АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ноён Х (“Бороо гоулд”): Монголын бүх телевиз, сониноор гарга!

Posted by Mongol on 2010/02/19

Бороогийн ордыг дуусгаад Гацууртын хэмээх дараачийн том орд руу чимээгүйхэн гэтэж суугаа “Бороо гоулд” компани саяын хэдэн өдөр гэнэтхэн мэдээллийн баатар боллоо. Урьд нь дандаа бусдаар өдүүлж байсан бол энэ удаад өөрөө, тэгэхдээ үл үзэгдэх пиарчид болон нэр, нүүр бүхий ажилчдын амаар дуугаа хадаав.

2009 онд Иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж “Бороо гоулд”-ын үйл ажиллагаанд шалгалт хийж баахан зөрчил илрүүлсний дотор бага агуулгатай үлдэгдэл хүдрээс алтыг ялгаж авахын тулд нуруулдан уусгах технологийг бүтэн жил зөвшөөрөлгүй ашиглаж, тэндээс нь цианит алдагдсан байж магадгүй байсан тул тэр ажлыг зогсоожээ. Удалгүй мэргэжлийн хяналтынхан нарийвчилж шалгаад “цианит алдагдаагүй” гэсэн дүгнэлт гаргасан ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд зөвшөөрөл өгөөгүй найман сар өнгөрөөд байгаа ажээ. Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр удахгүй Засгийн газарт үүрэг даалгавар өгнө гэсэн бол Д.Зоригт сайд, янз бүрийн байгууллагуудаас байгаль орчинтой холбоотой гомдол гарсан учраас бид шалгаж байгаа, шийдвэрлэх хугацаа болоогүй гэж ярьсан юм байна.

Харин “Бороо гоулд”-ын боссууд дахиад цааш хүлээхгүйгээр шийдэж 2010 оны монголын уул уурхайн хоёрдахь том пиар кампанийг эхлүүллээ. Арилжааны телевизүүдын хувьд мэдээж ямар ч асуудалгүй, харин олон нийтийн телевиз яах бол? Тэдний аз болоход урьдын адил “хэзээд бэлэн” хүлээгээд байж.

Ингээд 2010.02.17-ны Пүрэв гаригийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хоёрын хоёр захиалгат сурвалжлагыг саадгүй оруулж өглөө.

Эхний сурвалжлага:

… Бороо гоулд компанийн 50 гаруй ажилчид ажилгүй болоход ойртсон байна…Нуруулдан уусгах технологийг 2008 оны 6-р сараас туршжээ. … цианит натри алдагдаагүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Харамсалтай нь энэ аргыг монголын нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг өгөөгүй юм байна… “Бороо гоулд” компанийн ҮЭ-ийн хорооны дарга: Бид найман сар гаруй хүлээж байна. 50 гаруй хүний ажлын байр, дээрээс нь нэмээд орон нутгаас ажиллаж байгаа 20 гаруй хүн ажилгүй болж байна… Одоогийн байдлаар 10 гаруй хүн халагдсан байна… Энэ зөвшөөрөл удах тусмаа улсын төсөвт орох 1 тэрбум төгрөгийн асуудлаас эхлээд монгол ажилчдын ахуй амьдрал хэцүүдэж байгаа юм байна.

Дараачийн сурвалжлага:

… Монголын нөхцөлд хэрэглэх эсэх нь асуудал үүсгээд байгаа нуруулдан уусгах технологийг дэлхийн олон оронд хэрэглэдэг… Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас өөрийн гишүүдээ барууны дэвшилт технологитой танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор аялал зохион байгуулдаг. Энэ удаагийн групп АНУ-ын Невада муж улсад нуруулдан уусгах аргыг хэрхэн хэрэглэж байгааг судалжээ. Группэд Ашигт малтмалын газар, УМХЕГ зэрэг төрийн байгууллагууд, тус ассоциацийн гишүүн байгууллагууд оролцсон байна…. Энэ бүхний эцэст нуруулдан уусгах технологи бол дэлхийн түвшинд хүрсэн технологи юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ… Ямар ч дэлхийн хөгжлийг тодорхойлогч гэгддэг АНУ-ын уул уурхайн салбар энэ аргыг хэрэглэж ашиг олж чадаж байгаа, харин манай улсын хувьд уул уурхайн салбартаа энэ аргыг хэдийнээс хэрэглэх нь одоогоор тодорхойгүй байна…

“Бороо гоулд” үнэхээр шуурхай бөгөөд чадалтай юм аа. Асуудал үүсмэгц төрийн албан тушаалтнууд болон олон нийтийн телевизийг сэтгүүлчийг баахан компанийн захирлуудаар жийрэглэн далайн цаад руу илгээгээд, сэнхрүүлээд, буцаагаад авчирч амжсан байх юм.

Энэ хоёр “хос” сурвалжлагыг ойрын хэдэн өдөр UBS, TV9, TV5 гээд бусад телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр тэр чигээр нь үзүүлсэн. Тус тусын хөтлөгчөөр уншуулсныг эс тооцвол үг үсэггүй ижилхэн. Сэтгүүлчийн микрофон дээрх логог хүртэл нэгэн зэрэг титрээр дарж халхалжээ.

Харин МҮОНТ үүгээр зогсохгүй шинжтэй. 

2010.02.19-ны Баасан гаригийн хөтөлбөртөө 18.10. “Алтгүй шороо”. 1-р хэсэг гэсэн нэвтрүүлэг зарласныг сонирхвол “Бороо гоулд” компанийн нуруулдан уусгах технологийг Америкаас дэлгэрэнгүй танилцуулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. “Манай сурвалжлах хэсгийнхний очсон Невада муж улсын уурхайд …” гээд нэгд нэгэнгүй ухуулав. 

Өнөөдөр “Бороо гоулд” компанид зөвшөөрөл олгуулах бүхэл бүтэн кампани зөвхөн телевизээр өрнөөгүй, өдөр тутмын сонинуудын хуудсан дээр ч оволзож байх юм. Нөгөө л ажлын байраараа барьцаалагдсан “Бороо гоулд”-ийн ажилчдыг төлөөлж ҮЭ-ийн идэвхтэнүүд учир зүггүй идэвхийлжээ. Хар хүний өмнөөс шар хүн болох вий дээ. Бас дээр дурдсан ажлын хэсэгт багтсан “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийхэд МҮОНТ  мэдээгээ хамгийн түрүүнд зориулж “Хариуцлагагүй төрийн түшээдээс болж “Бороо гоулд” компани хохирч байгааг тэд эсэргүүцлээ” хэмээн дуу хоолойгоо нэгтгэлээ.

Одоо Зоригт сайд тэр гарын үсгээ бушуухан зурахгүй бол хүний өөрийнгүй барьж идэх юм байна. Уул уурхайн компанийн барагдахгүй их мөнгө, түүгээр угжуулсан хэвлэл мэдээлэл хоёрыг хэн ч дийлэхгүй.

P.S: Бямба гаригийн 18.10-аас МҮОНТ-ээр “Алтгүй шороо” нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэг гарна.

3 Responses to “Ноён Х (“Бороо гоулд”): Монголын бүх телевиз, сониноор гарга!”

  1. МЦ said

    Барууны хөрөнгө оруулагчдыг илүү оролддог сэтгэлгээ монголчуудад тогтчихсон юм уу даа. Цаана нь хөгжиж буй орны хөрөнгө оруулагчид стандартыг монголын хуулиас давуулж биелүүлэх байтугай монголын хуулийг дагаж мөрдөхгүй байхад тэр талаар дуугарч байгаа хүн үнэнийг хэлэхэд алга. олон нийттэй ил харилцаж нийтэд мэдээлэл түгээдэгээр нь барууны хөрөнгө оруулагчдаа оролдоод байх уу, цаагуур чинь монголыг чимээгүй сүйтгээд байгаа бусад орны хөрөнгө оруулагчдаа нэг шалгаж үзэх үү гэдэгээ бодох цаг болсон баймаар.

  2. Ундрах said

    Ингэж нуруулдан уусгах төслийг илт буруу шааж юм мэдэхгүй хүмүүсийн тархийг угааж байхаар энэ төслийн талаар яадаж GOOGLE-ээр хайж олоод уншаад хаана хаана хэрэглэгдэж байна вэ гэдгийг нь хараач. 1996 онд дэлхийд нэвтэрсэн аргаас татгалзаад оронд нь 1980 оныхоо алт ухах арга барилыг мөрдөж явах нь бидэнд хэрэгтэй юу???

  3. Ts.Tulga said

    Sain baina uu?

    Tany niitleliig unshaad bodoj baina, Olon Niitiin TV-n yos judagiin tuhai sanaag oilgoloo, harin tsaad Boroogiin asuudlyg ta yu gej uzej baina ve, ter sonin baina.

    Ter yariad baigaa tosol ni Mongold uneheer heregtei ed baival yah ve? Bi asuudlyg dotor gadargui medej baigaagiin huvid ingej asuuj baina l daa. Tanyg oroldoh il dald sanaa aguulsangui.

    Tulga

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: