АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Гурван өдөр, хоёр шөнө

Posted by Ажиглагч on 2011/03/18

Хэзээ хойно зарим өдөр тутмын сонинууд  гэнэт сэрж “Ийгл”, ялангуяа “Шууд” телевизийг  Японы газар хөдлөлт, цунамийг дэвэргэлээ хэмээн буруутгаснаар тэднийг дахин рекламдаж орхив. Өдөр тутмын сониныхон, бас телевизийнхэн хүртэл дээрх хоёрыг үзэж суусан нь илт мэдэгдэж байна.

Шүүмжлэх юм мэдээж зөндөө. Бие биенээ давах гэсэн “Ийгл” ба “Шууд”-ын хөтлөгчдийн ам халж бараг л газар хөдлөхөөс өрсөж Японоос шууд дамжуулж эхэлсэн мэт ярьсан тал бий. Шууд нэвтрүүлгүүд Баасан гаригаас эхлэн нийт гурван өдөр, хоёр шөнө үргэлжилсэн, гэхдээ Бямба гаригийн шөнө Улаанбаатарт газардах МИАТ-ийн онгоцыг сахиж сурвалжилсны дараа өөрсдөө ч цуцаж, бас залхаж эхэлсэн юм.

Ням гаригт “Ийгл” телевиз бас л шууд, гэхдээ Японоос биш, Спортын төв ордноос сагсан бөмбөгийн “Спрайт ” лигийн тоглолтыг дамжуулж, бас христийг сурталчилах үүрэгтэйгээ ч санажээ. Японы тухай мэдээлэл тасраагүй, гэхдээ илт цөөрч, хөндлөнгийн тайлбарууд зонхилох болж жишээлэхэд, АЦС-ийн тухай мэргэжлийн тайлбарыг AP агентлагаас орчуулан үзүүлж, бас энэ сэдвээр академич Б.Чадраатай ярилцжээ.

Харин “Шууд” телевиз цааш чадлаараа тэссэн юм.  Хандив цуглуулахыг уриалах зэргээр юу эс хийв. Кабелийн жижигхэн телевиз мөртлөө  сурвалжлагчаа МИАТ-ын онгоцоор Япон руу нисгэж мэдээ сурвалжлага авчруулав. “Японд байгаа хүмүүстэйгээ ярьсан хүмүүс бидэнтэй холбогдож мэдээлэл өгөөч” гэхчлэн шууд ярилцлагаа унтраахгүйг ихэд хичээв. Мэдээж “Ийгл”-ийн эхэлсэн нөгөө “нэг аймгийн нутаг дэвсгэрийн” асуудал гол сэдэв байлаа. Гэхдээ л өмнөх мэдээ, сурвалжлага, түүний дотор үзэгчидтэй хийсэн ярилцлагуудаа байн байн давтах болж Ням гаригийн оргил цагаар гэнэт Японыг орхиж 21.25-аас ”Ирж яваа цаг” монголын уран сайхны кино үзүүлээд амарсан юм. “Шууд” телевизийн “Ийгл”-ээс илүү гэвэл www.shuud.mn сайттайгаа хоршиж тэндээс мэдээ, сэтгэгдэл зэргийг шууд авч, эфирт уншиж барахгүй текст, жагсаалтыг тэнд байршуулж байсан юм.

Тэр өдрүүдэд “Ийгл”, “Шууд” хоёр хэтрүүлсэн байх, гэхдээ хэн мэдлээ. Японд суугаа үр хүүхдээ нэхсэн аав ээж нар утасдаад, МИАТ-ийн онгоц хоосон буцаж ирээд, атомын цахилгаан станц дэлбэрэхээр завдаад, Чернобыль бодогдоод …

Бидний үздэг 20 шахам монгол сувгаас зөвхөн кабелиар явдаг жижиг хоёр телевизийг гоочлоод яахав. Хэнээс ч захиалга аваагүй, мөнгө төгрөг нэхэхгүйгээр алдаж оноод ажлаа хийсэн байна. Тэр хэдэн өдөр чадаагүй “том”-чууд өөрсдийгөө хичээнэ биз ээ.

“Ийгл”, “Шууд” хоёр үнэхээр “айлгаж” чадсан шүү!  Тэдний эхэлсэн яриаг бусад телевизүүд өлгөж авсан, шууд утас ажиллуулж дууриасан, бас хөгжөөсөн. NBS-ын сурвалжлагч гудамжинд гарч “Японд нэг аймгаа түрээсэлбэл аль аймаг дээр вэ?” гэсэн асуулт тавихад зарим нь бүр итгэчихсэн “би эрх мэдэлтэй хүн биш … ярьж байгаад шийдэх биз”  хэмээн хариуцлагаас мултарч харагдсан.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: