АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголд зориулсан “Солонго”

Posted by Ажиглагч on 2010/09/12

Ардчилал, компьютер, Интернэтээс өмнө (манайд гурвуулаа зэрэг шахам эхэлжээ)  хилийн чанадад монгол хэл дээр хоёр сэтгүүл гаргаж байсан нь хоёулаа мэдээж ЗХУ-ынх байлаа. Эхнийх нь ТАСС-ын “Зөвлөлт Холбоот Улс” хэмээх дэлхийн олон хэл дээр гардаг алдартай сэтгүүлийн монгол хувилбар. Москвагаас бэлтгэж ирүүлсэн дугаарын текстийг Улаанбаатарт орчуулж бэлтгээд Улсын хэвлэлийн комбинатад хэвлүүлэн тараадаг байв.  Нөгөөх нь АПН (Агентство печати “Новости”)-ын “Октябрийн туяа”.  Хоёулаа 1991 онд СССР задарснаар хаагдаж алга болсныг хэн ч анзаараагүй.   

Харин Хятад улс өвөрмонголчуудын нэрээр 1993 онд “Солонго” нэртэй сэтгүүлийг “ар” монголчуудад зориулан монгол хэлээр гаргаж эхэлсэн байх юм.

Удирдах байгууллага нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, эрхлэх нь Хятадын ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг.  Өвөрмонгол, өвөрмонголчууд голлоно, гэхдээ нийт Хятадыг мартдаггүй энэ сэтгүүлийн доторхийг ийм тийм гэж дүгнээд яахав. Тэгээд ч нэг улс нөгөө улсдаа өөрийгөө сайнаар сурталчлах нь мэдээж. Энгийн бичлэгтэй сонирхолтой нийтлэлүүд зөндөө тааралдана. Саяхны нэг дугаарт 31 настай эдгэшгүй өвчтэй хүүгээ аврахын тулд 55 настай ээж нь долоон сарын турш өдөр бүр 10 км алхаж элэгнийхээ өөхийг эмчийн шаардлагын дагуу багасгаж, улмаар элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар бичсэн байлаа.

   

Сэтгүүл өөрийн түүхийг “… “Солонго” сэтгүүл анх эхлэхдээ худам, кирил бичгийг харьцуулсан, жижиг 16 зүсмийн 64 хуудас, үүнээс 12 өнгөт хуудастай сарын сэтгүүл байлаа. 1999 оны нэгдүгээрээс жижиг 16 зүсэм, 48 бүрэн өнгөт хуудастай хос сарын “Радуга”, “Солонго” гэсэн орос, кирил хэвлэлийн хоёр сэтгүүл болон өөрчлөв. 2002 оны нэгдүгээрээс том 16 зүсмийн өнгөт сарын сарын сэтгүүл болгож, угийн байсан орос хэлээрх “Радуга”-г зогсоож, кирилл бичгээр гардаг “Солонго” сэтгүүл 48 хуудастай байсныг 64 хуудастай болгож, уг нь ганц кирилл бичгээр гарч байсныг агуулгын товч болон зургийн тайлбарыг хятадаар хадах болжээ…” гэхчлэн бичжээ. Анзаарсан уу? 1999-2002 онуудад бүр оросоор гаргаж үзжээ. 

Би “Солонго” сэтгүүлийн 1997 оны нэгэн дугаарыг хадгалсан байснаа гаргаж сонирхвоос бичлэгийн хэл нь 10 гаруйхан жилийн дотор өөрчлөгдсөн санагдлаа. Бид өөрсдөө гадаад гэж гадуурхдаг европ үг хэллэгийг хүртэл хэдийнээ сурч хээвнэг дурайлгажээ. Тэр тусмаа уйгаржин монголоор нийтлэхээ бүрмөсөн больж, 13 жилийн өмнөх дугаарт ханз бараг харагдаагүй бол одоо дээр хэлсэнчлэн агуулгын товч, гарчиг, тайлбарыг хятадаар бичиж байна.  

2005 онд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулсан, одоо Монгол Улсад 2000 ширхэг сэтгүүл тараагдаж байгаа гэнэ.  Сонирхолтой нь манайд гадаад хэвлэлийн биш, “Монгол шуудан” компанийн дотоод хэвлэлийн захиалгад орсон харагддаг. 

Дэргэдээ www.solonggo.net  гэдэг дан мэдээллийн вэб сайттай, харин тэнд сэтгүүлийн тухай юу ч алга. Хамаг хэвлэл Интернэтэд шилжихийн хажуугаар Улаанбаатарт “Одон” телевиз, дээрээс нь хятад хэлтэй бол хэд хэдэн Cи Си-г  өглөө оройгүй үзэж байхад (оросоор ярьдаг Си Си хүртэл байна) “Солонго” сэтгүүл цаашдаа яах бол?  Нэгэнт бизнес биш сурталчилгаа учраас цаашдаа гарсаар байх биз.

АНУ-ын мэдээллийн агентлаг ЗХУ-д зориулан гаргаж байсан “Америка” сэтгүүлийг 1994 онд хаахдаа нэгдүгээрт, хүйтэн дайн дууслаа, хоёрдугаарт аливаа мэдээлэл гэрлийн хурдаар дэлхийг тойрч байхад хоёр гурван сар бэлтгэдэг сэтгүүл хэтэрхий удаан учраас хэмээн тайлбарлаж байлаа.  Хятад бол АНУ биш, гэхдээ өнөөдөр 1994 он биш…

2 Responses to “Монголд зориулсан “Солонго””

  1. Anonymous said

    миша сэтгүүл үнэхээр гое сэтгүүл байж билээ би цуглуулж уншдаг байсан

  2. Witness said

    Миша гэж нэг хүүхдийн сэтгүүл бас ЗХУ-д хэвлэгддэг байсан.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: