АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for February, 2010

Дүүгийн телевиз …

Posted by Бид on 2010/02/26

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярыг тойрсон тэмцэл хэвлэл мэдээллийн том сэдэв болж хувирлаа. Хоёр сарын өмнө дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас түүнийг олонхийн саналаар огцруулахаар шийдвэр гаргасан боловч одоо өөр нэг олонхи гараад ирчихсэн ИТХ-ын дарга С.Баяртыг огцруулсан мэдээ дуулдах боллоо. Өнгөрсөн хугацаанд “25-р суваг” телевиз ба C1 телевизээр “Сайханбаярын нэрнээс нь бусад худлаа” зэрэг төлбөртэй нэвтрүүлгүүд үзүүлжээ. Бас байн байн хэвлэлийн хурлууд…

Би Сайханбаяр гэдэг дарга сайн, муу ажилласан алин болохыг мэдэхгүй, гэхдээ ОХУ-ын Москва хотод дээд сургууль төгссөн дипломыг хуурамчаар (хуурамч гэдгийг нотолсон албан бичиг Москвагаас иржээ!) үйлдсэн нь түүнийг огцруулаад цагдаад шилжүүлэх хангалттай гэмт хэрэг байлтай.  Одоо Сайханбаяр огцрох эсэх нь Монголд хууль ёс хэрэгжих үү, үгүй гэдгийг шалгасан зарчмын асуудал болж хувирлаа.

Иргэдийн сонгосон Иргэдийн төлөөлөгчдийн хурал гацна гэдэг бол улс төрчдийн жирийн хэрүүлээс тэр өөр. Нийслэлд хамгийн том, хамгийн их асуудалтай (тэр чигээрээ гэр хороолол) Сонгинохайрхан дүүргийн 200 мянган иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг.

Олон нийтийн телевиз хаана байна аа? Бахь байдгаараа сурвалжилж байгаа. Харамсалтай нь зөвхөн нэг талыг дэмжээд байх юм. Зарим жишээг мэдэж авцгаая. 

2010.01.06-ны “Цагийн хүрд”:

СХД-ийн ЗДТГ-ын нээлттэй өдөрлөгөөс хийсэн сурвалжлагаар дүүргийн ажлыг баахан магтахын хажуугаар Сайханбаяр даргаар хэсэг яриулав. Цаадах нь “намайг огцруулах гэсэн цаанаа хэсэг бүлэг хүмүүсийн асуудал байгаа” гэсэн өгүүлбэр хэлж бараг хэлмэгдсэн болж хувирлаа.

2010.01.09-ны 18 цагийн мэдээ:

Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг огцруулах тухай саналыг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хүлээж аваагүй тухай мэдээлэл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Болдсайханы дүүргүүдийн ИТХ-ийн шийдвэрийг буруутгасан тайлбар.

2010.01.23-ны “Цагийн хүрд”:

Мэдээллийн хөтөлбөрийн эхэнд шахуу СХД-ийн ИТХ төсвөө батлаагүйгээс төрийн ажил зогсоход хүрчээ гэсэн сурвалжлага үзүүлэв. Буруутнууд нь мэдээж Засаг даргыг огцруулах гээд байгаа төлөөлөгчид.

2010.02.02-ны “Цагийн хүрд”:

СХД-ийн Засаг дарга Сайханбаяр болон ИТХ-ийн хэсэг төлөөлөгчдийн зарласан хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлагаар ИТХ-ын дарга нь тамгаа аваад алга болсон гэх мэтээр ярьцгаав. Хуурамч дипломын тухай мэдээлэлд Засаг дарга Сайханбаяраар хариу өгүүлэхэд”Би 2006 оноос хойш мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаар магистрийн зэрэг хамгаалсан” гээд ОХУ-ын Эрхүү хотод магистр хамгаалсан бас нэг диплом үзүүлжээ.

2010.02.25-ны “Цагийн хүрд”:

СХД-ийн удирдлагыг тойрсон маргаан дуусаагүй байна. СХД-ийн иргэдийн төлөөлөгчдийн огцруулсан  ИТХ-ын дарга тамга, тэмдгээ аваад зугатсанаас болж төрийн ажил хохирлоо гэсэн эхлэлтэй сурвалжлага. Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд очиход хэсэг хүмүүс дээрх огцруулалтыг дэмжиж ярив.

Гэтэл энэ өдөр дүүргийн ИТХ-ын дарга С.Баяртыг дэмжсэн хэвлэлийн хурал “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд болж дараа нь нийслэлийн ЗДТГ-ын үүдэнд цуглаан хийснийг арилжааны телевизүүд сурвалжилж урт, богино янз бүрээр үзүүлж байхад “Монголын мэдээ” агентлаг “мэдээгүй” Сонгинохайрхан дүүргийг зорьсон хэрэг.  

Олон нийтийн телевиз хоёр талын байр суурийг ээлжлүүлэн сурвалжлах ёстой баймаар. Тэгдэггүй юм байна. Үндэсний телевиз нэг дүүргийн асуудал дээр ийм хачирхалтай “бодлого” явуулаад байгаагийн цаана нэг учир байна гэж бодоход хүрлээ. Үнэхээр байгаа бололтой. Засаг дарга Сайханбаярыг дэмжиж байгаа ИТХ-ын хамгийн идэвхтэй төлөөлөгчдийн нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын ах юм гэнэ.

“Дүүгийн телевиз” найдвартай үйлчилж байна шүү!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

“Ичдэггүй” телевиз

Posted by Бид on 2010/02/26

Өчигдөр орой TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн “Шар мэдээ” булангийн элдэв марзан сурталчилгаануудын дундуур “Өдрийн сонин”-ы эсрэг шав шар тайлбар орж ирлээ.

“Өдрийн сонин” гэж өрөвдөлтэй амьдралтай газар байна аа. Бүх юмыг хар өнгөөр харна, хардана гэдэг нь туйлдаа хүрсэн. Хэн нэгнийг муулж л байвал кайф авдаг. Ийм сониныг хөөрхий гэхгүй ч яах билээ. Энэ насандаа олимп явж үзээгүй, тамирчин хүний хөдөлмөрийг мэддэггүй, үүрэндээ өмхийрчихөөд унгасаараа бусдыг хордуулж байдаг. Олимп нэвтрүүлж байгаа телевиз ичдэгүй, олимпод оролцсон сонин ичдэггүй, ганц “Өдрийн сонин” Гангаатайгаа ичсэн юм байхаа. Өвлийн олимпод амжилттай оролцох ул үндсийг нь гаргаад тавьчихдаг танай сонинд дуу хоолойгоо хэвлэлийнхэн дуу хоолойгоо нэгтгэх л байсан. Олимпод оролцох үгүйгээ монгол улс “Өдрийн сонин”-оор заалгах юм гэнэ. Хүний хөдөлмөрийн үгүйсгдэг хэн бэ, та нар. Гангаа бид хоёр спорт мэддэг ч гэж юу байхав. Зарим улс төрчийн улыг долоочих гээд, заримыг нь газар дор оруулах гэж оролдох, гадаадад хамт явсан багаа ирээд муулчихна. “Өдрийн сонин”-ы өрөвдөлтэй төрх энэ гэнэ ээ. Сонин нь ёс зүйгүй, сэтгүүлч нь ёс суртахуунгүй, тагнуулд бол бүх хамт явж болохгүй, араас чинь хутга шаах хогийн амьтад энэ сонин үүрлэжээ”

Яаж гомдохоороо ингэж давшилдаг байна аа? Нэр дурдагдсан сэтгүүлч Ж.Гангаа TV5-ын талаар юу бичсэнийг хайвал хэд хоногийн өмнөх дугаараас олдов. “… Тэр дагаж яваа телевизийн сурвалжлагч нь хүртэл “Медальд хүрэх боломж байсан уү? ч гэх шиг … Ванкуверийн өвлийн XXI олимпийн наадамд оролцсон манай хоёр тамирчны амжилтыг хэлэхээс үнэхээр ичиж байна. Ичдэггүйгээрээ “ТВ-5”-ынхан болон мань хоёр хэлэхдээ “Непал, Бермуд… зэрэг орны тамирчдыг ардаа орхиж бахдам амжилт гаргалаа. Бас хувийнхаа амжилтыг ч ахиулсан ” гэв.

Манай телевизүүд олимп, олон улсын тэмцээн, тоглолтуудыг сурвалжлах гэж заримдаа яаж холион бантан хутгаж байгааг бүгд хардаг. Наад зах нь “шууд дамжуулж байна” гэж худлаа яриад л. Алдаж онохгүй хэн байхав. Үүнийхээ төлөө шүүмжлүүлж л байдаг. Энэ удаад тэр Гангаа “ичдэггүй” гэсэн ганц үгээр чимхээд авчээ. Бас хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхээр нэрээ тавьж. Харин TV5 телевиз эмзэг газраа хөндүүлснээ хүлээн зөвшөөрөх мэт “зарим улс төрчийн улыг долоочих гээд, заримыг нь газар дор оруулах” гэсэн элдэв тайлбарыг сэм сэм шургуулдаг “Шар мэдээ”-гээрээ хариу барихдаа “… өмхий… унгас… араас хутга шаах хогийн амьтад” зэрэг үгсийг сэжиглэхгүйгээр цуглуулж уншаад сууж байх юм. “Ичдэггүй” телевиз л ингэнэ дээ. 

Ер нь нэр, хаяггүй тайлбарыг тухайн хэвлэл мэдээллийн албан ёсных гэж үздэг тал бий.

Posted in "Өдрийн сонин", TV5 телевиз | 12 Comments »

Телевизийн том том сэтгүүлүүд

Posted by Бид on 2010/02/21

Телевизийн мэдээний сэтгүүлүүдийн тулааны талбарт байдал ямар байна?

TV9 телевизийн Инфо ТВ сэтгүүл хуудаснууддаа улам их сонин хачныг чихэж эрээлж мяраалахын зэрэгцээ өөрийгөө “Үндэсний шилдэг сэтгүүл”-д өргөмжилж амжсан бол UBS телевизийн TV Zone сэтгүүл хуудасныхаа хэмжээг тэлсээр “том сугалаатай том сэтгүүл” болчихсон даналзах болжээ. Долоо хоног бүр уншигчдынхаа дунд сугалааны тохирлыг явуулдгаа чамлаж 2010 онд бүр 3 машин амлаад байна. Эхнийхийг ирэх 4-р сарын 11-нд хожуулна. Түүнд оролцохын тулд 90-99 дэх бүх дугаарыг (энэ долоо хоногийнх №93) худалдан авсан байх ёстой гэнэ.

“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаарыг УИД-т борлуулж байгаа охидууд “Боловсрол” телевизээс гаргаж байгаа шүү гэж танилцуулав. Тэгэхлээр дээрх гурван сэтгүүл бүгд ардаа нэг нэг телевизтэй болж таарлаа. 

Харин ямар нэг телевизээс биш “Өдрийн шуудан” сониноос эрхэлдэг TV Week сэтгүүл Ням гаригт үзэгдээгүй, бодвол Даваа гаригаас тарах биз.  Мөн “зуугийн мэдээ”-нээс төрсөн “ТВ 7 хоног” сэтгүүлээр онцын сонин юм ажиглагдсангүй.

Цагаан сарын өмнө мэндэлсэн “Алтан Фэнгшүй ТВ” сэтгүүл дараачийн долоо хоногийг алгасаад дахин өнөөдөр дахин төржээ. Фэнгшүй нь тэгэж зөвлөсөн юм болов уу? Хавтсан дээрээ бичсэн “Фэнгшүйгийн зөвлөгөө, зөн совин, домын ид шид”-ийн хажуугаар оруулсан телевизийн хөтөлбөрүүдийг долоо хоногийн өдөр өдрөөр ялгахгүйгээр, телевизүүдээс хүлээж авсан тэр чигээр нь урсгасан харагдана. Фэнгшүйд нь нийцлээ гэхэд үзэгчдэд бөөн ядаргаа.

P.S: TV Zone томроод ч тэр үү, “мянгын” биш “1500-гийн” мэдээ болжээ.

Posted in + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ | 6 Comments »

Түүхэн баримт …

Posted by Бид on 2010/02/21

Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоох орон сууцны ханан дээрх энэ бичээс лав ноднин намар байсан санагдана.  Өнөөдөр хэвээрээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд цаадуул нь ирсэн эсэх, Төрөө, Отгоо, Амраа, Уугаа дөрөв хэр удаан хүлээсэн, хэрвээ уулзалдсан бол нийлээд юу яасан тухай түүхэн баримт үлдсэнгүй. Магадгүй, кино юм уу музей үзэх, эсвэл номын санд суухаар явцгаасан байж мэдэх. Жуумалзаад байна уу? Яагаад үгүй гэж?

Posted in Барилга, хаяг, реклам | Leave a Comment »

“Цагийн хүрд” чанарын шаардлага хангаж байна уу?

Posted by Бид on 2010/02/20

Манай телевизүүд сайд, дарга, албан тушаалтнуудыг дагаж гүйсээр байгаад баримжаагаа алдаад байх шиг. Төрийн хоёр яам, агентлаг ийн хоёр дарга бие биендээ албан ёсны найрсаг айлчал хийж хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад зогсохгүй заавал телевиз дуудаж тэр оройжин бүх сувгаар нэгэн зэрэг гарах нь хавтгайрчээ.  Зөвхөн МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээс авсан ганц нэг жишээ:

… Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяртай хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурав… Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр харьяа байгууллагуудын дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулав … УИХ-ын тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав…

Бие биерүүгээ утастаад (яах гэж төрийн тусдаа холбоо байдаг, яах гэж утас өгч зардлыг даадаг байна аа?) ажлаа зөвлөлдөх, эсвэл уулзаад (ихэнх яам, хотын захиргаа хэдхэн байшингийн зайтай) хуралдахыг хэн ч буруутгахгүй, гэхдээ үүнд телевиз дуудаж сүржигнэх ямар хэрэг байна аа? Яагаад телевизүүд яам, тамгын газарт болсон хурал семинар, уулзалт яриа бүрийг сурвалжилсаар байгаад сургачихаж. Сүүлдээ зөвхөн телевизээр гарахын тулд энэ мэт ёслол үйлддэг болж байх шиг.

Өчигдөр үдэш МҮОНТ-ийн “Цагийн хүрд” болон бусад мэдээгээр Улсын Их Хурлын тамгын газар, ШУА-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан сурвалжлагыг хэдэнтээ давтан үзүүлэв. Бас болоогүй, араас нь УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдоржийг “Цагийн хүрд”-дээ урьж яриуллаа. Дэлгэцийн доогуур “Өнөөдрийн сэдэв: УИХ-аар хэлэлцэх хуулиуд чанарын шаардлага хангадаг уу?” гэсэн сүрхий асуулт тавьсан ч цаадах нь УИХ-ын тамгын газраас ШУА, Хууль зүйн сургууль, бас Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой гарын үсэг зурах зэргээр “асар их ачаалалтай ажиллаж байгаа”, бас УИХ-ын хэвлэл мэдээллийн алба тусдаа вэб сайттай болсон зэргийг тоочлоо. Энэ хооронд хөтлөгч маань хуулийн чанарыг бүрмөсөн огоорч Төрийн ордны арын цэцэрлэгт парламентын ордон барих асуудлыг тойрсон маргааны тухай бөв бөөрөнхий асуулт дэвсэж өглөө.

Ц.Шаравдорж хэдийгээр УИХ-ын гишүүн байсан ч одоо биш, УИХ-ын гишүүдэд үйлчлэх ёстой УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээ бүрэн умартаж өөрөөс нь ялгаатай нь яг одоо жинхэнэ байгаа хэсэг гишүүдийг сургаж өглөө:

… Төрийн ордны ард талын цэцэрлэгийн 80 хувь үлдэнэ… Парламентын ордон барих тухай УИХ-ын тогтоол 2006 онд гарсан. Зураг төсөл, байршлыг тогтоохыг үүрэг болгосон… Нэгэнт УИХ-аар шийдвэр гарсан бол тэр шийдвэрийг УИХ-ын гишүүд дагах ёстой. УИХ-ын шийдвэрийг шүүмжилж байгаа гишүүд ёс зүйн хувьд болохгүй байна гэсэн үг.

Жинхэнэ гишүүдийн эзгүйд экс гишүүн өөрөө тодорч байгаа бол нэг хэрэг. Гэхдээ “ёс зүйн хувьд болохгүй байгаа” гэгдсэн тэдгээр гишүүд Парламентын ордон барихыг бус, зөвхөн Төрийн ордны арын цэцэрлэгт босгохыг эсэргүүцсэн (УИХ-ын тогтоолд байршил заагаагүйг өөрөө хэлсэн) гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө орон даяар загнаад сууж байх юм. 

Парламентын ордон заавал Төрийн ордны ард байна гэсэн хууль байхгүй. Сүүлийн үед арилжааны телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд энэ асуудлаар иргэдийн саналыг сонсоход бүгд эсэргүүцэж харагддаг.  Тэгвэл олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” яав? Шаравдорж даргыг яриулаад гүйцээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Ноён Х (“Бороо гоулд”): Монголын бүх телевиз, сониноор гарга!

Posted by Бид on 2010/02/19

Бороогийн ордыг дуусгаад Гацууртын хэмээх дараачийн том орд руу чимээгүйхэн гэтэж суугаа “Бороо гоулд” компани саяын хэдэн өдөр гэнэтхэн мэдээллийн баатар боллоо. Урьд нь дандаа бусдаар өдүүлж байсан бол энэ удаад өөрөө, тэгэхдээ үл үзэгдэх пиарчид болон нэр, нүүр бүхий ажилчдын амаар дуугаа хадаав.

2009 онд Иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж “Бороо гоулд”-ын үйл ажиллагаанд шалгалт хийж баахан зөрчил илрүүлсний дотор бага агуулгатай үлдэгдэл хүдрээс алтыг ялгаж авахын тулд нуруулдан уусгах технологийг бүтэн жил зөвшөөрөлгүй ашиглаж, тэндээс нь цианит алдагдсан байж магадгүй байсан тул тэр ажлыг зогсоожээ. Удалгүй мэргэжлийн хяналтынхан нарийвчилж шалгаад “цианит алдагдаагүй” гэсэн дүгнэлт гаргасан ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд зөвшөөрөл өгөөгүй найман сар өнгөрөөд байгаа ажээ. Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр удахгүй Засгийн газарт үүрэг даалгавар өгнө гэсэн бол Д.Зоригт сайд, янз бүрийн байгууллагуудаас байгаль орчинтой холбоотой гомдол гарсан учраас бид шалгаж байгаа, шийдвэрлэх хугацаа болоогүй гэж ярьсан юм байна.

Харин “Бороо гоулд”-ын боссууд дахиад цааш хүлээхгүйгээр шийдэж 2010 оны монголын уул уурхайн хоёрдахь том пиар кампанийг эхлүүллээ. Арилжааны телевизүүдын хувьд мэдээж ямар ч асуудалгүй, харин олон нийтийн телевиз яах бол? Тэдний аз болоход урьдын адил “хэзээд бэлэн” хүлээгээд байж.

Ингээд 2010.02.17-ны Пүрэв гаригийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хоёрын хоёр захиалгат сурвалжлагыг саадгүй оруулж өглөө.

Эхний сурвалжлага:

… Бороо гоулд компанийн 50 гаруй ажилчид ажилгүй болоход ойртсон байна…Нуруулдан уусгах технологийг 2008 оны 6-р сараас туршжээ. … цианит натри алдагдаагүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Харамсалтай нь энэ аргыг монголын нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг өгөөгүй юм байна… “Бороо гоулд” компанийн ҮЭ-ийн хорооны дарга: Бид найман сар гаруй хүлээж байна. 50 гаруй хүний ажлын байр, дээрээс нь нэмээд орон нутгаас ажиллаж байгаа 20 гаруй хүн ажилгүй болж байна… Одоогийн байдлаар 10 гаруй хүн халагдсан байна… Энэ зөвшөөрөл удах тусмаа улсын төсөвт орох 1 тэрбум төгрөгийн асуудлаас эхлээд монгол ажилчдын ахуй амьдрал хэцүүдэж байгаа юм байна.

Дараачийн сурвалжлага:

… Монголын нөхцөлд хэрэглэх эсэх нь асуудал үүсгээд байгаа нуруулдан уусгах технологийг дэлхийн олон оронд хэрэглэдэг… Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас өөрийн гишүүдээ барууны дэвшилт технологитой танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор аялал зохион байгуулдаг. Энэ удаагийн групп АНУ-ын Невада муж улсад нуруулдан уусгах аргыг хэрхэн хэрэглэж байгааг судалжээ. Группэд Ашигт малтмалын газар, УМХЕГ зэрэг төрийн байгууллагууд, тус ассоциацийн гишүүн байгууллагууд оролцсон байна…. Энэ бүхний эцэст нуруулдан уусгах технологи бол дэлхийн түвшинд хүрсэн технологи юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ… Ямар ч дэлхийн хөгжлийг тодорхойлогч гэгддэг АНУ-ын уул уурхайн салбар энэ аргыг хэрэглэж ашиг олж чадаж байгаа, харин манай улсын хувьд уул уурхайн салбартаа энэ аргыг хэдийнээс хэрэглэх нь одоогоор тодорхойгүй байна…

“Бороо гоулд” үнэхээр шуурхай бөгөөд чадалтай юм аа. Асуудал үүсмэгц төрийн албан тушаалтнууд болон олон нийтийн телевизийг сэтгүүлчийг баахан компанийн захирлуудаар жийрэглэн далайн цаад руу илгээгээд, сэнхрүүлээд, буцаагаад авчирч амжсан байх юм.

Энэ хоёр “хос” сурвалжлагыг ойрын хэдэн өдөр UBS, TV9, TV5 гээд бусад телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр тэр чигээр нь үзүүлсэн. Тус тусын хөтлөгчөөр уншуулсныг эс тооцвол үг үсэггүй ижилхэн. Сэтгүүлчийн микрофон дээрх логог хүртэл нэгэн зэрэг титрээр дарж халхалжээ.

Харин МҮОНТ үүгээр зогсохгүй шинжтэй. 

2010.02.19-ны Баасан гаригийн хөтөлбөртөө 18.10. “Алтгүй шороо”. 1-р хэсэг гэсэн нэвтрүүлэг зарласныг сонирхвол “Бороо гоулд” компанийн нуруулдан уусгах технологийг Америкаас дэлгэрэнгүй танилцуулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. “Манай сурвалжлах хэсгийнхний очсон Невада муж улсын уурхайд …” гээд нэгд нэгэнгүй ухуулав. 

Өнөөдөр “Бороо гоулд” компанид зөвшөөрөл олгуулах бүхэл бүтэн кампани зөвхөн телевизээр өрнөөгүй, өдөр тутмын сонинуудын хуудсан дээр ч оволзож байх юм. Нөгөө л ажлын байраараа барьцаалагдсан “Бороо гоулд”-ийн ажилчдыг төлөөлж ҮЭ-ийн идэвхтэнүүд учир зүггүй идэвхийлжээ. Хар хүний өмнөөс шар хүн болох вий дээ. Бас дээр дурдсан ажлын хэсэгт багтсан “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийхэд МҮОНТ  мэдээгээ хамгийн түрүүнд зориулж “Хариуцлагагүй төрийн түшээдээс болж “Бороо гоулд” компани хохирч байгааг тэд эсэргүүцлээ” хэмээн дуу хоолойгоо нэгтгэлээ.

Одоо Зоригт сайд тэр гарын үсгээ бушуухан зурахгүй бол хүний өөрийнгүй барьж идэх юм байна. Уул уурхайн компанийн барагдахгүй их мөнгө, түүгээр угжуулсан хэвлэл мэдээлэл хоёрыг хэн ч дийлэхгүй.

P.S: Бямба гаригийн 18.10-аас МҮОНТ-ээр “Алтгүй шороо” нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэг гарна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Сайд хаашаа, сурвалжлагч тийшээ

Posted by Бид on 2010/02/19

Утаанбаатараас гадагш хошуугаа ч цухуйлгаж чаддаггүй МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийнхан ер бусын хүйтэн энэ өвлийн их цаснаар гялс хөдөөлөөд ирсэн байх юм. Огцом шийдэж даарч хөрөхийг үл ажирсны учир гэвэл шинээр тодруулсан Улсын сайн малчдын цолыг гардуулахаар Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Засгийн газрын гишүүд аймаг, сумдыг амлан авч шинийн нэгний өмнөхөн давхилдан одоход араас нь салахгүй дагасан хэрэг. Мянгат, хоёр мянгат, гурван мянгат малчдын үлгэр жишээ цагаан гэрээр орж өргөмжлөл гардуулах ёслолын хажуугаар, бас ирж очих замдаа малчдын аж амьдрал, цагийн байдлыг сурвалжилж цагаан сараар өдрүүдэд үзүүллээ. Лав УИХ-ын даргын дагуул сэтгүүлчдийн Ховдоос авчирсан “Дэмбэрэлтэй” сурвалжлагууд одоо ч барагдаагүй “Цагийн хүрд”-ээр орой болгон гарч байна. Даргын бие аль хэдийнэ энд, дүр нь тэнд.

Бас болоогүй, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Алтан төлийн эзэн” өргөмжлөлийг (яагаад ч юм мал төллөхөөс өмнө) дээрх сайдуудтай зэрэгцэн гардуулсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Наранбаатар зурагтаараа тэдэнтэй яг нэг ижил зиндаанд гарахыг амжуулж өгсөн байна лээ.

Ирсэн сайдууд (бас Захирал) тэр дороо буцахад дагаж ирсэн сурвалжлагчид мэдээж хоцроогүй. Зөвхөн цагаан  сараар сайд даргыг дагадаг бол бас яахав. Харамсалтай жилийн дөрвөн улиралд тийм. Хэвлэл мэдээлэл хэзээ, хаана, юуг сурвалжлахыг дээдчүүл мэддэг хэвээрээ. Магадгүй, яг одоо өөр ганц хоёр баатарлаг сурвалжлагч хөдөөгүүр явж байж мэднэ. Гэхдээ тойрогтоо ажиллахаар хөдөлсөн УИХ-ын гишүүд юмуу дараачийн сайд нар тэднийг хөтөлж яваагаас зайлахгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Монголын №1 компьютерийн сэтгүүл

Posted by Бид on 2010/02/11

Хэдэн жилийн өмнө “Компьютер таймс” нэрээ шараар бичсэн жижигхэн сонин долоо хоног тутам мэндэлсэн билээ.  Төдөлгүй хавтастай  сэтгүүл болж 38 дугаар гаргаад байна.

Өнгөтэй, гялгар, 60 нүүртэй, жижиг программ ба тоглоом бүхий CD дагалддаг тус сэтгүүлд нийтлэгдсэн ихэнх тайлбар, ярилцлага, зөвлөгөө, жишээлбэл Word, InDesign, Excel, Joomla-гийн цуврал хичээлүүд маш сайн. Мэргэжлийн түвшинд бэлтгэсэн Заазуур.ком, Forex-ийн тухай тайлбарууд таалагдсан. Тэр болгоныг тоочоод яахав. Харин нэрнээсээ эхлээд компьютерийн сэтгүүл гэж ойлгогддог ч Интернэт, мэдээлэл, харилцаа холбоогоор дамжаад цахилгаан бараа, шинжлэх ухаан, ирээдүйн технологи, зэвсэг техник, автомашин гээд юм юм руу орж фокусаа алдаж магадгүй санагдсан. Ялангуяа 2010 оны эхний дугаар ийм сэтгэгдэл төрүүллээ. Тэр болгоныг багтаах гэж сайтар чигжжээ. 

Тус сэтгүүлийн www.kt.mn сайт тогтмол ажиллаж “Виртуал сэтгүүл” буланд 2007 оноос хойшхи бүх дугаарыг хуудас хуудсаар нь хэлбэрээр байрлуулжээ. Текстүүд уншигдахгүй ч гарчгууд танигдаж томоохон зургууд харагдана.

Хэвлэмэл сэтгүүлд байх боломжгүй интерактив булангууд энд бий. Тухайлбал, компьютер, интернэт ашиглахтай холбоотой асуулт тавихад хариулдаг.  Бас санал бодлоо үлдээдэг хэсэгт нэгэн уншигч “Сэтгүүл одоо баримталж байгаа чиг шугамаа барихад болно” гэжээ. Надаас арай өөр бодолтой юм байна. Мөн дараачийн дугаараас юу унших хүсэлтэйгээ бичиж болно. “Тийм ээ, Бид CD-гээ DVD болгох талаар төлөвлөж байна. 3 сарын дугаараас DVD болгох байх аа. Тэгэхээр 1 том тоглоом дагалдах болно” гэх мэтээр хариулжээ. Харин “hunii computer luu yaj nevterdeg yum be? zaaj ogooch. hunii msjr esvel hunii computer luu yaj nevterhiig zaaj ogooch” гэсэн залууд хариулахад түвэгтэй юм даа. 

Сэтгүүл нийтлүүлэх рекламыг хэрхэн бэлтгэх зөвлөмжиндөө “Ямар ч тохиолдолд эмэгтэй хүний фото нь моодноос гардаггүй. Эрэгтэй, эмэгтэй хүнийн зураг байлаа гэхэд бүгд эмэгтэй хүнийг түлхүү хардаг. Тэр эмэгтэй нь өвөрмөц байх тусмаа л ЗААВАЛ ОНЦГОЙЛЖ ХАРАХ гэдэг баталгаа нь нэмэгдэнэ. Таны рекламыг хүмүүс харж, ярилцаж л байвал аль алинд маань хэрэгтэй биз дээ! Ерөнхийдөө тийм. Гэхдээ дандаа гоё хүүхэн харагдахлаар рекламдсан барааг нь анзаарахгүй өнгөрдөг гэсэн шүү!

Захиалгын урамшууллууд мөн дижитал. “Компьютер таймс” сэтгүүлийг бүтэн жилээр захиалсан (11 дугаар, 38500 төг) уншигчид 1GB-ын балтай флэш диск бэлэглэж, онлайн буюу дэлгэцэн дээр уншихаар нэг жилээр захиалбал (11 дугаар, 30000төг) 4GB үзэгтэй флэш, хоёр жилээр (22 дугаар, 50000төг) бол 8GB-ын үзэгтэй флэш болж нэмэгдэнэ. Гадуур ийм флэш 35000 төгрөгийн үнэтэй байсан санагдана. Сэтгүүлийн хувь ширхэгийн тухайд ноднин “2500 гаруй захиалагчтай, нэг удаад 8000 – 10000 хувь хэвлэгдэж байна” гэж зарласныг санаж байна.

Өнөөдөр Монголд (Улаанбаатарт) компьютерийн нэртэй хоёр сэтгүүл гарч буйгийн №1 нь яах аргагүй “Компьютер таймс”. №2 болох “Миний компьютер/ Digital World” гэсэн “хоёр нүүртэй” сэтгүүлийг дараа тоймлоё.

Posted in + СЭТГҮҮЛ | 7 Comments »

Илүү, илүү, илүү …

Posted by Бид on 2010/02/10

Зүгээр нэг хаягнаас хамаагүй илүү, бараг сурталчилгаа болжээ.  Бүр жирийн нэг сурталчилгаанаас илүү, машин засуулагчдын бүртгэл шахуу. Тоолбол 45 утасны дугаар байна. Залхуугүй цуглуулжээ.

“Байна уу, та засварчин Нараагаар машинаа засуулсан уу?”  гээд л … Цаадуул нь “чанартай, хурдан, хямдхан” тухай рекламанд тоглоод өгчихнө. Магадгүй, засварын үнэ төлбөрөөс хөнгөлөөд тохирчихсон байж мэдэх.

(Харин мартагнаад, эсвэл муухай ааш нь хөдлөөд “тэгээд юу гэж?” гэж хэгжүүрхвэл засварчин Нараа руу залгаад гомдоллоход хангалттай. Дараа нь тэр нөхрийг машинаа засуулах гээд уруу царайлаад ирэхэд нь Нараа хүмүүжүүлээд өгнө)

Улаанбаатарт авто засварын билэг тэмдэг болсон вьетнамчууд лав ингэж сэтгэхгүй.  Иймээс Нараа ба түүний нөхөд  илүү, илүү, илүү. Үндэсний засварчдаа дэмжицгээе!

Posted in Барилга, хаяг, реклам | 12 Comments »

Бие биенийхээ “хар”-ыг гайхав

Posted by Бид on 2010/02/05

Лхагва гаригт TV9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр “сүүлийн үед хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд захиалгатайгаар халдах боллоо” гэсэн утгатай тайлбар сурвалжлага үзүүлэх нь тэр. Үзтэл “Өнөөдөр” сонины Даваа гаригийн дугаар нийтлэгдсэн “Худалч, хулгайч телевиз” гарчигтэй нийтлэлийг няцаажээ.

TV9-ийг хилэгнүүлсэн тэр өгүүлэл “ Монголд телевиз үзэх, хятад бараа авах хоёр бараг л адилхан болжээ. Аль аль нь хулхиддаг болохоор авсан нь хохироод үлдэнэ… Телевиз хэмээх тархи угаагч машиныг дарж зогсох хүн Монголд байна уу, үгүй юу? Эс бөгөөс энэ телевизүүд бүгд аль нэг эрхтэн дархтаны “нууц хүү” юу? Реклам сурталчилгаанаас мөнгө олдог “дархан цаазат” газар уу?” гэж эхлээд цаашаагаа жижиг гарчгуудын дор телевизийг мөч мөчөөр жиргэж орхисон байх юм.

Солонгос кино: Солонгос кино үзсэн хүн эргүү болдог….

Монголд хэдэн телевиз хэрэгтэй вэ?: Улаанбаатарт 14 суваг байна… Японд бол улсын хэмжээний зургаахан телевиз байдаг…

Оюуны өмч телевизэд хамаагүй юу?: Гадаадын киног хулгайгаар авч орчуулаад үзүүлдэг…

Сумо: хулгайгаар дамжуулдаг…

Тархи угаах: ард түмнийхээ тархийг гадаадын телевизийн шоу, драмаар угаалгаад, хараад л сууж байдаг сайхан Засгийн газартай” гэсэн хатгаасаар төгсөв.

Телевизүүдийг Засгийн газраар унтраалгахыг хүсчээ, янз нь. Японд зургаа байдаг юм чинь Монголд 0,06 байхад хангалттай, тэр нь 25-р сувгийн хэлтэрхий байх уу? “Монголын нэр хүнд” гарчгийн дор Олимп, дэлхийн аваргын тоглолтыг дамжуулах эрх авсан телевизүүд мөнгөө төлөхгүй хулхиддаг. Телевизийнхэн монголын хэдэн компаниас олимпийн тоглолт дамжуулах эрх авахад хэрэгтэй гээд хэдэн төгрөг салгаад авчихсан байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр эрхээ бусад телевиздээ дамжуулаад зарчихдаг гэж байгаа. Турины олимпийг дамжуулах эрх авсан телевиз “ажилласан” явдал энэ бизнесийн том жишээ буюу” хэмээн илчлүүлсэн телевизийн тогийг хамгийн түрүүнд тасчих биз. Аль  телевиз бол?    

Тэгтэл “юун гуя” гэдэг шиг TV9 телевиз гэнэт өндөлзөж өөрийгөө илчлээд “олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад маш их мөнгө төлдөг” гэсэн утгатай уртаас урт тайлбарыг инженер залуугаараа хийлгэв. Их төлдөг нь үнэн байх, гэхдээ тэр эрхийг зарсан, зараагүй гээд түс тас хариулсангүй. Үүний оронд “Өнөөдөр” сонины “Монголд мэргэжлийн сэтгүүл зүйн төгсгөл ирж байна” гэсэн гарчигтай дугаарыг харуулж байгаад “цаанаасаа захиалгатай ийм нийтлэлийг цувралаар гаргаж байна” гэж төгсгөв өө.  Даанч тэр захиалагчийн овог нэр, ажлын газрыг бас л хэлсэнгүй.

Эмгэнэлт гарчгийн цаана юу байгааг үзлээ. “Өнөөдөр” сонины редакцид сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт судлаачид, бас МСНЭ-ийн удирдлагууд оролцохдоо юу ярьсныг буулгаж хэвлэсэн юм байна. Даанч хэдэн нүүр дүүрсэн зөв зүйтэй өгүүлбэрүүдийг урсгагчид мэргэжлийн сэтгүүл зүй яагаад мажийхад хүрснийг мэдэхийн дээдээр мэддэг мөртлөө хэлчихэж чадсангүй. Бие биенээ хараад суухад нүүр халаад хэцүү байдаг биз…

Ноднин намраас хойш “Өнөөдөр” сонины редакци “Сэтгүүл зүйн үнэт зүйлийн төлөө” лоозонтой хэлэлцүүлэг эхэлж энэ мэт сүржин нийтлэл, ярилцлагуудыг үе үе нийтлэн сэтгүүл зүй бохирдож, сэтгүүлчид худалдагдсан, эзэддээ үйлчилдэг, улс төрчдөд халааслагдав гэх мэтчилэн халагласаар удлаа. Даанч өөрсдөө тийм байдаг учраас нэг ч сонин, телевиз, сэтгүүлч, эзний  нэр, ганц ч жишээ баримт хэлж чаддаггүй.  

Сонгууль болгоны дараа гавьяат эзэд, гадаст сэтгүүлчдийн тоо суга өсдөг. Энэ удаад бүр онцгой. “Одонгүй сэтгүүлчийг сэтгүүлч гэдэг юм уу?” болов. Зарим редакцид багталцахгүй хэцүүддэг гэнэ. Манай хэвлэл мэдээллийнхэн ийм мундаг юм бол мэргэжлийн сэтгүүл зүй яахаараа төгсөх болж байна?

Чухам ийм учраас төгсөх гээд байж магадгүй.

Posted in "Өнөөдөр" сонин, + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, TV9 телевиз | 3 Comments »

2010 оны 2-р сарын 1. 16 цаг 03 минут. Энх тайвны өргөн чөлөө

Posted by Бид on 2010/02/02

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 2 Comments »

Дахиад хоёр “Мянгын мэдээ”

Posted by Бид on 2010/02/02

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлийн хэдэн өдөр телевиз үзэгчид гэртээ суугаад “Боролдой”-н Мягмар загварын “Баабартай, эмчтэй …” рекламаар нь зогсоо зайгүй бөмбөгдүүлж байх зуур “Үндэстний тойм” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч номын дэлгүүр, мухлагийн лангуун дээр тавигдаж байжээ.

Хавтсан дээрээ cover story болох Баабарын “Ленин, Смит, Сото, Баяр” нийтлэлийн баатруудын зургийн оронд (дотор хуудсандаа бол мэдээж) азийн супер фото модель гуншинтай хүүхний зургийг залсан байна. Үүгээрээ телевизийн мэдээний сэтгүүлүүдэд тогтоод байгаа жаягийг дагалаа.

Монголын “Тайм”-д санаатай эхэлсэн “Үндэстний тойм” сэтгүүл долоо хоног тутмынх болсон анхны дугаарын эхний хуудсуудыг эзэлсэн улс төрийн үйл явдлын тойм, ишлэл, фото зургууд үнэхээр “тайм” маягийн болжээ. Төрийн ордон МАХН-ын бүлгийн хаалттай хуралдааныг сэмхэн тагнаж байгаа сэтгүүлч бүсгүйн зураг догь. Бусад нийтлэлийн хувьд Баабарын нийтлэл сонин, сайтуудад гараад унших ёстой хүмүүс нь бүгд уншчихсан бол бусад нь сэтгүүлийн үлдсэн зайг амжилттай дүүргэжээ. Харин уг сэтгүүл долоо хоног тутам хэвлэгдэх “мотор” болсон телевизийн мэдээг “сайн уу” ч байхгүй палийлгаж орхисон байх юм. Дараачийн дугаарын мэдээн дээрээ хөдөлмөрлөх буйзаа. Үнэ 1000 төгрөг.

Саяын хэлсэн “мотор”-той дараачийн сэтгүүл өнгөрсөн амралтын өдрүүдэд мэндлэв. “Өдрийн шуудан” сонин амралтын дугаараа сэтгүүлийн хэлбэрт оруулж TV Week-ээр нэрлэжээ. Хоёр томоохон ярилцлага, бас бус нийтлэлүүд сонин хачин хэрнээ зурагтын мэдээнүүд нь бас л хоосон жагсаалт болжээ. Үнэ 1000 төгрөг. Уг нь “Өдрийн шуудан” өөрөө дажгүй нийтлэлтэй, заримдаа чухал баримтууд нийтлэгдсэн байдаг.

Яахаараа зурагтын мэдээний сэтгүүлүүдийн хамгийн муу нийтлэл нь зурагтын мэдээ байдаг байна аа?!

Posted in + СЭТГҮҮЛ | 4 Comments »

III давхар хаачив?

Posted by Бид on 2010/02/02

Хэд хоногийн өмнө 100 айлд байдаг “Алтан шагай” компанийн барилгын шавааралдсан хаягнуудын зургийг сонирхоод дарчихсан байснаа сая үзсэн чинь ” оффис” байрладаг гэх III давхар алга.  Хаачсан юм бол доо…

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хаяг, реклам | 3 Comments »

Цагаан утас: Цагаан балтай хамт

Posted by Бид on 2010/02/02

“Хүн-утас”   цувралаа энэ удаад “Цагаан утас” гэж нэрлэлээ.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадна цагаан утаснаас гадна цагаан бал гүйлгээтэй байдаг аж. 

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 1 Comment »