АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for October, 2010

Монгол маягийн шууд телевизүүд

Posted by Бид on 2010/10/14

Өглөө босоод Чилид 700 метрийн гүнээс хамгийн сүүлчийн буюу 33 дахь уурхайчинг гаргаж байхтай таарлаа. Мэдээж телевизийн дэлгэцэн дээр.  “Ийгл” шөнөжин унтаагүй дамжуулсан юм байна!

Хөтлөгч нар ээлжилж унтсан байж мэднэ, харин тоймч Гантулга огт унтаагүй гэлээ. Дэлхийн дээр хичнээн олон телевиз, хөтлөгчид ингэж ажилласныг бүү мэд, Монголоос ганцхан “Ийгл” байжээ.  Давхар шууд дамжуулж тайлбарлаад зогсохгүй уул уурхай, аврах ажиллагаа, сэтгэл судлалын мэргэжлийн хүмүүсийг авчрахын зэрэгцээ үзэгчдийг утасдуулж байлаа.  Үзэгчид харин Чилийн ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амь нэгтэй байгааг шагшиж “харин манайд …” гэж байгаад Элбэгдоржийг  хичнээн чимхэв? Яахав яахав. Монголд том осол гарч Ерөнхийлөгч маань тодорсноос (үүнийг дээд зэргээр чадна) осол гарахгүй, тэгээд тодрохгүй байсан нь дээр.   

Өнөөдөр үйл явдлыг шууд дамжуулах нь гаднаас байтугай дотроос ч амар болжээ. Хэдхэн жилийн өмнө “Манай телевиз  Хүй долоон худгаас хурдан морины уралдааны анх удаа шууд дамжууллаа” гэж сүйд болдогсон. Одоо бүгд чадна. Сүүлдээ юуг шууд дамжуулахаа мэдэхээ больж.  

Өглөө 9 цаг өнгөрч аврах ажиллагаа дуусмагц “Ийгл” телевиз дараачийн шууд нэвтрүүлэгтээ орлоо. Ямар чухал үйл явдал болов? Төрийн ордонд эхэлсэн “Хөдөлмөр – хөгжлийн үндэс”  хөдөлмөрийн үндэсний чуулганы нээлтийн ажиллагаа байлаа. Ерөнхий сайдын үг, Ерөнхийлөгчийн илгээлт, УИХ-ын даргын илгээлт, МҮЭ-ийн Ерөнхийлөгч Ганбаатарын илтгэл … “Ийгл”-ийг шууд орхиж сувгаа солитол МҮОНТ ба  TV5 телевиз хоёр бас л шууд дамжуулж байх юм. 

Монголчууд бүгдээрээ цаг алдалгүй шууд үзэж сэтгэл догдлон ширтэх ёстой гэж дээрх гурван телевизийн шийдсэн үйл явдал нь ердөө энэ.   

  

Posted in Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз | 9 Comments »

Шууд ТВ

Posted by Бид on 2010/10/13

Яг одоо “Ийгл” телевизээр Чилийн уурхайчдыг аврах ажиллагааг шууд  дамжуулж байна.  Сурвалжлах багийг тийш явуулаагүй ч АНУ-ын AP (Associated Press) агентлаг шууд дамжуулж байгааг “Ийгл” давхар дамжуулжээ. Мэдээж шууд.

Өнгөрсөн 8-р сарын 5-нд Чилийн Сан-Хосе уурхай нурж 33 уурхайчин сураггүй болсноос хойш 17 хоногийн дараа тэднийг 700 гаруй метрийн гүнд амьд үлдсэнийг мэдэж холбоо тогтоон аврах ажиллагааг эхлүүлсэн билээ. Өнөөдөр тэдэн рүү тусгай капсул оруулан нэг нэгээр нь татан гаргаж эхэллээ.

Газар дор дарагдсан уурхайчид 17 хоногийн дараа  амьд байхгүй нь мэдээж байхад уйгагүй өрөмдсөөр байгаад тэдний хашигдсан зайг онож, өрөмний үзүүрт зурвас зүүж буцаан бүгд эсэн мэндээ мэдэгдсэн тэр гайхамшигт мөчөөс хойш энэ дэлхий дээрх бүх хүнийг газар дор хүлээж байгаа тэд, газар дээр байгаа бид гэж хоёр хувааж болохоор байлаа. Ингээд бидний дундаас чиличүүд тэднийг аварч, үлдсэн бид хэд телевизээр догдлон харж сууна.    

Телевизийн мэдээ гэж дөнгөж сая болж өнгөрсөн үйл явдлыг бус, яг одоо болж буй үйл явдлыг хэлдэг болсны ээлжит нотолгоо болов. Газар дээрхийг төдийгүй тэр 700 метрийн гүнд камер оруулаад дээрээс улаан өнгөтэй капсул бууж ирээд ээлжит уурхайчинг суулган дээш одохыг хүртэл шууд дамжуулж байх юм даа.   

Тэртээ 1973 оны намар хичээлдээ ирэхэд манай ангийн Болдоо “Чилид төрийн эргэлт гарсан … Сальвадор Альендег алсан… Сая радиогоор ярьсан” гэхэд хаа холын Чилийн төлөө анх удаа ихэд санаа зовж билээ. Өөр элдэв адал явдал байсан биш. Харин одоо хоёрдахь удаагаа болов.

P.S:

21.15: Орой ирээд хамгийн түрүүнд “Ийгл”-ийг үзлээ. Шууд дамжуулсан хэвээрээ, хөтлөгчид нь тоймч Гантулгын хамт нэгд нэгэнгүй тайлбарлаж ярьсаар байна. Ээлжит уурхайчинг суулгасан капсул урт хоолойгоор урагшлахыг харуулдаг болж. Үзүүрт нь камер зоосон биз. Үүнээс илүү шууд гэж байх уу?

23.08. Яг одоо 15 дахь уурхайчин гарч ирэхийг үзэж байна. Мэдээж “Ийгл”-ээр.

Posted in Ийгл телевиз | 10 Comments »

KMNews ба Ulaanbaatar Korea Times

Posted by Бид on 2010/10/09

Улаанбаатарыг сүлжсэн солонгос олон рестораны нэгэнд Монголд хэвлэгдэн гардаг солонгос хоёр сэтгүүлийг үзлээ.

Монгол судлаач Юрий Кручкин “танай Улсын Их Хуралд хорин жилийн дараа солонгос хүн орвол гайхах явдалгүй” хэмээн нэгэнтээ хэлж билээ. Саявтар Солонгост амьдардаг, солонгос нөхөртэй бөгөөд тэндхийн иргэнд элссэн монгол эмэгтэй хотынхоо хуралд сонгогдсон тухай дуулдсан. Монголоос ирсэн энэ тэр гэж хажиглаагүй нь сайхан хэрэг, гэхдээ 50 сая хүнтэй тэр улсад хэн ч анзаарахгүй. Харин ердөө 2,8 сая хүнтэй манайд яахав? 

Хятадууд монголыг худалдан авч байгаа бол ходоодоор, харин солонгосчууд тархиар нь. Телевизийн бүх сувгийг эзэгнэсэн солонгосын олон ангит кинонууд, христийн шашныг өдөр шөнөгүй, хот хөдөөгүй дэлгэрүүлж буй үй олон солонгосчууд. Энэ янзаараа бол Монгол улс хорин жилийн дараа солонгос маягийн христич орон болно. Баталгаатай.        

Сэтгүүлдээ орьё. Эхнийх нь “Монголд суугаа солонгос иргэдийн нийгэмлэгийн KMNews, нөгөөдөх нь Ulaanbaatar Korea Times – News for Korean Residents in Mongolia. Хоёулаа долоо хоног тутам гардаг, тус бүрдээ зуу гаруй хуудастай. Дан солонгосоор бичигдсэн бөгөөд багтаж ядтал чихсэн зар, реклам сурталчилгаанууд. Эргүүлж сонирхоод, солонгосчууд Улаанбаатарт дэлгүүр, үйлчилгээ, ресторан, зочид буудал, сургууль, цэцэрлэг, үйлдвэр, түүхий эд бэлтгэл гээд байж болох бүх бизнестэй болсныг мэдэв.  Арай монгол дээл, буриад гутал л оёдоггүй байх. Тэгээд монголчуудтай огт харилцахгүй, тэднээс хамаарахгүйгээр зөвхөн өөр хоорондоо үйлчилж цэцэглэсэн бие даасан эдийн засаг юм байна. Дээрээс нь энэ хоёр сэтгүүл… 

Нүдэнд сүртэй харагдахгүй, “Даяар Монгол”-ынхний хараанд өртөхгүйгээр таран байрласан Koreatown яах аргагүй байна. Монгол дахь солонгосчуудад улс төрөөс бусад нь бий болжээ. Улс төрийн тухайд Ю.Кручкины хэлснийг саная.

Posted in + СЭТГҮҮЛ | 8 Comments »

Зөвхөн тохижилт

Posted by Бид on 2010/10/09

Саявтар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр томоохон телевиз болон өдөр тутмын сонины удирдлагуудыг “Хангарьд” өргөөндөө найрсгаар хүлээн авч уул овоо шиг ажлаа танилцуулахын ялдамд хотын 371 жилийн ойг угтсан тохижилтийн ажлыг сайн хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оролцож хэвлэл мэдээлэл бүр өөрийн байрладаг дүүргийг хариуцан авч сайныг магтаж саарыг шүүмжлэхийг хүсчээ.  Хэвлэл мэдээлэл мэдээж баяртай хүлээн авч  нийслэлийн пиарыг хийж байгаа “Херо энтертэйнмент”-ийн удирдлаган дор жагсах нь тэр. Улаанбаатар дахь дөрөвдэх засаглал тэр чигээрээ Мөнхбаяр даргын заасан зүгт ширтэж эхэллээ.

Яагаад зөвхөн тохижилт гэж?  Тэгээд ч дүүргүүд зөвхөн хотын төвд ойр гудамж замыг жилийн жилд дахин дахин засч янзалснаа тохижилт гэж нэрлэдэг. Улсын төсвийн зам засварын дуусч өгдөггүй бужигнаан, гэр хорооллын харанхуйлал, траншейны онгорхой нүхнүүд, газрын маргаан, өвлийн утаа, траншейны хүмүүс, нийслэлийн төр, захиргааны үйлчилгээ, хүнд суртлыг яахав? 

Хэвлэл мэдээллийг “зөв тийш” залж чиглүүлэх маш амархан.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ | 2 Comments »

Реклам хөтлөгчид

Posted by Бид on 2010/10/08

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13-р зүйлд “… улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх” гэж дэндүү тодорхой бичсэн байх юм.

Тэгвэл МҮОНТ-ын “Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” гэж мэдээлэл – сурталчилгааны хөтөлбөр байгааг бүгд мэднэ. Бас хүмүүс нь рекламнаас салахаа болив.  Сүүлийн өдрүүдэд хөтлөгч Ичинхорлоо туркийн биожүүсний рекламанд тоглож тэр нь бүх телевизээр цацагдлаа. Урьд нь “Монос”-ын Biogen гоо сайхны бүтээгдэхүүн,  ялангуяа “Маршал таун”-ы шинэ байрны сурталчилгаанд байн байн оролцоход хэн ч юм хэлээгүй болохоор бяцхан даварчээ. Өөр нэг хөтлөгч Цовоо нэвтрүүлгээ дуусангуут “Намуун” нэртэй гоо сайхны салон руу яарч, харин Оргил яарахгүйгээр үлдэж “Жалам хар”-аар шар айрагдах шинжтэй рекламууд сэм сэмхэн үзэгддэг. МАХН-ын болон бусад ой, найр наадмын арга хэмжээг хөтөлсөн чигээрээ арилжааны сувгуудаар давхар “халтуурддаг” хөтлөгчид ч бий.

Сэтгүүлч, хөтлөгч Ш.Ёолк япон авто сэлбэгийн “Масума”, Г.Бадамсамбуу “Спирт бал бурам” ХК-ийн “Итгэл дагуулсан эрхэм чанар” нэртэй цуврал реклам, саявтар Оллоо GPS-ийн рекламанд тоглосон нь хууль зөрчөөгүй ч ёс зүйн асуудал юм. Бусад оронд бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевизийн ажилтанд зөвхөн нийгмийн рекламанд тоглохыг зөвшөөрдөг гэсэн. Манайхан иймэрхүү жижиг сажиг юмыг тоох биш…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Тариаланч захирлууд

Posted by Бид on 2010/10/07

Дээрхэн үед сонинд ажиллаж байхдаа хааяа Сэлэнгэ, Булганаар  явж тоос, тосонд дарагдсан тракторч, комбайнчдыг сурвалжлаад тэднийг тариаланчид гэж нэрлэдэгсэн.  Ургац хураалтын үеэр Сангийн аж ахуйн дарга,  намын үүрийн дарга нар тариан талбай дээр хонож өнжөөд ч энэ алдрыг хүртэхгүй…  

Саяхан “Ургацын далай”-гаар ” Тариа ногоо хураах ажлаас эрчүүд зугатаж байхад энэ тариаланч эмэгтэй нойр хоолгүй зүтгэж байна” гэлээ. Бахархан хартал  “… компанийн захирал” гуншинтай эмэгтэй дэлгэц дүүргэв. Ноднин улсын аварга тариаланч цол хүртсэн нэгэн эрхмийн тухай хөрөг нэвтрүүлгийн баатар жипнээсээ буухгүй, сэтгүүлчийг ч буулгахгүйгээр амьдралынхаа түүхэн замналаа хүүрнэсэн томоос том компанийн захирал байж билээ.

Цаг үе өөр  болжээ.  Аргагүй дээ, Монголын тариаланчдын холбооны дарга нь Монголын хөрөнгийн биржийн захирал Ц.Содхүү байхад. Сэлэнгэ аймагт үй олон тариаланчдын эзэн юм гэсэн. Цаашилбал, Монголын барилгачдын холбоо гэж барилгын компаниудын захирлуудын холбоо байна…

Сэтгүүлчдийн холбоог энэ удаад орхиё.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

“Танайд хонохгүй”

Posted by Бид on 2010/10/07



Өнгөрсөн Ням гаригийн үдэш надад тааралдсангүй юу, эсвэл гарсангүй юу, “25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийг олж үзсэнгүй. (Бодвол хөтлөгч Ганзориг холхон хонохоор уригдаад явсан биз). Харин TV9 телевизээр “Хамтдаа зочилъё” гэдэг нэвтрүүлэг төгсөж байхыг харлаа.

Алтантүрүүгээс хойш, Ганзоригоос өмнө “Танайд хонож” байсан Тэнгис гавъяат тамирчин Үйтүмэнгийн хамт нэгэн бакь эрийнд зочилжээ. Найзууд гэнэ. Мэдээж хүүе, хаая, пөөх, еэ, яая … болцгоож сайхан хоол хийлгэж идсэн ч хонохгүйгээр явцгаалаа.  Унтаад яв ч гэсэнгүй. Нээрээ хоёулаа (зураглаачтай нийлээд гурвуулаа) айлд хоновол арай дэндэнэ ээ.

Яах аргагүй “Танайд хоноё” нэвтрүүлгийн хувилбар байлаа.  Гэхдээ айлын авгай ор засч унтуулахгүй,  нойрсохоосоо өмнө ваннын өрөөнд орж ганцаараа ярихгүй, өглөө гэрийн эздээс заавал сүүлд босохгүй… болохоор тиймхэн санагдав. Дэлгэцийн доогуур www.ocean-entertainment.mn гэж бичсэн нь “25-р суваг”-аасаа яагаад ч юм гарсан хөтлөгч Тэнгисийн тусгаар тогтнолын нэр биз.  

Айлд очдог мөртлөө хонодогүй “Ажлын дараа” нэртэй өөр нэвтрүүлгийг TV5-ын сэтгүүлч Амарбаяр хэдэн жилийн турш хөтөлж байгаа. Эхлээд ажил дээр нь очиж ажлын өрөөг нь, дараа нь салахгүй дагаж (цаадах нь нэрэлхээд хазайхгүй шууд харьдаг, тойрсон ч фитнесс, намын байр гээд боловсон газруудаар орно) гэр орныг сурвалжлаад гарах зуураа хамаг юмыг асууж амждаг болохоор хэн хэндээ амар.

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

TV9-ын залуучуудын нэвтрүүлэг

Posted by Бид on 2010/10/05

Ням гариг бүрийн 12 цагаас хэдэн залуучууд тойрч суугаад том томоор улс төрждөг нь TV9 телевизийн “Анализ тойм” хөтөлбөр юм. Манай арилжааны телевизүүдэд ахмад байтугай дунд насныхан үзээд өгье гэсэн ч олдохгүй тул захирал нь “бэлэн материалаараа хоол хийсэн” биз. Харин эдийн засагч Дашзэвэг, геологич Хурц  зэрэг хүмүүсийг гаднаас урихлаар орц нь таарч дажгүй яриа болдог. Даанч дандаа биш.

Хамгийн гол нь залуухан тоймчид эзэндээ амар.  Тэд хамаа намаагүй ярьж харагдавч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын хэнийг өөд татаж, хэнийг доош чихэхээ хольж солино гэж үгүй. Гэхдээ залуучууд юм хойно холын байтугай ойрын түүхийг ч муу мэдэх юм. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн хурц үйл явдал – Англид баривчлагдсан  Хурцын талаар тайлбарлахдаа  “Манайхан Энхбатыг хулгайлж авчирсан тагнуулчдынхаа нэрсийг илчилсэн гэнэ, ёстой шившигтэй, яаж чадав аа,  тэр Гадаад харилцааны сайд юугаа харсан юм?” хэмээн зад загнав.  Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг тул түүний зөвшөөрөлгүйгээр шийдсэн байх учиргүй. 2003 онд Ерөнхий сайдын нэр Э үсгээр эхэлж байсныг мэддэггүй аж.

Дараа нь Ерөнхий сайд С.Батболд эх орондоо үзэгдэхгүй хагас сар гаруй (17 хоног) гадуур хэссэнийг шагширч Гиннесийн номонд оруулах санал гаргалаа. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Финланд Данид олон хоногоор айлчлах гэж байгааг дурдаад бусад орны төрийн томчууд Монголд 0,5  өдөр, 1 өдөр, сайндаа л 1,5 өдөр буугаад морддог тухай сануулсан.

Яг тийм. Батболд АНУ, Канад, Японоор дэндүү  удаан айлчилжээ. Цаашдаа болимоор юм. Гэхдээ 2003-2004 оны үед Ерөнхий сайд Н.Энхбаяр ганцхан АНУ-д бараг бүтэн сар аялсныг мэдэх үү? Хамаагүй ярьж байж Гиннесийн номонд өөр хүнийг оруулчихвал яана?!

Posted in TV9 телевиз | 3 Comments »

Улаанбаатарын түүх …

Posted by Бид on 2010/10/02

Бид андуурч байжээ. 20-р зуунаас Улаанбаатар хотод үлдээсэн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол байшин барилга, орон сууцны бүхэл бүтэн хорооллууд бус, харин юу ч босгохгүйгээр үлдээсэн хоосон зайнууд юм. Хамгийн сайн байршилтай бөгөөд дэд бүтцэд бэлэн холбосон зай талбайг сэмээрхэн хуваах нь нийслэлийг удирдаж ирсэн хүмүүсийн хийдэг ганц ажил байжээ. Үүнд нэг их ухаан хэрэггүй биз. Хотынхоо хогыг цэвэрлүүлж чаддаггүй Засаг дарга зөвхөн том бүтээн байгуулалт ярьдаг нь ердөө ийм учиртай.

Эхлээд социалист хот төлөвлөгчид хэзээ нэгэн цагт гүйцээхээр үлдээсэн том том зайг шууд авцгаасан бол дараачийн ээлжинд хүүхдийн тоглоомын талбай руу дайран эзэллээ. Уг нь 1996 онд нийслэлд газрыг зөвхөн төсөл шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулах гэсэн хоёр аргаар олгож байхаар амалсан билээ. Гэвч өнгөрсөн арван хэдэн жилд ямар төслийг яаж шалгаруулж ирснийг хэн ч үл мэднэ. Хааяа Орбитод юмуу Ботаникт шатахуун түгээх станц барих газрыг сүртэйгээр дуудсан (хэн авах нь бас л урьдаас тодорхой) сураг дуулддаг ч хотын төвийн А бүсийн бүх газрыг нийслэлчүүдэд хэлэхгүйгээр, нүднээс далдуур олгоод дуусчээ. Ганц удаа ч дуудаагүй гээд бод доо! Маргааш нь сая сая доллараар зарагддаг газруудыг огт “үнэ төлбөргүй” түгээдэг гайхалтай дарга нар шүү!  Хэрвээ дуудлагаар худалдсан бол хотын зах руу өндөр хүчдэл, шугам хоолой татаж орон сууцны хорооллуудыг тэнд барихын зэрэгцээ гэр хорооллийг хөгжүүлэх хичнээн тэрбумыг олох байсан бол? 1996 оноос хойш Нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон захирамжуудыг тас нуужээ. Яагаад гэвэл Төрийн ордноос хууль гарган, эсвэл гаргахгүйгээр халхалдаг, хоёр намын шатсан шатаагүй өргөөнөөс хүнээ томилдог, тэгээд хандив, албан тушаал, бас хүссэн газраа өгч авалцан далд хийчихээд одоо шударга царайлан дээр суудаг нөхдийн нэрс төдийгүй сүлжээ ил гарчихна. Манай сэтгүүлчид тэднийг “газрын мафи” гэж нэрлэдэг.

Нэг мэдэхэд хотын төвд булаачихаар ч газар үлдсэнгүй. Арга бодож байрнуудын завсар зайгаар шургалуулан газар олгож айлын цонх хаалгыг таглуулсан ч бас л барагдах тийшээ ханджээ. Одоо газар олголт буюу булаалтын арга улам нарийсч дараачийн шатанд шилжиж байна. Энэ бол хуучин барилгуудыг нураах дараачийн “бүтээн байгуулалт” юм. Үүний тулд хамгийн түрүүнд 40,50 мянгатын барилгуудыг муулах кампанийг хэдэн жилийн өмнөөс эхлүүлж 40,50 жилийн настай тул маргааш нурна, газар хөдөлбөл өнөөдөр ч магадгүй гэж айлгасаар, хэвлэл мэдээлэл тоть шиг давтсаар… “Авзага трэйд” зэрэг шүлсээ савируулсан компаниуд тэр хавийн хэсэгчилсэн төлөвлөгөөг сайн дураараа, үнэ төлбөргүй хийж өгсөн гэнэ ээ. Эзлэх газраа товлохоо мартаагүй биз. Саяхнаас нийслэлийн дарга нар “хотын төвийн шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж шинийг бариулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэж ярьж салахаа больсныг анзаарсан уу?!

Уг нь 40,50 мянгатын барилгуудыг зориудаар сүйтгэхгүй бол нурахгүй. Үүнийг хоёрын зэрэг барилгыг сонгон авч шинжилгээ хийсэн гаднын мэргэжилтэн нотолсон гэдэг. Харин нэгдүгээр давхрыг сунгахдаа хамаг ханыг хүссэнээрээ цоолж даацын ханануудыг ташраар нь нураасан эмх замбараагүй өргөтгөлүүдээс болж навсхийж мэдэх.

1990 он гэхэд Улаанбаатар хотын төв өнөөгийн төрхөө олж “Азийн цагаан дагина” биш юмаа гэхэд цэлийсэн сайхан гудамж талбайтай болж өнөөдөр элдвээр цоллож байгаа ч хожим угсарсан хайрцган хорооллуудын дэргэд даруухан хэрнээ хамаагүй “уран” барилгууд босчээ.  “Уран барилга бол хөшчихсөн ая” гэж үг бий. Цаг хугацаа ч байж болох. Бусад улсад хотынхоо төв гудамжинд хэдэн арав, зуун жилийн өмнө барьсан чулуун, шавар, модон барилгуудыг үлдээж, түүгээрээ бахархаж амьдардаг. Заавал Микеланжело, Растрелло эсвэл Нимэйрогийн бүтээл байх албагүй, зүгээр л түүхээ хадгалж байгаа хэрэг. Гэтэл бид өмнөх үеийн барилгуудыг гудамж, хорооллоор нь үгүй хийж, эсвэл зай завсаргүй чигчиж танигдахгүй болгоод тэгээс эхлүүлэх гэж байна. Дөрвөн уулын дунд биднээс өмнө хүмүүс амьдарч, амьдраад зогсохгүй дажгүй хот босгосон юм шүү.  Анхнаасаа эмх цэгцтэй төлөвлөж чадсан, түүнийг үргэлжлүүлэх түүхэн гэж хэлмээр боломж байсан. Даанч тавиад туучихлаа, бид. 

Ядахдаа нийслэл хотынхоо төвийг авч үлдэх байж. Гадаадын том хотуудын төвд өндөр барилгууд тэнгэр баганадаж харагддаг, харин улсынхаа нийслэлд хааны, парламентын, засгийн газрын ордноосоо дээш гаргадаггүй байх юм. Тэгвэл өнөөдөр манай Төрийн ордныг тойрон хичнээн юмнууд ёрдойх болсныг хар даа. Урьдын барилгууд улам навтайсаар. Урдаасаа хулхи “Шангри-Ла”-гийн сүүдэр бүрхсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга тун удахгүй Ардчилсан намыг 20 давхар барилгад тас хавчуулагдана.

Хотын захиргааны хуучин барилгыг одоохон нураана…

Дэлхийн нийслэлүүдээс Улаанбаатар маань хамгийн том төв талбайтай байж магадгүй, гэтэл гуравны нэгийг нь тасалж урдах цэцэрлэгтэй хамт нэр үл мэдэгдэх “баатар”-т олгочихоод бараг арваад жил өнгөрлөө. Нэг л шөнө хашаалаад авна…

Нийслэл Улаанбаатар хотын 1970,1980-аад ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатарын талбайгаас урагшаа дархан цаазат Богд уул, Зайсангийн ам цэлийтэл харагдахаар бодож энэ зүгт өндөр барилга барихгүйгээр төлөвлөж, үүгээрээ бахархдагсан. 2002 оны буюу 2020 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөнд ч тийм байсан. Гэтэл одоо Гранд оффис, унжсан хэл шиг шилэн цамхаг, цаагуур нь ургаж байгаа өндөр барилгууд … 

Ингэж болохгүйг мэддэг, ойлгодог хот төлөвлөгчид, архитекторууд хаачив? Лав хуучин хашруудад нь гайгүй байршилтай хэсэгхэн газрыг гавьяатын цол, тэмдэгний хачиртайгаар хүртээгээд нам болгосон гэдэг.

Уг нь Ерөнхий төлөвлөгөө бол Засгийн газраар баталдаг хууль атал өнгөрсөн жилүүдэд дээр нэрлэсэн газрын мафийнхний хүссэн газраа авч босгосон барилга байшин, эдлэнгүүдэд тааруулан зурж өөрчлөөд “ерөнхий төлөвлөгөөний дагуу хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон ш дээ” болгож цайруулдаг тоглоомын баримт бичиг болж хувирчээ.  

Бодлого байтугай төлөвлөгөөгүй, улмаар замбараагаа алдсан, хамгийн харамсалтай нь түүхээ гээж байгаа Улаанбаатар гэж энэ.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Телевизээр үзчих үү?

Posted by Бид on 2010/10/02

Өнгөрсөн  7 хоногийн дундуур монголын телевизүүдээр бяцхан тулаан оволзоод өнгөрөв. Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Драмын театрт “Ухрах уу, Урагшлах уу? нэртэй хэлэлцүүлэг хийсний дараа…  

2010.9.28.

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн захиалгат ярилцлагыг Ийгл, UBS мэтийн хэдэн хэдэн телевизээр урагш хойш зөрүүлэн гаргасан болохоор тэрбээр Энхбаярыг оройжин муулаад хэвтэж байх шиг (мэдээж диван сандал дээрээ) санагдав. 

2010.09.30

TV5 телевизийн сэтгүүлч Дагиймаад захиалсан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн уртаас урт ярилцлага лав НТВ, BTV, мэдээж TV5, Ийгл, TM зэрэг телевизээр зэрэг зэрэг гарсан. Өөр юм үзэх зай завсар үлдээсэнгүй.  МАХН-ын угсраа цохилтын хоёрдахь нь.

2010.10.01

“25-р суваг” телевизийн хөтөлбөрт байгаагүй “Ам нээвэл…” нэвтрүүлэг гэнэт дайран орж ирэв. Өчигдөр нокдаунд орсон Н.Энхбаяр сэтгүүлч Пүрэвхүүг яаралтай дуудуулсан хэрэг. Миний хальт сонссон ярилцлагын хэсэг: Би тэднийг 10 хуруу шигээ мэднэ. Тэдний мэдэхгүй юмыг ч мэднэ. Бие биенийхээ тухай мэдэхгүй юмыг ч мэднэ. Яагаад гэвэл би тэдний төвд нь байсан…

Энэхүү ноцтой сүрдүүлэг бол Н.Энхбаярын хариу цохилт. Харин уг ярилцлага дуусав уу үгүй юу, 25-р суваг телевиз залгуулаад Н.Энхбаярыг муулсан өөр нэг захиалгат нэвтрүүлгийг үзүүлэх нь тэр. Монголын анхны хувийн, ардчилсан, чөлөөт телевиз тэднийг “сайхан” зодолдууллаа.

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз | 1 Comment »