Өнгөрөгч Бямба гаригт “Монгол үндэстний дууны их наадам. 1-р шатны нэвтрүүлэг” гэж МҮОНТ-ийн хөтөлбөрт зарлагдсан байснаа тэн хагаст нь Хөгжим бүжгийн коллежийн тайлан концерт гарчээ. Universe Best Songs-той өрсөлдөхүйц, тэгэхдээ үндэсний урлагын том шоу хийнэ гэж шоудаад байсан нь бүтээгүй биз. Дараа нь хөтөлбөрт байгаагүй “НУРААЖ ХӨГЖИХ ҮҮ?” нэртэй нэвтрүүлэг гэнэт орж ирэв.
Энэ хавар Баруун 4 замаас баруун тийшхи Энх тайвны өргөн чөлөөг өргөтгөх гэтэл “Жигүүр гранд” компани “Гранд плаза” цогцолбороо барьж ноднин ашиглалтанд оруулахдаа эзэмшсэн газраа хэтрүүлэн машины зогсоол байгуулж түүнийгээ ханаар тусгаарлан явган хүний нарийхан замаас өөр зай үлдээгээгүй тул замын ажил зогсчээ. Ингээд нийслэлийн зүгээс газар чөлөөлж өгөхийг хэдэнтээ шаарджээ.
Шийдэж болох асуудал. Хот төлөвлөлтийг зөрчсөн “Жигүүр гранд” компани алдаагаа засахад хохироод байх юмгүй. Гэтэл тэгсэнгүй. Эхлээд түрээсээр орсон байгууллагуудыг турхирч хэвлэлийн хурал хийлгэж, дараа нь бүр тэгэхээс тэгэх гэж олон нийтийн телевизийг хөлслөн авсэн нь энэ нэвтрүүлэг юм.
“Жигүүр гранд” компанийн ерөнхий инженер, бас тус барилгын архитекторч хоёр “Энэ бол ноднин шагнал авсан гоё барилга… төв зам энэ хэсэгтээ нарийхан байг л дээ…. замын ачаалал дандаа ийм их байхгүй… хэдэн жилээс багасаад машинууд чихэлдэхгүй болно… нийслэлд өөр явах замууд байгаа ” гэх мэтээр хачин тайлбар хийв. Мэргэжлийн ёс зүйгээ умартан хот төлөвлөлтийг нулимсан хүмүүс арьсаа ингэж хамгаалдаг юм байна.
Логогүй микрофон барьсан сэтгүүлч эмэгтэй “Гранд плаза”-д өрөө, талбай түрээсэлдэг учраас эздийнхээ эрхэнд байдаг хүмүүсийг “Өмчлөгчид ярьж байна”, гудамжинд яваа хүмүүсийг иргэдийг “Иргэд ярьж байна” нэрээр баахан ашиглав. Ингэхдээ “Энэ барилга сайхан байна уу?”, “Нэгэнт бүтээн байгуулсан юмыг нураах буруу, тийм ээ?” гэж зальдахад цаадуул нь мэдээж “Яасан гоё барилга вэ!”, “Бүтээн байгуулсныг нурааж болохгүй ээ” гэхгүй хаачихав. Угтаа барилгыг огт хөндөхгүй зөвхөн машины зогсоолоо хэдэн метрийг арагш татах тухай юмсан.
Сүүлдээ сэтгүүлч өөрөө баримжаагаа алдаж “Бүтээн байгуулалтыг ингэж сүйтгэж болох уу? Эвдэж сүйтгэснээр замын түгжрэл багасгана гэж үү? Замын түгжрэлийг багасгахын тулд зам өргөтгөх нь зөв үү? Үүний оронд жолооч нарыг соёлжуулах, утаанд байгаа хорт элементүүдийг багасгах зэргээр гарц олоосой” гэж дэмийрсээр нэвтрүүлгээ дуусгалаа.
Төгсгөлд нь “2010 он” гэснээр өөр нэр хаяг байгаагүй. Баян компанийн гар хөл болж яваа хөөрхий сэтгүүлч ичихдээ нүүрээ нуусан бол ийм хөгийн нэвтрүүлгийг олон нийтийн телевиз огт ичихгүйгээр цацсан байх юм.