үг үсэггүй сийрүүлэв) гэсэн ярилцлага өгснийг “25-р суваг” үзүүллээ. Батлагдсан хуулийг сахиулах үүрэгтэй гишүүн өөрөө эсрэг аашилж, бас даапаалж зогсоог ойлгоогүй сэтгүүлч “эрхэм гишүүн хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх  ёстой гэж үзэж байна” хэмээн даган баясав.

Уг нь хөдөөнөөс биш нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ 10 мянган залууг Япон явуулах гэсэн юм, та нар явахгүй биз хэмээн ажилгүйчүүдийг ангалзуулж байгаад сонгогдсоныг NBS саяхан сөхсөн юм. Гэтэл хэдхэн хоноод хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн мөрөөр гайхалтай түргэн арга хэмжээ авч “УИХ-ын гишүүн Батбаяр амалсан ёсоороо Японд явуулж эхэллээ” гэсэн бахдмаар оршилтой сурвалжлага гаргахыг харваас 4-р цахилгаан станцын цехийн дарга, инженер нарын 6 хүнийг мэргэжлээр нь Япон руу хэдэн сар туршлага судлуулахаар үдэж өгч байлаа. Яахав, тэднийг СХД-ийн иргэдэд тооцвол (IV цахилгаан станц тус дүүрэгт байрладаг) зургаа хасагдаж одоо дөнгөж 9994-г явуулах үлджээ. Кёкүшюзанд юухан байхав, дахиад хэдэн төлбөртэй сурвалжлага үзүүлээд “явуулаад л байгаа ш дээ” гэж ярьж зогсох биз. Худлаа яриагүй.

Зарим сонин ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлэхээр амалсан байдаг. Даанч манай хэвлэл мэдээлэл бүхэлдээ маргаашийн байтугай өчигдрийн ерөнхийлөгч, өнөөдрийн гишүүд, сайд, жижиг даргыг ч барахгүй байна. Яагаад гэвэл онож асуудаггүй буюу яг хариултыг нэхэж чаддаггүй. Сонины олон нүүрийг задартал чигждэг, гуч дөчин суваг солиод эргэж ирэхэд чалчиж л суудаг урт ярилцлагуудад эрхэм улс төрчийн амьдралын зам, суут ухаан, гэхдээ түүнийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй даруу зан, монгол хүн юм чинь морь уяхаас өөр аргагүй, хөл дүүжлэх хэдэн ямбий жиптэй, ирэх сонгуульд дэвшинэ гэхээс уур хүрдэг ч нам нь дэвшүүлчихвэл … бүгд багтдаг. Харин хөрөнгө орлогоо нуусан, тендерийн будлианд нэр нь цохиж яваа тухайд тэмээ унаад явахлаар нохой хуцаад байх юм, хэн гэдгийг мэднэ, гэхдээ нэрийг хэлээд яахав, монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай, одоо ямар 37 он биш, эр хүн алдаж онодог гэх мэтчилэн түүх, гүн ухаанаар оргилж төгсдөг.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай юм. Сэтгүүлчид зөвхөн асууж хэлүүлж чадахгүй байгаа бол дүүрсэн хэрэг. Харин улс төрчдийн харлаж бохирдсон нүүр царайг хамгийн сайн цайруулагч, найзлаад, тохироод, төлөөд, гэрээлээд ашигладаг тийм хүмүүс болж хувирдаг нь харамсалтай. Юун хоточ нохой. Манай сэтгүүлчид улс төрчдийг маш буруу хүмүүжүүлж байна. 

Монголчууд, дагаад (эсвэл дагуулаад) монголын сэтгүүлчид дэндүү том жаалдаг. Дандаа агууг хүснэ. Төрийн ордноос гадагш,  геополитикээс ойр, бодлогоос доош, улс төрөөс жижиг юмыг тоохгүй. Тоосон ч гүйцээдэггүй. “Нарийн ширийнд нь чөтгөр бий” гэж барууныхан ярьдаг.  Тэнд ямар нэгэн улс төрчийн “но” цухалзангуут сэтгүүлчид очоод шавчихдаг бөгөөд салахгүй. 

Тэгвэл саяхан манай хэвлэл мэдээллийг хүлээж ядаад цөхөрсөн мэт Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр бие биенийхээ баримтыг өөрсдийн биеэр дэлгэж тавилаа. Зөвхөн үүний дараа экс Ерөнхийлөгчийн TV9 телевизийн сэтгүүлчид Ц.Нямдоржийн түрээсийн байр болон хүүхдүүдийн хаусыг хайж олоод өнгө будагтайгаар үзүүлж тайлбарлав. Харин Н.Энхбаярын баримтын (хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал гэх мэт) хойноос тэгэж явах телевиз алга. Нээрээ нэг сэтгүүлч зүрхэлж асуугаад “Чи мэргэжлээ ашиглаад эрэн сурвалжлахгүй юу” гэж амаа таглуулсан гэнэ.

Бямба гаригт Н.Энхбаяр дахиад өрслөө. Нямдоржийн эхэлснийг хуулийнхан (гэхдээ хэвлэл мэдээлэл биш) үргэлжлүүлж болзошгүй тул “Өргөө” зочид буудалд их хэмжээний хөрөнгө оруулсан нь үнэн,  гэхдээ хувьчилж аваагүй, зөвхөн хувьчлагдах шатандаа яваа гэсэн гайхалтай тайлбарыг TV9-өөр хийлгэв.  Хувьчилж аваагүй байж нийслэлийн өмчид бөөн мөнгө оруулдаг буян хишиг дэлгэрсэн сайхан эрхэм! Гэхдээ дөрвөн жилийн өмнө энэ буудлыг дэндүү хямдхан хувьчилсан, бас зургаан жилийн өмнө хэвлэх үйлдвэрийн барилгыг Ерөнхийлөгч авчихлаа гэж шуугихад сэтгүүлчид асуусан, яг хариултаа нэхэж чадсан бол энэ хүнийг эртхэн хүмүүжүүлж, Ц.Нямдоржийн савраас ч аврах байсан. Бас Нямдоржийг өөрийг нь хүмүүжүүлж чадалгүй алдчихсан нь сая тодорхой боллоо. Пин, хаус хоёрыг мэдэн будлиад л …

2008 оны УИХ-ын сонгуулиар яасан билээ? АН 1,5 сая, МАХН 1 сая төгрөгийг амлахад иргэд сонгуулийн маргааш өглөө эрт,  бэлэн тоолж өгнө, жил болгон… гэх мэтээр баярлан угтсан. (Одоо бол ирэх 2012 оны сонгуулийн урьд өдөр өгч дуусгана гэж байгаа). Чухам алин болохыг ганц ч сэтгүүлч асуух сөхөөгүй сурталчилгаанд гүйж явжээ. Манай төр тэр сонгуулийн дараа 5 хүнийг буудаж алсан буруутныг тогтоож чадалгүй дараачийн сонгуультай золгоход бид яаж ч чадахгүй байна. 

Монголд эрхбиш чөлөөт хэвлэл мэдээлэл байгаа болохоор эгзэгтэй баримт мэдээлэл (эсвэл түүний сэжүүр)  дэлгэгддэг атал сэтгүүлчид маань ухаж төнхөхгүй, тэгэсхийгээд орхидог хэвээрээ. “Монгол” нэртэй телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас “Тусгаар тогтнолын ордон”-д хэн хэн хандив өргөснийг асуухад “Нуугаад байх юм байхгүй” гэж тун цовоо эхэлж 14 тэрбумын есийг улсын төсвөөс авснаа хэлээд зогсоход хөтлөгч дагаад зогслоо. Тэгснээ намын бодлого, мөрийн хөтөлбөр асууж хамтдаа тэнээд явчихав. “Монголын алт” буюу МАК 1 тэрбум, MCS-ээс 1 тэрбум, УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд”  компани 1 турбум, араас нь Дамба-Очирын “Очир төв” … гээд урсгахгүй байсан ч хамаагүй нэхэх байсан юм. 

Факт, факт, факт. Ганцхан сум гэдэг шиг заримдаа ганц факт хангалттай байдаг. Холдох тусам тайлбар, сэтгэгдэл, бодол, бодлогширол болоод явчихна. Байгаль орчныг олз ашгийн төлөө улайрал, цэвдэг сэтгэл, хариуцлагагүй явдал энэ тэр биш, тов тодорхой овог, нэр зүүсэн компанийн захирал, нинжа нар сүйтгэдэг.  Авлигыг хүний шунал, арын хаалга, хуулийн цоорхой биш бас л овог, нэртэй албан тушаалтан, хүмүүс өгч авалцдаг. Гэтэл байгаль орчин аймаар бохирдож байна, авлига хавтгайрлаа, өмнөх сонгууль шударга биш болжээ (хэн яаж нотолсон юм бэ?) гэх мэт хаа нэгтээ сонссон мундаг “факт”-уудыг тойрч бясалгасан, сэтгүүл зүйн наад захын хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэдэгт хариулахын оронд эцэс төгсгөлгүй бодлого, арга хэмжээ, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгтэй,  шаардлагатай, цаг нь болсон тухай том том юм яриад газарт бууж чаддаггүй хов хоосон нийтлэл, нэвтрүүлгүүд пиг дүүрэн.

Факт талаасаа сонинууд хамаагүй илүү, гэхдээ иргэдийн олонхи зөвхөн телевизор үздэг.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Сэтгүүл зүй, Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Шударга телевизийн ноцтой алдаа

Posted by Ажиглагч on 2011/11/06

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын телевиз гэж “Өдрийн сонин”-д бичүүлснийхээ хариуг барьж TV9 тус телевиз дараах тайлбарыг нэвтрүүллээ.

“….”Өдрийн сонин” бол хуучнаар парламентын үйл ажиллагааг сурталчилдаг байсан “Ардын эрх” сонин. . Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж хувьчилж авснаар  “Өдрийн сонин” нэртэй хэвлэгдэн гарч байна. Ардчилсан намын эрх ашгийг хамгаалдаг. Ерөнхийлөгч Элбэгдоржийг дээрх хувьчлал хийж байхад буюу 1996 онд Засгийн газрын үйл ажиллагааг “Засгийн газрын мэдээ” сонин сурталчилдаг байлаа. Хоёр намын тохироо ёсоор Ардчилсан Нам “Ардын эрх” сонинг авсан бол тухайн үед МАХН-ын дарга асан Энхбаяр “Засгийн газрын мэдээ” сонинг хувьчилж авсан юм. Эдүгээ тус сонин “Зууны мэдээ” нэртэйгээр хэвлэгдэн гарч байна”.  

Маш сонирхолтой,  гэхдээ тун ноцтой алдаа гаргасан тайлбар болжээ. Нэгдүгээрт, тэр хувьчлал гээд байгаа үйл явдал 1996 биш, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсны дараа жил болсон. Хоёрдугаарт, дээрх хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгасан юм. Төрийн эрх мэдэл, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон “капитал”-ыг хувь хүмүүст ашиглуулахгүй, өдөр тутмын сонины зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахын тулд ингэжээ. Нэгэнт татан буулгасан тул хувьчлах тухай яриа байхгүй. Үүнийг давхар баталгаажуулж нэрсийг нь 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар заасан.  Гэтэл хоёр нам хуйвалдаж хувьчилж авсныг TV9 илчилж орхилоо. Тэр үеийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж хоёр сониноос үлдсэн өмч хөрөнгө, байрыг “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нэртэй хувьцаат компани болгож холион бантан хутгаад (хуулийг даапаалсан байгаа биз) хуучин хамт олонд нь давуу эрх нэрээр өгч тусалсан юм. 

Сүүлийн хэдэн жил шударгаараа зүй ёсоор гайхагдах болсон TV9 телевиз гэнэ алдаж бас нэгэн шударга эрхмийг хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал” дээр нэмээд гуравдахь хэрэгт оруулж Ц.Нямдорж гэдэг өөр нэг шударгын аманд хийчихвэл яана гэж бодтол санаа зовох хэрэггүйг ойлголоо. Тэр хувьчлал гээчийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ өнгөрсөн.

Posted in "Зууны мэдээ" сонин, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 1 Comment »

“Манайд бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна”

Posted by Ажиглагч on 2011/11/05

Монголчууд шуудангийн хаягаа эхлээд улс, дараа нь хот, аймаг, араас нь ажлын газар, эсвэл шуудангийн хайрцаг, хамгийн эцэст нэрээ бичдэг бол гаднаас ирсэн захианд эсрэгээрээ байдаг нь бидний буруу зөвийг биш юмаа гэхэд ерөнхийгөөс дотогш задалж явдаг тэр сэтгэлгээг харуулсан жишээ юм. Бас орос, зөвлөлтийг дагасан тал байдаг. Ж.Барамсайн шог өгүүллэгт Спортын төв ордноос шууд нэвтрүүлэг хөтөлж байгаа тайлбарлагч өмнөө харж байгаа барилдааны явц, бөхчүүдийн мэх, нуман тулгуур, онооны тухай яриагаа минут тутамд орхиж “Манай улсад бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна” гэж хэлдэг. Заавал том юм хэлж байж санаа амардаг, бас таашаал авдаг байсан хэрэг.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Тог таслах хуваарь”

Posted by Ажиглагч on 2011/11/04

1991 онд би “Үнэн” сонинд ажиллаж байлаа.  Нүдний өмнө социализм нуран унаж дэлгүүрийн лангуу хоосроод зогсохгүй оройн цагаар нийслэлийн энд тэнд цахилгааныг гэнэтхэн тасалчихдаг болов. Сонинууд уншигчдын гомдолд дарагдаж хариуд нь эрчим хүчнийхэн “нүүрс, вагон, сэлбэг …. “ гэх мэтчилэн учирлаж бөөн юм болдогсон. Оройн ачаалал оргилдоо хүрч цахилгаан станцын хүчин чадал дутагдаж эхэлмэгц диспетчерийн албаныхан “за тэгвэл 11-р хорооллыг жаахан таслахад бараг таарна” гээд шийддэг байсан болов уу.

Өөр аргагүй юм бол оройдоо хэр хүчин чадал дутахыг тооцоолж тэр хэмжээгээр хорооллуудын цахилгааныг ээлжлэн таслах хуваарь гаргаад түүнийгээ сониноор дамжуулаад зарлачихвал хөдөлмөрчид ажил амьдралаа зохицуулах учраас гомдол ч багасна гэж бодоод эрчим хүчнийхэнд утасдаж саналаа хэлсэн юм. Нээрээ хэд хоногийн дараа “Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хуваарь” гаргаад ирүүлснийг шинэ дугаартаа оруулж билээ. Удалгүй бусад сонинууд телевизийн мэдээтэй зэрэгцүүлэн нийтэлдэг болсон.

Яг хоолоо хийж байхад гэнэдүүлж хоёр цаг тасалснаас урьдчилж хэлээд гурван цаг тасалсан нь хамаагүй дээр санагдаж билээ. 

Юм тодорхойгүй байх хэцүү.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 2 Comments »

Баримтаар илчлэхүй

Posted by Ажиглагч on 2011/11/02

TV9 телевизийн хөтөлбөрт өмнөх ням гаригийн хамгийн оргил цаг – 22:15-аас гэж зарласан мөртлөө гэнэтхэн урагшлуулж (харин суларсан цагт нь “Жаст” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг үзүүлэв) өдрийн 16 цагаас гаргасан “Дотроосоо хийсэн ажлууд буюу Insider-уудын хэрэг” (англи нэр нь Inside Job. 2010 онд бүтээсэн) баримтат кинонд АНУ-ын санхүүгийн зах зээл дэх луйврыг дэглгэжээ. Саяын хямралаар AIG, Goldman Sachs,Morgan Stanley, Lehman Brothers, бас Moody’s, Standard & Poor’s, Pitch-ийн үйлчлүүлэгчид, орон сууц худалдан авагчид, хөрөнгө оруулагчид сүйрч байхад тэдгээрийн захирлуудыг хэдэн арван саяын шагнал авсан, үнэт цаас, хувьцаагаа яаж амжиж худалдсан, хичнээн саяын нөхөн олговортойгоор ажлаа өгсөн, амжиж хаана хэдэн хаус, онгоц худалдан авч тансагласан баримт нотолгоогоор илчилсэн байлаа.

Гэхдээ энэ бүхэн америкийн конгрессийн гишүүдийн зохион байгуулсан сонсгол дээр ил болжээ. Тэнд хувийн компанийн захирлууд, санхүүгийн аваргуудыг дуудаж байцаахад цаадуул нь баримтын өмнө ээлж дараалан шалчийж байлаа. Юун нэр төр, тайлбар, “зовлон” … Конгрессийн гишүүд зөвхөн баримт асууж зөвхөн баримтаар хариулахыг шаардаж хариултаа авч чадахыг харлаа. Бусдыг хэвлэл мэдээлэл гүйцээжээ. Тэндхийн улс төрийн соёл худлаа ярихыг тэвчдэггүй. 1990-ээд оны сүүлчээр ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоныг Моника гэж хүүхэнтэй орооцолдлоо гэж биш, харин орооцолдоогүй гэж худлаа хэлснийх нь төлөө  импичментээр унагах шахсан гэдэг. Энэ баримтат киног үзээд тийм гэдэгт итгэлээ.

Posted in Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »