АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for March, 2011

Хотын удирдлага хэвлэл мэдээллийг “найрав”

Posted by Бид on 2011/03/28

Өнгөрсөн Бямба гаригт Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, төв замын Улиастайн уулзвараас Налайхын зүгт 20,9 км авто зам  тавихад өртөх айл өрхүүдийн төлөөллийг оролцуулсан санал солилцох анхны уулзалт болсон юм. Олон арван айлын хашаа байшинг шинэ газарт нүүлгэн шилжүүлэх, бас нөхөн төлбөр  олгохыг тойрсон эгзэгтэй яриа өрнөв. Уулзалтанд Нийслэлийн газрын албаны төлөөлөл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Батзориг нар оролцохоор зарлагдсан хэрнээ ирсэнгүй. Тэд “чухал ажилтай боллоо” гэсэн нь юу байв?

Энэ өдөр нийслэлийн удирдлага “Хангарьд” ордондоо дүүрэг, харьяа газруудын албан тушаалтнуудын хамт хэвлэл мэдээллийн захирал, эрхлэгч, сэтгүүлчдийг хүлээн авч өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалтын гуравдахь удаагийнх гэнэ. Нийслэлд энэ жил ноднингийнхоос 3 дахин их бүтээн байгуулалт өрнүүлнэ (хөрөнгө оруулалт тэгэж нэмэгдсэн), хамгийн гол нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 7-р хорооллын барих газрын айлуудыг нүүлгэнэ, цаадуулдаа үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэсэн утгатай яриа болжээ.

Үнэн зөв мэдээлэл аль вэ? Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, бид иргэдийн газрыг нь чөлөөлүүлэх замаар утаатай тэмцэх, орон сууцжуулах гэж байхад нэг айлын хашааны газрыг 10-хан саяар авна гэсэн ам дамжсан худал мэдээлэл тарсан. Үгүй, бид нэг өрөө байр олгохоор ярьж байна, ийм байр зах зээлийн ханшаар 40 орчим сая төгрөг байгаа гэж өмнөхөө давтлаа. Ямар нэгэн аргачлал, тооцоо судалгаа, дүрэм журам танилцуулсангүй.

Хашааны газрыг 40 саяар тулгаж авахаар шийдэв үү? Энэ бол Баянзүрх дүүрэгт ч хамаатай. Иргэд мэдээж зөвшөөрөхгүй. Иймээс хэдэн жилийн турш иргэдтэй уулзаж яриа хэлэлцээр эхэлж зүрхлэхгүй,  оронд нь хэвлэл мэдээллийг ээлжит удаагаа найрлаа. Тэдний гараар могой бариулах гэв үү? Иргэд нийтийн эрх ашгийг  бодохгүй, дэндүү ихийг нэхэж хувиа хичээж байгааг илчлэх ёстой болох нь.

Уулзалтын оройноос олон нийтийн телевиз тэргүүлэн “Жилд нэг удаа хот, сэтгүүлч хоёр зөвлөлддөг юм” хэмээн гайхуулсан бол сонинууд “Хотын удирдлагууд ба сэтгүүлчдийн хишиг өдөр” гэх мэтээр нялуурав.  Уулзалтын дараа тэмцээн зохион хөгжилдсөн гэнэ.  Засаг дарга чамгvй сайн сагсчин, теннисчин болохыг бүгд цохон тэмдэглэжээ.  Гэрэл зурагчид Г.Мөнхбаяр дарга бөмбөг оруулсан тэр моментийг түүхэнд үлдээж чадав.

Ингээд монголын хэвлэл мэдээлэл бараг бүгд очсон мөртлөө юуг ч чангахан асууж зүрхлэхгүй, шинэ юм огт мэдэж чадалгүй зүгээр л бөөн баяр буцжээ. Зөвхөн “Өдрийн сонин”-д уулзалтын талаар бус “Иргэд: Газрыг минь яаж авмаар байгаа хэлж, ярилцаач” гарчигтай сурвалжлага нийтэлсэн байлаа.

Харин хотын дарга нар сэтгүүлчдийг эргүүлээд зав алга.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 4 Comments »

С.Батболдын ярилцлагын талаар элдвийг сэтгэж болохгүй …

Posted by Бид on 2011/03/25

Сүүлийн саруудад зурагт үзэхэд Ерөнхий сайд C.Батболдын оролцоогүй их бага хурал, чуулган, зөвлөгөөн, ойн баяр, ёслол, шалгаруулалт, үзэсгэлэн, яармаг үлдсэнгүй. Ганц нэг үлдсэн байж болзошгүй, тэгвэл телевизүүд зөвхөн Батболдтойг л үзүүлсэн байх. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Солонгос руу айлчлалаар одсон хэрнээ телевизийн дэлгэцнээс салаагүй юм. Инчонд газардаж онгоцны хаалгаар гарч ирмэгцээ монголчуудтайгаа уулзахаар явсныг бараг бүх телевиз шууд дамжуулах мэт сэтгэгдэл төрөв. Тийм олон сэтгүүлчийг дагуулжээ.

Бас Солонгос явахаасаа өмнө хоёр том ярилцлага үлдээгээд явсан нь саявтар зарим нөхдийн ярилцлагад С.Батболд Бороогийн алтыг “Бороо гоулд”-той хавсайдаж, харин “Чингэс” зочид буудлыг ганцаараа залгисан тухай үг, өгүүлбэрүүд дахин орж тэр нь TV9-өөр нэвтэрсний няцаалт юм. Эзгүй хооронд нь бид уншиж судлах ёстой.

Эхлээд 3-р сарын 16-ны Лхагва гаригт 21.30 цагаас МҮОНТ-ийн “Ярилцлага” нэвтрүүлгээр Монгол Улсын Ерөнхий сайд орлоо. С.Батболд өөрөө ирээгүй, харин сэтгүүлч Мөнхтөр өрөөнд нь очиж урт ярилцлага авснаа үзүүлж маргааш нь давтжээ. Ингээд монголчуудад хот, хөдөөгүй үзүүлж чадлаа.

   

Гэхдээ л зарим нөхөд залхуураад үзээгүй байж магад тул “Өнөөдөр” сонинд дараачийн том ярилцлага өгснийг 3-р сарын 21-ны дугаартаа “С.Батболд: Өнгөрснийг шүүхээ больё. Мөрөөдөл ярихаа цэглэе. Урагшаа л харъя” гарчигтайгаар олон нүүр дамжуулан нийтлүүлжээ. Оршил нь: Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Хөгжил дэвшлийг зорьсон монгол түмний их нүүдлийн нэгэн хөтөч нь болж яваа түүний санаа бодол, түүний тэргүүлсэн Засгийн газрын бодлого зорилтыг хөндөж бид ярилцав. Баахан урт ярилцлага болсон байж магадгүй. Гэхдээ хэвлэлээр тэр бүрий гараад, яриад байдаггүй Ерөнхий сайдаас асуух, сонирхох зүйл их байлаа. Уншигчид маань уйдахгүй биз ээ”

“Хэвлэлээр тэр бүрий гараад яриад байдаггүй” Ерөнхий сайд маань эхнэр хүүхдээ хүртэл залхтал урт ярьсан мөртлөө Бороо, “Чингэс”-ийн талаар өмнөхөө давтлаа. Ядахдаа “Бороо”-гаас яг хэдийг унагаснаа хэлбэл сонин байхсан. Даанч “өмнөхийг мартах”-ыг сануулаад цаашаагаа тэртээ тэргүй хийх ёстой ажлаа эх захгүй тайлагнасан ярилцлага байлаа.

Гэхдээ телевиз үздэггүй, сонин ч эргүүлдэггүй, Интернэтэд цаг нөхцөөдөг иргэдийн толгойд С.Батболдын үгийг яаж суулгах вэ? Сайтад тавьчихлаар бөөн эрх чөлөө эдэлсэн нөхдүүд зөв буруу бичээд салахгүй.

Гэхдээ арга олжээ. Дээрх ярилцлагыг тэр өдөртөө www.news.mn сайтад ямар нэгэн тайлбаргүйгээр нийтлүүлэв. “Өнөөдөр” сонин өөрийн сайтад ч оруулаагүй мөртлөө бусдад харамгүй зөвшөөрчээ.  Сэтгэгдэл? Бичиж болохгүй. Та “Сэтгэгдэл” гэсэн цэсэн дээр мянга дараад ч нээгдэхгүй.

Ерөнхий сайдын ярилцлагыг үүнтэй нэгэн зэрэг www.shuud.mn сайтад нийтлүүлэв. Сэтгэгдэл? Мэдээж “шууд” хаачихсан. Тийм цэс байх ч үгүй.

Тэгвэл хамгийн олон уншигчтай гэгддэг gogo.mn  сайтад яаж нийтлүүлэх нь сонин байлаа. Хэд хоног азнаад тун бүтээлчээр сэтгэж “Бороо гоулд”-той холбоотой хэсгийг товч тайлбарлан оруулав. Гэхдээ “Төлбөртэй мэдээ” гэж бичээд С.Батболдын ярилцлага тойрсон пиарыг илчлээд хаячихжээ.

Сэтгэгдлийг яасан бол? Ингэсэн байна. Өөрөөр бол төлбөр төлөхгүй байсан биз.

Posted in "Өнөөдөр" сонин, Вэб сайт, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Олон нийтийн телевизийн “Сая долларын хэрэг”

Posted by Бид on 2011/03/22

Саяхан олон нийтийн телевиз атаархмаар шударга загнаж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн ээлжит сурвалжлагаа  “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Гансүх, сэтгүүлч Баатархуяг, Уянга нарын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учраас бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс хоёр талаас хоёулангаас нь ярилцлага авсныгаа үзэгч та бүхэнд хүргэе” гэж эхэллээ.  Өнгөцхөн харахад  үнэхээр хоёр талын яриа ээлжилсэн, гэхдээ анхааралтай ажваас тэр өдөр болсон хэвлэлийн хурал дээр хоёр сэтгүүлчийн хэлсэн (тэднээс ярилцлага аваагүй!) үг, өгүүлбэрүүдийг  Гансүх сайдад “ховлож” байгаад ээлж дараалан няцаалгасан эвлүүлэг байх юм.

Ингэж жүжиг тавьсны шалтгаан гэвэл  3-р сарын 7 ба 9-ний өдрүүдэд МҮОНТ-ээр Баатархуяг, Г.Уянга нарын эсрэг Л.Гансүхийн захиалсан “Сая долларын хэрэг” захиалгат нэвтрүүлгийг хөтөлбөртөө зарлахгүйгээр сэмхэн  нэвтрүүлсэн нь илчлэгдэж бантсаных байжээ.  

Хэд хоногийн дараа иргэний хөдөлгөөнийхөн МҮОНРТ-ийн байранд дайрах шахам орж өргөх бичиг гардуулаад маргааш нь хариугаа авахаар очиход олон нийтийн телевизийн ерөнхий продюссер Лхагвадаш “Бид телевизээр гарах жилийн нэвтрүүлгээ төлөвлөчихсөн байдаг. Тиймээс хэн нэгний захиалгаар хүн гүтгэж нэвтрүүлэг хийнэ гэж байхгүй” хэмээн ярьжээ. Хоёрхон өгүүлбэр хэлэхэд хоёулаа худлаа байгаа биз? Сайд утасдангуут бүтэн жилийн өмнөх төлөвлөгөө будаа, гүтгэлэг бэлэн…

Л.Гансүхийн захиалгат нэвтрүүлгийг хичнээн төгрөгөөр цацсан тухай асуултанд “төлбөр аваагүй” гэжээ.  Иймэрхүү төлбөрийг дараа, бүтэн жилээр, бэлэн бусаар, данс бүртгэлээс гадуур, хувийн журмаар, эсвэл огт мөнгө төгрөг оруулахгүй… гээд олон аргаар өгч авалцдаг. Бас нэг удаад авахгүйгээр гүтгэлцэж өгч болно. Одоо юм нарийн болсон цаг…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хэн бэ, хэдэн он бэ?

Posted by Бид on 2011/03/21

Суваг эргүүлтэл TV9 телевизээр хэзээ эхэлсэн бүү мэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хийсэн ярилцлага дуусч байна. Миний үзэх хооронд зөв зүйтэй зөндөө олон юм хэлэв. Харин өмнө нь яагаад өөр зүйл ярьж хийж явсан тухай асуултанд “хүн өөрчлөгддөг юм” хэмээн бурханлаг хариулт өглөө. Улс төрчид ариун мөрийн замд орохын тулд заавал нэлээд өндрөөс түсхийтэл газарт унах ёстой ажээ.

Сонирхолтой нь TV9-ын биш сэтгүүлч хөтөлж суув. Дэлгэцийн доогуур “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүүгийн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг үзэгч та бүхэндээ толилуулж байна. Анх 3-р сарын 5-нд эфирт цацахаар төлөвлөсөн уг ярилцлагаа “25-р суваг” телевиз гаргахыг хориглосон болно” гэсэн тайлбар урсана.

Энэ бол зөвхөн МАН-ын явуулга биш. Н.Энхбаяр ярихдаа “Би өнгөрсөн хугацаанд “Бясалгал”, “Хана” гэсэн хоёрхон өгүүлэл бичсэн. Зарим хүн долоо хоног болгон бичээд телевизээр уншаад байгаа биз дээ” гэсэн юм.  Нээрээ “25-р суваг” телевизэд хоёрын хоёр экс ерөнхийлөгч яаж багтахав.

Posted in 25-р суваг телевиз, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Одонгийн зах

Posted by Бид on 2011/03/20

Тусгаар тогтнолын одон:

Сая болсон Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Ардын Намаас өөрийн дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор хүчний байгууллагын 400 гаруй албан хаагчдыг  намынхаа “Тусгаар тогтнолын одон”, “Эх орны төлөө” медаль, “Монгол ардын нам 90 жил” медалиар шагнасан мэдээ түглээ. Эдгээрээс Батлан хамгаалахын яамны харьяа 15 генерал,  зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 35 генерал, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 15 генерал, Цагдаагийн ерөнхий газрын харьяа 8 генерал, Тагнуулын ерөнхий газрын харьяа 7 генерал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 3 генерал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 3 генерал, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нэг гээд чөлөөнд гарсан хийгээд албан үүргээ гүйцэтгэж буй нийт 71 генералыг Монгол ардын намын дээд шагнал – Тусгаар тогтнолын одонгоор энгэрээ мялаалгав.

Улс төрөөс тэртээ хол байх учиртай,  төрд алба хашиж буй, тэр тусмаа цэрэг, цагдаагийн албан хаагчид улс төрийн намаас одон тэмдэг баярлан хүртдэг болжээ.

Тусгаар тогтнолыг МАН төрөөс илүү мэднэ. Бас төрийг ч мэднэ. Саяхан УИХ-аас тогтоол гаргаж “Тусгаар тогтнол” одон гаргасан сураг дуулдав. Үзтэл, 1911 оны тусгаар тогтнолын 100 жилд ч зориулаагүй, харин 1921 оноос тоолсон “Тусгаар тогтнол-90”  медаль юм байна. Нэг бүр нь 3600 төгрөгийн өртөгтэй 50.000 ширхэгийг түгээнэ. УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж даналзаж “Улс төрийн хүчин байгуулагдсан  түүхэн ойтой  холбогдуулан  медаль бий болгох тухай асуудлыг хоёр нам эртнээс ярьж тохиролцсон  асуудал. Түүхийн болоод улс төрийн талаасаа ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ.

Эрх баригч хоёр нам төдөн ширхэг тийм одонг тэр тэрэнд биш, ерөөсөө ямар одон байхыг наймаалцсан тод жишээ. Монголын улс төр тэр чигээрээ одонгийн зах болсон байна.

Одонгийн ТҮЦ-үүд хүртэл байна. Ноднин хатагтай Баасан Монголын ахмадын чөлөөт холбооны дээд шагнал “Тусгаар тогтнол” одон зохиож УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга (тэгэлгүй яахав!), УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Мөн УИХ-ын гишүүн Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нарт гардуулжээ. Дэмбэрэл дарга номхон зогсоод зүүлгэж зогсох зургийг нүдээрээ харсан даа.

Чингэсийн одон:

Ардчилсан нам адилхан “амжуулчихсан”.  Тус намын дүрмийн 9.2.2-т “ Намын дээд шагнал нь Чингисийн одон байна” гэжээ. Оочирын дарааллаар ардчилагчиддаа зүүж өгдөг.

Гэтэл төрд  бас “Чингэсийн одон” бий. Анх 2002 онд бий болгосон ба шинээр гарсан Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчөө шагнахаар тооцоолсон мэт Н.Багабанди  П.Очирбатад гардуулжээ. Харин 2005 онд сонгогдсон Н.Энхбаяр энэ “уламжлал”-ыг эвдэж хөгжмийн зохиолч Б.Шаравт олгож улмаар Багабандитай бүр тангараг тасарсан гэдэг. Харин дараачийнхийг шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид зүүж өгсөн.

Аль “Чингэс” түрүүлж мэндэлснийг мэдэхгүй, гэхдээ яах аргагүй давхарджээ. Ардын Нам хэл ам гаргахгүй, яагаад гэвэл … (эхний хэсгийг үз)

Мундаг утга учиртай тэр нэрсийн үнэ цэнэ ээ гэж.

Бас нэг мэдээ сонирхуулья. МАН-ын 90 жилийн ойгоор ганц Архангай аймагт гэхэд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор аймгийн Татварын хэлтсийн дарга А.Бямбажав тэргүүтэй 3 хүн, “Алтан гадас одон”-гоор 13 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 20, МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор 45 хүн, “Эх орны төлөө” медалиар 7 хүн, МАН-ын “Ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр 5 хүн, НАМЗХ-ын “Алтан од” тэмдгээр 2 хүн, МАН-ын 90 жилийн ойн медаль 48 хүн, харин салбарын шагналаар нийт 100 гаруй хүнийг шагнажээ. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид ирж гардуулсан гэнэ.

Намын арга хэмжээ юу, эсвэл төрийнх үү? Бид нэг хэсэг овоо төр, засаг гэж хэлж сурч байсан юмсан…

Posted in Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Гурван өдөр, хоёр шөнө

Posted by Бид on 2011/03/18

Хэзээ хойно зарим өдөр тутмын сонинууд  гэнэт сэрж “Ийгл”, ялангуяа “Шууд” телевизийг  Японы газар хөдлөлт, цунамийг дэвэргэлээ хэмээн буруутгаснаар тэднийг дахин рекламдаж орхив. Өдөр тутмын сониныхон, бас телевизийнхэн хүртэл дээрх хоёрыг үзэж суусан нь илт мэдэгдэж байна.

Шүүмжлэх юм мэдээж зөндөө. Бие биенээ давах гэсэн “Ийгл” ба “Шууд”-ын хөтлөгчдийн ам халж бараг л газар хөдлөхөөс өрсөж Японоос шууд дамжуулж эхэлсэн мэт ярьсан тал бий. Шууд нэвтрүүлгүүд Баасан гаригаас эхлэн нийт гурван өдөр, хоёр шөнө үргэлжилсэн, гэхдээ Бямба гаригийн шөнө Улаанбаатарт газардах МИАТ-ийн онгоцыг сахиж сурвалжилсны дараа өөрсдөө ч цуцаж, бас залхаж эхэлсэн юм.

Ням гаригт “Ийгл” телевиз бас л шууд, гэхдээ Японоос биш, Спортын төв ордноос сагсан бөмбөгийн “Спрайт ” лигийн тоглолтыг дамжуулж, бас христийг сурталчилах үүрэгтэйгээ ч санажээ. Японы тухай мэдээлэл тасраагүй, гэхдээ илт цөөрч, хөндлөнгийн тайлбарууд зонхилох болж жишээлэхэд, АЦС-ийн тухай мэргэжлийн тайлбарыг AP агентлагаас орчуулан үзүүлж, бас энэ сэдвээр академич Б.Чадраатай ярилцжээ.

Харин “Шууд” телевиз цааш чадлаараа тэссэн юм.  Хандив цуглуулахыг уриалах зэргээр юу эс хийв. Кабелийн жижигхэн телевиз мөртлөө  сурвалжлагчаа МИАТ-ын онгоцоор Япон руу нисгэж мэдээ сурвалжлага авчруулав. “Японд байгаа хүмүүстэйгээ ярьсан хүмүүс бидэнтэй холбогдож мэдээлэл өгөөч” гэхчлэн шууд ярилцлагаа унтраахгүйг ихэд хичээв. Мэдээж “Ийгл”-ийн эхэлсэн нөгөө “нэг аймгийн нутаг дэвсгэрийн” асуудал гол сэдэв байлаа. Гэхдээ л өмнөх мэдээ, сурвалжлага, түүний дотор үзэгчидтэй хийсэн ярилцлагуудаа байн байн давтах болж Ням гаригийн оргил цагаар гэнэт Японыг орхиж 21.25-аас ”Ирж яваа цаг” монголын уран сайхны кино үзүүлээд амарсан юм. “Шууд” телевизийн “Ийгл”-ээс илүү гэвэл www.shuud.mn сайттайгаа хоршиж тэндээс мэдээ, сэтгэгдэл зэргийг шууд авч, эфирт уншиж барахгүй текст, жагсаалтыг тэнд байршуулж байсан юм.

Тэр өдрүүдэд “Ийгл”, “Шууд” хоёр хэтрүүлсэн байх, гэхдээ хэн мэдлээ. Японд суугаа үр хүүхдээ нэхсэн аав ээж нар утасдаад, МИАТ-ийн онгоц хоосон буцаж ирээд, атомын цахилгаан станц дэлбэрэхээр завдаад, Чернобыль бодогдоод …

Бидний үздэг 20 шахам монгол сувгаас зөвхөн кабелиар явдаг жижиг хоёр телевизийг гоочлоод яахав. Хэнээс ч захиалга аваагүй, мөнгө төгрөг нэхэхгүйгээр алдаж оноод ажлаа хийсэн байна. Тэр хэдэн өдөр чадаагүй “том”-чууд өөрсдийгөө хичээнэ биз ээ.

“Ийгл”, “Шууд” хоёр үнэхээр “айлгаж” чадсан шүү!  Тэдний эхэлсэн яриаг бусад телевизүүд өлгөж авсан, шууд утас ажиллуулж дууриасан, бас хөгжөөсөн. NBS-ын сурвалжлагч гудамжинд гарч “Японд нэг аймгаа түрээсэлбэл аль аймаг дээр вэ?” гэсэн асуулт тавихад зарим нь бүр итгэчихсэн “би эрх мэдэлтэй хүн биш … ярьж байгаад шийдэх биз”  хэмээн хариуцлагаас мултарч харагдсан.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Шууд ТВ | Leave a Comment »

“Шууд”-арсан телевизүүд

Posted by Бид on 2011/03/12

Мэдээ гэж дөнгөж сая болсон биш, харин яг одоо болж байгаа үйл явдлыг шууд дамжуулахыг хэлдэг болсон өнөө цагт манай телевизүүд чадах чинээгээрээ “шууд”-арч байгаа юм. Өчигдөр Японд газар хөдөлснөөс хойш “Ийгл” ба “Шууд” телевизүүд үүрээр хэдхэн цаг “дугхийсныг” эс тооцвол зогсоо зайгүй ажиллажээ. Онцлог гэвэл үйл явдлыг Японоос биш, харин Японоос шууд дамжуулсныг тайлбарлан үзүүлж эхлээд яваандаа утсаар Японтой, үзэгчидтэй ээлжлэн холбогдсон, үе үе Гадаад яам, МИАТ, ОБЕГ-аас хийсэн сурвалжлагуудыг үзүүлж  тайлбарласан, бас Японд суугаа монголчуудыг бүртгэсэн, тэдний нэрсийн жагсаалтыг танилцуулсан, Японыг мэдэх зочдыг урьсан студийн шууд нэвтрүүлгүүд юм. Өчигдөр шөнө “Ийгл”-ийн гэнэн үзэгчийн гаргасан “нэг аймгийн нутаг дэвсгэр”-ийн маргаан өглөө гэхэд “Шууд” дээр залган үргэлжилж газар нутгаа Японд биш, харин тэр эрийг Японд өгөх хүртлээ яриа ширүүсчээ.

Өглөө бусад сувгууд ээлж дараалан сэрж мэдээ, сурвалжлагуудаа үзүүлж эхэллээ. Газар хөдлөлт, цунамын дараах цочоо аажмаар гарч байгаа болохоор өөр “шууд”-рах телевиз гарахгүй.

Posted in Шууд ТВ | 4 Comments »

Бас “Шууд” дамжуулж байна.

Posted by Бид on 2011/03/11

 

Өчигдөр “Ийгл” телевизтэй зэрэгцээд “Шууд” телевиз Японд болсон газар хөдлөлт ба цунамиг тойрсон явдлуудыг өөрсдийнх нь хэлснээр 13 цаг 50 минутаас шууд дамжуулжээ. Оройхон үзэхэд “Ийгл”-тэй төстэйгээр, “манай хамтран ажилладаг AP aгентлаг”-аас авч шууд үзүүлэхийн зэрэгцээ үзэгчдийн санал бодлыг утсаар авч сонсгож байлаа. Ялгаа нь гэвэл нэвтрүүлгээ өөрийн www.shuud.mn сайт дээр шууд гаргадаггүй тул  Японд байсан монголчууд “Ийгл” шиг үзээгүй байх. Гэхдээ Улаанбаатарт, тухайлбал Гадаад харилцааны яаманд ар гэрийнхэн ирж очсон, Гадаад яамныхан тэгэсхийгээд харьчихсан зэргийг сурвалжилж бичлэгүүдээ сайтдаа тавьсан харагдана. Бас Наритагаас хоосон буусан МИАТ-ын онгоцны ахмадтай дэлгэрэнгүй ярилцаж чадав. Шөнийн 03 цагт “Ийгл” нэвтрүүлгээ дуусгасан бол “Шууд” ТВ дахиад жаахан тэсч 03.55-д  нэвтрүүлгээ өндөрлөжээ. 

Дараачийн том үйл явдлаар манайд 2 шууд телевиз өрсөлдөх янзтай.

Posted in Шууд ТВ | 10 Comments »

Аймгийн нутаг дэвсгэрээс 21 мянган төгрөг хүртэл

Posted by Бид on 2011/03/11

Өнөөдөр зурагтаар үзэж харсандаа цочирдож японы ард түмэнд туслах аргаа олж ядсан нэгэн “Ийгл” рүү залгаж “Манайх Япон улсад нэг аймгийг бэлэглэвэл яасан юм бэ? Бидэнд ямар газар нутаг дутагдсан биш” гэсэн утгатай хэдэн өгүүлбэр хэлж орхисон чинь дараачийн үзэгчдийн дунд ноцтой маргаан дэгдээж орхив.

– Өөрийнхөө биеийг өгчихөөч!

– Эх орноо, газар нутааа зарна гэсэн тэр хүнд нэг үг хэлмээр байна. Монголын газар шорооноос бурхан ч гуйсан өгөхгүй шүү. Тэр нөхрийн утсыг нь өгчихөөч.

(Хөтлөгч:  Утас нь харагддаггүй юм аа)

– Аймаг биш юмаа гэхэд ганц сумын нутаг өгч болно шдээ. Урьд нь канад манадуудад зөндөө  л газар өгсөн.

– Ийм аймаар юм болж зөндөө олон хүн үр хүүхдээ яая даа гэж байхад “газар нутгаа өгөхгүй” гэж ярихаа боль!

– Газар нутгаасаа өгөх тийм юм байж болохгүй ээ. Бид Япон, Солонгос руу явахад виз гэж яадаг билээ? Харин байдал тайван болсон цагт газар дээр нь очиж туслая.

– Газар өгөх, өгөхгүй тухай хэрэггүй юм битгий яриачээ. Харин шархдаж гэмтсэн хүмүүсийг Монголд авчирч эмчлэх, гэртээ байлгах талаар бодъё.

– Хэнд хэрэгтэй юм, газраасаа ямар ч байсан өгөхгүй гэж солиороод л…

– Газар нутаг өгөх тухай ярих одоохондоо эрт байна.

– Газар нутгаа өгч болохгүй ээ. Казахууд …

– Япончуудад газар өгч болохгүй. Харин нэг сарынхаа 21 мянган төгрөгөө өгч туслая.

Posted in Ийгл телевиз | Leave a Comment »

Японд суугаа монголчууд “Ийгл” үзэж байна

Posted by Бид on 2011/03/11

Өнөөдөр Японд аймшигт газар хөдлөлт ба цунами болсны дараах үйл явдлыг “Ийгл” телевиз  өдрийн 14.45 цагаас эхлэн AP агентлагийн шууд дамжуулснаар өдөржин, оройжин шууд дамжуулж байна. Мэдээж монгол тайлбар, ярилцлага, мэдээ сурвалжлагатайгаар.  Орой тийшээгээ Японд суугаа монголчууд, тэдний Монголд үлдсэн аав, ээж нар, бас бус хүмүүс оочирлон оролцсон ер бусын телегүүр болж хувирлаа.

Улаанбаатараас, Орхон аймгаас, бусад газраас “Ийгл” телевиз рүү утасдаж Японд сурдаг, ажилладаг үр хүүхэд, ах дүүсээ асууж сураглажбайгаа бол Японоос бас л “Ийгл” рүү утсаар, заримдаа мессенжерээр дүрсээ харагдуулан ярьж оршин суугаа газартаа байдал ямар байгааг мэдээлсээр. Японы зарим хотод гар утас ажиллахгүй, дээрээс нь тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа  тул хэрэгтэй мэдээлэл авах ганц суваг нь Интернэт, тэр дундаа монгол сайтууд, хамгийн чухал нь http://www.eagle-tv.mn сайтаар тасралтгүй урсах “Ийгл”-ийн шууд нэвтрүүлэг болсныг олон хүн хэллээ.

Токиод суугаа Монголын ЭСЯ-ныхан дахин газар хөдлөхөөс болгоомжлон гадагш гарч нэр бүхий цэцэрлэгт хүрээлэнд очсон тул ойр хавьд байгаа монголчуудыг тэнд цугларахыг, бас ЭСЯ-ны ажилтан Нямаатай 819070120330 утсаар холбогдохыг Гадаад яамныхан мэдээлж байна гэхчлэн зарлаж байна.

Яг энэ мөчид Монгол ба Японыг “Ийгл” телевиз холбож байна.

P.S:

Шөнө өрнөсөн зарим сонирхолтой яриаг тэмдэглэж авснаа сонирхуулья.

– Японоос ярьж байна…. Дэлгүүрm бэлэн хоол дууссан.

– Фукушумад манай 3 хүүхэд байдаг, холбоо барьж чадахгүй байна. Мэдээлэл байна уу?

– Би “Эх хийморь ТББ”-ын захирал байна. Бид гэрээт ажилчдыг сонгож Японд явуулдаг. Манай байгууллагаар явсан 34 залуучуудын 32 нь эсэн мэнд гэдгээ мэдэгдсэн. Нөгөө 2 залууг ажлын байрандаа байхад нь газар хөдөлсөн. Бид холбоо барьж чадаагүй. Гэхдээ найдаж байна.

– Та Японы ямар хотоос ярьж байна вэ?
– Би Японоос яриагүй, манай охин тэнд байгаа….

– Бид эхлээд аягүй сандралдсан, ингээд үхдэг байхдаа гэж бодогдсон …

– Манай дүү хүүхэдтэйгээ гадаа яахаа мэдэхгүй явж байна. Нөхөр нь Малайз явчихсан байгаа.
– Та Элчин сайдын яам руу ярь
– Элчингийн тэр утас факс дээрээ тавьчихсан байна гэнэ.
– … цэцэрлэгт хүрээлэнд оч
– Гар утасных нь цэнэг нь дуусчих гээд байна. Мессежээр л  хэл авалцаж байна. Туслаач. Утас нь 819049291062.
– Ойрхон монгол хүмүүс байвал энэ эмэгтэйд туслаарай.

– Наритагийн нисэх буудалд 10 монгол яахаа мэдэхгүй байна. Тэдний нэг Батжаргал ярьж хаашаа ч хамаагүй онгоцонд сууж нисмээр байна гэлээ.

– Токиод 3 сард төрөх жирэмсэн эмэгтэй нялх хүүхэдтэйгэээ олдохгүй байна. Ямар ч сураг алга.

– Японы элчин сайдын яам мөн үү?

Posted in Ийгл телевиз | Leave a Comment »

Олон нийтийн телевиз МАНлайлав.

Posted by Бид on 2011/03/05

Саяын 3-р сарын 1 ба түүний өмнөх өдрүүдэд өдөр тутмын сонинууд, бас сайтуудыг уншихад МАН-ын 90 жилийг, Сүхбаатарыг, хөшөөг нь тойруулан янз бүрээр бичиж байлаа. МАН-ын өнгөрүүлсэн түүх гэж үнэхээр бөөн гавъяа. Бас зөндөө нүгэл үйлджээ. Гэхдээ 20-р зууны түүхийн шуурганаас яаж ийгээд тусгаар улсыг аваад гарсан.

Харин телевиз үзэхлээр 90-ийн тооны ес нь тонгорч цаг хугацаа ухраад МАХН-ын 60 жил болчихсон мэт цорын ганц үнэнээр дүүрсэн байв. Ардын Нам хүслээ шивнэхэд л олон нийтийн  телевиз оройлоод, TV5 удаалж, UBS, “Ийгл” араас нь … унаад өгчээ.

Хоёрдугаар сарын 21-нээс эхлэн МҮОНТ-ээр “Улс төрийн ууган хүч”  нэртэй цуврал баримтат кино үдэш болгоны оргил цагаар гарч  эхэлжээ. Үд, өдөр, орой, үдшийн хөтөлбөр, “Цагийн хүрд”-ээр  гарсан 90 жилийн мэдээ, сурвалжлагуудаар намын баяр угтсан арга хэмжээ, үйл явдлыг зүгээр мэдээлэх нь багадаад “Зарим хүмүүс МАН-ын түүхийг гуйвуулж байхад …” гээд сөрөг сурталчилгаа хийж эхэлсэн шүү. Гагцхүү хэн, хэзээ, яаж гуйвуулсныг хэлж өгсөнгүй. Бас Ням гаригт хөтөлбөрт бичигдээгүй сурталчилгааны нэвтрүүлэг хулгайгаар гарч харагдсан.

2-р сарын 25-нд “МАН-ын дарга нар ярьж байна” цуврал эхэлж эхний өдөр МАХН-ын дарга асан Г.Очирбат, дараа нь Б.Даш-Ёндон оролцов. Харин гуравдахь өдөр М.Энхболдыг Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Амарсанаа орлож 28-нд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зарлагдсан ч “МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс. 1972 он” гэсэн жүжиг гарлаа. Сайхан тоглов!

Гэхдээ олон нийтийн телевиз гомдоогүй. 28-нд МАН-ын 90 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнөөс, 3-р сарын 1-ны өдрийн турш Монгол Улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурлыг Төрийн ордноос, “Тусгаар тогтнолын цом-60” яруу найргийн наадам, Монгол Улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертыг СТӨ-өөс дамжуулж  “Улс төрийн ууган хүч” баримтат киногоор  өндөрлөв. Энэ оройн “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн МАН-ын баярын баярын хурал, “Тусгаар тогтнолын ордон”- ы нээлт, Ерөнхийлөгч  зарлигаар МАН-ын зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол зэрэг сурвалжлагуудын завсраар “МАН-ын түүхт 90 жилийн ой” гэсэн сурталчилгааг шургуулж амжив. Бас болоогүй Сүхбаатарын хөшөөний нээлтийн сурвалжлагад МҮОНТ-ын хоёр хөтлөгч уг арга хэмжээг хөтөлсөн бололтой зогсож харагдлаа. “Цагийн хүрд”-ын дараа 21.00 “Ардын намын түүх үргэлжилсээр…” баримтат кино, дахиад араас нь “МАН-ын дарга нар ярьж байна” цувралаар Ерөнхий сайд С.Батболд …

Баярын маргааш МҮОНТ-ийн мэдээнүүдээр өчигдрийн шөнийн шоу, салют, МАН-ын дарга С.Батболд 1-р төрөхөд ажилласан… МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөр айлчилсан… “Ардын намын түүх үргэлжилсээр…” баримтат кино.. “Тусгаар тогтнолын цом-60″ яруу найргийн наадам …

Энэ хэдэн өдөр МАН-ынхан МҮОНТ-ийг тэр чигээр нь (хөтлөгчтэй юутай нь!) худалдаад авчихсан мэт санагдсан шүү. МАН-ын залуучууд Сүхбаатарын талбайг түрээсэлсэн шиг…

Өнөөдөр аливаа үйл явдлын ач холбогдол, цар хүрээ зөвхөн  телевизээр  гарснаар хэмжигдэнэ.  Дэлгэцэн дээр алга байвал тийм юм болоогүй гэсэн үг. Эрхэм гишүүд, сайд дарга нар тойрогтоо очиж гийгүүлэхдээ заавал телевиз дагуулдаг, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ядарсан эмгэнд гэр өгөхөд байлцахдаа заавал хэвлэл мэдээллийг цуглуулдаг. Сүүлдээ камер байлцуулахгүй бол хоол ч хийхээ болив. МАН энэ удаад олон нийтийн телевизийг зөв мэргэн удирдсанаараа 90 жилийн ойгоо цагаан сар, наадам адил сүр дуулиан болгож чадав. Тэрнээс биш гудамжаар явахад ард түмэн баярлаж хөөрөн МАН-ын гишүүдийг барьж үнсээд, эсвэл баригдаж дуусаагүй ордны зүг мөргөөд байгаа юм надад ажиглагдаагүй. Зүгээр л нэг тэмдэглэлт өдөр, намын ой.

Олон нийтийн телевизээс харамлах мэт МАН-ын баярын бүх арга хэмжээ, тухайлбал, яруу найргийн наадам, бөхийн барилдаан, ойн баярын хурлыг Төрийн ордноос шууд дамжуулсан телевиз бол TV5. Хурал дууссан ч сэтгүүлч нь энэ агуу үйл явдлаас хагацаж ядсан мэт ярилцлага хийсээр, дамжуулсаар байлаа. Дараа нь Сүхбаатарын хөшөөний нээлтийн ёслолыг Live тодотголтойгоор дамжуулж эхэлсэн ч техникийн саатлаас бололтой тасарчихав. Төдөлгүй СТӨ-нөөс хүндэтгэлийн концертыг шууд дамжуулж дуусмагцаа Сүхбаатарын талбайд болсон шөний цэнгүүн рүү шууд шилжлээ. Араас нь “Маргашгүй үнэн буюу МАН-ын 90 жилийн түүх” нэвтрүүлгийг хэдэнтээ давтав. Шөнө тийшээгээ цуцаад унтсан байгаасай.

Бусад телевизүүдээр гарсан МАН-ын захиалгат нэвтрүүлэг, ярилцлагуудыг үзээд байтугай тоочоод ч баршгүй.

Ардын намд хандаж арай бага сагсуурахыг сануулах хүч Монголд алга. Манай хоёр том нам ардчилал, тусгаар тогтнол хоёрыг “дээгүүрээ хуваагаад авчихсан” болохоор наймаа тохирчээ. Ардчиллыг Ардчилсан нам хэдийнэ өмчилж ноднин 20 жилийн ойг бүтэн жил тойруулан тэмдэглэж Улсын баатар тэргүүтэй хорь, гучин мянган одон тараасан бол тусгаар тогтнолыг авсан МАН энэ удаад хариу барьж намынхаа нөхдөд Хөдөлмөрийн баатраар эхэлсэн одон, медалиудыг шаардахад Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг түр орхиж хоёр намын зөвшилцлийг  илэрхийлэхээс өөр хаачихав. Анзааарвал, Ардын нам баяраа, одонгоо, албан байраа хүртэл “Тусгаар тогтнол”-оор нэрлүүлж чаджээ. (Ардчилсан намын байр “Ардчиллын ордон” байх аа?). Удахгүй бид энэ хоёр үгийг хамаагүй хэрэглэвэл бусдын өмчид халдсан хэрэгт унана шүү!

Уг нь чөлөөт хэвлэл мэдээлэл гэж ганц найдвар бий. Гэхдээ өнөөдөр телевизүүдийг хасч тооцмоор санагдаж байна. Харин сайтуудыг нэмэх хэрэгтэй. Бас twitter-ийг …

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг, TV5 телевиз | 4 Comments »