АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for May, 2011

Засгийн газар гараасай…

Posted by Бид on 2011/05/24

Нийслэлийн удирдлага гэнэт “эх оронч” санаачлага гаргаж хэдхэн жилийн өмнө “Улаанбаатар таймс” сонины далбаан дор хувьчилсан хэвлэл үйлдвэрийн барилгын балгасан доорхи газар дээр “Парламентын шинэ ордныг барих боломжийг бүрдүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ УИХ, Засгийн газарт албан бичгээр илэрхийлжээ.

Хүн айсандаа яаж ч мэднэ. Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт шоронд суух аюулын өмнө төрдөө тал засч дээрх хувьчлал төдийгүй Монгол Улсын 100 жилийн түүхийн гэрч болсон энэ байшинг хамгаалалтанд авахгүйгээр бараг нураалгасан хэргээ давхар цайруулахыг оролдож байна. Хэдэн жилийн турш дайрсан ч нурж өгөөгүй, өндөр таазтай, сүйтгэчихсэн болохоос биш уран барилгын элемент бүхий энэ барилгад ямар нэгэн, магадгүй Улаанбаатар хотын түүхийн музей ороосой гэж би боддогсон. Одоо өнгөрчээ.

Миний бодлоор, энд парламентын ордон барьж болохгүй. Ерөөсөө манайд парламентын ордон хэрэггүй. Яагаад гэвэл Төрийн ордон бол Монгол улсын парламентын ордон юм.

Харин багталцаж ядаад байгаа Төрийн ордноос Засгийн газрыг гаргавал асуудал шууд шийдэгдэнэ. Одоо Төрийн ордонд зөвхөн Ерөнхий ба шадар сайдууд ЗГ-ын хэрэг эрхлэх газартайгаа байрлаж харин яам, агентлагууд нь бүгдээрээ Улаанбаатар даяар тарсан “Засгийн газрын … дугаар байр”-уудтай билээ. Саяхан гэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар бүхэл бүтэн ордон бариулж орцгоолоо. Засаг өөртөө зарцуулах мөнгийг заавал олдог тул Парламентын ордноос “хөөгдөх” Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд гурав, бас ЗГ-ын хэрэг эрхлэх газарт зориулж байр савыг нь хаана ч босгосон яахав. Их Британийн ерөнхий сайдын өргөө – Dawning Street 10 гэж тун даруухан байшин зурагтаар харагддаг. Гүйцэтгэх засаглал маань парламентийн зааснаар гадуур явж Нарантуул зах, гэр хороолол, тариалангийн талбай, Оюутолгой, Тавантолгой, “гол мөрний урсац бүрэлдэх ойн сан”, Богд уулын Зайсангийн аманд ч хамаагүй ажиллаж, бас хуралддаг байгаасай. Ерөнхийлөгчийн тухайд хэтдээ Иргэний танхимаа аваад иргэддээ ойртсон нь дээр.

Харин Сайрааны олж ирсэн мөнгийг үрэхэд тийм хэцүү байвал надад хэлээрэй.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Худлаа ярихгүй байх …

Posted by Бид on 2011/05/23

Монголын өдөр тутмын сонинууд, дагаад сайтууд (эсрэгээр ч байж магадгүй) цөмийн хаягдлыг тойрч дахин нэг оволзов. Гаднаас цөмийн хаягдал оруулж булшлах асуудлаар монголын нэр нь үл мэдэгдэх албаны хүмүүстэй битүү хатуу яриа энд тэнд болсон тухай мэдээлэл цацагдах бүрийд ингэдэг. Төр засагт ганцаараа сөрөг TV9-өөс бусад телевиз Гадаад харилцааны яамны няцаалтыг уншихаас хэтэрдэггүй бол “25-р суваг” телевизийн өнгөрсөн долоо хоногийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг энэ сэдвийг цаг гаруй сөхөж УИХ-ын гишүүн Д.Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр нар тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа, бас Цөмийн энергийн газрын бололтой нэг албан тушаалтыг оролцуулан мэтгэлцэхийг  Ням гаригт үзлээ.

Олныг шуугиулсан асуултуудын хариулт олдов уу? Үгүй. Эмнэлэгт туяагаар эмчлүүлэхэд цацрагийн хор маш бага, харин цөмийн станц дэлбэрвэл аймаар, иймээс атомын цахилгаан станц барих, цөмийн хаягдал хадгалах эсэхэд хариуцлагатай хандах ёстой, цаашид бэлтгэлтэй байх ёстой …  талаар сонслоо. Фукушимагаас хойш энэ байтугай мэдэж авсан бидэнд дэндүү чамлалттай.

Монголд цөмийн хаягдлыг булшлах сэдвээр маргаан дэгдсэн шалтгаан энэ бүхнийг мэдээгүйдээ биш, харин гадаадын хэвлэлд бичсэн тэр яриа хөөрөө болсон уу, үгүй юу гэдэгт байгаа юм. Товчхондоо, худлаа яриагүй биз?

Худал хэлсэн улс төрчдийг илчлэх нь тэдэнтэй хариуцлага тооцох бараг цорын ганц арга. Билл Клинтон Моника Левинскийтэй орооцолдоод биш, харин тэгээгүй гэж хуурахыг оролдоод огцрох дөхсөн гэдэг. “Улаанбаатар таймс” сонины пайз зүүлгэсэн байшин, газрыг хууль бусаар хувьчилсантай холбогдуулан шадар сэтгүүлчийг нь барьж хорьчихоод байхад экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр таг дуугүй суугаа нь худлаа хэлэхгүй гэснийх. Үнэнийг хэлбэл өөрөө суух аюултай учраас яалтай билээ. Л.Гүндалай гишүүн ЭМЯ-ны сайд байхдаа төсвийн мөнгө завшаагүй, Д.Идэвхтэн гишүүн Тавантолгойд лиценз эзэмшдэггүй гэхчлэн худлаа ярьсныхаа төлөө улс төрөөс арчигдаагүй нь зөвхөн Монголд байдаг гаж үзэгдэл. Эрх баригч хоёр нам 1,5 ба 1 сая төгрөг тараахаар амалснаа эвтэйхэн цайруулахын оронд “заавал өгнө” гэж дайраад Монгол Улсын төсвийг тамлаж байгаа. Ердөө 2012 оны сонгуулийн өмнө худалч нэр зүүхгүйн тулд! 

Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар огт ярилцаагүй гэж албаны хүмүүс “хариуцлагатай” мэдэгддэг ч олон нийт, сэтгүүлчид гадаадын хэвлэлд гарсан тэр баримтуудыг няцаах баримтыг үзэхээс нааш салахгүй. “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт оролцсон тусгай үүрэгт элчин сайд Ундраа “би тийм яриа хийгээгүй” гэсэн ч энэ нь өөр сайд, дарга, албан тушаалтнууд тэгээгүй гэсэн үг хараахан биш. Гэнэт УИХ-ын гишүүн О.Чулуунбат америкчууд цөмийн эрчим хүчний асуудлаар Монголд ирэхэд нь уулзсан гэж цухуйлгаад авах нь тэр! Хожим уулзаагүй гэж худлаа хэлсэн болохгүйн тулд авсан сөрөг арга хэмжээ биз. Манай 76-аас ганцхан Чулуунбат, тэр тусмаа цөмийн эрчим хүчинд огт хамаагүй байж яагаад уригдав? Уулзалтын протоколыг үзэхсэн. “Цөмийн хаягдал хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш, манай Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой” гэсэн түүний тооцоо ямар учиртай вэ? Дэндүү хоргүй ийм юмнаас Чулуунбат гишүүн гэртээ хадгалсан ч болохнээ.

Мардайд, Дундговь, Дорноговьд уран олборлох нь өнөө маргаашгүй болж, бас атомын цахилгаан станц барихыг 2020 хэдэн он гэж аль хэдийнэ товлоод зарласан. Яриа хэлэлцүүлэг нэг их байтугай огт өрнөөгүй. Харин араас нь залгуулаад цөмийн хаягдал булшлахыг дээрх аргаараа явуулж эхэлтэл энэ шуугиан дэгджээ. Гар барьж, гарын үсэг зураагүй ч ярьж хөөрсөн баримтууд хэдэнтээ цацагдахад анхдагч эх сурвалжууд өөрсдөө дуугүй байхад өмнөөс нь няцаагаад байдаг… 

Нэвтрүүлгийг хөтөлсөн Д.Энхбат гишүүн худлаа нээрээгийн тухай хамгийн чухал асуултыг эхэн хавьд тавьсан гүйцээхийн оронд том бодлого хаялцахыг илүүд үзэв. Чулуунбат гишүүнээс бол асуугаа ч үгүй. Өөр аргагүй. Улс төрчид хоорондын “Дуусдаггүй яриа”  нэг иймэрхүү дуусдаг. Харин муу, сайн ч гэсэн сэтгүүлч хөтөлсөн бол (тэгээд улс төрчид урьдчилаад захиалчихаагүй бол) шуугиан тарьсан гаднын нийтлэлүүдийн үг, өгүүлбэрийг ишлэж, огноо, овог нэрийг дуудаж байгаад хариулт нэхэх байсан, хэрвээ мэдэхгүй гэвэл дараачийн дугаарт мэддэг хүмүүсийг оролцуулна.

Цөмийн хаягдал мэт мянга хэмжиж нэг огтлох дэндүү ноцтой асуудлаар зөв шийдвэр гаргах цорын ганц арга бол худлаа ярихгүй байх. Эхний худал дараачийн худлыг төрүүлж, тэгээд хэзээ ч зогсохгүй гинжин урвал зад тавина… Чухамдаа ийм учраас эхний худал байсан эсэхийг яг мэдэхийг хэрэгтэй.

Posted in 25-р суваг телевиз | 4 Comments »

Хүрээ маягийн хувьчлал

Posted by Бид on 2011/05/11

“Ингэх гээд байсан юм” гэж үг бий.  “Улаанбаатар таймс” сониноор нэрлэгдсэн барилгын битүү асуудал гэнэт сад тавилаа.

Хэдий хуучин ч 20-р зууны Монголын соёл иргэншлийн нэг эхлэл – анхны хэвлэх үйлдвэр, хожим Улсын хэвлэлийн  комбинатын түүхт барилга Төрийн ордны зүүн талд сүүлийн хэдэн жил балгас дүрээр сохойж, наагуур нь Монголд хамгийн том рекламын самбаруудыг эгнүүүлэн босгож халхлаад ч  нууж чадаагүй.

Намбар овогтой Энхбаярынх гэж бүгд хэлдэг хэрнээ бас яаж ч чадаагүй. Улсын Их Хурлын чуулганаар үе үе нийслэлд хамаатай асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүд “энэ хажуугийн барилга ямар учиртай вэ?” гэж заавал асуудаг, эхний удаад тэр үеийн Засаг дарга Ц.Батбаяр, дараачийн удаад одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар гэнэт ой санамжаа бүрэн алдаж “Би хүмүүсээсээ нягтлаад дараа хэлж өгье” хэмээн бултсан түүхтэй. Харин одоо “тэмцээд тэмцээд бараагүй” дүр эсгэж хувьчлалаа буцааснаа зарлаж амиа хоохойлов. 

Улсын хэвлэлийн комбинатын барилгын баруун жигүүрийг “Улаанбаатар таймс” сонины нэр дээр бичих ямар утга байв? 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хууль гармагц татан буугдах ёстой байсан ч зальдан авч үлдээд сүүлдээ хэдхэн хувь хэвлэгдэж хотын албан тушаалтнууд өөрсдийгөө уншдаг, ганц хоёрхон өрөөнд багтчих редакцитай сонинд ийм том барилгыг ороогоод хулгайлахыг завдаж, бараг амжуулсанд хэргийн учир байгаа юм. Үүний тулд сонины редакцийг нэгхэн хэсэгт нь оруулж, бусад давхар, зай талбайг баруун солгойгүй түрээслүүлж, араас нь менежментийн хувьчлал гээчийг зохион байгуулж явсаар 2008 онд гартаа оруулмагцаа Төрийн ордны дээрээс өнгийсөн том зочид буудал барина гэж хөөрцөглөөд сүйтгэж орхисон билээ. Нийслэлээр зогсохгүй Монгол улсын түүхийг ингэж сөнөөхийг Бурхан хүртэл тэвчээгүй хилэгнэсэн дэг шүү!

Нийслэл хот гурван хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байсан. Ноднин УИХ-ын чуулган дээр Н.Энхболд гишүүн “UBS телевиз хувьчлагдсан юм уу, хэдийдээ вэ, нээрээ юу?” гээд итгэж ядан суусан.  Тэгсээн. Барилга байшин (хуучин нэрээрээ бол телекино үйлдвэрийн барилга), хувьчлалаас өмнө төсвийн мөнгөөр амжиж шинэчилсэн тоног төхөөрөмж, сан хөмрөг бүгдийг нийлүүлээд бас л 2008 онд 800 сая төгрөгөөр Ц.Балхжавт өгчихсөн. Үүний өмнөх гурван жилд менежментийн гэрээгээр ажиллуулсан, тэгэхлээр өөрийнх нь орлогоор хувьчлаад авсан эсэхийг хэн ч таашгүй…

Гуравдахь нь “Улаанбаатар” радио. Анх хотын хуучин өндөр (Ардын банкны) оройд антенаа зоогоод, хэдэн өрөөндөө хаваасаг байсан бол 2004 онд сүүлчээр хувьчлалыг угтуулж Нарны титмын нэг блокийг тэр чигээр нь эзэмшүүлэхээр тийш нүүлгэсэн юм. Ингээд У.Булган захиралд нийт 1200 метр квадрат талбайг хүлээлгэж өгсөн гэдэг. Цаашаагаа юу болсныг сонсоогүй. Бодвол, амжуулсан биз.

Ямар нэгэн байгууллага, хүмүүст байшин юмуу газар зүүж өгөөд бултуулдаг “хүрээ хувьчлал” гэж байна.

Posted in "Улаанбаатар таймс" | 1 Comment »

Гурван жилийн өмнөх хардалт

Posted by Бид on 2011/05/07

Бараг хорин жил яригдаад бүтэж өгдөггүй нэг ажил бол хэвлэлийн консул буюу зөвлөл. Уг нь сүртэй юм биш. Нийтлэл, нэвтрүүлгээсээ болж торгууль шийтгэлд унах, бүр шоронд ч орж мэдэхээр болсон сэтгүүлчийг торгоон авч үлдэх арга юм. Товчхондоо, гомдол гаргагч хэвлэлийн зөвлөлд хандвал авч хэлэлцээд гомдоосон сэтгүүлчид анхааруулж хүмүүжлийн яриа хийдэг байгууллага. Үүнийг хараад гомдогч тайтгарах учиртай, үгүй бол цаашаа явж шүүхэд хандах эрх нээлттэй. Гүтгэлэг, нэр хүнд, ёс суртахууны хохирол тойрсон маргааныг зохицуулах иймэрхүү механизм  илүүдэхгүй.

Олон улсын жишгээр бол 1. Эзэд, 2. Сэтгүүлчид, 3. Олон нийт буюу тэднийг төлөөлсөн байгууллагууд гурван талаасаа нийлж байгуулдаг. Гурван жилийн өмнө бараг байгуулагдах шахжээ. Гэвч…

2008 оны  4-р сарын 24-нд МСНЭ-ээс Хэвлэлийн ёс зүйн хороо байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийсний маргаашаас эхлэн өдөр тутмын сонинууд хэд бичээд нам дарсан билээ.

“Хэвлэлийн консул гээч бай­гууллага наанаа сэтгvvлч­дийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэт харагдавч цаанаа томоохон хэвлэлvv­дийг эрхлэгчээр нь дамжуу­лан амыг нь vдэх гэсэн ба­шир арга нуугдаж байх шиг… Хэрэв энэ байгууллага vйл ажил­лагаагаа эхэлбэл vvний эсрэг Хэвлэлийн эз­дийн холбоо байгуулагдахад хvрэх вий…” (“Хэвлэлийн ёс зүйн консул” гээчийн ард хэн байна вэ? Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”. 2008/04/29)

“Хэвлэлийн эрх чөлөөтэй орнуудын туршлагаас харахад Хэвлэлийн консулаа хэвлэл мэдээллийн эзэд өөрсдөө санхүүжүүлдэг нь бие даасан байдлаа хадгалахад чухал нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр Хэвлэлийн консулын удирдах бүрэлдэхүүнд Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сонины холбоо, телевизүүдийн холбоо, МСНЭ-ээс зайлшгүй төлөөлөгч багтсан байх нь сэтгүүлчдийн жинхэнэ эрх ашиг юм” (“Хэвлэлийн консулыг “хадны мангаа” болгомооргүй байна”. Б.Цогнэмэх “Зууны шуудан” 2008/05/06)

“Тэд одоо Хэвлэлийн консул байгуулах юм гэнэ. Тэгээд хэвлэл мэдээллийн эздийг шvvнэ гэнэ. Ж.Мягмарсvрэн,  Б.Ганболд,  З.Алтай… нарын чөлөөт хэвлэлийн эцгvvдийг хэдэн шар сонины эрхлэгч дуртай цагтаа дуудаж байцаахыг мөрөөдөж байна. Ёстой тэд дуудна ч байх, бид очно ч байх” (“Хэвлэн нийтлэх эрх чөлөөн дээр минь Ерөнхийлөгч та бvv гишгэ”. Л.Мөнхбаясгалан. “Өдрийн сонин”)

Одоо ид хэлэлцэж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөлд Хэвлэлийн зөвлөлийн тухай заалтууд орсон. Энэ удаад өдөр тутмын сонинууд юу бичих нь сонин байна.

Posted in Хэвлэлийн эрх чөлөө | 1 Comment »

Хэвлэл мэдээллийн [эздийн] эрх чөлөө

Posted by Бид on 2011/05/06

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр АНУ-ын Freedom House байгууллагаас ээлжит тайлангаа гаргаж манайхыг дахиад хагас эрх чөлөөтэйгээр цоллов. Бүхэлдээ тийм байх. Гэхдээ хэвлэл мэдээллийн нэг эрх чөлөө Монголд бүтэн бий.  Тэр бол эздийн эрх чөлөө.

Эзэд худалдах, худалдагдах эрх чөлөөгөө хэрхэн эдэлж ирснийг бахдаад баршгүй.  Сүүлдээ шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд нэвтэрч хүссэнээ гүйцэлдүүлдэг болжээ. 2006 онд сонин хэвлэлд ногдуулах НӨАТ-ийг цуцлуулсан. 2008 оны эхээр Засгийн газрын хуралдаанаар Зар сурталчилгааны хуулинд өөрчлөлт оруулж хувь хэмжээ тогтоох талаар хэлэлцэхийн өмнөхөн телевизийн эзэд дайрах шахам орж зогсоосон. 2010 онд Архидан согтуурахын эсрэг хуулинд  өөрчлөлт оруулж хоригийг цуцлуулсан. Хамгийн сүүлд сонины эзэд төрийн өмчит “Монгол шуудан” компанийн хэвлэл түгээх шимтгэлийг ээлжит удаагаа бууруулж чаджээ.

Тэд дуртай намын гишүүн байж, дуртай сонгуульд нэр дэвшдэг. Ялагдвал юу ч болоогүй мэт буцаад ирнэ. Ялаад төрд орсон ч эзний эрх чөлөөгөө эдэлсээр. Саяхан ээлжит их хурлаа хийсэн Монголын сонины холбооны удирдлагуудыг дээрээс жагсаахад Ерөнхийлөгч Р.Хадбаатар нь яг одоо нийслэлийн “Улаанбаатар” сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч С.Баярмөнх ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга (магнатаа болиод хэрэндээ л олигархууд болцгоожээ), цаашилбал Л.Нинжжамц Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч … гэхчлэн жагслаа.  Гэхдээ тэд өгөөмөр улс.  Өөрсдийн эзэмшдэг сонинуудын сэтгүүлчдэд зориулж ЧӨЛӨӨТ сэтгүүлчдийн холбоог байгуулж өгөөд хатавчиндаа томоотой суулгасан юм.

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд бүтэн эрх чөлөөтэй орнуудын жишгээр редакцийн хараат бус байдлыг хангах тухай заалт оруулан хэлэлцүүлж байгаа. Харин эзэд “Редакц-эзэнтэйгээ гэрээ байгуулах нь үнэндээ үл бүтэх яриа. Энэ нь эзний оролцоог байхгүй болгоно гэсэн гэнэхэн яриа бололтой. Эзэн нь оролцдоггүй юм бол редакцийг хэн санхүүжүүлэх юм. Санхүүжүүлэхгүй л байхгүй юу. Мөнгөгүй редакц тардаг л байхгүй юу” (“Өдрийн сонин”) гэхчлэн бичүүлж байна.

Сонинуудын холбоо, өдөр тутмын сонинуудын холбоо, телевизүүдийн холбоо эздийнх. Уг нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж байдаг. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн захирал, дарга, эрхлэгч зэрэг албан тушаалтнуудын мэдэлд явдаг. Ерөнхийдөө эздийн эдэлдэг бас нэг байгууллага юм.

Монгол Улсад хэвлэл мэдээллийн эзэд бүрэн эрх чөлөөтэй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Хэвлэлийн эрх чөлөө | Leave a Comment »

Tsunami in Mongolia

Posted by Бид on 2011/05/02

[Уншигчийн хүсэлтээр оруулав]

Posted in Улс төр, эдийн засаг | 4 Comments »