АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for October, 2011

Ам барьдаг гэрээнүүд

Posted by Ажиглагч on 2011/10/25

2011 оны 6-р сарын 9-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нарын долоон гишүүн гарын үсгээ зурж урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлаар хүсэлт тавьсан албан бичигт хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг санаа оржээ.

“… Уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй эрэл, хайгуул, олборлолтыг дагаад Монгол улсад нүүрлээд буй байгаль, экологийн сүйрэл, нөхөн сэргээлтийн ажил нь яригдах сэдвээс давж бодит ажил хэрэг болж хэрэгжихгүй байна. Уг асуудлыг эрх зүйн аргаар шийдвэрлэх нэг гарц болсон “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг саармагжуулах, улмаар энэ хуулийг хүчингүй болгох элдэв санаа, сэдэл газар авч байгааг УИХ анхааралдаа авах цаг болсон байна. Ялангуяа сүүлийн үед гадны томоохон хөрөнгө оруулагчид бидний дөрөв дэхь засаглал хэмээн итгэдэг хэвлэл мэдээлэлийг мөнгөөр боймлож, ард иргэдийг үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээс нь хазайлгах оролдлого ил тод хийх болсон нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна… Гаднын томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлөх оролдлого хийж буй эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

“Бороо гоулд” зэрэг хүчтэй компаниуд томоохон телевиз, сонинуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл ирвэл тэднээс бодит мэдээллийг авч тодруулж байж нэвтрүүлэх буюу нийтэлнэ гэсэн заалт оруулаад амаа бариулчихдаг. Зарим хэвлэлд хандахад “Бид Оюутолгой, Бороо гоулдтай гэрээ байгуулсан учраас тантай ярилцлага хийхэд түвэгтэй байна” гэж татгалзсан талаар Ц.Даваасүрэн гишүүн ярьсан байдаг.

Одоо дөрвөн сар өнгөрөхөд ажлын хэсэг байгуулаагүй байна. Арай УИХ-тай “хамтран ажиллах” гэрээ байгуулаагүй байлтай.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

УДБЭТ-ийг нам болгоно

Posted by Ажиглагч on 2011/10/22

Ардчиллын ордны барилгын ажил эхлэх гэтэл Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан элдэв саад тотгор учруулж (“ардчиллын эсрэг нөхдүүд биш биз?”) байгаа талаар сонинууд бичжээ. Ардын нам 14 давхар Тусгаар тогтнолын ордонгоо сүндэрлүүлж дуусаад өнөө маргаашгүй нээх гэж байхад орох оронгүй шахам хоцорсон ардчилсан намынхныг өрөвдөж хайрлах хэрэгтэй ч тэр 20 давхар босвол Азид бараг цорын ганц энэ театр ингэж харагдана. Монголын 20-р зууны уран барилга, соёл, түүхийн сүүлчийн хэдэн дурсгалын хамгийн сонгодог нь ийнхүү хоёр дахь удаагаа навтайж гурван талаасаа хашигдахад бэлэн боллоо. (Цаанаас хаасан МАН-ын ордон зурган дээр гараагүй)

Яг одоо Монголын архитекторуудын эвлэлийн 55 жилийн арга хэмжээ нөгөө нэг сонгодог буюу Улсын драмын эрдмийн театрт үргэлжилж байна. Нийслэлийн уран барилга, түүхт талбай, тэр тусмаа театрыг ингэж доромжлохыг харсаар байгаад тэвчээр барагдсан мэргэжлийн хүмүүс нэг цугласных “Нийслэлийн нүүр царайг аврая” мэтийн лоозон барьж Сүхбаатарын талбай руу жагсаалаараа очих болов уу гэтэл найрлаад дуусах гэнэ. Тус эвлэлийн Ерөнхийлөгч нь нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, ерөнхий архитекторч Э.Хүрэлбаатар буюу Улаанбаатарт шинээр баригдах бүх барилгын зөвшөөрөлд гарын үсэг зурдаг нөхөр өөрөө. Монголын архитекторууд түүний гарт атгаастай.

УДБЭТ-ынхан бууж өгөхөөс өөр яахав. Урдаас мөнгө, хойноос эрх мэдэл хоёр нийлж дундаа хийгээд ёроолдоо хаях нь тов тодорхой.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 3 Comments »

Улаанбаатарын хамгийн муухай барилга

Posted by Ажиглагч on 2011/10/22

Хуучнаар Багшийн дээд, шинээр бол Монгол Улсын боловсролын их сургуулийн чанх урд байдаг энэ барилгыг Улаанбаатарт хамгийн хөгийн гэж би боддог. Энх тайвны өргөн чөлөөнд торсон бөглөө мэт энэ муухай юмыг аваад хаячихвал мөн сайхан аа. Ойртоод харахад ямар ч хэлбэр дүрсгүй, дотогш шагайвал томхон ТҮЦ байх юм. (Хажуугаар нь дахиж явбал ойроос авсан зураг нэмье). Бас замын цагдааг бөөрөндөө наачихжээ. 

Улаанбаатарын нэгэн даргын өмч юм. Арав гаруй жилийн өмнө жижиг мухлаг маягаар эхлүүлж хавь ойрын газрыг сэм сэмхэн хумсалж нэмсээр байшин болгочихсон. Маргааш гэнэтхэн өөрчилж 10 давхар “харандаа” зооно гэвэл түүний дур.        

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Чойбалсангийн солигдсон хөшөө

Posted by Ажиглагч on 2011/10/21

Ноднин нарлаг сайхан өдрөөр Сүхбаатарын талбай дээгүүр алхаж яваад жанжин Сүхын хөшөөг буулгаж байхтай таарч билээ. Харин энэ хаврын нэгэн үдэш харьж явтал МУИС-ын төв байрны урдах Чойбалсангийн хөшөөний хөлийг (“аймаар” бөх байснаас бараг бүтэн цаг оролдож байж) тасалж байхтай бас таарч хэсэг хүлээгээд машинд ачиж байгаа зургийг авахдаа яагаад ч юм 1937 онд амьд хүнийг яг ингэж харуй бүрийгээр ачдаг байсан байх гэж бодсон. Тэгвэл наадмын дараа МУИС-ын хажуугаар өнгөрч яваад цочлоо.

Би юу үзсэн гээч! ↓

 

Маш болгоомжтой ойртов. Нөгөө “хүрэлдсэн” хөшөө ирчихсэн тавцангаа хүлээж байсан юм санж. Ямар ч хүндэтгэлгүй авчирсан  байгаа биз? ↓

Хэд хоногийн дараа байранд нь тавьсан байлаа. ↓

Надад дандаа ингэж тааралдсан нь сайн уу, муу юу бүү мэд. Ямар ч байсан хоёр том хөшөөг авч явсан ба авч ирсэн бяцхан түүхийн гэрч болов. 

Чойбалсангийн хөшөө хөл дээрээ зогссоноос хойш хоёр сар орчим хүлээлгээд өчигдөр нээлтийн ёслол болж МАН-ынхан, эсвэл төрд гарсан МАН-ынхан дангаараа оролцож харагдлаа.  Хөшөө дурсгал бол иргэд, олон нийт харж байх, саналаа хэлэх, бүр оролцох ёстой цөөхөн асуудлын нэг.  Оюутолгойн гэрээний 8-ын 2-ыг тэд мэдэхгүй, тэднээс асуухгүй  байж болох, харин хөшөөний хэрэгтэй хэрэггүй, сайхан муухайн талаар бүгд юм хэлж чадах ч МАН ард түмнээ “зовоохгүйгээр” өөрөө мэдээд түүхэн хоёр хөшөөг зоргоороо сольж орхилоо. “Хүрэлдсэн” гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хог дээр аваачиж хаяад Бээжинд шинийг хүрлээр цутгуулж зоосон юм. (Сонирхуулахад, саяхан хэсэг залуус Замын-Үүдийн боомтод алтан Соёмбын хөшөө босгож урдаас орж ирэгсдэд туурга тусгаараа гайхуулахаар шийдэхдээ Эрээнд захиалжээ). 

P.S: 

ОХУ-д Петергофийн усан оргилуурын алдарт Самсоны барималыг  засварлаад (солиод биш үнэхээр засварлаад) буцааж тавихын өмнө Санкт-Петербургийн төв гудамжаар мянга мянган оршин суугчид, жуулчдын алга ташилтын дор авч явсан байна.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 4 Comments »

Арван зургаа!

Posted by Ажиглагч on 2011/10/15

Хамгийн сүүлд “Үндэсний мэдээ” мэндэлснээр монголын өдөр тутмын сонинуудын тоо 16-д хүрлээ. Тоочвол 1.“Өнөөдөр”, 2.“Өдрийн сонин”, 3.“Зууны мэдээ”, 4.“Өглөөний сонин”, 5.”Ардын эрх”, 6.“Үндэсний шуудан”, 7.”Өдрийн шуудан”, 8.”Монголын үнэн”, 9.“Ардчилал”, 10.“Монголын мэдээ”, 11.”Нийгмийн толь”, 12.”Улс төрийн тойм”, 13.”Нийслэл таймс”, 14.”Улаанбаатар таймс”, 15.”МОНЦАМЭ-гийн мэдээ”, 16. “Үндэсний мэдээ”. Харин “Өнөөдрийн тойм” гэж байгаад долоо хоногт ганц болсон тул хаслаа.  

Энэ олон өдөр, өглөө, сонин, шуудан, мэдээний нэрнүүд дунд золтой л төөрчихсөнгүй. Үдэш, орой нэртэй сонин л алга. Дэлхий даяар хүмүүс орой гэртээ хариад зурагт шагайдаг болсноор ийм сонингууд үзэгдэхээ больсон төдийгүй бусад бүх сонин хаа сайгүй уналтанд орж байхад Монголд эсрэгээрээ, олшроод байдаг. Манайхан үүнийг эрүүл биш үзэгдэл хэмээн шүүмжлэхдээ  АНУ-ын нийслэл Вашингтонд өдөр тутмын хоёрхон сонин, бусад хотууд цор ганц сонинтойг жишээ татдаг. Тэнд бүх юм тогтчихсон бол өнөөдрийн Монгол (хэдэн жил гараад хаагдсан, Н.Энхбаярын гэгддэг байсан өөр нэг сонины нэр)-ын үймсэн улс төр, эрх ашгууд, жижигхэн орон болоод ч тэр үү гараа сунгаад хүрчихмээр энүүхэнд харагддаг төр лүү хийдэг авиралтууд, эдийн засгийн гялс өсөлт, бизнесүүд, энд тэндээс цутгасан их мөнгө, Оюутолгой, Тавантолгой, геополитик … гээд ид бужигнаж байна. Бүгд монголын, үндэсний, өдөр тутмын, чөлөөт гэсэн тодотголтой энэ олон сониныг хараад “манайх ч улс шиг улс юм аа” гэж бодлоо.

Өдөр тутмын сонинуудыг ижилхэн юм бичдэг гэж шүүмжилдэг. Бүгдээрээ Улаанбаатарын утаан дор, Төрийн ордонг тойрч мэрдэг учраас аргагүй. Гэхдээ тус бүр өөрийн өнцгөөс шагайдаг тул хоёр гурвыг уншихад овоо бүтэн юм ойлгогддог. Нэгэнт мэдээний машин эргэж байгаа тул муухан сонины муу дугаарт хүртэл сонин юм тааралдана. Бүгдийг ядахдаа гүйлгээд харж амждагсан бол их юм мэдэж авна. 

1989 онд өдөр тутмын ганцхан сонин – “Үнэн” гарч 120 мянган хувиар хэвлэгдэж байсан  бол 1990 онд Төрийн төв хэвлэл – “Ардын эрх”, Засгийн газрын төв хэвлэл – “Засгийн газрын мэдээ”-ийг байгуулж хоёулаа Төрийн ордон дотор лав 4-5 жил байрлаж байсныг эргээд санахад итгэмээргүй. Дөнгөж олж авсан эрх чөлөөгөө сэтгүүлчид буцаагаад өгч байжээ. 1996 оны сонгуулийн өмнө “Ардын эрх”-ын цаанаас “Өнөөдөр” нэрийг сэмээрхэн тодруулж, “Засгийн газрын мэдээ” бас дууриан энэ хоёр сониныг хувьчилж авахыг оролдсон ч бүтэлгүйтсэний ачаар өнөөдрийн “Өнөөдөр” сонин төрсөн түүхтэй. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны дараа “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинууд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” нэрээр хоёр том намынханд нэг нэгээр очсон билээ. Хожим тэд баримжаагаа алдаж “бид хувьчилж аваад…”, “манайх хувьчлагдсанаас хойш…” гэх мэтээр үе үе ам алддаг бол саявтар “Зууны мэдээ” сонины 20 жилийн ойг тэмдэглэнэ” гэж том тэнэгтэв. Хуулиар бол хоёуланг татан буулгаад нэрийг нь 5 жилийн турш хэрэглэхийг хүртэл хориглосон юм. Гэхдээ энэ бүхэн түүх болжээ.  

Өдөр тутмын сонинууд бол монголын хэвлэл мэдээллийн хамгийн нөлөөтэй бөгөөд чанартай нь. Бусдад зориулж бичсэн юм гэдэг бол радио, телевизээр ярьж дүрсээр харуулан хүний мэдрэхүйд шууд хүрэхээс илүүтэйгээр уншигчийн бодол, эрэгцүүллээр дамжих учраас сонины үг илүү гүнзгий, оновчтой, цэгцтэй байхаар өөр аргагүй. Улс төр, нийгмийн  үйл амьдралын даацтай баримт, утга учиртай дүгнэлт,  хамаг шинэ санаа сонины хуудаснаа төрж байна. Мэдээж буруу зөрүү, дэмий юм зөндөө бичигддэг ч өдөр тутмын сонинууд яах аргагүй Монголын түүхийн анхны ноорог билээ.

Телевизүүд монгол хэлийг бужигнуулж задалж явдаг бол эмхэлжсахиулдаг нь өдөр тутмын сонинууд юмсан. Социализмын үед “Үнэн” сонинд яаж бичсэнээр тогтдог байсан бол одоо өөр болж саяхны нэг сонинд  “Бид бахархаж явдгиин”  гэсэн гарчиг тааралдав. Тэр сэтгүүлч (бодвол годгоносон охин биз) буруу бичсэнээ мэдээ ч үгүй өнгөрсөн биз.

Ажилдаа ирээд чихэртэй хар цай оочлон “намын үнэн” унших сахилга ахмад үеийнхэнтэй хамт үлдэж хоцорсон байгаа. Дээрээс нь конторт (биш ээ, офист) сууж кофе ууж сонин гарчиглах барууны маягийн соёл нэмэгдсэн. Зарим сонин дэлгэж уншихад амар гэж гонжийсон урт форматад шилжсэн бол нэг нь Financial Times-ийнх шиг шар цаасанд дээр хэвлэдэг болов. Бидний үеийнхэн цаасан дээрх бичгийн соёлын сүүлчийн төлөөлөгчид байж мэднэ.  Зузаан роман, үргэлжилсэн тууж, уран гоё өгүүллэгээс эхлээд часхийсэн өгүүлэл уншихын сайхныг бид  мартаагүй. Урт бичих, түүнийг унших хэрэгцээг одоохондоо сонинууд хангаж байна. 

Өдөр тутмын сониныг унших өөр нэг шалтгаан бол зар сурталчилгаа юм. Албаны арга хэмжээ, дотоод гадаадын хурал чуулган, өндөр цалинтай ажил, албан тушаал, төсөл хөтөлбөрийн зар, сая тэрбумын өртөгтэй тендерийн мэдээлэл зөвхөн өдөр тутмын сонинуудад албан ёсоор нийтлэгддэг (ингэж цаасан дээр хэвлэгдэж байжхүчин төгөлдөр болдог) бөгөөд өөр хаанаас ч үзэх боломжгүй.

Өдөр бүр 8,16,32 нүүрийг үг үсгээр голдуу дүүргэж хэвлүүлээд орон даяар түгээнэ, үүнийгээ бүтэн улирлын өмнө амлаж хүмүүсээр захиалуулж мөнгийг нь авна гэдэг бол том менежмент. Гэхдээ яаж ч хичээгээд хувь ширхэг өсөхөөсөө өнгөрсөн. 2000 оноос хойш өдөр тутмын сонинууд тоо зарлахаа больж зарим нь “манайх захиалгаараа манлайлж торгон жолоо өргөв” гэж сагсуурдаг хэрнээ бусдыгаа дөнгөж 5300 гэх мэтээр илчилдэггүй. Яагаад гэвэл цаадуул нь “танайх өөрөө дөнгөж 5100 байж” гэх аюултай. Хэвлэл захиалга явуулдаг “Монгол шуудан” компанийг зарлах гэхэд “бизнесийн нууц” гэж загнаад болиулсан. Товчхондоо, 10 мянгаас дээш ширхэгтэй сонин байхгүй. Одоо бүгдийг нэмээд, түүний дотор “Үнэн” (одоо “Монголын үнэн”)-ийг оруулаад ч 1989 оны “Үнэн” сонины хувь ширхэгийн талд ч хүрэхгүй шахам.  Харин тэр үеийн “Үнэн” дэндүү туранхай буюу дөрөвхөн нүүрээр гарч байсан бол одоогийн сонинуудын таргалсныг яана.  Улс төр, зөрчил тэмцэл, бас хөрөнгө мөнгө зүйрлэхийн аргагүй арвин болжээ.   

Өдөр тутмын сонин том бизнес төдийгүй улс төр. Ихэнх орлогоо захиалгаас  биш ил далд сурталчилгаа,  захиалгат, гэрээт нийтлэлүүдээс олдог болжээ. Иймээс ар тал, эзэмшил, хэлхээ холбоогоо зарлах маш дургүй, зарим нь тас нууна. Жишээлбэл “Өдрийн шуудан” МАН-ын ерөнхий нарийн У.Хүрэлсүхийнх, “Женко” Баттулга “Ардчилал”-аас гадна “Монголын мэдээ”-г авсан, гэхдээ хоёрдахийг хэн нэгэнд шилжүүлж байгаа, дөнгөж мэндэлсэн “Өглөөний мэдээ” сонин “Монгол газар”-ын Мянганбаяр, “Ажнай” Бат-Эрдэнэ хоёрын нэгнийх гэхчлэн ам дамжин сэжиглэгддэг.  (Хасагдсан “Өнөөдрийн тойм” бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийнх)   

Сонинууд телевизүүдтэй хоршиж олигтой чаддаггүй (шинэ дугаарын тойм уншуулахыг эс тооцвол) бол Интернэт рүү шууд нүүж хоёр нутагтан болцгоожээ. Сонины хуудас А2 хэмжээгээр хязгаарлагддаг бол нэтэд мянган хуудас оруулсан ч дэлгэцийн доошоо эцэс төгсгөлгүй урсана. (Ёроол байдаг болов уу?) Уншиж барахаа  л хэлцгээе. Сонинууд өөрийн сайтыг нээцгээж нийтлэлээсээ их багаар тавьж үнэгүй уншуулдаг болсон, харин харамлаж үлдээснийг өөр сайтууд олон таван үггүй хуулаад тавьчихаж байна. Аажмаар хамгийн том уншлагын танхим гэж номын сангууд биш Интернэтийг хэлэх болж, үгээр урт бичих, унших соёлыг Интернэт аварч байна. Твиттерийн 140 тэмдэгтээр бичихийг хэлээгүй.

Уг нь цаасан сонин үнэ цэнэтэй. Гартаа аваад дэлгэдэг, буцаагаад эвхэж болдог, уншиж байгааг илчилж шажигнадаг, зай талбайг  мэдрүүлдэг, шинээрээ будаг ханхалдаг, хуучрахаараа тэр өдрийн биет дурсгал болж хадгалагдана. “Шарласан” сонин гэж ярьдаг. Зуун жилийн өмнөх Нью-Йорк таймс сонины дугаарт яг тэр өдөр Европоос ямар усан онгоц ирж зангуугаа хаясан, нэр алдартай хэн эрэг дээр буусныг хүртэл мэдээлсэн байдаг. Гуч, дөчин жилийн өмнөх “Үнэн” сониныг эргүүлж социалист уралдаанаас эхлээд олон улсын  мэдээг уншихад ядахдаа зугаатай. Хүмүүс үзэхээрээ бутниргээд салдаггүй байсан бол цаашлах тусам түүхийн баримтын хувьд  тайван хандах биз.

Хавтаснаас эхлэн хуудас хуудсаар эргүүлэхэд гарчиг, текст, зураг чимэглэлүүд яг хэвээрээ дэлгэцэн дээр гарч ирдэг pdf хэмээх үзэгддэггүй цаастай сонин, сэтгүүл, ном надад маш таалагддаг. Цаасан дээрээ зүс царай тааруухан “Өдрийн сонин”-ыг онлайнаар захихад фото зураг нь хүртэл өнгөтэй болоод ирсэн байх юм.   

“Зул бөхөхөөсөө өмнө бадамладаг” гэж үг бий. Өнөөдөр өдөр тутмын цаасан сонины тоо 16 хүрсэн нь тэр байх. Гэхдээ цаасан хэвлэл мөхөх хараахан болоогүй. Одоо тайзан дээр сэтгүүлүүд гарч ирлээ. Адилхан цаасан дээр мөртлөө өдөр тутмын сонин шиг яарч тэвдсэн биш даацтай, үгээр урт, бүр урт бичдэг, зураг дүрсээр бүлтэртэл гоёдог, ном шиг зузаан учраас нэгмөсөн багтаадаг мөртлөө авсаархан…

Posted in + СОНИНУУД | 2 Comments »

25 машины төлөө!

Posted by Ажиглагч on 2011/10/05

2011 оны дөрөвдүгээр улирлын хэвлэл захиалгын гол баатар “Үндэсний мэдээ” байлаа. Бүтэн сарын турш гудамж, дэлгэц хоёроор нүд эрээлжилтэл сурталчлахыг харахад гарч эхлээгүй байсан энэ сонин амбиц, мөнгө хоёроор хахаж байх шиг санагдсан. Толгойдоо шууд л соёмбыг залжээ. Сүхбаатарын талбай дээрээс аймгууд руу 21 фургон хөлөглөсөн сурталчилгааны багуудыг илгээсэн. Бас нэг орой зад шоудав. “XXI зууны түүхэнд ганцхан удаа” гэж байгаад захиалагчиддаа 25 автомашин амалсан юм. Аймаг бүрт нэг, Улаанбаатарт дөрөв ногдоно. Гэхдээ энэ өгөөмөр сониныг бушуухан захиалсан хүмүүс  бяцхан хууртсан байлаа. Дараачийн дөрвөн улирал дараалан таслалгүй захиалах ёстойг дараа нь мэджээ. (Нэлээд хэдэн жилийн өмнө өвөр монгол эзэнтэй “Бизнесийн мэдээ” сонин аймаг болгонд нэг машин амлахдаа “нэг аймгийн захиалагчдын тоо 4000 хүрсэн тохиолдолд” гэдгээ хэлэхгүйгээр хулхидсаныг санагдуулав. Мэдээж монголын бүх аймаг онхолдсон). “Үндэсний мэдээ” дөрвөн улирал дараалж гарахгүй бол эхний захиалагчид яахав? 

“Үндэсний мэдээ” хэний мөнгө вэ? Сонины эхний дугааруудыг шуудангийн хайрцагт шургуулж үнэгүй бэлэглэснийг авч үзээд ил тодын энэ их талбай дээрээс үүсгэн байгуулагч “Үндэсний мэдээллийн сүлжээ” ХХК-ийн цаана чухам хэн байгааг мэдэж чадсангүй. Сураг сонсоход, бас энэ тэрийг үзэхэд “Зиндаа” сонин, zindaa.mn, factnews.mn сайт, тэдэнтэй төрөл садан сайтуудын эзэд нийлж байгуулсан, харин мөнгийг “Монгол газар”-ын Мянганбаяр, эсвэл “Ажнай”-н Бат-Эрдэнэ нар гаргасан гэлцэнэ. Энэ Бат-Эрдэнэ “Эх орон” телевизийг бас худалдаж авсан гээд байгаа.

Төрийн ордон руу харсан сурталчилгааны самбар ↓

 

Posted in + СОНИНУУД | Leave a Comment »

“Өглөөний сонин”-ы сурталчилгааны баг

Posted by Ажиглагч on 2011/10/03

Posted in + СОНИНУУД | Leave a Comment »