АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for March, 2010

Твиттерч үгүй нам байна

Posted by Бид on 2010/03/31

Нэг удаад 140 тэмдэгтэд буюу барагцаалбал хорин үгэнд багтаан “”Хүн төрөлхтөн хаашаа явж байна аа”-гаас эхлээд “Явж унтлаа” хүртэл юу санаанд орсноо зурваслаад орхиж болох твиттерийг ашигладаг улс төрч манайд хэд хэд байна.  Following хэмээх бичил зургуудаар өөр хоорондоо холбогдсон байхыг сэмхэн дагаж явсаар тэдний жагсаалтыг гаргаж үзсэн юм.

http://twitter.com/elbegdorjМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

http://twitter.com/gbatkhuuУИХ-ын дэд дарга Г.Батхүү

http://twitter.com/tolin555 – дахиад УИХ-ын дэд дарга Г.Батхүү

http://twitter.com/AmarjargalRУИХ-ын гишүүн Р.Амаржаргал

http://twitter.com/boldluУИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд

http://twitter.com/enkhboldzУИХ-ын гишүүн З.Энхболд

http://twitter.com/NBatbayarУИХ-ын гишүүн Н.Батбаяр

http://twitter.com/Temuujin_KhУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

http://twitter.com/enkhbatУИХ-ын гишүүн Д.Энхбат

Бас:

http://twitter.com/ArdchilsanNamАрдчилсан Нам

http://twitter.com/DCUMNАрдчилсан хүчний холбоо ТББ

http://twitter.com/oyunltЕрөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл

Уншлаа. Хэрэгтэй л юм байх даа. За яахав. Харин дан Ардчилсан Намынхан болохыг анзаарав. МАХН-ын данстай улс төрчдийн твиттер олдсонгүй. Тааралдвал хэлээрэй. Бас Иргэний зориг намын ганц улс төрчид твиттер хаяг алга. 

Бонус: http://twitter.com/asashoryuАсашёорюү Д.Дагвадоржийн твиттер.

Posted in Блог, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 3 Comments »

Манай Ерөнхийлөгчийнх дутахгүй …

Posted by Бид on 2010/03/26

Нэгэн уншигч ямар ч тайлбаргүйгээр http://www.president.mnhttp://www.whitehouse.gov гэсэн хоёр хаягийг бичээд үлдээжээ. Орж үзлээ.  Вэб сайтын бүтээн байгуулалтын салбарт Монгол-Америкийн хамтын ажиллагаа Ерөнхийлөгчийн түвшинд амжилттай хөгжиж байгааг мэдэж авлаа.     

        

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 4 Comments »

Цагаан утас: Өнөө маргаашгүй дулаарна аа …

Posted by Бид on 2010/03/26

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | Leave a Comment »

“Өнөөдөр”, New York Times хоёр юугаараа ижил вэ?

Posted by Бид on 2010/03/25

Өнгөрсөн өвөл “Өнөөдөр” сонин сайтаа шинэчилж ийм гоё болсон билээ. Тэгтэл Пунцагийн  Байка ихрийн өрөөснийг дор нь илрүүлж блогтоо  The New York Times гэж нэрлэсэн байлаа. Түүнээс хойш 2 сар өнгөрөхөд ийм байна.

Posted in "Өнөөдөр" сонин, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

CNN шиг байя

Posted by Бид on 2010/03/25

Би эхлээд 2010 оны 3-р сарын 22-ны өглөөний 09  цагтай болон өөр хоорондоо уралдан нэгэн зэрэг нээгдсэн news.mnын шинэ хувилбар ба шинээр мэндэлсэн shuud.mn хоёрыг бие биенээ дууриачихлаа, харин хэн нь хэнийгээ бол хэмээн бодсон чинь http://bayasaa.com/ сайтад хариултыг хэлээд өгсөн байна. Энэ бол CNN.com. Харин shuud.mn шууд хуулаагүй хэдэн см бүтээлчээр ханджээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

Ерөнхий сайдын тоглосон реклам

Posted by Бид on 2010/03/23

Дөнгөж сая Ийгл ТВ-ээр гарсан Монголын уран сайхны киноны дундуур гэнэтхэн монголын №1 мэдээллийн сайт – http://www.news.mn–ын сурталчилгааны клип орж ирлээ. Саяхан шинээр төрсөн сайт өөрийгөө тунхаглан зарлалгүй яахав.

Хачирхалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд өөрийн биеэр оролцож энэ сайтаас салдаггүй тухайгаа албан ёсоор хариуцлагатай мэдэгдэв.  Би уг нь түүнийг төрийн том ажилтай суудаг, мэдээ уншиж тоймлох жижиг сажиг ажлыг өмнөөс нь хийгээд өгчихдөг гэж бодсон маань ноцтой эндүүрэл байжээ. Зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, зууны манлай дуучин Б.Сарантуяа нар news.mn-ын фэн болохоо зарлав. Сүүлчийн хоёрын тухайд ямар ч асуудалгүй, харин Ерөнхий сайд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд монголын олон сайтуудын нэгний сурталчилгаанд тоглох нь төрийн ёс жаягаас эхлээд зах зээлийн шударга өрсөлдөөнд яавч нийцэхгүй.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг гар утасны дөрвөн компаниас нэгийг таалж сурталчилгаанд нь тоглосноор энэ задгайрал эхэлсэн билээ. Одоо бусад нь “Би рекламанд тоглоно” гээд захиалга авахад хэн ч юу ч хэлж чадахгүй болжээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

Үзэгнээс өөр “зэвсэг”-тэй…

Posted by Бид on 2010/03/23

Хоёрдугаар улирлын хэвлэл захиалгаар хамгийн хүчтэй сурталчилгаа явуулж байгаа сонин бол “Улс төрийн тойм” юм. Өнгөрсөн сараас телевизийн хэд хэдэн сурталчилгаа бэлтгэж орой болгон тасралтгүй үзүүлсээр өдий хүрлээ. “Надад айх юм алга, юунаас ч айхав дээ” гэж пээдийсэн сагсуу авлигачийг сониноороо жижигрүүлэн намнаж байгаа хамгийн сүүлчийн клип үнэхээр сайн болсон. Зарим дугаарыг шуудангийн салбарууд, “Номин” их дэлгүүрт үнэгүй тарааж байхтай тааралдав. Бас мөнгөтэй компаниуд л түрээслэн авч рекламаа байрлуулж чаддаг гудамжны дээгүүрх том самбарт ч заларсан харагдана. Тэгтэл саяхан зуугаад оюутан хөлслөн авч Төв шуудангийн урд болон зүүн, баруун дөрвөн замын уулзварын хажуугаар биет ухуулга явуулж, тэр тухай сурвалжлагаа ч төлбөртэй цацуулжээ.

2010 оны 1-р сарын 15-нд гарсан анхны дугаараа сониныхоо үнэт зүйлсийг тодорхойлсон “С.Баярын үлдээсэн өв” нийтлэлээр эхэлж тэр нь Сү.Батболд байсан, “Улс төр, эдийн засаг, паппараци” гэсэн тодотголтой уг сонины үүсгэн байгуулагч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан үзэгнээс өөр “зэвсэг”-тэй юм байна.

Posted in + СОНИНУУД, Улс төрийн тойм | 3 Comments »

Аяганы хариу өдөртөө …

Posted by Бид on 2010/03/23

Хэдэн жил тээж яваа гомдлыг нь тайлалцаж өгсөн Үндэсний зөвлөлийн гишүүн, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдыг МҮОНТ өчигдөр орой урамшуулж 2010 оны 2-р улирлын хэвлэл захиалгын энэ өдрүүдэд ус, агаар мэт хэрэгтэй сониных нь сурталчилгааг орон даяар хийж өгөв. Монгол Улсад ийм агуу өдөр тутмын сонин байдаг гэж энэ мөчийг хүртэл зүүдлээ ч үгүй явсан биз, үзэгчид.

3-р сарын 22-ны Даваа гаригийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагууд дотроос хамгийн урт (4 минутаас давсан) нь энэ байлаа.

Хөтлөгч: “… хэн нэгэн мөнгөтэй хүний захиалгаар нийтлэл мэдээлэл гардаг болсон энэ цаг үед хэнд итгэх вэ гэсэн уншигчдын тээнэгэлзээг өөрчлөх цаг болсон гэж үзэг нэгтнүүд маань уриалж байна. Монголын нийгмийг гэгээрүүлэх үүргээ мөнгөөр биш сэтгүүл зүйн том ёс зүйгээр удирдах тийм эр зориг энэ салбарынханд байгаа. Улс төрчдөөс ангид захиалгагүй сэтгүүл зүй сонин хэвлэлийн салбарт орон зайгаа олсон таатай мэдээллээр бид “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байна. Сурвалжлагч “Нийгмийг эмчлэгч нь, хоточ нохой мэт үнэнч байгч нь, бас дөрөвдэх том засаглал нь сэтгүүл зүй. Энэ салбарт цэвэр тунгалаг байж чадвал эцэс төгсгөлгүй мэт өнөөгийн улс төржилт, хэн нэгнийг хардсан чулуу боож шидсэн тэр л мэдээллүүд бидний тогооноос гарах ёсгүй юм. Үүний оронд харин олон нийтэд толгой бөхийн тэдний төлөө ажиллах ёстой төрийн өндөр дээд эрхмүүдийн ажлыг үнэнч шударгаар нийтэд дэлгэх захиалгагүй сэтгүүл зүй монголын сонины салбарт нэвтрэх цаг болжээ. Цаг үеэ эмчлэх сэтгүүлчдийн ёс зүйг байх ёстой тэр л байр сууринд нь аваачих захиалгагүй нийтлэл, мэдээллээрээ ”Үндэсний шуудан” сонин олны анхаарлыг татаж байна. Энэ сонины хамт олны 80 хувь нь сэтгүүл зүйд 10-20 жил ажилласан, “Бодлын солбицол”, “Ардын эрх”, “Зууны мэдээ” зэрэг сониныг үүсгэн байгуулж байсан мэргэжлийн сэтгүүлчид юм. Тус сонин хэвлэлийн зах зээл дээр ганц зүйлээр тод ялгардаг, энэ нь ардаа ямар нэгэн эзэн, улс төрийн намын харъяалал, компанийн өмчлөлгүй цорын ганц сонин юм. [Ерөнхий эрхлэгч Б.Ганболдын яриа. Нэгэнт сурталчлуулж байгаа болохоос сониноо магтах нь мэдээж тул ишлээд яахав] Сэтгүүлч: Энэ ч утгаараа “Үндэсний шуудан”-гийн нийтлэлийн бодлого нь нийгмийн олонхийн эрх ашгийг хамгаалсан, захиалгагүй учраас үнэний дуу хоолой болж чаддаг гэсэн дүнг тэдэнд уншигчдаас өгч монголын хамгийн олон захиалагчтай өдөр тутмын сонингуудын аман хүзүүнд давхиж явна… [Хамт олны магтаал. Бас л ойлгомжтой тул алгасав] Сэтгүүлч: Сүүлийн үед дуулиан тарьсан “Үндэсний шуудан” сонины нийтлэлүүдээс дурдвал УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөгийн луйвар, гишүүдийн хууль баталсныхаа төлөө авах болсон 35 сая төгрөгийн булхайг тууштай эсэргүүцэж нийгмийн дэмжлэг болон холбогдох байгууллагуудын анхаарлыг татаж чадсан юм байна. “Үндэсний шуудан” сонины нийтлэлийн бодлого нь нийгмийн сайн сайхан, нийтийн эрх ашиг, шударга ёсны төлөө байдаг. Харин үүн дээр нэмээд ногоон сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө нийтлэлийн бодлогынхоо нэг хэсгийг зориулж ирсэн байна. Үүний нэг илрэл нь Тужийн нарсыг нөхөн сэргээх ажлыг анх санаачилж гурван жил дараалан улс орон даяар хөдөлгөөн илрүүлсний үр дүнг өнөөдөр энэ ойн 60 гаруй хувь нь сэргэснээр монголын ард түмэн мэднэ. Дээжилж барьдаг нь дээшээ харсан биш, харин ч ард олныхоо дунд байж чаддаг “Үндэсний шуудан” орон нутагт ч захиалгынхаа тоог нэмэгдүүлж нийгмийн түүчээ байх, өглөө бүр таныг шинэ мэдээллийн талхаар дайлахаар захиалгаа эхлүүлснээ бас уламжилж байна аа”

Манай мэдээллийн хэрэгслүүд дотроос өдөр тутмын сонинууд хамгийн чанартай нь. Тэдгээрийн дунд “Үндэсний шуудан” гарцаагүй урдуур давхидаг байж болно. Тэглээ гээд олон нийтийн телевиз ингэж намба алдан нялуурч болох уу?

Posted in "Зууны шуудан" сонин, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Том гомдол

Posted by Бид on 2010/03/23

Ойрдоо МҮОНТ-ийнхэн нийслэлийн захын гэр хороололд болон хөдөө аймагт тус телевизийн гаралтын чанар муудсан талаар үе үе гомдоллох болжээ. Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн чанараас гадна айлуудад хүрдэг дүрс, дуу нь бас тааруу байгаа ажээ. Дамжуулах байгууллагын нөхдөд хэлээд засуулах ёстой асуудал мөнөөс мөн. Гэхдээ үүнийг зөвхөн шалтаг болгож томоос том гомдол мэдүүлэх нь тэр.

Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр “МҮОНТ-ыг 40 гаруй жил цацаж байсан 4-р сувгаас техникийн шинэчлэл нэрээр 2-р суваг суваг руу шилжүүлснээс нийслэлийн захын хороололд нэвтрүүлгийн гаралт муудлаа” гэсэн эхлэлтэй сурвалжлага 2005 онд Монголын үндэсний телевизийг олон нийтийн болгохдоо дамжуулах байгууламжийг салгасанд харамсаад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн хуралдаан дээр “2004 оны сонгуулийн дараа МАХН, АН-ын дарга нар гар хөлөө барилцаад олон нийтийн болгохоор шийдсэн. Яамд руу явуулж санал аваагүй, нэг л өдөр Засгийн газрын хуралдаан дээр танилцуулаад их хуралд оруулсан. Ийм шоу л болсон” гэж хэлсэн бичлэгээр үргэлжлүүлэв. Залгаад тухайн үед Монголын радио, телевизийн захирлаар ажиллаж байсан, одоо “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч төдийгүй МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболд ярьж, “ …тэр үед ерөнхийлөгч хориг тавьж рекламгүй болгосон… Байнгын хорооны хуралдаа н дээр З.Энхболд гишүүн дамжуулах байгууламжийг олон улсын жишгээр салгах ёстой гэдэг үүднээс хандсан. Харин УИХ-ын гишүүн Раднаа, мэддэг хүнээс нь асууя гээд телевизээс салах дуртай байсан инженерээс асуугаад шийдсэн…. Архивыг нь хүртэл Улсын төв архивт өгсөн. Хуучин энэ байгууллагыг удирдаж байсан Алтай орилоод, бас л Монгол телевизийн захирал байсан Энхбат, Монгол телевизэд ажиллаж байсан Сарангэрэл, Монгол телевизэд ажиллаж байсан Балхжав нар нийлээд Алтай удирдаад энэ телевизийг устгах ёстой, мөнгийг нь бид авах ёстой гээд ийм зорилгоор хийсэн …” гэсний дараа хөтлөгч “Олон нийтийн эрх ашгийн төлөө энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ” хэмээгээд төгсгөв.

Олон нийтийн эрх ашиг бол зөвхөн МҮОНТ-ийг биш, монголын бусад бүх телевизийг тэгш эрхтэйгээр хөдөө, хотгүй чанар сайтай үзүүлэх явдал юм. Иймээс дамжуулах сүлжээ нэгнийх нь мэдэлд бус, тусдаа, тэр тусмаа төрийн мэдэлд байх нь зөв. Олон нийтийн телевизэд байр сав, боловсон хүчнийг бүрэн шилжүүлсэн ба төсөв мөнгө, хөрөнгө оруулалтыг огт таслаагүй. Төлбөртэй нэвтрүүлгээр маш их мөнгө хийдэг хэвээрээ. Нэвтрүүлгүүд нь олигтой сайжраагүй хэрнээ орон нутагт дангаараа шууд цацагддаг монополь эрхээрээ хамгийн их үзэгддэг телевиз хэвээрээ явсаар өнөөг хүрчээ. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусна. Дахиад 10 телевизийг орон нутагт дамжуулахад бэлэн болж МҮОНТ тэдгээрийн зөвхөн нэг нь болох өдөр тун удахгүй. Үүнийг гэнэт ухаарахдаа барьц алдаж, дамжуулах станцыг мэдэлдээ байлгаж бусдад зөвшөөрдөг байснаа санагалзсан сурвалжлага байна.

Алтай, Энхбат, Сарангэрэл, Балхжав нарын тухайд гэвэл МҮОНТ-ээр “хүмүүжсэн” хүмүүс шүү дээ. Харин Б.Ганболд өрсөлдөгч телевизүүдийн захирлуудыг ямар нэгэн шалтгаанаар “зоригтой” цоллож өглөө.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Час улаан News

Posted by Бид on 2010/03/22

Нэлээд эртнээс зарлаад байсан www.news.mn сайтын шинэ хувилбарын анхны өдөр.  Хамгийн түрүүнд  час улаан өнгө нүд цоргив. Бас л улаавтар байсан санагдах өмнөх хувилбараасаа ийнхүү тод сайхан болжээ.

Зарим  нүүр, буланг тогшиж ороод гарсан эхний сэтгэгдэл гэвэл сайтын зохион байгуулалт нэлээд цэгцэрсэн нь таалагдлаа. Хуудсуудаа NewsPolitics, NewsBiz, NewsWorld, NewsArt … гэхчлэн жигдэлсэн байна. Даанч бүгдээрээ гадаад үгс. Манай том сайтууд арвин мэдээлэлтэй нь сайхан хэрнээ ертөнцийн бүх юмыг багтаах гэж хамсаар байгаад булан, гарчиг, холбоос нь ихдэж нүд эрээлжлэм юм болж хувирдаг тал бий.  Тэд сайт руугаа орсон хүн болгоныг “барьж аваад” төөрүүлэхийг хүсдэг гэмээр. Хаана юу байгааг бид байтугай өөрсдөө ч олохгүй. www.news.mn яахыг харж л байя.    

Уг сайт хэнийх болох, дарга цэргийн нэр алдар, газар дээрх хаяг сэлтийг агуулсан албан танилцуулга урьд нь ч байгаагүй, одоо ч алга. Баабар ба түүний дор нэгдсэн нийтлэлчидтэй шууд хэлхэлдсэн нь зөвхөн бизнес үү, эсвэл өөр учиртай юу, бүү мэд. Өнөөдөртөө “Бидний тухай”, “Холбоо барих”, “Үйлчилгээний нөхцөл” гарчгуудын цаана хов хоосон.

Архивын хуудсанд зөвхөн энэ оны нийтлэлүүд байх шиг. Он сар сонгох цэс тавьснаас үзэхэд өмнөхийг буцааж байршуулах биз. Интернэтэд өдөр шөнийн 24 цагт дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч хамаагүй ороод хүссэн мэдээллээ авахад саадгүй гэдэг. Тэр үнэн. Гэхдээ заримдаа хүссэн мэдээлэл маань алга болчихож мэдэхнээ? 

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 4 Comments »

NEWS[.mn]-гүй 12 цаг …

Posted by Бид on 2010/03/21

Дөнгөж сая www.news.mn рүү шагайтал ийм тайлбар зүүлттэй байх юм. Амралт, ажлын зааг төдийгүй өдрийн сайн – ертөнцийн өдөр, шөнө тэнцэх 3-р сарын 21-22-ныг сонгож энэ оройн 21 цагаас түр хаагаад маргааш өглөө гэхэд цоо шинэ сайтаар угтах юм байна.  Ойр зуурын өөрчлөлт хийж өнгө будаг солих төдийд ингэж хаахгүйсэн. Зөвхөн www.news.mn  хаягаараа танигдах биз.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | Leave a Comment »

Мөнгөтэй “Замын түгжрэл”

Posted by Бид on 2010/03/20

Бүр 2-р сарын дундуур сонины мухлагт Traffic Jam сэтгүүлийн анхны дугаар тавигдсан байв. Дараачийн дугаарыг олж үзээгүй тул “нэг удаагийн” амжилтгүй оролдлого байжээ хэмээн бодож билээ. Тэгтэл 3-р сарын дундуур энэ самбар тааралдав.  Мөнгө төгрөгтэй хэрнээ нэр нь аймаар хэвээрээ. Авч уншаагүй тул агуулгын талаар хэлэх юм алга.

“Да хүрээ” зах дээр зарагдаж байгаа машинуудын зургийг ярайтал жагсаасан олон сонин, сэтгүүл мэндлээд сураг тасарсныг л мэдэх юм байна. Автомашины зарын биш юмаа гэхэд тийм зарыг агуулсан “Монголын анхны автомашины төрөлжсөн сэтгүүл”-ийн анхны дугаар 2009 оны 8-р сард My Car, My Friend, дараачийн дугаар 2010 оны 2-р сард Mr.Car нэрээр хэвлэгдэн гарч телевизээр сурталчилсан. Тэгтэл саяхан TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр Car гэдэг сэтгүүл манай телевизээр 3 сарын өмнө төлбөрт нэвтрүүлгээ цацуулчихаад төлбөрөө хийхгүй байна. Захирал нь гэрээгээ зөрчиж, өгнө гэчихээд өгөхгүй байна” гэж авч өгсөн дөө.  Хэцүү юм аа.

Сүүлийн 3-4 жилд заримыг нь гаднаас машин оруулдаг компаниуд өөрсдөө үүсгэн байгуулсан “Автомотор”, “Авто эрин”, “Хурд & Хурд”, Autoscoum,  Autozone гээд олон төстэй сэтгүүл үзэгдэхээ больжээ. Автомашины сэтгүүл гаргах автомашин зарахаас амаргүй байжээ.   

Уг нь ийм олон машинтай улсад машины сэтгүүл байж л таарна.  Хэн хэзээ чадах бол?

Posted in + СЭТГҮҮЛ | Leave a Comment »

“Үнэн үү?” алга

Posted by Бид on 2010/03/20

НТВ телевизийн “Үнэн үү?” нэртэй ток шоу алга болчихож.

Эрээ цээргүй асуудаг, шүүмжилбэл “Хэсэг бүлэг хүмүүст зориулсан нэвтрүүлэг. Таалагдахгүй бол үзэхгүй байж болно” гээд няцаадаг байлаа. Гэхдээ зугаатай, заримдаа часхийсэн.

Ноднин нэг удаа дуучин Хаянхярваатай ярилцсаныг саналаа. Түүнийг МАСЗХ-нд элсэж сонгууль болоод элдэв сурталчилгаанд нь дуу хоолойгоо өргөж зүтгэснийхээ шанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр ч газрыг сэмхэн хүртчихсэн тухай дуулиан дэгдээд байсан үе.

Хөтлөгч түүнээс эхлээд улс төрд орох эсэхийг сонирхов. Цаадах нь “Орно” гэв.

Тэгэнгүүт “Таныг газар авсан гэж гадуур яриад байна…”

Хаяхирваа хашир улс төрчийн дүрд хувиран,

– Монгол улсын иргэн болгон газар өмчлөх эрхтэй хэмээн даналзав.

Гэхдээ хөтлөгчийн дараачийн асуулт түүнд бултах зай үлдээсэнгүй.

– 0,07 га-гаас гадна авсан газар бий юу?

Хаянхирваа:

– Байгаа…. Манай аав одоо болтол амьдарч байгаа газар … гээд тайлбарлаж эхэлтэл хөтлөгч өөр юм яриад тасалчихав.

Хэрвээ цааш үргэлжлүүлсэн бол сонин яриа болох байжээ.

Манай ихэнх сэтгүүлч баримтыг энэ мэтээр шууд асууж зүрхэлдэггүй учраас том дарга, албан тушаалтны амнаас цухуйх ч үгүй юм даа. Улс төрчдөд “Үнэн үү?” асуултыг тавихгүй байна. Эсвэл гоё магтаад, эсвэл хоосон шүүмжлээд л …

Posted in НТВ телевиз | Leave a Comment »

Америкаас “Ярилцъя”

Posted by Бид on 2010/03/20

Оны эхнээс МҮОНТ-ийн Бямба гаригийн өглөөний “Ярилцъя” нэвтрүүлэг “Америкаас явдаг” болсон билээ. Уг нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Мөнхтөр эндээс Америк руу явахдаа (миний сонссоноор, хувийн шалтгаанаар) нэвтрүүлгээ хэн нэгэнд даатгалгүйгээр, тэнд суугаа эх орон нэгтнүүдтэй ярилцлага хийж нааш илгээсээр бараг бүтэн улирал өнгөрчээ. Би бүгдийг үзээгүй ч надад тааралдсанууд нь аятайхан ярилцлагууд байв. Юм үзэж нүд тайлсан тэдэнд сонирхуулж хөөрөх, бас зааж хэлэх юм зөндөө ажээ. Дандаа жирийн монголчууд. Ер нь “Ярилцъя” гэхээр л УИХ-ын 76 гишүүн тэргүүтэй дарга, сайд нар (эхлэлийн хөшиг (шторк)-нд гардаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, цаашаагаа УИХ-ын гишүүд, сайдууд, МҮОНТ захирал Наранбаатар гээд томчуудыг хэлж байна) худлаа ярихгүй, хийх ёстой ажлаа “хийх ёстой” гэж хоосон чалчихгүй зүгээр юм байна. Гэхдээ МҮОНТ-ын дарга нар яаж зүгээр байхав, Мөнхтөрийн араар хэдэнтээ амжуулав. Дээрхэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр эндээс өөр сэтгүүлчтэй ярилцаад сууж харагдсан.

Цаашдаа энэ нэвтрүүлэг яах юм бол доо…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Сэтгүүлчийг дууд! Камертай нь! (2)

Posted by Бид on 2010/03/17

Хохирсон, ядарч зүдрэн арга тасарсан хүмүүс яадаг вэ? Албан тушаалтнуудаас эхлээд өөрийн сонгосон эрхэм гишүүн, иргэдийн хурлын төлөөлөгчдөд ханддаг. Даанч үргэлж “хуралтай” байдаг тэднийг олж уулзах, эсвэл “иргэдийг хүлээж авах цаг”-аар оочирлох, найдвартайгаар нь өргөдөл бичиж гардуулах гэсээр олон хоног, сарыг алддаг. Товчхондоо хүнд суртлын аманд өөрөө яваад орчихно.

Өөр нэг арга бий. Телевиз дуудах. Ирүүлж чадвал тэр үдэш, эсвэл маргааш оройдоо зураг дүрстэйгээр орон даяар биш юмаа гэхэд Улаанбаатарт суугаа бүх хүмүүст,тэр дундаа дарга нарт шууд хүргэж чадна. Урьд нь иргэд голдуу Ийгл телевиз ба 25-р суваг рүү утасдаг байсан бол ноднин намраас TV8 телевиз “Сэтгүүлчийг камертай нь дууд!” хэмээн зарлаж байгаад хамаг гомдлыг цуглуулж сурвалжлах үүргийг өөртөө хүлээдэг болов. 1952 дугаарт залгавал тэд өдөр шөнө хамаагүй очоод, сурвалжлаад, “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Ард түмний толь” ба “Шөнийн толь”-иор үзүүлээд өгнө.

Сүүлийн үед үзүүлсэн тийм сурвалжлагуудаас заримыг дор тоймлов.

• ХААН банкны Хайлааст салбараас 70 мянган төгрөгөө авсан нэгэн хөгшний мөнгөн дотор хуурамч 20 мянгатын дэвсгэрт байсныг бүр хойно мэдээд буцаж ирэхэд сольж өгөхгүй болохоор нь сэтгүүлчийг дуудсаны дараа л “асуудлыг шийдсэн” байна.

• Орбитын эцэст байдаг 22-р хорооны нутаг дэвсгэрт цэргийн ангийн бохир урсаж хавь ойрын айлуудыг хүнд байдалд оруулаад байна гэсэн гомдлын мөрөөр очжээ. Гол, горхи шиг урсаад хөлдчихсөн байна. Өнөө маргаашгүй хайлж эхэлнэ…

• Микроавтобус хурд хэтрүүлж яваад шон мөргөхөд 17 настай жолоочийн хажууд сууж явсан 23 настай эмэгтэй хүнд бэртэн эмчлүүлж байтал эмнэлэг нь “мөнгөө төлөөгүй” гээд хөөгөөд гаргажээ. Нөгөө жолооч эмчилгээний төлбөр өгөөгүйгээс болсон тухай ар гэрийнхний гомдлоор хийсэн сурвалжлага. Тэдний хамт осол гаргасан залуугийн гэрт очиж уулзаад нүүрийг нь харуулахгүй яриулахад “аав, ээж туслах байх” гэхээс өөр олигтой юм хэлсэнгүй. Харанхуй болсон хойно аав нь ирээд сэтгүүлчийг барьж аван зодох шахам хөөж байгааг бичлэгээр үзүүлэв. Дараа нь хохирсон эмэгтэйн гэрт очиход бие нь маш муу, хэвтэрт орсон, нүд нь хараагүй шахам болжээ. Хоёр настай хүүхэдтэй, нөхөр нь цэрэгт байдаг гэнэ.

• Найз нартайгаа баяр тэмдэглээд халамцуу явсан эмэгтэйг микроавтобусны жолооч, кондуктор хоёр олон хүний нүдэн дээр зодож гэмтээсэн гомдлын мөрөөр сурвалжлага. Замын цагдаа дээр очиход тоохгүй болохоор нь 1952 луу залгахаар өөр арга олсонгүй. 

• Сурвалжлагч “камертайгаа” явж байтал шөнийн харанхуйд 8 настай ачтайгаа бүдчин тэмтчих тахир дутуу хөгшин тааралдахад уулзаж учрыг магадлаад (ач нь сургуульд орж чадаагүй) өрөвдөж эхлээд дэлгүүрт, буцаагаад гэрт нь хүргэж өгчээ. Үйлчилгээ багтсан иж бүрэн сурвалжлага байна.   

• Хойт хашааны айл нь угаадсаа тэдний хашаа руу асгаад байна гэсэн гомдлын мөрөөр очиж нотлох баримтын зургийг авлаа. Дэлгэцнээс үнэртэх шиг л болов. 

• Өвөрхангай аймагт амиа хорлосон цэргийн албан хаагчийн ээжтэй уулзуулав. Тэр ээж: Би хоёр дүүг нь яаж цэрэгт явуулах юм бэ? Цэрэг гэдэг чинь тамын тогоо юм уу? хэмээн уйлсаар …  

• “Шавь” цогцолбор сургуулийх удирдлага хичээлийн шинэ байр барих газрын 30 см зузаан цасыг сурагчдаар цэвэрлүүлж байна гэсэн эцэг эхчүүдийн гомдлын мөрөөр очжээ.

• Зальт этгээдүүд бааранд сууж байсан эмэгтэйн цүнхийг хулгайлаад гарахдаа бас болоогүй баарны хамгаалагчийн утсыг “ганцхан яриад өгье” гэж хэлээд авч зугатсан ч нэг нь баригджээ.

• Ажилд зуучилдаг компани 25 мянган төгрөг хурааж аваад аль нэг компани руу явуулсан боловч цаадуул нь аваагүйн улмаас хохирсон эмэгтэйн гомдлын мөрөөр сурвалжлага. Мөнгийг нь буцаахгүй гэнэ ээ.

• Нэгэн иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хүүхдээ суралцуулахаар хөөцөлдтөл Наранцэцэг гэдэг эмэгтэй 7000 доллар нэхсэн тул сэтгүүлчийг микрофонтой нь дуудаж байгаад дахин залгаж яриаг нь сонсгоход цаадах нь “Энэ мөнгийг би ганцаараа авахгүй сонгон шалгаруулах комиссын гишүүдэд тарааж өгнө” гэхчлэн аймаар “шударга” юм ярьж байх юм. Харамсалтай нь TV8 эрэн сурвалжлага хийсэнгүй. Ядахдаа цагдаад өгөөсэй билээ.

• Хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй настай охиныг эмчилгээний 120 мянган долларын зардлыг Солонгосын тал даах болсон ч замын зардалгүй тул тусламж гуйж байна.

• 25-р эмийн сангийн уулзвар дээр нэгэн залуугийн машиныг 57-87 дугаартай машин мөргөсөн гомдлын мөрөөр хийсэн сурвалжлав. Мөргөсөн этгээд “би цагдаагийн ажилтан. Надаас юу олж долоох юм бэ?” гэж аархаж байжээ. Замын цагдаагийнхан ирээд тэр нөхрийг 1,7-ын согтууралтай байсан ч зүгээр орхисон мөртлөө залуугийн үнэмлэхийг хурааж аваад ЗЦГ дээр очоорой гээд явчихаж. Залуу арга буюу TV8-ыг дуудахад тэр “цагдаа” машинаа түгжээд зугатав.

• Смарт худалдааны төвөөс авсан даршилсан өргөст хэмх өттэй байсан тухай гомдлын дагуу очиход дэлгүүрийн эзэн “Бид буруугүй, нийлүүлсэн “Баясах трэйд” буруутай” гэв.

• Цагдаагийн ажилтан согтуугаар таксинд сууж үйлчлүүлээд мөнгөө төлөөгүй бөгөөд жолоочийг нэхээд байхлаар нь гэртээ оруулж зодсон тухай гомдлын дагуу ирсэн сурвалжлагч Пүрэвжаргал уг жолоочтой хамт шөнийн 02.10-т тэр цагдаагийн гэрт очиж хаалганых нь хонхыг дарсан ч онгойлгосонгүй. Ямар эвдээд оролтой биш…

• Нэгэн байрны орцанд хүүхдүүд олон лааг зүрхэн хэлбэртэйгээр байрлуулж асаагаад орхисон тухай орцны жижүүрийн дуудлагын дагуу очжээ. Хайр дурлалын асуудал биз, гэхдээ гал гарвал инээд биш ханиад … 

• 2008 онд Ховд аймгаас ирсэн наян гарсан эмээгийн ганц хүү нас барж харж хандах хүнгүй болсны дараа хашаандаа түр байлгасан айл нь цагдаагийн газарт аваачжээ. Цагдаагийнхан Өлзийт хороонд байж магадгүй гэсэн хөөрхий тэр хөгшний дүүгийн зээ хүүг олж өгөхөөр хөдлөхөөсөө өмнө TV8-ыг телевиз дуудаж танилцуулав.

• 5-р хорооллын нэгэн СӨХ-д орцны жижүүрээр долоо хоног ажилласан ч байр нь маш хүйтэн тул дулаацах гэж ажлын байраа арга буюу орхиж явсан, улмаар ажлаасаа гарсан эмэгтэй долоо хоног ажилласан 40 мянган төгрөгөө авах гээд чадаагүй тул телевиз дууджээ. СӨХ-ийн дарга хүүхэн “чи муу ажилласан, өгөхгүй” гээд хашгирч байх юм.

• Архангай аймгийн Тариат суманд нэгэн залууг сүхдэж хүнд гэмтээсэн этгээд ямар ч хариуцлага хүлээгээгүй талаар аав, эхнэрийнх нь гомдлын мөрөөр. Залуу хэвтрийн болжээ.

• Нимгэхээн манцуйтай гурван сартай хүүхдийг өдөржин тэвэрч “Мөнгөн завьяа”-гийн дэргэд гуйлга гуйж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр очиход хүүхэд тэвэрч суугаа залуу: “Манай эгчийн хүүхэд юм аа. Орой 7-8 хүртэл сууна. Ээж нь сая хорин хэдэн мянган төгрөг аваад явсан” гэж хээв нэг ярьсан бол тэр хавийн иргэд:”Хэдэн залуу ирж мөнгийг нь авдаг” гэжээ. Сэтгүүлч Минжин энэхүү мэдээллийг хүүхдийн байгууллагуудад хаяглав.

• Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Баатар уулнаас хууль бусаар огтлоод зөөж байна гэсэн гомдлыг утсаар авч сонсгов. Нойтон модтой 13 машин модыг уулнаас буулгаж байхад мэргэжлийн байгууллагууд хараагүй юм шиг өнгөрсөн гэнэ.

• Дөрвөн жилийн өмнө эмчийн буруугаас болж өрөөсөн нүдгүй болсон иргэн утасджээ. Тэр үед “Ард түмний мэдээ” гэж байгаагүй учраас өдий хүрсэн биз. 

• G-Mobile компаниас худалдаж авсан интернэт модем амалснаас 5 дахин удаан ажиллаж байна гэсэн гомдол тавихад нь “өөрөө цааш борлуул”гэжээ. Хэрэглэгч 1952 луу залгасан хэрэг.

• Хоолой нь боогдоод эмнэлэгт очсон хүүхдийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эмч ганц тариа хийсэн болоод “манай дүүргийн харъяалал биш” гээд Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү пааслахад ар гэрийнхэн нь таксигаар аваачих гэж бөглөрч явсаар хүрэх хооронд хүүхэд нь нас барсан тухай ар гэрийнхний гомдлоор дээрх хоёр эмнэлгийн хооронд явж сурвалжлав. Дэндүү харамсалтай.

• Сүхбаатар дүүргийн хүүхдийн 2-р эмнэлэгт үзүүлэх гэсэн эхчүүд олон цагаар оочирлож байгаа тухай гомдлын мөрөөр очжээ. Оочирлосоор байв. 

• Хэсгийн эмнэлэгт заавал улавч өмсгөж 100 төгрөг хурааж байна гэсэн гомдлын мөрөөр явж тайлбар сонсов. Ариун цэврийг сахиулсан юм байна.  

• 8 сая төгрөгөөр машинаа даатгуулсан эмэгтэйн даатгалын мөнгөө авч чадахгүй байгаа гомдлын мөрөөр очиж маргаанд оролцов. 

• Хонхор өртөөн дээр 2009 оны 10-р сарын 30-нд нэгэн эмэгтэй шөнө ухсан нүхэнд унаад нас барсан олджээ. Гэтэл сар гаруйн дараа БЗД-ийн цагдаагийн ахмад Ганболд талийгаачийн настай ээжийг нь бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж, бас 10 настай охиноос нь хальт асуугаад хэргийг хаасан байна. Гэтэл хэрэг гарсан өдрийн 18 цагийн үед Энхтөр, Амартүвшин хоёр гэдэг залуу талийгаачийг гэрээс нь авч явсан ба цагдаагийн ажилтан “Би тэр хоёр залууг танайх руу явуулсан, тохиролцоогүй юм уу” гэж гэрчийн хажууд ярьж байжээ. Өнчирсөн гурван хүүхэдтэй нь хоцорсон ээжийнх өмнөөс хэн нэгэн 1952 луу залгасан бололтой.

• Шөнийн 03 цагийн үед Солонгос улсын ЭСЯ-ны гадна очиход 40-өөд хүн оочирлон зогсож байгааг харуулав. Зурагтаар үзээгүй бол итгэмээргүй юм.

• “Зуун наст” эмнэлэгт согтуу залуу орж ирээд тусламж хүсэхэд эмч түр хэвтүүлээд эргэх зуур нь хулгай хийгээд зугатсаныг цагдаагийнхан баривчилжээ.

• Шилэн хөөргийг манан хөөрөг гэж хууртан 135 мянган төгрөгөөр худалдаж аваад хохирсон иргэний гомдлын мөрөөр очиход худалдсан, авсан хоёр камертай сэтгүүлчийн хажууд чи, би-дээ тулж тун ширүүн үзэлцлээ.

• Шоронд 20 жил суугаад гарч ирсэн 57 настай эр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гэр орон гуйх санаатай гэж 9 сар явж байгаа талаар Төрийн ордны гаднаас үзүүлэв. Өглөө болгон Мааньтад байдаг найзынхааа гэрээсээ гарч алхсаар 10 цагт ирдэг гэнэ. Сурвалжлагын ачаар АСА циркийн дотор гарч байгаа үзэсгэлэн худалдаанаас түүнд цагаан сарын тавгын идээ бэлэглэв.

• Орон сууцны дээд давхрын айлаас нь ус алдсан гомдлын мөрөөр сурвалжлав. Согтуу эмээ хаалгаа түгжээд унтчихсан байж. Цагдаагийнхан ирж хаалга тогшиход сэрээгүй тул онцгой байдлынхныг дуудаж, тэд дээврээр дамжин 5 давхрын цонхоор орж усыг зогсоогоод эмээд хэлэхэд огт тоохгүй буцаад унтлаа.

• Гоо сайхны салонд шулуун хими хийлгэсэн эмэгтэйн үс халцарч эхэлсэн тухай гомдлын мөрөөр очжээ. Дэндүү харамсалтай.

• Эрэлийн байрны 9 давхарын айлаас ус алдсан эзгүй айлын хаалгыг онцгой байдлынхан онгойлгож орж байгаагийн гэрчээр сэтгүүлч байлцав. Мэдээж камертайгаа.  

• СХД-ийн 20-р хорооны конторын дэргэд үүрийн 5 цагийн үед очиход 70 мянган төгрөгийн бичиг баримтаа авах гэсэн хүмүүс хэдийнэ зогсож байгааг сурвалжлав. Эхний эмэгтэй Эмээлтээс иржээ. “Зэргэлдээх орцонд ороод дулаацаж болохгүй юу?” гэхэд “Оочироо алдчихна”, бас нэг эмэгтэй “Би өчигдөр 7 цагт ирээд оройн 11 хүртэл зогсоод чадаагүй болохоор өнөөдөр эртхэн ирлээ. Манайд ажил хийдэг хүн байхгүй ээ” гэв. Хорооны ажил 09 цагаас эхлэх ажээ.

• Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гал гарч нэг айлын 5 хүн амиа алдсан аймшигт явдлыг шөнийн 05 цаг 30 минутад очиж сурвалжлав. Цагдаагийнхан тэр хашааг хамгаалалтанд авч зураг авахуулсангүй.

• БХИС-ын удирдлага, технологийн сургуулийн оюутнууд дээшээ илтгэж цөхрөөд “Ард түмний толь”-д ханджээ. Хичээлийн байр дэндүү хүйтэн учраас гадуур хувцастайгаа хичээллэж байх юм.

• Газар тариалангийн компанийн захирлууд ХХААХҮЯ дээр ирж улсад тушаасан улаан буудайны мөнгөө авах шаардлага тавьж бужигнуулахдаа сайдад биш TV8-д найджээ. Захирлууд бас л ард түмэн юм байна. 

• Хятад барилгын компани орчуулагчдаа цалин өгөхгүй луу унжсан гомдлоор очиж цугтаа нэхэлцэв.

• Баянзүрх дүүрэг дэх нийтийн орон сууцны гаднах нийтийн жорлон бөглөрсөн тухай гомдлын дагуу очив. Сурвалжлагчид үнэртсэн байж таарна.

• Дээд айлаас ус алдсан гомдлын мөрөөр хийсэн сурвалжлага. Тэр айлынхан өөр хоорондоо зодоон хийж төмөр трубагаа зад татжээ.

• Улсын төв номын сангийн дэргэд үйлчлүүлэгч сахиад зогсож байсан машинтай залууг өрсөлдөгчид нь орлого хаасанд дургүйцэж муудалцан улмаар машинаараа хөөж Бөхийн өргөөний орчимд гүйцэж зогсоогоод зодож байхад нь эргүүлийн цагдаа нар баривчлаад байхад нь сурвалжлагч явж очив.

Үнэхээр сэрдхиймээр, уур хүрмээр, харамсалтай, бас инээдтэй гээд есөн шидийн гомдлыг сурвалжилжээ. Зарим нь тун шалихгүй. Гэхдээ энэ бүхэн манай өнөөдрийн амьдрал. Харин одоо TV8 телевиз урьд үзүүлсэн зарим онцгой хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөсөн, юу болж дууссан, дуусаагүйг эргэж сурвалжилмаар юм байна. Иргэд зөвхөн зурагтаар гарч ганц удаагийн сенсаац, зугаа болох гэж сэтгүүлчийг (бас камертай нь) дуудаагүй байж таарна. Зарим хүний хувьд 1952 сүүлчийн найдвар байсан шүү!

Posted in + ТЕЛЕВИЗ, TV8 телевиз | 8 Comments »

Бүх юмны тухай сэтгүүл

Posted by Бид on 2010/03/14

Дахиад гадаад нэртэй, гялгар хуудсуудтай сэтгүүл мэндэллээ. Редакцийн зурваст “Imagine” буюу төсөөлөл хэмээн сэтгүүлээ нэрлэсэн маань учиртай. Бид уншигч таныг “Төсөөллөөс чинагш ертөнцөөр аялуулах” нандин зорилго өвөртөлсөн учраас сэтгүүлээ ийнхүү нэрийдсэн юм” гэжээ.

Анхны дугаарт төсөөллөөр бус бодитой багтсан нийтлэлүүд гэвэл, эдийн засгийн хямралын талаар эдийн засагчдын ярианууд, төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын “Монгол Улсын хөгжлийн оньс бол Оюутолгой биш, төр олон нийтийн итгэлцэл” ярилцлага (өөрийн хүүхдийг Гадаад харилцааны яаманд дадлагажигч нэрээр сэмхэн шургуулаад төрийн албан хаагч, дипломат болгож амжсан энэ этгээд юу гэж донгодсоныг уншиж зугаацаарай), дэлхийн 66 улсаар аялж яваа Амайн тэмдэглэл, Алтан ураг хамтлагийн ахлагчийн яриа, Норовбанзад агсны тухай “Уяхан замбуутивийн наран дор эгэлгүй мөнхөд оршигч хүмүүн нийтлэл (маш сонин зургуудтай), ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой хийсэн “Хүн өөрөө төгс биш юм” (тэрээр “Ардчилсан намынхан сонгуулиар бүр дөрвөн сая төгрөг амалсан юм байна шүү дээ. Эхлээд сая, дараа нь хоёр, гурав, тэгээд 2012 он гэхэд дөрвөн сая болгоно гээд хэлчихсэн юм байна” хэмээн илчлэв), загвар өмсөгч Ч.Содтуяа, рок мангас Р.Мөнхсайханы охин Сонор, Ерөнхий сайд асан М.Энхсайхан (“Фитнесс миний хувьд жаргалтай мөч шиг санагддаг”), профессор Г.Лхагваа (“Хүн махан хоолноос татгалзсанаар насаа 33 хувь уртасгах боломжтой”), нохой судлаач С.Нямсамбуу (“Миний санаж байгаагаар улсын начин Баттогтох Токий гэдэг немц овчаркийг 10 сая орчим төгрөгөөр авч байсан гэж сонссон”), дуучин BX-тэй хийсэн гээд голдуу ярилцлагууд байна. Завсраар нь Дубайн цамхагууд, хувцасны загвар, Болор цом ялагчийн шүлэг, Астон Мартин V12 Vintage шинэ загварын машин, Ларри Кингийн дуучин Beyonce-тай хийсэн ярилцлага, америкийн оддын хов жив, 2009 оны теннисын ертөнцийн сонин хачин, Америкийн NFL-ийн багуудын нэр, NHL-багуудын тоглолт, Хаммер клуб, Андерсены Улаан шаахай өгүүлэл, Грэммийн шагналтнууд, текс мессежнээс болгоомжлох (аюултай эд байна шүү!), санхүүгийн үг хэллэгийн товчлол, Маркетинг гэж юу вэ? Ниссан, Хятадын эдийн засгийн хөгжил, шинэ загварын цаг, Бархасбадь гаригийн танилцуулга, Барак, Мишель хоёрын хамтын амьдрал, эмчийн зөвлөгөө, аялахад хамгийн тохиромжтой улсуудын жагсаалт, нөхрүүдийн хэзээ ч хийж болохгүй 10 зүйл, хоолны жор, асуулга, хуурамчаар өлсөх 4 шалтгаан, зурхай гэх мэт. Бас бизнесийн сэдэвтэй хэдэн англи текст “тоон доторх үсэг” шиг цохиж явсан. Мэдээж рекламын хуудсууд.

Энэ бүгдийг яаж багтаав аа! Гарчигнууд маш жижиг, нэг нийтлэлд бүр алга байсны ачаар уу? Сэтгүүлийн дизайны шинэ ололт байх.

Аваад эргүүлбэл унших юм заавал олдох, өөрөөр хэлбэл бүх хүнд зориулж бүх юмны тухай бичсэн сэтгүүл байна. Чухам энэ нь эргээд маш их хүч хөдөлмөр зарж бүтээсэн Imagine болон төстэй сэтгүүлийн дутагдал болж хувирдаг. Бүх юмны тухай гэдэг бол юуны ч тухай биш гэсэн үг. Уншигчид дараачийн дугаарыг тэсэн ядан хүлээж хэвлэгдэн гармагц нь худалдаж авахын тулд чухам хэнд зориулсан юуны тухай сэтгүүл болохыг ядахдаа төсөөлөх ёстой. Харамсалтай нь, анхны дугаараас “олон сонирхолтой нийтлэлүүд багтжээ” гэхээс өөр төсөөлөл төрсөнгүй.

Загвар өмсөгч Ч.Содтуяа яриандаа “бусдаас онцлог дүр төрхийг гаргасан” байхыг тус сэтгүүлд ерөөжээ. Яг үнэн. Бусдаас өөр байхын тулд эсвэл агуулгаар, эсвэл арга хэлбэрээр, эсвэл аль алинаар давтагдахгүй байх учиртай. Тэр алга. Өнөөдөр манай сэтгүүл эрхлэгчид бие биенээ дууриан чамирхсаар байгаад англи нэр хүртэл өвөрмөц биш болжээ. Монгол хүмүүс монголчууддаа зориулсан мөртөө “Имээжин” гэх дэмий.

Posted in + СЭТГҮҮЛ | 9 Comments »

Намаа засаад төрөө…

Posted by Бид on 2010/03/12

Сүхбаатарын талбай дээр хэдэн жил дураараа дургиж төр засгийг шүүмжилсэн жагсаал цуглаанаар алдаршаад тэр чигээрээ УИХ руу дайрч орохыг хүссэн ч ялагдаад “сонгууль шударга бус болсон” гэж хашгичсаар баахан залуусыг турхирч үймээн самуун дэгдээсний улмаас МАХН-ын байр шатаж хэдэн хүний амь үрэгдсэний дараа шоронд суух болохоороо нөгөө үзэн ядаад байсан төр засгийн тэн хагас болох АН-ын өвөрт наалдан аврагдаж, дараа нь өршөөгдөнгүүтээ хуучнаа санагалзсан Магнай, Батзандан хоёр 2010 оны 3-р сарын 11-нд МҮЭ-үүдийн СТО-нд Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөнүүдийн их хурал хэмээх заалны цуглааныг зохион байгуулж тэндээсээ миний барагцаалснаар хоёр зуугаад хүний жагсаалаар Энхтайвны өргөн чөлөөгөөр явсаар Төрийн ордныг нар буруу тойрон төмөр хашааны баруун хаалган дээр ирж Нямдорж, Ламбаа сайдуудыг огцор гэсэн шаардах бичиг гардуулаад тарсан байна.

Тэд хаягаа “андуурчээ”. Талбайн зүүн талд СТӨ ба Дуурийн театрын дунд хавчуулаастай АН-ын байранд очих байсан юм. Яагаад вэ гэвэл Магнай, Батзандан хоёр өөрсдөө төрийн эрхийг тэв тэнцүү барилцаж байгаа тул хариуцлагыг тэв тэнцүү хуваалцах ёстой АН-ын гишүүд учраас “намаа засаад төрөө засах” ёстойгоо “мэдээгүй шдээ”  болж жүжиглэв. Олигархуудаас цэвэрлэх гээд байгаа төрийн тэн хагас болсон намынхаа олигархуудыг харахлаараа нүдээ буруулан дальдчих атлаа (иймээс МАХН-ын олигархуудаас нэрлэж бас чадахгүй) гудамжинд гараад агсарч эхэлдэг юм байна.      

Тэд хаврын цэнгэг агаарт “Бидэнд амьсгалах агаар ч алга” уриан дор нийслэлийн төв гудамжаар ер бусын эрх жагслаа. Хэвлэл мэдээлэл метр болгоноор нь сурталчилж өгөв. Магнай, Батзандан нар нөгөө 5 хүний амийг нэхэх болов уу гэтэл үгүй аж. Ингэж “мартсаны” хариуд эрх баригчид ер бусын сайхан аашлан Энх тайвны өргөн чөлөө болон Сүхбаатарын талбай, Төрийн ордон тойрсон замуудыг хааж их хотын хөдөлгөөнийг гацаан машин тэрэгнүүдийг хажуугийн гудамжуудаар чихэлдүүлж мянга мянган хүнийг ажил албыг алдуулан үйлчилж өглөө. Нэг нь 7-р сарын 1-ны үймээн самууныг дэгдээсэн, нөгөө нь 5 хүнийг хөнөөсөн хоёр тал бие биенээ тун сайн ойлгожээ.

Жирийн иргэд л хохироод юмуу чирэгдээд үлдэх юм даа.

Read the rest of this entry »

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ, Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Төвөгтэй сонин

Posted by Бид on 2010/03/11

“Зар мэдээ, сурталчилгаа” ба “Шуурхай зар” хоёрын хүч тэнцүү ноёрхож байгаа зарын сонины зах зээлд нэвтрэх оролдлого тасрахгүй юм.

Оны эхэнд баруун дөрвөн замаас уруудаад, “Рокмон” төвийн урд томоос хаягаа зүүж зар сурталчилгааны хувьсгалд хичээнгүйлэн бэлтгээд цагаан сарын дараа хэвлэлийн хурал зарлан ил гарч ирлээ. Өөрсдийгөө “Бид зөв сэтгэлгээтэй монгол хүмүүс” гэж танилцуулсан гурван залуу үүсгэн байгуулжээ. Тэд Монголд зарын сонины зах зээл тогтчихсон байгааг хүлээн зөвшөөрөөд “томчууд”-ыг ямар аргаар унагахаа тооцоолжээ.

Долоо хоногт адилхан хоёр удаа гарна, зарын хайлт хийхэд хялбаршуулсан бүтэцтэй, элдэв тэмдэглэл хийх тусдаа хуудастай, ердөө 250 төгрөгийн үнэтэйгээс гадна уншиж ашигласан сониноо буцаагаад тэр үнээр нь тушааж болно. Иймээс “Иргэний зарыг иргэнд үнэгүй” уриатай.  Бас урдаа нэгэн тэргэнцэр тавьчихсан “сэтгүүлчдийн тусламжтайгаар хэрэгтэй хүнийг олж олгоно”, цаашдаа хандивын булан нээн тусламж авах хүсэлтэй иргэдийн санал авч, ивээн тэтгэгч байгууллагуудтай холбож өгнө гэв.

Тэд сониноо буцааж авах журмаа дахиад л дэлгэрэнгүй ярьснаас үзэхэд, баримт бичигтэй ирээрэй, регистрийн дугаараар авна, нэг хүнээс нэг дугаараас нэгийг л авна, сонин дээр бичиж зурсан, тэмдэглэл хийсэн, гэмтсэн байж болно, гагцхүү харин хуудас бүтэн байх ёстой…

 Анхны дугаар амалсан ёсоор 3-р сарын 1-нд хэвлэгдэн гарлаа. “Иргэний зар” хэмээх ногоон толгой нь дажгүй. Харин дор нь уншсан сониноо буцаан тушаах цэгүүдийн хаяг, журам (хуудасны тоог дутааж болохгүй, өөрийгээ гэрчлэх бичиг баримттайгаа ирэх гэх мэт) гээд нөгөө л танилцуулга харагдана. 250-хан төгрөгийн төлөө юун түвэгтэй юм бэ?  Доторх цөөн хуудсыг эргүүлбээс эхлэл төгсгөлгүй нэвсийсэн зарууд. Нөгөө “хялбаршуулсан бүтэц”  олдсонгүй.

“Иргэний зар”-ыг үүсгэн байгуулагч залуус шинэ бизнестээ бүтээлчээр хандаж уншигчдыг татах чамин аргуудыг бодож олсон ч түүндээ хэт автаж зарын сонины хувьд хамгийн чухал нь зар гэдгийг орхигдуулжээ. Иймээс дараачийн дугаарууд амалсан хугацаандаа үзэгдсэнгүй.

Гэхдээ тэд шантраагүй гэдэгт найдья.

Posted in + СОНИНУУД | 1 Comment »

Зарлал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ байршуулна уу

Posted by Бид on 2010/03/10

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг http://www.televiz.mn, http://www.khevlel.mn, http://www.radiostants.mn сайтуудад мэдээллээ байршуулахыг урьж байна.

           

Posted in + РАДИО, + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Ес далан зургаа гэж юу вэ?

Posted by Бид on 2010/03/06

Энэ бол өнгөрсөн сард мэндэлсэн шинэ сэтгүүлийн нэр. Анхны дугаарыг авч үзээд ямар учиртай нэр болохыг хайгаад олсонгүй. (Үг үсэггүй уншаагүй тул өнгөрүүлсэн байж мэдэх юм) Лав ерөнхий эрхлэгч Б.Жаргалангийн оршил үгэнд алга. Иймээс Монгол улсын утасны кодоор сэтгүүлээ нэрлэсэн гэж таав.

Сэтгүүлийн зорилго дараах тайлбараас ойлгогдоно.

Эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлыг баримтад тулгуурлан сурвалжлахын зэрэгцээ хүмүүс, соёл урлаг, технологи, загвар зэрэг хорь гаруй тогтмол булантай цоо шинэ сэтгүүл юм. Боловсролын түвшин, сонирхлын хүрээ, худалдан авах чадвараараа Монголдоо тэргүүлж буй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан. Тэд бол удирдагчид, байлдан дагуулагчид. Иймд бид зөвлөгч, шинэчлэгч, тэнцвэржүүлэгч байхыг зорьж байна.

Өнөөдөр Монгол залуус Харвардад сурч, Майкрасофтод ажиллаж байна. Тэдний боловсролын түвшин, сонирхлын хүрээ, худалдан авах чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж тэд Монгол улсын ирээдүйг тодорхойлдог болж байна. Тэд бол удирдагчид, сэтгэгчид, байлдан дагуулагчид. Тэд дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн хэмжээнд сэтгэдэг. “Ес далан зургаа” сэтгүүл тэдэнд зориулагдсан. Учир нь тэд өөр зүйлийг хүсч байгаа. Шар мэдээ, хадмал орчуулга, хоосон ярилцлага, хулгайн гэрэл зураг төдий сонин сэтгүүл тэдний шаардлагыг хангадаггүй. Тэд бодитой, тоо баримттай, дүн шинжилгээтэй мэдээлэл авахыг хүсдэг. Тэд аливаа зүйлд бүтээлчээр хандаж чөлөөтэй сэтгэж, идэвхитэй эрэл хайгуул хийж чадах сэтгүүл уншихыг хүсдэг. Ийм МОНГОЛ сэтгүүл гарахыг тэд тэсэн ядан хүлээж байгаа.

Хуурай сүүгээр найруулсан ба гашилдаг жинхэнэ сүүний ялгааг хэлж өгсөн “Монгол сүү юу? Monmilk үү?” багц өгүүлэл болон www.biznetwork.mn сүлжээний үүсгэн байгуулагч В.Баярсайхантай хийсэн “Технологийн хөгжлийг толгойлоод явж байдаг хэсэг хүмүүс байдаг” ярилцлага, нийгмийн сүлжээтэй холбоотой тайлбарууд анхаарал татлаа. Бусад нь залуучуудад зориулсан элдэв сонирхолтой нийтлэл, цуврал зургууд байна. Харин энэ бүхнээс сэтгүүл маань юугаараа чухал, өөрөөр хэлбэл дараачийн дугаарыг худалдан авч унших том шалтгааныг олж харсангүй. Хичнээн сайн нийтлэлүүдийг ч зүгээр нэг эмхэтгэх нь шилдэг сэтгүүл болоход хангалттай биш болов уу. Магадгүй залуус надаас өөрөөр шийдэж байнгын уншигчид нь болбол сайн хэрэг.

Тус сэтгүүл http://www.esdalanzurgaa.com  гэсэн эвтэйхан вэб хуудастай ба тэндээс сэтгүүлийн хуудаснуудын ерөнхий дүр төрхийг харж болно.

Posted in + СЭТГҮҮЛ | 4 Comments »

МоЭнКо-гоос захиалга иржээ.

Posted by Бид on 2010/03/06

Саяын зуднаар уул уурхайн сэдэв хэсэг татарсан ч уул уурхайн компаниуд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн нэрээр Монголын үндэсний олон нийтийн телевизийг захиалгаар таслахгүй “Хөгжлийн тулах цэг” нэртэй нэвтрүүлгээ явуулсаар ирсэн юм. Өнгөрсөн 7 хоногийн дугаараар гэхэд МҮОНТ-ийн сурвалжлагч Өмнөговь аймагт нээгдсэн дээрх ассоциацийн төлөөлөгчийн газрын нээлт, “Байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлье” семинарт оролцоод авчирсан сурвалжлага үзүүллээ. “Энержи ресурс”, “Саусгоби сэндс”, “Оюу толгой” зэрэг компаниуд байгаль орчныг хэтэрхий сайн нөхөн сэргээж байгааг магтахын зэрэгцээ МУУҮА-ийн ерөнхийлөгч До.Ганболдтой хамтран “Таван толгой” ХК төрийн өмчтэй учраас муу нөхөн сэргээж байгааг шударгаар шүүмжиллээ. Төгсгөлд нь шударга сэтгүүлч маань нэрээ бичсэнгүй. Лав хоёр жил үргэлжилж байгаа “Хөгжлийн тулах цэг”-ийг бүтээгчид нь нэр, хаягаа хэзээ ч тавьж байсангүй.

Өнгөрсөн сард Хөшөөтийн уурхайн асуудал олон нийтийн төдийгүй төр засгийн анхаарлыг татаж аль социализмын үед зөвлөлтийн геологичдын хайгаад илрүүлчихсэн Хөшөөтийн орд газарт яагаад хонконгийн хэдэн хятадад хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн (тэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр тавиад тэрбум тэрбум доллар босгож байгаа ), бас стратегийн орд газрын жагсаалтанд багтаах шаардлагатай эсэх талаар маргаан дэгдсэн билээ. Үүнийг ихэнх арилжааны телевизүүд нэлээд дэлгэрэнгүй сурвалжилж өдөр тутмын сонинууд асуудал дэвшүүлсэн олон өгүүлэл нийтэлсэн юм.

Харин МҮОНТ нэг л дуу муутай байсан. Тэд захиалга хүлээж байжээ. 3-р сарын 3-ны Лхагва гаригийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн хэд хэдэн сумын малчдад МоЭнКо гэдэг буянтай компани тусалж байна гэсэн нэр хаяггүй сурталчилгааны сурвалжлага гэнэт гарлаа. Бүр Ховд аймагт очиж газар дээрээс нь бэлтгэсэн байх юм. “Гэхдээ ганц сурвалжлагийн төлөө тийшээ нисэж очмооргүй юм даа?”

Үнэхээр тийм байна. Маргааш орой нь “Хөшөөтийн уурхай бүсийн хөгжилд” гэсэн захиалгат нэвтрүүлэг үзүүллээ.

Эхлээд МоЭнКо компани Ховд аймгийн зарим сумдын малчдад их хэмжээний тусламж гардуулан цуглааны арга хэмжээ, тэр  үеэр сумын Засаг дарга нар болон малчдын талархлыг оруулжээ. Дараа нь “Хөшөөтийн уурхайн талаар олон нийт ямар ойлголттой байдаг вэ?” гэсэн тэс өөр асуулт тавьсны дараа МоЭнКо-гийн сурталчилгаа эхлэв: … Олборлолт огт явуулаагүй … Зөвхөн шинжилгээний хэдэн тонн нүүрс гарсан… Энд хятад иргэд байхгүй. Хэдэн хүн ирээд явсан … Гол хувьцаа эзэмшигчид нь Америк, Хятад, Австралийн иргэд… Олборлолтоо эхлэхээс өмнө хатуу хучилттай зам тавьж байгаа… [МоЭнКомпанийн албан тушаалтнуудын яриа… тус компанийн зардлаар суралцаж байгаа оюутнуудын яриа… МоЭнКо компанийн тусламж үзүүлсэн аймгийн МСҮТ-ийн сурагчид, хүүхдийн ордны багш нарын яриа…]

Орон даяар сурталчилгаа хийж өгсөн уг нэвтрүүлгийн төгсгөлд ердөө л “2010 он” гэжээ. Бусад хэвлэл мэдээллээр шуугиад байгаа маргаан дэгдээсэн олон асуултыг огт хөндсөнгүй.

МоЭнКо компани нутгийн малчид ба олон нийтийн телевиз хоёроос нь эхлээд Монгол улсыг ховх худалдаад авчих юм байна.

Маргааш нь дахиад л МоЭнКо компани Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн усны асуудалд онцгой анхаардаг,  бас зам тавьж байгаа тухай сурталчилгааны сурвалжлага гарч байлаа.

P.S:

Тэр орой “Усны эрчим хүчний шинэ гараа. Дөргөний УЦС” нэвтрүүлэг үзүүлэв. Түүнийг байгуулсан төслийн явц, хэрхэн баригдаж дууссан түүхийг нэгбүрчлэн танилцуулж, Дөргөний УЦС баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь тус цахилгаан станцыг барих шийдвэрийг удаж гаргасан, дэмжлэг дутагдсанаас болсон гэхчлэн тайлбарлав. Төгсгөлд нь “Дөргөн УЦС-2010” гэжээ.  Дараачийн захиалгат нэвтрүүлэг байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МАХН, АН-ын ачаар…

Posted by Бид on 2010/03/06

Ер бусын хүйтэн өвөл хөдөөгүүр ямар байгааг хотын бид телевизийн ачаар зөндөө үзлээ. Малынхаа тэн хагасыг үхүүлчихээд “яаж ч чадсангүй” гээд хэнэггүй зогсох муухан дээлтэй малчин эр, “өдий наслахдаа ийм хэцүүг үзээгүй” хэмээн цөхөрлийн нулимсаа ханцуйгаараа шударч суугаа малчин өвгөн бол энэ зудны бэлэг тэмдэг юм. Малчдын энэ мэт яриа хөөрөө, хашаа хороо, ахуй амьдралын дүр зураг өөр олныг үзмээр санагдавч тийшээ хурдан жиип хүлэглэн очоод зудны фонон дээр баатарлагаар зогсох, эсвэл тусламжийн цувааг үдэж зургаа авахуулах УИХ-ын гишүүд, сайд дарга нар халхалчихаад байлаа.  Телевизийн сурвалжлагчид хөдөөгүүр явахдаа зөвхөн дарга нарыг дагадаг учраас тэр.

Юу үзүүлснийг эргээд санахад, хөдөөгийнхөн хамгийн том зааландаа цугларч Улаанбаатараас очсон сайд, дарга нартай уулзалт хийж зовлонгоо ярьж сэтгэлээ онгойлгох үндсэн ажилтай шиг санагдсан шүү.  Сэтгүүлчид дарга дагасаар байгаад хөдөөний хүмүүсийн жинхэнэ амьдралыг олигтой сурвалжилж завдахгүй байх шиг.  Саяын зуднаар малчин айлд очоод “Танайд хоноё” гэсэн сэтгүүлч байв уу? Хөдөөг ХХААХҮЯ-наас сурвалжлахдаа ашиглах баахан дүрстэй буцдаг бололтой.

Сүүлийн үед МҮОНТ-ээр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай гээд баруун аймгуудын талаар тухай зөндөө олон мэдээ, сурвалжлага үзлээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт хөдөөлөхөөр шийдэж нисдэг тэргээр баруун аймгуудын дээгүүр, зарим аймаг, сумдын төвд тэнгэрээс бууж нисэхдээ сэтгүүлчдийг дагуулсны ач юм. Үнэгүй юм байх биш, “Ийм хүнд үед ерөнхийлөгч хүйтэн гэлгүй ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаад иргэд талархаж байлаа” гээд өргөмжлөхийг зөндөө сонсов. Амралтын өдрүүдэд гарсан тусгай нэвтрүүлгүүдийн нэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаваржилт хүндэрсэн аймгуудад” байв. Одоо алзахгүй ээ, баруун аймгийнхан…

Өнгөрсөн долоо хоногоос хойш Завхан аймгаас авчирсан өөр нэг цуврал сурвалжлагууд тасрахаа болив.  Тойрогтоо ажиллахаар нутгийн зүг жолоочийнхоо жолоог залуулсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “сэтгүүлчийг камертай нь дуудах”-аа мартсангүй.

Уржигдар, бас өчигдөр телевизүүдийн хувьд нэг ёсондоо Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгоны өдөр байв. Бүх телевиз ижилхэн шахуу сурвалжлагуудыг бэлтгэж нэгэн зэрэг үзүүлжээ. АН-ынхан пүрэв гариг тутмын “4-11” өдөрлөгөө тэнд зохион байгуулах тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд зарлахад бүгд очсон байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш телевизүүд Сүхбаатар, Дархан-Уул аймгийн талаар хичнээн сурвалжлав даа.  Өчигдөр TV9 телевиз бас нэгэн тусгай нэвтрүүлэг үзүүлэв. Энэ бүхэн бол “Ард түмнээ сонсоё” аяныг зохион дээрх хоёр аймгаас эхлэн зохион байгуулж байгаа МАХН-ын хайр халамж юм. Мэдээж хүссэнээрээ  сурталчлуулж авсан.   

Сенсаац! 

Өчигдөр хэн нэгэн даргыг дагаагүй орон нутгийн сурвалжлага анх удаа олдох шиг боллоо. Хэнтий аймгийн төрийн ажилтнуудын өдөрлөгийн арга хэмжээ болж үнэнч шударгаар ажиллаж ард түмэндээ үйлчлэхээ тангарагласан сурвалжлагыг хэлж байна. Яагаад гэвэл индэр дээр УИХ-ын гишүүн юмуу сайд дарга нараас ганц ч хүн харагдаагүй юм.

Харамсалтай нь бас үгүй ажээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс орон нутагт цуврал арга хэмжээ зохион байгуулахдаа сэтгүүлчдийг авч явсан гэнэ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Оюутны байрны цонхоор …

Posted by Бид on 2010/03/02

Боловсролын сайд оюутны кампусын гоё гоё макет зохиолгоод баахан шоудчихсан чинь барих газар нь олдохгүй хэцүүдэж байгаа бололтой. Газрын албаныхан оюутны нэрээр хотын захад баахан газар хямгадаж аваад сэмхэн зарчихсан гэнэ. Бас ШУТИС-ын удирдлага Баянголын аманд оюутны кампус барих хэдэн га-д аль эрт хаус маусаа шовойлгоод барчихжээ.

Гэхдээ оюутны амьдрал хотын төвд үргэлжилсээр. Өнөөдөр ШУТИС-ын оюутны нэгэн байрны цонхоор урьд урьдынхаас олон уут савнууд бөнжигнөлдөж харагдав. Цагаан сарын дараа аргагүй ээ.

Дараачийн зургуудаас ойртуулж хараарай.

Read the rest of this entry »

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 8 Comments »

Төрийн ордны арын цэцэрлэгийн дурсгалын зураг

Posted by Бид on 2010/03/01

Төрийн ордны ар талд Парламентын шинэ ордон барих асуудал хэдийнэ шийдэгджээ. Хоёр намын хэрэгтэй хэрэггүй олон зөвшилцлийн ээлжит “үр дүн”. 

Ингээд Төрийн ордны араас залгаж хойшоогоо зам хүртэл үргэлжлэх 14 давхар аварга том Парламентын ордны хоёр хажуугийн зайг “ордны арын цэцэрлэг тэр чигээрээ үлдэнэ” хэмээн толгой эргүүлж байна. (Төрийн ордныг дундаас нь буулгаж тэр зайнд мод тариад “хэвээр үлдлээ” гэх юмсан).  Дараа нь харуул, хашлага, зогсоол, хөшөө энэ тэрээр дүүрч л таарна.  Хэдэн жилийн өмнө Төрийн ордны  эргэн тойрон ямар байгаад төмөр хэрмээр хүрээлэгдсэнийг санацгаая.

Уг нь одоогийн Төрийн ордонд эзэн Чингэсийн хөшөө, ёслол хүндэтгэлийн цогцолбороо бараадаад Улсын Их Хурал үлдвэл зүгээр юмсан.  Төрийн ордон нэртэй билээ. Харин Засгийн газрыг (яг үнэндээ Ерөнхий ба хоёр шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг) эндээс нүүлгэж олон яамдууд руу нь дөхүүлбэл таарна. Тусад нь Засгийн газрын даруухан ордон бариад өгсөн ч яахав. Даанч хэдэн жилийн өмнө Сайраан гэж нөхөр монгол төрийн өмнөөс сүржигнэж Парламентын ордон (яагаад төрөх эмнэлэг, орон сууцны хороолол биш гэж?) босгох 12 сая долларыг гуйж олсноо өөрчилж чадахгүй нэрэлхээд, улмаар энэ хэдэн модыг дээрэлхэж байгаа хэрэг.   

Тэгэхээр энэ бол “Төрийн ордны арын цэцэрлэг”-ийн бараг сүүлчийн буюу дурсгалын зураг юм аа.

Posted in Улс төр, эдийн засаг | 5 Comments »

Энхбаяр телевизэд эргэн ирж байна..

Posted by Бид on 2010/03/01

Хагас жил чимээгүй шахам байснаа энэ өвлийн зуднаар малчдад тусламж хүргэж, бас олимпийн Ванкуверт оччихсон, монголчын цаначдыг “түрүүлээрэй” хэмээн уухайлж даапаалснаа ярьж телевизээр хэдэнтээ цухалзсан Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ням гаригийн орой МҮОНТ-ийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцлоо. Сэтгүүлч Ш.Гүрбазар, түүний сургаар үзэгчид олон асуулт ирүүлснийг дурдсан хэрнээ шууд орхиж “Би таныг дэлхийд танигдсан хүн гэж үздэг“ гэж өөрийнхөө өмнөөс асуув.

Ийм жижиг асуултанд Н.Энхбаяр  “улсаа хөгжүүлсээр яваад ийм болчихлоо” хэмээн том хариулахгүй хаачихав. Тэгснээ “Би одоо харьцангуй чөлөөтэй байдалд байгаа учраас хэлчихье” гэж байгаад асуугаагүй асуултуудад хариулж өгөх нь тэр. 

… Би сонгуулийг харамсалтай нь луйвар болсон гэж үздэг. Намайг луйвардаад хавсарч байгаа унагаачихсан… Ард түмэн намайг нэг хэсэгтээ зүгээр сууж бай гэсэн байх. Нэг хэсэг дуугүй харлаа. Сайн юм хийвэл сайн л биз, харъя гэж бодсон. Хараад байхад нөгөө нөхдүүдийн маань хийж бүтээсэн юм багахан маань байна. Өнөөдөр үүнийг хэлэхгүйгээр сайн хүн болж харагдах гээд яахав… Энэ луйврын онцлог бол манай намын, миний удирдаж байсан намын удирдлагууд намын дарга, сонгуулийн штабын даргын оролцоотойгоор, үл оролцоотойгоор хийсэн. Үүний тулд 2008 оны сонгуулиар бэлтгэлээ хангаад 2009 оны сонгуулиар хийсэн. Үүнийг би намын даргын үйлдэл гэж ойлгодог… Хулгайч хүн хулгайгаа нуухайн тулд гэдэг шиг “Үндэсний шуудан” дээр өгсөн ярилцлагадаа намайг өөрөө уначихлаа гэсэн байна лээ…. Намын удирдлагад байгаа цөөн хэдэн хүмүүсийн хийсэн ажил… Тангадын Галсан гуай “Манайхан өөр намын бөхийг засаад малгайг нь өмсүүлчихлээ” гэсэн… Манай эхнэр Цолмонгийн нэр дээр Swisse Credite 1,3 тэрбум доллар байна гэсэн төөрөгдлийг бий болгосон. Сонгуульд дуусаад зарлана гэсэн зарлагдахгүй байна. Credite Swiss гэдгийг Swiss Credite болгож ганц үгэн дээр тоглосон … Хүн муулж амьдрах муухай… Н.Энхбаярыг муулдаг бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн баг, бүхэл бүтэн улс төрчдийн баг бий болжээ…”

Цаашаагаа Оюутолгойн гэрээгээр одоогийн эрх баригчдаас огт өөр баримталж байснаа дэлгэрэнгүй ярив.

Миний мэдэхээс Н.Энхбаяр анх удаа ийнхүү С.Баярыг албан тушаалаар нь дуудаж байгаад өнгөрсөн сонгуульд ялагдсандаа шууд буруутгаад зогсохгүй үүнээс хойш дуугүай суухгүй тэмцэж эхэлснээ мэдэгдлээ. Удахгүй болох МАХН-ын бага хурлаар намын даргын асуудал яригдана…

Н.Энхбаярыг ингэж “чөлөөтэй” яриулахын тулд олон нийтийн телевиз 18.10-аас гарах байсан “Хойд хөршөөр зорчсон тэмдэглэл”-ийг хасч тэр зайнд нь дараачийн хэдэн нэвтрүүлгийг урагшуулж шахаад бараг бүтэн цагийг (хөтөлбөрт уг нь 30 минутийн ярилцлага гэж зарлагдсан) суллаж өгсөн юм.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 11 Comments »

Батбаярын Баясгалангийн “Эх орон”

Posted by Бид on 2010/03/01

2010 оны 2-р сарын 21-нд болсон японы мэргэжлийн сүмогийн их аварга хакухо М.Даваажаргалын хуримын ёслолыг “Эх орон” телевизээр үзүүллээ. Монголоос очиж оролцсон 70 гаруй зочдын талаар танилцуулахдаа нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаяр, хоёрдугаарт гавьяат жүжигчин Т.Баясгаланг нэрлэв. Бас болоогүй “монголын телевизүүдээс зөвхөн “Эх орон” телевиз зураг авах эрхийг авч чадсан юм” хэмээн тодров.

Тэгэлгүй яахав. Цагаар сараар гарсан “Эх орон” телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт кёкүшюзан Батбаяр, өөрийн эхнэр Баясгалангийн хамт оролцож дэлгэцийн доогуурх титрт ажил албан тушаалаа дуучин биш, гавьяат жүжигчин биш, харин “Эх орон” телевизийн дарга С.Баясгалан” (ямар сонин албан тушаал вэ?) гэж бичүүлсэн байлаа. Ийм телевиз даргынхаа уригдсан хуримыг эрхийг ганцаараа олж авах нь зүйн хэрэг.

Манайд телевизүүд тэнгэрээс унасан мэт гэнэт буугаад ирдэг хэвээрээ. Ноднин мэндэлсэн BTV-ийг кёкүшюзан Д.Батбаярынх гэсэн сураг ажиг хэвлэл мэдээлллээр яваад байхад өөрөө албан ёсоор дуугараагүй, гэтэл удалгүй “Эх орон” телевиз түүнийх бол таарсан. Кёкүшюзан Д.Батбаярын хөрөнгө оруулсан уул уурхайн олон компанийхаа нэгэн адил хувийн телевизээ нуугаад ч байх шиг, тэгснээ нуухгүй ч байх шиг (эхнэрээ даргаар нь тавиад). Одоо BTV-ийн эзэмшил дахиад тодорхойгүй болов. Бусад телевизүүдийн мэндэлсэн түүх бас иймэрхүү. 

Тэгэхлээр Харилцаа, холбооны зохицуулах хороо хэзээ, хэнд ямар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар сувгийн зөвшөөрөл олгосон тухайгаа хэвлэлийн мэдээ гаргаад зарлаж сурмаар юм.

Posted in Эх орон телевиз | 11 Comments »