АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Телевизүүдийн “дайн” төгсөв.

Posted by Ажиглагч on 2010/11/22



Хоорондоо зүв зүгээр юм шиг байсан монголын телевизүүд муудалцжээ. Эхлээд [арилжааны] телевизүүдийн холбооноос  мэдэгдэл гаргаж Монголын үндэсний олон нийтийн телевиз арай дэндлээ, зогсоо зайгүй реклам явуулдаг, аудит оруулах хэрэгтэй гэжээ. Гээд зогсохгүй тус тусын мэдээгээрээ нэмж баахан балбасан байна. Гагцхүү Олон нийтийн телевиз нэвтрүүлгийнхээ нийт цагийн хоёр хувьд реклам явуулахыг хуулиар зөвшөөрснийг  тооцсонгүй.  Иймээс нотлох баримт, тоо цифр гаргаж тавьсангүй. Өөрсдөө хуулийг дураараа зөрчдөг, дургүйгээ хүрвэл өөрчлүүлдэг (Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засуулж чадсан) эзэд, захирлууд хэт эрджээ.

МҮОНТ энэ алдаанд дөрөөлөн хариу барьж “Олон нийтийн боловсролд (үнэндээ арилжааны телевизийн захирлуудад) зориулж “Мэдвэл зохих хуулиуд” цувралыг эхлүүлэн (Олон нийтийн радио, телевизийн хуулиар, хоёр хувийн рекламын эрхтэй учраас өдөрт 1080 минутийн нэвтрүүлэг явуулдаг гэвэл үүний хоёр хувьд буюу 30 секундын 40 ширхэг реклам явуулах хууль, эрх зүйн зөвшөөрөлтэй, бас нэвтрүүлгийг ивээн тэтгэж болдог, ивээн тэтгэгчийн бэлгэдэл, дүрсийг дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр бичиж болно” г.м.) түүнийгээ өдрийн турш 20-30 удаа үзүүлж байжээ.

Одоо УИХ-ын гишүүн бөгөөд телевизүүдийн холбооны ерөнхийлөгч З.Алтайгийн ээлж. Төрийн ордны гадна харъяа телевизүүдийн сурвалжлагчдаар хүрээлүүлж “…. Олон нийтийн телевиз хуулийн тодорхойгүй заалтыг ашиглаж байна…. Хувийн телевизүүд бол рекламаар л амьдарна… Компаниуд аа, олон нийтийн телевизэд реклам битгий өгөөч ээ…” гэж уриалсныг бүх телевиз гаргав. Мэдээж МҮОНТ-ээс бусад.  

Маргааш нь буюу ням гаригийн үдэш МҮОНТ-ийн нэвтрүүлэг дуусахын алдад  захирал Ц.Оюундарийн  хариу мэдэгдлийн товч цуурайтав. Тээр жил 7-р сарын 1-ны шөнө Улаанбаатар онц байдал тогтооход тэгэж сүртэй зар түгээсэн санагдана. Уртаас урт мэдэгдэлд З.Алтайг “25-р суваг” телевиз, намтар түүх, охинтой юутай нь баахан балбаж өгсөн ба Даваа гаригийн өдөр тутмын сонинуудын дугаарт бүрэн эхээр нийтлүүлсэн гэнэ.

Ийнхүү олон нийтийн ба  арилжааны телевизүүд өөрсдийн эзэмшдэг сувгууд, төсвөөс авсан болон  рекламаас олсон мөнгөөрөө арван хэд хоногийн турш бяцхан дайтаад авлаа. 

Харин аажмаар тайвширч нам гүм болцгоов. Хэргийн учир З.Алтай гишүүн Япон руу яваад өгсөнд биш байх. Бие биенийхээ “үнэн”-ийг хамаа намаагүй илчилсээр байгаад монголын телевизүүдийн мөнгө олдог хачин сонин арга залиуд нүцгэрэн дэлгэгдэж  болзошгүйг бүгд зөнгөөрөө мэдэрсэн байж таарна. 

Хоёр тал олны нүдэн дээр нэр хайргүй үзэлцэж харагдсан ч тэдний хооронд сүйдтэй ялгаа алга. Би “арга залиуд” гэж тэдний булаацалдаад байгаа реклам сурталчилгаанд тооцогддоггүй “Бизнес мэдээ”, “Төлбөртэй нэвтрүүлэг”, “Захиалгат нэвтрүүлэг” гэж шууд нэрлэснээс эхлээд “ивээн  тэтгэв”, “хамтран ажиллав”, “оролцов”, “баярлалаа” мэтийн гэмгүй үгсээр халхавчилсан, “МҮОНТ”, “25-р суваг” телевиз”, “2010 он”, “Төгсөв” гэсэн хэдэн үсэг, тоогоор өндөрлөсөн, эсвэл огтоос нэр, хаяг, тайлбаргүйгээр, сайн уу, баяртай ч үгүйгээр эхэлж дуусдаг, бас хөтөлбөрт зарлахгүй байж байгаад “гэнэдүүлэн”  үзүүлдэг (ямар ч ул мөр үлдэхгүй гэсэн үг) нэвтрүүлгүүдийг хэлж байгаа юм. Төрөл, жанрын хувьд мэдээнээс эхлээд сурвалжлага, ярилцлага, тоглолт, идэлт, хонолт, ер нь юу ч байж магад. Ганц таних тэмдэг гэвэл бүгд төлбөртэй, даанч тас нуугаастай. 

Арилжааны телевизүүдэд ёс зүй, хууль ном гэж сүртэй юм хараахан үгүй тул орхиж бүхэл бүтэн хуультай олон нийтийн телевизийг анзаарваас тийм нэвтрүүлэг огт  тасардаггүй. Иймээс “хэрүүлийн” хоёр хувийг давах ч шаардлага байхгүй. Гаалийнхан өөр том орлоготой учраас цалингаа авдаггүй гэдэг шиг…
 
Мэдээ бол сэтгүүл зүйн бичлэгийн дээд төрөл зүйл бол “Бизнес мэдээ” бол реклам сурталчилгааны дээд хэлбэр болжээ. Арилжааны телевизүүдийг дүүрч гэж бодоход олон нийтийн телевизийн “Цагийн хүрд”-ээр  “Мобиком”, “Юнител”, ХААН, “Хас” банк, “Энержи ресурс”  “Говь”, “Гоёо” гээд хэдэн том компанийн сурталчилгааны сурвалжлагууд ээлжилдэг. Тэгтэл ОНРТ-ийн тухай хуулийн 13.2.2-т  “Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх” гэж харагдсан. 

“Ивээн тэтгүүлэх” гэсэн том цоорхой байх. Хуулийн 15.2-т “...ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно” гэчихжээ. Жижигхээн харагдах ёстой ивээн тэтгэлт маань бүхэл бүтэн тайз, дэлгэц, нэвтрүүлэг, бүр цуврал болж томордог. Сүүлдээ өөрсдөө ч бэлтгэхээ больж өнгөрсөн долоо хоногт гэхэд “Мобиком” корпораци шинэ үйлчилгээнүүдээ ээлж дараалан танилцуулсан цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэж “Гэрэлтэй цонх”-оор үдэш болгон цацууллаа гэх юм. Үнэн гэдэгт эргэлзэхгүй байна.  

(Өөр бусад “тэр аргууд”-ын талаар би зөндөө бичсэн тул алгаслаа)

МҮОНТ энэ мэт далд бизнесээ алдахыг хүсэх үү? Хэрхэвч үгүй. Нэмж хэрэлдэхгүйгээр чимээгүйхэн амжуулж суусан нь дээр. Тэгээд ч саяхан олон нийтийн радио, телевизийн 2011 оны төсвийг хагас тэрбумаар нэмж өгөхөөр УИХ дээр яригдсан…  

Арилжааны телевизүүд ч гэсэн олон нийтийн телевизийг хүмүүжүүлэх гээд өөрсдөө ороогдвол дэмий. Шинэ жилийн хямдралууд эхэлчихлээ, ирэх онд Монгол улс баяжих сураг дуулдсан, тэгэж байтал 2012 оны сонгууль залгана, телевизүүд рүү улам их мөнгө цутгана, бөөн мөнгө тоолоод хэн нэгэнтэй муудалцаж суух зав гарах уу? Үгүй.

Товчхондоо, олон нийтийн ба арилжааны телевизүүдийн бяцхан “дайн” ингэсхийгээд замхрах нигууртай.

4 Responses to “Телевизүүдийн “дайн” төгсөв.”

  1. Аяз said

    Зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэр болох шахсан шүү, хөөрхий…. Тэртээ тэргүй ил ч нэг “иднэ”, далд ч нэг “иднэ” гээд хээв нэг, хэнэггүй суудаг улс шүү дээ.

  2. Аяз said

    Зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэр болох шахсан шүү, хөөрхий…. Тэртээ тэргүй ил ч нэг “иднэ”, далд ч нэг “иднэ” гээд хээв нэг, хэнэггүй суудал улс /тв-үүд/ шүү дээ.

  3. Сайн байцгаана уу, эрхэм хүндэт худалдан авагчид аа!

    Манай http://www.1000zahia.com интернэт дэлгүүр маань Монголд одоо байгаа томоохон Электрoн барааны дэлгүүр болох Next Computers дэлгүүрт зарагдаж байгаа бүх notebook, tablet, laptop, netbook компьютэрүүдийг 30% хямдаар таны гар дээр үйлдвэрийн баглаа боодол, битүүмжлэлтэй нь найдвартай хүргэж чадна (Бид 100% оригналь бараа зардаг гэдгээрээ бахархдаг шүү.).

    Та зөвхөн манай http://www.1000zahia.com -оос худалдан аваарай.

    Баярлалаа.

    Шинэ Жилийн Мэнд Хүргэе!

  4. bold said

    Идсэн хоолоо биш, идэх хоолоо булаацалдаж байгаа нь тэр байхаа

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: