АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for December, 2009

Монгол улс шар сэтгүүлтэй болов

Posted by Бид on 2009/12/30

“Соронз” нэртэй шинэ сэтгүүлийн анхны дугаар 2009 оны 12-р сард хэвлэгдэн гарчээ. Америкийн National Examiner, Star, National Enquirer, Sun зэрэг шар (celebrity, gossip, tabloid magazine гэх мэтээр цоллогддог) сэтгүүлийг сүрхий дууриасан нь илт,  макет нь маш төстэй.

Хавтсан дээрээ Exclusive гэсэн тодотолтойгоор дуучин Жавхлангийн гэргий ба охин (нэр нь Юм-Агь гэнэ үү?) хоёрыг 2009 оны 12-р сарын 12-ны өдөр сэмхэн дагаж нэгэн рестораны гадна папарацидаж авсан зургийг томоор нийтэлж дотор хуудсууддаа үргэлжлүүлсэн байна. Цаашаагаа Петровисийн Оюунгэрэл зээгээ хүлээж байгаа, загвар өмсөгч Э.Одгэрэл өдөрт хааяа өөрийгөө өрөвдөөд уйлдаг, Аглуугийн гэргий нуувчинд орсон, АПУ-гийн Батсайхан Леонардо ДаВинчийн бүтээлийг өндөр үнээр худалдан авсан, түүний гэргий Ц.Алимаа, Сү.Батболдын шинэ хэв маяг, Кекшүзаны цасны гангараа, “Санхүүгийн хүнд жингийн тоглогчид” тусгай буланд  MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргалын намтрыг дэлгэсэн “Тамхины цаасан дээр цамхаг босгосон эрхэм” нийтлэл, УИХ-ын гишүүн С.Оюуны ярилцлага харагдана. Монголын хамгийн сайхан хувцасладаг олны танил бүсгүйчүүдийг уншигчидтайгаа хамтран гурван сарын турш шалгаруулахаа зарлажээ. Гадаадын оддыг ч зүгээр үлдээгээгүй байна.  

“… Монголын чөлөөт сэтгүүл зүйд 10 гаруй жил хүчин зүтгэж байгаа манай сэтгүүлийн хүчирхэг баг таны оюун ухааныг соронз мэт татах болно” гэж эрхлэгч М.Туяа, ерөнхий редактор Т.Монголзаяа, уран сайхны редактор С.Чимгээ, сэтгүүлч Б.Дэлгэрмандал нар амалжээ. Хэрвээ би андуураагүй бол “Дээдсийн хүрээлэн”, “Сэрүүлэг”-т байсан нэрс байна.

Ийнхүү Монгол Улс шар сэтгүүлтэй боллоо. Магадгүй урьдын сүр хүчээ алдсаар байгаа шар сонинууд яваандаа ийм болох биз.

Posted in + СЭТГҮҮЛ | 10 Comments »

Обама-тай “Чадамж”

Posted by Бид on 2009/12/30

Бүтэн нэр нь “Үндэсний боловсролын Чадамж” сэтгүүл.

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид, тэдний эцэг эх, багш нарт зориулагдсан 40 хуудас А4 хэмжээтэй өнгөт сэтгүүл бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалттанд бэлтгэх ерөнхий эрдмийн 10 хичээлийн сорилго тест, гүйцэтгэх аргачлал, зөвлөгөө, даалгавар болон  элсэлтийн бусад мэдээллийг нийтэлнэ гэж танилцуулгандаа бичжээ.

Хавтсан дээрээ Барак Обамагийн зургийг залжээ. Харвард төгссөн учраас тэр байх. Сэтгүүлийн эрхлэгч Ц.Оюунсайхан, зөвлөхүүд А.Цанжид, Н.Болормаа, В.Алзахгүй, Д.Төрбат, И.Батринчин, сэтгүүлч Төрбатын Зуунбилэг …  гэх мэтээр жагсаажээ.  Чухал хүмүүс нийлсэн байгаа биз? Харин тэр Оюунсайхан эрхлэгч Боловсролын үнэлгээний төвийн даргаар ажиллаж байгаад хөрөнгө мөнгө буруу зарцуулсан нь илэрч ажлаасаа халагдсан санагдана. Гэхдээ хуучин ажлаасаа холдохгүйнээ.

Анги, хамт олноороо болон сургуульдаа захиалахыг хаа сайгүй уриалж буй тус сэтгүүл 2010 онд сар тутам 2 дугаар хэвлэгдэнэ. Хавар тийшээгээ эрэлттэй болох байх. http://www.chadamj.mn сайттай гэж зарласан ч ажиллахгүй байна.

Posted in + СЭТГҮҮЛ | 3 Comments »

“Нохойтой ч болоосой”-той болов

Posted by Бид on 2009/12/28

Монгол улс ингээд нохойны сэтгүүлтэй болох нь тэр. Яг нохойнд биш   “нохойд хайртай хүн бүхэнд зориулав” гэжээ.

Анхны дугаарыг “Гадаадын 10 гаруй төрлийн сэтгүүл, 20 гаруй төрлийн ном, гарын авлага, цахим хуудас зэргээс түүвэрлэн орчуулж Монголын нохой судлалын холбоо ТББ, “Энэрэл”, “Амар” мал эмнэлгүүд, Гамма фото агентлаг зэрэг байгууллагатай хамтран бэлтгэж” 2009 оны 12-р сард гаргажээ. Жижигхэн сэтгүүл хэрнээ албан тушаал, ажил үүргийн хуваарь маш нарийн. Тухайлбал, ерөнхий редактор  П.Батаа бол ерөнхий эрхлэгч нь Батаагийн Энхбаяр юм байна. Хэн нь хэн бэ гэдгийг анзаарав уу?

Би нохойны талаар олигтой мэдэхгүй ч сонирхолтой сайн сэтгүүл гэж дүгнэлээ.  Цаашдаа сар бүр гаргахаа амалжээ.

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

“Ашгүй нэг юм удаж удаж …. сэтгүүлээ худалдаанд гаргалаа”

Posted by Бид on 2009/12/28

Монголд N-Level нэртэй сэтгүүл байдаг гэж зүүдэлсэнгүй. Гэхдээ яг ийм нэртэй “тоглоомын сар тутмын сэтгүүл”-ийн эхний дугаар 11-р сард хэвлэгдэн гарчээ. Түмэн-Өлзий гуайн эвлүүлдэг модон бус, компьютерийн тоглоом гэж ойлгоорой. 

Ерөнхий эрхлэгч Ц.Бат-Оргил (Jessy), редактор Ц.Бат-Оргил (Jessy), дизайнер Ц.Бат-Оргил (Jessy), орчуулагч Ц.Бат-Оргил (Jessy), эх бэлтгэл Ц.Бат-Оргил (Jessy) гэжээ. Дэндүү ихэдсэн ачааг үүрсэн залуу байна. Харин эрхлэгч С.Пунцаг (Tessy) дөнгөж гуравхан албан тушаалтай. Тэд овог нэрээс гадна Jessy, Tessy, бас ID гээд тусгай нэрүүдтэй аж. Тоглоомчид өөр хүмүүс юм аа.

Шинэ сэтгүүлийн оршил болгож “Хүндэт геймерүүдээ” гэж хандсан хэдэн өгүүлбэртээ “ашгүй нэг юм удаж удаж N-Level сэтгүүлээ худалдаанд гаргалаа” хэмээн гэнэхэн бичдэг, бас цэг, таслалын товчлуур дээр дарахаасаа залхуурдаг эрх чөлөөтэй залууст амжилт хүсье. Өдөржин шөнөжин тоглохын хажуугаар сэтгүүл гаргаж амжина гэдэг сайн хэрэг. Бас болоогүй, http://www.nlevel.blog.com хаягаар блогон сайт нээчихэж.

Posted in + СЭТГҮҮЛ | 3 Comments »

Мянгын мэдээнүүд …

Posted by Бид on 2009/12/27

Зурагтын мэдээний зах зээлээс [хоёр] зуугийн мэдээний хавтгай сонинууд шахагдаж оронд нь 1000 төгрөг (эсвэл 999, зарим нь 500 )-ийн гялгар сэтгүүлүүд байраа эзлээд байна. Нэрлэвээс, Info ТВ, TV Zone, TВ Zone, TV Weekend, ТВ Долоо хоног, Танайд хоноё болон бусад. Гадуур борлуулагч авгай хүүхдүүд зуугийн ба мянгын мэдээг зэрэг барьж явдаг болж. Сурталчилгааг нь та бид орой бүр үздэг Инфо ТВ, TV Zone хоёр сэтгүүлийн хувь ширхэг 10000-д дөхөж яваа сурагтай. “Зуугийн мэдээ”-нүүдийн аварга “ТВ долоо хоног” сонин хүртэл нэрээрээ сэтгүүл гаргаж өрсөлдөөнд оролцож эхэллээ. Ийм сэтгүүлүүд сонирхолтой байх үүднээс элдэв сонин сайхан нийтлэлтэй хэрнээ яг зурагтын мэдээгээ жижигхээн үсгээр шавааралдуулж палийлгадаг хэвээрээ. Томруулдаг шил хавсаргахыг дахин хүсье. Бас нэвтрүүлэг, киноны зар, анонс үгүй шахам.

Posted in + СЭТГҮҮЛ | 3 Comments »

“Философийн мэдээ” хүртэл

Posted by Бид on 2009/12/25

2009 оны төгсгөлд монголын сэтгүүлүүдийн эгнээ тэлж өрсөлдөөн ширүүслээ. Тэдгээрийн сонин хачныг зах зухаас нь тоймлоё.

Uptown, Citynight, “Гоодаль”

2009 оны 12-р сард 26 ба 14 дэх дугаараа гаргасан Uptown, Citynight, хэсэг завсарлаад сэргэсний дараа 2010 оны 1-р сарын 18 дахь дугаараа гаргаад байгаа Гоодаль гурав бол дугаар тус бүрийгээ бие даасан проект мэт сайтар бэлтгэж хэрэгжүүлдэг одоогоор монголын хамгийн сайн сэтгүүлүүд юм. Барууны төстэй хэвлэлүүдийн нэгэнт тогтсон загвар, зарчмыг дууриаж чаддаг, агуулгыг нь гоо сайхан, урлаг, тансаг амьдрал, эмэгтэйчүүд, заримдаа нийгэм-улс төр, заримдаа эротик гэсэн үгсээр тодорхойлж болох чөлөөт цагийн өргөн хүрээтэй сэтгүүлүүд юм. Entertainment гэх байх. Дунджаар 200-аад хуудастай, нэг кг-аас хүнд жинтэй. Эдгээрээс Uptown өөрийгөө “Монголын хамгийн олон уншигчтай сэтгүүл” гэж зарлаад 10000 гэсэн тоо тавьдаг ч нотлох баримт алга. (Эдгээр сэтгүүлийг хожим тус тусад нь тоймлоно оо).

“Гялбаа”, Playme, Pearl, “Ирмүүн Life”

Фото, гоо зүй гэх мэтээр агуулгаа нарийсгасан, эсвэл сар тутмын хэмнэлд орж чадаагүй сэтгүүлүүд юм.

“Байгаль орчин, амьдрал”

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн энэхүү сэтгүүл юм. 2009 оны №4 (15)-өөс эхлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан гаргаж байсан “Ногоон сургууль” сэтгүүлийг нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор Швейцарийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Цөлжилттэй тэмцэх төсөлтэй хамтран “Ногоон хуудас” нэрээр өөрийн хуудсууд болгон дотроо багтаах болов.

“Нэмэлт цаг”

Нийгэм улс төрийн сэтгүүл. Гуравдахь дугаар нь өнгөрсөн 9-р сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга (одоо Ерөнхий сайдын зөвлөх) Б.Долгорын том ярилцлагатайгаар гарсан байна. Эхний дугаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй байсан.

“Эрүүл мэнд инээмсэглэл”

Нэг талаасаа ийм, нөгөө талаасаа “Гэр бүл инээмсэглэл” гэсэн давхар хавтастай сэтгүүл нийт 12 дугаар (заримыг давхар дугаарласан) гараад байна. Саяхны нэгэн дугаарын хавтсан дээр “Засгийн газрын хамгийн залуу гишүүн, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор” гээд нэгэн аз жаргалтай гэр бүлийн зургийг нийтэлжээ. Сайхаан, гэхдээ ийм нэртэй сайд байдгийг анх удаа сонслоо. Байлаа гэхэд өөрийгөө Засгийн газрын гишүүнэээр худлаа өргөмжилж болдог юм уу? Сэтгүүл дээр юу ч гэсэн бурсан хамаагүй бололтой.

Mongolian Mining Journal

Зөвхөн англиар биш бас монгол хэлээр гардаг болсон байна.

“Өмнөговь”

Оюутолгой, Тавантолгойг агуулсан тус аймаг монголын аймгуудаас анх удаа “нийгэм, улс төр, эдийн засаг танин мэдэхүйн” сэтгүүлтэй болж хөрөнгө мөнгөө гайхуулж эхэллээ. “Өмнөговийн хөгжлийн сан” нэртэй ТББ гэсэн үүсгэн байгуулжээ. Тус сан бас http://www.umnugobi.com сайттай. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор огцрохоосоо өмнө хавтсан дээр нь зурагтайгаа гарч аймгийнхаа түүхэнд мөнхөрч амжлаа.

“Хүмүүний амьдрал”

Ярилцлагаар дагнасан тус сэтгүүл одоо аймгаар дагнадаг болжээ. 16-17 дахь дугаарт УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, сэтгүүлч Б.Ганчимэг, шинжлэх ухааны доктор, академич Ж.Болдбаатар, UFC группийн захирал О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, улсын начин М.Өсөхбаяр, гавьяат тээвэрчин Б.Осоржамаа, ардын жүжигчин Х.Уртнасан гээд дан булганыхан уригдсан байна.

Popular Face

Өнгөрөгч 6-р сард сэтгүүлч Ш.Гүрбазараар эхэлсэн тус сэтгүүлийн хоёр дахь дугаар Соёлын тэргүүний ажилтан дуучин Болдоор үргэлжилсэн байна.

“Их ав”

Эхний дугаар 20000 төгрөгийг үнэтэй томоос том данагар эд байсан бол хоёрдахь дугаар нь жижгэрч National Geographic төрхийг олжээ. Үнэ нь бараг хоёр дахин хямдарсан байна. Саявтар тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг Хорсмэн клаб ХХК нууцаар сум үйлдвэрлэж байгаад цагдаад баригдлаа гэсэн мэдээ дуулдсан шүү!

“Зочлох үйлчилгээний ёсон”

Зочид буудлын үйлчилгээний мэргэжлийн сэтгүүл 2009 онд гурван дугаар гараад байна.

Wow

Өсвөр үеийнхэнд зориулагдсан сэтгүүлийн 2 дахь дугаар хэвлэгдэн гарав. Шампунь, бас хөнгөлөлтийн тасалбар баахныг хавсаргажээ. Харин сэтгүүлийн нэрийг монголоор юу гэж дуудах вэ? Ваав? Воов?

“Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд”

Нэг талаасаа ийм, нөгөө талаасаа “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд” нэртэй гэр бүлийн сэтгүүл. 2009 оны 10-11-р сарын №32 хэвлэгдэн гарчээ. “Танай манай сэтгүүлийгхудаллдан авбал ажил үйлс тань үргэлж бүтэмжтэй байх болно. Учир нь таны мөнгө санхүүгийн боломж хомс, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулагдах юм” гэжээ. Үнэ 2500 төгрөг

“Маркетинг”

Мэргэжлийн бөгөөд сонирхолтой сэтгүүл. 2009 онд сүүлчийн байдлаар 10 дугаар хэвлэгдсэн. Б.Амаржаргал гэдэг 23 настай залуу эрхлэн гаргадаг.

Mongolia Today

МОНЦАМЭ агентлагийн англи хэл дээр гардаг сэтгүүл 2009 оны 8-р сард Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулан тусгай дугаарыг орос хэлээр гаргажээ. Англи толгойтой хавтсан дотор орос текст сонин байлаа. Цаг үе өөр болжээ.

“Хийморилог эрчүүд”

2009 оны 12- сард №4 (30) гарчээ. http://www.khiimorilogerchuud.mn сайт нь ажиллагаагүй.

“Жокей”

Морин уралдааны сэтгүүүлийн хоёрдахь дугаар 2009 наадмын дараа хэвлэгдэв.

“Гайхамшигт амьдрал”

Одоогоор нийт 9 дугаар гараад байна.

V.I.P

Буюу “Маш чухал эрхэм” сэтгүүлийн анхны дугаар 2009 оны 11-р сад гарахдаа “Завтай биш зорилготой хүнд зориулав”, бас  25-аас дээш насныханд хэмээн анхааруулав. Хэдэн секс хуудсуудтай учраас тэр.

“Философийн мэдээ”

Гүн ухааны, тэгээд мэдээ! Сонин сонсогдож байна. Анхны дугаар 2009 оны 11-р сард №1 гарч “Шижир бодол-Тунгалаг хэл” гэсэн уриаг хавтсан дээрээ бичжээ.

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

Ингэх гээд байсан юм

Posted by Бид on 2009/12/24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хуулийн төслийг хэвлэлд нийтлэн хэлэлцүүлж эхэллээ.  Он дамнуулж иргэд, олон нийтийн саналыг цуглуулаад 2010 оны 1-р сарын 12-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын Нээлттэй хэлэлцүүлгээр оруулах гэж байна.

Анх 1998 оны 8-р сарын 28-нд УИХ-аас баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн заалтууд АНУ-ын Үндсэн хуулийн нэг дэх нэмэлт  (“Конгресс … болохгүй”) мэтийг дууриасан тунхаглалууд байсан юм. Тэр хуулийг эргэн сануулья.

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино

2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

3 дугаар зүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох

3.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй.

3.2. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

4 дүгээр зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно

Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж

Ердөө энэ. Нэгэнт тунхаглалууд болохоор дагалдуулан 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгах; тэдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байх; Хууль, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байх; Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж, Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон өөрчлөн зохион байгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх радио телевизийг Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын харьяанд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулахаар тус тус шийдвэрлэсэн юм.

Цаашаа юу болсон бэ? “Ардын эрх” ба “Засгийн газрын мэдээ”-г тэр үед эрх барьж байсан АН ба МАХН-ын талын сэтгүүлчид нэг нэгээр хувьчлаад авсан, хоёр нам Монголын үндэсний телевиз ба радиог дахиад 7 жил ээлжлэн хэрэглээд зөвхөн 2005 онд аргагүйн эрхэнд зөвшилцөж олон нийтийн пайз зүүж өгсөн (бас МОНЦАМЭ агентлаг олон нийтийн статустай болох байж шүү!) билээ. Баян-Өлгийн радио, телевиз аймгийнхаа төр захиргаанаас нэг их холдоогүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтыг эхэндээ хавтгайдаа  зөрчиж ирсэн бол одоо хэвлэл мэдээлэлтэй байх шаардлага үгүй болж төсвийн мөнгөөр ховх худалдан авдаг болжээ. Одоо төрд худалдагдахын төлөө зодолддог болж. Телевизүүдийн холбоо vs МҮОНРТ гэсэн байнгын дайралт бол нэг жишээ. Явсаар хэвлэлийн эрх чөлөө маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрд болоод бизнест худалдагдах эрх чөлөө болон хувирчээ.

Уг нь хэвлэл мэдээлэл эрх чөлөөгөө өөрөө мэдээд явбал дээрсэн. Үүний тулд өөрийн  зохицуулалт байдаг. Даанч зөвхөн хэвлэлийн консул (зөвлөл)-ын тухайд гэхэд бараг 20 жил ярилаа. Хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчид, олон нийт гурван талаасаа зөвшилцөөд наанаа сэтгүүлчдийг, цаагуураа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг механизм. Манайд телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонины холбоо нэртэй эздийн том холбоод бий. Харин сэтгүүлчдийн эвлэл? МСНЭ-ийн ерөнхийлөгч нь телевизийн эзэн, дэд ерөнхийлөгч нь төрийн агентлагийн захирал. Хийдэг ажил нь төрөөс байр, гэр, газар, мөнгө, одон медаль, гахайн томууны вакцин гээд юу ч хамаагүй нэхэх. 2008 онд хэвлэлийн консул байгууллаа гэж сүртэй зарлахад эзэд хэдэн сэтгүүлчдээ үүрэг өгч эсэргүүцлийн өгүүлэл хэд гурвыг бичүүлэхэд шууд дуугаа хураасан. Бас Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн сураг дуулддаг боловч Монголын сонины [эздийн] холбооны халааснаас цухуйж огт үзээгүй.  

Шинээр боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд  хэвлэлийн зөвлөлийн тухай заалт орсон бол “ингэх гээд байсан юм”.  Хэвлэл мэдээлэл өөрөө чадаагүй учраас төр “туслах” бололтой. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт намайг оруулсан тул саяхан хуралд нь очиж тэр заалтыг тойрч баахан маргалдав. Би хувьдаа хасах саналтай байсан ч хуулийн ийм субьект байвал  гүтгэлэгтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэхдээ “хэвлэлийн зөвлөлд шилжүүлэх”, “хэвлэлийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн” гэх мэтээр зааж болох, энэ утгаараа сэтгүүлчдийг хамгаалах механизм болно гэдэгт хуулийн мэргэжлийн хүмүүс итгүүлсэн юм. Харин яаж байгуулах, эсвэл байгуулахгүй байх, хэрхэн ажиллахыг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө шийдэг. Албадан сургалт гэх мэт гаднын хуулийн санааг манайхан хүлээж авахгүй биз. Бусад заалтуудыг нэгбүрчлэн ярилцаж амжаагүй. Ингээд хэвлэлд нийтлэгдсэн төслийн хувилбарыг харахад нэр томёонууудыг цэгцлэх, жигдлэх ажлыг дутуу хийжээ. Маргаантай заалтууд хэвээрээ үлджээ. Чухам ийм учраас  иргэдээр хэлэлцүүлэх биз ээ.

Read the rest of this entry »

Posted in Хэвлэлийн эрх чөлөө | 4 Comments »

“Ирмүүн” сэтгүүлийн дураараа дугаар

Posted by Бид on 2009/12/07

 “Ирмүүн” сэтгүүлийн хоёрдахь дугаар бүтэн 10 сарын дараа хэвлэгдэн гарчээ. Тогтмол хэвлэл байж ийн хүлээлгэснээ, бас доторх агуулгаа тайлбарлахдаа,

“Хэн нэгний зохиосон цаг хугацааны товлол, нүүр хуудасны тоо, өргөн нарийн, өндөр нам улиг болсон стандарт, уншигчийн ёс зүй, эрхлэгчийн совесть энэ бүхэн уйтгартай. Заавал тийм байх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Сөрж сэлэхийг хүссэнгүй дагаж урсахыг хүссэнгүй, зүгээр л зоргоороо, зөн мэдрэмжээрээ бүтээлээ Ирмүүнээ, бид” гэжээ.

Тийм байна. Монголын хамгийн “том” сэтгүүлээр өргөмжлөгдөхөд хүргэсэн далбагараа ч багасгачихаж. (Гэхдээ сканерт багтахааргүй том хэвээрээ)  Бас “Амьтны ферм”-ийг комикс болгосон товхимолоо үргэлжлүүлж хавсаргасангүй.

Харин тал хуудасны тоо 150 хүрч (эхний дугаарынх 124) зузаарч байж л дуучин Б.Сарантуяагийн “Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна”, эмч Болдсайханы “Хайр дурлалд ариун нандин зүйл бага шүү дээ” гарчигтай задгайрсан хоёр ярилцлагыг багтааж чаджээ. Гэхдээ энэ хоёр яриа араас нь залгасан “Нүцгэн зураг – Ирмүүний Бачка”, “Бүлээхэн торгон зөөлөн”, “Чи дур тавихдаа юу мэдэрдэг вэ?” нэртэй гурван фото нийтлэлийн хажууд зүгээр л цэвэр ичимтгий…

Бусад нийтлэлүүдээс доктор, профессор Г.Лхагваагийн “Сохор нь сохортоо замчлаад ангал руу явж байна” ярилцлагаас хүн маш бага идэх хэрэгтэй гэдэгт бараг итгэлээ. Би чадах болов уу? “Бид чинь баахан алдартай, алдаргүй талийгаач нарын төмөр дүрсүүдийн дунд амьдарч …” гэж бичсэн зураач Г.Эрдэнэбилэгийн “Хөшөөд минь уучлаарай!” шүүмж жижиг хэрнээ часхийв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, зохиолч, яруу найрагч Р.Эмүжин хоёрын бурханы тухай ярилцлагын өмнө орсон зураг ламаахай нарын зураг гайхамшигтай! Эвтэйхан салгаж аваад ханандаа наамаар санагдавч сэтгүүл хайран.

102-103 дугаар нүүрийг дэлгэхэд айдас, сэжиг зэрэг хүргэсэн муухай зураг цочоов. Photo by Mario Sorrenti гэжээ. Барууны Art гэдэг хачин өндөр түвшинд хүрсэн, нарийн юм байдаг аж. Манайхан тун удалгүй гүйцэж түрүүлэх биз.

Posted in + СЭТГҮҮЛ | 21 Comments »

МҮОНТ манлайлав

Posted by Бид on 2009/12/06

Ням гаригийн үдэш хачин юм болж МҮОНТ 18 цаг 40 минутаас хөтөлбөртөө зарласан “Амьдрал ISO-д дуртай” гэсэн халамцуу нэртэй, тодруулбал, “Сэнгүр” шар айргыг сурталчилсан нэвтрүүлгээ цуцалжээ. Олон нийтийн радио, телевизийн тухай болоод Архидан согтуурахтай тэмцэх хуулиудийн заалтыг зөрчихөө больж ариун мөрийн замд оров уу?

Даанч тэгсэнгүй. Оронд нь “Энержи ресурс”-ын захиалгат нэвтрүүлгийг гэнэдүүлэн цацаж Ухаа худгийн төлөөх телевизийн сурталчилгааны кампанийг манлайлав. Өмнөх Бямба гаригийн өглөөний “Ярилцья” нэвтрүүлэг ахмад дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, тус компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл хоёрыг урьсан бол  тэр үдшийн “Цагийн хүрд”  мань хоёрыг Ухаа худаг дээр зогсоож байгаад яриулжээ.

Түрүүчийн амралтын өдрүүдээр арилжааны телевизүүд “Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцсэн нэвтрүүлгээр дүүрсэн байсан бол энэ Бямба, Ням гариг “Энержи ресурс”-д бүрэн эзлэгдэж, уул овоо шиг их ажил хийсэн Ухаа худаг уурхайн төслийн магтаал, бас саяхан Ухаа худагт баяжуулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй гишүүдийн амнаас унасан сайшаалын үгсээр зүйсэн  хоёр янзын нэвтрүүлгийг зэрэгцүүлэн үзүүлж ах телевизтэйгээ хүч нэгтгэв. Үүний тулд телевизүүд хөтөлбөрөө уухайн тас өөрчилж “Энержи ресурс”-ийн хүссэн цагийг гаргаж өгчээ.

Одоо олон нийтийн ба арилжааны телевизийн ялгааг олно уу.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Зарлал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ байршуулна уу.

Posted by Бид on 2009/12/06

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг http://www.televiz.mn, http://www.khevlel.mn, http://www.radiostants.mn сайтуудад мэдээллээ байршуулахыг уриалж байна.

Танайх өөрийн бие даасан сайтгүй бол энд хаягтай байршил нь байгууллагын вэбийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: yorol_mn@yahoo.com хаягаас лавлана уу.

             

Posted in # ЗАРЛАЛ | 5 Comments »

“Энержи Ресурс”-ийн телевиз үү?

Posted by Бид on 2009/12/05

Ухаа худгаас урагш тавих төмөр замыг тойрсон маргаанд МҮОНТ одоогийн байдлаар “Энержи ресурс”-ийн талд байна. Тус компанийн захиалгат нэвтрүүлгийг ямар ч нэр хаяггүйгээр үе үе хулгайгаар үзүүлсээр. Хэд хоногийн өмнө бусад хэвлэл мэдээллийнхэнтэй хамт Ухаахудагт очсон сурвалжлагаараа “Энержи ресурс”-ийн ажлыг зогсоох нь бодитой болбол олон тэрбум төгрөгийн хэрүүл зарга босох нь тодорхой” хэмээн тэдний өмнөөс анхааруулж байв. “Өмнөговь аймгаас Хятад улс руу төмөр зам тавихаар нэгэнт эхлүүлсэн ажлыг зогсоох нь зүйтэй гэсэн агуулга бүхий захиалгат нийтлэл, нэвтрүүлэг гарах болсон” тухай дурдсан ч тэр байр суурь, баримт нотолгоог огт сонирхоогүй, “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Би чадах уу?” зэрэг хоосон бөгөөд хайран ярилцлагуудаараа мэтгэлцүүлэх болов уу гэтэл таг чиг. Захиалга ирээгүй учраас тэр биз.

Бямба гаригийн “Ярилцъя… үйл явдал, тойм, тайлбар” шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат хоёроор 15 минут жийрэглэж байгаад Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл хоёртой 30 минут ярилцлаа. “Атаархал төрийн бодлого болж болохгүй” гэх мэтээр, бодвол Х.Баттулгад хандаж суугаа ахмад дипломатч маань “Таван толгой”-г сэмхэн авчихсан байсан “Энержи рессурс”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн анхны даргаар ажиллаж байгаад хэсэг хугацааны дараа МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлд томилогдсоны хэрэг ч гарлаа. Хөтлөгч Ц.Мөнхтөр “Энэ замыг тавиулахгүй байх сонирхол байна уу?” зэрэг асуултаар тусалж сайхан яриулав.

Төгсгөлийн хэсэгт “Норовбанзад” сангийн тэргүүн нэрээр оролцсон Б.Дэлгэрмаа (МҮОНТ-д онц эрхтэй энэ улс төрч хэд дэх удаагаа ч “Ярилцав” даа!) “Сая Гомбосүрэн гуайн ярьсан төмөр замын асуудлаар үнэн мөнийг хэвлэл мэдээлэл хэлж өгмөөр байна” гээд хэн нэгнээс нэхээд байх юм. Хэвлэл мэдээлэл нь өөдөөс хараад сууж байхад шүү!

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

З.Алтай: Ланд-200-гийн оронд арван хэдэн камер аваад …

Posted by Бид on 2009/12/04

УИХ-ын чуулганы байнгын хорооны хуралдаанаар 2010 оны улсын төсөв хэлэлцэх үеэр МҮОНРТ-ийн үйл ажиллагааны санхүүжилтын 6 тэрбум гаруй төгрөгөөс гадна тоног төхөөрөмж худалдан авахад 500 сая төгрөг нэмж тусгах саналыг З.Алтай гишүүн эсэргүүцсэнийг TV5, UBS зэрэг арилжааны телевизүүд бүрэн эхээр үзүүлсэн юм.

Тэрбээр юу ярьсан бэ?

– Өнөөдөр Монгол Улсад цаг өөр болсон. 15-16 арилжааны телевиз явж байна. Улсаас нэг төгрөгний ч татвар авдаггүй, бор зүрхээрээ хэдэн реклам хөөгөөд амьдарч байгаа. Тэнд хичнээн мянган ялгаа байхгүй радио, телевизийн улсууд ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр их мөнгө тэнд шаардлагатай юм уу, үгүй юм уу. Үндэсний олон нийтийн радио, телевизийн хийж байгаа цагийн хэмжээний багтаамжтай тэр бүх нэвтрүүлгийг энэ арилжааны хэдэн суваг, телевизүүд нөхөөд хангаад явж байгаа. Гэтэл өнөөдөр энэ их мөнгө яагаад орж ирээд байнав гэдэг дээр ганц жишээ хэлье. Радио, телевизийн улсын хорооны ерөнхий захирал өнөөдөр Ланд-200 гэдэг наян хэдэн мянган долларын үнэтэй цоо шинэ машин, монгол төгрөгөөр 120 сая гаран төгрөгийн машиныг өнөөдөр худалдаж аваад зүгээр унаад явж байна. Татвар төлөгчдийн мөнгө шүү, найз нараа. Энэ мөнгөөр чинь арван хэдэн мэргэжлийн сайн чанарын камер авчих мөнгө. Яагаад энийг харьцуулж бодож үздэггүй юм бэ? Тоног төхөөрөмж нь хуучирсан муудсан юм бол Ланд-200 авахынхаа оронд арван хэдэн камер аваад сурвалжлагч нартаа өгчих нь яасан юм бэ? Ингээд бүх юмыг энэ маягаар оруулж ирээд хуучин загварын үлэг гүрвэлийн маягаар иддэг энэ системийг бид өөрчлөхгүй бол болохгүй байна. Цаашдаа бид энэ мөнгийг Засгийн газар дээр даже энэ 6 тэрбумаас ядахдаа 2 тэрбумыг нь арилжааны телевизүүдэд Засгийн газрын харъяа байгууллагууд гэрээний дагуу энэ үндэснийхээ телевизүүдийг дэмжих үүднээс тодорхой сэдэв чиглэлээр нь гэрээ байгуулаад мэдээлийн сан дэргэдээ байгуулаад ингэж өгдөг хуваарьтай зах зээлд шилжихгүй бол аль амбасын үеийн, социализмын үеийн радио, телевизийн тэр юмаар бүх санхүүжилт юмыг өгөх юм бол энэ амьдралд нийцэхгүй юм байгаа юм шүү. Би тэрийн л хэлэх байна. Дарга нь үнэхээр тийм өндөр үнэтэй машин унаад татвар төлөгчдийн мөнгөөр ханхалзаж байдаг, тэгээд өшөө аппаратанд мөнгө хүрэхгүй байна, мөнгө авъя, ядуу байна гээд ингээд орж байгаа чинь логик нь мөн үү? Хяналт байна уу, энд эцсийн эцэст. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6 тэрбум аваад явбал энэ бол хангалттай мөнгө. Юун 500 сая вэ? Тийм л мөнгө хэрэгтэй юм бол 200-гаа зараад камер болго л доо. Соната аваад явахыг хэн байг гэсэн юм…

Зөв зүйтэй шүүмжлэл дотор бас өөр санаа цохиж явахыг анзаарав уу? Арилжааны телевизүүд МҮОНРТ-ын адил төсвөөс мөнгө хуваарилуулахыг мөрөөддөг төдийгүй яаж хүртэх загвараа бодоод олчихсон УИХ дахь Алтай төлөөлөгчөөрөө дамжуулан санал тавилаа. Товчхондоо, яам, агентлагуудын захиалгаар нэвтрүүлэг бэлтгэж мөнгө авахыг хүсчээ. Манай телевизийн эзэд хараат бус байдал, эрх чөлөөг мөнгөөр солиход хэзээд бэлэн.

Харин З.Алтайн илчилсэн МҮОНРТ-ийн захирлын хөлөглөдөг машин гарцаагүй томджээ. Төрийн ордон орж үүрэг даалгавар аваад буцахын хооронд ингэж тансагладаг үнэн бол төсвийн мөнгө хайран. Хэн нэгэн тэрхүү машины зургийг авч над руу мэйлээр илгээвэл сайтдаа нийтлэхсэн.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 11 Comments »

TV5-ын “бөөлжис”

Posted by Бид on 2009/12/03

Өчигдөр “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн “Шар мэдээ” нэртэй төлбөртэй булангаар ийм тайлбар уншлаа:

“УИХ-ын гишүүд яаж ч тайлбарлаад ард түмэн яагаад ч хүлээж авч чадахгүй шийдвэр бол Их хурал 76 тэрбумтан төрүүлсэн явдал. Дараагийн сонгуульд дахин гарах бэлтгэлээ татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн энэ уваагүй явдал чинь түүхэнд хараар бичигдэх болно. Хаана байна нөгөө Иргэний зоригийн Оюун, Ногоон намын Энхбат, шударга ёсыг тогтоож ард түмний төлөө байна аа гэсэн чинь. [Их хурлын танхимд суугаа хоёр эрхмийн зураг гарч ирлээ] Ах нам, ардчилсан намынхантай ав адил авлигийн мөнгө халаасалчихаад шударга дүр эсгээд сууж байдаг. Бөөлжис хүрмээр. Миний монголын ядарсан ард түмэн 76 тэрбум төгрөгийн чинь төлөөсыг таныг дахин улс төрд нэг ч гишгэж чадахааргүй арчиж авах нь тодорхой. Та хүлээж байгаарай” [Цааш хачин сонин хөгжим эгшиглэв]

Сөрөг хүчний нэр хэмээсэн Оюун, Энхбат хоёрыг хатуу шүүмжлэх нь түмэн зөв. Харин “бөөлжис” бол TV5-ын соёл, бас эрүүл мэндийг харуулсан үг юм. УИХ гишүүд увайгүй гэж сүржин эхэлснээ нэрлэх болохоороо 76 халааслагчаас 73-ыг нь энхрийлээд (эхний “Шар мэдээ”-нд Д.Дондог гишүүнийг хэлэх хэлэхгүй үгээр магтав) 74, 75 дахь гишүүд дээр “бөөлжис хүрсэн” бол нэг тэрбумын эсрэг цамнаж цамнаж бас хүртчихсэн 76 дахь гишүүн буюу З.Алтай дээр нөгөө “бөөлжис”-өө буцаагаад залгив бололтой сэмхэн алгасав. 

З.Алтай бол телевизүүдийн [эздийн] холбооны ерөнхийлөгч. Тэнд багтдаг TV5-ын “ерөнхий зөвлөх” Д.Сарангэрэл ерөнхийлөгчөө хамгаалж залгиснаас зайлахгүй.

Posted in TV5 телевиз | 7 Comments »

Тэд Шангри-Ла-г чадсан…

Posted by Бид on 2009/12/03

Телевизээр гэнэт сайн гүвүүлсэн “Энержи ресурс” компани өнгөрсөн ням гаригт “цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэг хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно” хэмээн том дуугаар мэдэгдсэн ч хэлсэндээ хүрсэнгүй. Даваа гаригт “Өнөөдөр” зэрэг сонинууд палийтал хэвлэж орхисон ч дуугараагүй. Х.Баттулгын нэрийг зарлана, шүүхдэнэ гэхлээр “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого”-д “Энержи ресурс”-ийг элдэв үгээр дуудсанаас биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоос эхлээд гарцаагүй баримтаар нотолсон байдаг…

Гэхдээ “Энержи ресурс” хариултаа хэдийнэ бодчихсон, угтуулаад нэг, хоёр ба дөрөвдэх засаглалыг Утаа худагтаа дуудаж аваачаад сэнхрүүлж өгчээ. Урьдын явдлаа олонд сануулахаас эмээж Дундговь хавиар эргэлдээд буцсан “Энержи ресурс”-ийн анхдагч, одоо Монгол улсын Ерөнхий сайд Сү.Батболдын оронд очсон тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “ашигт малтмалыг боловсруулах нь чухал” гэж сөрөг санаатай өгүүлбэрээр бөөрөнхийлснийг эс тооцвол УИХ-ын гишүүд (Х.Бадамсүрэн, Д.Баярсайхан) болон “Энержи ресурс”-ийнхний амнаас гарсан “урд хилийг бушуухан цоолж төмөр зам тавихгүй бол сүйрлээ, хятадуудаас ичиж байна” гэсэн ухуулга дараачийн хоёр өдөр бүх телевизээр гарч нөгөө “гүтгэлэг”-ийг булж орхив.

Ухаа худаг-улсын хилийн төмөр замыг “Энержи ресурс” тавьж л таарна. Үүсгэн зохион байгуулагч нь одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн бөгөөд Засгийн газрын тэргүүн! Харин олон нийтийн санаа бодлыг яаж эргүүлэх вэ?

Хэдхэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн урд зам дээр “Шангри-Ла” зочид буудлын барилга босгохыг бүгд эсэргүүцэхэд “Энержи ресурс”-ийн гол компани – MCS яасан билээ? Телевиз, сонин болгоноос сэтгүүлчдийг цуглуулж Хонконгт хэдэн ээлжээр айлчлуулан Шангри-Ла буудалд хонуулж авчраад “Бид ямар азтай улс вэ? Улаанбаатар маань “тэнгэрийн диваажин” (орчуулбал ийм утгатай гэнэ)-тай болно” гэсэн нийтлэл, нэвтрүүлгээр бөмбөгдүүлэхэд бүгд нам гүм болж … тэнд MCS-ийн офис сүндэрлэсэн билээ.

P.S: Сүүлийн үед зарим телевизийн хөтөлбөрт “Нүүрсний замын тэмдэглэл” нэртэй цуврал нэвтрүүлгийн нэр бичигдсэн харагдана. Сонирхвоос, “Энержи ресурс”-ийн төмөр замын магтуу ажгуу.

Posted in Улс төр, эдийн засаг | 1 Comment »