Манайд олон нийтийн, салбарын мэргэжлийн байгууллагууд яахаараа ганц юмуу хэсэг хүмүүсийн мэдэлд орчихдог байна аа? Төрийн бус байгууллагын хуулийн дагуу анхнаасаа тав хүртэл хүн нийлж байгуулсан, нийгэмд үйлчилдэг ТББ-уудыг биш, харин олон гишүүнтэй, тэднийхээ эрх ашгийг хамгаалах зорилготой тэр холбоо, эвлэл, нийгэмлэгүүдийг хэлж байна.
Хамгийн ойрын жишээ бол МСНЭ. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэгтгэсэн, хэдэн мянга биш юмаа гэхэд лав хэдэн зуун гишүүнтэй байгууллага. Тэгвэл Бямба гаригт яаж шүүмжлүүлэв?!
Бусад салбарт ч мөн адил. Барилгачдын холбоо, тээвэрчдийн холбоо, автозамчдын холбоо,тариаланчдын холбоо гэхлээр бетон цутган тоосго өрж зогсдог барилгачид, өдөр шөнөгүй жолоо мушгидаг жолооч нар, хөдөө хөрж гадаа гандах замын ажилчид, эсвэл тракторч, комбайнчид хуралдаад байгуулсан гэж та бодож байвал тэрэн шиг эндүүрэл байхгүй. Зүгээр л барилга, тээвэр, зам, газар тариалангийн компанийн эзэд, захирлуудын холбоо юм. Тендерийн комисст хөндлөнгийн хүмүүсийг оруулж хянуулах гэхлээр тендерт оролцож байгаа компанийн төлөөллүүд дээрх нэрээр орж ирээд суучихсан дуулддаг.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэж мундаг нэртэй байгуулллага бий. Монгол орон даяар хордож хохирсон хэрэглэгчид энд тэндгүй хуралдаж, дараа нь төлөөлөгч сонгож Улаанбаатарт цугларсан нөр их ажил таны нүдэнд харагдав уу? Үгүй дээ, огцорсон дарга голдуу таван нөхөр хуралдаад төрүүлсэн юм.
Сая 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын залуучуудын холбооны нэр бүр ч супер. Гэхдээ Монголын хүн амын дийлэнх болсон залуучуудын нэр барьсан энэ газар хүний нэр дээр бүртгэлтэйг хэн ч мэдэхгүй. 20 жилийн өмнө 300 мянган гишүүнтэй байснаа зах зээлийн далимаар ямар ч тайлбаргүйгээр бүгдийг жийж орхиод өмч хөрөнгийг нь хүртчихсэн билээ.
Монголын оюутны холбоо байна. Оюутнуудын нэрээр бизнес хийдэг, өмч хөрөнгө хураадаг, газар авдаг энэ байгууллагын орой дээр хэзээ нэгэн цагт оюутан байсан байж мэдэх хэсэг нөхөд гарч зайдагначихаад бие биендээ бөмбөг мэт паасалсаар арав гаруй жил өнгөрлөө. Хөөрхий оюутнууд учраа олж ядсаар эхний нэг, хоёр жилийг өнгөрөөх, сая нэг сэхээрч эрх ашиг, холбоо энэ тэрийг бодохтойгоо болмогц хурал яриандаа оруулахгүй, дараа жилээс төгсөлт, диплом, хонхны баяр, тэгэсхийгээд төгсөөд явчихна…
Энх тайван, найрамдлын холбоо гэж Монголдоо багтаж ядсан нэг газар бий. Эхлээд Энх тайван, найрамдлын ордон нь багадаж түүний өмнөх цэцэрлэг, усан оргилуурын газрыг зарж хажуугийн хоёр байрны оршин суугчдын цонхыг тагласан барилга босгоод дуусч байна. Социализмын үед бас л хэдэн зуун мянган гишүүнтэй байснаа залуучуудын холбооны жишгээр нясалж орхисон тул Д.Цахилгаан нарын хэдхэн (бодвол тав) хүн хүртэнэ. Энэ мэтээр ахисаар баримжаагаа алдаж одоо дэлхийн монголчуудыг төлөөлж давхидаг болсон байна. Нэг мэдэхэд Монголыг дэлхийд төлөөлөх биз ээ. Эсвэл төлөөлөөд эхэлчихсэн үү?
Тэгэхлээр манай МСНЭ ганцаараа ийм марзан биш учраас бага зэрэг тайвширцгаая.