АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Улаанбаатарын түүх …

Posted by Ажиглагч on 2010/10/02

Бид андуурч байжээ. 20-р зуунаас Улаанбаатар хотод үлдээсэн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол байшин барилга, орон сууцны бүхэл бүтэн хорооллууд бус, харин юу ч босгохгүйгээр үлдээсэн хоосон зайнууд юм. Хамгийн сайн байршилтай бөгөөд дэд бүтцэд бэлэн холбосон зай талбайг сэмээрхэн хуваах нь нийслэлийг удирдаж ирсэн хүмүүсийн хийдэг ганц ажил байжээ. Үүнд нэг их ухаан хэрэггүй биз. Хотынхоо хогыг цэвэрлүүлж чаддаггүй Засаг дарга зөвхөн том бүтээн байгуулалт ярьдаг нь ердөө ийм учиртай.

Эхлээд социалист хот төлөвлөгчид хэзээ нэгэн цагт гүйцээхээр үлдээсэн том том зайг шууд авцгаасан бол дараачийн ээлжинд хүүхдийн тоглоомын талбай руу дайран эзэллээ. Уг нь 1996 онд нийслэлд газрыг зөвхөн төсөл шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулах гэсэн хоёр аргаар олгож байхаар амалсан билээ. Гэвч өнгөрсөн арван хэдэн жилд ямар төслийг яаж шалгаруулж ирснийг хэн ч үл мэднэ. Хааяа Орбитод юмуу Ботаникт шатахуун түгээх станц барих газрыг сүртэйгээр дуудсан (хэн авах нь бас л урьдаас тодорхой) сураг дуулддаг ч хотын төвийн А бүсийн бүх газрыг нийслэлчүүдэд хэлэхгүйгээр, нүднээс далдуур олгоод дуусчээ. Ганц удаа ч дуудаагүй гээд бод доо! Маргааш нь сая сая доллараар зарагддаг газруудыг огт “үнэ төлбөргүй” түгээдэг гайхалтай дарга нар шүү!  Хэрвээ дуудлагаар худалдсан бол хотын зах руу өндөр хүчдэл, шугам хоолой татаж орон сууцны хорооллуудыг тэнд барихын зэрэгцээ гэр хорооллийг хөгжүүлэх хичнээн тэрбумыг олох байсан бол? 1996 оноос хойш Нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон захирамжуудыг тас нуужээ. Яагаад гэвэл Төрийн ордноос хууль гарган, эсвэл гаргахгүйгээр халхалдаг, хоёр намын шатсан шатаагүй өргөөнөөс хүнээ томилдог, тэгээд хандив, албан тушаал, бас хүссэн газраа өгч авалцан далд хийчихээд одоо шударга царайлан дээр суудаг нөхдийн нэрс төдийгүй сүлжээ ил гарчихна. Манай сэтгүүлчид тэднийг “газрын мафи” гэж нэрлэдэг.

Нэг мэдэхэд хотын төвд булаачихаар ч газар үлдсэнгүй. Арга бодож байрнуудын завсар зайгаар шургалуулан газар олгож айлын цонх хаалгыг таглуулсан ч бас л барагдах тийшээ ханджээ. Одоо газар олголт буюу булаалтын арга улам нарийсч дараачийн шатанд шилжиж байна. Энэ бол хуучин барилгуудыг нураах дараачийн “бүтээн байгуулалт” юм. Үүний тулд хамгийн түрүүнд 40,50 мянгатын барилгуудыг муулах кампанийг хэдэн жилийн өмнөөс эхлүүлж 40,50 жилийн настай тул маргааш нурна, газар хөдөлбөл өнөөдөр ч магадгүй гэж айлгасаар, хэвлэл мэдээлэл тоть шиг давтсаар… “Авзага трэйд” зэрэг шүлсээ савируулсан компаниуд тэр хавийн хэсэгчилсэн төлөвлөгөөг сайн дураараа, үнэ төлбөргүй хийж өгсөн гэнэ ээ. Эзлэх газраа товлохоо мартаагүй биз. Саяхнаас нийслэлийн дарга нар “хотын төвийн шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж шинийг бариулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэж ярьж салахаа больсныг анзаарсан уу?!

Уг нь 40,50 мянгатын барилгуудыг зориудаар сүйтгэхгүй бол нурахгүй. Үүнийг хоёрын зэрэг барилгыг сонгон авч шинжилгээ хийсэн гаднын мэргэжилтэн нотолсон гэдэг. Харин нэгдүгээр давхрыг сунгахдаа хамаг ханыг хүссэнээрээ цоолж даацын ханануудыг ташраар нь нураасан эмх замбараагүй өргөтгөлүүдээс болж навсхийж мэдэх.

1990 он гэхэд Улаанбаатар хотын төв өнөөгийн төрхөө олж “Азийн цагаан дагина” биш юмаа гэхэд цэлийсэн сайхан гудамж талбайтай болж өнөөдөр элдвээр цоллож байгаа ч хожим угсарсан хайрцган хорооллуудын дэргэд даруухан хэрнээ хамаагүй “уран” барилгууд босчээ.  “Уран барилга бол хөшчихсөн ая” гэж үг бий. Цаг хугацаа ч байж болох. Бусад улсад хотынхоо төв гудамжинд хэдэн арав, зуун жилийн өмнө барьсан чулуун, шавар, модон барилгуудыг үлдээж, түүгээрээ бахархаж амьдардаг. Заавал Микеланжело, Растрелло эсвэл Нимэйрогийн бүтээл байх албагүй, зүгээр л түүхээ хадгалж байгаа хэрэг. Гэтэл бид өмнөх үеийн барилгуудыг гудамж, хорооллоор нь үгүй хийж, эсвэл зай завсаргүй чигчиж танигдахгүй болгоод тэгээс эхлүүлэх гэж байна. Дөрвөн уулын дунд биднээс өмнө хүмүүс амьдарч, амьдраад зогсохгүй дажгүй хот босгосон юм шүү.  Анхнаасаа эмх цэгцтэй төлөвлөж чадсан, түүнийг үргэлжлүүлэх түүхэн гэж хэлмээр боломж байсан. Даанч тавиад туучихлаа, бид. 

Ядахдаа нийслэл хотынхоо төвийг авч үлдэх байж. Гадаадын том хотуудын төвд өндөр барилгууд тэнгэр баганадаж харагддаг, харин улсынхаа нийслэлд хааны, парламентын, засгийн газрын ордноосоо дээш гаргадаггүй байх юм. Тэгвэл өнөөдөр манай Төрийн ордныг тойрон хичнээн юмнууд ёрдойх болсныг хар даа. Урьдын барилгууд улам навтайсаар. Урдаасаа хулхи “Шангри-Ла”-гийн сүүдэр бүрхсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга тун удахгүй Ардчилсан намыг 20 давхар барилгад тас хавчуулагдана.

Хотын захиргааны хуучин барилгыг одоохон нураана…

Дэлхийн нийслэлүүдээс Улаанбаатар маань хамгийн том төв талбайтай байж магадгүй, гэтэл гуравны нэгийг нь тасалж урдах цэцэрлэгтэй хамт нэр үл мэдэгдэх “баатар”-т олгочихоод бараг арваад жил өнгөрлөө. Нэг л шөнө хашаалаад авна…

Нийслэл Улаанбаатар хотын 1970,1980-аад ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатарын талбайгаас урагшаа дархан цаазат Богд уул, Зайсангийн ам цэлийтэл харагдахаар бодож энэ зүгт өндөр барилга барихгүйгээр төлөвлөж, үүгээрээ бахархдагсан. 2002 оны буюу 2020 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөнд ч тийм байсан. Гэтэл одоо Гранд оффис, унжсан хэл шиг шилэн цамхаг, цаагуур нь ургаж байгаа өндөр барилгууд … 

Ингэж болохгүйг мэддэг, ойлгодог хот төлөвлөгчид, архитекторууд хаачив? Лав хуучин хашруудад нь гайгүй байршилтай хэсэгхэн газрыг гавьяатын цол, тэмдэгний хачиртайгаар хүртээгээд нам болгосон гэдэг.

Уг нь Ерөнхий төлөвлөгөө бол Засгийн газраар баталдаг хууль атал өнгөрсөн жилүүдэд дээр нэрлэсэн газрын мафийнхний хүссэн газраа авч босгосон барилга байшин, эдлэнгүүдэд тааруулан зурж өөрчлөөд “ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон ш дээ” болгож цайруулдаг тоглоомын баримт бичиг болж хувирчээ.  

Бодлого байтугай төлөвлөгөөгүй, улмаар замбараагаа алдсан, хамгийн харамсалтай нь түүхээ гээж байгаа Улаанбаатар гэж энэ.

One Response to “Улаанбаатарын түүх …”

  1. Hantulga said

    Цаг үе маань ийм болохыг шаардаад байгаа биш гэж үү?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: