АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for June, 2011

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны МАН-ын үүрийн байр

Posted by Ажиглагч on 2011/06/29

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулинд нийслэл Улаанбаатар хотын хороо гэж юу болох, хороодын Иргэдийн нийтийн хурал хэрхэн хуралдаж Засаг даргыг яаж сонгох талаар нэгд нэгэнгүй заасан бий. Тэнд хорооны “засгийн эрх”-ийг улс  төрийн нам авах, тэр тусмаа хорооны байр савыг эзэгнэх тухай үг байтугай үсэг ч үгүй.  Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо ба цагдаагийн хэсгийн байранд Монгол Ардын Намын шинэ туг зоогоостой удаж байна.

 

Хорооны байр гэдэгт итгэхгүй байвал доорхи зургийг үзэхтүн.

Read the rest of this entry »

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Төрийн албаны шинэтгэл ил тодоос эхлэнэ

Posted by Ажиглагч on 2011/06/28

Зургадугаар сарын 23-нд болсон “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” үндэсний чуулганд хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудаас төлөөлөл урьж оролцуулсны нэг нь би. Чуулганы “Шударга, хариуцлагатай төрийн алба” салбар хуралдаан дээр боломж олгосныг ашиглаж дараах хэдэн санааг хэлсэн юм.

Юутай ч шударга, хариуцлагатай байдлыг эхлүүлэх хамгийн үр дүнтэй аргыг санал болгож байна. Энэ бол ердөө л ил тод байдал. Итгэхэд бэрх байж магадгүй, гэхдээ нээлттэй болгоход л төрийн албанд хууль бусаар шургалаачид дальдчиж, албан тушаалтнууд улаан цайм мэдэн будлихаа больж, но-той юм харагдвал хэвлэл мэдээлэл шуугиж гарна.  Эндээс жинхэнэ хяналт, хариуцлага эхэлж байгаа юм. 

Бид аливаа асуудалд дэндүү ерөнхий ханддаг хэвээрээ байна. Төрийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг жагсаасан Засгийн газрын 143-р тогтоолын “Хүний нөөцийн бодлогын ил тод байдал” гэсэн хоёрдугаар хэсэг төрийн албанд шууд хамаатай ч “хэрэгжүүлсэн байх”, “тусгасан байх” гэх мэтээр ерөнхийлжээ. “Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан байх” тухай цорын ганц тодорхой заалт төрд ажиллахыг хүссэн хүмүүст хэрэгтэй ч бусад иргэд, олон нийтийн хувьд хүртээлгүй юм.

Ийм учраас төрийн ил тод, нээлттэй байдлыг томъёолсон тодорхой шаардлага, нарийвчилсан зохицуулалт, стандарт хэрэгтэй. Хэрвээ иргэн хүн хуулиар хориглосноос бусдыг, харин төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийдэг гэвэл төрийн ил тод байдал ч бас журамлагдах ёстой. Энэ танхимд төлөөлөл нь ирсэн канад, эсвэл сүүлийн үед Ерөнхий сайдын яриад байгаа тэр евростандартыг авах хэрэгтэй.
 
Би чухам ямар ил тод байдлыг хүсч буйгаа хоёр жишээгээр тайлбарлая.  Өнөөдөр төрийн албанд  төчнөөн хүн орсон, төдөн хүн, хувь процент ингэж тэглээ гэсэн статистик мэдээлэл хангалтгүй болжээ. Үүнээс хойш төрийн ямар ажил, албан тушаалд хэн суугаа, шинээр орж гарсан, дэвшиж буусныг хүн тус бүрээр тэр дор нь шууд зарладаг байх ёстой. Тагнуулын ажилтан зэрэг нууцлах шаардлагатайг хассан ч 99 хувь нь ил тод байх боломжтой. Тэгвэл бид сонин юм олж харна. Өнөөдөр манай нийгэмд хамгийн хаалттай институц бол улс төрийн намууд. Эрх баригч хоёр нам гэхлээр бид намын байраар нь төсөөлдөг ч үнэн хэрэгтээ тэд төр дотор байршдаг. Улс төрийн албан тушаалтнуудаа дагаад Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал нэртэй залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллага, эсвэл АН-ын харгалзах байгууллагууд бүгд төрд орчихсон, татвар төлөгчдөөр тэжээлгэж суугаа. Намууд хүссэнээ хийж чаддаг. Хэлээд ч нэмэргүй. Төрийн албаны шалгалт өгөөгүй залууг агентлагийн дэд даргаар тавьсныг Төрийн албаны зөвлөлөөс 4 удаа анхааруулж бичиг явуулсан гэж сонссон. Өчигдөр тэр нөхөр албан тушаалдаа хэвээрээ, зурагтаар ярьж суухыг харлаа. Төрд хууль бусаар шургах (шургуулах) арга ухаан урлаг болтлоо хөгжсөн байна. Сул орон тоог зарлахгүй байх, өрсөлдөгчгүйгээр шалгаруулах мэтийн шууд хулгайгаас эхлээд үүрэг гүйцэтгэгч, гэрээт, дадлагажигч нэрээр амжуулдаг. Энэ бүхний оргил, төгс хэлбэр нь мэдээж “зөвшилцөл”.

Хоёр дахь жишээ. Би сая Төрийн албаны хууль, журмуудыг үзлээ. Төрд ажилладаг хүмүүсийг цалин хөлс, элдэв тэтгэмж, дэмжлэг, тусламж гээд чамлахааргүй харж ханддагийг олж мэдлээ. Дээрээс нь сургалт, сургууль соёл, орон сууц… Төрийн албан хаагч орон сууцаар хангуулах эрхтэй гэсэн хуулийн ганц заалтын цаана дураараа дургидаг, үүнийг дэлгэх цаг болсон. Төрд ороод нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх, орон сууцны нөхцлөө сайжруулах далбаан дор 3,4,5 дахь удаагаа байр, мөнгөн дэмжлэг хуваарилуулдаг гэж байна. Зарим сайд үр хүүхэддээ өгч, эсвэл зарчихаад түрээсийн байранд суугаа нэрээр дараачийнхийг нэхэж суугаа.

Эрх мэдэл, албан тушаалаа хувьдаа ашиглахыг авлига гэдэг. Тэгвэл байгуулллага, хамт олноороо яг тийм үйлдэл хийхийг юу гэж нэрлэх вэ? Тухайлбал, байгууллагын буюу төрийн мэдэл, нийтийн эзэмшлийн газрыг өөрсөддөө хэдэн орон сууц авах болзолтойгоор хувийн компанид өгч барилга бариулаад зүлэг модыг устгуулж, ардын хүүхдүүдийг тоглоомын юмуу  биеийн тамирын талбайгүй үлдээх явдал хавтгайрчээ. Энэ бол хариуцлагатай  төрийн алба яав ч биш.

Засгийн газрын 2010 оны 288-р тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн дүрэм”-д “Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл хууль зөрчсөн болон ёс зүйн хэм хэмжээний аливаа зөрчилтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд заавал мэдээлнэ” гэсэн мөртлөө дарга нь арга хэмжээ авахгүй, нуун дарагдуулбал яах нь тодорхойгүй үлджээ. Иймд яаж “Шүгэл үлээх” талаар бодоцгооё. 

Өнөөдрийн чуулганаар Төрийн албан хаагчийн эрмэлзэх 9 зүйлийг батлах юм байна. Чухал баримт бичиг байх, гэхдээ төрийн албан хаагчид бол нэгдүгээрт, сонгон шалгаруулалтаар орж шигшигдсэн, хоёрдугаарт, тангараг өргөж дээд зэргийн ухамсартайгаа харуулсан, гуравдугаарт, насанд хүрсэн хүмүүс байж зөвхөн эрмэлзээд байвал дэндүү чамлалттай. Одоо хатуу шаардлага, хариуцлага нэхдэг цаг.  

Би нэг иймэрхүү юм хэлжээ. Чуулганд оролцогсод дандаа том том бодлого ярьцгаав. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилладаг нэгэн эмэгтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга (одоо нийслэлийн Засаг даргын орлогч) Мөнхбаатар дарга өөрийг нь дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас чөлөөлж хэлмэгдүүлсэн тухай гомдол мэдүүлэхэд салбар хуралдааныг хөтөлсөн эдийн засагч Жаргалсайхан нэхсээр “Тэр жилийн сонгуулиар манай Өмнөговь аймгаас Идэвхтэн энэ тэр гээд олон сайхан хүмүүс нэр дэвшихээр нь сэтгэл хөдөлж баяр хүргээд амжилт хүсчихсэн юм” гэдгийг хэлүүлж чадав.

Бас энэ чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр оролцон (ер нь Монголд болж буй бүх хурал чуулган,  арга хэмжээнд оролцож, ихэнхийг ивээлдээ авдаг болжээ) үг хэлж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл илгээлт ирүүлсэн бол Монголдоо түр ирээд байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндийн зөрүүгүй яваад өгсөн нь “Төрийн албаны зөвлөлийг татан буулгавал таарна” гэсэн байр сууриа сануулсан хэрэг биз.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

“Танайд дахиж хоноё”

Posted by Ажиглагч on 2011/06/28

Хэдэн жил айлд хоноогүй сэтгүүлч Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлэгтээ буцаж ирэв. “25-р суваг” телевизийн 15 жилийн ойн хүрээнд 2006-2008 онуудад хоносон 114  айлынхаа 20-д зочилно гэлээ. Дажгүй сайн нэвтрүүлэг байснаа 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө айлд мөнгөөр унтаж эхэлснээр хүндээ алдаж улмаар ажлаасаа гарч энэ хооронд “Толь” нэртэй сонин эрхэлж, өөр хэдэн телевизэд удаа дараалан нэвтрүүлэг эхэлсэн ч хөлөө олохгүй өдий хүрсэн юм. Харин одоо зохиж байгаа гэж жигтэйхэн. Ялгаа нь “25-р суваг” телевизийн захиалгаар Pawn студид бэлтгэв” болсон байна.

Долоо хоногт нэг гэвэл 20 айлыг ондоо элбэг амжуулна. Ашгүй, сонгууль мөдгүй тул нэр дэвшигчдийнд “уригдаж” амжихгүй биз. Харин дахин хоносон эхний айлын эзэгтэй Баасан 2012 оны сонгууль нэр дэвшихээ аль хэдийнэ зарласан байсан ч дэндүү хол сонгуультай төдийлөн хамаагүй нэвтрүүлэг болсон нь мэдээж. 

Урьд ба одоо хоносон дүрсүүдийг нэвтрүүлгийн дундуур зэрэгцүүлэн үзүүлж харагдсан. Баасан хатагтай МУИС-ийн хуулийн ангид суралцаж ахуй амьдрал өөдрөг сайн яваа ажээ. Харин хэдэн жилийн өмнө учир зүггүй хамгаалан тэмцэлдээд байсан Ахмадын холбооны байрыг нураасан тухай асуултанд “Тэр чинь Улаанбаатар хотын өмч юм чинь. Тэгээд ч 50 хувь нь замын шугаманд орсон байсан. Бид гаднын хүмүүст өгөхгүй гэсэн зорилгодоо хүрсэн”  хэмээн хариулжээ. “Цогт тайж” киноны зургийг энд авсан, Улсын филармони олон жил байрласан түүхтэй учраас эцсээ хүртэл хамгаална, өндөр байшин барина гэж бүү горьд, муусайн Энхбаярын гар хөлүүдэд өгөхгүй гээд баахан монгол нэрсийг илчилж цамнаад байснаа таг мартсан байна.

Монголд бас нэгэн улс төрч ном ёсоороо мэндэлж байх шиг.

Posted in 25-р суваг телевиз | Leave a Comment »

“Мөнгөний өмнө хэвлэл буруугүй”

Posted by Ажиглагч on 2011/06/22

Саяхан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уул уурхайн асуудлаар нэгэн хэвлэлд хандахад “Бид Оюутолгойтой гэрээ байгуулсан. Одоо хамаагүй ярихаа больсон” хэмээн цааргалжээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нарын УИХ-ын даргад хандаж барьсан өргөх бичиг дотор “… сүүлийн үед гадны томоохон хөрөнгө оруулагчид бидний дөрөв дэхь засаглал хэмээн итгэдэг хэвлэл мэдээлэлийг мөнгөөр боймлож, ард иргэдийг үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээс нь хазайлгах оролдлого ил тод хийх болсон нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна… дараахь асуудлуудыг УИХ-д нэн даруй оруулж шийдвэрлүүлэхийг Танд хүсэлт болгон уламжилж байна… УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

УИХ-ын гишүүдийн арга тасраад гомдол мэдүүлж суугаа бол байдал үнэхээр ноцтой. Өнөөдөр хэвлэл мэдээллийн улам их орлого уул уурхайгаас ирж байна. Өдөр тутмын сонинуудад нийтлүүлдэг уул уурхайн компаниудын зар сурталчилгаа хэдэн жилийн өмнө хааяа нэг байсан бол яваандаа бүтэн нүүр, сүүлдээ бүхэл секц буюу 4-8 нүүрийг эзлэхэд сонинууд арга буюу тараан байршуулдаг болжээ. Бас төлбөртэй нийтлэлийг дуртай нүүрэндээ дуртай цагтаа оруулдаг. Одоо нийтлэлийн бодлогыг нь  барилцаад эхэллээ. Үүний тулд “хамтран ажиллах гэрээ” гэж маш нууц юм гарч ирэв. Хоёр тал чандлан нууцалдаг тул хэнд ч үзүүлдэггүй. 

Ингээд уул уурхайгаас бага сага дусалж эхэлсэн уул уурхайн мөнгөнөөс дөнгөж амсаад л манай сонин хэвлэлүүд яйраад өгч байна. Удалгүй жинхэнээсээ тэр их мөнгө ороод ирэхлээр яахав? 

Сонины эзэд, эрхлэгчид дуртай, дагаад сэтгүүлчид нь хүчээр дуртай байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сахих үүрэгтэй МСНЭ таг дуугүй.

Posted in Хэвлэлийн эрх чөлөө | 1 Comment »

Дөнгөж тав дахь удаагийн шаардлага.

Posted by Ажиглагч on 2011/06/20

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны дарга Т.Хасбаатар гэдэг хөгжилтэй залуу ээлжит удаагаа хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос хатуу шаардсан нь гэр хорооллын өрх бүрт хоёр өрөө байрыг уул уурхайн мөнгөөр үнэ төлбөргүй олгох хууль санаачлах тухай юм. Урьд нь дөрвөн удаа бичиг өгөөд бүтээгүй гэнэ. Хэрвээ С.Батболд шаардлагын хариуг долдугаар сарын 11-ны өдрөөс өмнө өгөхгүй бол 13-ны өдөр огцрох ёстой гэнэ. Уяачдын наадмыг өнгөрүүлээд 14-нд огцорвол дээргүй юу?   

Гишүүд ба дэмжигчдийн холбоо бол үнэхээр зугаатай санаа. Намаасаа холдож гэдэс алдахгүй, жаал дөвчигнөж байгаад ардуур нь гүйгээд орчихно, харин тэр огцруулах Ерөнхий сайдтай хамт нэг хөнжилд хэвтээ намын даргаа “харахгүй” байж болно. Дэмжигчдийн холбоо юм чинь… Энэ удаагийн хурал дээр хот суурин газрын гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн хаягтай нөхрийг дэргэдээ суулгажээ.  Хүрээгээ тэлж үндэсний хэмжээнд гарсан юм байх.

Одоо Төрийн ордонд С.Батболд гэдэг хүн 7-р сарын 11-ныг хүлээн дагжиж суугаа юу? 1960-аад онд хятадууд зөвлөлтийн “ревизонистууд”-ад өдөр бүр хатуу мэдэгдэл илгээж, жишээлбэл, энэ өдөр “1358 дахь удаагаа анхааруулж байна”, маргааш нь “1359 дэх удаагаа анхааруулж байна” … гэхчлэн өддөг байсан. Харин хэд хүрээд зогссоныг бүү мэд. Ямартай ч манай АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог мөн ч урт ирээдүй хүлээж байна даа.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Бат-Эрдэнэ, Бен Ладен, Жириновский …

Posted by Ажиглагч on 2011/06/17

Урт нэртэй  ч түүнээсээ хавьгүй урт гол мөрөн, бас үй түмэн модыг хамгаалах учиртай хуулийг хүний өөрийнгүй нийлээд унагахад ойрхон байна.

Ноднин зун “Бороо гоулд”-ийн ерөнхийлөгч Жон Казакофф сэтгүүлчдэд хандахдаа, уг хуулийг өөрчлүүлэхээр уул уурхайн үндэсний ассоциаци лобби явуулж эхэлсэн, өөрчлүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа учраас олборлолт явуулах бэлтгэлээ хангаж буйгаа шулуухан зарласан юм. Тэгвэл энэ хавар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг алтны компаниуд дур мэдэн ухаж довтолгоогоо эхэлсэн бол УИХ-ын танхимд хэсэг гишүүд хуулийг засварлах төслийг өргөн барьж алтны төлөөх тэмцлийн хоёрдугаар фронтыг нээв.

Том мөнгө шидэхэд хэвлэл мэдээлэл яаж хоцрохов. Зүв зүгээр байснаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг амалж аваад өвдөг шороодуулахыг завдах болсон “Улс төрийн тойм” сониноор жишээ авсугай. Зарим нийтлэлийг ишлэв.

2011 оны 5-р сарын 24.
“Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, Заамарт ямар мэх хийчих нь энэ вэ?”
… Заамарынхан заамдалцаад авлаа. “Б.Бат-Эрдэнэ гишүүн цагтаа “Хүч” нийгэмлэгийн тамирчин байсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороог ч даргалж явсан хүн. Тиймээс хүчний байгууллагынхныг бидний эсрэг турхирав уу” хэмээх хар хорын үгс Заамар хавиас дуулдаж эхэллээ… Бас Б.Бат-Эрдэнэ гишүүнээс “Заамарт заамдалцаан үүсгэхгүй л бол турж үхчих гээд байна уу” гээд асуучихмаар ч юм уу…

2011 оны 5-р сарын 27.
“Бин Ладен “амилсан” гэдэгт тэд итгэсэн бололтой”
… Төрийн “хар салхи” уул уурхайн салбарынхныг дайрав… Бүр нууц ажиллагаа явуулж, төрийн нүд, чих болдог тагнуулынхан гэгээн цагаан өдөр уурхайчдын “омог” уруу дайрцгаав. Үгүй, энэ чинь юу болж байна вэ… Ер нь энэ төрийн дээрэм үү, хууль хэрэгжүүлэгчдийн бүрэн эрх үү. Аль эсвэл тагнуулынхны найруулсан адал явдалт кино юу. Тэнд Осама Бин Ладены Монгол хувилбар бий гэдэгт тэд арай итгэчихсэн юм биш биз.

2011.06.06.
“Б.Гантогтох: Засгийн газар хууль зөрчин иргэдийг хохироож байгааг хараад дуугүй сууж чадсангүй”
-Манайх “Чамин алт” нэртэй, гаднын хөрөнгө оруулалттай компани. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дөрөв дэх жилдээ үил ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газар уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарласантай холбогдуулан би энэ салбарыг ирээдүйтэй юм байна гэж үзээд хөгжүүлэхийн төлөө зүтгэе гэж бодсон….
-“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын дагуу 254 лицензийг цуцалсан. Үүнд танай компанийн лиценз орсон уу?
-Орсон. Цуцалчихсан.

2011 оны 6-р сарын 9.
“Ж.Батсуурь: Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа”
УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг ярилцах танхимдаа урилаа…

2011 оны 6 сарын 9.
“Банк дампуурах нь Б.Бат-Эрдэнэд юуны хамаатай вэ?”
… УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аймаар уурлаж Байнгын хорооны хуралдааныг хаяж гарав. Юун В.Жириновский. Мундаг улстөрч байгаа биз дээ. Тэр ойрын үед өөрийгөө дэгээдэх мэх олонтаа хийж байна… Оронд нь Б.Бат-Эрдэнэ аварга сайд болох гэсэн юм байлгүй дээ…  Биеийн тамир, спортын тухай хуулийг санаачилснаас хойш өргөн барьчих хууль сэм хайж байтал уул уурхайн нөхөн сэргээлт хийдэггүйгээс болж байгаль орчин сүйрч байна гээд мань эр сонсчихож. Бодоод үзвэл өөрийнх нь бизнест ямар ч хамааралгүй тэр хуулийг санаачлаад батлуулчихвал алдар хүндийн тавцанд амархан гарчихаж болмоор санагдсан биз…

2011 оны 6-р сарын 10.
”Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжиж байна”
“Урт нэртэй ” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхийг нь УИХ-ын зарим гишүүнээс лавлалаа. (П.Алтангэрэл, С.Баярцогт, Л.Гантөмөр нартай ярилцахад гурвуулаа энэ хуулинд өөрчлөлт оруулахын төлөө байжээ).

2011 оны 6 сарын 10.
“Алтны уурхайнууд ажиллаж эхэллээ”
“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүд уг үйлдлийг хууль бус гэж үзэн өнгөрсөн Даваа гарагт Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагад “Хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний дотор сэргээхгүй бол шууд ажиллаж эхэлнэ” хэмээн тусгасан байв. …  Ямартай ч алтны компаниуд энэ удаад шийдвэртэй алхам хийж, ажлаа үргэлжлүүлж эхэллээ.

2011.06.14.
“Б.Агваандондов: Уурхайчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг шүүхэд өгнө”
“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөний тэргүүн Б.Агваандондовыг “Ярилцах танхим “-даа урьж ярилцлаа.
-Үйл ажиллагаагаа эхэлсэн компаниудад дарамт шахалт ирж байна уу?
-Өдөр болгон цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас хүмүүс ирж, тойрч явж үзээд ажил хийлгэхгүй байна. Бид нэг босвол боссон шиг босно…
-Уучлаарай, бослого гаргана гэсэн үг үү?
-Бүх амьдрал, эд хөрөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаагаараа хохирсон бидэнд өөр алдах юм байхгүй. Хэрэв ажил хийлгэхгүй л бол хүмүүсээ аваад ирж тэмц гэж уриалах болно.

Ийнхүү “Улс төрийн тойм” сонин Осама Бен Ладен, Жириновский хоёрыг дайчилснаас үзэхэд урт нэртийг зогсоох хатуу даалгавар хүлээж авснаас зайлахгүй. Сонирхуулахад, сонин хэвлэлүүд дэргэдээ Зар сурталчилгааны албатай  байдаг бол эднийх “PR, сурталчилгаа” гэсэн албатай харагдана.

Posted in Улс төрийн тойм | 2 Comments »

Гишгэх газаргүй хүүхдүүд …

Posted by Ажиглагч on 2011/06/03

6-р сарын 1 бол Хүүхдийн баяр, бас хүүхдийн паркт очиж тоглодог өдөр. XX зууны 1960-аад оны төгсгөлөөр (хэрвээ би андуураагүй бол 1967 онд) тогтсон энэ уламжлал дөч шахам жил үргэлжилсний дараа гэнэтхэн хэдэн жил тасарснаа сэргэж байгаа нь энэ үү?

Олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн нээлтийг сурвалжлахдаа шадар сайд М.Энхболдын “Би нийслэлийн Засаг дарга байхдаа Соёл амралтын хүрээлэнг шинэчлэх хөтөлбөрийг 2004 онд батлуулсан. Өнөөдөр шинээр нээгдсэн тоглоомуудыг хараад сэтгэл хөдөлж байна” гэсэн үгийг онцолж сэтгүүлч нь урьд энд тэнд дугаарлаж зовдог байсан хүүхдүүд өнөөдөр паркдаа сайхан тоглож байгааг бахдав.  Харин NBS телевизийн мэдээллийн хөтөлбөр арай өөр дүр зураг харагдаж, паркийн нарийхан төмөр хаалган дээр хамгаалагчдад хоригдсон хүмүүс дайран орж байх юм.

Улаанбаатарын орон сууцнуудын дундах хамаг тоглоомын талбайг ширхэгчлэн гарын үсэг зурж үгүй хийсэн  М.Энхболдын баясах нь аргагүй. Нийслэлийн төвийн 35,7 га газрыг “Бодь” группийн мэдэлд зугуухан хувьчлах зам шулуудсан төдийгүй Хүүхдийн паркийг устгасан нүгэл нь цайрч эхэлсэн учраас тэр. Монголын Диснейланд байгуулна гэж хөөргөн бөөн хүлээлт үүсгээд одоо нийт талбайн зөвхөн гуравны нэгд хүрэхтэй үгүйтэйд хэдэн тоглоом суурилуулсны эцэст амсуулсан хэрэг.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнг газартай нь зувчуулахын тулд эхлээд Японы “Иточу”-тай хамтарч шинэчлэнэ хэмээн хоёр, гурван жилийн турш мэхэлсэн. Хэдэн арван тэрбумын газар, барилга байгууламжийг ямар ч тендер, төсөл, сонгон шалгаруулалт, ил тод танилцуулга, хэлэлцүүлэггүйгээр “Бодь”-д шилжүүлээд нийслэлийн төсөвт юу орсон бэ? Чухам юу ч оруулахгүйн тулд 26 :74-өөр Улаанбаатар хот -“Бодь” группийн хамтарсан компани байгуулжээ. Энэ бол Энхболдын ичгүүр сонжуургүй хувьчлалын шалгарсан арга. Анх 100 хувь нийслэлийн өмч байсан “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” даатгал”,  “Тэнгэс”  кинотеатр,  бүр төрийн наадам хийдэг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл яг энэ замаар хувьчлагдсан буюу зам нь шулуудаад байна. “Улаанбаатар таймс” сонин, UBS телевиз, “Улаанбаатар радио”-гийн шошго зүүлгэсэн барилгууд шиг  менежментийн хувьчлал гэгчээр халхлахыг оролдоо ч үгүй.  Хэт ил, хэт том газар учраас тэр.  Удалгүй Диснейландын нэртэй тоглоомуудыг өч төчнөөн сая доллараар авч хөрөнгө оруулснаар түрээ барьж “Бодь” группийн хувь 100 болно. 

Өнөөдөр хүүхдийн паркийн газрын үлдсэн гуравны хоёрыг хэн ч нэхэхээ больжээ. Энд тэндээс нь эмтэлж “ориг” Шангри-Ла (MCS), Мон-Уран,  Сөүл ресторан, бас нэр үл мэдэгдэх компанид хүртээгээд амжсан, харин үлдсэн зай талбайг “Бодь-ийн элдэв барилга байгууламжууд дүүргэнэ, гагцхүү биднийг Хүүхдийн парк ийм жижигхэн гэдэгт дасахийг л хүлээж байгаа.

Багачуудад Диснейланд нэртэй өндөр үнэтэй хэдэн тоглоом хэрэгтэй байх. Гэхдээ 1967 онд хагас сая байсан, одоо сая давсан хүнтэй болсон нийслэл Улаанбаатар хотод бяцхан төдийгүй том иргэдэд зүлэг мод, амарч  суух сандал бүхий цэцэрлэгт хүрээлэн хэд дахин илүү хэрэгтэй. Үүнийг ахмад үе маань мэдээд 40 гаруй жилийн өмнө хотынхоо төвд сэлүүхэн парк байгуулж үлдээсэн. Цагийн эрхээр хуучирч хоцрогдсон түүнийг өөд татахын оронд хэд тасчаад үгүй хийчихэв.

Энэ жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр багтаж ядсан олон хүүхэд багширч өнгөрүүллээ. Гишгэх газаргүй хүүхдүүд…

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, NBS | 9 Comments »

“Дэмий яриа”

Posted by Ажиглагч on 2011/06/02

Суваг солиход “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Лу.Гантөмөр, Батж.Батбаяр, Ш.Сайхансамбуу, дээрээс нь МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл нар төрийн өмчийн талаар ярилцаж сууна. Уг нь тэд одоо үлдсэн төрийн өмчийг хувьчилж барих талаар ярихаар цуглажээ. Батбаяр гишүүн “Хүн зөвхөн хувийн өмч, хувийн ашиг сонирхлынхоо төлөө зүтгэнэ. Иймээс төрийн өмчийг устгах хэрэгтэй” гэж цамнасан бол Гантөмөр гишүүн “Манайхан төрийн өмчийг улам ихээр тахин шүтэж байна. Ингээд байвал бид сүйрнэ. Саяхан судалгаа үзэхэд сонгогчид овоо тахиж шоудаж байгаа хүмүүсийг илүү дэмжсэн байна” гэж хэлэх мөчид дэлгэцэн дээрх санал асуулгын явцыг танилцуулахад үзэгчдийн дийлэнх хувийн өмчийн талд байсан ч “2000 онд асуусан бол хоёр дахин их дэмжих байсан” хэмээн цааш зүтгэсээр монголчууд хувийн өмчийг үзэн ядлаа хэмээн буруутгасан шүүх хурал шиг юм болж хувирлаа.

Тэд нотлох баримт хэлэв үү? Хүмүүс төр лүү тэмүүлдэг, бас Тавантолгойг хувийн компаниудад даатгахын оронд төрийн компани байгуулсныг дурдах шиг болов.

Яаж ч муулаад, монголчууд хувийн өмчийн эсрэг биш. Хураая, буцаая гэж дуугарсан хүнтэй би лав сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тааралдаагүй. Буруу зөрүү хувьчилсан тухай шүүмжлэлүүд хүртэл хувьчлах, гэхдээ шударгаар хувьчлахын төлөө юм.

Иймэрхүү нөхдүүд гарч тухлаад хувийн өмчөө зайнаас арвижуулаад хоосон чалчиж суухад яадаг ч үгүй төр өөд хүмүүс авирахгүй хаачихав. Тавантолгойг шийдсэн эрхмүүд бол тэд өөрсдөө. Сонгууль дөхөхлөөр амлаад давхичихдаг, Их хурлын танхимд суухлаараа өгнө, тараана гэж гараа өргөдөг, харин камерын өмнө төрөл арилжиж шударга нь дэнддэг, сөрөг намын санаатай ч бие биендээ үг дуугарч чадахгүй мөртлөө одоо нийлээд иргэд рүүгээ агсардаг болов, энэ “дуусдаггүй яриачид”. Энэ удаагийнх бүр шал дэмий яриа байлаа.

Тэд бас төрийн өмчит компанийн ТУЗ-д багтдаг төрийн албан тушаалтнуудын урамшуулал багаддаг тухай гомдол мэдүүлж, мөн Эрдэнэтийн ядарсан Ганзориг захирлыг баахан өрөвдөж цалинг нь сарын 50 саяд хүргэвэл хамаа намаагүй идэж уухгүй гэлээ. Хүний шуналд хязгаар үгүйг мэддэггүй юм байх даа.

Posted in 25-р суваг телевиз | Leave a Comment »