АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Дарга дагахуй

Posted by Бид on 2010/04/30

Өнгөрсөн өвлийн зуднаар МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагчид зөвхөн УИХ-ын гишүүд, сайд дарга нарын дулаан нөмөрт хөдөөг зорьж байсныг буруутгаад яахав. Хэрвээ MNB гэсэн гурван үсэгтэй цагаан машин цасанд суучихвал аврах ажиллагаа явуулахад наад зах нь үзэгдэхгүй бөөн төвөг удна. Зөвхөн дагаж явсны ачаар жишээлбэл Балдан-Очир гишүүн Завхандаа очоод бөөн өвс тэвэрчихсэн тойргийнхоо үхэр болгонд дөхүүлж өгснийг түүхэнд үлдээж чадсан билээ.

Харин цас ханзарч эхлэнгүүт “Цагийн хүрд”-ийнхэн дөрвөн зүгт бутран одож аймшигт өвлийг арайхийн давсан малчдын амьдралын дүр зургийг тэр чигээр нь татаад авчрах болов уу гэтэл …

Даваа гаригт Булган аймгийн ИТХ дахь Ардчилсан намын хэсэг гишүүд Засаг дарга М.Оюунбатыг огцруулах шаардлага тавьж, нөгөөдөх нь зөвшөөрөхгүй тэмцэлдэж байгааг газар дээрээс сурвалжлан үзүүлэв. Тус аймагт улс төрийн нөхцөл байдал хурцадсан тул АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Булганыг зорихдоо МҮОНТ-ийг дагуулжээ. 

Мягмар гаригт “Булган аймгийн ажил амьдралын тухай үзүүлье” гэж зарлаад Д.Эрдэнэбат даргын Булган аймгийн зарим сумдад иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтуудыг харуулжээ. “Хоёр хүчин” нийлсэн явдал зөв гэдэг нь харагдаж байна” гэх мэт иргэдийн яриа. Мэдээж Эрдэнэбат даргын лут дүгнэлтүүд бүхий яриа. Төр засагт хэлж арга хэмжээ авахуулах ажээ.

Лхагва гариг. Д.Эрдэнэбат дарга нийслэлдээ буцаж ирээд Булган аймагт очиж ажилласан тухайгаа мэдээлсэн хэвлэлийн хурлаас сурвалжлав. Түүний ярианы хэсэг. Дагаж яваад ирсэн нь багаджээ. 

Ойрдоо эрхбиш дулаарсан болохоор олон нийтийн телевизийнхэн хөдөөг зорих нь нэмэгдсэн ч Сэлэнгэ аймагт болсон газар тариалангийн, эсвэл Өмнөговьд болсон уул уурхайн “урилгатай” арга хэмжээнүүд зонхилжээ. Хөдөөд тусгайлан зориулсан ганц нэвтрүүлэг – “Эргэх дөрвөн цаг”-ийнхан хүртэл “Тогтвортой амьжиргаа-2” төслийнхнөөс салахаа больж тэднийг бараадан хөдөөгүүр айлчилдаг ажилтай болов. 

Саяхан нэг сурвалжлагч нь гэнэт Ховд аймгийг зорьж тэнд явж байсан Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр гэдэг хүнтэй “санаандгүй” тааралдан ярилцлага авч үзүүлэв. Тэрбээр хөдөөгийн малчдын амьдрал, төр засгаас ямар арга хэмжээ авах шаардлагатай, бас замд гараад 3 дахь хоногтоо явж буйгаа хэлээд хоёр сумын зааг дээр явахад нь гүү унагалсан бэлэг дэмбэрэлтэй учралыг өгүүлэв. Дээрхэн үед сайн хүмүүс хөдөө нутагт дандаа бороо дагуулж ирдэгсэн…

Ер нь манай олон нийтийн телевизийнхэн дарга (одоо бүр намын жижиг сажиг даргыг) дагахгүйгээр, бас төсөл, хөтөлбөр, элдэв ёслол бараадахгүйгээр өөрсдөө хөдөө явж болдоггүй юм байх даа? Одоо даарахгүй шдээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: