АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж гарц барьж чадаагүй…

Posted by Бид on 2010/08/30

Манай телевизүүд сонгууль дөхөхлөөр эзнийхээ өрсөлдөгч талыг илчилсэн нэр, хаяггүй нэвтрүүлэг цувуулдгийг эс тооцвол эрэн сурвалжилсан нэвтрүүлэг маш ховор. Амьдралдаа [эрэн] сурвалжилж үзээгүй телевиз хүртэл бий. МҮОНТ-ийн “Эх сурвалж”, “Эзэнгүйдэл” нэртэй хоёр нэвтрүүлэг бусдын аль хэдийнэ нээсэн сэдвээр том том дуугарахыг оролддог ч чаддаггүй. “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил – сэтгүүлч” нэвтрүүлгийн ихэнх дугаар сайн, харамсалтай нь мөнгөөр яаж ч мэднэ. TV9-ын  “Томилолт” нэвтрүүлэг уул уурхайн компаниуд байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгааг шүүмжилж чаддаг, даанч хааяа. Энэ зун бүгдээрээ “амарсан”.

Харин 8-р сард НТВ телевизийн “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлгийн хоёр дугаарыг үзлээ.   

Дархан-Уул аймгийн Дархан өртөөнд гарсан аймшигтай ослын мөрөөр явсан нэвтрүүлэг. Өрхийн эмнэлгээс дүүгийнхээ вакциныг хийлгэ гэж дуудахад 15 настай Мөнхтэнгэр хүү хоёр настай дүүгээ тэврээд төмөр замын цаана байдаг эмнэлгийг зорьж нэгэн вагон доогуур гарах мөчид гэнэт хөдөлжээ. Вагон хөдлөхийг анхааруулах ёстой дохиочин тэр өдөр тэмцээнтэй байсан гэнэ.

Том хүүгээ алдаж, бага хүү нь өрөөсөн гараа тасчуулан насаараа тахир дутуу болсон аав, ээжийн  нулимс асгаруулсан яриаг сонсголоо.  Гэхдээ зөвхөн энэ осол биш, монголын төмөр зам ба Дархан-Уул аймагт дүгнэлт өгсөн нэвтрүүлэг байна.    

Дархан өртөөнд хүмүүст зориулсан гарц байхгүй учраас гэр хороолол, тосгоны хооронд иргэд вагон доогуур гарахаас өөр аргагүй ажээ. Багийн дарга  “Манай багийн хүүхдүүдийн 80 хувь нь төмөр замыг давж сургуульдаа явдаг” гэв. Вагоны доогуур арайхийн шургалах эмэгтэй, таягтай хөгшин, бас гараа таслуулсан залуугийн яриа. Он гарсаар Дархан өртөөн дээр 4 хүн амь насаа алдсан гэнэ. Зөвхөн саяын ослын дараа “одоо л нэг гарцтай болгохгүй бол болохгүйнээ гэсэн бодол өртөөний даргад орж иржээ”. Ингээд комисс гаргаж гэр хорооллыг, тосгонтой холбох нүхэн гарц хийхээр шийдвэрлэсэн гэнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбат: Гарц барих ажил энэ ондоо эхлээд дуусах байх. Осолд тэр энэний буруу гэж хэлэх юм алга… 

Хүмүүс вагонд дайруулж амиа алдаж байхад бөөрөнхийлж суудаг Засаг дарга нэг байна. Бас Л.Гансүх гэж эрхэм  2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “нүхэн гарц гаргаж өгнө” амлаад гарснаас хойш хоёр удаа сонгогджээ. Харин гарц алга хэвээрээ. Улс төрчийн хуурамч амлалт, төмөр замынхны хариуцлагагүй явдал нийлэхээрээ хүний амьтай тэнцлээ.

Үнэхээр энэ жилдээ нүхэн гарц баригдах уу? Баригдтал нь, одоо өөрийн биш бусдын хүүхдийн төлөө талийгаачийн аав Дархан өртөөн дээр суулт хийнэ гэхэд “олон улсын зам” гээд хоригложээ. Гэхдээ тэр аав хамгийн сүүлд чанга үг хэлснийг сонсоорой: “Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж [төмөр замын] гарц барьж чадаагүй…”  

Суварга, ордон, хөшөө энэ тэрийг зөндөө босгосон аймгийн дарга Эрдэнэбат юу гэж хариулах бол?

“Сэтгүүлчийн эрэл”-ийн өөр нэг дугаар зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж тов тодорхой 5 баримтыг сурвалжилсан байв.    

1. Хувилай хаан Японд довтолсон тухай сэтгүүлч Б.Номинчимэдийн өгүүллийг “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулаан” номонд зөвшөөрөлгүйгээр тэр чигээр нь оруулсан байна.

2. Дуучин С.Жавхлангийн дуулсан дууг үүрэн телефоны компаниуд үйлчилгээндээ ашиглаж 300 сая төгрөг олдог ч 10-хан сая төгрөгийг хувааж өгдөг.

3. “Би чамд хайртай” киноны уран бүтээлчид оюуны өмчөө баталгажуулахаар эхийг нь Оюуны өмчийн газарт өгөхөд алдагдсан. 

4.  Нийтлэлч Б.Баабарын “Нүүдэл суудал” номыг Швейцарын нэг нөхөр хууль бусаар орчуулж хэвлүүлээд Интернэтээр 70 доллараар зарж байсныг илрүүлж шүүхэд өгчээ.

5. Нэгэн уралдаанд оролцсон “Боолийн гэрээ” киноны бичлэгийг тухайн уралдааны шүүгчид нь алдсан. Жүжигчин Б.Хүрэлхүү. 

Харин дээрх явдлуудыг Оюуны өмчийн газрын ажилтнууд дэндүү ерөнхий тайлбарлаж, бас “Би чамд хайртай” киноны эх алдагдсан талаар огт дуугарсангүй. Хэрвээ сэтгүүлч тулгаж асуугаад хариулт авч чадсан бол илүү сайн нэвтрүүлэг байхсан.

Дашрамд, Баабарын “Непко” хэвлэлийн газар Британика-гийн 5 ботийг орчуулах эрхийг 45 мянган доллараар, Коллинзийн толийг гаргах эрхийг 20 мянган доллараар авсан бол дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх 250 мянган доллар байдаг бол манай ядуу буурай байдлыг харгалзаад 20 мянган доллараар өгсөн (C1-ыг хэлж байгаа хэрэг) баримтыг нэвтрүүлэгт дурдлаа. Өөр нэг сонин жишээ. Найруулагч Бямбасүрэнгийн “Ингэний нулимс” киног Оскарын шагналд дэвшүүлэхээр материалыг бэлтгэх явцад кинон дээр цаана сонсдож байсан Батсүхийн дуу, хонины тойлох зэргийн зохиогчийн эрхийг асууж байсан гэнэ. 

НТВ телевизийн “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлэг баримт, жишээг олж мөрөөр нь явж чадаж байна. Сэтгүүлч нь Б.Ундрахжаргалант.

P.S: Ноднин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Лүнгийн замыг бараг л үнэ төлбөргүй барьж өгч байгаа шахуу юм ярьсны мөрөөр Сангийн яаман дээр очоод нэлээд хэдэн тэрбумыг аваад халаасалсан баримтыг үзүүлснийг сая саналаа.

3 Responses to “Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж гарц барьж чадаагүй…”

  1. Ажигласан нь said

    Дарханчууд яагаад тийм худалч шаарыг сонгоод байдаг юм. Бүр хоёр ч удаа шүү. Ээ дээ монголчууд минь юу бодож сонгуульд орж байна даа. Тархи чинь биш ходоод чинь та хэдийг баллаад байна уу? Эсвэл өнөө луйврыг зөвхөн МАХН хийхээ больсон юм уу ?

  2. serenity said

    ХЭцүү юм байна лээ би өөрөө дарханд байдаг тэгээд тэр газар амьпардаггүй ч гэсэн хааяа нэг явахад вагон доогуур шургаал хэцүү хэцүү

  3. tserenjavt talarhaj yavdag. ajiglagchiin baingiin unshigch, neg ch udaa setgegdel bichij uzeegui. ene udaad ajiglagchid talarhlaa gej heleheer uuniig bichlee. ene site-iin material bol manaid ogt baidaggui tv setguul zuin sudalgaanii unet material bolno doo. yaval ulam olon hund unshuuldag boloh ve

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: