АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for November, 2010

Астанагийн гудамжинд би ганцаараа …

Posted by Бид on 2010/11/24

1991 оны 12-р сарын нэгэн хүйтэн өдөр СССР гүрэн гэнэт задарч тусгаар тогтнол нь 2,7 сая километр квадрат нутаг дэвсгэртэй хамт гар дээр нь унасан Казахстан улс нийслэлээ нутгийнхаа хамгийн урд хязгаар Алма-Атагаас хойшоо, гүн рүү нүүлгэхдээ хуучнаар Целиноград хотыг сонгож Астана (казахаар “нийслэл”) хэмээн нэрийдсэн түүхтэй.

Би өнгөрөгч 11-р сарын эхээр Астана очихдоо “бүтээн байгуулалт”-тай нь танилцсан юм.

1. Хааных шиг тэр гоё ордон бол Ерөнхийлөгчийн буюу Назарбаевын ордон юм. Энэ зун Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж түүнийг “Үндэстний удирдагч”-аар өргөмжилжээ. 

Дахиад 21 зураг бий, үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 7 Comments »

Телевизүүдийн “дайн” төгсөв.

Posted by Бид on 2010/11/22



Хоорондоо зүв зүгээр юм шиг байсан монголын телевизүүд муудалцжээ. Эхлээд [арилжааны] телевизүүдийн холбооноос  мэдэгдэл гаргаж Монголын үндэсний олон нийтийн телевиз арай дэндлээ, зогсоо зайгүй реклам явуулдаг, аудит оруулах хэрэгтэй гэжээ. Гээд зогсохгүй тус тусын мэдээгээрээ нэмж баахан балбасан байна. Гагцхүү Олон нийтийн телевиз нэвтрүүлгийнхээ нийт цагийн хоёр хувьд реклам явуулахыг хуулиар зөвшөөрснийг  тооцсонгүй.  Иймээс нотлох баримт, тоо цифр гаргаж тавьсангүй. Өөрсдөө хуулийг дураараа зөрчдөг, дургүйгээ хүрвэл өөрчлүүлдэг (Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засуулж чадсан) эзэд, захирлууд хэт эрджээ.

МҮОНТ энэ алдаанд дөрөөлөн хариу барьж “Олон нийтийн боловсролд (үнэндээ арилжааны телевизийн захирлуудад) зориулж “Мэдвэл зохих хуулиуд” цувралыг эхлүүлэн (Олон нийтийн радио, телевизийн хуулиар, хоёр хувийн рекламын эрхтэй учраас өдөрт 1080 минутийн нэвтрүүлэг явуулдаг гэвэл үүний хоёр хувьд буюу 30 секундын 40 ширхэг реклам явуулах хууль, эрх зүйн зөвшөөрөлтэй, бас нэвтрүүлгийг ивээн тэтгэж болдог, ивээн тэтгэгчийн бэлгэдэл, дүрсийг дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр бичиж болно” г.м.) түүнийгээ өдрийн турш 20-30 удаа үзүүлж байжээ.

Одоо УИХ-ын гишүүн бөгөөд телевизүүдийн холбооны ерөнхийлөгч З.Алтайгийн ээлж. Төрийн ордны гадна харъяа телевизүүдийн сурвалжлагчдаар хүрээлүүлж “…. Олон нийтийн телевиз хуулийн тодорхойгүй заалтыг ашиглаж байна…. Хувийн телевизүүд бол рекламаар л амьдарна… Компаниуд аа, олон нийтийн телевизэд реклам битгий өгөөч ээ…” гэж уриалсныг бүх телевиз гаргав. Мэдээж МҮОНТ-ээс бусад.  

Маргааш нь буюу ням гаригийн үдэш МҮОНТ-ийн нэвтрүүлэг дуусахын алдад  захирал Ц.Оюундарийн  хариу мэдэгдлийн товч цуурайтав. Тээр жил 7-р сарын 1-ны шөнө Улаанбаатар онц байдал тогтооход тэгэж сүртэй зар түгээсэн санагдана. Уртаас урт мэдэгдэлд З.Алтайг “25-р суваг” телевиз, намтар түүх, охинтой юутай нь баахан балбаж өгсөн ба Даваа гаригийн өдөр тутмын сонинуудын дугаарт бүрэн эхээр нийтлүүлсэн гэнэ.

Ийнхүү олон нийтийн ба  арилжааны телевизүүд өөрсдийн эзэмшдэг сувгууд, төсвөөс авсан болон  рекламаас олсон мөнгөөрөө арван хэд хоногийн турш бяцхан дайтаад авлаа. 

Харин аажмаар тайвширч нам гүм болцгоов. Хэргийн учир З.Алтай гишүүн Япон руу яваад өгсөнд биш байх. Бие биенийхээ “үнэн”-ийг хамаа намаагүй илчилсээр байгаад монголын телевизүүдийн мөнгө олдог хачин сонин арга залиуд нүцгэрэн дэлгэгдэж  болзошгүйг бүгд зөнгөөрөө мэдэрсэн байж таарна. 

Хоёр тал олны нүдэн дээр нэр хайргүй үзэлцэж харагдсан ч тэдний хооронд сүйдтэй ялгаа алга. Би “арга залиуд” гэж тэдний булаацалдаад байгаа реклам сурталчилгаанд тооцогддоггүй “Бизнес мэдээ”, “Төлбөртэй нэвтрүүлэг”, “Захиалгат нэвтрүүлэг” гэж шууд нэрлэснээс эхлээд “ивээн  тэтгэв”, “хамтран ажиллав”, “оролцов”, “баярлалаа” мэтийн гэмгүй үгсээр халхавчилсан, “МҮОНТ”, “25-р суваг” телевиз”, “2010 он”, “Төгсөв” гэсэн хэдэн үсэг, тоогоор өндөрлөсөн, эсвэл огтоос нэр, хаяг, тайлбаргүйгээр, сайн уу, баяртай ч үгүйгээр эхэлж дуусдаг, бас хөтөлбөрт зарлахгүй байж байгаад “гэнэдүүлэн”  үзүүлдэг (ямар ч ул мөр үлдэхгүй гэсэн үг) нэвтрүүлгүүдийг хэлж байгаа юм. Төрөл, жанрын хувьд мэдээнээс эхлээд сурвалжлага, ярилцлага, тоглолт, идэлт, хонолт, ер нь юу ч байж магад. Ганц таних тэмдэг гэвэл бүгд төлбөртэй, даанч тас нуугаастай. 

Арилжааны телевизүүдэд ёс зүй, хууль ном гэж сүртэй юм хараахан үгүй тул орхиж бүхэл бүтэн хуультай олон нийтийн телевизийг анзаарваас тийм нэвтрүүлэг огт  тасардаггүй. Иймээс “хэрүүлийн” хоёр хувийг давах ч шаардлага байхгүй. Гаалийнхан өөр том орлоготой учраас цалингаа авдаггүй гэдэг шиг…
 
Мэдээ бол сэтгүүл зүйн бичлэгийн дээд төрөл зүйл бол “Бизнес мэдээ” бол реклам сурталчилгааны дээд хэлбэр болжээ. Арилжааны телевизүүдийг дүүрч гэж бодоход олон нийтийн телевизийн “Цагийн хүрд”-ээр  “Мобиком”, “Юнител”, ХААН, “Хас” банк, “Энержи ресурс”  “Говь”, “Гоёо” гээд хэдэн том компанийн сурталчилгааны сурвалжлагууд ээлжилдэг. Тэгтэл ОНРТ-ийн тухай хуулийн 13.2.2-т  “Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх” гэж харагдсан. 

“Ивээн тэтгүүлэх” гэсэн том цоорхой байх. Хуулийн 15.2-т “...ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно” гэчихжээ. Жижигхээн харагдах ёстой ивээн тэтгэлт маань бүхэл бүтэн тайз, дэлгэц, нэвтрүүлэг, бүр цуврал болж томордог. Сүүлдээ өөрсдөө ч бэлтгэхээ больж өнгөрсөн долоо хоногт гэхэд “Мобиком” корпораци шинэ үйлчилгээнүүдээ ээлж дараалан танилцуулсан цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэж “Гэрэлтэй цонх”-оор үдэш болгон цацууллаа гэх юм. Үнэн гэдэгт эргэлзэхгүй байна.  

(Өөр бусад “тэр аргууд”-ын талаар би зөндөө бичсэн тул алгаслаа)

МҮОНТ энэ мэт далд бизнесээ алдахыг хүсэх үү? Хэрхэвч үгүй. Нэмж хэрэлдэхгүйгээр чимээгүйхэн амжуулж суусан нь дээр. Тэгээд ч саяхан олон нийтийн радио, телевизийн 2011 оны төсвийг хагас тэрбумаар нэмж өгөхөөр УИХ дээр яригдсан…  

Арилжааны телевизүүд ч гэсэн олон нийтийн телевизийг хүмүүжүүлэх гээд өөрсдөө ороогдвол дэмий. Шинэ жилийн хямдралууд эхэлчихлээ, ирэх онд Монгол улс баяжих сураг дуулдсан, тэгэж байтал 2012 оны сонгууль залгана, телевизүүд рүү улам их мөнгө цутгана, бөөн мөнгө тоолоод хэн нэгэнтэй муудалцаж суух зав гарах уу? Үгүй.

Товчхондоо, олон нийтийн ба арилжааны телевизүүдийн бяцхан “дайн” ингэсхийгээд замхрах нигууртай.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Сухэ-Батор көчөсү / Улица Сухэ-Батора.

Posted by Бид on 2010/11/15

Энэ бол 10- р сарын сүүлчийн өдөр Кыргызстан улсын нийслэл Бишкек хотын захдуу дүүрэгт миний санаандгүй илрүүлсэн гудамжны нэр юм. Хаа байсан Монгол, хэдэн оны Сүхбаатар, гэтэл энд ийм нэртэй гудамж байж байдаг!

Лав 1990 оноос өмнө социализм байгуулж ах дүүс болж найрамдан халуурч явсан тэр үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Фрунзе (тэр үеийн нэр) хотын захиргаа тогтоол гаргаж хаяг хадсан, магадгүй Монголоос ирсэн төлөөлөгчид оролцсон цуглаан зохиож улаан тууз хайчилсан биз. Манайхан очиж тохижуулж өгөөгүй, зүлэг мод тариагүй нь мэдээж.

Сэтгэл бяцхан догдолж хажуугаар өнгөрөх ганц нэг хүнээс энэ гудамжны үүх түүхийг асууж яриа өдөхийг оролдсон ч бүгд толгой сэгсэрч, харин нэг орос залуу надад туслахыг ихэд хичээн кыргызийн “богатырь” байх хэмээн таамаглаж өгөв.

Ингээд Сүхбаатарынхаа гудамжаар нааш цааш хэсэг алхсанаа тайлагная.

Read the rest of this entry »

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 4 Comments »

www.mongold.mn

Posted by Бид on 2010/11/12

Posted in Mongold.mn | 3 Comments »