АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МҮОНТ учрыг магадлав

Posted by Ажиглагч on 2010/01/17

Төмөр замын асуудлаар дэлгэцэн дээр дэгдсэн тулаанд хэвлэл мэдээлэл бараг л хэлмэгдсэн тухай үг яриа цухалзаж “муусайн олигархууд сэтгүүлчдийг худалдаж авахаа зогсоох”-ыг шаардах болов. Сэтгүүлчдийн нэрийг барьж амжуулах юм аа. Үнэндээ олигархууд сэтгүүлчдийг биш эзэд, захирлуудыг худалдаж авсан бөгөөд цаадуул нь “бонус” болгож сэтгүүлчдийнхээ амыг таглан төмөр замын талаар зөвшөөрөлгүй  дуугарах, тэр тусмаа эрэн сурвалжлахыг зогсоож иж бүрэн үйлчилгээ үзүүлсэн юм. Зөвхөн “25-р суваг” телевизээр сэтгүүлч Пүрэвхүү УИХ-ын гишүүн Л.Гүндалай, ОУСХ-ийн дэд захирал Д.Шүрхүү, эмч Б.Болдсайхан, эдийн засагч Д.Жаргалсайхан нарыг авчирж  маргалдуулав. Гүндалайг үзэх урьдын адил зугаатай, гэвч бүгдээрээ хөндлөнгийн хүмүүс болохоор юу ч тодорсонгүй.

Ухаа худгийн эсрэг ба төлөө захиалгат хоёр нэвтрүүлгийг олон нийтийн телевиз үзүүлээгүй. Яаж тэсэв ээ гэж бодсон шүү! Магадгүй хашир телевиз жинхэнэ эздээс нь урьж байгаад даацтай хэлэлцүүлэх юм болов уу? Би дахиад хууртав.

Мягмар гаригийн оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллээр Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр замын талаар нэвтрүүлэг явсан, бид учрыг магадлав” хэмээн ихэд намбатай эхэлсэн ч “Төмөр зам тавих зөвшөөрлийг ганцхан “Энержи Ресурс”-д Засгийн газраас олгосон юм биш” гээд өмнөөс нь барьцах маягаар “Монголын алт” (МАК) компанийн зөвлөх, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Д.Содномоор урагш тавих шууд төмөр замыг нь хамгаалж яриулсан, бас эдгээр төмөр замууд хэзээ нэгэн цагт төрийн өмчид ирэх тул амар амгалан байцгаа хэмээн ухуулсан сурвалжлага толилуулав. “Монголын мэдээ” агентлаг өөрөө ч бэлтгээгүй, хэд хоногийн өмнө TV9, TV5 зэрэг сувгаар нэр, хаяггүй цацагдсан бүтээл тэр чигээрээ байлаа.

 Хэдэн минутын дараа эхэлсэн “Бизнес ньюс”-ыг эргүүлтэл Энержи ресурс”-ийн захирал Г.Батцэнгэл Ухаа худгаас төмөр зам  татах зөвшөөрөл авсан тухайгаа тайлбарлаж зогсов. Дээрх сурвалжлагын дэлгэрэнгүй хувилбар болж таарлаа.  Сэтгүүлч М.Оюунчимэг бүр хөөрчихсөн “зах зээл хөгжсөн оронд дэд бүтэц нь хувийн хэвшилд байдаг … Ухаа худгийн төмөр замыг хувийн хэвшил барих боловч ашиглах нь монгол улсын бүх иргэнд нээлттэй юм байна” гэсээр жигтэйхэн баяртай өндөрлөв.

Үүнээс үүдээд сонин зүйлийг олж мэдлээ. Олон нийтийн телевиз тэсээгүй юм байна. “Баялгийн хараал”-аар илчлэгдсэн “Нүүрсний зам” захиалгат нэвтрүүлэг 2009 оны 12-р сарын 29-ны үдэш МҮОНТ-ээр “Танин мэдэхүйн аялал” тодотголтойгоор гарчээ. Үүнийг сэтгүүлч Б.Эрдэнэсолонго Улаанбаатар Эрхүү – Владивосток – Находка – Тэньжин – Бугат – Улаанбаатар маршрутаар хийсэн аялал хэлбэрээр бэлтгэж хойшоогоо ОХУ-ын нутгаар Номхон далай хүрсэн төмөр замыг муулж “…. өргөн төмөр замын үе дуусч байгаа бололтой… Орос, Монгол зэрэг хэдхэн орон өргөн төмөр замтай үлдэж байна… Үлдсэн нь дэлхий нийтийн стандарт болсон нарийн төмөр замтай… Оросууд өөрийн төмөр замыг ажилтай болгох гэж монголын нүүрсийг тээвэрлэхийг хүсч байна…Тэд онгоцны буудалд намайг дарамталж 500 рубль авсан” гэх мэтээр оросуудаас юу ч үлдээсэнгүй. Үргэлжлэлийг бид “Баялгийг хараал”-аас мэдэж авсан билээ. Төгсгөлд нь “Эх санаа M.Boom, BK Consult Forshung компанийн захиалгаар Blue Bird Production (Israel) бүтээв” гэж бичсэн байх юм. Үндэстэн дамнасан нэвтрүүлэг мөн дөө.

Бас болоогүй. 2010.01.03-ны Даваа гаригт МҮОНТ-ийн мэдээгээр Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх төмөр замыг хаагуур тавих талаар УИХ-ын гишүүн Р.Раштай хийсэн ярилцлага гэнэт оржээ. Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр замыг тавихыг “Энержи ресурс”-д зөвшөөрсөн тогтоолд 2008 онд гарын үсгээ тавьсан  эрхэм өөрөө, нарийн төмөр замыг ямар нэгэн дамжлага сааталгүйгээр Хятад руу барих нь эдийн засгийн ач холбогдол ихтэй, Чойроор дамжуулж шилжүүлэн ачилт хийхэд үр ашиггүй гэх мэтээр ярьсан нь мэдээж. Аль чиглэлийг сонгохыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гэдэг судалгааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэж тэр үздэг гэнэ. Тэгвэл ҮХШХ-ны дарга нь ямар байр суурьтайгаа “Баялгын хараал”-ын эсрэг захиалгат нэвтрүүлгээр зарласан билээ.

Ухаа худгийн төмөр замын асуудлаар олон нийтийн телевиз зөвхөн “Энержи ресурс”-ын амыг харж сурталчилгааг  нь сэм сэмхэн (бараг хулгайгаар гэсэн үг) хийж өгдөг нь дахин нотлогдов. “Энержи ресурс”-ийн цөм болсон MCS яагаад өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байдаг вэ гэвэл дурын хэвлэл мэдээллийг, тэгэхдээ МҮОНТ-ийг хамгийн түрүүнд худалдаад авч болдог учраас тэр гэж бодсон шүү.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: