АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ингэх гээд байсан юм

Posted by Ажиглагч on 2009/12/24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хуулийн төслийг хэвлэлд нийтлэн хэлэлцүүлж эхэллээ.  Он дамнуулж иргэд, олон нийтийн саналыг цуглуулаад 2010 оны 1-р сарын 12-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын Нээлттэй хэлэлцүүлгээр оруулах гэж байна.

Анх 1998 оны 8-р сарын 28-нд УИХ-аас баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн заалтууд АНУ-ын Үндсэн хуулийн нэг дэх нэмэлт  (“Конгресс … болохгүй”) мэтийг дууриасан тунхаглалууд байсан юм. Тэр хуулийг эргэн сануулья.

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино

2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

3 дугаар зүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох

3.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй.

3.2. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

4 дүгээр зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно

Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж

Ердөө энэ. Нэгэнт тунхаглалууд болохоор дагалдуулан 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгах; тэдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байх; Хууль, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байх; Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж, Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон өөрчлөн зохион байгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх радио телевизийг Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын харьяанд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулахаар тус тус шийдвэрлэсэн юм.

Цаашаа юу болсон бэ? “Ардын эрх” ба “Засгийн газрын мэдээ”-г тэр үед эрх барьж байсан АН ба МАХН-ын талын сэтгүүлчид нэг нэгээр хувьчлаад авсан, хоёр нам Монголын үндэсний телевиз ба радиог дахиад 7 жил ээлжлэн хэрэглээд зөвхөн 2005 онд аргагүйн эрхэнд зөвшилцөж олон нийтийн пайз зүүж өгсөн (бас МОНЦАМЭ агентлаг олон нийтийн статустай болох байж шүү!) билээ. Баян-Өлгийн радио, телевиз аймгийнхаа төр захиргаанаас нэг их холдоогүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтыг эхэндээ хавтгайдаа  зөрчиж ирсэн бол одоо хэвлэл мэдээлэлтэй байх шаардлага үгүй болж төсвийн мөнгөөр ховх худалдан авдаг болжээ. Одоо төрд худалдагдахын төлөө зодолддог болж. Телевизүүдийн холбоо vs МҮОНРТ гэсэн байнгын дайралт бол нэг жишээ. Явсаар хэвлэлийн эрх чөлөө маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрд болоод бизнест худалдагдах эрх чөлөө болон хувирчээ.

Уг нь хэвлэл мэдээлэл эрх чөлөөгөө өөрөө мэдээд явбал дээрсэн. Үүний тулд өөрийн  зохицуулалт байдаг. Даанч зөвхөн хэвлэлийн консул (зөвлөл)-ын тухайд гэхэд бараг 20 жил ярилаа. Хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчид, олон нийт гурван талаасаа зөвшилцөөд наанаа сэтгүүлчдийг, цаагуураа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг механизм. Манайд телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонины холбоо нэртэй эздийн том холбоод бий. Харин сэтгүүлчдийн эвлэл? МСНЭ-ийн ерөнхийлөгч нь телевизийн эзэн, дэд ерөнхийлөгч нь төрийн агентлагийн захирал. Хийдэг ажил нь төрөөс байр, гэр, газар, мөнгө, одон медаль, гахайн томууны вакцин гээд юу ч хамаагүй нэхэх. 2008 онд хэвлэлийн консул байгууллаа гэж сүртэй зарлахад эзэд хэдэн сэтгүүлчдээ үүрэг өгч эсэргүүцлийн өгүүлэл хэд гурвыг бичүүлэхэд шууд дуугаа хураасан. Бас Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн сураг дуулддаг боловч Монголын сонины [эздийн] холбооны халааснаас цухуйж огт үзээгүй.  

Шинээр боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд  хэвлэлийн зөвлөлийн тухай заалт орсон бол “ингэх гээд байсан юм”.  Хэвлэл мэдээлэл өөрөө чадаагүй учраас төр “туслах” бололтой. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт намайг оруулсан тул саяхан хуралд нь очиж тэр заалтыг тойрч баахан маргалдав. Би хувьдаа хасах саналтай байсан ч хуулийн ийм субьект байвал  гүтгэлэгтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэхдээ “хэвлэлийн зөвлөлд шилжүүлэх”, “хэвлэлийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн” гэх мэтээр зааж болох, энэ утгаараа сэтгүүлчдийг хамгаалах механизм болно гэдэгт хуулийн мэргэжлийн хүмүүс итгүүлсэн юм. Харин яаж байгуулах, эсвэл байгуулахгүй байх, хэрхэн ажиллахыг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө шийдэг. Албадан сургалт гэх мэт гаднын хуулийн санааг манайхан хүлээж авахгүй биз. Бусад заалтуудыг нэгбүрчлэн ярилцаж амжаагүй. Ингээд хэвлэлд нийтлэгдсэн төслийн хувилбарыг харахад нэр томёонууудыг цэгцлэх, жигдлэх ажлыг дутуу хийжээ. Маргаантай заалтууд хэвээрээ үлджээ. Чухам ийм учраас  иргэдээр хэлэлцүүлэх биз ээ.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлэлээр хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж

2.1. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

3.1.1. “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл буюу бүх төрлийн радио, телевиз, хэвлэгдмэл хэвлэл буюу сонин, сэтгүүл, болон хэвлэлийн редакцийн хяналттайгаар цацагддаг цахим хуудас, болон тэдгээрт мэдээлэл нийлүүлэгч хэвлэл мэдээллийн агентлагуудыг тус тус хэлнэ.

3.1.2. “редакци” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн нийтлэлийн бодлогыг тодорхойлох, нийтлэлийн агуулгыг бэлтгэх болон хэвлэн нийтлэх үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг этгээдийг хэлнэ.

3.1.3. “Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээ тогтоох, хэвлэл мэдээллийн агуулгад олон нийт хяналт тавих эрхээ эдлэх хэрэгслийг хангаж буй төрийн бус, олон нийтийн зөвлөлийг хэлнэ.

3.1.4. “хэвлэн нийтлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд мэдээлэх зорилгоор баримт мэдээлэл олж авах, цуглуулах, эрэн сурвалжлах, баримтыг нягталж шалгах, мэдээллийг боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, түгээх, хадгалах, эх сурвалжаа хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг хэлнэ.

3.1.5. “редакцийн нийтлэл, хөтөлбөр” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн редакциас нийтлэлийн бодлогыг нь тодорхойлж бэлтгүүлсэн нийтлэл, хөтөлбөр, уран бүтээл, тэдгээрийг ивээн тэтгэх зорилгоор нийтэлсэн аливаа мэдээлэл болон нийтлэлийн агуулгын талаар редакцитай байгуулсан гэрээний дагуу хэвлэн нийтэлсэн мэдээлэл, хөтөлбөрийг хэлнэ.

3.1.6. Энэ хуулинд “зар сурталчилгаа” гэж нийтлэлийн агуулгын талаар редакцитай гэрээ байгуулалгүйгээр, тогтсон үнэ тарифын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр төлбөртэйгээр нийтлүүлсэн буюу түгээсэн аливаа мэдээллийг хэлнэ.

3.1.6. “цахим хаяг” гэж интернет болон цахим орон зай ашиглан мэдээлэл түгээж аливаа хэлбэрийг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хэвлэлийн чөлөөт, хараат бус байдал

4 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн чөлөөт, хараат бус байдал

4.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээлэл авах, хайх, түгээх, баримтыг нягтлах, эрэн сурвалжлах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг чөлөөтэй, хараат бусаар явуулах эрхтэй.

4.2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакци нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үүсгэн байгуулагч, эзэд, ивээн тэтгэгч, төрийн болон улс төрийн байгууллага, албан хаагчаас хараат бусаар нийтлэлийн бодлого, агуулгыг тодорхойлж, хэвлэн нийтлэх эрхтэй.

5 дугаар зүйл. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэрэгжүүлэх

5.1. Монгол улсад хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эдлэхэд төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт шалгалт зохион байгуулж явуулахгүй.

6 дугаар зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох, мэдээллийг ил тод болгох

6.1. Төрийн байгууллага өөрийн мэдэлд мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно. Зөвхөн хууль, дүрэм журам, түүний төсөл, лавлагаа мэдээлэл хэвлэн нийтлэх зорилгоор тогтмол хэвлэгддэг товхимол, цахим хаягтай байж болно.

6.2. Төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой болон түүнд хадгалагдаж буй мэдээллийг иргэн, сэтгүүлчид болон сонирхол нь хөндөгдөж буй талууд хялбар олж авч болох арга замыг тодорхой тусгасан хууль, дүрэм журмыг төрийн байгууллага гаргах үүрэгтэй.

6.3. Төрийн албан хаагч, улс төрийн намын удирдлагаар сонгогдсон буюу томилогдсон хүн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх өөрийн өмчлөлийн хувь, санхүүжилтийн оролцоог Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулан жил бүр олон нийтэд мэдээлнэ.

7 дугаар зүйл. Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх

7.1. Шүүх, цагдаа, прокурор, хууль тогтоох, захиргааны байгууллага нь сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэгч, редактор, сэтгүүлч, ажилтан буюу бусад тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын холбоо, эвлэлд ажилладаг аливаа бусад ажилтныг олон нийтэд зориулан хэвлэлд нийтэлсэн буюу нийтлэгдээгүй мэдээллийг хаанаас, хэрхэн олж авсан, хэрхэн боловсруулж эмхэтгэсэн талаарх эх сурвалжаа илчлэхээс татгалзсаных нь төлөө буруутгаж, шалгаж, шийтгэх ёсгүй.

7.2. Энэ зүйлд заасан “нийтлэгдээгүй мэдээлэл” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шууд түгээгээгүй, эх сурвалжаа нууцалж буй хэвлэл мэдээллийн ажилтны хэвлэн нийтэлсэн материалтай холбоотой буюу холбоогүй байдлаар хөтөлсөн бүх тэмдэглэл, гэрэл зураг, бичлэг, цуглуулсан баримт, боловсруулах үе шатандаа байгаа бичлэг, хуурцаг, эвлүүлэг, компьютерийн файл зэрэг холбогдох бусад мэдээллийг хэлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хэвлэлийн ёс зүй, хариуцлага

8 дүгээр зүйл. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага, түүнийг үүсгэн байгуулах, Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулах байгууллагын бүрэн эрх

8.1. Монгол улсын иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөөс хараат бус ажиллах нөхцөл болон иргэдийн мэдэх эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн ёс зүйн хэм хэмжээг тогтоон хангуулах, хэвлэл мэдээллийн агуулгад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн эзэд, сэтгүүлчид, олон нийт гэсэн гурван талын төлөөллөөс бүрдсэн хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулж болно.

8.2. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг энэ хуулийн 8.1 дэх заалтад дурдсан гурван талын аль нэгний буюу хамтын санаачлагаар үүсгэн байгуулж, нэр, зохион байгуулалт, дүрмээ батална.

8.3. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага нь олон нийтэд нээлттэй ажиллаж дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1. Хэвлэлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох;

8.3.2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн талаархи гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон уулзалт, эвлэрэлийн арга хэмжээ зохион байгуулах;

8.3.3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн талаарх гомдлыг хүлээн авч, дор дурдсан сахилгын арга хэмжээ авах;

А. сануулах;

Б. албадан сургалтанд хамруулах;

В. уучлал гуйхыг шаардах;

Г. баримтат мэдээллийн эсрэг няцаалт хийх хэлбэр, байршил, хугацааг тодорхой зааж няцаалтыг заавал хэвлэн нийтлэх тухай үүрэг өгөх;

8.3.4. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус байдлыг дэмжсэн судалгаа, тайлан гаргаж, сургалт, арга хэмжээ зохион байгуулах;

8.3.5. Иргэд байгууллагаас ирсэн гомдлыг шийдвэрлэх, албадан сургалт зохион байгуулахад гарах зардлыг тусгасан хураамжийн хэмжээ болон өөрийн үйл ажиллагааны санхүүжилтийн бусад хэлбэрийг тогтоох.

9дүгээр зүйл. Хэвлэлийн агуулгын талаар хариуцлага хүлээх этгээд

9.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакци нь өөрийн эрхлэн гаргасан редакцийн нийтлэл, хөтөлбөрийн төлөө хариуцлага хүлээнэ.

9.2. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакцийн өмнөөс хариуцлага хүлээх этгээд нь тухайн мэдээллийн хэрэгсэлийн тухайн дугаар, хөтөлбөрийн агуулгыг хариуцан бэлтгэсэн хариуцлагатай ажилтан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь энэхүү ажилтны бүтэн нэр, хаягийг олон нийтэд нээлттэй байлгана.

9.3. Энэ хуулийн 9.2. дахь заалтад дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн удирдах дээд албан тушаалтан хариуцна.

9.4. Зар сурталчилгааны агуулгын хариуцлагыг тухайн зар сурталчилгааны агуулгыг хариуцан бэлтгэсэн хариуцлагатай ажилтан, эсвэл зохиогч хүлээнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакци нь зар сурталчилгааг хүлээн авахдаа энэхүү хариуцлагатай ажилтан, эсвэл зохиогчийн бүтэн нэр, хаягийг бүртгэж авна.

9.5. Энэ хуулийн 9.4 дэх заалтад дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг төлбөр хийсэн байгууллага, хувь хүн хариуцна.

9.6. Энэ хуулийн 9.2, 9.4, дахь заалтад дурдсан хариуцлагатай ажилтан, эсвэл зохиогч нь хуулийн хариуцлага хүлээх чадвартай, насанд хүрсэн хувь хүн байна.

10 дугаар бүлэг. Хэвлэл мэдээллийн талаар гарсан гомдлыг шийдвэрлэх

10.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн чанартай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу өгнө.

10.2. Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, байгууллага шүүхэд хандан гомдол гаргаж болно.

10.3. Хэрэв гомдол гаргагч нь хэвлэл мэдээллийн агуулгын талаар шүүх, цагдаагийн байгууллагад шууд гомдол гаргасан бол шүүх, цагдаагийн байгууллага уг гомдлыг Хэвлэлийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

10.4. Иргэний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэвлэлээр гутаагдсан гэж үзэж гомдол гаргасан этгээд тухайн алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохиролыг нотлох баримтыг гомдол хүлээн авагч байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

11 дүгээр зүйл. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгэх

11.1. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэнэ.

11.2. Өргөн нэвтрүүлгийн лицензийг Харилцаа холбооны асуудал хариуцсан засгийн газрын агентлаг олгоно.

12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

12.1. Энэ хуулийг ….. оны … дүгээр сарын ….-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

4 Responses to “Ингэх гээд байсан юм”

  1. Bayar said

    Orood uz dee
    http://sbayar.wordpress.com/2009/12/27/%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D1%80/

  2. Bayar said

    http://sbayar.wordpress.com/2009/12/27/%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D1%80/

  3. Oyun said

    Zarim ner tomyog ergej harmaar sanagdah yum.Yaamduudad ajillaj baigaa mergejiltnuudiin torolh helnii medlegt tavih shaardlagyg ondorsgomoor baina.Horoo, bagiin derged IT-yn salbaryg baiguulj huuliin tosol deer irgediig ajilluulmaar yum . Medeej hereg tsagiin holsiig ni ogoh ni zuitei.Es tegvees yamdyn mergejilten, yalanguya HZDHY-ny mergejiltnuudiig hii tejeeseer taarna.

  4. Bold said

    Ажиглагчийн блогт бүтэн 17 хоногийн дараа арай гэж нэг бичлэг нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: