АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for April, 2010

“Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гэрэлтсэн… “

Posted by Бид on 2010/04/30

АНУ-ын Freedom House байгууллагаас жил тутам зарладаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний тайланд Монгол улс 1990-ээд оны туршид Бүрэн эрх чөлөөтэй хэмээн тэмдэглэгддэг байхад яруу найрагч Ц.Гайтавын шүлгийн “Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан …” тухай мөр тун тохирмоор санагддаг байлаа.  

Харин 2000 оноос хойш бид элдэв шалтгаанаар (хамгийн сүүлчийнх нь 7-р сарын 1) ухарч ихэнхдээ Хагас эрх чөлөөтэй яваа тул одоо учир зүггүй гялалздаггүй юм аа гэхэд огт Эрх чөлөөгүй хоёр их хөрштэйгээ харьцуулахад  ядахдаа гэрэлтсээр байх учиртай.  

Иймээс “Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гэрэлтсэн… “

[Газрын зураг дээр ногоон өнгөөр тэмдэглэгдсэн бол Бүрэн эрх чөлөөтэй, шар өнгөтэй нь Хагас эрх чөлөөтэй, харин ягаавтар нь Эрх чөлөөгүй улсууд юм]

Posted in Хэвлэлийн эрх чөлөө | 5 Comments »

Захиалгагүй, захиалгатай “Миний мэргэжил сэтгүүлч”

Posted by Бид on 2010/04/30

“25-р суваг” телевизийн “Миний мэргэжил сэтгүүлч” нэвтрүүлгийн өмнөх дугаар олон жилийн өмнө менежментийн гэрээгээр хувьчлагдсан Хүүхэд, залуучуудын театр (найруулагч И.Нямгаваа залилан хийж ХААН банкинд зарчихсан) , “Од” кинотеатр (“Содтрэйд” хувьчилж аваад “Амьд ус” христийн сүмд зарсан), Баянзүрх дүүргийн эмнэлэг (үйлчилгээ нь сүйдтэй сайн болоогүй), “Ард” кинотеатр (жүжигчин Сосорбарамын “Од” ганц хүний театр мэдэлдээ авсан ч нэг мэдэхэд Анод банкинд шилжсэн. Одоо Хас банкных)-ын баримтуудыг эрэн сурвалжлан гаргаж ирсэн, харин менежментээр бараг хувьчлагдчихаад байгаа Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг яагаад ч юм  орхигдуулсныг эс тооцвол сонирхолтой болсон билээ. 

Харин энэ оройн дугаарыг Монголын алт – МАК корпорацитай “хамтран бэлтгэжээ” (Сэтгүүлч Пүрэвхүүгийн өөрийнх нь үг). Том компани, том сэтгүүлч хоёр яаж хамтрав аа гэвэл нэг нь МИ-8 гэдэг бүхэл бүтэн нисдэг тэргээр үйлчилсэн бол нөгөө нь төлбөрийг өөр чаддаг юмаараа хийв. Эхлээд МАК-ийн уурхай, шинжилгээний лаборатори, хоолны газар, засвар үйлчилгээний төв, МАК-ийн Хятадтай хамтарсан  “Чинхуа МАК Нарийн сухайт” компанийн тавьсан замыг танилцуулж, мөн гаалийн даргатай ярив. Дараа нь үндсэн ажлаа эхлэн МАК-ийн Цогт хэмээх захиралтай “хамтран ажиллаж” нүүрсийг Хятад руу шууд урагшаа гаргахаас өөр аргагүй болон нарийн төмөр замын давуу талын тухай ярилцлаган лекц уншуулахдаа ийм төмөр замыг эсэргүүцэгчдийн хэлдэг санаануудыг асуулт болгон тавьж дуулгавартайгаар няцаалгаад буцахдаа дахин хөлөглөсөн МАК-ын нисдэг тэргийг педаль, суудлын тоо, үнэ, хичнээн их шатахуун хэрэглэдэгийг нь хүртэл эрчээ алдалгүй тасралтгүй рекламдсаар нийслэлд буусан нэвтрүүлэг боллоо. Үнэхээр их өртөгтэй захиалгын цаана гарахын тулд амсхийх завгүй зүтгэхээс өөр яахав.   

Захиалгагүй, захиалгатай, захиалгатай эсэх нь тодорхойгүй, захиалгатай … гэх мэтээр ээлжилдэг “Миний мэргэжил сэтгүүлч” бол энэ.

Posted in 25-р суваг телевиз | 2 Comments »

Дарга дагахуй

Posted by Бид on 2010/04/30

Өнгөрсөн өвлийн зуднаар МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагчид зөвхөн УИХ-ын гишүүд, сайд дарга нарын дулаан нөмөрт хөдөөг зорьж байсныг буруутгаад яахав. Хэрвээ MNB гэсэн гурван үсэгтэй цагаан машин цасанд суучихвал аврах ажиллагаа явуулахад наад зах нь үзэгдэхгүй бөөн төвөг удна. Зөвхөн дагаж явсны ачаар жишээлбэл Балдан-Очир гишүүн Завхандаа очоод бөөн өвс тэвэрчихсэн тойргийнхоо үхэр болгонд дөхүүлж өгснийг түүхэнд үлдээж чадсан билээ.

Харин цас ханзарч эхлэнгүүт “Цагийн хүрд”-ийнхэн дөрвөн зүгт бутран одож аймшигт өвлийг арайхийн давсан малчдын амьдралын дүр зургийг тэр чигээр нь татаад авчрах болов уу гэтэл …

Даваа гаригт Булган аймгийн ИТХ дахь Ардчилсан намын хэсэг гишүүд Засаг дарга М.Оюунбатыг огцруулах шаардлага тавьж, нөгөөдөх нь зөвшөөрөхгүй тэмцэлдэж байгааг газар дээрээс сурвалжлан үзүүлэв. Тус аймагт улс төрийн нөхцөл байдал хурцадсан тул АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Булганыг зорихдоо МҮОНТ-ийг дагуулжээ. 

Мягмар гаригт “Булган аймгийн ажил амьдралын тухай үзүүлье” гэж зарлаад Д.Эрдэнэбат даргын Булган аймгийн зарим сумдад иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтуудыг харуулжээ. “Хоёр хүчин” нийлсэн явдал зөв гэдэг нь харагдаж байна” гэх мэт иргэдийн яриа. Мэдээж Эрдэнэбат даргын лут дүгнэлтүүд бүхий яриа. Төр засагт хэлж арга хэмжээ авахуулах ажээ.

Лхагва гариг. Д.Эрдэнэбат дарга нийслэлдээ буцаж ирээд Булган аймагт очиж ажилласан тухайгаа мэдээлсэн хэвлэлийн хурлаас сурвалжлав. Түүний ярианы хэсэг. Дагаж яваад ирсэн нь багаджээ. 

Ойрдоо эрхбиш дулаарсан болохоор олон нийтийн телевизийнхэн хөдөөг зорих нь нэмэгдсэн ч Сэлэнгэ аймагт болсон газар тариалангийн, эсвэл Өмнөговьд болсон уул уурхайн “урилгатай” арга хэмжээнүүд зонхилжээ. Хөдөөд тусгайлан зориулсан ганц нэвтрүүлэг – “Эргэх дөрвөн цаг”-ийнхан хүртэл “Тогтвортой амьжиргаа-2” төслийнхнөөс салахаа больж тэднийг бараадан хөдөөгүүр айлчилдаг ажилтай болов. 

Саяхан нэг сурвалжлагч нь гэнэт Ховд аймгийг зорьж тэнд явж байсан Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр гэдэг хүнтэй “санаандгүй” тааралдан ярилцлага авч үзүүлэв. Тэрбээр хөдөөгийн малчдын амьдрал, төр засгаас ямар арга хэмжээ авах шаардлагатай, бас замд гараад 3 дахь хоногтоо явж буйгаа хэлээд хоёр сумын зааг дээр явахад нь гүү унагалсан бэлэг дэмбэрэлтэй учралыг өгүүлэв. Дээрхэн үед сайн хүмүүс хөдөө нутагт дандаа бороо дагуулж ирдэгсэн…

Ер нь манай олон нийтийн телевизийнхэн дарга (одоо бүр намын жижиг сажиг даргыг) дагахгүйгээр, бас төсөл, хөтөлбөр, элдэв ёслол бараадахгүйгээр өөрсдөө хөдөө явж болдоггүй юм байх даа? Одоо даарахгүй шдээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Гурил [инсталяц гарчиг]

Posted by Бид on 2010/04/27

Урт цагааны зүүн жигүүрт төвхнөсөн “Занаду” уран зургийн галерейн хажуугаар өнгөрөхдөө юу үзэв ээ!!! Орчин цагийн урлаг аймаар хөгжсөн байна шүү.  Энэ бүтээлийг ойлгосон эсэхээ ч тэр мөчид ойлгосонгүй.

Дараа нь бодоод байсан чинь үүнээс хамаагүй илүү инсталяц (жанр нь зөв үү?) Улаанбаатарт зөндөө байгааг ухаарлаа. Ганц хашаа биш бүхэл бүтэн барилга, өргөтгөл, гудамж бий. Заримдаа хот маань бүхэлдээ тийм санагдах үе бий. Уран бүтээлчид нь нийслэлийн Засаг дарга, хот төлөвлөгч, ерөнхий архитекторч байсан болоод байгаа хүмүүс. Юун Ганзүг…

[Маргааш би Улаанбаатарын хамгийн муухай барилгын зургийг нийтэлнэ]

Read the rest of this entry »

Posted in Барилга, хаяг, реклам | 3 Comments »

Цагаан утас: Ашигтай байрлал

Posted by Бид on 2010/04/27

Read the rest of this entry »

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | Leave a Comment »

Явуухулангийн цэцэрлэг биш…

Posted by Бид on 2010/04/25

Нийслэлийн 23-р сургуулийн урд орших Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн удахгүй ээлжит удаагаа нээлтээ хийнэ. Урьд нь нийслэлийн удирдлага хотын төвийн цэцэрлэг болгоныг булаагаагүйн нотолгоо болгож элдэв ой, сонгууль бүрийн өмнө ёслол үйлддэг байлаа. Гэхдээ газрын луйварчдын сурсан юмыг сураар боож болохгүй аж. Ноднин намар уг цэцэрлэгийг гаднаасаа юу ч харагдахгүй улаан төмөр хашаагаар битүү хүрээлж байгаад урдаас нь гуравны нэгийг булаагаад авчихжээ. (Тэнд хэдийнээ өндөр барилгаа босгоод эхэлсэн нь зургийн доод хэсэгт харагдана). Үлдсэн цэцэрлэгийг орвонгоор нь эргүүлж  найрагчийн амьд сэрүүн үед тарьсан мод, зүлгийг ул мөргүй устгаад өөр хаа нэгтээ ургуулсан моднуудыг авчран зоожээ. Чамин тансаг цэцэрлэг босох байх, гэхдээ Явуухулангийн “яруу найраг”-аас юу ч үлдсэнгүй.    

Явуулын хүн дэргэд чинь ирж байг

Яахав тэд намайг дурсан ярьж байг

Яруу найргийн мод бүүвэй

Явуухулангийн мод бүүвэй хэмээн шүлэглэсэн тэр модыг их найрагч 1973 онд Улаанбаатараас зугтуулсан мэт тэртээ Ховдын цэцэрлэгт суулгасан нь ямар аз вэ!     

Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 3 Comments »

“Цоо шинэ” хана

Posted by Бид on 2010/04/25

Баруун дөрвөн замын баруун хойхно баригдаж буй өндөр орон сууцны хажуугаар өнгөрөхдөө хаа нэгтээгээс буулгаж авчирснаас зайлахгүй хуучин бөгөөд эмтэрхий тоосгоор хааш яйш өрсөн ханыг анзаарлаа. Бас дэндүү нимгэхэн тул бяртайхан эр ганц мөрлөхөд хэдэн тоосготой хамт доош нисчихмээр санагдав.  

Read the rest of this entry »

Posted in Барилга, хаяг, реклам | 5 Comments »

Shuud сурталчилгаа

Posted by Бид on 2010/04/23

News.mn ба Shuud.mn-ийн өрсөлдөөн энэ хаврын Улаанбаатарын гадуур сурталчилгааны  нэг онцлог байлаа. Зөвхөн компьютер асааж Интернэтэд холбогдон хаягийг бичихэд дэлгэцэн дээр нээгддэг сайтууд гудамжинд гарч  ирсэн нь манай хэвлэл мэдээлэл хэрхэн өөрчлөгдөж хаашаа чиглэж явааг харууллаа. 

Сурталчилгааг news.mn эхэлсэн боловч  shuud.mn араас нь нэхэн гүйцэж түрүүлээд нийслэлийн хэдэн ашигтай байрлалыг хориод хоног эзэгнэлээ. Хажуугаар нь “Үндэстний тойм” сэтгүүлийн  хэдэн самбар  арай ядан цухалзаж харагдсан.

Read the rest of this entry »

Posted in + СЭТГҮҮЛ, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | Leave a Comment »

Аймшгийн нэвтрүүлэг

Posted by Бид on 2010/04/22

Одоо Өмнөговийн нүүрсний аварга ордуудаас Хятад руу тавих төмөр замыг хаагуур дайруулах, тэр нь өргөн нарийн ямар царигтай байх тухай маргаан Засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийн өмнөхөн дахиад ширүүсэх төлөвтэй.

Өчигдөр “25-р суваг” телевизийн хөтөлбөрт 20.20 “Төмөр замын бүтээн байгуулалт” гэсэн даруухан нэвтрүүлэг бичигджээ. Харин жинхэнэдээ “Төмөр замын тээвэр сэхэх үү? мөхөх үү? гэсэн аймшигтай нэртэй байлаа. Товчхондоо, Сайншанд руу тавьж, тэр тусмаа өргөнийг сонговол Оросыг дагаад мөхнө, харин шууд урагшаа, хил рүү нарийныг татвал Хятадаар дамжаад дэлхийтэй холбогдож сэхнэ. Энэ санааг УИХ-ын гишүүн Р.Раш, экс ерөнхийлөгч П.Очирбат, төмөр замын инженер О.Сүрэн (УИХ-ын гишүүн асан), Ерөнхий сайд Д.Содном нар янз бүрээр нотолж ярив. Жишээлэхэд П.Очирбатын хэлснээр, өргөн төмөр зам баривал олон улсын  гэрээ хэлэлцээрийг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд харшлах аж. Айчихлаа.

Харин “Энержи Ресурс”, МАК компаниуд нарийн төмөр зам тавьж эх орноо аврах юм байна. Нэр, хаяггүй энэ нэвтрүүлгийн захиалагчийг эрж хайх шаардлагагүй болов.

Posted in 25-р суваг телевиз, Улс төр, эдийн засаг | 3 Comments »

1,5 сая +1 сая = 2,5 сая төгрөг хаачив?

Posted by Бид on 2010/04/22

4-р сарын 5-нд эхэлсэн Амлалт нэхэх ард түмний холбооны суулт, араас нь залгасан өлсгөлөн өндөрлөв. Тэдний УИХ-д хандаж тавьсан 7 (эсвэл 8) зүйл шаардлагыг цаадуул нь биелүүлээгүй ч цаашаагаа өлсөж цангалгүйгээр ярилцахаар тохирчээ. Ингээд хоёр тал хоёулаа нэр цэвэр, хэн нэгэн амь насаа алдаагүй, эрүүл мэндээр сүрхий хохироогүй өнгөрсөн нь өөрөө амжилт юм.

АНАТХ-ныхан улс төр хийсэн хэдий ч улс төрчдөөс мөнгөний амлалтыг нэхэх маш зөв шаардлага тавьсан билээ. Хэд хоногийн өмнөөс Засгийн газар амлалтыг яаж биелүүлэхээ зарлаж, цагдаагийн удирдлага тэмцэгчдийг урьдчилсан хүлээн авч хүндэтгэл үзүүлж, эхний өдрөөс л Сүхбаатарын талбайн эргэн тойронд шилдэг цагдаа нараа хуралдуулан бараа болж, хэд хоногийн дараа эмч нарыг далдуур найран өлсөгчдийг гар дээрээ өргөн эмнэлэгт хүргэн тордуулж (өлссөн, даралт ихэссэн монгол хүн болгоныг ингэж халамжлаасай), бас үүр шөнийн заагаар согтуу эр Ланд-аар дайрч сенсаац дэгдээн, энэ хооронд УИХ-ын эрхэм гишүүд Төрийн ордонд байн байн хүлээн авах зэргээр бүгд л эрвийх дэрвийхээрээ “дэмжсэн” юм. Даанч өлсөгчид маань амлалтаа нэхэхийн хажуугаар УИХ-ыг тараах томоос том шаардлага зүүж, араас нь Оюутолгойн гэрээ, хүүхдийн  мөнгө, 7-р сарын 1, 76 тэрбум, Үндсэн хуулийг өөрчлөх гээд биелүүлэх байтугай уншаад ч барахааргүй олон зүйлийг залгасан тул эхэндээ дэмжих аядсан иргэдийн толгой эргэж гэртээ суухыг илүүд үзжээ. 

2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН ба АН-ын амалсан 1,5 ба 1 сая төгрөгүүдийг сонсоход тов тодорхой тоо хэрнээ огт тодорхойгүй амлалт байжээ. Энэ мөнгийг дараачийн сонгууль хүртэл 1 удаа олгох уу, эсвэл жил болгон уу? Бэлэн мөнгөөр үү? Биш юм бол яагаад мөнгөний зурагтай батламж гардуулав? Сар сараар цалин шиг өгөх үү, бөөндөх үү? Өгч чадахгүй бол яахав, огцрох уу? Эдгээрийг асуух сөхөө амлалтанд согтсон сонгогчдод байсангүй. Ганц найдвар хэвлэл мэдээлэл байсан ч тэднийг мөнгөөр угжсан намууд, нэр дэвшигчид илүү юм асуухыг зөвшөөрөөгүй бололтой өнөөдөр тийм хариултыг агуулсан бичлэг, сонины хайчилбар олдохгүй байна.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Би МАХН-ын 1,5 сая, АН-ын 1 саяыг хоёуланг нь өгүүлнэ” гэж амалсан билээ. Гэтэл сонгогчид ба хэвлэл мэдээллийнхэн нөгөөх асуултуудыг дахиад л тавиагүй ажээ. Иймээс АНАТХ-ны тэмцэл эхэлсэн тэр өдөр нээгдсэн УИХ-ын хаврын чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олныг нуршилгүй шууд хэлэхэд иргэдийн “хэзээ” гэсэн асуултад өнөөдрийг оролцуулаад 2011 он гэж амлалтыг хэрэгжүүлэх хугацаагаа тогтоё” гээд бардамнан даапаалж байх юм. 2011 оноос өмнө үү, эсвэл 2011 ондоо багтааж юм уу, бүү мэд. Ерөнхийдөө “2012 он гэхэд хэдэн төгрөг тараагаад цаад сонгогчдоо дуугүй болго” гэсэн санаа биз.  Яагаад мөнгөний тоо хэлсэнгүй вэ? Нөгөө 1,5 сая +1 сая  = 2,5 сая төгрөг хаачив?

Ингээд бүхэл бүтэн ард түмэн улс төрчиддөө угсраагаар хууртдаг юм байж. Харамсалтай нь тэдэнд хэлж сануулах үүрэгтэй хэвлэл мэдээлэл хуурах ажилд эхнээс нь оролцжээ. Харин сая иргэдийн өмнөөс хэсэг нөхөд амлалт нэхэх гэсэн чинь 1,5 сая, 1 сая, 2,5 сая, бэлэн мөнгөөр, бэлэн мөнгөөр биш, жил тутам, дөрвөн жилд ганцын алин болох нотолгоо үгүй тул чухам алинийг онилж яг юуг яаж нэхэхээ мэдэхгүй баахан тэмтэчсээр ийм болов. Одоо улс төрчдийн дуугарсан 1,5 саяын хугацаа энэ тэрийг нааш цааш ярих л үлдлээ. Амлаагүйг нэхэж бас болохгүй.

Магадгүй нэр дэвшигчдийн тус тусдаа өгсөн амлалтуудыг нэхвэл хавьгүй дээр.  Яагаад гэвэл нотлох баримттай. Сонгуулийн үеэр айл гэрээр оруулж өгсөн сурталчилгааны материалуудыг хэлж байна. Харин одоо хэдэн айлд ийм нотлох баримт үлдсэн бол?

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Сэтгүүл зүй, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Ц.Элбэгдорж: Телевизийн суваг байна, авбал аваарай…

Posted by Бид on 2010/04/19

Хэд хоногийн өмнөх “Өнөөдөр” сонины дугаар эргүүлтэл Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянгын “Ардчилсан намд би үнэхээр гоё байж чаддаг байсан” гарчигтай ярилцлагын доторх нэг өгүүлбэр нүдэнд туслаа.  

– 2004 оны сонгуулийн дараахан Цогсүрэнгийн Ганболд ах утасдаад, Уянгаа чи томилгоо сонсов уу гэлээ. Үгүй гэсэн чинь Монгол телевизийн даргаар Куландаг томилсон байна гэсэн. Өө тийм үү гэсэн чинь, тэгсэн байна даа цаадуул чинь. Ингэдэг юм даа гэлээ. Тэгээд удалгүй Сайханбилэг утасдсан. Тэр үед Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байсан ш дээ. Ерөнхий сайд уулзья гэж байна гэсэн. Тэгээд очиж уулзсан. “Томилгоо сонссон биз дээ” гээд л шууд оронгуут асуулаа. Сонслоо гэсэн чинь тэгээд одоо яая гэж бодож байна гэсэн. Би ямар албан тушаал авна гэсэн биш мэддэг чаддагаа хийнэ дээ л гэлээ. Тэгсэн чинь яамаар байна бодож байгаад эргээд хэлээрэй гэсэн. Телевизийн суваг байна, авбал аваарай гэсэн…

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ажлаа телевизийн сувгийг сонгуулийн бялуу юмуу төрийн өндөр албан тушаалд очсоны хувь, хишиг маягаар түгээхээс эхэлж байжээ. Гэхдээ иргэн бүрт биш! Яахав Г.Уянга суваг аваагүй юм байна. Тэгвэл дараачийн 1-2 жилд “ардчиллыг дэмждэг” хэсэг телевиз мэндэлсэн нь C1  (2005 онд нэвтрүүлгээ эхэлсэн, ард нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд нар байдаг), NTV (2006, УИХ-ын дэд дарга Г.Батхүү), SBN (2006, УИХ-ын гишүүн асан С.Болдхэт), TM (2006, Үнэт цаасны компанийн захирал Б.Түмэнжаргал) байсан юм. Тэр үед ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалт явуулсан уу? Мэдээж үгүй.

Зөвхөн Ц.Элбэгдоржийг мултарсны дараа 2007 онд анх удаа  дуудлага худалдаа зарлагдаж алтны “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат 800 гаруй сая төгрөгөөр суваг авч “Монгол” нэртэй телевиз байгуулсан билээ. Харин дараачийн буюу “Соёмбо”, BTV, “Эх орон” телевизүүдийн сувгийг дахиад л сэмхэн олгосон байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Цонх тагласан барилга: Нөхөн төлбөрөөр шийтгэхүй

Posted by Бид on 2010/04/13

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын 14 ба 15-р байрны урд босч, бас дундуур нь шургаж зарим айлын цонхыг бүр таглачихсан “Адоре” компанийн зочид буудлын барилгыг 2005 онд хашаа хатгаж суурь ухахаас нь эхлэн оршин суугчид эсэргүүцээд чадалгүй бариулсан ч хэдэн жилийн турш шүүхээр заргалдсаны дүнд уг барилгад олгосон зөвшөөрлүүд Монгол Улсын хамаг хуулийг зэрэг зэрэг зөрчсөн болохыг ноднин тогтоолгож, улмаар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр газрын зөвшөөрлийг нь хүчингүй болгоход хүрсэн тухай урьд нь бичиж байлаа. [Эндээс үзнэ үү]

Нэгэнт хууль бус барилга юм бол буулгах ёстой гэсэн үг. Гагцхүү тодорхой арга хэмжээ аваагүй тул оршин суугчид нийслэлийн Засаг даргыг дахиад шүүхэд өгсөн ч түүний өмгөөлөгч, эсвэл гуравдагч этгээд  гэгдэх болсон барилгын компанийн төлөөлөл ээлж дараалан ирээгүй зэрэг шалтгаанаар шүүх хурал 5 удаа хойшлоод байгаа гэнэ.

Маш эгзэгтэй нөхцөл байдал үүсчээ.

Хууль зөрчсөн бол жирийн иргэн ба төрийн өндөр албан тушаалтан ялгаагүй хариуцлага хүлээх ёстой шиг хууль бусаар баригдсан жижигхэн ТҮЦ ба хувийн компанийн өндөр барилга хоёулаа буух ёстой. Гэтэл эзэд нь уг барилгад нэг бус тэрбумыг зарцуулсан нь гарцаагүй. Үнэхээр буулгахдаа хүрвэл нийслэлийн удирдлагаас хамаг зардал, зээлийн хүү, нэмээд олоогүй ашиг, алдсан хугацаа, ёс суртахууны хохирол энэ тэр гээд хэд дахин үржүүлж нэхэмжлэхээ сайн мэднэ. Уг барилга барих зөвшөөрлийг олгосон хүн нь тэр үеийн Нийслэлийн засаг дарга, одоо Монгол Улсын шадар сайд М.Энхболд.  Гэхдээ энэ нөхөр ганц ч төгрөг төлөхгүй, яагаад гэвэл төрийн албан тушаалтны буруугаас болж учирсан хохирлыг төр буюу татвар төлөгчид  хариуцах хуультай юм гэсэн.

Нийслэлийн төсөвт илүүдээ гарсан хэдэн тэрбум байхгүй тул тухайн компанийг оршин суугчидтай зөвшилцүүлж уг маргаанаас яс хагацахыг хүсч байгаа.  Барилгын компани ч гэсэн хэдэн төгрөгөөр аргалаад барилгаа авч л үлдэхийг бодно. Ингээд л хотын удирдлага, компани хоёрын ашиг сонирхол дахиад нэгдэх нь тэр. Шүүх хурлуудыг ээлжилж гацаагаад байгаа нь тохиолдол биш. 

Одоо оршин суугчид компанийн эздээс хууль бус барилга барьсандаа харамсахуйц, эсвэл нийслэлийн удирдлагаас “Бид яах гэж хууль бус зөвшөөрөл олгов оо” гэж бүр ихээр харамсмаар тийм их хэмжээтэй нөхөн төлбөрийг нэхэж шийтгэх цорын ганц арга үлдэж байна. Иргэдээс хэн нэг нь  эхлээд ингэж чадсан цагт нийслэлд гардаг хот төлөвлөлтийн булхай, “газрын маргаан” гэгч үзэгдлийг таслан зогсоогоод зогсохгүй урьд гарсны хариуцлагыг сая тооцож эхэлнэ.  

Баруунд ингэж тэгэж хохирсон иргэд нөхөн төлбөрт өч төчнөөн сая доллар авлаа  гэдэг. Манайд ямар жишиг байх ёстой бол? Албан тушаалтнууд юмуу компаниудаар зүгээр нэг амаа таглуулах биш, харин тэдэнд хатуу шийтгэл болохуйц тоо хэмжээг хэлж байна.  

Таныхаар бол хэд байх ёстой вэ? 

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 2 Comments »

Ламбаа сайдын концессын нэвтрүүлэг

Posted by Бид on 2010/04/13

Ядарч зүдрэн тусламж эрсэн хүмүүсийн тухай телевизээр байн байн гардаг. МҮОНТ энэ удаад элэгдэж муудаад өнөө маргаашгүй болсон хуучин гэмтлийн эмнэлэг буюу түлэнхийн төвийн барилгын тухай “Гэмтэлтэй гэмтэл” нэртэй сэтгэл өвдмөөр нэвтрүүлэг үзүүллээ. Хандивын данс нээсэн ч болмоор санагдав. 1950, 60-аад онд баригдаж 1986 оноос хойш огт засвар хийгээгүй учраас хана туурга, тааз нь нурж ховхорсныг дүрсээр харуулж дарга, эмч нар нь төдийгүй эмчлүүлэгчдээр батлан яриулав. 4-р сарын 28-нд газар хөдлөхөд шууд нурах гэнэ. УМХГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг аль эрт гаргасан юм байна.

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үг. Харин дараачийн яриануудаас үзвэл хариуцсан яам нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа төдийгүй юу хийхээ төлөвлөчихсөн ажээ.

Уг төвийн харьяалдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал С.Отгонгэрэл, энэ барилгын оронд орчин үеийн иж бүрэн эмнэлгийн 4-5 давхар барилга барих санал тавьсан, манай яамны удирдлага 2010 оны төсвийн тодотголд оруулж өгье гэж байгаа гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дараачийн аргыг бодоод олчихжээ. Түүний яриа: Газрын өмчлөл нь манайд байж байгаа учраас би үүнийг 4-5 давхар нөхөн сэргээлтийн эмнэлэг болгож хувиргах ийм төсөл хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл хийлгэж байгаа… ГССҮТ-ийн өргөтгөл рүү оруулчихья гэж бодож байсан чинь доод талын инженерийн шугам сүлжээ нь даахгүй гэсэн хариу ирсэн учраас яг энэ байршил дээр нь энийг нураагаад оронд 4-5 давхар ийм нөхөн сэргээлтийн гэмтлийн төв байгуулья гэсэн ийм зураглал хийж байгаа… Тийм учраас цаашдаа концессын хуулиар олон улсын байгууллагын хөрөнгөөр, аль эсвэл концессын хуулиар барих, шилжүүлэх боломжтой компанид энэ газрыг нь өгөөд энэ дээр ийм барилга бариачээ гэсэн төсөл боловсруулаад ирэх жилээс эхлүүлэхээр бэлтгэж байна.

Нэгэнт шийдчихсэн юм бол нулимс дуслуулах хэрэг байна уу? Нурааж газрыг нь булаахад олон нийтийн санаа бодлыг бэлтгэж МҮОНТ-д захиалсан бололтой.

Сүүлийн хэдэн жил хотын төвийн хамаг газрыг хуваарилж дуусаад одоо муу нэртэй хуучин барилгууд руу орж байгаа нь энэ. Ямар ч барилгыг 24 жилийн турш засаагүй бол эмтэрч л таарна. Харин цаг хугацаанд нь засаж тордоод байвал хоёрхон давхар, өвөрмөц, магадгүй ямар нэг хэмжээгээр түүхийн дурсгал байж мэдэх энэ барилга дахиад 100 жил ч оршино. Энд заавал эмнэлэг байх албагүй. Түлэнхийн (бас хөлдөлтийг эмчилдэг) шинэ төвийн барилгыг зөвхөн хотын төвд чихэх биш, нийслэлийн захын хороололд жирийн иргэддээ ойртуулан байгуулж яагаад болохгүй гэж? 

Үүний оронд эмтэрч ховхрохыг нь “бахдан” харж нэг ёсны үзүүлэн, шоу болгож гутаагаад, одоо нэмж газар хөдлөлтөөр айлгаж байгаад нурааж концесс гэдэг гоё үгээр халхлан “боломжтой компанид” өгөх юм байна.

Уг нь зураг төсөл хийлгэж байгаа гэх 5-6 давхар эмнэлгээ ядахдаа хажууд нь зэрэгцүүлээд барьж болох. Даанч эргэн тойрны бүх газар, өвчтөнүүд салхилдаг томоос том цэцэрлэгийг хүртэл булааж зараад өндөр барилгуудаар хүрээлүүлж хэдийнэ амжсан билээ. Одоо “хуучин гэмтэл”-ийг өөрийг нь нураана…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Төрийн анхааруулга

Posted by Бид on 2010/04/13

2010 оны 4 дүгээр сарын 5-нд болсон Амлалт нэхэх ард түмний холбооны цуглааныг манай телевизүүдээс TV9 ба НТВ хоёр Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулав. Өнөөдөр цорын ганц сөрөг хүчин шахам болсон TV9 телевизийн байр суурь шууд ойлгомжтой бол НТВ анхаарал татах үйл явдал гэсэн утгаар хандсан биз. Харин энэ байтугай арга хэмжээг шууд үзүүлдэг “Ийгл” телевиз шууд дамжуулсангүй. Дараачийн 3 өдрийн суулт, араас нь залгасан өлсгөлөнг мөн адил тэгэсхийгээд өнгөрүүлж байна.

Юу болчихов оо? Харин өчигдөр АНАТХ-ны өлсгөлөнд оролцож буй “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Н.Лхагважав ярилцлага өгөхдөө, эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү бичиг явуулж АНАТХ-ны тэмцэл төрийн эсрэг учраас битгий гаргаарай, тусгай зөвшөөрөлтэй чинь ярина гэж дарам шахалт үзүүлсэн гэжээ.

Үнэхээр тийм байна. Лав нэгэн телевизэд дараах бичиг иржээ.

“Сүүлийн өдрүүдэд улс оронд болж буй үйл явдлыг сурвалжлах, өөрийн телевизийн сувгаар нэвтрүүлж байгаа байдал нь хүчирхийлэлд уриалан дуудах, Үндсэн хуулийн бус арга замаар засгийн эрхийг авах, нийгмийн тогтворгүй байдалд уриалсан улс төрийн болон иргэний хөдөлгөөний холбогдолтой нэвтрүүлэгийн давтамжийг эрс нэмэгдүүлэх замаар нийгэмд эмх замбараагүй байдал, бослого, төрийн эсрэг хүчирхийлэлд дэмжлэг үзүүлж болзошгүй үйл ажиллагаа болж болохыг танай телевизэд анхааруулж байна.

Ийм үйлдэлд оролцсон тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авагдах үндэслэл болохыг сануулж байна”

Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар”

Нэлээд дээрээс шидсэн чулуу байж таарна. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэж юу болохыг мэддэг, телевизийн нэвтрүүлгийн давтамж хэд байвал юунд ямар дэмжлэг үзүүлэхийг тогтоодог нь Харилцаа, холбооны зохицуулах хороо яавч биш…

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг | 6 Comments »

АНАТХ-ны эсрэг “Долоо хоног”

Posted by Бид on 2010/04/13

Өнөө цагт аливаа үйл явдлын том жижиг нь телевизээр хэр гарснаар хэмжигдэнэ. Амлалт нэхэх ард түмний холбооны UB Palace-т болсон цуглаан, цусан тангараг өргөсөн хэвлэлийн хурал, Сүхбаатарын талбай дээр эхэлсэн суулт, одоо үргэлжилж байгаа өлсгөлөн энэ хаврын №1 үйл явдал нэгэнт болжээ. Аль ч телевизийн мэдээллийн хөтөлбөр үүгээр эхэлдэггүй юмаа гэхэд заавал багтааж байна.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр эхэндээ АНАТХ-ныг муутгах талаас нь нэлээн оролджээ.

2010.04.02

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой хийсэн ярилцлага.  Тэрбээр АНАТХ-ийг баахан загнав. 

2010.04.03

Хамгийн эхний сурвалжлага нь АНАТХ-ны хийх гэж байгаа цуглаан муухай, оролцохгүй гэсэн МоАХ-ны дэд тэргүүн Ш.Түвдэндорж, Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан нарын хэвлэлийн бага хурал байлаа. Тун их ач холбогдол өгчээ.

2010.04.04

Ням гаригийн оргил цагт орон даяар шууд цацагддаг “Долоо хоног” тойм хөтөлбөр. Өнгөрсөн долоо хоногийн мэдээ, сурвалжлагаасаа уйтгартайгаар базаж давтдаг уг хөтөлбөр миний мэдэхээр анх удаа шинэ юм сэдэж цагаа 30 минутаар сунгаж байгаад дахин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, бас Р.Гончигдоржийг  студид хосоор нь урьсан байв. Нямдорж АНАТХ-ныхон болон тэдний ард нуугдсан М.Энхсайхан нарыг нэр цохож илчлэхээ үргэлжлүүлсэн бол Гончигдорж 1,5 сая төгрөгийн амлалтыг янз бүрээр зөвтгөхийг хариуцжээ. Бас болоогүй “Би сүүлийн хоёр жилд олон нийтийн телевизээр анх удаа гарч байна” гэж гомдоллов.

Энэ бол ер бусын “Долоо хоног” байлаа. Хэрвээ захиалга ирвэл “Монголын мэдээ” агентлаг цаг наргүй зүтгэхэд бэлэн ажээ. 

Гэхдээ үйл явдал өөрийнхөөрөө өрнөж 4-р сарын 5-нд цуглаан болдгоороо болсон билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арилжааны телевизээс л үзлээ

Posted by Бид on 2010/04/03

Хэд хоногийн өмнө TV8 телевизийн Hard Talk нэвтрүүлэг  УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрдэм хүчний сайд Д.Зоригт, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд хоёрыг студидээ авчран маргалдуулжээ.  Хөтлөгч залуу Оюутолгойг гэрээг сайн мэдэхгүй учраас олигтой асууж чадаагүй, иймээс задгай ярилцлага болов. Гэхдээ энэ бол хоёр талын бараг анхны телевизийн халз уулзалт байсан юм.  

Өчигдөр орой, Баасан гаригийн үдэш “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн  зууван ширээний нэг талд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, нөгөө талд С.Баярцогт, Д.Зоригт нарын гишүүдийг өөд өөдөөс харуулж суулгаад жинхэнэ hard talk өрнүүлэв. Мэтгэлцээн шууд л ширүүсч “дахиад ийм нэвтрүүлэгт оролцохгүй” гэж дуугарсан Баярцогт сайд хаяад нь явах нь гэж бодогдсон ч эрхбиш соёлтой хүмүүс болохоор рекламан завсарлага авч яаж ийгээд дуусгав.  Миний хувьд эхэндээ бүгдээрээ зөв юм яриад байх шиг санагдсан ч бие биенээ хэдэнтээ харилцан няцаасны эцэст бага сага зүйлийг өөртөө ойлгож авлаа.

Эрхбиш ашигтай гэрээ хийжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж хэрэг бишидсэн ч 2040 он гартал гар хүрч болохгүй юм байна. Ер нь 10, 20 байтугай 30, 40, 50 жилийн дараахыг мэдэж шийддэг ямар мундаг сайдууд вэ? Хэдэн арван жилийн дараа хүртэж магадгүй орлогын төлөө өнөөдөр баясаад яахав. Хурдан ухаад урагшаа зөөж болохоор нь Тавантолгойдоо (Энержи Ресурс, Дайцүки, Ажнай мэтүүд амжаад эмтэлж авсныг орхихоос) найдья, монголчуудаа. Ямар азаар “Яндаж болдогггүй далай шиг яасан баян нутаг вэ?”   

Надаас эхлээд жирийн иргэд, олон нийтэд нэлээд юм ойлгуулсан сайн мэтгэлцээн байв. Харамсалтай нь, үүнийг олон нийтийн биш арилжааны телевизээс үзлээ.

Posted in 25-р суваг телевиз, TV8 телевиз | 5 Comments »

Цензур

Posted by Бид on 2010/04/03

Гуравдугаар сарын сүүлчийн өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж Оюутолгойн гэрээг батлангуут МҮОНТ том компани, төслүүд шиг мөнгө төлдөггүй болохоор нь бараг үйлчилдэггүй, хааяа “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр хоосон асуулт тавьж хоосон яриулдаг олон нийт, бас уг гэрээг шүүмжилсэн УИХ-ын гишүүдийн өмнө тас хаагдчихав. Зөвхөн Оюутолгойн гэрээний ухуулга хөвөрлөө. 

3-р сарын.31-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр:

– Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгосон тухай хэвлэлийн хурал.

– Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын байнгын хороод хуралдах гээд чадаагүй, ирц хүрэлгүй маргалдаад тарсан.

– Өнөөдрийн сэдэв: Оюутолгойн асуудлаар. УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт хоёрыг студид авчирч өнөөдөр баталсан гэрээг өөрсдөөр нь тайлбарлан яриулав.

4-р сарын 1-ны 18 цагийн мэдээ.

Оюутолгойн гэрээний эсрэг иргэний хөдөлгөөнийхнийг турхирагчид хэн бэ? гэсэн асуултаар эхэлж “… телевизийн баатар болж үүргээ умартдаг улс төрчдөөс, монголын ард түмний нэр барьж төөрөгдүүлдэг тэр эрх ашгийг асуух ёстой гэж зарим гишүүд үзэж байна… Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр явуулсны үр дүнд харин Таван толгой тун хурдан урагшилна гаж зарим нэг нь үзэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн гудамжнаас дуугарч байгаа зарим нэгэн иргэний хөдөлгөөнийхний тулгалт, нэр бүхий 11 их хурлын гишүүний зөрөөтэй байр суурийг ангийн зарим нөхөд нь таашаахгүй байгаа бололтой” гэв.

Араас нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн яриа: “… Ерөөсөө энэ Оюутолгойн гэрээ хүчингүй болох хэнд ашигтай юм? Монгол Улсад ямар ч байсан ашиг байхгүй. Эх оронд ашиг байхгүй … Энийг ашиггүй болгох сонирхол хэнд байгаа юм бэ? Хамгийн түрүүнд манай хоёр хөршийгөө би хардаж байгаа юм. Ингээд Монгол улс зөвхөн хоёр хөршөөрөө явсан ийм эдийн засагтай ийм хараат ийм байдалд орох нь хэний эрх ашигт үйлчлэх юм бэ?…”

Сэтгүүлч: Сүүлийн хэдэн сар хэт их улс төрчдийн анхааралд байсан Оюутолгойн гэрээний тухай хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг зарим нэг хүн ойлгохоо ч байсан. Харин үүнд Засгийн газар өчигдөр цэг хатгалаа. Гэхдээ зарим нэг тээнэгэлзээ төрүүлж байсан зүйлд улсын хэтэвч атгаж тооцож суудаг сайд нь 6 асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж бөндгөрөөрөө хариуцна гэсэн болохоор тэнэг ч хүн ойлгох асуудлыг битгий их улс төржүүлээрээ гэж эрхэм гишүүн хэлж байна аа. Хэт их улс төржих нь хэнд ч ашиггүй, харин ч дундаас нь огт өөр хүн завшиж мэдэх улс орны эрх ашгийг шоу байлгахгүй ийм л байр суурийг өнөөдөр олонхи гишүүн хэлж байна аа.

Дахиад Ч.Сайханбилэгийн яриа : “Ямар ч тэнэг хүн уншсан ойлгомжтой асуудлууд ш дээ. Одоо энэ дээр өөр яриа байхгүй. Одоо бид нар дахиад л яриа гаргах юм бол олон улсын арбитрийн шүүх дээр очно. Монгол улс дэлхийд өөрөө муухай болж харагдана. Энэ үнэ цэнийг хэн төлөх вэ? Оюутолгойн энэ гэрээ унаад хоёр хөрш рүү орох юм бол Тавантолгойн асуудал адилхан болно. Ураны асуудал адилхан болно. Монголд илрээд байгаа нефтийн асуудал адилхан болно. Бид нар Хойт Солонгос шиг болох хүсэл хэнд байгаа юм. Дэлхийд хаалттай хоёр хөрш нь орж ирээд бодлогоо хийдэг… Гудамжны хөдөлгөөнүүд хаанаас мөнгө аваад хаанаас ингэж их телевиз болгоны эфирээр бид нарт олдоггүй эфир тэр хүмүүст олдоод байгаа юм бэ? Бид нарт гарах мөнгө нь байхгүй байна шүү дээ, төрд алба хааж байгаа шийдвэр гаргагчдад. УИХ-ын гишүүд нь өөрсдөө телевизийн хөтлөгчид болчихсон. Хүн бол телевизийн хөтлөгч байж болно, гэхдээ шийдвэр гаргагч болоод энд ирсэн тохиолдолд юм шийдэх гэж болно шдээ. Түүнээс арван хэдэн жил улс төрд явчихаад шийдвэр гаргагчид нь телевизийн хөтлөгч болоод тэгмээр байна, ингэмээр байна, ингэвэл зүгээр, эсвэл их хурлын гаргасан шийдвэрүүсийг ингэж ёсгүй, тэгэх ёсгүй ингээд явах юм бол би энийг өнөөдөр Их хурлын гишүүн, шийдвэр гаргагчид байна аа гэж үнэхээр харж чадахгүй…

Сэтгүүлч: Ямартай ч өвөг дээдсээс үр хойч бидэндээ өвлүүлж үлдээсэн их говийн их үүц задарч эхэллээ. Харин энэ үүцнээсээ бид ихийг хожиж үлдэх ёстой. Үүний тулд дотроо хөнжлөө жийлцдэг биш, дороо суурьтай хандах учиртай. Хэн нэгний мөнгөөр хий дэмий шоу хийлгүй, уул уурхайгаас ард түмэн баялаг хүртдэг болох нь чухал гэдгийг зарим нэгэн төрийн түшээд ийнхүү хэлж байна.

Ийнхүү Сайханбилэг гишүүн монголын хамгийн том телевизийн дэлгэцэн дээрээс “Бидэнд телевизээр гарах мөнгө алга” хэмээн дэмийрэнгээ бусдыг гудамж талбайгаар цоллож, бас хоёр хөршид урваж шарвасанд сэрдэж дүвчигнэв. Төрийн түшээ гээд байгаа… Гэрээг баталсан хэд хоногт С.Баярцогт, Д.Зоригт сайдууд, бас Сайханбилэг өөрөө бүх сувгаас салахаа больсон билээ. Гагцхүү тэдэнтэй хамт “гудамжны хөдөлгөөнүүд” зэрэгцэж харагдсанд эрхэм гишүүн хилэгнэжээ. Гаргахгүй, ядахдаа төлбөр нэхээд хаах ёстой байж. Үүнийг МҮОНТ соргогоор мэдэрч зөвхөн Сайханбилэг тэргүүтэй “зарим гишүүд”-ийг гаргаж үйлчиллээ. Татвар төлөгчдийн мөнгөөр.

Мөн 4-р сарын 1-ны “Нээлттэй засаг” хөтөлбөр. Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээг баталж цэг тавьсан тухай тайлбарыг хөгжимтэйгээр найруулан үзүүлэв. Бас л Сангийн сайд С.Баярцогтын яриа.

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг. Оюутолгойн гэрээний асуудлаар дахиад Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ны сайд Д.Зоригт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх гурав оролцож бүтэн цагийн турш үзэгчдийн асуултанд хариулав. Асуултыг утсаар авч тэдэнд дэвсэн өгч байлаа.

4-р сарын 2-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хэдэнтээ гарч, дараа нь Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хоёр албан ширээгээ хуваан зэрэгцэж мэдэгдэл хийхдээ, 4-р сарын 03-ны Бямба гаригийн өглөөний “Ярилцъя…” нэвтрүүлэгт дахиад Ерөнхий сайд С.Батболд студид ирж, орой нь “Цагийн хүрд”-ээр дахиад тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг бас студид ирж ярихдаа гэрээний талаар юу хэлсэн нь тодорхой.

Ийнхүү Оюутолгойн гэрээг баталснаас хойшхи хэдэн өдөрт түүнийг эсэргүүцсэн элдэв хөдөлгөөнүүд биш юм аа гэхэд албан ёсоор шүүмжилсэн УИХ-ын 11 гишүүн яг юун зөрчлийг нэхэж, чухам ямар заалтыг дахин нягтлахыг шаардсан талаар МҮОНТ нэг ч удаа хэлж өгсөнгүй, хэлүүлсэнгүй. Хөндлөнгийн байр суурийг ч цухуйлгаагүй.

Шуудхан хэлэхэд энэ бол цензур. Ноднин зун Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурахын өмнөх өдрүүдэд яг ингэсэн.  Бас 2008 оны 7-р сарын 2-4-ны өдрүүдэд. Гэхдээ тэр бол ядахдаа Ерөнхийлөгчийн зарлигаар байсан билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Төрд хэрэгтэй шорлог

Posted by Бид on 2010/04/01

Зурагтаар гарсан зугаатай ярианаас.

“Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д Улсын клиникийн төв эмнэлгийн удирдлагатай хийсэн уулзалтын үеэр нэгэн эмч ярихдаа: Бидний цалин үнэхээр амьдралд хүрдэггүй. Машин авах гэхлээр мөнгө хүрдэггүй. Гэхдээ яахав, ард түмэн, найз нөхдийнхөө тусламжтайгаар сайхан амьдарч байна…

TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр”. Шөнө дунд Халдвар судлалын үндэсний төвийн дэргэдэх автобусны буудлын дэргэд гал өрдөж шорлог шараад зараад зогсож байгаа эмэгтэй нүүрээ харуулахгүйгээр: Заримдаа цагдаа нараас “наадахыг чинь манай хорооны нутагт заруулахгүй ээ, нэг бол хурааж аваад төрийн өмч болгоно оо” гэх жишээний байнга дарамт ирнэ…

Урьд нь гарсан өөр нэгэн сурвалжлагаар, үхсэн малын махаар хоол хийж хүнд өгч болохгүй шүү дээ гэсэн анхааруулганд “Саран бууз” гуанзны эзэн эмэгтэй хариулахдаа “Хүнд өгөх гээгүй, хужаа нарт өгөх гэж байсан юм” гэжээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, МОНГОЛЫН АМЬДРАЛ | 2 Comments »