АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МАХН, АН-ын ачаар…

Posted by Ажиглагч on 2010/03/06

Ер бусын хүйтэн өвөл хөдөөгүүр ямар байгааг хотын бид телевизийн ачаар зөндөө үзлээ. Малынхаа тэн хагасыг үхүүлчихээд “яаж ч чадсангүй” гээд хэнэггүй зогсох муухан дээлтэй малчин эр, “өдий наслахдаа ийм хэцүүг үзээгүй” хэмээн цөхөрлийн нулимсаа ханцуйгаараа шударч суугаа малчин өвгөн бол энэ зудны бэлэг тэмдэг юм. Малчдын энэ мэт яриа хөөрөө, хашаа хороо, ахуй амьдралын дүр зураг өөр олныг үзмээр санагдавч тийшээ хурдан жиип хүлэглэн очоод зудны фонон дээр баатарлагаар зогсох, эсвэл тусламжийн цувааг үдэж зургаа авахуулах УИХ-ын гишүүд, сайд дарга нар халхалчихаад байлаа.  Телевизийн сурвалжлагчид хөдөөгүүр явахдаа зөвхөн дарга нарыг дагадаг учраас тэр.

Юу үзүүлснийг эргээд санахад, хөдөөгийнхөн хамгийн том зааландаа цугларч Улаанбаатараас очсон сайд, дарга нартай уулзалт хийж зовлонгоо ярьж сэтгэлээ онгойлгох үндсэн ажилтай шиг санагдсан шүү.  Сэтгүүлчид дарга дагасаар байгаад хөдөөний хүмүүсийн жинхэнэ амьдралыг олигтой сурвалжилж завдахгүй байх шиг.  Саяын зуднаар малчин айлд очоод “Танайд хоноё” гэсэн сэтгүүлч байв уу? Хөдөөг ХХААХҮЯ-наас сурвалжлахдаа ашиглах баахан дүрстэй буцдаг бололтой.

Сүүлийн үед МҮОНТ-ээр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай гээд баруун аймгуудын талаар тухай зөндөө олон мэдээ, сурвалжлага үзлээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт хөдөөлөхөөр шийдэж нисдэг тэргээр баруун аймгуудын дээгүүр, зарим аймаг, сумдын төвд тэнгэрээс бууж нисэхдээ сэтгүүлчдийг дагуулсны ач юм. Үнэгүй юм байх биш, “Ийм хүнд үед ерөнхийлөгч хүйтэн гэлгүй ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаад иргэд талархаж байлаа” гээд өргөмжлөхийг зөндөө сонсов. Амралтын өдрүүдэд гарсан тусгай нэвтрүүлгүүдийн нэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаваржилт хүндэрсэн аймгуудад” байв. Одоо алзахгүй ээ, баруун аймгийнхан…

Өнгөрсөн долоо хоногоос хойш Завхан аймгаас авчирсан өөр нэг цуврал сурвалжлагууд тасрахаа болив.  Тойрогтоо ажиллахаар нутгийн зүг жолоочийнхоо жолоог залуулсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “сэтгүүлчийг камертай нь дуудах”-аа мартсангүй.

Уржигдар, бас өчигдөр телевизүүдийн хувьд нэг ёсондоо Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгоны өдөр байв. Бүх телевиз ижилхэн шахуу сурвалжлагуудыг бэлтгэж нэгэн зэрэг үзүүлжээ. АН-ынхан пүрэв гариг тутмын “4-11” өдөрлөгөө тэнд зохион байгуулах тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд зарлахад бүгд очсон байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш телевизүүд Сүхбаатар, Дархан-Уул аймгийн талаар хичнээн сурвалжлав даа.  Өчигдөр TV9 телевиз бас нэгэн тусгай нэвтрүүлэг үзүүлэв. Энэ бүхэн бол “Ард түмнээ сонсоё” аяныг зохион дээрх хоёр аймгаас эхлэн зохион байгуулж байгаа МАХН-ын хайр халамж юм. Мэдээж хүссэнээрээ  сурталчлуулж авсан.   

Сенсаац! 

Өчигдөр хэн нэгэн даргыг дагаагүй орон нутгийн сурвалжлага анх удаа олдох шиг боллоо. Хэнтий аймгийн төрийн ажилтнуудын өдөрлөгийн арга хэмжээ болж үнэнч шударгаар ажиллаж ард түмэндээ үйлчлэхээ тангарагласан сурвалжлагыг хэлж байна. Яагаад гэвэл индэр дээр УИХ-ын гишүүн юмуу сайд дарга нараас ганц ч хүн харагдаагүй юм.

Харамсалтай нь бас үгүй ажээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс орон нутагт цуврал арга хэмжээ зохион байгуулахдаа сэтгүүлчдийг авч явсан гэнэ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: