АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for August, 2010

Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж гарц барьж чадаагүй…

Posted by Ажиглагч on 2010/08/30

Манай телевизүүд сонгууль дөхөхлөөр эзнийхээ өрсөлдөгч талыг илчилсэн нэр, хаяггүй нэвтрүүлэг цувуулдгийг эс тооцвол эрэн сурвалжилсан нэвтрүүлэг маш ховор. Амьдралдаа [эрэн] сурвалжилж үзээгүй телевиз хүртэл бий. МҮОНТ-ийн “Эх сурвалж”, “Эзэнгүйдэл” нэртэй хоёр нэвтрүүлэг бусдын аль хэдийнэ нээсэн сэдвээр том том дуугарахыг оролддог ч чаддаггүй. “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил – сэтгүүлч” нэвтрүүлгийн ихэнх дугаар сайн, харамсалтай нь мөнгөөр яаж ч мэднэ. TV9-ын  “Томилолт” нэвтрүүлэг уул уурхайн компаниуд байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгааг шүүмжилж чаддаг, даанч хааяа. Энэ зун бүгдээрээ “амарсан”.

Харин 8-р сард НТВ телевизийн “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлгийн хоёр дугаарыг үзлээ.   

Дархан-Уул аймгийн Дархан өртөөнд гарсан аймшигтай ослын мөрөөр явсан нэвтрүүлэг. Өрхийн эмнэлгээс дүүгийнхээ вакциныг хийлгэ гэж дуудахад 15 настай Мөнхтэнгэр хүү хоёр настай дүүгээ тэврээд төмөр замын цаана байдаг эмнэлгийг зорьж нэгэн вагон доогуур гарах мөчид гэнэт хөдөлжээ. Вагон хөдлөхийг анхааруулах ёстой дохиочин тэр өдөр тэмцээнтэй байсан гэнэ.

Том хүүгээ алдаж, бага хүү нь өрөөсөн гараа тасчуулан насаараа тахир дутуу болсон аав, ээжийн  нулимс асгаруулсан яриаг сонсголоо.  Гэхдээ зөвхөн энэ осол биш, монголын төмөр зам ба Дархан-Уул аймагт дүгнэлт өгсөн нэвтрүүлэг байна.    

Дархан өртөөнд хүмүүст зориулсан гарц байхгүй учраас гэр хороолол, тосгоны хооронд иргэд вагон доогуур гарахаас өөр аргагүй ажээ. Багийн дарга  “Манай багийн хүүхдүүдийн 80 хувь нь төмөр замыг давж сургуульдаа явдаг” гэв. Вагоны доогуур арайхийн шургалах эмэгтэй, таягтай хөгшин, бас гараа таслуулсан залуугийн яриа. Он гарсаар Дархан өртөөн дээр 4 хүн амь насаа алдсан гэнэ. Зөвхөн саяын ослын дараа “одоо л нэг гарцтай болгохгүй бол болохгүйнээ гэсэн бодол өртөөний даргад орж иржээ”. Ингээд комисс гаргаж гэр хорооллыг, тосгонтой холбох нүхэн гарц хийхээр шийдвэрлэсэн гэнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбат: Гарц барих ажил энэ ондоо эхлээд дуусах байх. Осолд тэр энэний буруу гэж хэлэх юм алга… 

Хүмүүс вагонд дайруулж амиа алдаж байхад бөөрөнхийлж суудаг Засаг дарга нэг байна. Бас Л.Гансүх гэж эрхэм  2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “нүхэн гарц гаргаж өгнө” амлаад гарснаас хойш хоёр удаа сонгогджээ. Харин гарц алга хэвээрээ. Улс төрчийн хуурамч амлалт, төмөр замынхны хариуцлагагүй явдал нийлэхээрээ хүний амьтай тэнцлээ.

Үнэхээр энэ жилдээ нүхэн гарц баригдах уу? Баригдтал нь, одоо өөрийн биш бусдын хүүхдийн төлөө талийгаачийн аав Дархан өртөөн дээр суулт хийнэ гэхэд “олон улсын зам” гээд хоригложээ. Гэхдээ тэр аав хамгийн сүүлд чанга үг хэлснийг сонсоорой: “Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж [төмөр замын] гарц барьж чадаагүй…”  

Суварга, ордон, хөшөө энэ тэрийг зөндөө босгосон аймгийн дарга Эрдэнэбат юу гэж хариулах бол?

“Сэтгүүлчийн эрэл”-ийн өөр нэг дугаар зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж тов тодорхой 5 баримтыг сурвалжилсан байв.    

1. Хувилай хаан Японд довтолсон тухай сэтгүүлч Б.Номинчимэдийн өгүүллийг “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулаан” номонд зөвшөөрөлгүйгээр тэр чигээр нь оруулсан байна.

2. Дуучин С.Жавхлангийн дуулсан дууг үүрэн телефоны компаниуд үйлчилгээндээ ашиглаж 300 сая төгрөг олдог ч 10-хан сая төгрөгийг хувааж өгдөг.

3. “Би чамд хайртай” киноны уран бүтээлчид оюуны өмчөө баталгажуулахаар эхийг нь Оюуны өмчийн газарт өгөхөд алдагдсан. 

4.  Нийтлэлч Б.Баабарын “Нүүдэл суудал” номыг Швейцарын нэг нөхөр хууль бусаар орчуулж хэвлүүлээд Интернэтээр 70 доллараар зарж байсныг илрүүлж шүүхэд өгчээ.

5. Нэгэн уралдаанд оролцсон “Боолийн гэрээ” киноны бичлэгийг тухайн уралдааны шүүгчид нь алдсан. Жүжигчин Б.Хүрэлхүү. 

Харин дээрх явдлуудыг Оюуны өмчийн газрын ажилтнууд дэндүү ерөнхий тайлбарлаж, бас “Би чамд хайртай” киноны эх алдагдсан талаар огт дуугарсангүй. Хэрвээ сэтгүүлч тулгаж асуугаад хариулт авч чадсан бол илүү сайн нэвтрүүлэг байхсан.

Дашрамд, Баабарын “Непко” хэвлэлийн газар Британика-гийн 5 ботийг орчуулах эрхийг 45 мянган доллараар, Коллинзийн толийг гаргах эрхийг 20 мянган доллараар авсан бол дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх 250 мянган доллар байдаг бол манай ядуу буурай байдлыг харгалзаад 20 мянган доллараар өгсөн (C1-ыг хэлж байгаа хэрэг) баримтыг нэвтрүүлэгт дурдлаа. Өөр нэг сонин жишээ. Найруулагч Бямбасүрэнгийн “Ингэний нулимс” киног Оскарын шагналд дэвшүүлэхээр материалыг бэлтгэх явцад кинон дээр цаана сонсдож байсан Батсүхийн дуу, хонины тойлох зэргийн зохиогчийн эрхийг асууж байсан гэнэ. 

НТВ телевизийн “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлэг баримт, жишээг олж мөрөөр нь явж чадаж байна. Сэтгүүлч нь Б.Ундрахжаргалант.

P.S: Ноднин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Лүнгийн замыг бараг л үнэ төлбөргүй барьж өгч байгаа шахуу юм ярьсны мөрөөр Сангийн яаман дээр очоод нэлээд хэдэн тэрбумыг аваад халаасалсан баримтыг үзүүлснийг сая саналаа.

Posted in НТВ телевиз | 3 Comments »

Яадаг муу яргачин бэ?

Posted by Ажиглагч on 2010/08/30

Өнгөрсөн Баасан гаригт TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Ард түмний мэдээ”-гээр Биокомбинатад байдаг нэгэн айлд 7 настай охиныг 25 настай нагац ах нь ухаан орсон цагаас нь зоддог байсан явдал санаандгүй илэрсний дараа тэр залуу гэрээсээ зугатаж, харин охин одоо Хүчирхийллийн эсрэг төвд байгаа тухай сурвалжлага үзүүллээ.  Охиныг төрсний дараахан аав, ээж нь салж эмээ дээр нь орхиод хоёр тийшээ болсон аж. 

Хөх няц болсон биетэй (эргүүлж тойруулж харуулав), нүүр царайг нь далдалсан охин сурвалжлагчид ийн ярьжээ: 

… Манай нэг ах согтуу байсан ч зодно, эрүүл байсан ч зодно. Өдөр шөнөгүй зодно. Зүгээр л зодоод байдаг ш дээ. Ерөөсөө ойлгодоггүй…. Юм хийхгүй байна чи, юм хийгээч [хараал] гээд зоддог. Өдөр болгон зоддог… Дээр үеэс зодсон. Уйлж чаддаггүй. Уйлахаар улам бүр зоддог. Галын дэгээ төмөр, элдүүр пүүз янз янзын юмаар цохиж зодно. Намайг чулуун дээр гаргаж чирж аваачиж зодсон. Уйлахгүй л тэвчээд байсан… Намайг өдөр болгон зоддог учир би айгаад уйлж чаддаггүй. Өөр надын уруулыг сэтэлж байсан, ухаан алдуулж байсан. Багана мөргүүлсэн, нүдээр түмбүүшиг мөргүүлсэн, толгой тархиар бас л түмбүүшиг мөргүүлсэн. Би уйлахгүй л яваад байсан…. Эмээ гэртээ байгаа. Эмээ өмөөрөхөд “чиний хэрэг биш ингээд зодоод байдаг. Эмээ зүрх муутай, тэгээд ойр ойрхон ухаан алдаад уначихдаг. Хүнд хэлж чаддаггүй байсан. [Хажуу айлынхан, найз нөхөд] байнга мэднэ. Би нэг өдөр сургуульдаа гэмтсэн бэртсэн очсон чинь манай багш “яасан чи?” гэхлээр “манай нэг ах маань зодсон” гэсэн чинь “Яадаг муу яргачин бэ?” гэсэн … Би одоо хоёрт орно. Хичээлд явах надаа гоё байдаг… Зодсон газар гуяа өвчинтэй, одоо нуруу муруу өвчинтэй байсан, нурууны өвчин одоо гүйгүй болсон. Хоёр өдөр би шөнөжингээ уйлагнаад унтаж чадахгүй халуураад байсан… Хүнд хэлбэл ална шүү чамайг [хараал] гэдэг. Тэгээд би хүн амьтнаас нууж байдаг… Ахдаа аймаар гомддог…”

Хөөрхий охины нагац эгч буюу залуугийн эгч гадаадаас ирээд мэдэж цагдаад хэлсэн бололтой юм. Хэрвээ эгч ирээгүй бол энэ аймшиг цааш үргэлжлэх байж. Цагдаагийн ажилтны ярьснаар, хүүхэд хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэггүй, зодож байх ёстой юм шиг ойлгодог гэнэ. Ингээд охин уйлж, бас хүнд хэлж чаддаггүй… 

Үзсэн хүмүүсийг зүгээр нь сэрдхийлгээд орхиогүй, юм бодогдуулсан сурвалжлага байлаа.

Муу хүмүүс хаа сайгүй байдаг. Бусад улсыг мэдэхгүй, лав Америкт хүүхэд зодуулах, шарх сорвитой явах байтугай “гэртээ ганцаараа” үлдсэн байвал хөршүүд нь шууд цагдаа руу утасддаг гэсэн. Харин манайд тамлуулж байхад хөршүүд, найз нөхөд, ангийн багш нь хүртэл мэддэг мөртлөө утсаа шүүрч авдаггүй…

Posted in TV8 телевиз | 6 Comments »

Нэгдүгээр давхрын давшилт

Posted by Ажиглагч on 2010/08/25

Хоёрдугаар давхрыг түр орхиж доошоо бууцгаая. Нийслэлийн орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөл эмх замбараагаа бүрмөсөн алджээ. Эзэн нь өмчөө мэдээд сунгах эрхтэй мэт боловч тэр сунгаж эзэлдэг газар нь ганц түүний биш, харин тухайн байрны оршин суугчдын дундын, эсвэл нийтийн өмч байж таарна. Гэвч дээрээс зөвшөөрдөг, тэгээд хянадаггүй болохоор хэр сунгахыг зөвхөн эзний хүсэл мэдэх болжээ. Хүний шуналд хязгаар байх биш дээ …  

Ядахдаа “үүнээс хэтэрч болохгүй шүү” гэсэн улаан шугам татах ухаан энэ бүх зөвшөөрөл дээр гарын үсгээ зурсан Г.Мөнхбаяр, Э.Мөнх-Очир, Ч.Бат (өмнөх ерөнхий  менежерүүдийн нэрийг санахгүй байна) нарт байсангүй. Соёлтой бөгөөд хуультай оронд явган хүний зам руу харсан хаалга үүдийг гадагшаа нээгдэхийг хүртэл хориглодог (хажуугаар өнгөрөх хүнийг санаандгүй цохичихож  магадгүй учраас) юм гэсэн. Харин манайд огт явах замгүй болгочихоод байна. Нийслэлийн гудамжийг явган зорчигчдоос чөлөөлөх давшилт, бараг бяцхан “чөлөөлөх дайн” юм уу даа.  

Энх тайвны өргөн чөлөөнд Улсын их дэлгүүрээс зүүн тийш …

Metro Mall-оос урагшаа зам гарахад … 

5-р дунд сургуулийн зүүн талаар ….

Бас баруун талаар …

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 2 Comments »

Хоёрдугаар давхрын өргөтгөл эхэлжээ

Posted by Ажиглагч on 2010/08/24

Нэгдүгээр давхрын өргөтгөл гэж ярьдаг хачирхалтай “бүтээн байгуулалт” хэрээс хэтэрлээ. Уг нь зураг төсөл гаргаж мэргэжлийн байгууллагаар батлуулдаг, тэгээд нийслэлийн захирагчийн ажлын албанаас (дүүргүүд ч мэддэггүй юм гэсэн) зөвшөөрөл авдаг олон даваатай гэх хэдий ч хотын хамаг орон сууцны нэгдүгээр давхрын даацын ханыг ч хамаагүй цөмөлсөөр, эхэндээ ганц өрөө, тасалгааны хэмжээгээр даруухан сунгадаг байсан бол цаашаа сэм сэмхэн ахисаар өдий хүрлээ. Хэрвээ нэг нь илүү сунгачихвал нөгөө нь барьцан урагшилна. Сүүлдээ явган хүний зам, зүлэг талбай руу давшин оржээ. 

Улаанбаатар гэж улсын нийслэл, муу сайн ч түүхэн хотын уран барилга (тийм юм байгаа бол), тухайн байшингийн хэлбэр хийцтэй огт зохицохгүй байгааг бүгд харж байна. Ядахдаа урагш сунгалаа ч хүрээд зогсох ёстой “улаан шугам” гэж алга.

Хэрэг бишдэхийг дэндүү хожуу ухаарсан нийслэлийн удирдлага 2005 онд нэгдүгээр давхрын өргөтгөлийг бүрэн хориглохоо зарлаж, түүнээс хойш Ерөнхий менежер байсан Г.Мөнхбаяр, Э.Мөнх-Очир, одоо байгаа Ч.Бат гурав “нэг ч зөвшөөрөл олгоогүй” гэж тангарагладаг боловч  энэ “бүтээн байгуулалт” өчүүхэн төдий ч саатаагүй юм.  Дүгнэж хэлбэл, Улаанбаатар хотод орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөл эмх замбараагаа алдаж хяналтаас бүрэн гарчээ. 

Энэ зун нийслэлд зарим орон сууцны хоёрдугаар давхрыг чимээгүйхэн өргөтгөж эхэлсэн байна.  Хэн ч дуугараагүй. Дасгаж байгаад дараа жилээс гуравдугаар давхар луу орох юм байна. Хэн ч дуугарахгүй…

Хан-Уул дүүргийн 18-р хорооллын үйлчилгээний төвийн дэргэдэх таван давхар байр … 

Төв шуудангийн урд, Улсын драмын эрдмийн театрын өөдөөс харсан орон сууц …

Байгалын түүхийн музейн баруун талын орон сууц …

Оршин суугчдын хилэгнэсэн асуултанд захиалагчдынхаа байтугай өөрсдийн нэрийг ч мэдэхгүй барилгачид нь “Албан ёсны зөвшөөрөлтэй” гэж даналзаад байна гэсэн шүү.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 3 Comments »

Аян доторх аян

Posted by Ажиглагч on 2010/08/18

Туул голыг хамгаалах том шоуны талаар би хэд хоногийн өмнө бичсэн билээ. Дутуудуулчихаж. Хөөрхий байгаль хамгаалагчид, мэргэжлийн хяналтынхан, онцгой байдлынхан, бас “Тунгаа” төвийн хэсэг иргэдийн хийж байгаа харуул, эргүүлийн ажил МАХН-ын “Нийгмийн ардчиллын аян”-ны дотор багтчихжээ. Сайхан шоудах юм аа. Хэзээ нэгэн цагт “Манай нам Туулыг аврах гээд үзээд үзээд бараагүй …” гэх юм байна.

Posted in # УЛААНБААТАР, Туул гол, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

“Гацуурт”-ын талын телевиз

Posted by Ажиглагч on 2010/08/18

Өнгөрсөн Бямба гаригт МҮОНТ-ээр 19.40-өөс гарахаар зарлагдсан “Сөдөтийн уурхайгаас хийсэн тэмдэглэл”-ийг хойшлуулж бүр илүү оргил цагаар буюу 21.15-аас үзүүлэв. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр олон удаа шүүмжлүүлсэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” компанийн Сөдөтийн уурхайг учир зүггүй өмөөрсөн нэвтрүүлэг байлаа. Уурхайн дарга Л.Батмөнхийн араас сумын ИТХ-ын дарга Батчулуун, байгаль орчны байцаагч хоёр “Гацуурт” компани нөхөн сэргээлтийг маш сайн хийж урьд нь алт олборлоогүй юм шиг болгосон тухай ярьцгааж, Орхон гол Сөдөтийн уурхайгаас болж тасраагүйг тангараглах шахав. Бас “Гацуурт” компанийн хууль ёсоор зөвшөөрөл авсан газар нь Төвхөн хийдээс хол, тэгээд ч олборлолт эхлээгүй тул аюулгүй гэв.

Батчулуун дарга цааш нь “…сумыг соёлын өргөөтэй болгосон … багийг эрчим хүчтэй болгоход миллиард төгрөг орно… Ийм компанийг гомдоож болохгүй… Сумын дарга лиценз өгсөн гэж бичээд байна. Лицензийг бид өгдөггүй…2003 онд олгосон байгаа лицензийн асуудал одоо ажиллаж байгаа Засаг дарга, хурлын даргад хамаагүй … Иргэдийг малжуулахад “Гацуурт” компанитай хамтарч ажиллана.. гэлээ. Нутагт нь “Гацуурт” нэртэй буяны байгууллага тонгочдог юм байна.

Хөдөөгийн ядуу сумдыг компаниуд тэр чигээр нь худалдаад авч байгаа одоо цагт иймэрхүү яриа сонин биш. Харин нэвтрүүлгийг бэлтгэсэн нэр, нүүргүй сэтгүүлч “Гацуурт” компани 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн… Сумтай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгжихгүй байх вий” гэж компанийн өмнөөс айлгав. 

Бас TV9 телевизээр гарсан Сөдөтийн уурхайг шүүмжилсэн нэвтрүүлгийг хэсгийг үзүүлж, араас нь “Хүмүүс, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “25-р суваг телевиз гээд бараг бүгдийн нэрийг дурдаж байгаад “сурвалжлах багийнхан бид няцааж байна… гүжир гүтгэлгийг явуулах нь нэлээд дээрээс шидсэн чулуу болов уу” хэмээн тасралтгүй томорсоор дуусгалаа.

Уг нь мөнгө төгрөг хөөцөлдсөн арилжааны телевиз, сонинууд “Гацуурт”-ын захиалгаар иймэрхүү өрөөсгөл нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэж, харин олон нийтийн телевиз тэр шүүмжлэл хэлээд байгаа нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын үгийг орхилгүй хүргэх ёстой атал эсрэгээр байх юм. Төгсгөлд нь “2010” гэж дөрвөн тоо бичсэнээс өөр хаяггүй, захиалгаар бэлтгэсэн энэ нэвтрүүлгийг захиалгаар үзүүлснийхээ төлөө алтны компаниас овоохон юм авсан биз. Юуны тулд Монголын хамгийн том, үндэсний хэмжээний телевиз билээ…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

30 ба 7 хоногт

Posted by Ажиглагч on 2010/08/14

Энэ зарыг үзээд онигоо санаанд орлоо. Аав нь хүүдээ “6 настай хүүхдийг 7 хоногийн дотор уншуулж, бичүүлж, бодуулж сургана” гэсэн зарыг хэлж өгөв. 6 настай хүү дотроо бодсон нь “Сайндаа зодно л биз…”

Тэгвэл дээрх зарыг үзсэн хүмүүс юуг бодоод өнгөрдөг бол?

Posted in # ЗАРЛАЛ | 1 Comment »

Одоо шоудах л үлджээ

Posted by Ажиглагч on 2010/08/14

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр захирамж гаргаж Туул голоо авран хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор голын сав дагуух бохирдлыг цэвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс “Хатан туул ба цаг хугацаа” нэртэй хоёр сарын аянг зохион байгуулахаар болж уг аянд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газар болон “Ногоон суваг байгаль” ТББ-ууд хамтран оролцох болсон тухай зарласан билээ. Болж дээ. Юу ч хамаагүй хийх хэрэгтэй.

Гэтэл нийслэлийн хамгийн том ба ашигтай байрлалтай сурталчилгааны самбарууд дээр “Ногоон суваг” ТББ, МАХН хоёр санаачлагч болж тэдний зөв мэргэн удирдлагын дор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, бас хаанаас ч юм гараад ирсэн “Монгол шуудан” ХК, “Эко констракшн” ХХК хоёртой хамт зөвхөн “дэмжсэн” болон хувирчээ. Хөөрхий нийслэлийн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтынхан аахилдгаараа аахилж харин дээд хоёр таахалзах юм байна.

“Ногоон суваг” ТББ уг нь телевизийн нэвтрүүлэг. Хэвлэл мэдээлллийн үүрэг үнэнийг хэлэх, илчлэх атал шоуны оройд заларчээ.

МАХН бол Туул гол амь тэмцсэн сүүлийн 20 жилийн турш төрийн байтугай Улаанбаатарын эрхийг тасралтгүй барьж Туултай холбоотой бүх шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж чадаагүй нам. Шоудах л дутаж гэнэ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тухайд. Туулын хоёр эрэг эмх замбараагүй барилгаар дүүрч, хайрга олборлон сэндчиж, хог асгаж, угаадас цутган бохирдуулсан явдал бүгд нийслэл хотын шийдсэн буюу шийдэж чадаагүй асуудлууд. Голын эргийг тохижуулж нийслэлийн иргэд зуны халуунд амарч хэвтэх “пляж” байгуулсан бол ч …  

Төрийн өмчит “Монгол шуудан” ХК энд юугаа хийнэ вэ?

Өөрийгөө үндэсний бүтээн байгуулагчаар өргөмжилсөн “Эко констракшн” бас наалдаад авч. Орон сууц захиалагчдаа зогсоо зайгүй хулхидахаа биш юмаа гэхэд Туулын эргээс хайрга зөөж хогоо асгахаа боливол илүү тустайсан.

Бүгдээрээ Туулын төлөө дуугардаг, гэтэл Туул мөхөөд байдаг. Яагаад гэвэл нам, төр, телевиз, компанийн аль ч нь хийх ёстой ажлаа хийдэггүй.  Өнөөдөр хоцорсон ч гэсэн алдаагаа засахыг оролдох, хүлээсэн үүргээ биелүүлж эхлэхийн оронд нийлээд шоудах боллоо. Энэ янзаараа бол тэд Хатан туулыг сүүлчийн замд нь үдэх оршуулгын команд байж мэдэх нь.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Цэдэнбал шиг Батболд

Posted by Ажиглагч on 2010/08/08

Ерөнхий сайд С.Батболдын баруун аймгуудаар хийсэн гурван долоо хоногийн урт аялал үргэлжилж байна. Үүнийг орон нутагт “ажиллаж байна” гэдэг. Энэ бэрх ажилдаа мэдээж сэтгүүлчдийг авч явсан, гэхдээ олныг биш, найдвартай хэдийг. Мэдээж МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийг дагуулсан тул хал балгүй тоочсон сурвалжлагууд хөвөрч буй. Гэтэл чамлагджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт МҮОНТ-ээр гарсан “Засгийн Газрын тэргүүний хөдөө орон нутагт хийж буй томилолтын тэмдэглэлээс”, Баасан гаригт үзүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт” нэртэй тусгай тойм нэвтрүүлгүүдийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга М.Оюунчимэг өөрийн биеэр бэлтгэж хөтлөв. Төгсгөлд нь “Сэтгүүлч М.Оюунчимэг” гэж нэрээ бичүүлж байгаад…

Дахиад багаджээ. Ням гаригийн “Долоо хоног” хөтөлбөрөөр дахин тойм оруулж “… хээрээр гэр хийж хэдэн мянган километр аялж байсан Юмжаагийн Цэдэнбал гуайн түүхийг шинэ цагийн удирдагчдаас Ерөнхий сайд Батболд анх удаа давтлаа… гэсэн өгүүлбэрээр эхлэв. Хөөрхий Ерөнхий сайд эхнэр, хүүхдээ дагуулаад … хэцээр дэр хийн хоноглох өрөвдмөөр дүр зураг нүдэнд зурсхийн өнгөрөв. Уг нь Цэдэнбалын үеийн коммунист сэтгүүлчид том даргаа орон нутагт зочлоход “хээрээр гэр хийлээ” гэж балайрдаггүй байсансан.

Цааш нь дуржигнуулсан гоё өгүүлбэрүүдээс: “… Ерөнхий сайд бороо дагуулж ирлээ… 5000 километр донсолгоотой бартаат замаар сэгсчүүлэн давхисан… Ерөнхий сайдын 5000 км ажилласны дараа ТОМ ТҮҮХ бичигдэх болно гэсэн иргэдийнхээ үгэнд урамшсан Ерөнхий сайд цааш хөдөллөө… “

Зулгуйдлын хам шинж бол зулгуйдаж байгаа хүнээ түүхэн хүн, түүхэн үйл явдалтай зүйрлэх явдал гэдэг. Яг таарч байна.

Энэ жишээ МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлаг ба Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хоёрын хооронд нэгэн кинонд гардагчлан “нүдний ялгаа” бүрэн арилсныг дахин харуулав. (Ер нь ялгаа байсан юм уу?). Дэлхийн өөр ямар улсын Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга нь Ерөнхий сайдаа магтсан нэвтрүүлэг зүйгээд, түүнийг телевиз нь (тэр тусмаа олон нийтийн телевиз!!!) дамжуулж суудаг бол? Лав Хойд Солонгос, Хятадад тэгдэггүй. Бусад улсуудыг мэдэхгүй юм даа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

Уул уурхайн мөнгөөр …

Posted by Ажиглагч on 2010/08/08

Маргаашнаас эхлээд монголчуудыг тэжээхээр амалсан уул уурхайн үр шимийг манай хэвлэл мэдээлэл өнөөдрөөс хүртээд хүртээд эхэлжээ. Яг үнэндээ өчигдрөөс. “Айвенхоу Майнз” компани Оюутолгойгоос ганц грамм ч зэс олборлож зараагүй мөртлөө тэрбум доллар зарцуулсан гээд байгаагийн овоохон хэсэг олон нийттэй харилцах, тэрэн дотроо телевиз, радио, сонин сэтгүүлийн сурталчилгаа буюу захиалгатай нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүлчдийн аялал, уулзалт нэртэй зүйлд зарцуулагдсаны үр дүнг бид өнгөрсөн 4-5 жил үзэхээрээ нэг боллоо. Ноднин тэр гэрээ батлагдаж хэрэг бүтсэн болохоор хэсэг намжсан ч энэ хавраас өдөр тутмын сонинуудын хамгийн том реклам захиалагчаар гадаадынхан 66 хувийг нь эзэмшдэг “Оюутолгой” нэртэй “монгол” компани тодроод байна. Сонины хэдэн нүүр үргэлжилсэн ажлын зарууд дугаараас дугаарт салахаа болив. Сая зуны амралтаар ганц хоёр оюутныг ажиллуулахын тулд хэдэн саяын зар нийтлүүлэх жишээтэй.

Бас энэ хавар, зун Таван толгойн гэрээг батлахыг угтуулж “Монгол 999” нэртэй нөхдүүд хэдэн мянган сая төгрөгийг цуглуулсныхаа ихэнхийг телевиз, сонины төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэгт зарцууллаа.

Таван толгойг монголчууддаа хүртээхээс урьтаж овоохон сорчлоод үмхчихсэн “Энержи ресурс”-ын Ухаа худгийн уурхайн тухай нэвтрүүлэг, сурвалжлагууд социалист бүтээн байгуулалтын үеийн магтаалаас дутахааргүй нялуун.

Монголын эдийн засаг төдийгүй хэвлэл мэдээлэл уул уурхайгаас бүрэн хамааралтай болох тийш зүглэжээ. Хамаг реклам сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлгийн захиалга тэндээс ирнэ. Олон сонин, сэтгүүл, телевиз уул, уурхайн мөнгөн дээр оршин тогтноно. Хэвлэл мэдээллийн янз бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа, сэтгүүлчдийн сургалтууд мөн адил. Вэб сайтууд хүртэл. Өнөөдөр уул уурхайн бүх томилолт, сурвалжлагын зардлыг цаад компаниуд бүрэн даадаг болжээ. Редакциасаа мөнгө гаргаад уул уурхай руу илгээдэг эзэн, эрхлэгч, захирал  ганц ч үлдсэнгүй….

Монголын хэвлэл мэдээлэлд сайн засаглал тогтож амжаагүй байхад их мөнгө ороод ирлээ. Дөрөвдэх засаглалыг эзэд, сэтгүүлчид, байгууллага, өөрийн зохицуулалт, ёс зүйн зарчимтай юутай нь цуг угжиж эхэллээ.

Posted in Сэтгүүл зүй | Leave a Comment »

Шударга гар

Posted by Ажиглагч on 2010/08/07

Хамаг монголчуудын хараа урагшаа, Оюутолгой, Тавантолгойн зүгт хандчихаад байх зуур ард нь “Бороо гоулд” буюу Сентерра гоулд компани амжуулж өгчээ. Хойт зүгт, Сэлэнгэ аймгийн нутагт Бороогийн орд газрын 40 тонн алтыг ховх зөөснийхөө төлөө манайхны хараалыг идэж цадаагүй мэт дараачийн 40 тоннын нөөцтэй Гацууртын орд руу сэмхэн гэтэхээ ч больж бүр цагаандаа гарчээ. Харин телевизүүд “Бороо гоулд” гэж буянтай компани Мандал, Баянгол зэрэг сумдыг өдөр шөнөгүй өөд татаж байгаагаас өөр юм үзүүлэхээ больсон бол зөвхөн TV9 нэг удаа тэс өөрийг харуулав.

Наадмын өмнөх TV9 телевизийн “Томилолт” нэвтрүүлгийн “Хараа голыг онилсон Хүнцэлийн хор” нэртэй дугаарт Сентерра гоулд компани нутгийн иргэдийн морь уралдуулж, ундны ус авдаг газрыг нь уул хөндийтэй нь битүү хашаалаад авсан ба одоо хавь ойрын малчдын усыг машинаар зөөж “буян болж” байгааг дэлгэв. Баярламаар ч юм шиг, гэхдээ баярлаж болох уу?

Телевизээр үзэхэд ч сайхан нь мэдрэгдэх гол устай энэ нутгийг ухаж төнхөхөд дэндүү хайран. Иймээс ноднин УИХ-аас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэсэн урт нэртэй хууль баталсан биз. Тэгвэл “Бороо гоулд” нутаг буцахгүй юугаа хүлээнэ вэ?

Энэ тухай асуултанд “Бороо гоулд” компанийн ерөнхийлөгч Жон Казакофф гайхалтай хариулт өгөх нь тэр. Та зүүдлэх ч үгүй: “Ойн сав, ус мөрний… хуулийг өөрчлөх талаар Уул уурхайн үндэсний ассоциаци тэргүүлээд лобби явуулж байгааг би мэдэж байна. Нэлээд хугацаа шаардагдах байх. Ямар ч байсан энэ хууль өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна …”

Шударга гар юм аа. Уул уурхайн ассоциацийн хамгийн чухал гишүүн нь Бороо гоулд байх шүү. Хамаг нууцаа задалсан ноёнд сэтгүүлч Отгон өөрийн эрхгүй “Баярлалаа” гэв. Канадчууд биднээс арай өөр ажил хэргийн соёлтой, иймээс лобби хийлгэж буйгаа нуугаагүй бол тэр лоббиг нь хийж өгч байгаа манай монголчууд дандаа хулгайгаар… Хэвлэл мэдээллийнхний хувьд МҮОНТ тэргүүлээд урт нэртэй хуулийн эсрэг нэр хаяггүй захиалгат нэвтрүүлэг цувуулаад байсан нь ийм учиртай аж.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »