АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for September, 2010

Бээжин явсан, удахгүй ирнэ…

Posted by Ажиглагч on 2010/09/29

Саяхан морь унасан Сүхбаатарын хөшөөг түр буулгаж Хятад руу ачаад явчихлаа. Ирэх хавар зэсээр бүрүүлж буцаан авчраад дээш гарган зогсооход алтан нарны гэрэлд шаргалтан туяарч Монгол улсын нийслэл – Улаанбаатар хотын билэг тэмдэг хэвээр үлдэхнээ.

Сүүлийн хэдэн жил Сүхбаатарын хөшөөг эзэн Чингэсийн өмнүүр сүүтэгнүүлээд яахав, бүрмөсөн буулгаж өөр тийш нь аваачья гэсэн бодолтой хүмүүс байсан ч аз, эсвэл гай болж МАХН ба АН хоорондоо зөвшилцөн ардчилал, тусгаар тогтнол хоёрыг нэг нэгээр нь хувааж өмчилснөөр дураараа болцгоожээ. Нэг нь ардчиллын 20 жилийн ойгоор төрийн одон медалийг 20-30 мянгаар тарааж бүтэн жил тэмдэглэж байгаа бол нөгөө нь Сүхбаатарын хөшөөг дахиад зуу, зуун жил хөдлөхгүйгээр бөхлөхөөр шийдсэн байна. Нэмж Эрх чөлөөний нэртэй байсан, Сүхбаатарын талбай хаагдвал нөөцөнд байдаг эсэргүүцэл, тэмцлийн талбайг Тусгаар тогтнолын нэртэй болгож авангуутаа нийслэлийн Засаг даргад үүрэг өгч засуулж эхэллээ.

Уржнан шатаалгасан байраа МАХН бүр томруулан 14 давхар болгож бариулаад дуусч байгаа бол Ардчилсан нам  Улсын драмын эрдмийн театр ба Соёлын төв ордныг холбосон хүзүүвчэн байраа 20 давхар болгож  сүндэрлүүлэн давж гарах гэж байна.

Монгол Улсын төв талбайгаар сонин ихтэй.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

43 жилийн түүхт ой.

Posted by Ажиглагч on 2010/09/29

Жил бүрийн 9-р сарын 27 бол МҮОНТ-ын төрсөн өдөр. Гурван жилийн өмнө 40 насны ойгоо бараг л үндэсний хэмжээний баяр болгож одон медаль дарагдаад одоо 2017 он буюу 50 жилийнхээ ой хүртэл тайвшрах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ жил “Монгол Улсын телевизийн урлаг үүсч хөгжсөний 43 жилийн ойн баяр” гэж нэрлээд зад авчээ.

Долоо хоногийн турш “Дэлгэцэнд мөнхөрсөн залуу нас минь” нэртэй 2007 оны бичлэгийг өдөр алгасалгүй үзүүлсэн бол яг 27-нд “Өглөө” хөтөлбөрөөс эхлээд “Гэрэлтэй цонх”-ыг хаагдтал өөрийгөө магтлаа.  Өдөржин “Монгол түмний телевиз” нэртэй дууны клип цуурайтаж МҮОНТ-ийн сан хөмрөгийн жүжгүүд, “Эфир” – МҮОНТ-ийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт, “Бүтээл төрсөн түүх”,”Одод тохиох мөч” бүгдээрээ МҮОНТ-ийнхэн уран бүтээлч хэмээх гайхамшигтай хүмүүсийн тухай байв.

Энэ мундаг хүмүүсийн ачаар Монгол телевиз өдий зэрэгтэй яваа аж. Магадгүй. Гэхдээ тэртээ 1960-аад оны эхээр тухайн үеийн нам,  засгаас шийдвэр гаргаж, Зөвлөлтийн барилгачид радио, телевизийн том төв, дамжуулах станцыг бүгдийг босгож, энэ олон жилийн турш, зах зээлийн ядуу тарчиг цагаар ч гэсэн ард түмний халааснаас хамаг зардал мөнгийг дааж, цалин хөлсийг өгч ирээгүй бол яах байсан бол?  Хааяа ганц нэг секунд ч гэсэн үүнийг санаж татвар төлөгчид, ард иргэддээ “баярлалаа” гэж хэлээсэй.

Энэ үдшийн “Цагийн хүрд” бас л МҮОНТ-ийн магтаалаар эхлэв. Араас нь МҮОНТ-ийн тайз, чимэглэлийн албаны уран бүтээлийн үзэсгэлэн …. Дараа нь сүүлийн хэдэн сард тасралтгүй сурталчилсан “Тусгай салаа” 60 ангит киноны нээлт болов. Үзүүлэхээсээ өмнө тэр киног яаж бүтээсэн тухай бас нэг нэвтрүүлэг. “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгээр улс төрийн хоёр нам эрх барих хугацаандаа Монгол телевизийг ээлжилж, дараа нь хамтран эдлэх халхавч болсон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний болон Олон нийтийн радио, телевизийн хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл уригдаж “… Танайхаар захиалгатай мэдээлэл явахад гол харлаад сууж байдаг… Хамгийн сайн мэдээлэл өгдөг нь яах аргагүй танайх… Танайх улс төрчдийн захиалгаас л салаасай… Улс төрчид сонгогчиддоо харагдмаар байдаг, би ч бас дуртай, 12 онд дахиж сонгогдмоор байна ш дээ…гэж хачин сонин юм ярьж өгөв.

Олон нийтийн телевизийн ажлын арга нь татвар төлөгчдийн мөнгийг төр засаг буюу улс төрчдийн сурталчилгаа, өөрсдийн магтаал хоёрт үрчихээд оронд нь компаниудаас мөнгө салгаж гоё юм хийх явдал болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Эрхэм хүндтэй захиалгат зочин …

Posted by Ажиглагч on 2010/09/23

Өчигдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн хөтөлбөрт

21.15 Хөгжлийн төлөө яриа. Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд оролцоно /шууд/ гэсэн байлаа.

Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд Нью-Йоркт хэдхэн хоногийг тайван өнгөрөөж үл чадан ард олноо санагалзаж ямар нэгэн телегүүрээр ярьж сайн яваагаа дуулгах нь гэж бодоод үзтэл хэд хоногийн өмнө хийсэн бэлтгэсэн захиалгат ярилцлагыг шахлаа.  Засгийн газар ба МАХН-ын тухай цаг илүү үргэлжилсэн ухуулга. Одоо бид Батболдгүйгээр чих амар хэд хонох эрхгүй болох нь… 

Ярилцлагын эхэнд МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Мөнхтөр: Бид нэгэн эрхэм хүндтэй зочныг нэвтрүүлэгтээ урьж байна. Энэ бол Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд” гэж ихэд боловсон эхлэв. Харин дэлгэцийн дор “Захиалгат нэвтрүүлэг” гэж биччихэж. Ерөнхий сайд яриагаа “Энэ сайхан завшаан олгосонд талархаж байна” гэж эхлээд “Ийм сайхан завшаан олгож байгаад талархаж байна” хэмээн төгсгөлөө.

Нэг нь урилгагүй зочныг урьсан болж жүжиглэх. Нөгөө нь “ийм сайхан завшаан”-ыг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авчихаад бас жүжиглэх.  

Олон нийтийн телевиз гэж Засгийн газраас төсвөө жилээр аваад, яг нэвтрүүлэг, ярилцлага (зөвхөн энэ биш) хийхдээ дахиад мөнгө авчихдаг хоёр нугардаг бизнес байна.

Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газар байлаа гээд хяналт алга болдоггүй. Австри, Швейцарийн жишээ байна. Тэнд иргэний нийгэм нь хүчтэй хөгжсөн байдаг учраас болдог” тухай тун зөв юм ярив. Харин чөлөөт хэвлэл мэдээллийг дурдсан ч үгүй.  

Энэ ярилцлага Мөнхтөртэй юутай тэр чигээрээ SBN, TV9, TV8 гээд олон сувгаар зэрэг гарсан гэнэ. Би үзээгүй, тэгсэн биз.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

Монгол сэтгүүлчийн “америк” эрэл

Posted by Ажиглагч on 2010/09/22

Америк оронд монгол оюутнуудад тохиолдсон хөгжилтэй биш явдлуудын тухай “Мөрөөдлийн Америк ба өрөөлийн балаг” нэвтрүүлгийг үзүүлсэн НТВ телевиз маргааш нь “Сэтгүүлчийн эрэл”-ээрээ уг сэдвийг үргэлжлүүлжээ. 

Зуучлагч компанийн захирлууд өнгөрсөн зун Америк гаргаад хаясан оюутнуудаасаа зугатааж чадсан бол одоо хаашаа зайлахав. НТВ-ийн сурвалжлагч офист нь очиж ярилцлага авахад цаадуул нь өчүүхэн төдий ч ичиж зовсон шинжгүй, “жижиг сажиг алдаа гарсан бол засна”,  “ирэх жил дахин явуулахдаа харж үзнэ” гэхчлэн үргэлжлүүлэн панаалдаад зогсохгүй хамгийн сайн хамгаалалт болох сөрж довтолгоо  хийх нь тэр. “Глобал удирдагч”-ийн захирал нь эзнээ өмөөрч “манайтай Отгонбат ямар ч хамаагүй, энэ бол улс төрийн явуулга, сонинд гаргаж өгөөч гэж мөнгө санал болгосон хүн ч бий…”  гэсэн бол Open World компани сөрөг нэвтрүүлэг бэлтгэж байгаа гэнэ. Чадна шүү. Өнгөрсөн хавар 1300 оюутан х 1000 доллар = 1,3 сая доллар буюу 1,7 тэрбум төгрөгийг халаасалсан захирлууд юу дуртайгаа хийнэ. 

НТВ-ийн сурвалжлагч Америкт хийсэн бичлэг үгүй учраас өмнөх нэвтрүүлгийн дүрсийг монтажлан ашиглаж, захирлуудын ярианд оновчтой тайлбар хийж, бас АНУ-ын Элчин сайд Жонатон Эдлтонтой уулзаж хэн буруутайг харуулж чадсан мөртлөө “хууль шүүхийнхэн буруутай эсэхийг нь тогтоох биз” гэж дундаж монгол сэтгүүлчийн түвшинд бууж сулхан төгсгөчих юм.

Нэгэнт Монголын оюутны холбоо ганц үг ганхийхгүй байгаа учраас хулхидуулсан оюутнуудын төлөөлөл маргааш нь зуучлагч компаниудаар орж буруугаа хүлээх, хураасан мөнгөний зарим хэсгийг буцааж олгохыг шаардлага гардуулжээ. Мэдээж сэтгүүлчдийг дагуулсан.

Posted in НТВ телевиз | 2 Comments »

Америкийн монгол эрэн сурвалжлага

Posted by Ажиглагч on 2010/09/19

Хэд хоногийн өмнө НТВ телевизээр үзүүллээ гэж ам дамжин яриад байсан “Мөрөөдлийн АНУ, өрөөлийн Балаг… (Монгол оюутнууд Америкт)” нэртэй нэвтрүүлгийг Бямба гаригт давтахад нь олж үзэв. Өнгөрсөн зун Work and Travel USA хөтөлбөрийн дагуу 1300 гаруй монгол оюутан хэрхэн ажиллаж аялсан талаар АНУ дахь монголчуудын “Яагаад” клубээс бэлтгэсэн (http://www.bidniih.org/) сайн нэвтрүүлэг болжээ.  

Хавар 5-р сараас эхлэн Америк руу цуварсан манай оюутнууд ямар бэрхшээлтэй тулгарсныг АНУ дахь “15 минут” студи хамгийн анх сурвалжлан лав хоёр удаагийн “Америкийн өнгө” нэвтрүүлэг бэлтгэж www.medeelel.com, www.orloo.com сайтуудад тавихын зэрэгцээ Монголд UBS телевизээр үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Голдуу оюутнуудтай хийсэн ярилцлага байсан. Харин хоёр нэвтрүүлгийн завсар шахалт дарамтанд орсон бололтой дараачийнх нь илт суларч сүүлдээ дуугаа хураачихав.  

Тэгвэл “Яагаад?” клубынхэн мэргэжлийн сэтгүүлчид эсэхийг мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан Монголдоо суудаг сэтгүүлчид шиг хал балгүй хоосон уянгалж, эцэст нь “холбогдох байгууллага”, “төр засаг” анхаарах цаг болжээ хэмээн эзэнгүйдүүлж орхилгүй нэгд нэгэнгүй эрэн сурвалжилжээ. Эхнээсээ дуустал баримт, нотолгоо, ишлэл, тов тодорхой тайлбар, няцаалтууд.  Хүн бүрээс 1000-аад доллар унагасан хэрнээ оюутнуудын ажлын саналыг хуурамчаар үйлдэж АНУ-руу илгээгээд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр мултарч үлдсэн Open World, Prince World компаниуд болон Global удирдагч дээд сургуулийн эзэд хэрхэн залилан хийснийг баримтаар илчиллээ. 

Зарим улс төрчдөөс ч эмээсэнгүй. Харамсалтай нь,  Монголд байгаа сэтгүүлчид сонгууль дөхөж хэн нэгэн мөнгө атгуулж “паас” гэж хуруугаараа зааж өгөөгүй цагт ингэж ажилладаггүй.

   

 

Нэвтрүүлэг хэдийгээр шүүмжлэлтэй ч өөдрөгөөр төгслөө. Зарим оюутнуудад АНУ-д суугаа монголчууд чадах чинээгээрээ тусалж,хэд хэдээр нь гэртээ аваачиж байрлуулж бас ажилд оруулан тусалж байжээ. Бас манай залуучууд маш сайн мэдлэг боловсрол эзэмшихгүй бол АНУ-д хүртэл тэрэг түрж бусдыг царайчлан амьдрах ирээдүй хүлээж байхыг энэ 1300 оюутан маш сайн ойлгожээ.

Оюутнууд АНУ руу ажиллахаар явсан болохоор бэлэн юм нэхээгүй. Тэд урьдчилан гэрээ байгуулсан ажлын байраа л нэхсэн. Одоо тэднийг мэхэлсэн компаниуд ямар хариуцлага хүлээх бол? АНУ-д бол шоронд ч сууж мэднэ. Харин манайд сөрөг сурталчилгаа явуулдаг. Зарим нь эхэлчихсэн, тухайлбал, “Глобал удирдагч” дээд сургуулийн нэг нөхөр дээрх оюутнуудыг АНУ-ын Төрийн департамент руу гомдол мэдүүл гэж тийш  нь  турхирсан ярилцлага өгсөн байх юм. Цаад эзэн  Отгонбат гэгч хэдэн жилийн өмнө баахан оюутныг   АНУ руу суралцахаар явуулахад цаадуул нь гахайн ферм дээр амьдарч байгаад ирсэн гэдэг. Гэхдээ ямар ч уснаас хуурай гарч чаддаг төдийгүй УИХ-д нэр дэвшиж, одоо Мянганы сорилтын сангийн захирлаар ажиллаж байгаа нэгэн. Хэвлэл мэдээллийг дээд зэргээр ашиглан пиардаж чаддаг нь түүний “амжилтын” нууц юм.

Буруу юм хийсэн нөхөд нэр төр гутаасан гэж шүүхэд хандаж дарамталдаг аргатай. “Яагаад?” клубынхэн үүнд бэлтгэж оюутнуудаар асуулга бөглүүлж баталгаажуулсан харагдлаа. Монголд суугаа биднээс илүү хууль журамтай амьдарч сурсных биз. 

Бас нэг асуулт. Монголын оюутны холбоо хаана байв аа? Миний мэдэхээс оюутны билетны виза картыг зуучилж завсраас нь хэдэн төгрөг унагаж суугаа…

Ингээд сүүлийн үед монголын телевизээр миний үзсэн хамгийн сайн эрэн сурвалжилсан нэвтрүүлгийг америкийн монголчууд бэлтгэсэн байлаа.

Posted in НТВ телевиз | 3 Comments »

Өдөр бүр зөрчиж хааяа нэг торгуулдаг. 250 мянга хүртэл …

Posted by Ажиглагч on 2010/09/18

Урьд нь архи, шар айргийг хэвлэл мэдээллээр сурталчлахыг бүрэн хориглосон юм шиг байхад ч, “25-р суваг” телевизийн захирал байгаад УИХ-ын гишүүн болсон З.Алтай ноднин архины компаниудтай хавсайдаж 22-06 цагийн хооронд шар айргаар гайхуулахыг зөвшөөрдөг болгосны дараа ч телевиз, сонинууд дураараа сурталчилсаар ирсний шалтгаан нь хууль зөрчсөний төлөөх торгууль ердөө 250 мянга хүртэл  төгрөг байсных юм.  

Хяналтыг хариуцдаг байсан Оюуны өмчийн газар хэдэн сараар дуугүй харж суугаад жилдээ ганц хоёр удаа “250 мянга хүртэл” (50 мянга ч байж болох) төгрөгөөр торгосон болж, ихэнхдээ торгох тухайгаа анхааруулсан ярилцлага өгөхөд нь телевизүүд араас нь архины реклам оруулж даапаалдаг, “сайн дураараа нэмж торгуулахсан” гэж тавладаг гэсэн. 

Хэрвээ Оюуны өмчийн газрынхан “250 мянган төгрөгийн торгууль багадаад байна, энэ бол хуулийн аймаар том цоорхой”, “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай”  хэмээн хоосон шогширч суухын оронд ил, далд сурталчилсан архи болгоны төлөө биш юмаа гэхэд нэг өдрийнхийг багцлаад 250.000 мянгын торгуулийг өдөр бүр бичдэгсэн бол амархан журамлаж болох байсан…

Өнгөрсөн зун Өрсөлдөөний тухай хууль шинээр батлагдсантай холбоотойгоор Зар сурталчилгааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль бус сурталчилгааг захиалагч байгууллага, аж ахуйн нэгж, гүйцэтгэгч болон хэвлэн нийтлэгчдийг тус бүр 10 хүртэл сая төгрөгөөр торгодог байхаар заажээ.

Манайд компаниуд хуулийг яаж ашиглахаа, харин төрийн яам, агентлагууд яаж ашиглахгүй байхаа сайн мэднэ.  Жишээлбэл, 10 хүртэл сая гэдэг бол буцаад 250 мянга ч байж мэднэ. Бас Зар сурталчилгааны хуулийг сахиулах үүрэгтэй болсон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өөрсдөд ногдсон хуулиудыг хүчин төгөлдөр болсон, болоогүй гэж зунжин мэтгэлцсэн бол саяхнаас дэндүү нухацтай судалж, энэ судалгаа дахиад хэдэн жил үргэлжилж магадгүй гэнэ.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

“Цагийн хүрд”-ын баяртай мэдээ

Posted by Ажиглагч on 2010/09/17

Нийслэлд хүүхдийн тоглоомын талбай булаацалддаг байсан цаг өнгөрлөө гэсэн баяртай мэдээг МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр Мягмар гаригт орон даяар зарлав.  Улаанбаатар хотод газрын маргаан дэгдэхээ больжээ гэсэн үг.  Даанч тийм байх аа, сүүлийн саруудад “Цагийн хүрд”-ээр нийслэлийн бүтээн байгуулалт л гараад байсан. Энэ удаад Баянзүрх дүүргийн нэгэн цэцэрлэг хүрээлэнг ээлжит удаагаа сурвалжлав. Урьд нь “барих гэж байна”, “барьж байна”, “дуусах гэж байна” гэж үзүүлсэн бол энэ удаад дуусчихсан бололтой хотын болоод бусад дүүргийн удирдлага танилцаж байгааг харуулав.

Харин хэдэн минутийн дараа TV8  телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Шөнийн толь”:

– Шөнийн 01 цаг. СХД-ийн 17-р байрны дэргэд хүүхдийн тоглоомын талбайд барилга барихыг оршин суугчид эсэргүүцэж хашааг нь шатаан тэмцэлдэнэ. Гэтэл тус байрны “Батхолбоо” СӨХ-ийн дарга нь “Оршин суугчдын 80 хувь зөвшөөрсөн” гэсэн худлаа бичиг үйлдээд алга болчихож. Цаагуураа сүлбэлдсэн гэлцэнэ. Гүйцэтгэгч компаниас мэдээж хүн ирээгүй бөгөөд зөвхөн гэрээ байгуулсан хамгаалалтын албаныхан хараал ерөөл амсаж зогслоо.

– Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Шинэ гэмтлийн эмнэлгийн орчимд, гэр хорооллын хажуугаар өнгөрдөг явган хүний замыг хааж далан сэтэлж байна гэсэн мэдээллийн мөрөөр очжээ.

– Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Говийн 44-р байрны зүүн талд үл мэдэгдэх компани үйлчилгээний барилга барихаар газар ухаж эхэлснийг эсэргүүцсэн оршин суугчдын дуудлагаар очсон сурвалжлага. Тус байр нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайгүй болсон тул оршин суугчид шүүхээр заргалдаж байгаа ч цаадуул нь шөнө гэнэдүүлэн дайрчээ.

Маргааш нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт Халдварын эмнэлгийн ажилчдын байрны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбайд халдаж тул оршин суугчид шөнийн цагаар хамгаалан зогсох зуураа сэтгүүлчийг камертай нь дуудсан бас нэгэн сурвалжлага.  Өөр нэг газрын маргаанаар хоёр тал ах дүүсээрээ хүчээ зузаатган бараг зодолдож байлаа. 

Ер нь нийслэлд хүүхдийн тоглоомын талбай булаах явдал цөөрсөн нь үнэн, яагаад гэвэл булаах талбай бараг үлдээгүй.

P.S:  Дараачийн хэдэн өдөр Богд уулын Зайсангийн аманд Бурхан багшийн сэрэг дүртэй том шар хөшөө бүхий талбайг хашаалж таллаад барилга барьж эхэлсэн, Хан-Уул дүүргийн 1-р хорооны шинэхэн хотхоны хашааг нураагаад УИХ-ын гишүүн Ц.Батбаярын “Ганьт” компанийнхан ухаж эхэлснийг оршин суугчид эсэргүүцэж байгааг TV9 гаргасан бол мөн Зайсан дахь Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын төвийн орчны газрын маргааныг бүх олон телевиз үзүүллээ.   

“Цагийн хүрд” юугаа хардаг байна аа?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV8 телевиз | Leave a Comment »

Хулгай ч юм шиг …

Posted by Ажиглагч on 2010/09/14

Энэ долоо хоногт МҮОНТ-ийн хөтөлбөрт “Итгэл дагуулсан зүтгэл” гэж даруухан нэртэй нэвтрүүлэг орсон нь “Монос” группийн 20 жилийн ойд зориулсан сүржин захиалга байлаа. Хэн санахав.  Бас хоёр хоногийн өмнө “Аврал эрсэн эх дэлхий” нэрээр хуурч байгаад “Бороогийн хөндийн бодит байдал” нэртэй ээлжит сурталчилгааны нэвтрүүлэг үзүүлэв. Мэдээж “Бороо гоулд” компанийн захиалга.  Алт олборлоход газар дэлхий улам сайжирдаг юм байна.

Бас нэг арга байна. Хөтөлбөрт огт зарлахгүйгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МАСЗХ-ны их хуралд зориулсан хэд хэдэн нэвтрүүлгийг сэмээрхэн шургуулав.  Хулгай ч юм шиг. Тэгэхдээ бүр оргил цагаар бүгд харж байхад шүү!

Өөр нэг арга. “Төгс ертөнц” теле сэтгүүлийн ээлжит дугаар тэр чигээрээ “Гоёо” компанийн сурталчилгааны нэвтрүүлэг байлаа.

Олон нийтийн телевизийг компаниудад битгий худалдагдаарай гээд төсвөөс мөнгө өгдөг шиг санах юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Монголд зориулсан “Солонго”

Posted by Ажиглагч on 2010/09/12

Ардчилал, компьютер, Интернэтээс өмнө (манайд гурвуулаа зэрэг шахам эхэлжээ)  хилийн чанадад монгол хэл дээр хоёр сэтгүүл гаргаж байсан нь хоёулаа мэдээж ЗХУ-ынх байлаа. Эхнийх нь ТАСС-ын “Зөвлөлт Холбоот Улс” хэмээх дэлхийн олон хэл дээр гардаг алдартай сэтгүүлийн монгол хувилбар. Москвагаас бэлтгэж ирүүлсэн дугаарын текстийг Улаанбаатарт орчуулж бэлтгээд Улсын хэвлэлийн комбинатад хэвлүүлэн тараадаг байв.  Нөгөөх нь АПН (Агентство печати “Новости”)-ын “Октябрийн туяа”.  Хоёулаа 1991 онд СССР задарснаар хаагдаж алга болсныг хэн ч анзаараагүй.   

Харин Хятад улс өвөрмонголчуудын нэрээр 1993 онд “Солонго” нэртэй сэтгүүлийг “ар” монголчуудад зориулан монгол хэлээр гаргаж эхэлсэн байх юм.

Удирдах байгууллага нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, эрхлэх нь Хятадын ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг.  Өвөрмонгол, өвөрмонголчууд голлоно, гэхдээ нийт Хятадыг мартдаггүй энэ сэтгүүлийн доторхийг ийм тийм гэж дүгнээд яахав. Тэгээд ч нэг улс нөгөө улсдаа өөрийгөө сайнаар сурталчлах нь мэдээж. Энгийн бичлэгтэй сонирхолтой нийтлэлүүд зөндөө тааралдана. Саяхны нэг дугаарт 31 настай эдгэшгүй өвчтэй хүүгээ аврахын тулд 55 настай ээж нь долоон сарын турш өдөр бүр 10 км алхаж элэгнийхээ өөхийг эмчийн шаардлагын дагуу багасгаж, улмаар элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар бичсэн байлаа.

   

Сэтгүүл өөрийн түүхийг “… “Солонго” сэтгүүл анх эхлэхдээ худам, кирил бичгийг харьцуулсан, жижиг 16 зүсмийн 64 хуудас, үүнээс 12 өнгөт хуудастай сарын сэтгүүл байлаа. 1999 оны нэгдүгээрээс жижиг 16 зүсэм, 48 бүрэн өнгөт хуудастай хос сарын “Радуга”, “Солонго” гэсэн орос, кирил хэвлэлийн хоёр сэтгүүл болон өөрчлөв. 2002 оны нэгдүгээрээс том 16 зүсмийн өнгөт сарын сарын сэтгүүл болгож, угийн байсан орос хэлээрх “Радуга”-г зогсоож, кирилл бичгээр гардаг “Солонго” сэтгүүл 48 хуудастай байсныг 64 хуудастай болгож, уг нь ганц кирилл бичгээр гарч байсныг агуулгын товч болон зургийн тайлбарыг хятадаар хадах болжээ…” гэхчлэн бичжээ. Анзаарсан уу? 1999-2002 онуудад бүр оросоор гаргаж үзжээ. 

Би “Солонго” сэтгүүлийн 1997 оны нэгэн дугаарыг хадгалсан байснаа гаргаж сонирхвоос бичлэгийн хэл нь 10 гаруйхан жилийн дотор өөрчлөгдсөн санагдлаа. Бид өөрсдөө гадаад гэж гадуурхдаг европ үг хэллэгийг хүртэл хэдийнээ сурч хээвнэг дурайлгажээ. Тэр тусмаа уйгаржин монголоор нийтлэхээ бүрмөсөн больж, 13 жилийн өмнөх дугаарт ханз бараг харагдаагүй бол одоо дээр хэлсэнчлэн агуулгын товч, гарчиг, тайлбарыг хятадаар бичиж байна.  

2005 онд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулсан, одоо Монгол Улсад 2000 ширхэг сэтгүүл тараагдаж байгаа гэнэ.  Сонирхолтой нь манайд гадаад хэвлэлийн биш, “Монгол шуудан” компанийн дотоод хэвлэлийн захиалгад орсон харагддаг. 

Дэргэдээ www.solonggo.net  гэдэг дан мэдээллийн вэб сайттай, харин тэнд сэтгүүлийн тухай юу ч алга. Хамаг хэвлэл Интернэтэд шилжихийн хажуугаар Улаанбаатарт “Одон” телевиз, дээрээс нь хятад хэлтэй бол хэд хэдэн Cи Си-г  өглөө оройгүй үзэж байхад (оросоор ярьдаг Си Си хүртэл байна) “Солонго” сэтгүүл цаашдаа яах бол?  Нэгэнт бизнес биш сурталчилгаа учраас цаашдаа гарсаар байх биз.

АНУ-ын мэдээллийн агентлаг ЗХУ-д зориулан гаргаж байсан “Америка” сэтгүүлийг 1994 онд хаахдаа нэгдүгээрт, хүйтэн дайн дууслаа, хоёрдугаарт аливаа мэдээлэл гэрлийн хурдаар дэлхийг тойрч байхад хоёр гурван сар бэлтгэдэг сэтгүүл хэтэрхий удаан учраас хэмээн тайлбарлаж байлаа.  Хятад бол АНУ биш, гэхдээ өнөөдөр 1994 он биш…

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

“Энержи ресурс”-ын хоёр эзэмшил

Posted by Ажиглагч on 2010/09/11

Ажлын таван өдөртэй, хагас сайны өглөө бүгд яаралгүй босч гэртээ байж байдаг манайд Бямба гаригийн өглөө гэж телевизийн бас нэг оргил цаг бий. Яг үүнийг тааруулж МҮОНТ төр, засгийнхантай (эсвэл тусгай захиалга өгсөн хүмүүстэй) “Ярилцья” нэвтрүүлгээ үзүүлээд араас нь “Энержи ресурс” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг явуулдаг болсоор удлаа.

Энэ зуныхыг хөтөлбөрөөс жагсаавал: 

2010.05.22. Бямба. 11.30 Шинэ үеийн геологичид

2010.05.29. Бямба. 11.30 Дэм дэмэндээ

2010.06.05. Бямба. 11.30 Манай Цогтцэций

2010.06.12. Бямба. 11.30 Монгол брэнд-Ухаа худаг

2010.06.19. Бямба. 1.30 “Сумын сургуулиар сонин ихтэй”

2010.06.26. Бямба. 11.30 Монголчууд бие даан цахилгаан станц барьж байна”

2010.07.03. Бямба. 11.30 “Говийн зам”

2010.07.10. Бямба. 11.40 Уурхайчдын шилэн ордон

Зун хоёр сарын турш завсарлаад дахин гарч эхэллээ. 

2010.09.10. Бямба. 11.30 Уурхайчдын шилэн ордон-2

Эд бүгдээрээ “Энержи ресурс”. Бас “Цагийн хүрд”-ээр үе үе “Гэрэл гэгээтэй мэдээ хүргэе”, “Бүтээн байгуулалтанд өнгө нэмсэн шинэ мэдээ”, “Ухаа худгаас сайхан мэдээ ирлээ” гэсэн оршилтой мэдээ, сурвалжлагууд гарч л байгаа.

Энэ бүгдээс харахад “Энержи ресурс” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн нүүрсний орд газрын хамгийн ашигтай Ухаахудагаас гадна МҮОНТ-ийн нэвтрүүлгийн хамгийн оргил цагийг эзэмшдэг гэж хэлэхээр болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

МҮОНТ МУУҮА-д хайртай.

Posted by Ажиглагч on 2010/09/11

Олон нийт, олон нийтийн байгууллагууд Олон нийтийн телевизэд хандаж нэвтрүүлэг хийе, хийлгэе, ажил төрлөө ярья гэхлээр МҮОНРТ-ын захирлууд “Монголд хэдэн мянган төрийн бус байгууллага бий, тэдний хүссэний тоогоор цаг гаргаад байх ямар ч боломжгүй” гэж айлгадаг ганц аргатай юм гэсэн. Цаадуул нь айгаад нэхэхээ больчихдог.

Тэгсэн мөртлөө тэр олон байгууллагаас зөвхөн ганцыг сонгож захиалсан нэвтрүүлгийг нь лав сүүлийн 2 жилийн турш ямар ч саадгүй тогтмол явуулж өгч байх юм. Хүсвэл нь бэлэн бичлэгийг хүлээн авч шууд цацна, өмнөөс нь томилолтоор явж гадаад дотоодгүй сурвалжилна,  эсэхүл ярилцлага зохион байгуулна …

МҮОНТ татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлж байдаг цорын ганц төрийн бус байгууллагын нэрийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, тэр нэвтрүүлгийн нэрийг “Хөгжлийн тулах цэг” гэдэг.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Гудамжинд гарч байгаа “булаалт”-ын хэргүүд. Үргэлжлэл

Posted by Ажиглагч on 2010/09/09

Хуучнаар “Ард” кинотеатр, одоогоор “Хас” банкны хажуугийн байрнаас ургасан ресторан, пабууд зогсолтгүй давшсаар хажуугаар өнгөрөх явган хүний замыг булаасаар байна.  Нийтийн эзэмшлийн зам, талбайг иргэдийн өмнөөс  харж хандах үүрэгтэй нийслэлийн дарга, албан тушаалтнууд огт эсэргүүцэл үзүүлэхгүй чив чимээгүй сууцгаана. Магадгүй, өөрсдөө газар, барилгатай холбоотой нүгэл их үйлдсэн учраас хэцүү байдаг биз.  

Цаашдаа зөвхөн гоё машинаараа явж баар савандаа ордог болохнээ.  Хэрвээ та явган бол энэ хотод гишгэх газар үгүй …

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Супервижн кабелийн телевизэд мэйл ирдэг

Posted by Ажиглагч on 2010/09/09

Харин надад ийм мэйл ирлээ.

“Манайх Супервижн кабелийн телевизтэй, цаг үргэлж шинэ мэйл ирж байгаа window гараад нэвтрүүлэг үзүүлэхгүй байна аа. Утасдаж хэлэхлээр, засаж байна гэж уурлаад удаж байж засах юм. Энэ үүргийг блогтоо тавьж өгнө үү. Гомдол мэдүүлсэн Б.Ганболд”

За.

Тэгээд “Супервижн” КаТВ гэсэн ангилал нээлээ.

Posted in Супервижн КаТВ | 4 Comments »

Мэдээлэл-сурталчилгааны хөтөлбөрүүд

Posted by Ажиглагч on 2010/09/08

Телевиз болгон мэдээллийн хөтөлбөртэй: МҮОНТ-ийн “Цагийн хүрд”,  “25-р суваг” телевизийн “25 цаг”, UBS телевизийн City news, “Ийгл” телевизийн “Ийглийн мэдээ”, TV5 телевизийн “Цаг”,  TV9 телевизийн “Энэ өдөр”, C1 телевизийн мэдээллийн хөтөлбөр, “Фокус”, НТВ телевизийн “Үндэсний мэдээ”, SBN телевизийн SBN News, TV8 телевизийн “Толь”, TM телевизийн “Таны мэдээ”, BTV-ийн “Б цэг” мэдээллийн хөтөлбөр гэх мэт.

Харамсалтай нь эдгээр хөтөлбөрөөр үзүүлдэг мэдээ ба сурталчилгааны хооронд тов тодорхой зааг ялгаа байдаггүй хэвээрээ (урьд нь ч байгаагүй) төдийгүй “бизнес мэдээ” гэдэг төлбөртэй мэдээ, сурвалжлагууд холилдсон,  дээрээс нь “Цагийн хүрд” төр засгийн, “25 цаг” УИХ-ын гишүүн З.Алтайн, City news нийслэлийн дарга, албан тушаалтнуудын, “Ийгл” телевиз  христийн шашны (яг мэдээгээр биш, харин завсраар нь)… гэх мэтээр сурталчилгаа явуулдгийг нэмбэл тэд мэдээлэл-сурталчилгааны хөтөлбөрүүд юм.

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »

Сайд ахын “ажлын” өдөр

Posted by Ажиглагч on 2010/09/08

Монголд Баасан ахын төрсөн өдөр гэж долоо хоног тутмын үндэсний хэмжээний том найр бий. Заримдаа Баасан эгчийн 111-ээс  суллагдсан өдөр ч гэдэг.  Харин хагас болоод бүтэн сайны хоёр өдөр бүх нийтээрээ нам…

Үгүй ээ, тийм биш болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ, Булган, Орхон аймгуудаар тойрч ургац хураалтын явцтай танилцаж бас иргэдтэй уулзалт хийгээд иржээ. Мэдээж телевиз, сонины сурвалжлагч охид хөвгүүдийн урт цувааг дагуулсан. Бас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  бусад албан тушаалтнуудын хамт Тэрэлжид байдаг яамныхаа амралтанд  сэтгүүлчдийг бөөндөж цэвэр агаарт хавтгай уулзалдсан байна. Араас нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн зангиагаа тайлж хаяад өөр хэсэг сэтгүүлчдийг урьж ухуулж сэнхрүүлээд авчээ.  Бас  болоогүй, нийслэлийн дарга нар Улаанбаатарыг бужигнуулсан зам засварын явцтай энэ амралтын өдрөөр танилцаж, ингэхдээ бүр олон сэтгүүлчийг “камертай нь” дуудсан байлаа. (Зөвхөн амралтын өдөр явж шалгадаг болохоор цаадуул нь ажлын өдрүүдэд “амарч”, ингээд зам засвар сунжирдаг байж магадгүй).  

Яг энэ өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бас хэдийг дагуулан Дорнод аймагт ажилласан ч манай сэтгүүлчид бүгдэд нь хүрэлцлээ. Энэ удаад Ерөнхийлөгч чимээгүй байсан ч хэрвээ ямар нэг юм сэдсэн бол дахиад зөндөө сэтгүүлч олдох байсанд эргэлзэх явдалгүй.

Манай телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийн 90 хувь нь төрийн ажил алба (дээрээс нь уулзалт, хурал семинар) бөгөөд зөвхөн дарга дагаж сурвалжлаад сурчихжээ. Ингэж сургасан Ерөнхий болоод бусад сайдууд зориудаар хагас, бүтэн сайнд сэтгүүлчдийг цуглуулж, үүний ачаар гэртээ тарвалзаж суугаа бид төрийн томчууд маань та бидний төлөө хэрхэн амрах ч завгүй “ажиллаж” явааг бахдаж ханах ёсгүй бололтой.

Жинхэнэ ажлын өдрүүдийн тухай ярилтгүй. Тэд телевизээр тэртээ тэргүй пиг…

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »