АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Отгонбаяр сайдын телечадавхи

Posted by Бид on 2009/11/22

Монголын бүх телевиз, радио, сониныг зэрэгцүүлэн эзэмддэг эрхмийг танилцуулья. Нэр нь Ё.Отгонбаяр. Үндсэн ажил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд.

Зөвхөн сүүлийн хэдхэн сард МҮОНТ-ээр түүний “тоглосон” ямар ямар мэдээ, сурвалжлагууд үзсэнээ эргэн санахыг оролдьё. Лхагва гариг бүрийн Засгийн газрын хуралдааны дараа өөрийн салбарын хэлэлцсэн асуудлыг сэтгүүлчдэд танилцуулах, түүнийгээ “Нээлттэй засаг”-аар гүйцээж ярих, их, дээд, дунд, бага сургуулийн хичээлийн жилийн нээлт, сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулах ёслол дээр үг хэлж харагдах нь зөвхөн бие халаалт байжээ.

Ялангуяа сургууль, боловсролын үйл явдал болгон заавал бүх зурагтаар гардаг, тэр болгонд Отгонбаяр сайд заавал ярилцлага өгдөг заншил тогтоод удлаа. АНУ-ын боловсролын байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан, “Орчлон” сургуулийн сурагчид олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ хүлээн авсан ёслол, Солонгост болсон урлагийн наадмаас медаль авсан хүүхдүүдэд баяр хүргэсэн, сүүлдээ БСШУЯ ба ЭМЯ хамтран ажиллах (гайхалтай!) гэрээнд гарын үсэг зурсан тухай сурвалжлагууд гарч бүгдээрээ Отгонбаярын яриагаар өндөрлөж байлаа. Төрийн хоёр яам энэ мэт ажлаа телевизгүйгээр, ерөөсөө гэрээгүйгээр, утсаар тохироод хийж чадахгүй юу? Нэг мэдэхэд БСШУЯ-наас ЭМЯ-нд явуулах албан бичигт Отгонбаяр сайд гарын үсэг зурсан тухай сурвалжлага “Цагийн хүрд”-ээр цацагдаж Отгонбаяр сайд тэр бичгийнхээ ач холбогдлыг тайлбарлаж зогсохнээ.

Алс холын Энэтхэгээс хүртэл монголын телевизийн дэлгэцийг эзэгнэсэн гээч. Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлалын сурвалжлагуудын дундуур Ерөнхийлөгчөөс дутуугүй харагдаж ярьсан хүн бол Отгонбаяр.

Гай болж гахайн ханиад дэлгэрэв. Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг наашлуулсан, сунгасан, дуусгахаар шийдсэнийг зөвхөн Отгонбаяр дамжуулж, телехичээлийг Отгонбаяр эхлүүлж, ийм хичээлийг “Боловсрол суваг” телевизийнхэн бэлтгэж бусад телевизээр гаргадгийг Отгонбаяр ойлгуулж, цааш үргэлжлэх эсэхийг зөвхөн Отгонбаяр зарлав. Бусад өдрүүдэд телехичээлийн явцтай Отгонбаяр сайд танилцсан тухай сурвалжлагууд үргэлжилж, Отгонбаяр сайд юу үзсэн талаар Отгонбаяр сайд өөрөө танилцуулж зогссон. Ашгүй хичээл эхэлж телехичээл мэдээний сэдэв биш болохоос өмнө амжиж хичээлүүдийг CD-нд бичүүлэн тараах ёслолын ажиллагааг яаман дээрээ зохион байгуулж бүх телевизээр дахиад нэг гарч CD-ны ач холбогдлыг ярьж билээ.

Бас болоогүй. Отгонбаяр сайд оюутнуудад амны хаалт гардуулсан, Отгонбаяр сайд Т.Ганди сайдын хамт оюутнуудад аарц, чацарганыг улаан гараараа тараасныхаа боловсролын болоод анагаах ухааны гүн гүнзгий утга учрыг зөвхөн Отгонбаяр сайд өөрийн дуу хоолойгоор тайлбарлаж байж санаа амрав.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын оюутны өдөр тохиоход “Цагийн хүрд”-ээр бас л Отгонбаяр сайд гэгээн дүрээрээ мэндчилгээ дэвшүүлж тэр өдөртөө амсхийх шиг санагдсан ч хэдхэн минутын дараа МҮОНТ-ийн сурталчилгааны клипэнд тоглоод дахин гарч харагдах юм. Ийнхүү боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багтдаг хагас сая гаруй сурагч, оюутан, багш, эрдэмтэн, театр, урлагынхан, тэдний бүх ажил, амьдрал Отгонбаяр сайдын зурагтаар гардаг фон болж хувираад байна.

Хүйтны эрч чангарсан сүүлийн гурав хоногт Отгонбаярын сайдын телечадавхи дагаад чангарлаа.

19-ны Пүрэв гаригийн үдэш НТВ-ийн “Чухал яриа”-гаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр

20-ны Баасан гаригийн орой TV5 телевизийн “Монгол орноо хөгжүүлье” хөтөлбөрөөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр.

21-ны Бямба гаригийн өглөө МҮОНТ-ийн “Ярилцъя…” нэвтрүүлгээр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр (Саяхан шинэ ерөнхий сайд Сү.Батболд “боловсрол – тэргүүлэх салбар” гээд хэлчихснийг хоёр талаасаа ийнхүү “баярлан угтав”. Тэгэж яривал эзэн Чингэсээс эхлээд Сүхбаатар, Цэдэнбал бүгдээрээ эрдэм мэдлэгийг дээдэлдэг байсан, энэ утгаараа лав 800 жилийн өмнөөс тэргүүлэх салбар)

P.S:

Өнөөдөр амралтын өдөр МҮОНТ-ийн мэдээг санаандгүй үзтэл нөгөө Ё.Отгонбаяр сайд костюм пиджакаа ч тайлах завгүй “Бид сургуулиудад бүтэн сар хэрэглэх “Санитол” олгосон байгаа… ” хэмээн ярьж зогсоно. Хэзээ амардаг юм болдоо, хөөрхий. Ариутгалын “Санитол”-ыг хүртэл зүгээр өнгөрөөхгүй юм.

9 Responses to “Отгонбаяр сайдын телечадавхи”

  1. Lkhagavamaa said

    Bid jaahan uhamsartai bh ni deer bh heleh yarih zuil bailgui yahav hiisen hund yum hiigeegui hun yugaa yarih ve de.

  2. huulich sandag said

    ирэх сонгуулийн сурталчилгааг энэ мэтчилэн хийж байгаа юм. Ер нь бүх телевизээр гарч байгаа реалити шоу болгонд нь тус яам ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, салбарынхаа унаж байгаа үйл ажиллагааг өнгөлөн далдаж, хүмүүсийн тархийг угааж байгаа юм. Та бүхэн зүгээр л энэ сайдын толгойлж буй салбарын талаар зүгээр л нэг сонирхоод үзээрэй!!!

  3. Anonymous said

    Hevlel medeelliin alba ni sain ajilladag, bas setgvvlchid uur medee setgeh chadvargvi, bgaa protokoloo tvvdeg, tvvhdee yag adilhan hiideg, saidaas yaria avah durtai gehchin shaltag bdag bhaa

  4. Anonymous said

    neeree PR iin bag ajiluulaad baigaa yumuu?

  5. Anonymous said

    esvel uneheer um hiigeed amjuulaal yavaad bna. esvel ajiglagch min otgonbayar saidiin ar tald huchtei tom pi-ar iin bag ajillaad eheltsen baihig uguusgeh argagui l um. tiim bol ovool garuud bn.

  6. dorj said

    zandanshatar said neg agentlagtaigaa taniltsaj yavahad buh tv-eer medeellej baigaag yu gej oilgoh ve?

  7. Oyun said

    Ajiglagchid bayar hurgeie.Harin tiim ee, bur zalhchihlaa.Ahlah angiinhny hicheeliin neelt hurtel tuunguigeer ehlej bolohoo bolichihoj gene ee.Mongolchuud ert deer ueesee l erdem medlegiig deedelj baisan shuu dee.Haramsaltai ni suuliin 20 jild sanaataigaar, bodlogoor bolovsrolyn salbaryg unagasan bolohoos…

  8. Îþóí said

    Àæèãëàã÷èä áàÿð õ¿ðãýå.Õàðèí çàëõòàë ãàð÷ áàéíà àà.ªíººäºð àõëàõ àíãèéíõíû õè÷ýýëèéí íýýëò áàñ ò¿¿íã¿éãýýð ýõýëæ áîëîõã¿é áàéãàà áîëîëòîé.Ìîíãîë÷óóä ýðò äýýð ¿åýñýý ë ýðäýì ìýäëýãèéã äýýäýëæ áàéñàí ø¿¿ äýý.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: