АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for February, 2011

Монголчууд бүгд ажилтай болов

Posted by Бид on 2011/02/28

[Хоёр] нам, засгийн зөв мэргэн амлалтын ачаар насанд хүрсэн монголчууд бүгд ажилтай болж чадлаа.  Төрд, төсөвт, компанид алба хашигсад, арилжаа, наймаа , лангуу, түрээсээр амьдрагсад тэртээ тэргүй ажилтай байсан бол үлдэгсэд нь саяхнаас  зав чөлөөгүй хөдөлмөрлөх болжээ. Энэ ажлын хөлс нь сарын 21 мянган төгрөг.

Нийслэлээр жишээ авсугай. Бүх нийтийн хамарсан энэ ажил ноднин иргэний бүртгэлээс эхэлжээ. Хороон дээр очиж зургаа авахуулах, улсын бүртгэлийн газар очих, тэнд өөрийн, эсвэл үр хүүхдийн овог нэрийн аль нэг үсэг заавал зөрсөн байх, хороон дээрээ буцаж очих, нийгмийн халамжийг зорьж “манайд хамаагүй” үгийг сонсох, дахиад иргэний бүртгэлийг зүглэх, тэнд хэдэн өдөр оочирлох, ”Ард түмний толь”-ийг дуудаж ярилцлага өгөх, үсэг засагдахыг хүлээж хэдэн өдрийг барах, банк хэзээ өгч эхлэхийг хилийн харуул мэт нүд цавчилгүй манах, сураглах, сэтгэл догдлох, “маргааш өгөх”-ийг сонсоод баясах, юунд зарцуулахаа тооцоолж нойр хулжих, үүрийн таван жингээр гэрээсээ гарах, банкыг хэд ороосон хүмүүсийг үзэх, оочирт орох, мөнгө орж ирээгүй тухай сонсоод түгших, нийгмийн халамжаас жагсаалт ирээгүй гэсэн зар унших, хэд хоног тэвчих, мөнгө орж ирсэн мэдээ дуулах, баярлах, хэд хоног оочирлох, өөрөө яваад ирсэн TV9-ын сурвалжлагчид яриа өгөх, ингээд “олон хоног үргэлжилсэн хүнд бэрх тулааны эцэст” үйлчилгээний зааланд нэвтэрч чадах, кассанд ойртох, урдуур дайрсан хүмүүстэй үзэлцэх, мөнгөө авах, замаараа дэлгүүр орох …

Ажилгүй, цалин хөлсгүй монголчууд өмнөх сарын 21 мянган төгрөгөө дурсаж, энэ сарын 21 мянгаа сахиж, ирэх сарын 21 мянгаа сэтгэл догдлон хүлээж …. 21-р зууны энэ он, саруудад өчүүхэн ч чөлөө завгүй.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 4 Comments »

2011 оны ухуулах хуудас

Posted by Бид on 2011/02/27

Дахиад 89 оных шиг нэрээ нуусан хүмүүс ухуулах хуудас наагаад байна гэсэн үнэн ажээ. Хэдхэн хоногийн өмнө Төрийн ордны зүүн талын балгасны хашаан дээр хэд хэдээр эгнүүлснийг, өнөөдөр СУИС-ын урдхан бас нэгийг олж харав. Хорин нэг, хоёр жилийн өмнө баригдаж хоригдохоос айж, харин энэ удаад алдах юмтай болцгоосон учраас нуугдсан гэж таалаа.

Зурган дээр дарж уншаарай.

Read the rest of this entry »

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Баянхонгорын өргөн гудамжаар …

Posted by Бид on 2011/02/24

Хоёрдугаар сарын 20-доос өмнөхөн Баянхонгор аймагт очихдоо авсан зургуудаасаа сонирхуулья.

Төрөө дахин дээдэлж аймгийн Төр, захиргааны ордноос эхэлье. Урдаа индэртэй аймаг өөр байхгүй дээ. Тэр цухуйж байгаа яндан бол цаана нь байгаа уурын зуухных.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in АЙМАГ, ОРОН НУТАГ, Баянхонгор аймаг | 2 Comments »

Сүхбаатар аймгийн төв нэг иймэрхүү …

Posted by Бид on 2011/02/12

Энэ сарын эхээр Сүхбаатар аймаг ороод ирлээ. Ажлын завсраар зургийн аппаратаа халааслаад гадагш гарч аймгийн төвийн төв хэсгийг тойрч хэдэн зураг дарсан юм.

Баруун-Урт хот буюу албан ёсоор Баруун-Урт сум өөрийн гэсэн Сүхбаатарын талбайтай. Арваад хоногийн дараа энд жанжин Сүхбаатарын нэр хүндийг хамгаалсан сүрт цуглаан нүргэлж уурлаж хилэгнэсэн сүхбаатарчуудаар пиг дүүрэхийг яаж мэдэхэв. Талбайн хойно мэдээж аймгийн Төр, захиргааны ордон сүндэрлэнэ. ↑

Дахиад баахан зураг бий. Үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in АЙМАГ, ОРОН НУТАГ, Сүхбаатар аймаг | 43 Comments »

Х-ТҮЦ хамтлаг телевизүүдийг шүүмжлэв

Posted by Бид on 2011/02/05

Наадмыг санахгүй байна, харин шинэ жил, цагаан сарын өдрүүдэд телевиз сахихад хамгийн сайхан зугаа бол Х-ТҮЦ-ийн ээлжит хошин шог байдаг. Энэ цагаан сараар TV9 телевиз “Эгч дүүс” нэртэй шинэ хөтөлбөрийг үзүүллээ. “Гарын таван хуруу”-наас ч олон дүүтэй эгчийн (И.Одончимэг тогложээ) гэрт болсон  явдал.  Бүтэлтэй бүтэлгүй дүү нар нь цувран ирж мөнгө төгрөг нэхэн эрхэлж байтал бас нэг дүү нь цэцгийн баглаа тэвэрч телевизийн сурвалжлагч, зураглаач хоёрыг дагуулан орж ирлээ. “Баярлалаа” нэвтрүүлгийнхэн   гудамжинд тааралдаж цэцэг гардуулаад дагаж ирсэн гэнэ. Хэн нэгний хамт ойр дотнын хүн дээр нь гэнэтхэн очиж сюрприз барилцан баяр талархлын үгс, дуслах нулимсыг харуулдаг ийм нэвтрүүлэг UBS, C1 зэрэг хэдэн телевизэд байдаг санагдана.

Камер ажиллаж эгчийн тухай дуу эгшиглэж Аглуу дүү тэргүүлэн баахан хөгжөөсний эцэст сурвалжлагч залуу “Гоё болж байна. 15-20 минутийн нэвтрүүлэг бараг болчихно. За тэгээд тооцогоо хийгээд дуусгая даа” гэлээ. Цаашаа өрнөсөн яриа: 

– Төлбөртэй нэвтрүүлэг юм уу?

– Төлбөргүй юм гэж хаана байсан юм. Зах зээлд бүх юм төлбөртэй болсоон, миний дүү. 80 мянган төгрөг болно. Наад цэцгийг чинь 35 мянгаар авсан, та нар яахав 30 мянган төгрөг бодоод өгчих…

– Надад та нар өөрсдөө цэцэг…

– Бид ийм нэвтрүүлэг хийж мөнгө олдог юм ш дээ.

– Төлбөртэй гэж хэлэхгүй яасан юм бэ? Тэвэл би орохгүй л байх байсан  шдээ…

– Ямар сонин юм бэ? Мөнгө төгрөгийг асуухад яасан юм бэ?

Сайхан сэтгэлтэй Одончимэг эгч “Яахав яахав. Зөндөө гоё юм боллоо. Эгчийнхээ цүнхийг аваад ир. Өгнө өгнө” гэсээр мөнгийг нь төллөө. Яриа цааш хэсэг үргэлжлэв. 

– Хэзээ гарах юм бэ?

– Танайх кабельтай юу? Кабельтай бол юу яачих за юу… Цагаан сарын үеэр л гарах байх. Цагаан сараар та кабелиа солиод л үзээд бай. Бид хоёр монтажлах студээ олчих юм бол аль нэг телевизээр гаргачихна, за юу.

– Гарах юм уу?

– Гарнаа гарна. Та бүр гоё гарна.

– Ямар сувгаар гарах юм бэ?

– Аль нэг сувгаар нь гарна аа. Та сувгаа солиод л үзээд бай за юу…  

Ингэж санаандгүй X-ТҮЦ-ийнхэн манай телевизүүдийн нэг нууцыг задалчихав. Телевизэд ажилладагүй, студи ч байхгүй хоёр нөхөр мөнгө олж байгаагаар дүрсэлсэн ч жинхэнэ амьдрал дээр том телевизүүд өөрсдөө яг ингэж мөнгөөр баярлуулдаг билээ.  Бүр албан ёсны тарифтай. 

Монголын хошин шогийн №1  хамтлаг болох Х-ТҮЦ цаашид энэ мэтээр ахиухан “улс төржөөсэй”.  Хөгжилтэй, будлиу, согтуу, хазгар, тэнэг, ховдог, гэнэн, сагсуу жирийн монгол хүнийг бусад хамтлагуудын хамт заримдаа хүйсээ хүртэл сольж байгаад олон жил даапааллаа. Хөгжилтэй сайхан байлаа. Хэдэн сарын турш тоглоход Соёлын төв өргөө, МҮЭ-ийн Соёлын төв ордон зэрэг дүүрдэг урлаг болгож чадлаа. Харин одоо худлаа ярьдаг, хоосон амалдаг, шоуддаг (Байнгын хороодын хуралдааныг санацгаая!) улс төрчид, сайд дарга нарын ээлж болсон баймаар. 

Магадгүй хошин урлагийн жанрын хууль сэтгүүл зүйнхээс өөр байх. Гэхдээ л …

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", TV9 телевиз | 3 Comments »

Швейцарь (голдуу автобусны цонхоор)

Posted by Бид on 2011/02/05

Нэгдүгээр сарын сүүлчээр миний бие “Ил тод байдал” сан ТББ-ынхаа шугамаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцарийн холбооны улсад хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тав хоног яваад ирсэн юм.  Төрийн ил тод байдал, төсвийн нээлттэй байдал, хариуцлагын чиглэлээр ажиллаж байгаагийн хувьд швейцарын шууд ардчиллыг газар дээр нь үзэж хэдэн чухал санаа олж авлаа. Зарим шинэ арга, зарчмыг би өөрөө зохицуулагчаар нь ажилладаг “Иргэд төсвөө хянана” сүлжээгээр  дамжуулан нэвтрүүлж үзнэ дээ.

Айлчлалын талаар дагалдаж явсан телевиз, сонины сурвалжлагчид өдөр өдрөөр үзүүлж харуулсан ба одоо араас нь гүйцээн тайлбарлаж (миний ярилцлагыг хүртэл багтаажээ) байгаа. Иймд албан ажлыг орхиж гурав хоногийн турш төлөөлөгчдийн хамт Швейцарийн хэдэн хотын хооронд явахдаа автобусны цонхоор голдуу авсан хэдэн зургаа тайлбартайгаар нийтлэв.    

 

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 4 Comments »

Сэтгүүлч Л.Пүрэвням эргэж ирлээ

Posted by Бид on 2011/02/04

Баасан гаригт Shuud телевизээр “Тань руу нүүж явна” нэвтрүүлгийн анхны дугаараар тэртээ гуч шахам жилийн өмнө ийм нэртэй кинонд тоглосон Гэрэлийн одоогийн амьдралыг үзүүлэв. (Гэхдээ дундаас нь үзлээ). Архинд ордог гэж яригддаг байсан энэ эмэгтэй ганц охинтой, тэр нь Камертон хамтлагийн Ган-Эрдэнэтэй суусан (“миний харамсдаг юм гэвэл би хүүхдээ л цөөдүүлчихсэн”), Дэнжийн мянгийн цагаан байшинд амьдардаг, нөхрийн хамт сонинд хэвлэлд янз бүрийн мэдээ, материал бичиж зардаг (“энэ хэвлэлийн биржээс өдөртөө 7000-8000 төгрөг олдог”)  тухайгаа ярьж байна.   

Гэрэлээс гадна удтал үзэгдэхгүй байсан сэтгүүлч Л.Пүрэвням дахин дэлгэцнээ үзэгдэж энэ нэвтрүүлгийг хөтөлсөн нь сонин байлаа. Амжилт хүсье!

Posted in Шууд ТВ | Leave a Comment »