АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Том шуугиан дэгдэнэ…

Posted by Бид on 2009/11/02

Монголд улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, С.Бямбацогт, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар санаачлан өргөн барьжээ. Дэлхийд хаа сайгүй иймэрхүү зохицуулалтаар гадныхныг хязгаарладаг, харин манайд уул уурхайн хамаг лицензээ алдчихаад Оюутолгойнхоо 34 хувийг Айвенхоу-аас зээлдэж авсан бол бараг бүгд гадаадынхны гарт байсан ураны лицензүүдийг дахин бүртгэх нэрээр 11-р сарын 15 хүртэл арайхийн түдгэлзүүлээд түгшүүртэй сууж байгаа. Буцааж олгохгүй гэвэл цаадуул нь том шуугиан дэгдээж хилийн наана цаанаас дарамтлуулсаар байгаад авч л таарна.

Стратегийн ач холбогдолтой гэж үзсэн 26 салбарын тоонд хэвлэл мэдээлэлтэй холбоотой нь лав дөрөв байна.

18. Монгол Улсын хүн амын тал буюу талаас илүү хувь нь оршин суух газарт телевизийн дамжуулах үйл ажиллагаа явуулах,

19. Монгол Улсын хүн амын тал буюу талаас илүү хувь нь оршин суух газарт радиогийн дамжуулах үйл ажиллагаа явуулах.

24. Полиграфийн үйл ажиллагаа нь сард нэг саяас дээш хүчин чадалтай бол холбогдох үйл ажиллагаа явуулах

25. Сард нэг дугаар нь 10.000-аас дээш хувиар гардаг өдөр тутмын хэвлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнтэй холбогдсон үйл ажиллагааг…

Ойлгомж муутай, түүхий тодорхойлолтууд байх шиг. “Хүн амын тал буюу тэн хагасаас илүү хувь“ гэхлээр нийслэл Улаанбаатар (одоо 45 хувь амьдарч байгаа), эсвэл нэг буюу хэд хэдэн аймагт, зүүн, баруун, өмнө зүгийн аймгуудыг тусад нь бүрхсэн гадаадын телевиз, радиог яах ч үгүй. “Дамжуулах үйл ажиллагаа явуулах” гэжээ. Нэвтрүүлэг үйлдвэрлэдэг телевизэд хамаагүй болж таарлаа. “Ийгл” нэртэй өрсөлдөгчөө хөөж гаргахын хүслэн болсон манайхан тогтоолын төслийг баярлан угтаж, “Монгол ньюс”-ийн “Өнөөдөр” сонин “Гадныхан Монголын хэвлэл мэдээллийн салбарт 100 хувь хөрөнгө оруулж, мэдээллийн салбарыг өмчилж буй нь эргээд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн. Өнгөрсөн жил болсон “Долдугаар сарын 1”-ний үйл явдлыг хөөрөгдөж, үймээн самуун болгоход гаднын хөрөнгө оруулагчидтай телевизүүдийн хөөрөгдсөн мэдээ, мэдээлэл том үүрэг гүйцэтгэснийг мартах ёсгүй” гээд ховлож эхэлсэн нь арай эртэджээ. Хэрвээ “25-р суваг” телевиз тэр өдөр МАХН-ын байрны галдан шатаалтыг шууд дамжуулж чадсан бол түүгээрээ өнөөдөр яасан их бахархаж, “Хамгийн ардчилсан, чөлөөт, хувийн телевиз” цолон дээрээ шуурхай гэсэн чимэг нэмж зүүх байсан. Даанч чадаагүй.

Гэхдээ “Библ” телевизийг хязгаарлаж, “Өглөө” кинон дээр гардаг шиг, түмэн олон христчдийн хэргийг түүнд үлдээгээд, төрийн хэргийг салгах нь зүйтэй. Тэр үед бас нэг томоос том шуугиан дэгдэж, Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын рейтингийн ёроолд шууд ойчно… Яая гэхэв. Дэлхий дээр үнэгүй юм гэж алга.

Полиграфийн үйл ажиллагаа гэж хэвлэх үйлдвэр биз. Миний хувьд өнгө тод, хугацаа түргэн, үнэ хямд бол хэн байвал арьсны өнгө хамаагүй. Харин “Сард нэг дугаар 10.000 хувиас дээш гардаг” буюу өдөр тутмын сонинууд үндэсний үйлдвэрлэл хэвээр байхыг бүрэн дэмжинэ. Тэртээ тэргүй хувь ширхэг нь буурч хамаг уншигчдаа сайтуудад алдан зүдэрч байхад гаднын нэг нөхөр орж ирээд хэд савхдаад зүйл дуусгаж мэднэ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: