Манай арван хэдэн телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд ерөнхийдөө төстэй , энд тэнд болсон албаны болоод бусад хурал семинар, арга хэмжээг тойрсон сурвалжлагуудын хоорондоо бага сага ялгагдах хувилбарууд юм. Харин TV8 телевиз ноднин 10-р сараас бусдаас онцгойрохоор шийдэж “Толь” мэдээллийн хөтөлбөрөө өөрчилж дотор нь хэдэн өвөрмөц булан нээсэн билээ.
“Өдрийн толь” –Албаны үйл явдлын мэдээ сурвалжлага. Гэхдээ хэдхэнийг үзүүлдэг бөгөөд сонирхолтой биш.
“Ард түмний толь” – “Таны эрх хаана зөрчигдөж байна? Тантай хэн шударга бус харьцаж байна? Сэтгүүлчийг камертай нь дууд… “ТВ8-ийн “Толь” мэдээллийн хөтөлбөр. Дуудлагын утас: 1952” гэж зарлаж байгаад иргэдийн гомдлын дагуу очсон хэсэг сурвалжлагаас бүтдэг. Хүмүүс нэг их хэсэг “Ийгл”-ийг дууддаг байсан бол одоо TV8-ийг болсон уу?
“Шөнийн толь” – “Танд шөнийн мэнд хүргэе” гэж мэндчилдэг сонин “толь” юм. Нийслэлд урьд шөнө тохиолдсон гэмт хэрэг, зөрчил, замын осол, түймэр зэрэг элдэв үйл явдлын сурвалжлага. Сүүлийн үед голдуу нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй хамтран хэргийн газарт очдог болжээ. Монголын бусад бүх сэтгүүлчид гэртээ хурхирч байхад сэтгүүлч Одхүү (дайчин сэтгүүлч, гагцхүү нэлээд чалчаа, хоёулаа зэрэгцэж суугаад нэвтрүүлгээ хөтлөхөд цаадах нь зөвхөн толгойгоо дохиж амждаг байв. Харин он гарангуут үзэгдэхээ больчихов. Хаачив?), Батхүү, Пүрэвжаргал нар ээлжилж хаа нэгтээ харанхуй гудамжинд “одоо Улаанбаатарт шөнийн 5 цаг болж байна” гээд ярьж зогсох нь онцгой хүйтэн байж таарсан энэ өвөл үнэхээр баатарлаг явдал гэлтэй. Урьд нь “Хөшиг” нэвтрүүлгээр цагдаагийнхантай хамтран зочид буудал руу дайран тэнд тааралдсан нөхдийг орон даяар алдаршуулдаг байсан бол одоо хүмүүсийн нүүрийг ихэнхдээ мозаикдаж халхалдаг болж.
“Ард түмний” болоод “Шөнийн толь”-иор гарсан жирийн амьдралын сонирхолтой, адал явдалтай зарим сурвалжлагуудын товчийг жагсаав.
– Эмчийн буруугаас болж хүүхэд нь согогтой төрсөн залуухан эмэгтэйн гомдол. Түүний үгийг сэтгүүлчээс өөр хэн ч сонсоогүй.
– Гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад гарсан 17 настай охин 8-р сараас хойш сураггүй байна. Аав ээж нь дэлгэцээр нулимс дуслуулан гарч охиноо буцаад ирэхийг гуйв.
– Архи ууж агсан тавьж өөрсдийг нь зоддог хүүгээ аав ээж нь цагдаад олон удаад өгсөн ч сүүлдээ тоохоо больсон тул аргаа бараад TV8 телевизийг дууджээ. Сурвалжлагч очиход ид агсарч байсан хүүгээ гэрт нь арайхийж оруулаад ээж, аав нь ярилцлага өгөв: Манай ганц хүү … Бид машин хүртэл авч өгсөн… Шашны дээд сургууль төгссөн… 1988 оны хүүхэд… Хүүгийн царайг таниулаагүй мөртлөө ээж, аавынх царайг харуулав. Эсрэгээр хийх ёстой байсан уу?
– Жирэмсэн эхчүүд эмнэлэгт үзүүлэх гэж өдөржин оочирлож байна..
– Нэгэн иргэн “Хүдэр охь” компаниар 35 сая төгрөгөөр бариулсан модон сууцны дээвэр хоёрхон хоноод нураад уначихаж. Иргэн гомдолтой байлгүй яахав.
– Дамбадаржаагийн 58-р сургуулийн шинэ уурын зуух доголджээ. Хотын ерөнхий менежер Бат төсөл хэрэгжүүлж Бээжингээс авчирсан зуух гэнэ. Хоёр ирэх байтал нэгийг өгчээ. Арга нь тасарсан ажилчдын яриа.
– Хулгайч айлын гэрт ид “хөдөлмөрлөж” байхад нь хөдөлгөөнт эргүүлийнхэн барьж авлаа.
– Баянгол дүүрэгт согтуу хүмүүс зодооныг харуулав. Томоос том чулуу бариад өрсөлдөгчдөө үхлийн цохилт өгөхөөр дайралтанд орсон залуу камер хараад шалчийн зугтав. Ойр хавьд цагдаа байсангүй. Сурвалжлагч руу дайсан бол яана?!
– Яншидо-2 рестораны хоолноос өт гарсан гомдлын мөрөөр очиж солонгос эзэд хэрхэн агсарахыг харуулав. Солонгос хүүхнүүд нь нөхрөөсөө хэцүү юм байна.
– “Хатагтай” эмнэлэгт хагалгаа хийлгээд хохирсон эмэгтэй Отгонболд захиралд доромжлуулаад телевиз дууджээ. Отгонболд захирал тэр эмэгтэйг хөөж тууж байгааг ар гэрийнхэн гар утсандаа бичиж авсныг оруулав..
– Солонгосын хөрөнгө оруулалтай “Бэгдү констракшн” компани шинэ барилга барихдаа “Сан конфорт” компанитай хуйвалдан Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн халуун усны худгийг дур мэдэн зөөж халуун усгүй болгосон тухай цэцэрлэгийн эрхлэгчийн гомдлын мөрөөр…
– Баянзүрх дүүрэг дэх “Хадгаламж” банкны 19-р тооцооны төвийн хүүхдийн мөнгийг хугацаанд нь өгөхгүй, иргэдийг олон хоногоор чирэгдүүлдэг дутагдал дахиад давтагдсан тухай гомдол. Салбарын эрхлэгч бүсгүй асуултанд хариулахгүй камер луу цохиж байгааг харуулаад “сэтгүүлчд бидэнд ийм муухай аашилж хандаж байгаа юм чинь жирийн иргэдэд яаж ханддаг бол?” гэв.
– “Гомо” гэгдэх Нараа шөнийн 3 цагт сурвалжлагчтай тааралдаж хүнд зодуулсан тухайгаа гомдол мэдүүлж зогслоо.
– Цааз захын уулзварын гэрлэн дохионы орчинд автобусанд дайруулсын хоёр ихрийн нэг нь нас барж нөгөө нь эмнэлэгт байгаа тухй сурвалжлага. Автобусны жолооч хохирогсдын ар гэрээр нэг удаа ирээгүй, ажлаа хийсээр байгаа гэнэ
– Сэлэнгэ аймгийн иргэн, “Тэнгэрийн зарлиг-түмний нэгдэл” байгууллагын тэргүүн Баярбилэг 1-р сарын 3-наас Монгол орноор явган аялахаар зам гарч Улаанбаатарт ирээд өөрийнхөө тухай мэдээлэл цацаж өгөхийг хүсчээ. Дорнод аймгийн Бурхантын застав хүртэл явна гэв. Энэ хар хүйтэнд болимоор юм.
– Баарны зөөгч үйлчлүүлэгчийнхээ утсыг хулгайлаад баригдсан тухай. Дуудлагаар очиж зураг авахдаа нүүрийг нь таниулаагүй. Зөв байх аа.
– Сурвалжлах баг буцаж яваад Дэнжийн 1000-ын замд түүсэн шилээ үүрээд явж байсан согтуу эрийг гэрт нь хүргэж өгөв. Цагтаа компанийн захирал, инженер мэргэжилтэй байснаа машин дотор ярьжээ.
– Гарцаар гарч халамцуу иргэнийг “Ланд крузер”-тэй залуу мөргөж хэсэг зайнд чирж гэмтээсэн ба залуугийн аав машинаас бууж ирээд “архины мөнгө салгах гэлээ” гээд нэмж зодсон байна. (Бодвол хүүгээ “дутуудууллаа” гээд гүйцээсэн хэрэг). Цус нөжөө гоожуулсан иргэний яриа.
– “Лексус” машинтай шал согтуу жолооч шөнийн 04 цагийн үед хэд хэдэн машин мөргөөд зогссон тухай. Тэр согтуу манай ах “том хүн” гээд нэрийг нь хэлсэн ч “Шөнийн толь” зориудаар дарав. МАХН-ын том зүтгэлтэн байсан биз… Гэхдээ тэрний буруу байхгүй учраас сонсгоогүй нь зөв.
– “Мандат” зоогийн газраас халагдсан ажилтны цалинг өгөхгүй байгаа гомдлын дагуу очиход сурвалжлагчийн хажууд цалингийн дутууг тоолж өглөө.
– Хужирбуланд байдаг “Өгөөж саран” чихрийн үйлдвэрийн эзэд ажилчин эмэгтэйчүүддээ цалинг нь өгөхгүй, нэхэхлээр “Өт минь чи өтнийхөө амьдралаар амьдраарай” гэх хараасан тухай нэгэн эмэгтэйн гомдол. Зарим нь 15 хоног ажиллаад 27 мянган төгрөг авсан гэнэ. Харин камертай сэтгүүлчийн дэргэд цалинг нь өгч авалцахаар болов. Одоо TV8 “Цалингийн толь” нээвэл таарна.
– Гудамжинд унасан хүнийг олсон цагдаа нарын дуудлагаар түргэн тусламж авч яваагүй орхижээ. Харин TV8-ыг дуудахлаар дахиж ирээд “Цагдаагийнхан согтуу хүн болгон дээр 103 дуудаж өгдөг нь буруу” гэх мэтээр маргалдсан ч аваад явлаа.
– Хамраас нь их хэмжээгээр цус гарсан эмэгтэйг бүтэн хоёр хоног эмнэлгүүд авахгүй өөр хоорондоо явуулаад байжээ. Хүү нь арга буюу “камертай нь” дуудаж баахан хэрүүл тайлбар сонсгосны дараа Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн гэв. “Эмнэлгийн толь” хэрэгтэй болохнээ.
Болоош дээ.
Бас сэтгүүлчид “Одоо дараачийн толийг үзээрэй” гээд нэрлэхээс цэрвэж бултдаг нь “Бизнесийн толь” буюу төлбөртэй сурвалжлагууд юм. Саяхан TV8-ын сэтгүүлчийг камертай нь бүр Баян-Өлгийгөөс дуудаж, тэнд оволзож байгаа аймгийн МАХН ба АН-ын тэмцэлд эхнийхийг дэмжсэн сурвалжлага, ярилцлага авчирч үзүүллээ.
P.S: Бас “Цоохор толь” нэртэй улс төрийн үйл явдлын хошиндуу тайлбарууд багтдагийг мартжээ.