АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Цагийн хүрд” чанарын шаардлага хангаж байна уу?

Posted by Ажиглагч on 2010/02/20

Манай телевизүүд сайд, дарга, албан тушаалтнуудыг дагаж гүйсээр байгаад баримжаагаа алдаад байх шиг. Төрийн хоёр яам, агентлаг ийн хоёр дарга бие биендээ албан ёсны найрсаг айлчал хийж хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад зогсохгүй заавал телевиз дуудаж тэр оройжин бүх сувгаар нэгэн зэрэг гарах нь хавтгайрчээ.  Зөвхөн МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээс авсан ганц нэг жишээ:

… Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурав… Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр харьяа байгууллагуудын дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулав … УИХ-ын тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав…

Бие биерүүгээ утастаад (яах гэж төрийн тусдаа холбоо байдаг, яах гэж утас өгч зардлыг даадаг байна аа?) ажлаа зөвлөлдөх, эсвэл уулзаад (ихэнх яам, хотын захиргаа хэдхэн байшингийн зайтай) хуралдахыг хэн ч буруутгахгүй, гэхдээ үүнд телевиз дуудаж сүржигнэх ямар хэрэг байна аа? Яагаад телевизүүд яам, тамгын газарт болсон хурал семинар, уулзалт яриа бүрийг сурвалжилсаар байгаад сургачихаж. Сүүлдээ зөвхөн телевизээр гарахын тулд энэ мэт ёслол үйлддэг болж байх шиг.

Өчигдөр үдэш МҮОНТ-ийн “Цагийн хүрд” болон бусад мэдээгээр Улсын Их Хурлын тамгын газар, ШУА-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан сурвалжлагыг хэдэнтээ давтан үзүүлэв. Бас болоогүй, араас нь УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдоржийг “Цагийн хүрд”-дээ урьж яриуллаа. Дэлгэцийн доогуур “Өнөөдрийн сэдэв: УИХ-аар хэлэлцэх хуулиуд чанарын шаардлага хангадаг уу?” гэсэн сүрхий асуулт тавьсан ч цаадах нь УИХ-ын тамгын газраас ШУА, Хууль зүйн сургууль, бас Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой гарын үсэг зурах зэргээр “асар их ачаалалтай ажиллаж байгаа”, бас УИХ-ын хэвлэл мэдээллийн алба тусдаа вэб сайттай болсон зэргийг тоочлоо. Энэ хооронд хөтлөгч маань хуулийн чанарыг бүрмөсөн огоорч Төрийн ордны арын цэцэрлэгт парламентын ордон барих асуудлыг тойрсон маргааны тухай бөв бөөрөнхий асуулт дэвсэж өглөө.

Ц.Шаравдорж хэдийгээр УИХ-ын гишүүн байсан ч одоо биш, УИХ-ын гишүүдэд үйлчлэх ёстой УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээ бүрэн умартаж өөрөөс нь ялгаатай нь яг одоо жинхэнэ байгаа хэсэг гишүүдийг сургаж өглөө:

… Төрийн ордны ард талын цэцэрлэгийн 80 хувь үлдэнэ… Парламентын ордон барих тухай УИХ-ын тогтоол 2006 онд гарсан. Зураг төсөл, байршлыг тогтоохыг үүрэг болгосон… Нэгэнт УИХ-аар шийдвэр гарсан бол тэр шийдвэрийг УИХ-ын гишүүд дагах ёстой. УИХ-ын шийдвэрийг шүүмжилж байгаа гишүүд ёс зүйн хувьд болохгүй байна гэсэн үг.

Жинхэнэ гишүүдийн эзгүйд экс гишүүн өөрөө тодорч байгаа бол нэг хэрэг. Гэхдээ “ёс зүйн хувьд болохгүй байгаа” гэгдсэн тэдгээр гишүүд Парламентын ордон барихыг бус, зөвхөн Төрийн ордны арын цэцэрлэгт босгохыг эсэргүүцсэн (УИХ-ын тогтоолд байршил заагаагүйг өөрөө хэлсэн) гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө орон даяар загнаад сууж байх юм. 

Парламентын ордон заавал Төрийн ордны ард байна гэсэн хууль байхгүй. Сүүлийн үед арилжааны телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд энэ асуудлаар иргэдийн саналыг сонсоход бүгд эсэргүүцэж харагддаг.  Тэгвэл олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” яав? Шаравдорж даргыг яриулаад гүйцээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: