АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for June, 2010

10 номерийн “Соронз” хаачив?

Posted by Бид on 2010/06/30

2009 оны 12-р сард мэндэлсэн монголын People буюу “Соронз” сэтгүүл борлуулалтаараа 14 хоног ба сар тутмын сэтгүүлүүдийг тэргүүлж байгаа гэнэ. Рекламны,  түүнийг дагаад нийт хуудасны тоо ч нэмэгджээ. Одоо сэтгүүлүүд энэ зүгт хошуурна. Үүнээс сэргийлж “Соронз” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллэг [өгүүлэл гэх ёстой], зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр дахин хэвлэхийг хатуу хориглоно” гэжээ. Маш зөв.

Харин “Мөн сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг даган дууриахыг хориглоно. Оюуны өмчийн гэрчилгээгээр баталгажуулсан болно” гэж айлгасан нь дэнджээ. People-ийг шүүхэд өгөх юм болов уу? Гэрэл зураг, нийтлэл, нэр, лого, макет чимэглэлд хүртэл гэрчилгээ авч болох байх, харин нийтлэлийн бодлогод бол үгүй.  Одоо ийм сэтгүүл гаргахыг хүсэгчид “Соронз”-ыг биш People-ийг дууриасан юм гэж хэлэхэд л хангалттай.  Өнөөдөр Монголд монгол нэртэй, монгол агуулгатай Elle, Cosmopoliten, Vogue (хольсон)-ээс эхлээд улаан хүрээт Time хүртэл гардаг. Далайн цаана мэдээ ч үгүй яваа.

Хамгийн сүүлд “Соронз” сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарчээ. Харин таны харж байгаа №10 буюу өмнөх дугаарыг хэвлэлийн мухлаг, номын дэлгүүрт хүргүүлээд маргааш нь шахам буцаагаад хурааж авсан гэнэ. Зургаа тавиулж бичүүлсэн нэгэн эрхэм “бөөн юм болж” редакци дээр нь тавиад очиж дээ…

Posted in + СЭТГҮҮЛ | 8 Comments »

Удахгүй “Омогшил” төрнө

Posted by Бид on 2010/06/30

Спортын төв ордны өмнөх зарлалын том самбар дээрээс “Омогшил” сэтгүүл өөрийгөө омогтойхон зарлаж байна. Хамаг спортыг хамарсан нийтлэг сэтгүүл байх нь. Өнөөдөр манайд бөх, хурдан мориныхоос өөр олигтой спортын сэтгүүл алга. “Женко” Баттулгын гараас гарсан Judo, Powerlifting сэтгүүлийн хэдэн гайгүй дугаар харагдсан ч тэрүүхэндээ эргэлдэж таарна. Сүүлийн хоёр гурван жилд үзэгдсэн “Спортын цонх”, G Sport , Sole (хөл бөмбөгийн), The Fast and the Furios, Гоол, Спорт сэтгүүлүүд ээлж дараалан сураг алдарчээ. Уг нь “Таван цагираг” сонин ганцаараа эзэгнэж буй спортын хэвлэлийн зах зээлд сайн сэтгүүл хэрэгтэй.

Түвшинбаяр, Бадар-Ууган хоёрыг Бээжингээс алт авахад монголчуудад төрсөн тэр мэдрэмжээр энэ сэтгүүлийг нэрлэсэн болов уу даа. 

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

Даргын нэвтрүүлэг

Posted by Бид on 2010/06/30

Энэ сард бүр тэмдэглэлт явдал болов. МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн тоймч М.Оюунчимэг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогджээ. Тэртээ тэргүй төр, засгийн гэрээт борлуулагчийг хийж ирснийхээ шимийг хүртэж албан тушаал дэвшин очих ёстой газраа очсон бол сайн хэрэг. Харин “Бизнес ньюс”-ээсээ салж өгдөггүй ээ.

Сарын дундуур гарсан “Бизнес ньюс”-ийг юу ч болоогүй мэт хөтөлж УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг хэсэг хэсгээр тайлбарлан сонсгож бишрэн суув. Араас нь УИХ-ын гишүүн Х.Наранхүү, С.Оюун нартай хуурамч телегүүр хийж (урьдчилж хийсэн бичлэгээ монтажлан үдшийн 22 цагт ажил яриад сууж “харагдсан”), бас Гадаад хэргийн яаманд болсон Литва улсын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаас сурвалжилж амжив.

6-р сарын 20-ны Ням гаригийн 18 цагт хуурамч телегүүрний мэргэжилтний шинэ бүтээл мэндэллээ. Үүний тулд МҮОНТ-ийн хөтөлбөрийг өөрчилж хэд хоногийн өмнөөс “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цаг үеийн асуудлаар иргэдийн асуултанд хариулна” гэж зарлуулж байгаад ШУТИС-ын Холбоо, мэдээллийн технологийн зайн сургалтын танхимд Ерөнхий сайдыг аваачин орон нутагтай холбосон телехурал маягийн юм хийв. Шал дэмий байлаа. Туршлагатай сэтгүүлч Ц.Мөнхтөрөөр хөтлүүлээд ч нэмэр болсонгүй. Урьдчилж авсан эсвэл утсаар аваад “бэлтгэсэн” асуултууд залхуу хүргэнэ. “Таван толгой”-г ард түмэндээ өгнө гэсэн хоосон өгүүлбэрээс өөр хэлэх юм Ерөнхий сайдад байсангүй. Харин телегүүр жинхэнэ байж Солонгост суугаа монголчуудтай интернэтээр ярилцсан, гэхдээ өнөөдөр айл бүр гэрээсээ Америк, Солонгостой холбогддог болсон тул сонин биш.

Өчигдөр орой “Бизнес ньюс” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг дундаас нь үзтэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Оюунчимэг Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалтай хуурамч телегүүрдээд сууж харагдав. Дараа нь Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Я.Содбаатартай “жинхэнэ” ярилцлага хийв. Эхний асуулт нь “Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүргийн дагуу … “ байсан ба дараачийн асуулт болгон “Ерөнхий сайдын яриад байгаа…” гэж эхэлж байв.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Төр, засгийн ухуулагч агентлаг

Posted by Бид on 2010/06/29

Хойшид хэрхэвч ийм байж таарахгүй гэлцээд 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан өмнөх 40 жилийн туршид эхлээд нам засгийн, дараа нь төр засгийн шууд мэдэлд явж ирсэн Монгол телевизийг өөрчилж Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз болгосон байтал тус телевизийн “Монголын мэдээ” агентлагийн мэдээ, сурвалжлагууд яг хэвээрээ.

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дийлэнх, заримдаа бүгдээрээ төр засгийн ажил алба байдаг нь нотлогдсон зүйл. Бас 11, 13, 15, 18 ба 23 цаг орчмын мэдээнүүд “Цагийн хүрд”-ийн үргэлжлэл буюу давталт юм. Төр, засгийн ажлыг сурталчлахад зориулагдсан “Нээлттэй засаг” ба “Сүлд” хөтөлбөрүүд хэвээрээ төдийгүй өөрчлөгдсөнгүй. Тэд үндсэндээ “Цагийн хүрд”-ийн мэдээ, сурвалжлагуудын арай дэлгэрэнгүй хувилбар юм. “Бизнес ньюс” мөн адил. Эсрэгээр хэлбэл, “Монголын мэдээ” агентлаг долоо хоногийн турш төр засгийн дээрх хөтөлбөрүүдийг бэлтгэдэг, харин өдөр өдрийн “Цагийн хүрд”-ээр жижиглэн үзүүлж нэг сумаар хоёр туулай буудсаар.  

Өнгөрч буй зургадугаар сард улам төр засагжлаа.

Бямба гариг бүрийн “Ярилцья” нэвтрүүлэг сүүлийн хоёр дугаарыг үзэхэд 2010.06.19-нд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, 2010.06.26-нд УИХ-ын гишүүн Д.Арвин, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нар оролцов. Ярьж чаддаг хүмүүс Монголд дуусчихжээ.

Энэ сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн эрхэнд гарсны 1 жилийн ой тохиожээ. Олон нийтийн телевиз олон талаас нь дүгнэж харуулахын оронд зөвхөн Ерөнхийлөгчийн пиарчдын захиалгаар бөмбөгдөв. “Цагийн хүрд”-ээр Элбэгдоржийн ганцхан жилийн хугацаанд амжуулсан хэтэрхий их ажлыг багтааж ядан шахаж, “тэнэг” үзэгчид ойлгоогүй байж магад тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгаар хэлүүлж цээжлүүлэх жишээтэй. “Шанхайн хамтын ажиллагаа ба Монгол улс”, “Ази тивд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол улсын оролцоо” зэрэг тусгай нэвтрүүлгүүдийн “Монгол” гэдэг бол мэдээж Ц.Элбэгдорж.

Ням гаригт үзэгчид ид амарч байхад УИХ-ын гишүүд тэргүүтэй хэсэг нөхөд “Парламентын хэлэлцүүлэг” нэрээр хуралдаж салахгүй зовоосоор олон жилийг үдлээ.

Үүгээр дуусахгүй. Долоо хоногт хоёр удаа бүтэн цаг үргэлжилдэг “Нээлттэй хэлэлцүүлэг” яам, газрын жижиг сажиг албан тушаалтнуудаар пиг дүүрч харин агуулга нь хов хоосорлоо. Дээрээс нь “Талуудын яриа” нэртэй бас нэг хувилбар нэмэгдэв. 10 ялгаа хайвал “Засгийн газрын http://www.open-government.mn сайтын дэмжлэгтэйгээр явуулж байгаа цуврал хэлэлцүүлэг” (тэндээс санхүүждэг гэсэн үг) гэдэг тайлбараас өөр олдохгүй. (Үнэндээ “Нээлттэй хэлэлцүүлэг” бас л дээрээс санхүүждэг)

Бас Төрийн ордноос захиалбал ямагт бэлэн байлгадаг “Нүүр түлсан ярилцлага” гэж бий. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцжээ. Хөтлөгч “Бид таныг уул уурхай, дэд бүтцийн асуудлаар санал бодлыг тань сонсоё гэж урьсан” гэв.  Гэнэтхэн сайдыгаа сонсохыг хүсч гэнэ…

Засгийн газрын тохируулагч,  хэрэгжүүлэгч агентлагуудаас гадна ухуулагч агентлаг гэж яах аргагүй байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Зайсан толгой бүслэгдлээ.

Posted by Бид on 2010/06/20

Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн амыг барилгаар дүүргэсэн багадаад одоо голд нь торойх Зайсан толгой руу өнгөлзөж өнгөрч буй долоо хоногт “Собт трэйд” нэртэй компани баруун хойт энгэрийг нь хашаалж хүнд техник аваачин ухаж эхэлсэн байна. Энэ бол “Оюуны ундраа” холдингийн нууц охин компани бөгөөд өөрийн босс – УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын мандан бадралын 2005-2007 оны хооронд аялал жуулчлал хэмээх гэм хоргүй нэрээр (эндхийн бусад бүх барилгуудтай адил) газрын зөвшөөрөл авч хадгалаад одоо БОАЖЯ-наас уг зөвшөөрлийг цуцалсныг мэдэнгүүтээ нуувчнаасаа гарч давшилтанд орсон хэрэг. Тэнд хөшөө дурсгалд мөнхөрсөн зөвлөлтийн дайчид дуугарах биш…

Үүнийг мэдсэн мэргэжлийн хяналтын байцаагчид очиж ажлаа зогсоохыг шаардан, улмаар хэвлэл мэдээллийнхэн шавж бөөн шуугиан дэгдлээ. “Собт трэйд” компанид Зайсангийн энгэрт барилга барих зөвшөөрөл байхгүй, байх ч ёсгүй ажээ. Гэсэн ч тэд том самбар, газрын диваажин байгуулах гайхамшигтай төсөл, хөрөнгө оруулалтын 20 сая доллар, бас зураг төсөлд зарцуулсан 2 сая доллар гэсэн сүрдмээр тоонуудаар гайхуулах, шантаажлахыг хослуулж гарлаа.

Хачирхалтай нь 6-р сарын 16-ны Лхагва гаригийн орой манай хэдэн “том” телевиз “Собт трэйд”-ийн охин телевизүүд шиг аашлав.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр:

Оршин суугчид нь нэг саяас давж дэлхийн томоохон хотын жагсаалтанд багтсан хэдий ч Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нэг ч газаргүй өнөөдрийг хүрч байгаа юм. Байгаа ганцад нь Зайсан толгой тооцогдож байгаа ч асдаг гэрэлгүй, суудаг сандалгүй, хогондоо дарагдсан байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ байдлыг өөрчлөхөөр “Собт трэйд” компани 10 сая долларын хөрөнгө оруулалт бүхий цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа холбогдох шаардлагатай бүхий л баримт бичгээ бүрдүүлээд шаваа тавьж ажлаа эхлэх гэтэл гэнэт л түүх, соёлын дурсгалт газар гэсэн шалтгаанаар Байгаль орчны яам зөвшөөрлийг нь цуцлахаар болжээ. Гэтэл Боловрсол, соёл, шинжлэх ухааны яамнаас өгсөн албан бичигт манай улсын түүх соёлын дурсгалт газрын жагсаалтанд байдаггүй гэдгийг дурдсан байна. Энэ бүхий эцэст бүтээн байгуулалтын том ажлын зөвхөн бэлтгэлийг нь хангахад 2 сая гаруй долларын зардал гаргачихаад байгаа “Собт трэйд” компанийнхан хохироход хүрээд байна.

“Зайсан” соёл амралтын цогцолбор төслийн менежер Э.Даваадорж

– “Собт трэйд” компани 2005 онд Байгаль орчны яамнаас зохих журмын дагуу энд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлийг аваад Байгаль орчны урьдчилсан үнэлгээ гэх мэтчилэн шаардагдах бүх бичиг баримт, судалгаа шинжилгээний ажилдаа орж өнөөдрийг хүртэл энэ төслийг урагшлуулахаар хүч зав гарган зарцуулах ажиллаж байна. Энд байшин барилга барихад зүгээр нэг өнөөдөр зөвшөөрлөө аваад маргааш барьчихдаг асуудал биш.

Мянганы зам, Чингэсийн хөшөө гээд монголчуудын бүтээн байгуулалтын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж өнөөдөр бид үр дүнг нь хүртэж байгаа ч тухайн үедээ ямар их хэл ам дагуулж болохгүй бүтэхгүйгээр нь дуудаж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа. Тэгвэл тухлаад суучих сандалгүй, нар хаах саравчгүй Зайсан толгойд үндэснийхээ түүх соёлыг илтгэн харуулсан, өөрөөр хэлбэл байгалын түүхийн болон угсаатны цогцолбор, усан оргилуур бүхий ногоон байгууламжийг барьж байгуулах энэ төслийг эхлүүлэхэд яагаад ийм их хүнд суртал саад бэрхшээл тулгараад байгааг “Собт трэйд” компанийнхан ойлгохгүй байна.

Зайсан соёл амралтын цогцолбор төслийн менежер Э.Даваадорж

– Бид хууль дүрмийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрлөөс эхлүүлээд газрын лиценз бүх юм хууль дүрмийн дагуу явж байсан. Газрын зөвшөөрөл ном журмын дагуу төлж ирсэн. Түүнээс гадна энэ цогцолбор, энэтэйгээ хамааруулж бид зөвхөн байшингаа бариад зогсохгүй энд усан оргилуурын төв ногоон байгууламж, энэ бүх зураг төслийг цогц байдлаар шийдсэн байгаа.

Зайсан толгойд Монгол-Зөвлөлтийн найрамдлын билэг тэмдэг учраас одоо байгаа хөшөө дурсгалыг шинэчлэх засварлаж арчлалт хамгаалалтыг нь хариуцах үүргийг ч тус компанийхан өөрсдөө үүрсэн байна. Түүнчлэн одоогийн байдлыг нь хадгалах үүднээс маш бага хэмжээний гадсан суурийн ухалтыг хийж байгаль экологид хохирол учруулахгүй байхаар төлөвлөжээ [Сурвалжлага төгсөв]

Үнэхээр тийм үү? Яаж мэдэж байна аа? Хэрвээ сурвалжлага цааш үргэлжилсэн бол “Собт трэйд”-ийн тухай шүлэг дуунд шилжих байсан биз.

Харин уг асуудалд өөр тайлбар өгсөн мэргэжлийн хяналтынхныг ор тас “мартсан”-аа санаж хаяагаа манахаар шийдсэн үү, эсвэл “Собт трэйд”-эд улам илүү таалагдахийг хүссэн үү, дахиад нэг сурвалжлагыг бэлтгэж маргаашийн “Цагийн хүрд”-ээр үзүүлэв. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байцаагчийн ярианаас “Собт трэйд”-тэй холбоотой хэсгийг бүрэн хассан төдийгүй өмнөөс нь “Зайсанд баригдсан өндөр барилгуудыг монголын төр буулгаж чадахгүй” хэмээн барьцаж, бас тэнд газар авсан “Жигүүр гранд” (хэд хоногийн өмнө өмөөрөөд байсансан), Мантууш зэрэг компаниудын нэрийг дуудан дахин барьцаж өгөөд “одоо бол өнгөрсөн” гэсэн дүгнэлтээр төгсгөв.

“Собт трэйд” ялна гэсэн үг. Энэ нь Зайсангийн баруун бэлд томоос том хашаа хатгаад чимээгүйхэн хүлээж суугаа нэр нь үл мэдэгдэх компаниудад “урагшаа” гэсэн дохио юм. Хэрвээ мэргэжлийн хяналтын ирж элдэв юм ярьж шуугиан дэгдээвэл тэд МҮОНТ тэргүүтэй телевизүүдтэй “тулж ажиллах”, бас хажууханд нь ордонгоо барьсан Үндсэн хуулийн цэцтэй барьцахаа мэддэг боллоо. 

Мөн МҮОНТ-ийн зэрэгцээ TV9, TV5 телевизүүд бараг ижилхэн сурвалжлагуудыг үзүүлсэн юм.

Зайсан толгой бүслэлтэнд оржээ. Хажуу бөөрнөөс нь барилгын компаниуд, хаа холоос телевизүүд галлаж байна.

“Собт трэйд” компани энэхүү самбартаа амалснаас үзэхүл, “Зайсан соёл амралтын төв” баригдсанаар Зайсангийн амны бусад бүх барилга алга болж онгон дагшин байгаль сэргэнэ. Ганцхан Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолбор үлдэхийг зөвшөөрчээ. Гэхдээ цаадуул нь эргэж барьцаад буцаагаад барилгаар  дүүргэж л таарна.

P.S: Собт гэж Зайсан бол С.ОтгонБаярын Толгой гэнэ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 7 Comments »

Ханан хэрмэн дэх цоорхойнууд

Posted by Бид on 2010/06/16

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан хана хэрэмний тухай нийтлэл бичсэн гэнэ. Бичихээс ч өөр аргагүй. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад намдаа гоморхож олон юм ярьсан тул МАХН нь хүртэл түлхэж гаргаад өмнүүрээ хана босгочихсон. Гэхдээ тэр хананд TV9 телевиз гэдэг овоо том цоорхой үргэлж байхын хажуугаар олон нийтийн телевиз сэм сэмхэн цоорч өгөөд байна.

Өнгөрсөн өвөл, хавар Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын удирдсан “Хөдөөгийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагаас малчдад тусалсан, Тужийн нарсанд мод тарьсан зэрэг арга хэмжээ бүрийг алгасалгүй сурталчиллаа.

6-р сарын 1-нд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр хүүхдүүдтэй хамт төрсөн өдрөө тэмдэглэснийг үзүүлсэн ба 9-ны үдэш энэ үйл явдлаар бэлтгэсэн “Бидний мөрөөдөл” тусгай нэвтрүүлэг гаргав. Маргааш нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Баян-Өлгий аймгийн мөнх цаст Сайр хайрхны оргилд 58 уулчинтай хамт амжилттай авирсан тухай сурвалжлага түүний яриатайгаар нэвтэрлээ. Араас нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон болон Толбо сумын малчныд зочилсон тухай сурвалжлага ….

“Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч” гэдэг албан тушаалтай хүний ажил их.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

“Ярилцъя” биш “Пиардая”

Posted by Бид on 2010/06/14

Ням гаригийн үдэш 19.30-аас МҮОНТ хөтөлбөртөө “Нүүр тулсан яриа” шууд ярилцлага оруулж сэтгүүлч Ц.Мөнхтөр “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй ярилцлаа. Ноднин Олон овоотын лицензийг “Монгол газар”-ын Мянганбаяраас авч асар их нөөцтэй алтны ордыг эзэмшсэн мөртлөө өрийг нь дараа төлөхөөр даналзаж байгаа тэрбээр олон нийтийн телевизийг хүссэн цагтаа захиалдаг болсны ээлжит нотолгоо энэ. Хэдэн зуун тэрбумыг зээлдүүлсэн тал таг дуугүй болсны учир начир манай сэтгүүлчдийн ухаж төнхөх ёстой ганц асуудал билээ.

Хөтлөгч эхлээд “Жаст” компани монголчуудын бахархал, төгс төгөлдөр компани болох, компанийн засаглал, бизнесийн хариуцлага, ам ажлын зөрүү энэ тэрийг асууж хэсэг нялуураад эрхэлдэг бизнесүүдийг нь нэг нэгээр магтуулав. Нефть бүтээгдэхүүний оруулдаг, мах бэлтгэдэг, Хадгаламж банкийг хувьчилсан, мэдээж Олон овоотын лиценз хэрхэн авсан тухай байлаа. Урьд нь ярилцаж сайтар бэлтгэжээ. Дараа монгол бахархалын тухай буюу Жастаар бахархсан асуулт. Төгсгөлд нь “Монголын төр бизнес эрхлэгчдэд хэр тус болж байна аа?” гэж төрийн дарамт шахалт, хөөрхий Батхүүгийн зовлон зүдгүүрийг яриулж тал засахыг оролдсон боловч цаадах нь бөөрөнхийлөөд өнгөрөв. Ийм том луйврыг зүгээр өнгөрөөсөн төрийг яаж муулахав.

МҮОНТ-ийн сэтгүүлч  Мөнхтөр нэрлээгүй л болохоос биш “Пиардая” нэвтрүүлэгтэй болох нь. Түүний Бямба гариг бүр хөтөлдөг “Ярилцъя” нэвтрүүлэг хүртэл пиар тал руугаа яваад байдаг …

P.S: Өнгөрсөн Бямба гаригт бас “Энержи ресурс”-ийн захиалгат нэвтрүүлгийг бэлтгэж хөтлөөд амжжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

C1-ын монополь

Posted by Бид on 2010/06/13

Хэцүү юм болж байна. Улаанбаатарт ямар ч олимп, тэмцээнийг хүлээж аваад орчуулгатайгаар үзүүлж чадах арав гаруй телевиз байсаар байтал Өмнөх Африкт эхэлсэн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ганцхан C1 телевиз үзүүлж байна.

C1 баталгаатай хийжээ. ФИФА-гаас эрх аваад (Өмнөх дэлхийн аваргынхаас гурав дахин их мөнгө төлсөн гэнэ) Улсын мэргэжлийн хяналтын газар, Оюуны өмчийн газраар дамжуулан бусад бүх телевизэд сануулга өгүүлж энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний дүрс бичлэгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн С1 телевиз цацахыг анхааруулжээ. Бас том компаниудыг энэ талаар бусад телевизүүдтэй хамтран ажиллахыг хориглосон тул АПУ, MCS мэтийн шар айрагны кампаниуд энд тэнд асар байгуулж том дэлгэцэн дээрээ C1-ыг гаргахаас өөр арга үлдсэнгүй.

Энэ байтугай тэмцээнд хамаг юмаа хаяад доргидог телевизүүд чив чимээгүй байх нь өрөвдөлтэй. 11-ны нээлтийн ёслол болоогүй юм шиг кино үзүүлцгээв. Тоглолтуудыг дүнг хулчийсэн мэт хальт мэдээлээд өнгөрлөө. Олон нийтийн телевиз Өмнөд Африк- Мексикийн тоглолтын мэдээг бүр фотогоор харууллаа. TV9 телевиз “Хөөрхөн төрөх албагүй”-гээр тайвшруулж, хааяа өмнөх аваргын шилдэг голуудыг тоймолно. Хөтлөгч Балжинням нь C1 рүү түр “урважээ”. (Харин өнөөдөр хаачив?)

Хамгийн олон үзэгчтэй (өөрсдийнх нь хэлдэг үнэн бол), орон нутагт ганцаараа шууд цацагдаг, спортын мэдээллийн том албатай гээд C1-ээс хамаагүй илүү боломжтой МҮОНТ энэ эрхийг авч чадаагүй гэдэг харамсалтай. Хэдэн сарын өмнөөс үзэгчид бүр хөдөөнөөс утасдаад анхааруулаад байсан гэдэг. Эсвэл эрх худалдаж авах хэдэн мөнгө дутав уу?  Ингээд МҮОНТ-ийн спортын алба нь АСА циркийн арын зүлгэн дээр байгуулагдсан “Африк 2010” хөл бөмбөгийн төв асартай “хамтран ажиллаж” тэнд юу болж байгааг үе үе сурвалжлахад нөгөө C1 гарч байх …  

ФИФА-гийн дүрэм журам ямар байлаа ч  манайх жижиг улсын хэдэн телевиз мөнгөө нийлүүлээд дундаа нэг эрх авч болоогүй юм байх даа?  Телевизүүдийн холбоо хаана байв?

P.S: Дөнгөж сая TV9-ын Инфо сүлжээгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв талбайд байрлуулсан 4 х 6 метрийн хэмжээтэй LED дэлгэцийн нээлтийн ёслолоос хийсэн сурвалжлага үзүүлэв. Аймгийн Засаг даргын орлогч ярихдаа тус аймгийн залуучууд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа үзэх боломжтой боллоо гэв. Ямар сувгаар гэдгийг хэлэх илүүц биз.  Даанч тэр талбайд сандал байтугай суучихаар юм харагдаагүй. Нэгмөсөн сандал ширээтэй, гэхдээ задгай асар байгуулж өгөөсэй. Аймгийнхаа хэдэн баарны эзэд рүү дохивол яасан түргэн хийх бол …

Posted in C1 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 7 Comments »

“Түүхийн хүрд”-ийг түүх мэдэхийг Ж.Солонго мэднэ

Posted by Бид on 2010/06/10

Хуучнаар “Монгол кино” үйлдвэр, одоо нэгтгэл юу хийдэг юм бол гэж гайхдагсан. Тэгтэл Монголд болж үйл явдлуудыг хойч үедээ мөнхлөн үлдээх зорилготой “Түүхийн хүрд” нэртэй баримтат киног сар сараар хийдгийг БСШУЯ-наас томилогдон шалгасан ажлын хэсэгт багтсан хүмүүс өчигдөр NTV телевизийн “TV клуб” нэвтрүүлэгт тойрч суугаад ярилцсанаас мэдэж авлаа.

Тэд киноны архивт очиж “Түүхийн хүрд”-ийн зарим ангийг үзээд голсон төдийгүй 1985 ба 2007 оны дугаараас харьцуулан үзүүллээ. Аль аль нь хурал цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний дуугүй дүрсэн дээр уншсан ухуулгын хоосон текст, бас дагаж эгшиглэх ямар нэгэн хөгжмөөс бүрджээ.

Тэгтэл “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго хоцорсон, эсвэл эхлэлийг сонсоод яаралтай давхиж ирсэн үү дундуур нь орж ирээд БСШУЯ-ны кино хариуцсан мэргэжилтэн З.Баярзул руу довтоллоо.

– Би энэ нөхөртэй таардаггүй… Энэ нөхрийг би авлигийн хэрэгт шалгуулж байгаа. Үүнээс болж ийм шалгалтыг зохион байгуулсан… Киноны пленк гэж юу байдгийг ч мэдэхгүй… Ажлын хэсэг ирээд гурван бүлэг үзчихээд гүйж гараад ийм дүгнэлт хийсэн байна… Энэ хүн “агуулга ийм байна, тийм байна” гэж ярихыг би зөвшөөрөхгүй. Агуулгыг түүх мэднэ…

Хөтлөгч Түмэн-Өлзий.

– Танай хийж байгаа “Түүхийн хүрд” техникийн ба уран сайхны шаардлагыг бүрэн хангаж байгаа юу?

Ж.Солонго:

– Техникийн болоод уран сайхны шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Цаашаагаа киног хальсан дээр авахын ач холбогдол, хальсны стандарт, монтажны шат дамжлагууд, Dolby гээд техникийн юмаар бөмбөгдсөн ч ажлын хэсэгт орсон Баянзул, Золбаяр хоёр хэдэн баримтаар нам болгов.

– Зүгээр хараад сууж байхад зарим хэсэгт дүрс харагдахгүй, дуу нь сонсогдохгүй байгааг юу гэх вэ? Сохор хүн үзэх ёстой юм уу?

– “Түүхийн хүрд” цувралд жил болгон Кино урлагийн дээд сургуулийн [Захирал нь Ж.Солонго] төгсөлтийг 3 минутаар оруулдаг. Энэ төгсөлт Монгол улсын түүхэнд тийм чухал юм уу?

– Тухайн сарын үйл явдлаас зөвхөн гуравханыг сонгож оруулжээ. Гэтэл тэр сард 10-аад чухал үйл явдал болсныг Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргаж өгсөн байгаа.

– Цагаан сарын тухай мэдээ явж байхад яагаад улаан цайм хятад хөгжим тавьж байгаа юм бэ? Энд ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй.

– Монголд байгаа 20 гаруй телевизийн залуучууд орой болгон хийж байгаа юмыг танайх бүтэн сар хийж байна.

Даанч Солонго ойлгосонгүй. Цаг дууссан тул хөтлөгч “Нэвтрүүлгээ дуусгаад үргэлжлүүлэн ярилцья” гээд өндөрлөв. Дараа нь тэнд зодоон болсон байвал би гайхахгүй.

Манай монголын “Түүхийн хүрд” олигтой эргэхгүй байна шүү!

Posted in НТВ телевиз | 5 Comments »

Үндэсний чуулганы үер

Posted by Бид on 2010/06/09

Сүүлийн хэдхэн өдөрт Төрийн ордонд үндэсний чуулга уулзалтын үер буулаа. Төр, засгийн албан ёсны бусад хурал чуулгануудаас өөрийг хэлж байна.  

2010.06.10.04-05. Баасан-Бямба

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол улсын Засгийн газар, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Эмэгтэйчүүд – Хүний хөгжил” монголын эмэгтэйчүүдийн 2010 оны үндэсний чуулган болов.

2010.06.07. Даваа

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Европын холбоо, Япон Улсын Засгийн газрын оролцоотой “Тогтвортой амьжиргаа-2” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” үндэсний чуулга уулзалт болов.

2010.06.09-10. Лхагва-Пүрэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС хамтран зохион байгуулсан “Хүн ам зүйн цонхны үе ба хөгжлийн бодлогын зарим асуудлууд” сэдэвтэй үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. 

Арай л олдоод, бас нүсэрдээд байх шиг.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

МҮОНТ-ийн “Хурлын хүрд”

Posted by Бид on 2010/06/08

2010 оны 6-р сарын 7-ны  Даваа гаригт МҮОНТ-ийн Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн мэдээ, сурвалжлагууд бараг бүгд ямар нэгэн хурал, семинар, уулзалт ярилцлагаас хийсэн байхыг анзаарав. Хөдөөнөөс бэлтгэсэн сурвалжлагууд хүртэл хурлын сэдэвтэй. Ганцхан хурал биш байсан нь сурталчилгаа байв.

1. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны тухай хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлага. Төсвийн тодотголыг хэлэлцжээ. Ч.Сайханбилэгийн яриа.

2. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдааны тухай хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлага. Таван толгойн асуудлыг хэлэлцжээ. Д.Лүндээжанцангийн яриа.

3. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсэг Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн тухай  УИХ-ын гишүүн З.Энхболдын яриа.

4. УИХ-ын дарга Дэмбэрэл Дэлхийн банкны төлөөлөгчдийн хүлээн авч уулзсан тухай сурвалжлага

5. МАХН-ын “Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд Эрдэнэт хотод иргэдтэй хийсэн уулзалтаас хийсэн сурвалжлага. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүхийн хэлсэн үгнээс.

6. “Орон нутгийн хөгжил, олон нийтийн оролцоо” чуулга уулзалт Төрийн ордонд болсон тухай сурвалжлага

6. УМХЕГ-аас хүнсний хяналтын байцаагч нараа 10 хоногийн сургалтанд хамруулж байгаа тухай сурвалжлага

7. УМХЕГ-ыхан байгаль орчныг хамгаалах чиглэлээр сарын аян зарласан тухай хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлага.

8. “Энержи ресурс” компани Ухаа худагийн уурхайн дэргэд нисэх буудал барихдаа нөхөн сэргээлт хийж байгаа тухай сурталчилгааны сурвалжлага.

9. Хүний томуугийн H1N1 вирусын асуудлаар болсон үндэсний зөвлөгөөнөөс хийсэн сурвалжлага. Аймгийн ЭМГ-ын дарга нарын яриа. ЭМ-ийн сайд С.Ламбаагийн яриа. Хойт хөршид хүүхдийн халдварт саа өвчний тухай сэрэмжлүүлгийн ЭМГ-ын ажилтны яриа.

10. Завхан аймгийн эмэгтэйчүүдийн чуулганы тухай сурвалжлага. Аймгийн цэцэрлэгийн эрхлэгч зэрэг эмэгтэйчүүдийн яриа.

11. МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн тухай судалгааны дүнг танилцуулсан уулзалтаас хийсэн сурвалжлага. Судалгааны албаны дарга Хурцбилэгийн яриа.

12-. Хөдөөгийн иргэдэд цаг агаарын урьдчилан мэдээлэх шинэ сүлжээг танилцуулах уулзалтаас хийсэн сурвалжлага. Газар тариалангийн эрсдэл судлал ТББ-ын тэргүүн Тогтохын яриа.

Цаашаагаа “Монголын мэдээ” агентлагийн технологийн түнш – Summit Computer Systems компани ба Ойн нөхөрлөлийн тухай сурталчилгааны клипүүд гарав.

Төрийн ордонд болдог хурлууд байтугай яам, агентлагт болсон хурлуудыг сурвалжилж байгаа нь багадаад сүүлдээ телевиз дотроо болсон  хурлуудыг сурвалжлан үзүүлдэг болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Би хаашаа нисч байна аа?”

Posted by Бид on 2010/06/07

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг эхэлчихсэн байсан тул хөтлөгч Ганзориг “би одоо бяцхан жүжиг тавина” гэж анхааруулсан эсэхийг сонсож амжаагүй. Юутай ч мань хүн онгоцон дотор хачин хачин юм ярьж гарлаа.

… Оройтоод МИАТ-ын онгоцонд ороод унтсан чинь нэг мэдэхэд нисч явна… [Хажуугаа суугаа гадаад эрээс] “Би хаашаа нисч байна?”…. Өө Берлин нисч яваа юм байна… За за хонуулах айл олдох байлгүй дээ.

Тэгснээ нэг мэдэхэд Берлинд буучихсан… дараачийн секундэд хилээр гарчихсан …. гудамжинд яваа нутгийн хүмүүст “Танайд хонох” санал тавихад цаадуул нь үргэж зугтаад …

Хэдэн сарын өмнө “Танайд хоноё” нэвтрүүлгийг буцаад сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөх болсон тухайгаа мэдэгдэж, бүр “25-р суваг”-ийн хөтөлбөрт хэдэнтээ зарлагдсан ч худлаа байсан. Бодвол хэн нэгэн түүнд “Толь” нэртэй сонин гаргах их мөнгө өгсөн тул түүнийгаа бараадахыг илүүд үзсэн байх.

Ингээд өнгөрсөн сард сэтгүүлч Ганзориг “… Энэ нэвтрүүлгийг намайг хөтөл гэсэн. Би Алтай гишүүний эсрэг, Алтай захирлын эсрэг үг хэлэх эрхгүй…” хэмээгээд ажилдаа орж Тэрэлж рүү явдаг автобуснуудын эзэн Болд, Нархажид сүмийн хамба Мэндбаяр хоёрынд хоножээ. Гурав дахь удаад Берлинд хоносон нь “нэг мэдэхэд онгоцонд сууж байсан” далдын хүчний ид шид биш. ХБНГУ-д айлчилсан Гадаад хэргийн сайд Д.Занданшатарыг дагаж ниссэн сэтгүүлчдийн тоонд Ганзориг багтжээ. Үүнийгээ зүгээр хэлчихийн оронд жүжиглэж марзагнах хэрэг байв уу?

Хөтлөгч маань явсаар Берлин дэх Монголын Элчин сайдын яаманд очиж утасдуулан Германд хөөмийн хамтлаг байгуулан ажиллаж амьдардаг залууг хаанаас ч юм ирүүлж (“тэнд туршлага судалж яваа” УИХ-ын гишүүн Бямбадоржтой хамт явж байв) 400 км-ын хол орших гэр лүү нь 3-4 цаг довтлон очиж хонолоо. Хөөмийг тойрон хэт их асууж залхаасан тул цаад айл “Одоо шөнийн 1 цаг болж байна. Унтах уу?” гэж байж арайхийн салав.

Робот шиг хоолойгоор гацаж ярьдаг энэ залуу ойр зуурын мэдээ, сурвалжлагыг сүржин унших, бас З.Алтай захирлаа дууриан сонгуульд нэр дэвшиж Ленин (эсвэл Гитлер?) маягаар ёслон “Намайг сонго” хэмээн хэг ёг дуугарах яахав, харин “Танайд хоноё” мэтийн энгийн ярианы нэвтрүүлэгт нэг л зохихгүй байх юм. Сүүлийн үед япончуудын бүтээсэн роботууд тун аятайхан эгшиглүүлж ярьдаг болсон шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз | 6 Comments »

Оюутны талбай ба Оюутны холбоо

Posted by Бид on 2010/06/06

Аль ч газрын оюутнууд нийгмийн хамгийн дайчин хэсэг гэгддэг. Манайд ч ялгаагүй. Сургалтын төлбөр, автобусны билет, заримдаа хичээл сургуулийн газраа хамгаалан тэмцэж чаддагаа олон удаа харуулсан. Эхний хоёрт санасандаа үргэлж хүрдэг, харин гуравдахид зогсоо зайгүй ялагддаг. МУИС-аар жишээ авахад нөгөө мөрөөдөөд байгаа кампусийн орон зай хичээлийн 1,2,3-р байрны хооронд элбэг байсан ч өнгөрсөн жилүүдэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Шихихутаг” дээд сургууль, UBS-ийн захирал Ц.Балхжавын элдэв House, бас Япон төвд алдаад дуусчээ. Оюутнууд мэдээ ч үгүй, хөдлөө ч үгүй. Хамгийн сүүлд оюутны дотуур байрнуудын завсарт өөр барилга чихэхийг хэдэн өдөр дараалан эсэргүүцээд бараагүй, Оюутны конгрессын дарга нь хаашаа ч юм ачигдаад явсан гэдэг. Одоо тэнд 14-15 давхар орон сууц хэдийнэ сүндэрлэжээ.

Ноднин намар Оюутны талбайг таллаж хашаалаад суурь ухаж эхлэхэд хойноос МУИС, зүүнээс ШУТИС, урдаас МУБИС-ын мянга мянган оюутны сүрт жагсаал орж ирэхийг төсөөлж суутал …. таг чиг өнгөрсөн билээ. Яагаад гэвэл Монголын оюутны холбоо тэднийг зохион байгуулах байтугай дуугараагүй. Сэмхэн зөвшөөрсөн юм байна. Барилгын жинхэнэ эзэд нууц, зөвхөн “Угтуул” гэнэ үү нэг компанийн нэр дуулдсан. Мартсанаас, яг энд хэдэн жилийн өмнө МОХ-ын удирдлага монголын оюутан түмэнд зориулсан хөшөө цогцолборын шав тавьж цуглаан үйлдээд байсан, тэр алга болчихож!

Монголын оюутны холбоо 2004, 2008 оны УИХ-ын сонгуулиар МУИС, ШУТИС, ХҮДС, МУБИС гээд хамаг том сургуулиуд оршсон Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн Сү.Батболдыг улаан цайм дэмжиж ажилласныг би мэднэ. Бас Ерөнхийлөгч Н.Энхбаярын улаан фэн байгууллага. МОХ-ын толгойд бат суусан экс-оюутнууд их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн учраа мэдэхгүй дүү нарыг (оюутнууд тул 1-2 жил болоод солигддог) аргалж өөрсдийгөө ээлжлэн сонгуулсаар өдий хүрчээ. Хамгийн сүүлд МОХ-ны Ерөнхийлөгч байсан Энхтүвшин гэгч нөхөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хэлтсийн даргын албыг давхар хашаад тууж явсан. Өнөөдөр МОХ нь монголын 100 гаруй мянган оюутны нэрээр төрөөс авсан байртай, бас хаа нэгтээ оюутнуудад кампус барих нэрээр авсан газартай, автобусаар үнэгүй зорчих билет тараадаг,  бас Оюутны талбайг оюутнуудаас асуухгүйгээр “зардаг” эрх мэдэлтэй байгуулллага болжээ.

Оюутнууд тэнэг улс биш тул мэдээж эсэргүүцэж хэл ам гаргадаг. Гэтэл хэдхэн сарын өмнө ээлжит их хурлаа гэнэтхэн Сү.Батболдын “Чингэс” зочид буудалд хоёр гурван давхар харуул хамгаалалтайгаар, зарим сургуулийн оюутны төлөөллийг оруулахгүйгээр хаалттай хуралдуулж шинэ Ерөнхийлөгчийг сонгожээ. Хэн гээч? Монголын улсын Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх, “Хас” банкны захирал асан, одоо “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, бас  МАХН-ын цоо шинэ кадр Ч.Ганхуяг ах нь.  Сонгогдсоноосоо хойш оюутны асуудлаар ганц ч үг дуугарч өгөөгүй байна.  

Магадгүй 2012 оны сонгуулийн өмнө Оюутны талбайн үлдсэн талыг учир зүггүй хамгаалахаар бэлтгэж байж мэдэх.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Монгол 999-ын нүүр царайнууд

Posted by Бид on 2010/06/05

Хэдэн жилийн өмнөөс гадаадаас ирсэн уул уурхайн компаниуд манай хэвлэл мэдээллээр юу хүссэнээ хийлгэж чадахаа харуулсан буюу ид харуулж байгаа бол одоо үндэсний компаниудын ээлж иржээ.

5-р сарын эхээр Монгол 999 (уруугаа харсан 666) нэртэй компаниудын компани байгуулагдав. Би бодохдоо Тавантолгой (мэдээж Энержи Ресурс, орон нутгийн “Тавантолгой” ХК, бас хэдэн луйварчдын сэмхэн гартаа оруулсан хэсгүүдийг хасаад) монголын ард түмний өмч учраас хүн бүрт 2,7 сая хуваасны нэг ногдоно, харин гадаадын болоод дотоодын компаниуд өрсөлдөөд хэн сайн нь зөвшөөрөл авч хөрөнгөө оруулж нүүрс ухаад бидний хувийг төлнө, хэрвээ ашиг гаргаж чадвал өөртөө үлдээх тухай төсөөлж явлаа.

Харин өчигдөр сүрдмээр нэртэй энэ компанийн захирал Тавантолгойг (эсвэл түүний лицензийг эзэмших компанийг) дөрөв хувааж “Эрдэнэс МЖЛ”, Монгол 999, ард түмэн гуравт эзэмшүүлж үлдсэнийг гадаадын хөрөнгийн бирж дээр зарах ёстой тухай  мэдэгдэв. Тэд ард түмний хажуугаар, дээр нь гарч байгаад “илүү тэгш эрхтэй”-гээр Тавантолгойг эзэмшихээр шийджээ. Харин нүүрс ухах ажлыг гадныхныг авчирч хийлгэнэ.  

Энэ мэт олон эргэлзээ байгаа ч ”Монгол 999” юу хийхээ сайн мэдэж юуны өмнө хэвлэл мэдээллийг бөөнөөр болон ширхгээр худалдан авснаар одоо хүмүүсийн толгойд “Үндэсний компаниудаа дэмжицгээе!” урианаас өөр юм бодогдохыг болиулав. Өдөр тутмын сонинуудаар тэдний төлбөртэй мэдээ, ярилцлагуудын хажуугаар хөндлөнгийн байр суурь цухалздаг бол телевизүүд зөвхөн тэдний дуугарснаар дуугарч байна.

Хамгийн том эргэлзээ бол Монгол 999-ын удирдлагууд. Төлөөлөн удирдах зөвлөлд хамгийн сүүлд гэхэд л Олон овоотын лицензийг бултуулж улмаар нэг банкийг дампуурахад хүргэсэн “Монгол газар”-ын Мянганбаярын нэрийг сонссон хүмүүс толгой сэгсэрч эхэлмэгц “Монгол газар”, Жаст групп компанийн хос мэдэгдэл гарган хэвлэл мэдээллээр, түүний дотор бүх телевизээр төлбөртэйгээр зэрэг цацуулж ЖАСТ-ын Батхүү, “Монгол газар”-ын Мянганбаярын захиалгатай ярилцлагуудаар сонинуудыг дүүргэж намжаав.

МҮОНТ-ын “Хариулахгүй ч байж болно” ярилцлагад Ц.Мянганбаяр оролцов. Ямар ч но-той оролцогч хариулаад л баймаар эелдэг асуултууд … Хүслээ, оролцлоо, хариуллаа.

Сонинууд “Зудад малаа алдсан малчдын банкнаас авсан зээлийг хүчингүй болгоно л гэнэ. Тэгвэл барьцаанд лицензээ тавиад алдаж байгаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын өрийг бас хэрэгсэхгүй болгох байсан юм биш үү. Малчид яагаад төрийн ивээлд багтаж Ц.Мянганбаяр яахаараа “Ганц худаг”-ийн камерт заларчих гээд байдаг юм бэ. Энэ бүгд арчаатай амьдарч яваагийн торгууль биш үү” гэхчлэн нулимс асгаруулах наад захын хэрэг болов.

“25-р суваг” телевизийн “Ам нээвэл…” нэртэй шинэ нэвтрүүлгээр “Цагаан шонхор холдинг” компанийн ерөнхий захирал Ч.Энхтайван ил гарч хүнд бэрх амьдралаа дурслаа.Гэхдээ хамгийн сонирхолтой нь шорон орон биш “Монгол 999” байгуулах санаагаа хэдэн жилийн өмнө бодож олсон тухайгаа уушиг нээсэн явдал юм. Бүх юм түүний санаснаар явж таарлаа. 

Монгол 999-ын дараачийн “брэнд” бол Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр ард түмэндээ хандахад нь хэвлэл мэдээлэл ямар нэгэн тайлбаргүйгээр индэр болж өгөв. Хэрвээ би эндүүрээгүй бол Тавантолгойг хэдийнэ ухаж байгаа Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 49 хувийн ихэнхийг бөөн хэрүүлтэйгээр хамсан төдийгүй аймгийн удирдлагыг ерөнхийд нь “мэддэг”, 2008 онд УИХ-ын гишүүнээс буумагцаа аймгийн Засаг даргын зөвлөхөөр өөрийгөө томилуулж төрийн хүний дүрд хувираад “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга болж байсан Бат-Эрдэнэ мөн байна.

P.S: Саяхан Монгол 999-ын ТУЗ-д ордог С.Одонтуяа нар ярихдаа, “зарим компани 50-60 охин компаниа оруулсныг мэдсэн, иймээс 5-р сарын 11-нээс өмнө байгуулагдсан компанийг бүртгэхгүй” гэжээ.  Хэдэн жилийн өмнөөс Монгол 999-ыг  сэдсэн “сайн эрс” аль хэдийнэ амжуулчихжээ. Удалгүй Хадгаламж зээлийн хоршоо шиг хачин юм болох биз.

Энэ олон захирлууд өөрсдийгөө Монгол 999-ын нүүр царай гэж бодож байгаа юм байх даа…

Тэд гэрчилгээгээ авчээ. Сүүлийн хэдэн өдөр монголын бүх сонин энэ талаар шуугиж байна. Төлбөртэйгээр.

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 3 Comments »