АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МоЭнКо-гоос захиалга иржээ.

Posted by Ажиглагч on 2010/03/06

Саяын зуднаар уул уурхайн сэдэв хэсэг татарсан ч уул уурхайн компаниуд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн нэрээр Монголын үндэсний олон нийтийн телевизийг захиалгаар таслахгүй “Хөгжлийн тулах цэг” нэртэй нэвтрүүлгээ явуулсаар ирсэн юм. Өнгөрсөн 7 хоногийн дугаараар гэхэд МҮОНТ-ийн сурвалжлагч Өмнөговь аймагт нээгдсэн дээрх ассоциацийн төлөөлөгчийн газрын нээлт, “Байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлье” семинарт оролцоод авчирсан сурвалжлага үзүүллээ. “Энержи ресурс”, “Саусгоби сэндс”, “Оюу толгой” зэрэг компаниуд байгаль орчныг хэтэрхий сайн нөхөн сэргээж байгааг магтахын зэрэгцээ МУУҮА-ийн ерөнхийлөгч До.Ганболдтой хамтран “Таван толгой” ХК төрийн өмчтэй учраас муу нөхөн сэргээж байгааг шударгаар шүүмжиллээ. Төгсгөлд нь шударга сэтгүүлч маань нэрээ бичсэнгүй. Лав хоёр жил үргэлжилж байгаа “Хөгжлийн тулах цэг”-ийг бүтээгчид нь нэр, хаягаа хэзээ ч тавьж байсангүй.

Өнгөрсөн сард Хөшөөтийн уурхайн асуудал олон нийтийн төдийгүй төр засгийн анхаарлыг татаж аль социализмын үед зөвлөлтийн геологичдын хайгаад илрүүлчихсэн Хөшөөтийн орд газарт яагаад хонконгийн хэдэн хятадад хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн (тэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр тавиад тэрбум тэрбум доллар босгож байгаа ), бас стратегийн орд газрын жагсаалтанд багтаах шаардлагатай эсэх талаар маргаан дэгдсэн билээ. Үүнийг ихэнх арилжааны телевизүүд нэлээд дэлгэрэнгүй сурвалжилж өдөр тутмын сонинууд асуудал дэвшүүлсэн олон өгүүлэл нийтэлсэн юм.

Харин МҮОНТ нэг л дуу муутай байсан. Тэд захиалга хүлээж байжээ. 3-р сарын 3-ны Лхагва гаригийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн хэд хэдэн сумын малчдад МоЭнКо гэдэг буянтай компани тусалж байна гэсэн нэр хаяггүй сурталчилгааны сурвалжлага гэнэт гарлаа. Бүр Ховд аймагт очиж газар дээрээс нь бэлтгэсэн байх юм. “Гэхдээ ганц сурвалжлагийн төлөө тийшээ нисэж очмооргүй юм даа?”

Үнэхээр тийм байна. Маргааш орой нь “Хөшөөтийн уурхай бүсийн хөгжилд” гэсэн захиалгат нэвтрүүлэг үзүүллээ.

Эхлээд МоЭнКо компани Ховд аймгийн зарим сумдын малчдад их хэмжээний тусламж гардуулан цуглааны арга хэмжээ, тэр  үеэр сумын Засаг дарга нар болон малчдын талархлыг оруулжээ. Дараа нь “Хөшөөтийн уурхайн талаар олон нийт ямар ойлголттой байдаг вэ?” гэсэн тэс өөр асуулт тавьсны дараа МоЭнКо-гийн сурталчилгаа эхлэв: … Олборлолт огт явуулаагүй … Зөвхөн шинжилгээний хэдэн тонн нүүрс гарсан… Энд хятад иргэд байхгүй. Хэдэн хүн ирээд явсан … Гол хувьцаа эзэмшигчид нь Америк, Хятад, Австралийн иргэд… Олборлолтоо эхлэхээс өмнө хатуу хучилттай зам тавьж байгаа… [МоЭнКомпанийн албан тушаалтнуудын яриа… тус компанийн зардлаар суралцаж байгаа оюутнуудын яриа… МоЭнКо компанийн тусламж үзүүлсэн аймгийн МСҮТ-ийн сурагчид, хүүхдийн ордны багш нарын яриа…]

Орон даяар сурталчилгаа хийж өгсөн уг нэвтрүүлгийн төгсгөлд ердөө л “2010 он” гэжээ. Бусад хэвлэл мэдээллээр шуугиад байгаа маргаан дэгдээсэн олон асуултыг огт хөндсөнгүй.

МоЭнКо компани нутгийн малчид ба олон нийтийн телевиз хоёроос нь эхлээд Монгол улсыг ховх худалдаад авчих юм байна.

Маргааш нь дахиад л МоЭнКо компани Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн усны асуудалд онцгой анхаардаг,  бас зам тавьж байгаа тухай сурталчилгааны сурвалжлага гарч байлаа.

P.S:

Тэр орой “Усны эрчим хүчний шинэ гараа. Дөргөний УЦС” нэвтрүүлэг үзүүлэв. Түүнийг байгуулсан төслийн явц, хэрхэн баригдаж дууссан түүхийг нэгбүрчлэн танилцуулж, Дөргөний УЦС баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тус цахилгаан станцыг барих шийдвэрийг удаж гаргасан, дэмжлэг дутагдсанаас болсон гэхчлэн тайлбарлав. Төгсгөлд нь “Дөргөн УЦС-2010” гэжээ.  Дараачийн захиалгат нэвтрүүлэг байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: