АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for January, 2011

Рекламанд дарлуулсан “Зэрэг цохилох зүрх”

Posted by Бид on 2011/01/31

Энэ сард орой болгон UBS телевизээр оросын “Зэрэг цохилох зүрх” олон ангит кино гарч дууслаа. Үзэгчид киноны сайхнаас илүү реклам сурталчилгааных нь уртыг нь гайхан биширчээ.  Зөвхөн киноны дундуур биш, кино өмнө хойно пиг реклам. Үзэгчид кино эхлэхийг хүлээж дэлгэц ширтэн суугааг тааруулан бөөндөж шахдаг аж. Нэгдүгээр сарын 30-ны үдэш нэг иймэрхүү байлаа. 

Эхлээд мэдээ, сурвалжлагаасаа дутахааргүй олон реклам бизнес мэдээтэй “City news” сунжирч дуусав. Дараа нь?

22.03. Рекламууд эхлэв (20 минут үргэлжлэв)

22.23. “Зэрэг цохилох зүрх” кино эхлэв (10 минут үргэлжлэв)

22.39. Реклам эхлэв (18 минут үргэлжлэв)  

22.57. Кино үргэлжлэв (13 минут үргэлжлав)

23.10. Реклам эхлэв (16 минут үргэлжлэв)

23.26. Кино үргэлжлэв. (18 минут үргэлжлэв)

23.44  Кино дуусав

Араас нь реклам, “Шар айраг” хамтлагийн дууны клип (5 минут)

23.49. Business News нэртэй реклам сурталчилгааны нэвтрүүлэг (20 минут).  

(Бас 2011.01.22-ны  өдөр иймэрхүү байжээ. Эхлээд 30 минутын реклам явлаа. Дараа нь 23.32 – “Дышим вдвоем” кино эхлэв. 23.47- Реклам эхлэв. 00.07 Кино эхлэв. 00.24 – Реклам эхлэв. 00.43 – Кино эхлэв. 00.55 – Кино дуусав)

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 6 Comments »

Телевизийн зар сурталчилгааны хэмжээ 2010 онд хоёр дахин өсчээ

Posted by Бид on 2011/01/28

Дэлгэрэнгүй танилцуулгыг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 7 Comments »

Сэтгүүлчид дийлэв

Posted by Бид on 2011/01/22

Монголын сэтгүүлчид анх удаа бие даасан хүч байж чадахаа харуулж хэвлэл мэдээллийн эзэд нь ганц үг ганхийгээгүй ч УИХ-ын Дэгийн тухай хуулийг буцаан өөрчлүүлж байнгын хорооны хуралдааныг дахин нээлттэй болголоо. Хоёр намын хэдэн эсэргүү гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтэсний ачаар чадлаа.

Хэрвээ нээгээгүй бол яах байсан бэ?  Даваа, Мягмар, Лхагва гаригийн бүх хуралдаанууд хаалттай, улмаар парламентын сэтгүүлчид ихэнхдээ УИХ-ын чуулганыг биш, энэ тухай хэвлэлийн хурлуудыг  сурвалжилдаг хүмүүс болж хувирах байлаа. “Та нар байнгын хорооны хуралдаанд биеэрээ суухгүй ч бүх мэдээллийг авна” гэж мэхлэхийг оролдсон ч хуралдааны протокол, бичлэгийг  өгөх эсэх, өгвөл хэзээ яаж гэдэг талаар хуулинд юу ч байгаагүй билээ.

Хэвлэлийн эрх чөлөө бол тэмцэл. Тэд хаах, сэтгүүлчид нээх эсрэг тэсрэг ашиг сонирхолтой хүмүүс. Энэ удаад сэтгүүлчид дийлэв.

Posted in Хэвлэлийн эрх чөлөө | 1 Comment »

www.open-batbold.mn

Posted by Бид on 2011/01/19

Засгийн газрын сайт шинэчлэгджээ. Үнэхээр гоё тансаг харагдах мөртлөө тун цэгцтэй болсон байна. Энэ хоёр шинж сайтуудад хослоно гэж бараг үгүй. Тэгвэл www.open-government.mn чаджээ. Нэвтэрч ороход тэргүүн нүүрний тэргүүн зурагнаас Ерөнхий сайд ёс төртэйгээр зугуухан дөхөж нүд баясгах ба нэгэн зэрэг хөгжим, хөгжмийн араас Ерөнхий сайдын дуу хоолой сонор мялаана.  Цаашаагаа тоочоод баршгүй арвин мэдээлэлтэй хэрнээ гарчгийг хөөж цэсийг дагахад төөрөхгүй… 

Харин тэргүүн нүүр тэр чигээрээ С.Батболд ажаамой.

Хэтрүүлчихэж. Ганц Б.Болд хэмээх эр С.Батболдын ажлыг магтан сайшаасныхаа ачаар эндээс ард түмэндээ хандах эрхийг олж авчээ.  Бусад хүмүүс Батболдын удирдлагаар, Батболдтой хамт, Батболдын дэргэд, Батболдын гараас…

Ажаад байхнээ төр, засгийн вэб сайтууд өнөөдөр төр засаг, яам газрынхаа үйл ажиллагааг сурталчилж таниулахаас хэдийнэ давж бүх төрөл, жанраар нийтэлж нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ. Шинэ оны өмнөх үдэш Ерөнхий сайдын МҮОНТ-д өгсөн ярилцлагын бичлэг www.open-government.mn дээр ухуулах хуудас мэт хадаастай. Араас нь бусад бичлэгүүд. УИХ-ын байнгын хорооны хуралдаанаас сэтгүүлчдийг түлхэж гаргасан ч тэдгээр хуралдааны тухай албан мэдээ биш, уран сайхан бичлэгтэй сурвалжлагууд www.open-parliament.mn дээр нийтлэгдэж байна. Мэдээж ордны “найдвартай” сэтгүүлчид бичсэн. Араас нь сэтгэгдлийг хаачихдаг учраас амар жимэр.  

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар  Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон ч лав хязгааргүй эрх чөлөөтэй (энэ ойлголт төр засагт ч хамаатай ажээ) Интернэтэд хэрэгжихээсээ өнгөрсөн.  За яахав, улаан цайм хэвлэлгүй юм даа гэж бодтол Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн “Шинэ цаг” нэртэй сэтгүүл гаргаад эхний хоёр дугаарыг  www.open-government.mn дээр .pdf хэлбэрээр тавьчихжээ.  Бүр цаасан дээр хэвлүүлээд номын дэлгүүрт зарж байна.

Хавтсан дээр нь бас  л Батболд.  Путин азтай золиг юм аа…  

Posted in Вэб сайт, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Улс төр, эдийн засаг | 9 Comments »

“Хар данс”: 1. Open World …

Posted by Бид on 2011/01/19

Ноднин Work and Travel USA хөтөлбөрөөр Америк явсан мянгаад оюутны хэдэн зууд урьдчилж амалсан ажлын байрууд худлаа байснаас халаас хоосон, сэтгэл дундуур буцаж ирсний дараа том шуугиан дэгдээд намжсан билээ. Яг тэр зуучлагч компаниуд хариуцлага хүлээгээгүй, ядахдаа уучлаарай байхгүй байж өнгөрсөн намраас “арьсаа цайруулах” сурталчилгаа баахан явуулаад одоо яг ноднингийн аргаар бүртгэлээ эхэлжээ. Зуучлалын хөлс нь бусад улс орныхоос хэд дахин илүү хэвээрээ.  

“Яагаад?” клубынхэн Яахав? гэж асуусан байсан.  Яах юу байхав, аль эрт тусгай вэб сайт юмуу блог нээгээд энэ тухай хэлэлцүүлээд явах байсан юм. Тэгээд хаягийг нь сайн сурталчлах. Нэгэнт төр засагт хамаагүй, Оюутны холбоонд ашиггүй болохоор хөдлөхгүй (хувь, процент амлаад үзэх юм уу?) тул тэдэнд найдах аргагүй.

Work and Travel USA  бол АНУ-ын талаас нэгд нэгэнгүй бодож боловсруулсан бэлэн хөтөлбөр. Хэрвээ Open World, Prince World мэтийн компанийн шугамаар явсан оюутанд ажлын байр нь үнэн бөгөөд бэлэн байсан бол гайхуулж сурталчлаад байх гавьяа биш, харин оюутан тус бүрээс мянгаад доллар цэврээр унагасны үнэ, хөлс юм.  Оюутнуудын ярьснаар “тийм компани огт байдаггүй гэнэ”, “хэдхэн ажлын байранд дэндүү олон оюутныг хуваарилсан” бол мянгаад доллар авчихаад хулхиджээ гэсэн үг. Явуулсан оюутнуудын нэг хэсэг ажилтай байсан бол энэ нь нөгөө хэсгийг хулхидсаныг зөвтгөх шалтгаан биш. 

Хэрвээ сайт нээвэл хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой асуудал бол зуучлагч компаниудын зүгээс оюутнуудтай байгуулдаг гэрээ. Ноднингийнх шиг явдалд компаниуд ямар хариуцлага хүлээх талаар тодорхой заалт байхгүй учраас  хохирсон оюутнууд тэгэсхийгээд өнгөрсөн гэнэ. Монгол оюутнууд ихэнхдээ бүрэг, тархай бутархай, ганц ганцаараа очоод компаниудын аманд давхиад орчихдог.  Ийм тэгш биш гэрээний талаар талаар хуульчдын үгийг сонсож оюутнуудын өмнөөс компаниудад хандаж болох.

Work and Travel USA хөтөлбөрт зуучлагч монгол компаниудын “хар данс” хөтөлбөл манай зуучлагчид бараг бүгд жагсах биз.  Яагаад болохгүй гэж?

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 1 Comment »

“Сансар”-ын харьцаа

Posted by Бид on 2011/01/19

Өнөө өглөө “Сансар” кабель гэнэт тасрахад утасдвал хаяг, утсыг минь тэмдэглэж аваад “танай наагуур үнэхээр тасарсан, гэхдээ манай хүмүүс яг одоо засч байна, хэрвээ орохгүй удвал бол хэлээрэй” гэв.  Төдөлгүй эргээд утасдаж “оров уу?” гэж асуух нь тэр. “Орлоо, баярлалаа” гэвэл өөдөөс “баярлалаа” гэж байх юм. 

Өчүүхэн зүйл мэт боловч аятайхан сэтгэгдэл төрүүлэв. Ер нь “Сансар” кабелийн телевизийн утсаар гомдол санал хэлэхэд (313752, 313759 хоёрын аль нэг шиг санагдана) дунд эсвэл арай ахмад насны эрэгтэй (өнөөдөр тэр л хүн байсан байх) тайван сайхан харьцдагийг олон жилийн өмнөөс анзаарснаа хуваалцмаар санагдлаа. Тэр үед “Сансар”  үе үе тасарч заримдаа нэлээд удахад миний зүгээс хичнээн утасдсан ч үргэлж тэвчээртэй сонсдог, заавал тайлбарладаг, иймээс тайвшрахаас өөр аргагүй болгож чаддагсан. Харин сүүлийн үед бараг тасрахаа больсон тул хамгийн сүүлд хэдийд тийшээ ярьснаа мартаж.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 1 Comment »

Хэн ч татгалзаж чадаагүй …

Posted by Бид on 2011/01/14

Гацууртын алтны ордын ашиглалтын лицензийг авахын төлөө довтолгоогоо Бороо гоулд /Centerra Gold гэдэг хоёр нүүртэй компани үргэлжлүүлсээр. Хэрэв лиценз авч чадахгүй бол ажилчдаа хална гэж сануулсан бололтой дэргэдэх монгол ажилчдын ҮЭ-ийн хороо байн байн хэвлэлийн хурал зарлан Монголын эдийн засагт “Бороо гоулд”-ийн оруулсан түүхэн хувь нэмэр, бас Монголоос гараад явчихвал учрах нийгэм-эдийн засгийн хор уршиг, нуруулдан уусгах технологийн онол, практикийн үндсийг багтаасан том том мэдэгдэл хийж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үүдэнд сүрт жагсаал хүртэл хийсэн. Ходоод ямар ч эрдэмд сургана гэж энэ дээ.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Жон Казакофф нь өөрөө цухуйж өрөөнөөсөө бололтой тусгай мэдэгдэл хийжээ.  Гэхдээ үүний тулд хэвлэлийн хурал зарлаагүй, сэтгүүлчдийн асуултыг сонсож хариулт өгөөгүй, зүгээр л нүүр бүхий, даанч түүнийгээ нуусан сурвалжлагч[д]ийг дуудаж бичүүлсэн байна.   

Хамгийн түрүүнд МҮОНТ-д “татгалзахааргүй санал”  тавьсан бололтой өчигдөр орой “Цагийн хүрд”-ээр тайлбартай сурвалжлагын хэлбэрт оруулан цацаж өглөө. Мэдэгдлийн агуулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт бусад компанийн сүйрүүлсэн газрыг “Бороо гоулд” компани нөхөн сэргээж эхэлсэн, лиценз өгчихвөл бүр сайн хийнэ, гэтэл зарим төрийн бус байгууллага шатахууны сав руу буудсан, бас олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж байгаа тухай юм. Хаана Казакофф дуусч, хаана сэтгүүлч эхэлж байгаа нь ойлгогдохгүй үргэлжилсэн сурталчилгаа.  Бэлтгэсэн, зурагласан нэр, хаяг алга.

Энэхүү захиалгат сурвалжлагаар үзэгчдийг нэгэн зэрэг бөмбөгдөх ажилд TV5-аас эхлээд Шууд.тв-ээр шувтартлаа бүгд оролцжээ. Миний үзсэн TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч нь камертайгаа “Бороо гоулд”-д бас л дуудагдаад очсон байв.  

Дараачийн 40 тонн алтны ордод санаархсан “Бороо гоулд” нийслэлийн төвд нэгдүгээр төрөхийн анхны барилгыг  (яаж ч муулсан миний хувьд дурсгалтай, хайран барилга!) 10-р сарын 1-ны өмнө яаралтай нураалгаж 10 тэрбумаар шинэ төрөх барихаар амлаад ч (одоо ажлаа эхлээгүй харзнаад байгаа) Ашигт малтмалын газраас лиценз өгөхгүй байгаад учир бий. Өмнөх Бороо давтагдвал яахав?  Бас нөгөө “мэргэн буудагчид” юу хэлэх бол?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV8 телевиз | 4 Comments »

Сэтгүүлчдийг гарга! Камертай нь!

Posted by Бид on 2011/01/10

Оны өмнөхөн УИХ-ын чуулганыг сурвалжилдаг сэтгүүлчдийг нэгтгэсэн Парламентийн сэтгүүлчдийн холбоо УИХ-ын тамгын газрынхантай нийлж олон улсын “Найрамдал” зусланд сайхан амарчээ.  Эхлээд бие биенээ хэсэг магтаж дараа нь “Шонхор”, “Бүргэд”  багуудад хуваагдан спортоор өрсөлдсөн байна.

Гэхдээ энэ амралтын оргил үйл явдал нь Парламентын сэтгүүлчдийн холбооноос УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч парламентын сэтгүүлчдийн бүтээлийг нэгтгэсэн товхимол, баримтат кино бүтээхэд дэмжлэг үзүүлсэн тул оны шагналаа гардуулжээ. Дахиад нэг өргөмжлөл!

Ингэж нялуурч байх тэр мөчид парламентын гал зууханд чанагдаж байсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд “камертай” байтугай камергүй ч оруулахгүй болж байгааг Шаравдорж дарга дотроо санаад хөх инээд нь хүрч зогссоноос зайлахгүй. 

Хамгийн эгзэгтэй хуулиудыг “амжуулдаг” тэр аргаар оны сүүлчийн өдөр УИХ-аар дэгийн тухай хуулийг гэнэдүүлэн батлуулав.  Өнөөдөр хамгийн ардчилагч, эрх чөлөөсөг гишүүд хүртэл ийм заалт орсныг санахгүй, “хэрвээ мэдсэн бол барьж аваад сэтгүүлч та нартаа тушаачихгүй юу?” хэмээн ярьж сууна.  Эрчим хүч хэрэглэгчид,  шударгаар татвар төлөгчид, сонгогчид, жирийн иргэд ордны гадна учраас дандаа чадуулдаг. Харин сэтгүүлчид аз таарч ордон дотор сууж байсан тул бөөн шуугиан дэгдээлээ. Ажил нь тэр юм чинь. Маргаашнаас нь байнгын хороодын дарга нарын хэвлэлийн хурлыг бойкотолж эхлэв. Тэд анх удаа улс төрчдөөс асуухгүйгээр хүчээ харуулав.

Яагаад? гэсэн асуултанд УИХ-ын гишүүд хариулахдаа, камер хараад өөрийн эрхгүй шоуддаг, улс төрждөг, бас хамраа ухдаг учраас гэснээс өөр тоймтой юм хэлээгүй. Хуруугаа хамраасаа аваад л шийдчих амархан асуудал. Улс төр бол хариуцлагатай, гэхдээ тэр чигээрээ шоу. Камер хараад хэл орж, хэл амаа билүүдсэн болгон муу биш. Хэн нь хэн болохоо харуулна. Улс төрчид мөртлөө улс төржихгүй байж болох уу?  Өөр нэг улс төрч – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэгийн тухай хуулинд хориг тавиагүй хэрнээ УИХ-ын дарга  Д.Дэмбэрэл, байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг дуудаж хуулиа өөрчлөхийг үүрэгдэх далимаар бяцхан лекц уншиж “сайхан” шоудахыг харав.  Тэглээ гээд энэ гурвын уулзалтыг хаалттай хийх байсан уу?

Хэдэн жилийн өмнө УИХ-ын чуулганы хуралдааны танхимаас сэтгүүлчдийг гаргаж тусгай өрөөнд дэлгэцийн өмнө суулгасан бол яг одоо байнгын хорооны хаалгыг тас хаачихаад байна. Тэр ч бүү сэтгүүлчдийн туршлага, мэргэжил, боловсролыг харгалзан УИХ-аас нэр зааж сурвалжлах эрх олгоно гэсэн заалт оруулжээ. Арай л даварсан санаа. Энэ бүгдээс хандлага харагдаж байгаа биз?

Сэтгүүлчид салахгүй нэхсэний хүчинд Дэгийн тухай хуулийг бага сага засахаар боллоо. Яаж? Байнгын хорооны хуралдаанд хэвлэл мэдээллийнхэн та нар суугаад яахав, оронд нь бичлэг, эсвэл протоколыг өгье гэж магадгүй. Сэтгүүлчид бол түүхчид биш юмсан. Эсвэл камергүй ороод сууцгаа гэж болох… Харамсалтай нь энэ бүхнийг ажлын хэсэг, байнгын хороогоор хаалттай хэлэлцэнэ. Дараа нь нэгдсэн хуралдаан дээр “цагаан утас” ажиллуулж гаднаас дуудлага авахгүй л юм бол саналаа хэлэх бас л боломжгүй. 

Санаснаас, парламентын сэтгүүлчдэд халамжтай нөгөө дарга хаачив аа? Өргөмжлөлөө буцааж авалтай.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

“Гэртээ харья”

Posted by Бид on 2011/01/09

Бүгд шүүмжилдэг болоод байгаа (гэхдээ бүгд үздэг байх) “25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг мухардаад байх шиг. Хөтлөгч Ганзориг хэг ёг хийж хамаа намаагүй ярьсаар, саяын Ням гаригийн дугаараар очсон айлдаа хонохгүй гараад явчихлаа.

Уг нь Замын цагдаагийн ажилтан Ганбаатарыг зам дээр эргүүл хийж байхад нь “барьж аваад” гэрт нь очсон юм. Долоон буудал руу хашаанд ах, дүүгээрээ амьдардаг, илэн далангуй яриатай, том охин, хоёр хүү, хүргэнтэй өнөр өтгөн айл байна. Зарим асуулт, хариулт  хөгжилтэй байсан ба ганц нэгийг түүж дурдмаар санагдав.

-Охин юу хийдэг вэ?
-Охин жирэмсэн…
-Урьд нь юу хийж байсан?
-Хөдөө аж ахуйн их сургуульд нэг жил сураад гарсан.
-Яагаад?
-Юу гэж хэлэх юм бэ дээ… Дүүг нь ХААИС-д оруулах гээд гаргачихсан…
-Ямар том хаус вэ?
-Хаус биш ээ… Ганц худгийн амнаас тоосго ухаж барьсан. 7 машин тоосго ухаж авсан.
-[Эхнэрээс нь] Юу хийдэг вэ?
-Долоон буудлаас Нарантуул хүртэл явдаг шугамтай.  
-Замын цагдаагийн шидэт дохиур байдаггүй юм уу?
-Байхгүй. Манай нөхөр намайг хулгайн шугаманд явуулдаггүй.

Гэрийн эзны ярианаас дахиад хэдэн өгүүлбэр: …Үндэсний телевизийг 24 цагаар явдаг болгомоор… Танайхаар “Танайд хоноё” нэвтрүүлгийг үздэг дээ…  Би одоо журмын хашаанд ажилладаг. Сая нэмэгдлээр эргүүлд гарч байсан юм. Ажил дээрээ мах аваачаад чанаад идчихдэг … Наадах чинь өргөмжлөл. Иргэдтэй зөв боловсон харилцдаг гээд биччихсэн байгаа …

Гэхдээ хөтлөгч маань дутуугүй хөгжилтэй. Замын цагдаагийн хувцсыг нь өмсөж дохиурыг гартаа аваад гэнэт сагсуурч үзэгчид рүү чичлэн:   

– Нөхдүүд дүрэм зөрчихгүй шүү. Зөрчвөл амь настай ярина шүү!

Зам дээр зогсоовол хүн алах нөхөр байна. Тэгснээ унтахаар хэвтэх гэж байсан ээжийнх рүү нь урилгагүй тавьж оров. Хамгийн сүүлд Ганбаатарынх зочиндоо нэг өрөөгөө суллаж өгөхөд тухлах аядсанаа гэнэтхэн “олон ам бүлтэй, жирэмсэн охинтой энэ айлыг  нөгөө өрөөндөө шахцалдаж унтана гэдэг сэтгэлд буухгүй байна” гээд хонохгүйгээр явахаар шийдэхэд гэрийн эзэн “…Манай өчүүхэн гэр орныг тоож ирсэнд баярлалаа. Үүгээр манай амьдралд маш том түүх болж байгаа” гэсээр үлдэв.

Харин Ганзориг тэднийхээс гараад “Манай улсын нэг замын цагдаа иймэрхүү амьдарч байна” хэмээн ерөнхийдөө гайгүй эхэлснээ “Эд өөрийнхөө амьдралд ханаж цадаад …. Миний хувьд орон гэргүй байгаа биш харья” гэж амаараа факталсаар харанхуй гудамжаар цааш уруудлаа. Хэдэн метрийн цаана зураглаач нь, машин нь гүйцэж очоод авсан байлгүй дээ. 

Айлд хоноогүй нь зөв байх.

Posted in 25-р суваг телевиз | 3 Comments »

Эрх чөлөөнүүдийн оочир …

Posted by Бид on 2011/01/09

МҮОНТ-ын 18 цагийн мэдээ “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль УИХ-аар батлагдаж чадалгүй олон жил өнгөрлөө” гэж эхэллээ. Андуурч байна. Араас нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс тодруулга авахад тэрбээр зарим зүйлийг бас л “эндүүрч” ярилаа.  Сийрүүлбэл,

Хаврын чуулганд хэвлэлийн эрх чөлөө болон мэдээлэл олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбогдолтой хуулиудыг УИХ гаргаагүй байгаа л даа. Энэтэй холбоотой хуулийн төслүүд бол бид нар хэд хэдэн чуулганаар хэлэлцэх гээд бас амжилтанд хүрээгүй. Зарим хуулийн төслийн талаар манай сэтгүүлчид та бүхэн бол бас эсэргүүцэл илэрхийлсээр байгаад, ийм байх ёсгүй гэсээр байгаад бас хэлэлцэх асуудал нь хоёр ч удаа чуулган дамжаад байж байгаа шүү дээ. Ер нь ингээд асуудал ярих болохлоор заавал ийм л байх ёстой гээд байвал тэр түвшинд нь хүргэх, тал талдаа энэ асуудлаа ойлголцохын тулд  асуудал хойшлогдоод байгаа болохоос биш уг нь ч бас боловсруулагдсан асуудал бидэнд бий л дээ…”

Ойлгомжгүй ярьсныг нь яаж ийгээд  ойлгов.  Нэр дурдсан баахан хуулийг УИХ батлах гэхэд муйхар сэтгүүлчид нураагаад өдий хүрсэн юм байна. Үнэн хэрэгтээ Мэдээллийн эрх чөлөө буюу мэдээлэл авах эрх чөлөөний тухай ганцхан хуулийн төслийг шинэ УИХ-ын чуулган болгоны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд үзүүлэн шиг оруулдаг болоод арав шахам жил өнгөрчээ. Сэтгүүлчид юун саад хийхтэй манатай. 2004 оноос өмнөхийг орхиё гэж бодоход түүнээс хойш  зөвшилцөөд юу хүссэнээ чаддаг болсон эрх баригчид зүгээр л хүсээгүй хэрэг.  

УИХ-д орж ирээд, тэр тусмаа сэтүүлчид гацаасан хэвлэл мэдээллийн өөр хууль байхгүй. Гэтэл ингэж мэдэн будилсан нь ямар учиртай вэ? Ийм учиртай. 

Бүр 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн төслийг Ерөнхийлөгчийн санаачлагаар ноднин боловсруулж энд тэнд хэлэлцүүлж эхэлмэгц ХЗДХЯ гэнэтхэн сэрж Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төслийг гаргаж ирлээ. Эхний хувилбарыг үзэхэд,  редакцийн дотоод дүрмэнд юу юу оруулахыг хүртэл заасан, хэнийгээ яаж нэрлэхийг “мэдээлэл түгээгч” гэхчлэн хэлж өгсөн байна лээ. 

Одоо дээр дурдсан төслүүд өрсөлдөж байна гэж хэлэхэд болно. Хамгийн эрчтэй яваа нь сүүлчийнх. Д.Дэмбэрэл дарга эхнийхийг гаргаагүй байж оочир дайруулж магадгүй. Харж л байя.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Батболдгүйгээр нар харахуй…

Posted by Бид on 2011/01/03

Шинэ оны анхны өглөөний нар харах ёслол Улаанбаатар хотоос баруун урагшаа 100-аад км-ын зайтай Хангай өртөөнд болдог. Голдуу жирийн иргэд, бас жуулчид баярын шөнө унтахгүйгээр, эсвэл хугаслан босч 05.30-аас вокзал дээрээс галт тэргэнд сууж явсаар тэнд хүрч 8 цагаас хойхно намхан уулсын цаанаас улаан наран өндийхийг нүд салгалгүй ширтэхдээ өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж өөдрөг сайхныг бясалгаж зогсдог учиртай юм. Ийнхүү хэсэг бужигналдаад дахин галт тэргэндээ сууж буцдаг уламжлалтай. 

Харин энэ жил Ерөнхий сайд С.Батболд бараа бологсодтойгоо тэнд заларч төрийн далбаа мандуулснаар бас нэгэн тахилга болгон хувиргав. Яах гэж? Телевизээр гарах гэж!  Тэр өдөр, үдшийн телевизийн сурвалжлагуудыг  үзэхэд нар бүдэгдүү, харин Ерөнхий сайд тод сайхан харагдав. Нар тэнгэрт дув дуугүй мандаж (түүнд гарч орохоос өөр хийдэг ажил байх биш) төдөлгүй дэлгэцнээс хасагдсан бол Ерөнхий сайд Засгийн газрынхаа  хийсэн ажлын тайлан, бас зорилтыг багтаасан мундаг үгээрээ түүнийг орлов.

Ядахдаа нарыг С.Батболдгүйгээр хардаг байхсан. Бас тэртээ тэргүй мандах нарыг заавал тийшээ очихгүйгээр Улаанбаатартаа хардаг болохсон.

Ерөнхий сайд буцахдаа Улаанбаатар өртөөнд “саатаж” Монголын төмөр замын ажлыг дүгнэсэн цуглаан хийж илтгэл тайлан өрнүүлсэн байна. Яах гэж? Бас л телевизээр гарах гэж! Тэрнээс биш төмөр замын шинэ дарга Очирхүүг дуртай цаг, минут, секундэд дуудаж илтгэлийг нь сонсож үүрэг даалгавар өгч чадахсан.

Хэдхэн цагийн өмнө буюу 2010 оны сүүлчийн үдэш.  Айл өрх бүр шинэ оноо угтахаар бэлтгэж байсан 21-22 цагийн үед МҮОНТ-ийн дэлгэцийг Ерөнхий сайд С.Батболд бүтэн цаг гаруй эзэгнэж нөгөө ярьдаг юмаа мянга нэгдэх удаагаа давтах нь тэр.  Бид сонсохоос залхаж байхад тэр ярихаас залхдаггүй юм байна.

Баярын өдрүүдэд олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн үндсэн хэсэг нь Засгийн газар, яам, агентлагуудын 2010 оны ажил, 2011 оны зорилтыг тоочсон тайлбарууд байжээ. 12-р сарын 31, 1-р сарын 1,2-ны үдэш сайд, дарга нар албан өрөөндөө МҮОНТ-ийн сурвалжлагчийг хүлээн авч ярилцлага өгч харагдсан гээд төсөөл дөө! Гэхдээ гол дүр нь С.Батболд өөрөө. Зурагтаар гарсан шинэ жилийн бүх арга хэмжээ, өргөмжлөл гардуулах ёслол, найр наадмын оройд тэр заларч байв.

Тэрбээр үүгээрээ он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхдээ аяга сүү өргөж шоудсан (арай дэндэнэ ээ! Оргилуун дарс уугаад согтсон, архинд орсон хүн гэж сонсоогүй юм байна) Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүртэл ардаа орхиж чадлаа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Шинэ жилийн теле найрууд

Posted by Бид on 2011/01/03

Телевизийн дэлгэцэн дээр үзүүлдэг амьдрал тэр дэлгэцийн урдах болоод дахиад хэдэн метрийн цаадах цонх, тоонын гаднахаас хамаагүй өөр байдаг. Гэхдээ 2011 оны шинэ жилийн өдрүүдэд бүр тасархай байлаа. Монгол газрын “одод” найрын ширээ тойрч суугаад цэнгэлдэхийг шинэ жилийн баярын нэвтрүүлэг гэдэг болсон байна. Оддын тал нь УИХ-ын эрхэм гишүүд байх аж. Энэ өдрүүдэд хичнээн олон теле найр үзэв ээ!  Олны танил хүмүүс хааяа нийлж ууж идэн инээж хөхрөлдөө л биз, тэглээ гээд зурагтаар гаргах хэрэг байна уу? Зай завсраар нь дуу, хөгжимтэй тулдаа л үзэгчид тэсч үзсэн байх.  

Хажуугаар нь телевиз, сониныхон бие биенээ өргөмжилж хөөргөсөн ёслолын олныг яана!  Бүгдийг бүх телевизээр гаргаж бөмбөгдлөө. Тэгсэн атлаа хөлнөөсөө толгойгоо өнгөртөл “Алтан шонхор” дүүжилсэн монголын телевизийн агуу уран бүтээлчид энэ ёолкноор үзэгчиддээ олигтой бэлэг барьж чадсангүй. Нэлээд хэдэн жилийн өмнө нүүрээ тахалдаг байсан “Цэнхэр дэлгэц”-ийн нэг, хоёр, гурваар өмнөх үеийн бэлэн кино, дуу, хөгжмийг юу ч үлдээлгүй хуулбарлан сорж дууссанаас хойш цэнэггүй зогсчээ.    

Ганц найдвар нь “монголын бүх урлагуудын дотроос хамгийн чухал нь” болсон хошин шог байлаа. Юуны өмнө он солигдох шөнө болгонд хошин шогийн багц,  бас бүтэн хөтөлбөр (жүжиг гэе) -аар байлдан дагуулдаг Х-ТҮЦ хамтлагт найдлага тавьж хүлээв. Өмнөх жилүүдэд театрт очоод ирсэн эхнэрүүдээ байцаасан хоёр нөхрийн паян, насанд хүрсэн тавын таван охидоо зохицуулж ядсан аавын түүхийг би олон удаа үзсэн, уйдаагүй.

Даанч энэ 31-ны шөнө TV9-өөр гарсан “Амьд гэрч” жүжиг, бас UBS-ээр үзүүлсэн “Өвлийн инээмсэглэл-2010” хөтөлбөр санаанд хүрсэнгүй. Гарцаагүй Х-ТҮЦ, яах аргагүй Онон, Одончимэг, Аглуу, ерөнхийдөө дажгүй, гэхдээ гайхалтай биш. Тэгэхлээр телевиз болгоноор гарсан хошин шогийн бусад хамтлагууд бага сага марзганаснаас хэтрээгүй гэсэн үг.

Posted in + ТЕЛЕВИЗ | 3 Comments »