АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Шударга гар

Posted by Ажиглагч on 2010/08/07

Хамаг монголчуудын хараа урагшаа, Оюутолгой, Тавантолгойн зүгт хандчихаад байх зуур ард нь “Бороо гоулд” буюу Сентерра гоулд компани амжуулж өгчээ. Хойт зүгт, Сэлэнгэ аймгийн нутагт Бороогийн орд газрын 40 тонн алтыг ховх зөөснийхөө төлөө манайхны хараалыг идэж цадаагүй мэт дараачийн 40 тоннын нөөцтэй Гацууртын орд руу сэмхэн гэтэхээ ч больж бүр цагаандаа гарчээ. Харин телевизүүд “Бороо гоулд” гэж буянтай компани Мандал, Баянгол зэрэг сумдыг өдөр шөнөгүй өөд татаж байгаагаас өөр юм үзүүлэхээ больсон бол зөвхөн TV9 нэг удаа тэс өөрийг харуулав.

Наадмын өмнөх TV9 телевизийн “Томилолт” нэвтрүүлгийн “Хараа голыг онилсон Хүнцэлийн хор” нэртэй дугаарт Сентерра гоулд компани нутгийн иргэдийн морь уралдуулж, ундны ус авдаг газрыг нь уул хөндийтэй нь битүү хашаалаад авсан ба одоо хавь ойрын малчдын усыг машинаар зөөж “буян болж” байгааг дэлгэв. Баярламаар ч юм шиг, гэхдээ баярлаж болох уу?

Телевизээр үзэхэд ч сайхан нь мэдрэгдэх гол устай энэ нутгийг ухаж төнхөхөд дэндүү хайран. Иймээс ноднин УИХ-аас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэсэн урт нэртэй хууль баталсан биз. Тэгвэл “Бороо гоулд” нутаг буцахгүй юугаа хүлээнэ вэ?

Энэ тухай асуултанд “Бороо гоулд” компанийн ерөнхийлөгч Жон Казакофф гайхалтай хариулт өгөх нь тэр. Та зүүдлэх ч үгүй: “Ойн сав, ус мөрний… хуулийг өөрчлөх талаар Уул уурхайн үндэсний ассоциаци тэргүүлээд лобби явуулж байгааг би мэдэж байна. Нэлээд хугацаа шаардагдах байх. Ямар ч байсан энэ хууль өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна …”

Шударга гар юм аа. Уул уурхайн ассоциацийн хамгийн чухал гишүүн нь Бороо гоулд байх шүү. Хамаг нууцаа задалсан ноёнд сэтгүүлч Отгон өөрийн эрхгүй “Баярлалаа” гэв. Канадчууд биднээс арай өөр ажил хэргийн соёлтой, иймээс лобби хийлгэж буйгаа нуугаагүй бол тэр лоббиг нь хийж өгч байгаа манай монголчууд дандаа хулгайгаар… Хэвлэл мэдээллийнхний хувьд МҮОНТ тэргүүлээд урт нэртэй хуулийн эсрэг нэр хаяггүй захиалгат нэвтрүүлэг цувуулаад байсан нь ийм учиртай аж.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: