АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Амралтын өдрийн “агаарын” тулаан

Posted by Ажиглагч on 2010/01/11

“Энержи ресурс”-ын Ухаа худгаас Хятадын хил рүү шууд татах төмөр замыг тойрсон “агаарын” тулаан амралтын хоёр өдөр телевизээр дэгдээд намждаг уламжлал тогтож мэдэхээр боллоо.

Эсэргүүцэгч тал өнгөрсөн Бямба гаригийн үдэш аль ч телевизийн хөтөлбөрт зарлагдаагүй “Баялгийн хараал” нэвтрүүлгийг ТМ, TV9, “25-р суваг”, Ням гаригт “Ийгл” өглөө ба орой хоёр удаа, бас TV9 телевизээр тус тус үзүүлж (суваг эргүүлэхэд тааралдсанаа дурдав. Бусад нь яасныг мэдэхгүй) гэнэтийн цохилт өглөө. Энэ удаад “Баян Монголын төлөө” хөдөлгөөн нэрээр Х.Билгүүн гэж нэрээ бичсэн залуу хөтлөв.

Дөчин минутийн туршид Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Энхбат, Лу.Гантөмөр, Ж.Сүхбаатар, МУНН-ын дарга Батболд, Ноолуурын холбооны тэргүүн Н.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, ЗТБХЯ, Улаанбаатар төмөр замын албан тушаалтнууд, түүхч О.Батсайхан, улс төрийн тоймч Ц.Дашзэвэг, ММГШ хөдөлгөөний тэргүүн П.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Бурмаа, эдийн засагч Д.Жаргалсайхан, геополитик судлаач О.Чулуунбилэг, Геологийн сайд асан Ч.Хурц, геологич Дүгэржав, жүжигчин Сосорбарам нарын яриа үзэгдэв. Ингэхдээ “Энержи ресурс”-ийн Ж.Оюунгэрэл, Ж.Оджаргал, П.Батсайхан, Г.Батцэнгэл нарын хэвлэлийн хурлыг үг, өгүүлбэрээр нь няцааж Хятадын эртний жанжин Сунцигийн номлолд үйлчилдэг уугуул ба суугуул урвагчид гэх мэтээр ниргэсэн ширүүн нэвтрүүлэг болжээ.

Миний сонирхлыг оны өмнөхөн телевизүүдээр цацсан “Нүүрсний зам” нэвтрүүлгийг илчилсэн хэсэг татлаа. Хэсгээс сийрүүлье:

… Саяхан уугуул, суугуул урваачдын оролцоо, захиалгаар нэгэн нэвтрүүлэг бэлтгэгдэн мөнгөөр зодон байж бүхий л сувгаар цацагдсан билээ. [Тэр нэвтрүүлгийн хэсэг. Сэтгүүлч: Үнэхээр аварга юм аа. Ёстой зууны бүтээн байгуулалт гэмээр Энэ том үйлдвэртэй нэгбүрчлэн танилцаад явах юм бол өдөртөө яваад барагдахгүй юм байна. Үнэхээр нүсэр байгууламж гэдэг нь мэдэгдэж байна даа…]

…. Бугат бол Хойт Хятадын эдийн засгийн онцгой объект бөгөөд энд гадаадын хүн сэлгүүцэх, зураг авахыг хатуу хориглодог. Гэтэл монголын нэг шальдир сурвалжлагч очоод дуртай газраа нэвтрээд хүссэн зургаа аваад явсныг юу гэж тайлбарлах вэ? Энэ бол хятадууд “Энержи ресурс”-д дээд зэргийн халамж үйлчилгээ үзүүлж хөхиүлэн дэмжиж байгаагийн тод илэрхийлэл. Энэ этгээдийн амнаас нэвтрүүлгийн туршид нэг л санаа улиг болтол давтагдлаа. Хятадуудад хямдхан, хурдханаар, ахиухнаар түүхий нүүрс хүргэж өгөх юмсан.. Худалдагдсан этгээдүүд монголоо үхэр тэргээр зүйрлэн доромжилж хятадын сансрын пуужинтай адилтган бахадсаар нэвтрүүлгээ жаргааж байх юм… Уг нэвтрүүлгийн хөтлөгч Сайншандын үйлдвэрийн цогцолборт огтхон ч санаа зовохгүй байгаа хэрнээ хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдох вий, тэдэнд нийлүүлэх монголын түүхий эдийн үнэ өсчих вий гэж ихэд зовниж байлааа. Монголд боловсруулах үйлдвэр хөгжөөсэй гэж ерөөчихөж чадахгүй хэрнээ харийн үйлдвэрийн чадлыг бахдаж гайхан биширч бусдыг өөр шигээ сөгдөн мөргөхийг албадагч энэ эрийн судсаар монгол цус гүйж байгаа болов уу? Хэдэн жилийн өмнө шар хэвлэлүүдэд хов жив, садар самуун мэдээ нийлүүлж явсан энэ эр одоо хятадын үйлдвэрүүдийн хувь тавиланд юунаас ч илүү санаа зовж явахын учир юм билээ. Ойлгомжтой. Мөнгө.

Уугуул, суугуулуудад урдаас хаяж өгсөн асар их мөнгөнд цатгалдагсад түүнийг хөлслөн турхирч байна. Нэгээн уугуул саяхан саяхан тэрбум төгрөгөөр испани зураачийн зургийг худалдан авснаа сайрхан ярилцлага өгчээ. Хэний баялгаар, хэний хүчээр… 250 мянган хүний сарын цалингаар ганц зураг авч баярхаж сагах хүртлээ тэнэглэсэн монголын олигархууд эхнэртээ 15 мянган доллараар цүнх авч өгч үнэтэй костюм гучийг шкафандаа овоолох мөнгийг ядуу монголчууд л төлдөг юм. Олигархуудын найруулсан архи, оросоос зөөж нугалан шахдаг бензиныг монголчууд л хөлсөөрөө, хөдөлмөрөөрөө төлж амьдралаа нулимм, архи, согтуурал, мансуурал, зовлон гуниг дунд өнгөрүүлж байгаа монголчууд тэднийг тэтгэдэг юм…

Энд балбуулж байгаа сэтгүүлчийн нэрийг Эрдэнэ ……… гэдэг шиг санана. Захиалгат нэвтрүүлэг захиалгат нэвтрүүлгээ, захиалгат сэтгүүлч захиалгат сэтгүүлчээ илчилдэг цаг ирэв бололтой. Огт илчилдэггүй байсныг бодоход том дэвшил!

Бас ноцтой баримтаар “Энержи ресурс”-ийг илчилсэн байна. Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр зам тавих зөвшөөрөл олгосон заалт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Монгол улсын зургаан хуулийн 11 заалтыг зөрчсөн, бусад төмөр замыг 51 хувийг төрийн мэдэлд авах болзолтойгоор зөвшөөрсөн бол “Энержи ресурс-ийн тухайд ийм заалтыг санаатайгаар орхигдуулжээ.

Одоо “Энержи ресурс”-ийн ээлж. Тэд гэнэдсэн боловч түргэн авч Ням гаригийн үдэш гэхэд хариу барилаа. Сэтгүүлчид, телевизүүд бэлэн байжээ. Нэвтрүүлгийн нэр харагдсангүй. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн мэдэгдлээр эхэлж “Энэ амралтын өдрүүдэд “Энержи ресурс” компанийн хэрэгжүүлж байгаа төмөр замын төслийн эсрэг захиалгат нэвтрүүлэг телевизүүдээр цацагдлаа… Тусгай зөвшөөрлийг холбогдох хууль журмын дагуу авсан… Бид Сайншандын төслийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй…

Ингээд араас нь баахан хүмүүсийн яриаг хөврүүлж өчигдрийн дайралтанд зүтгэсэн хүмүүстэй эчнээгээр тулалдуулав. “Монголчууд замын дөтийг хардаг” хэмээн гоё хэлсэн Бавуугийн Лхагвасүрэнгийн араас УИХ-ын гишүүн Д.Энхбат гарч өчигдрийн нэвтрүүлэгт гарсан өөртэйгээ үзэлцэх мэт харагдсан ч түүний болон МЭТНХ-ны ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэг нарын ярианаас “зөв зүйтэй” үг өгүүлбэрийг тасалж авсан байх. Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран, эдийн Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Хас банкны Ч.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын газрын орлогч дарга Ё.Батсайхан нар ерөнхийдүү дуугарсан бол Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн: Төмөр зам шууд урагшаа гарвал ямар ч төмөр замын царигийг солихгүй амар…, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун: Оросын төмөр замаар тээх шаардлага байхгүй… УИХ-ын гишүүн С.Оюун: Намайг Засгийн газрын гишүүн байхад энэ зөвшөөрлийг өгсөн. Одоо ч гэсэн зөв гэж бодож байна….УИХ-ын гишүүн З.Алтай: Тавантолгойгоос урагшаа Нарийн сухайт руу 260 км төмөр замыг тавих нь зөв. Тэд чинь боловсруулах үйлдвэр барина гээд төслөө боловсруулсан байна… доктор С.Авирмэд: Урагш тавих төмөр замыг улайран эсэргүүцэж болохгүй…, Эдийн засагч Н.Дашзэвэг: Баттулга сайд нарийн төмөр замаар зөвхөн ачаа тээнэ гэсэн шийдвэр гаргачихвал нэг ч хүн тээхгүй шүү дээ… гэхчлэн ямар ч эргэлзээгүй дэмжлээ. Засгийн газрын дээрх тогтоолд Ерөнхий сайд асан С.Баярын хамт гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд байсан Р.Раш Ухаа худгаар тавих замыг цээжээрээ хамгаалж ярьсан нь мэдээж.

Хариу нэвтрүүлгийг үзүүлсэн телевиз гэвэл TM, TV5 (хоёр удаа, “төлбөртэй” гэсэн тайлбаргүйгээр), TV9, TV8, “25-р суваг”, “Ийгл” юм.

Манай арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг Бямба, Нямд ч хамаагүй зоргоороо өөрчлүүлж хүссэн нэвтрүүлгээ дуртай цаг, минутанд шургуулж чаддаг хүч бол зүгээр л мөнгө юм. Тэр мөнгийг төр, улс төрийн нам, олигарх, компани, нэр дэвшигч, луйварчин, хятад, орос, америк хэн сарвайх нь мөнгө хураагч эздэд огт падгүй. Иймээс энэ удаад хоёр талд зэрэг ажиллаж олон ургальч үзлийн “үлгэр жишээ”-г үзүүлсэн хэрэг. Зөвхөн үүгээр зогсдог бол бас яахав. Мөнгөний “ачаар” улс орны хувь заяатай холбоотой чухал чухал асуудлаар жижиг мэдээ, сурвалжлагыг эс тооцвол маргаан, хэлэлцүүлэг телевизээс алга болжээ. Эрэн сурвалжлага ор тас мартагдсан. Сэтгүүл зүйн зарчмууд ингэж ууршсаар одоо голдуу сувгаа зардаг ажилтай болцгоожээ.

Тулаан газарт, тэнгэрт, тэнгист үргэлжилнэ гэдэг шиг араас нь сонинууд, бас сайтууд залгаж авах нь лавтай.

8 Responses to “Амралтын өдрийн “агаарын” тулаан”

  1. уугий said

    хятадуудад өртэй гэсэн тэгэд л амь нь гарчих гээд үхэн хатан нүүрсээ өрөндөө өгөх гээд байгаа нь хүн бүхэнд ойлгомжтой байна

  2. h said

    yagad gesen asultig yag odoo mcs s asumar baina 100 n ter bumiin hurungu oruulchad heden zuu dahin ashig oloh gej baina ene mongoliin baylgiig hytaduudad zuusunuur shude tiim l mungugui hetsuded esvel ur zelende idegded baiga humuus uu mongol hunii huvi zaya erh ashig gej um baina uu haramsaltai n alga bainada yagad msc????????????????????????

  3. secret said

    bi ehnii nevtrvvlgiig vzsen.Ter tumur zamiig aimag hot hoorondoo tavij dotoodiin vildverllee hugjvvleh ni deer bish gej vv. tumur zam tavina gj zvtgeed bgaa hvmvvs hoich ve vrsiinhee ireedvid batalgaatai zvil hiisen ni deer bhaa.Bi vvnii esreg bna bysad ard irged ch gesn sanal shvvmjillee itvehtei bicheesei

  4. Hantulga said

    Мөнгө гэж ямар их хүчтэй болох нь харагдсан. Эхний дайралт хийсэн нэвтрүүлэг нь арай баримтаар баян, илүү болсон шиг санагдсан. Гэхдээ байдал хэрхэн өрнөхийг харж л байя. Ер нь энэ 2 ийн тулаан нилээн идэвхтэй хэлбэрт шилжиж байгаа нь өдрөөс өдөрт л мэдрэгдэж байна

  5. akuta said

    aa hen medehev Burhad zodoldoj ba Ali n chuham eh oronch yum buu med Battulgiin Bolovruulah uildveriin ard hujaa nar bgaa geed minii huvid toirog bituurcheed bgaa Harin manai nzuud ene zodoonoos bagagui mongo salgaj ba Oor arga bhgui shdee Harin hezee negen tsagt hudaldagdah bdal bagasah biz ee Odoodoo bol manai setguulchid yaduu ba Yum yumgui ba Hudaldagdahaas oor argagui

  6. Zochin said

    Одоо угаасаа өнгөрөө биз дээ. Яаж ч байсан хятадууд хүчтэй юм чинь урагшаагаа шууд төмөр зам тавиулж л таарна.

  7. Зочин said

    Таны энэ удаагийн блог ч нэвтрүүлгийн үргэжлэл шиг санагдлаа.

  8. Bagy said

    Муусайн олигархиудыг сайн илчилсэн байна дээ. Бид худалдагдаж сөнөж байгаа нь үнэн. Монголын сэтгүүл зүй, улс төрчид тэр чигтээ хятадын мөнгөнд хууртагдсан

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: