АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for April, 2011

Нууц үгнээс эхлэхтүн!

Posted by Бид on 2011/04/28

Өнөөдөр Төрийн ордонд болсон “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвтэй онол-практикийн бага хуралд суухдаа хүмүүсийн илтгэл яриан дундаас хэдэн сонирхолтой баримт, санааг олж сонслоо.

Хурлыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд одоо цагт мэдээллийн хадгалалт, хамгаалалт ерөнхийдөө цахим орчинд шилжсэн тухай дүгнэлтээр нээв.  Төрийн холбооны газрын орлогч дарга С.Ширбазарын ярьснаар, манайд төрийн мэдээллийг заримдаа утасгүй сүлжээгээр ч хамаагүй дамжуулдаг бол Тайваньд Засгийн газрын дотоод сүлжээгээ Интернэтээс бүрэн тусгаарлажээ. Бас эх газрын хятадуудын Тайванд бэлэглэсэн Seagate-ийн 500 GB-ийн хард дискэнд нууц чип суулгасныг илрүүлсэн гэнэ.

Та Интернэтэд холбогдсон л бол хакерийн аюулд өртөх магадлалтай. ШУТИС-ийн мэдээллийн технологийн профессор Т.Халтар, зомби компьютер, хортой код гэсэн аймшгийн нэр томъёогоор  илтгэлээ эхлэв.  Тун сая монголын компани хятадын компанитай Интернэтээр наймаа тохирч мөнгөө шилжүүлсэн чинь цаадуул нь компани биш хулхи хаяг байжээ. Хятадын ЭСЯ-нд гомдол мэдүүлэхэд та Интерполоороо яв гээд мухардсан. Бас Касперскийн антивирус суулгасан wireless-тэй кофе чанагчын танилцуулгыг сонирхуулав. Эзэн нь зайнаас удирдаж салгах төдий өчүүхэн программ хүртэл хамгаалалт нэхдэг болжээ.

Батлан хамгаалах яамнаас ирсэн хурандаа Ганболд, Хятадаас 300 компьютер, бас 200 компьютер бэлэглэснээс гадна өөрсдөө худалдан авч байгаа бүх компьютер мэдээж Хятадад үйлдвэрлэгдсэнийг дурдаад  Тагнуулын ерөнхий газарт хяналтын лаборатори байдаг бол доторхийг нь шалгуулж байхыг хүслээ.  Хариуд нь Р.Болд “Бид гаднаас ирсэн техник хэрэгслийг шалгаж жилдээ хэдэн арвыг устгадаг” гэсэн товч хэрнээ наанаа баяртай, цаанаа ноцтой мэдээ дуулгав. Нууцаа арай задлаагүй биз?  Үүнийг сонсоод хортой код, чип шургуулагчид аргаа улам нарийсгана даа!

Өнгөрсөн 3-р сард Майкрософт компанийн төлөөлөгчид Монголд ирж 500-700 долларын багцийг (Windows + Office биз) 250 доллар болгож хямдруулж боловсролын салбараас эхлэн лицензжүүлэх саналыг хоёр тал хэлэлцсэнийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.  Дараачйн ээлжинд төрийн байгууллагууд руу орно. Тэр болтол зай ч бий, лай ч бий. Сүүлийн үед манай IT Zone, BSB, Next дэлгүүрүүд нотбүүкийг оригинал Windows-той зардаг болсон ч Офис нь голдуу 60 хоногийн настай, заримдаа хакдаад бэлэглэдэг хэвээрээ билээ.

Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар илтгэлдээ, Монгол улсад сардаа 15 доллараас доошгүйг төлөөд Интернэтэд холбогддог хүмүүсийн тоо 200 мянга, компани байгууллага зэргийг оруулаад нийт хэрэглэгчийн тоо 600 мянгад хүрсэн гэлээ.

Нэгэн оролцогч үндэсний үйлдлийн систем хийх эсэхийг лавлав. МШХХТГ-ын дарга “Бид зарим доноруудтай ярилцаад open source-ийг судалж байгаа. Бас МТҮП дээр код шалгадаг болсон… (Бас санаа байна шүү!)  Гэхдээ ойрын 5 жилд Майкрософт-ийг хэрэглэнэ” гэсэн бол профессор Халтар үргэлжлүүлж “Манайд үйлдлийн систем зохиох хангалттай хүн хүч байхгүй. Наад зах нь 200-500 программчин суух хэрэгтэй. Харин Windows 7-г монгол руу орчуулж байгаа” гэв.  “Цонх 7” нээгдэх нь.

Манай төрийн байгууллагын сайтууд голдуу Joomla-гийн нээлттэй программ дээр хийгдсэн нь янз бүрээр нэвтрэх эрсдэлтэй гэж  нэг нь шүүмжлэв.  Төрийнхэн үүнийг мэддэг бөгөөд ондоо багтааж солихоо амлав.  Бас төрийн холбооны 92-оор эхэлсэн  дугаартай сүлжээг цааш хөгжүүлэхгүй, орон нутагт дэлгэрүүлэхгүй гэнэ.  Тухайн цагтаа Мобикомоос дутуугүй хөрөнгө оруулалтаар боссон дуулддагсан. Төрийн сүлжээ заавал тусдаа байх албагүй, Буш Монголд айлчлахад америкчууд манайхаас нэг сувгийг түрээслээд нууцлалаа хариуцаж ашиглаад явсныг жишээ татлаа.  

Хурлын төгсгөл хавьд Р.Гончигдорж гишүүн шагайж, мэдээллийн аюулгүй байдлыг хэтэрхий хурцаар бүү яригтун, хэт “аюулчлагдсан” байдал үүсэхээс болгоомжлоорой хэмээн монгол хэлэнд шинэ томъёо хандивлаад тэр дороо дуудагдан гарч одов.

Тавьсан илтгэлүүдэд гарсан улс төр, геополитик, технологийн шинжтэй олон зөвлөмж, зөвлөлгөөнөөс хамгийн энгийн мөртлөө туйлын чухал гэж цохон тэмдэглэснийг дамжуулья: Нууц үгээ анхаар! Мэдээллийн аюулгүй байдлын эхний алхам бол найдвартай нууц үг.

Төгсгөлд нь онигоо:

– Чи нууц үгээ сайн тогтоосон биз? Мартчихвал компьютертээ нэвтэрч чадахгүй шүү!

– Тогтоосоон. Маш амархан. Цэцэг шиг тэмдгийг зургаан удаа оруулна.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 3 Comments »

Нураачихав

Posted by Бид on 2011/04/27

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Нурааж байна

Posted by Бид on 2011/04/26

Гадаад харилцааны яамны зүүн талд “Зориг” сангийн байрыг алгасаад шовойдог [байсан] энэ барилга их “бүтээн байгуулалт”-ын шуурганд тэссэнгүй. Би бараг мартсаныг хүмүүс санууллаа. Социализмын үед Бүгд Найрамдах Болгар Ард улсын Элчин сайдын яам ажиллаж,  өөрчлөн байгуулалтаар Хүүхдийн номын санг байгуулж оруулахад сүрхий зохиж “муурын байшин” нэрээр өхөөрдүүлсэн түүхтэй. Зах зээлээс хойш тэр цагийн  үеийн  жишгээр сэмээрхэн хувьчлагдаж (Төрийн өмчийн хорооны олонд зарлаагүй тусгай операци!) 1998 онд Ерөнхий сайд М.Энхсайхан албан тушаалаасаа буумагцаа “Премьер Интернэйшнл” компанитайгаа төвхнөсөн. Төдөлгүй худалдсан биз, Худалдаа, хөгжлийн банкных болж  804-р салбар байрласаар 2011 оны хавартай золгосон юм. Хэдэнтээ засварлагдаж уран барилгын элементүүд нь арилж гөлийсөөр өнөөдрийн хайрцган төрхийг олсон ч “хуучин бууны хугархай” гэгчээр эвтэйхэн төрхөө алдсангүй.

Энэ байшингийн  “буруу” гэвэл өөрөөсөө хэд дахин том хашаа буюу нийслэлийн төвийн сая сая долларын газартай. Буурин дээр нь тэнгэр багадсан ордон өндийнө.

20-р зууны Улаанбаатараас нүдэнд тусч үлдсэн сүүлчийн хэдэн барилгын нэг бол энэ. Бүтээн байгуулахын тулд заавал нураах ёстой юм байна. Жаахан харамсалтай.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 8 Comments »

“Утсаа салгаад алга болчихсон … “

Posted by Бид on 2011/04/24

Төрийн ордонд хуралдахыг хүссэн ч зөвшөөрөөгүй тул UB Palace-ийн концертын танхимд Баасан, Бямба гаригт болсон Бүх ард түмний их хуралдайг TV9 телевизээр шууд дамжуулсан төдийгүй Ням гаригт хамгийн хурц илтгэл, яриаг түүвэрлэн давтаж байна.

Баян-Өлгий аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул гэх эмэгтэй “Засгаас өгдөг 21 мянган төгрөгийг авахгүй …  Миний хэдэн хүүхдийг ажилтай болгоод өгчих юм бол тэр яриад байгаа сая 500 мянган төгрөгийг сарын дотор олоод ирнэ” гэж мундаг хэллээ.

Зарим оролцогч хэвлэл мэдээлэл, тэгэхдээ голдуу олон нийтийн телевизийг шүүмжлэв.

С.Авирмэд:

–          Би Засгийн газраас зохион байгуулсан уулзалтанд илтгэл тавьсан юм. Гэтэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Оюунчимэг  хэвлэл мэдээллийнхнийг танхимаас хөөж гаргаад хаалттай явуулсан. Иймээс тэр илтгэлийг энд дахин танилцуулья.

Л.Цог:

– Манай хуралдайг зөвхөн TV9 телевиз дамжуулж байна. Тэгвэл олон нийтийн телевиз хаана байна аа? Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья… Сая нэг мэдээ авлаа. Ойрын хэдэн өдөр үндэсний телевизийн засвартай гэдэг шалтгаанаар хаах гэж байна. 

Л.Эрдэнэтуул:

– Би МҮОНРТ-ын ерөнхий захирал Наранбаатарт хандаж Бүх ард түмний их хуралдайн ядахдаа нээлтийг гаргаач гэсэн хүсэлт тавихад телевизийн захирал Оюундарьтай ярь гэчихээд хоёулаа утсаа салгаад алга болчихсон. Олон нийтийн телевиз бол ард түмний өмч. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья…

Гэсэн ч олон нийтийн телевиз энэ хоёр үдэш Их хуралдайн талаар үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр  хуралдайг зохион байгуулагчдаас Л.Болд, Г.Уянга нараас ярилцлага авахын (гол үгийг хэлсэн Намбар овогтой Энхбаяр гэдэг хүний дүрсийг ч харуулаагүй. Гэхдээ яахав) хажуугаар гэнэтхэн “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаагаар “эд нар бүх ард түмнийг төлөөлж чадах юм уу? Манайд зөвхөн Ерөнхийлөгч, УИХ хоёр л бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй… Миний болгоомжилж байгаа зүйл бол төрд дарамт шахалт үзүүлэх…” гэж хажуунаас шүүмжлүүлж, бас сэтгүүлч нь “Яагаад сонгуулийн өмнөх энэ жилд …” хэмээн сануулаад авчээ.

Төр, засаг, эрх баригч намууд, бас компаниудын элдэв арга хэмжээг болохоор хөтөлбөрөө өөрчлөөд ч хамаагүй үзүүлэхэд хэзээд бэлэн, хүсвэл бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгэж оргил цагаараа цацдаг, ингэхдээ хөндлөнгөөс огт үнэлүүлж дүгнүүлдэггүй МҮОНТ хэдийдээ ингэж олон ургальч болж амжив аа?  Хэн нэгнээр могой бариулах мэргэн арга олж “шударга” загнасан хэрэг.

Даваа гаригт телевизийн цамхагт засвар үйлчилгээ хийхийн тулд МҮОНТ нэвтрүүлгээ 17 цаг хүртэл зогсоох болсон нь Сүхбаатарын талбай дээр зарлагдсан Их хуралдайн үргэлжлэл болон бусад арга хэмжээтэй давхардаж байгааг тохиолдол гэж найдья. Олон нийтийн телевиз саяхан болтол Даваа гаригт өглөөжин, өдөржин амардаг байж билээ. Гагцхүү энэ удаад зогсоо зайгүй зарлаж сүржигнээд байгаа нь “худалч хүний нээрээ нь олон”-г санагдуулчихлаа.

Ням гаригийн үдэш. МҮОНТ-ийн долоо хоногийн тойм хөтөлбөрөөр өнгөрсөн өдрүүдийн чуулган, сайд дарга, албан тушаалтнууд оролцсон албан үйл явдлын сурвалжлагуудаа давтаж, харин Сүхбаатарын талбай дээрх морьтой, гэртэй цуглааныг илт зэвүүцсэн ганц минутын дүрстэй тайлбараар хаав. Иргэд олон янзын байр суурьтай байна гээд гурвыг дурдсаны хоёр нь цуглагсдыг буруутгажээ. Харин гуравдахь нь? Дэмжсэн байж таарна биз? Гэтэл үгүй, “ямар юм болоод байгааг мэдэх юм алга” гэсэн гэнэ. Дөхөж очоод асуучихгүй дээ. Гадаа нэмэх хэмтэй атал иргэний хөдөлгөөнийхөнд хэлэх юм байгаа бололтой хэмээн мангартаж төгссөн энэ тайлбарт нөгөө их хуралдайг дурдсан ч үгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Засаг дарга Мөнхбаярын хоёр нүүр

Posted by Бид on 2011/04/24

Дөрөвдүгээр сарын аравдаар Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын дэргэд, Чингэсийн өргөн чөлөөний дагуух том талбайд “Алтай констракшн” ХХК барилга барихыг тэр хавийн байрны оршин суугчид эсэргүүцсэнээр 2011 оны хаврын хамгийн том газрын маргаан дэгдсэн юм. Нийслэлийн төв хэсэгт газрын маргаан цөөрсөн, яагаад гэвэл булаах газар үлдээгүй. Энэ бараг сүүлчийнх.

Одоогоос 3 жилийн өмнө яг ингэж хашаалахад сонгуулийн жил тулдаа оршин суугчид дийлж билээ.  Тэгвэл энэ удаад “бид юу ч барихгүй, зүгээр л газар доогуур явсан шугам сүлжээг шинэчлэнэ” гэж зальдаад сөхөө өгөлгүй ухаад овоолохыг оролдсон ч иргэд “хашир хүн гэж хаширсан хүн”-ий үлгэрээр итгээгүй бөгөөд хэвлэл мэдээлэлд хандсанаар шуугиан дэгдэв. Тэгтэл “Алтай констракшн” компани өөр аргад шилжиж энд 15 давхар орон сууц бариад метр квадратыг хямдаар өгнө барина гэж сайхан аашилснаар бүх зүйл тодорчээ. 

Хэд хоногийн дараа нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ц.Баатарзориг ирж үзээд барилгын ажлыг зогсоож ухсанаа булахыг телевизийн камерийн өмнө компанид үүрэгдэж бас нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр энд усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн барих шийдвэр гаргасныг мэдээлээд буцсан байна. Хашаа тэр дороо буугаагүй тул дахиад иргэд арваад хоног тэмцэлдэж байгаа гэнэ. Олон нийтийн болон арилжааны том телевизүүд энэ асуудлаар цааш гүнзгийрэхийг хүсээгүй, сурвалжлахаа больсон тул оршин суугчид жижиг телевизүүдэд ханджээ.  

Үл бүтэх зөвшөөрөлд хэн гарын үсгээ зурсныг NBS телевизийн ярилцлагад оролцсон иргэдийн ярианаас мэдэж авлаа. Энэхүү ногоон байгууламж бүхий 9000 квадрат метр газрыг анх 2003 онд “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийн нэр дээр тухайн үед нийслэлийн засаг дарга М.Энхболд олгожээ. Харин зөвшөөрлийн хугацаа дуусахад хотын мэдэлд буцааж авахын оронд 2010 оны 1-р сарын 25-ны өдөр 54 тоот захирамж гарган сунгаж өгсөн хүн бол одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр өөрөө юм байна. Оршин суугчдыг аргалаад барилгаа барь гэсэн хэрэг. Харин одоо болохоор оршин суугчдын талд орж цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй гэсэн юм байх. Хоёр нүүр мөн үү?

Өнөөдөр тэр газрын зөвшөөрөл цуцлагдаагүй,  “Алтай констракшн” ХХК-ийн мэдэлд хэвээр үлдсэн. “Хууль ёсны зөвшөөрөлтэй” тэд зүгээр суухгүй. Шүүхэд ч хандаж мэднэ. 

Одоо Г.Мөнхбаяр даргын дараачийн жүжиг юу байхыг харцгаая.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Засаг даргын дэргэдэх сэтгүүлчид …

Posted by Бид on 2011/04/24

Албан тушаалтнуудын №1 “дайсан” бол сэтгүүлчид гээд хэлчихвэл хилэгнэн эсэргүүцэж нөхөр, туслагч, бүр дайчин туслагчаар өргөмжлөх хүн гарна. Томчуудын алхаа гишгээг хянаж улыг шагайх ажилтай сэтгүүлчид нөхөр гэж үү?

Юутай ч “нөхрөө ойрхон, харин дайснаа бүр ойрхон байлгах” эртний ухааныг хэдхэн жилийн өмнө хав хаалттай байсан нийслэлийн удирдлага сайн эзэмшиж өнөөдөр хэвлэл мэдээллээр битүү хүрээлүүлжээ. Долоо хоног тутам Засгийн газрын хуралдаантай эн дүйхүйц нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний мэдээ, сурвалжлагууд телевиз, сонины хэдэн өдрийн дугаарыг барж Засаг дарга Г.Мөнхбаяр жижиг сажиг дарга нараа зад загнахыг бид сайшаан хардаг боллоо. Бусад хурал, уулзалт, нээлт, ёслол тасрахгүй, тэр болгонд Мөнхбаяр, Мөнхбаярыг дагасан сэтгүүлчид. Саявтар автобусанд сууж хэдэн буудал зорчиход нь бөөн сэтгүүлч даган хуйларчээ. Бас нэг өглөө хамгийн том 4 телевизийг өрөөндөө урьж олон цаг ухуулж сэнхрүүлэн ярилцсаныг хэдэн өдөр суваг эргүүлэх тоолондоо үзлээ. Сүүлдээ Мөнхбаяр дарга Бямба гариг бүрийд хоттойгоо танилцан “ажиллаж”, сэтгүүлчид бас даган “ажиллаж”, саявтар сагс тоглоход нь цугтаа тоглодог болжээ. Энэ Ням гаригт Ерөнхий сайдтай нийлээд бас амраасангүй.

Хэвлэл мэдээллийнхэн хотын даргыг хэдийчинээ бараадна, өөр тийш явах цаг заваа төдийчинээ алдана. 4-р сарын 1-нээс хашааны газрыг байраа солино гэж Засаг дарга болоод орлогчдын хаваржин шоудсан Ногоон нуурын гэр хорооллын айлуудыг сэтгүүлчид зүглэхгүй, бүхэл бүтэн 20 тэрбум төгрөг төсөвлөсөн энэ ажил яагаад гацсаныг очиж сурвалжлахгүй, зөвхөн Мөнхбаяр даргын амнаас юу унахыг сахисаар энэ хаврыг барах нь. Сэтгүүлчдийг маань өөртөө бага багаар дасгаж сургаад ч байх шиг.

Юманд хэт ойртохлоор тулчихаад цаад наадахыг харж чадахгүй шүү.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Баяртай өдрийн яриа

Posted by Бид on 2011/04/23

NBS телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нэгэн дээд сургуулийн төгсөх оюутнуудын хонхны баярыг сурвалжлав. Сүхбаатарын талбай, Чингэсийн хөшөөний урд өрнөсөн нэгэн яриа.

Сэтгүүлч:  Төгсөөд та нарт ажлын байр олдох болов уу?

Оюутан охин:  Ийм сайхан баяртай өдөр тийм [муухай] юм яриад байхав…

Posted in Элдэв сонин хачин, зугаа, онигоо | 4 Comments »

Буруу замаар нүүрс тээвэл …

Posted by Бид on 2011/04/20

2000 оны эхээр Төрийн өмчийн хороо Данидагийн бэлэглэсэн “Чөлөөт хэвлэл” сонины үйлдвэр ба Хэвлэлийн хүрээлэнд барилга байшин, өмч хөрөнгийг нь хүлээлгэн өгөхөөр шийджээ. Тэртээ тэргүй Данийн татвар төлөгчдийн мөнгө болохоор харамлах юун, бичиг шийтгэж мутарлаад гүйцээ….

Үгүй шүү! Эхлээд төрийн өмчийн хорооны нэг нөхөр телевизүүдийг цуглуулж “Хэвлэл мэдээллийнхэнд үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдсэн” тухайгаа зарлав. Бэлгийг бэлэглэхдээ юу сүртэй юм бэ гэж бодтол жинхэнэ сүр эхлээгүй байж. Дараачийн арга хэмжээ “дээрх шийдвэр ТӨХ-ний хурлаар орж албан ёсоор баталгаажсан” тухай сэдвээр болж чөлөөт хэвлэлийн төлөө яахаас ч буцахгүй “Ардчилсан холбоо” эвслийг шагшсан уйлаан майлаан ардчиллынхан эзэгнэсэн Монгол телевизийн дэлгэц байтугай өнөөдрийнхөөс 100 дахин хүчтэй байсан шар сонинуудаар дүүрлээ. Монголыг ганц том хэвлэх үйлдвэр тэдний өвөрт пүдхийн унав.

Бас л болоогүй байж. Түрүүн ирэхдээ мартсан болов уу, “яг шилжүүлэх тухай” ганц хуудас тогтоолыг албан ёсоор гардуулах дахин нэг ёслол үйлдсэн юм. Дэндүү хүнд тэр цаасыг хэд хэдэн нэр дэвшигч арай чүү дамжилж авчирсан санагдана. Удалгүй асуудлыг улс төрийн талаас нь шийдсэн бусад нэр дэвшигчид булталзаж, төдөлгүй Ерөнхий сайд маань тэртээ дээрээс эцэг ёсоор анхаарч чиглэл өгснөө даруухнаар хүлээн зөвшөөрч билээ. (Харамсалтай нь тэднийг сонгуулиар хиартлаа ялагдахад нь бэлгийн “Чөлөөт хэвлэл” үйлдвэрт хэвлэгдэж түгсэн хэдэн арван сая ширхэг сонинуудын хувь нэмэр дэндүү их)

Арван нэгэн жил өнгөрчээ.

Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар гаргасан тухайгаа зарлав. Нэг хүнд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаа ногдоно… Удахгүй “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт “Та Тавантолгойн ордын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна” гэсэн бичилт хийж, баталгаажуулна гэж сайд нар мэдэгдэв… Засгийн газрын дараачийн хуралдаанаар нь иргэн бүрт нэг ширхэг “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцаа өгөхөөр шийдвэрлэсэн, гэхдээ энэ шийдвэр албан ёсоор баталгаажаагүй, хэрхэн өгөх тухай журам эцэслэн гараагүйг мэдээлэв….

2000 оны тэр ёслолууд, цаашлаад цалингаа өгдөггүй, нэхэхлээр цалинг чинь нэмлээ гээд ам тагладаг компанийн захирал санаанд орж байна.

Балай юм болохнээ. Газрын дорхи баялаг, түүний нэг хэсэг – Тавантолгойн орд анхнаасаа ард түмний мэдэлд юм бол хувааж хувьцаалах хэрэг байсан уу? Хүн бүрт Тавантолгойн [компанийн]10 хувиас 536 хувьцааг тэгш хувааж харагдах мөртлөө “Монгол 999” нэрээр гэтсэн компанийн эздэд (ажилчдад нь лав биш ) биш дахиад 10 хувийг эзэмшүүлнэ, харин “Энержи ресурс”-ийн хэдхэн эздэд 4 юм уу 20 ч юм уу хувийг урьдчилаад бэлэглэжээ. Монголд иргэн бүр тэгш эрхтэй, компанийн захирлууд илүү тэгш эрхтэй, харин “Энержи ресурс” хэт тэгш эрхтэй.

Ингэхийн оронд ард түмний мэдлийн нүүрсийг ухаж зөөх дуртай гадаад, дотоодын хамаагүй компаниудаас Засгийн газар чангахан татвар хурааж бидэндээ хуваавал хамаагүй амар байхсан. Даанч Монгол Улс лав Ази тивдээ хамгийн бага татвартай, онцгой татвар ч үгүй болсныг сая анзаарав.  Өөрсдөө хүрз (экскаватор) барихгүй мөртлөө хувь нэхэж даварсан Монгол 999-ыг  зогсооё гэхлээр “Энержи ресурс”, нарийн  яривал Ерөнхий сайдтай барьцаад салахгүй…

Өчигдөр хэсэг хүмүүс “Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “Газар, түүний хэвлий дэх баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг үндэслэн ашигт малтмалын баялагаас төрийн бус байгууллагуудад хувьцаа эзэмшүүлэх тухай асуудлыг УИХ- д тавьж хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах”-ыг шаардав.

Таван толгойн нүүрсийг буруу замаар тээгээд байна.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Үнэ нэмэх MNB төсөл

Posted by Бид on 2011/04/19

Жигтэй юм болов. Эрчим хүчний үнийг ээлжит удаагаа нэмэх талаар Улсын баяр наадмын наадмын урьд шөнө бус, жанжин Сүхбаатарын талбай буцалж байх учиртай 4-р сарын 12-ны гэгээн цагаан өдөр зарлажээ. Шийдвэр гаргасан эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхөн яаж чадав аа гэвэл хамгийн ихээр хэл ам таталдаг иргэд 21 мянган төгрөг, 536, бас 1 ширхэг хувьцаанд сатаарснийг тааруулав бололтой. Бас кабельтай кабельгүй тэдний үзэж чаддаг ганц телевиз болох МҮОНТ-ийг сэмхэн найрчээ.

Олон нийтийн телевизээр хэдэн орой дараалан “Эрчим хүчний үнэ цэнэ” нэртэй нэвтрүүлэг гарч “Бид шаардлагатай эрчим хүчээ импортоор авдаг болох уу?”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай”, “Бидэнд ямар гарц байна вэ?” гэсэн мундаг асуултанд хариулсан хүмүүс нь эрчим хүчний салбарын дарга, албан тушаалтнууд өөрсдөө байв.  Эрчим хүчний үнэ хямд дэндүү хямд байгаа тул нэмсүгэй гэсэн шаардлагууд. Жирийн иргэд, эрчим хүч хэрэглэгчдийн хошуу ч цухалзаагүй.

Төгсгөл нь “MNB төслийн баг, MN агентлаг хамтран бэлтгэв” гэжээ. Өөрөө өөртэйгээ хамтраад л…

Тэгснээ дээрх ярилцлагуудаас шилж “Цагийн хүрд”-ээр “Эрчим хүчний үнэ хямд байгаагаас энэ салбар алдагдалтай ажиллаж байна” нэртэйгээр үзүүлэв. “Монголын мэдээ” агентлагийн мэдээ, захиалгат нэвтрүүлэг хоёрын нүдний ялгаа бүрэн арилсан.

Ингээд уг төсөл 4-р сарын 12-ны өдөр хаалтаа хийж 5-р сарын 1-нээс цахилгаан дулааны зарим үнэ тарифыг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Мягмарсүрэн танилцуулсныг “Цагийн хүрд”-ээр сурвалжлан үзүүлэв. Сэтгүүлч “бухимдаад хэрэггүй, цахилгаан эрчим хүчээ хэмнэхээ л бод” хэмээн анхааруулав.

Зүйтэй санаа. Гэхдээ эрчим хүчнийхэн энэ мэт төсөл хэрэгжүүлээд байвал зардал нэмэгдэж дахиад үнэ өснө шүү.

P.S:  Мягмарсүрэн дарга эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнээр гурил, талхны үнэ 3-4 төгрөгөөр өсөх тооцоо бий гэж мэдэгдсэн. Өчигдөр дэлгүүр яваад ирсэн хүмүүсийн яриагаар 30-40 төгрөгөөр үнэд оржээ. Энэ бол зөвхөн эхлэл гэлцэнэ.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

1-р сургуулийн багш сурагчдаа суран бүсээр зодож байна

Posted by Бид on 2011/04/15

Монгол Улсад цагдаа, хүчнийхэн хууль ёсны шаардлага тавихад дагахгүй эсэргүүцсэн этгээдэд хүч хэрэглэхээс өөрөөр хэнд ч, тэр дундаа хүүхдэд гар хүрч болохгүй. Энэ бол хууль. “Сүртэй юм  болоогүй, уур хүрээд ганц цохисон” (хүн алсан этгээдийн гайхширсан үг), “эр хүн шиг ярьчихсан нь дээр” (УИХ-ын гишүүдийн дуртай зөвлөлгөө, зарим нь шууд  хэрэгжүүлж үлгэр үзүүлдэг)-ээс эхлээд алганы амт үзүүлэх, сураар, бүсээр ороолгох, хонго хорсгохыг бахархаж голдуу ярьдагаа болихгүй юм даа.

“Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг. Эхлээд ганц цохиж үзнэ, хэн ч дуугарахгүй, дахиад хэд цохино, зүв зүгээр өнгөрнө, гуравдахиа нүдэж гарна… Хожмын гэмт хэрэгтэн ингэж өсөж хүмүүждэг болой.

Нийслэлийн төвийн үлгэр жишээ 1-р дунд сургуулийн багш эр суран бүсээ сугалж давтлага тасалсан хэдэн сурагчийг ээлж дараалан ороолгож завсарт нь элдвээр хэлсэн бичлэг Интернэтэд тавигдсаны дор үлдээсэн сэтгэгдлийн нэлээд нь багшийг зөвтгөжээ. Шавь нарынхаа төлөө хэт санаа зовсных гэнэ.

Үнэхээр сайн багш юм бол шавь нараасаа уучлал гуйсан гэж найдахаас.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 84 Comments »