Батболдгүйгээр нар харахуй…
Posted by Бид on 2011/01/03
Шинэ оны анхны өглөөний нар харах ёслол Улаанбаатар хотоос баруун урагшаа 100-аад км-ын зайтай Хангай өртөөнд болдог. Голдуу жирийн иргэд, бас жуулчид баярын шөнө унтахгүйгээр, эсвэл хугаслан босч 05.30-аас вокзал дээрээс галт тэргэнд сууж явсаар тэнд хүрч 8 цагаас хойхно намхан уулсын цаанаас улаан наран өндийхийг нүд салгалгүй ширтэхдээ өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж өөдрөг сайхныг бясалгаж зогсдог учиртай юм. Ийнхүү хэсэг бужигналдаад дахин галт тэргэндээ сууж буцдаг уламжлалтай.
Харин энэ жил Ерөнхий сайд С.Батболд бараа бологсодтойгоо тэнд заларч төрийн далбаа мандуулснаар бас нэгэн тахилга болгон хувиргав. Яах гэж? Телевизээр гарах гэж! Тэр өдөр, үдшийн телевизийн сурвалжлагуудыг үзэхэд нар бүдэгдүү, харин Ерөнхий сайд тод сайхан харагдав. Нар тэнгэрт дув дуугүй мандаж (түүнд гарч орохоос өөр хийдэг ажил байх биш) төдөлгүй дэлгэцнээс хасагдсан бол Ерөнхий сайд Засгийн газрынхаа хийсэн ажлын тайлан, бас зорилтыг багтаасан мундаг үгээрээ түүнийг орлов.
Ядахдаа нарыг С.Батболдгүйгээр хардаг байхсан. Бас тэртээ тэргүй мандах нарыг заавал тийшээ очихгүйгээр Улаанбаатартаа хардаг болохсон.
Ерөнхий сайд буцахдаа Улаанбаатар өртөөнд “саатаж” Монголын төмөр замын ажлыг дүгнэсэн цуглаан хийж илтгэл тайлан өрнүүлсэн байна. Яах гэж? Бас л телевизээр гарах гэж! Тэрнээс биш төмөр замын шинэ дарга Очирхүүг дуртай цаг, минут, секундэд дуудаж илтгэлийг нь сонсож үүрэг даалгавар өгч чадахсан.
Хэдхэн цагийн өмнө буюу 2010 оны сүүлчийн үдэш. Айл өрх бүр шинэ оноо угтахаар бэлтгэж байсан 21-22 цагийн үед МҮОНТ-ийн дэлгэцийг Ерөнхий сайд С.Батболд бүтэн цаг гаруй эзэгнэж нөгөө ярьдаг юмаа мянга нэгдэх удаагаа давтах нь тэр. Бид сонсохоос залхаж байхад тэр ярихаас залхдаггүй юм байна.
Баярын өдрүүдэд олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн үндсэн хэсэг нь Засгийн газар, яам, агентлагуудын 2010 оны ажил, 2011 оны зорилтыг тоочсон тайлбарууд байжээ. 12-р сарын 31, 1-р сарын 1,2-ны үдэш сайд, дарга нар албан өрөөндөө МҮОНТ-ийн сурвалжлагчийг хүлээн авч ярилцлага өгч харагдсан гээд төсөөл дөө! Гэхдээ гол дүр нь С.Батболд өөрөө. Зурагтаар гарсан шинэ жилийн бүх арга хэмжээ, өргөмжлөл гардуулах ёслол, найр наадмын оройд тэр заларч байв.
Тэрбээр үүгээрээ он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхдээ аяга сүү өргөж шоудсан (арай дэндэнэ ээ! Оргилуун дарс уугаад согтсон, архинд орсон хүн гэж сонсоогүй юм байна) Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүртэл ардаа орхиж чадлаа.
addmanz said
Хийх юмгүй улсууд гэж наад хэдийг чинь хэлдэг байхдаа.
Яасан ч энэрэнгүй сайхан, ард олонтойгоо ойрхон төр вэ дээ…
Буй биеэрээ гүэмөн ойрхон байжээ.
ganzorig said
Shal batsartsan yumaa. yandaa…,