АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for November, 2009

Телевизээр цохилт өгөв

Posted by Ажиглагч on 2009/11/30

Өнгөрсөн амралтын өдрүүдийг тааруулж хэн нэгэн “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого” нэртэй нэвтрүүлгээр Ухаа худгийн нүүрсийг шууд урагшаа БНХАУ руу ачих төмөр зам тавих гэсэн “Энержи Ресурс” компанид “үхлийн цохилт” өгөхийг оролдов.

Сүүлийн үед хамгийн том сөрөг хүчин болоод байгаа TV9 телевиз Баасан гаригийн 22 цагийн үед эхэлж, C1 телевиз 23 цагаас, хэдэн минутийн дараа SBN телевиз угсруулан довтоллоо. Мэдээж альч телевизийн хөтөлбөрт байгаагүй.

“1920 онд герман гаралтай Роберт Фридланд Богд хааныг чөлөөлж Монголыг Хятадаас салгасан бол 2000 оноос хойш бас герман цустай Фридланд бас барон Унгерн шиг үүрэг гүйцэтгэв” гэж эхэлсэн 40 минутийн нэвтрүүлэг баримт нотолгоогоор дүүрэн. УИХ-ын гишүүдээс эхлээд судлаач зэрэг олон хүнтэй уулзаж хятадууд монголын ноолуурын зах зээлийг унагасныг сануулаад “Энержи ресурс”-ийг барьж авав. Таван толгой буюу Ухаа худгаас Хятадын хил рүү төмөр зам татсанаар ашигт малтмалаа зөвхөн урагшаа зөөхөд хүрч хятадуудын эрхэнд орно, харин зүүн тийш Монголын гол төмөр замтай холбовол дэлхийн зах зээлд гаргана, бас Сайншандад баригдах аж үйлдвэрийн цогцолборт боловсруулна гэх мэт давуу талуудыг тайлбарлав. “Энержи ресурс”-ийн Ухаа худгаас шууд Хятад руу тавих замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд дэмжээгүй атал 2008 оны сонгуулийн өмнөхөн Засгийн газраар зөвшөөрүүлж чадсан баримт (тогтоолын дор гарын үсэг нь харагдах ЗТАЖ-ын сайд байсан Р.Раш нэвтрүүлэг оролцож том том юм ярьж суух нь марзан), саяхан УИХ-ын байнгын хороогоор дэг зөрчиж оруулж гэнэт хэлэлцүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайхан, уг төмөр замын асуудлаарх ажлын хэсгийг “ичихгүйгээр” ахалсан УИХ-ын дэд дарга Батхүү нарын сонирхлын зөрчлийг дэлгэж “…Тэд Тавантолгойн хамгийн их нөөцтэй Ухаа худагийг авч үлдсэн. Тэд нүүрс зарсангүй гээд өлсөх хэмжээний хүмүүс биш… “Энержи ресурс” компани бол MSC болон Хятадын төрийн өмчийн Шинхуа группийн хамтарсан хөрөнгө оруулалттай. Энержи ресурс Ухаа худгаас хил хүртэл 240 км төмөр зам тавиулж чадвал Шинхуа группээс … амалсан… MCS групп Хонконгийн Керри групп гэдэгт асар их өртэй. Энэ өрийн зарим хэсэг нь Улаанбаатарын төв дэх 15 давхар барилгын өр найдваргүй ангилалд багтсан… Тэд УИХ-ын ихэнх гишүүдийг худалдаад авчихсан тул “Үйлдвэржүүлэлт эхэллээ” гэж хэлсэн Элбэгдоржид найдах хэрэгтэй … Хятадууд MCS компанийг дааж давшгүй их өрөөр нь барьцаалаад байна” гэх мэтээр сонин баримт, санаауудыг урсгалаа. Бас болоогүй, уг нэвтрүүлгийг хөтөлсөн үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”-ийг эрхэлдэг, иймэрхүү захиалгат нэвтрүүлгээр мэргэшсэн Гэрэлт-Од хэмээх сэтгүүлч “дараачийн дугаартаа “Энержи Ресурс”, MCS компанийн тухай дэлгэхээ мэдэгдэж байна” хэмээн амаллаа.

SBN-ээр үзэж байтал төгсгөлийн хэсгийг ямар ч тайлбаргүйгээр таслах нь тэр. Цаагуураа бөөн юм болсон биз.

Бямба гаригт довтолгоо бараг зэрэг суларч 23 цагаас зөвхөн “25-р суваг” телевиз, харин Ням гаригт гаригт буцаад чангарч TV9 телевиз өөрөө хоёрдахь удаагаа, гэхдээ бүр оргил цагаар буюу 20.40 цагаас, араас нь “25-р суваг” телевиз дахиад хоёрдахь удаагаа, нэмээд BTV, ТМ телевизүүд хүч хавсрав. 

Энэ нэвтрүүлгийн цаасан хувилбар болон төстэй нийтлэл сонинууд дээр гарсан. Харин зурагтаар ингэж гэнэдүүлж дайрсан тул “Энержи ресурс”-ийнхэн ням гаригт түргэн авч мэдэгдэл гарган зогсоохыг оролдов. Түүндээ Ухаа худгаас төмөр зам тавихыг Засгийн газрын тогтооолоор зөвшөөрснийг сануулаад “өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Энержи ресурс” компани болон түүний хувь нийлүүлэгчид болох MCS, Петровис, Шунхлай компаниудын нэр хүндийг унагах санаархалтай бохир захиалгат үйл ажиллагаа явагдлаа. Хүлээцтэй хандахад хязгаар гэж бий. Энэ үйлдэл нь улс орны эдийн засгийн эрх мэдлийг гартаа оруулах харийнхны бодлого байв уу? Монгол төрийн нэрийг барьж хувийн эрх ашиг, бизнесийн атаа жөтөөгөө бүхнээс дээгүүрт тавьсан атгаг санаа байв уу? … Цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэгэн хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно… “Энержи ресурс” компанийг гүтгэн доромжлох, хар аргаар мохоож чадахгүй гэдгийг захиалгат нэвтрүүлгийн эзэнд хандан мэдэгдэж байна” гэжээ.

Телевизүүд “Энержи ресурс”-ийн мэдэгдлээр амьсгалах ээлж ирэв. TV5 гэхэд “Цаг хөтөлбөрийнхөө өмнө, хойно, дундуур уншсан бол UBS, НТВ, SBN бүгд телевизүүд ч дутахгүйг хичээв. TV9-ын “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдлийг уншаад, залгаад тэрхүү “гүтгэлэг”-ийн нэвтрүүлгээ цацаж, араас нь дахин мэдэгдлийг уншиж зугаацав.

Амралтын өдрүүдэд дэлгэцэн дээр ийм юм болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл Оюутолгойн ард халхлагдаад байсан сая биш, тэрбум биш, их наядын төлөө тэмцэл ийнхүү дэлгэцэн дээр ил гарав. Ийм чухал асуудлыг хэвлэл мэдээллээр хэлэлцэж чи би-дээ тулах нь зүйн хэрэг, харин яагаад зөвхөн захиалгат нэвтрүүлгээр үзэлцдэг юм бэ? Манайд хараат бус бөгөөд өндөр түвшинд хүрсэн судлаач, шинжээчид, бас хараат бус хэвлэл мэдээлэл алга учраас тэр.

“Энержи ресурс”-ийн нэрлэхээр айлгаад байгаад “захиалгат нэвтрүүлгийн эзэн” (эзэд биш эзэн гэснийг анзаарна уу) дээр дурдсан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр болон дараа нь “”Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцэн тэмцэлдсэн сайд бөгөөд “Женко” Х.Баттулгыг гэж үзвэл тэрбээр хэвлэл мэдээллэээр олигтойхон хэлэлцэж шуугихыг хүлээж ядаад арга барахдаа захиалж эхэлсэн биз.

Одоо “Энержи ресурс”-ийн ээлж ирлээ. Өчигдрийн мэдэгдлүүд хүртэл төлбөртэй байснаас зайлахгүй.

Posted in СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, TV9 телевиз | 7 Comments »

Торны цаадах Интернэт

Posted by Ажиглагч on 2009/11/24

Би эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Ямар Куба, Хойт Солонгос биш дээ.

МУИС-ийн 2-р байрны 3-р давхарт оюутнууд торны цаанаас Интернэтэд орж байх юм Энд хувилж олшруулах үйлчилгээ явуулдаг цэгийн эзэд оюутнуудыг төдийлөн таашаадаггүй мэт санагдлаа. Өөрсдөө байшин дотор байшин буюу ТҮЦ барьж суурьшаад зөвхөн жижигхэн цонхоор харьцдаг төдийгүй борлуулдаг номнуудаа шилний цаанаас, харин Интернэтийг давхар торны цаанаас үзүүлэн орлого олж чаддаг аж. Ёстой нөгөө “Шилний цаанаас  долоолгов”.

Компьютер болгоны дээр “Хулгайчаас эд зүйлсээ болгоомжил!” хэмээн  дурайлгажээ. Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын халаас цүнхэнд санаа тавихаас өөр санаа зовох юм байна шүү!

Оюутнуудын хувьд компьютерийн урд суух мэтийн “хэт тансаг” юм бодолтгүй. Интернэтээс татаж авсан файлаа флашанд хуулж авмаар санагдаж жижиг цонх руу аймшиггүйгээр очиж шагайвал компьютерийн ханиад томуу яриад буцаах биз. Иймээс компьютерийн хулгана, гар хоёрыг нүхээр шургуулан хэрэглүүлж байгаа нь их юм гэж бодохоос.   

Read the rest of this entry »

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, МОНГОЛЫН АМЬДРАЛ | 19 Comments »

Пэрэнлэй ба телевиз

Posted by Ажиглагч on 2009/11/22

МҮОНТ тэргүүтэй телевизүүд өнгөрсөн хавар, зун, намар Пэрэнлэй гэж телевизийн “од”-той найзалсан билээ. Лав “Монголын мэдээ” агентлаг хаврын тариалалт, ургац хураалтын ажлыг сурвалжлах болохоороо хөдөө нутгийг биш ХХААХҮЯ-ыг зорьж Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Пэрэнлэй тэргүүтэй нөхдөөс заавал ярилцлага авдаг, хааяа тэднийг даган хөдөөлөхдөө Сэлэнгэ, Булганы аж ахуйнуудын тариан талбайн их ургацын дунд баатарлагаар зогсоон яриулж орой бүр үзүүлсээр өдий хүрсэн юм.

Гэтэл гурав хоногийн өмнөөс Пэрэнлэйг “Ганц худаг” дахь урьдчилан хорих төвд саатуулж Атрын 3-р аянд зориулсан хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэрэгт татсан тухай МҮОНТ-ээр бусад бүх хэвлэл мэдээлэл шуугиж эхэллээ. Пэрэнлэй тэр олон сурвалжлагад оролцож ярилцлага өгөхийн хэдийд хаагуур нь амжуулдаг байна аа?  Үй олон телевиз, сониныхон зөвхөн Пэрэнлэй нарыг дагаж, зөвхөн тэдний амаар сурвалжилж биш, хааяа салж тусдаа яваад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ болоод Хөтөлийн салбараар орж (энэ хоёр салбарын эрхлэгчидтэй хуйвалдаж мөнгө завшсан гэнэ) хавь ойрын хүмүүстэй уулзан ярьж хөөрч байсан бол ч …

Пэрэнлэй өөрийн хамгийн болгоомжлох учиртай хэвлэл мэдээллийг, ялангуяа телевизүүд, тэр тусмаа МҮОНТ-ийг үргэлж дэргэдээ, нэг ёсондоо хараа хяналтандаа байлгаж чаджээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Отгонбаяр сайдын телечадавхи

Posted by Ажиглагч on 2009/11/22

Монголын бүх телевиз, радио, сониныг зэрэгцүүлэн эзэмддэг эрхмийг танилцуулья. Нэр нь Ё.Отгонбаяр. Үндсэн ажил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд.

Зөвхөн сүүлийн хэдхэн сард МҮОНТ-ээр түүний “тоглосон” ямар ямар мэдээ, сурвалжлагууд үзсэнээ эргэн санахыг оролдьё. Лхагва гариг бүрийн Засгийн газрын хуралдааны дараа өөрийн салбарын хэлэлцсэн асуудлыг сэтгүүлчдэд танилцуулах, түүнийгээ “Нээлттэй засаг”-аар гүйцээж ярих, их, дээд, дунд, бага сургуулийн хичээлийн жилийн нээлт, сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулах ёслол дээр үг хэлж харагдах нь зөвхөн бие халаалт байжээ.

Ялангуяа сургууль, боловсролын үйл явдал болгон заавал бүх зурагтаар гардаг, тэр болгонд Отгонбаяр сайд заавал ярилцлага өгдөг заншил тогтоод удлаа. АНУ-ын боловсролын байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан, “Орчлон” сургуулийн сурагчид олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ хүлээн авсан ёслол, Солонгост болсон урлагийн наадмаас медаль авсан хүүхдүүдэд баяр хүргэсэн, сүүлдээ БСШУЯ ба ЭМЯ хамтран ажиллах (гайхалтай!) гэрээнд гарын үсэг зурсан тухай сурвалжлагууд гарч бүгдээрээ Отгонбаярын яриагаар өндөрлөж байлаа. Төрийн хоёр яам энэ мэт ажлаа телевизгүйгээр, ерөөсөө гэрээгүйгээр, утсаар тохироод хийж чадахгүй юу? Нэг мэдэхэд БСШУЯ-наас ЭМЯ-нд явуулах албан бичигт Отгонбаяр сайд гарын үсэг зурсан тухай сурвалжлага “Цагийн хүрд”-ээр цацагдаж Отгонбаяр сайд тэр бичгийнхээ ач холбогдлыг тайлбарлаж зогсохнээ.

Алс холын Энэтхэгээс хүртэл монголын телевизийн дэлгэцийг эзэгнэсэн гээч. Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлалын сурвалжлагуудын дундуур Ерөнхийлөгчөөс дутуугүй харагдаж ярьсан хүн бол Отгонбаяр.

Гай болж гахайн ханиад дэлгэрэв. Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг наашлуулсан, сунгасан, дуусгахаар шийдсэнийг зөвхөн Отгонбаяр дамжуулж, телехичээлийг Отгонбаяр эхлүүлж, ийм хичээлийг “Боловсрол суваг” телевизийнхэн бэлтгэж бусад телевизээр гаргадгийг Отгонбаяр ойлгуулж, цааш үргэлжлэх эсэхийг зөвхөн Отгонбаяр зарлав. Бусад өдрүүдэд телехичээлийн явцтай Отгонбаяр сайд танилцсан тухай сурвалжлагууд үргэлжилж, Отгонбаяр сайд юу үзсэн талаар Отгонбаяр сайд өөрөө танилцуулж зогссон. Ашгүй хичээл эхэлж телехичээл мэдээний сэдэв биш болохоос өмнө амжиж хичээлүүдийг CD-нд бичүүлэн тараах ёслолын ажиллагааг яаман дээрээ зохион байгуулж бүх телевизээр дахиад нэг гарч CD-ны ач холбогдлыг ярьж билээ.

Бас болоогүй. Отгонбаяр сайд оюутнуудад амны хаалт гардуулсан, Отгонбаяр сайд Т.Ганди сайдын хамт оюутнуудад аарц, чацарганыг улаан гараараа тараасныхаа боловсролын болоод анагаах ухааны гүн гүнзгий утга учрыг зөвхөн Отгонбаяр сайд өөрийн дуу хоолойгоор тайлбарлаж байж санаа амрав.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын оюутны өдөр тохиоход “Цагийн хүрд”-ээр бас л Отгонбаяр сайд гэгээн дүрээрээ мэндчилгээ дэвшүүлж тэр өдөртөө амсхийх шиг санагдсан ч хэдхэн минутын дараа МҮОНТ-ийн сурталчилгааны клипэнд тоглоод дахин гарч харагдах юм. Ийнхүү боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багтдаг хагас сая гаруй сурагч, оюутан, багш, эрдэмтэн, театр, урлагынхан, тэдний бүх ажил, амьдрал Отгонбаяр сайдын зурагтаар гардаг фон болж хувираад байна.

Хүйтны эрч чангарсан сүүлийн гурав хоногт Отгонбаярын сайдын телечадавхи дагаад чангарлаа.

19-ны Пүрэв гаригийн үдэш НТВ-ийн “Чухал яриа”-гаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр

20-ны Баасан гаригийн орой TV5 телевизийн “Монгол орноо хөгжүүлье” хөтөлбөрөөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр.

21-ны Бямба гаригийн өглөө МҮОНТ-ийн “Ярилцъя…” нэвтрүүлгээр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр (Саяхан шинэ ерөнхий сайд Сү.Батболд “боловсрол – тэргүүлэх салбар” гээд хэлчихснийг хоёр талаасаа ийнхүү “баярлан угтав”. Тэгэж яривал эзэн Чингэсээс эхлээд Сүхбаатар, Цэдэнбал бүгдээрээ эрдэм мэдлэгийг дээдэлдэг байсан, энэ утгаараа лав 800 жилийн өмнөөс тэргүүлэх салбар)

P.S:

Өнөөдөр амралтын өдөр МҮОНТ-ийн мэдээг санаандгүй үзтэл нөгөө Ё.Отгонбаяр сайд костюм пиджакаа ч тайлах завгүй “Бид сургуулиудад бүтэн сар хэрэглэх “Санитол” олгосон байгаа… ” хэмээн ярьж зогсоно. Хэзээ амардаг юм болдоо, хөөрхий. Ариутгалын “Санитол”-ыг хүртэл зүгээр өнгөрөөхгүй юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 9 Comments »

Реклам: Нэрээ солиход ч бэлэн

Posted by Ажиглагч on 2009/11/13

Ойрд телевизүүдээр зогсоо зайгүй үзүүлж байгаа “Орбит” бохины рекламын энэ клип маш зугаатай санагдлаа.

Orbit01 Read the rest of this entry »

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 6 Comments »

Үзэгчид, сонсогчид, уншигчдын өмнө шууд гүйцэтгэв

Posted by Ажиглагч on 2009/11/13

OrkhonМҮОНТ-ийн Пүрэв гаригийн хөтөлбөрт 21.15 цагаас “Орхон гол нутгаа тэжээнэ” нэртэй 30 минутын нэвтрүүлгийн нэр дурайхыг үзээд олон нийтийн телевиз гол усныхаа төлөө дуугарахаар шийдсэнд баярлахыг шахав. Харин үзэнгүүтээ Орхон гол дээр усан сан байгуулах төслийг есөн шидээр сурталчилсан захиалгат нэвтрүүлэг болохыг мэдээд гонсойход хүрлээ.

Байгаль орчны сайд Л.Гансүх Монголд айлчилсан Турк улсын Байгаль орчин, ойн сайдтай хамт Улаанбаатараас нисдэг тэргээр хөөрч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт газардахад түрүүлж очсон түшмэд угтан авч хамтдаа энэхүү нэвтрүүлэгт оролцлоо.

Orkhon (11)Тэд Орхон голын усыг далангаар боож томоохон усан сан байгуулна, тэгвэл олон сайхан Орхон, Хэрлэнг бий болно, 30МВт-ийн усан цахилгаан станц байгуулж эрчим хүч үйлдвэрлэнэ, усан сан дүүрэхлээр бусад газар луу урсгана, ингэснээр усаар гачигдаг говийн аймгуудыг ундаална, тэнд байгуулагдах томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг усаар хангана гэхчлэн төслийнхээ ид шидийг угсруулан магтав. Гэхдээ надад Орхон голын усыг газар доогуур булсан төмөр хоолойгоор говь руу урсгаж Оюутолгой, Тавантолгойд (энэ хоёр нэрийг яах аргагүй дурдсан) зориулах эцсийн зорилготой гэж ойлгогдлоо. Саяхан манай Засгийн газар “Айвенхоу Майнз”-ийн мэдэлд Оюутолгойн дорхи гүний усыг шилжүүлсэн гэрээг байгуулсан бол одоо Орхоны усыг хүргэж өгөхнээ? Монголд усны хэрэглээ 10 дахин нэмэгдэх тооцоо, “Гүний усаа хайрлая” уриа хоёрыг зүгээр нэг давтаагүй биз. Лав монголын хүн ам 10 дахин нэмэгдэхгүй… 

Орхон голын ус жилээс жилд багасч заримдаа Орхоны хүрхрээ цутгахаа больчихоод байхад юун усан сан бэ?

Orkhon (1)Харин Гансүх сайд “Энд гол тасарна гэсэн ойлголтыг толгойноосоо авч хая” хэмээн тушаасан бол МҮОНТ-ийн нэр нь үл мэдэгдэх баатар-сэтгүүлч “Орхон голын усан боомтыг Дөргөн Тайширын усан цахилгаан станцтай харьцуулан ашиггүй юманд мөнгө зарцуулах гэлээ гэж улс төржүүлэн ад үзэх хүмүүс байна. Тэдний зарим нь голын усыг бүрэн таслах гэж байна, голоо тэгэж хэрчүүлэхгүй хэмээн эх орон байгаль орчноо хамгаалдаг ардын баатар болж байгаа нь нууц биш ээ” хэмээн хэнийг ч юм довтолж, дээрээс нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэнт орсон, шийдвэр хэдийнэ гарсныг анхааруулаад “Хил даван урсчихдаг гол дээрээ боомт далан барьж их уснаас нь балгын төдий ердөө гуравхан хувийг ашиглан ангасан цангасан говь нутгаа тэжээлээ хэмээн буруутган эсэргүүцэх “эх оронч” гарахгүй байх аа” хэмээн төгсгөв.

Orkhon (9)Хөөрхий тэр “эх орончид” нь хаана байгаа, хэзээ тэгэж дуугараад одоо хөхөрч няцартлаа балбуулж суугаа юм бол доо, бүү мэд.

Дэлхий дээгүүр сая сая жил урссан гол мөрний усыг боох, эргүүлэх гэх мэт хэт санаархал коммунист Хятадад хүртэл ширүүн маргаан тэмцэл дэгдээдэг. Харин Монгол улсад иймэрхүү энэ асуудлыг өөрөөр шийддэг боллоо. Яаж? Засгийн газар, том компаниуд захиалгаа өгөхөд олон нийтийн телевиз тэргүүтэй хэвлэл мэдээлэл эсэргүүцэгчдийн хүзүүнд “Эх орончид” (мэдээж хашилтанд бичнэ) гэсэн пайз зүүж байгаад үзэгчид, сонсогчид, уншигчдын өмнө шууд гүйцэтгэж байна.

Энэ удаад гардан гүйцэтгэгчид нь МҮОНТ-ийн “Монгол телевиз” кино нэгтгэл” нэрийн цаана нэрээ, нүүр царайгаа нууцалсан нь мэдээж.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

[Зарлал] “Ирмүүн” агентлаг сэтгүүлч редактор, хэвлэлийн дизайнер, мэргэжлийн гэрэл зурагчин ажилд авна. Мөн борлуулалтын баг сонгон шалгаруулна.

Posted by Ажиглагч on 2009/11/12

logo-irmuun

Read the rest of this entry »

Posted in # ЗАРЛАЛ | 11 Comments »

Бэлэн мөнгө амалсан юм уу?

Posted by Ажиглагч on 2009/11/11

МАХН-ын Эх орны хишигУржигдар “25-р суваг” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Э.Мөнх-Очир, Д.Зоригт, Д.Одхүү нарыг урьж 2008 оны сонгуулиар Ардчилсан намын түрүүлж амалсан 1 сая, МАХН-ын давуулж амалсан 1,5 сая төгрөгийг хоёуланг нь бэлэн мөнгөөр өгүүүлэх хөдөлгөөнийг санаачилсан ҮШН-ын Б.Цогтгэрэл, бас нэг нөхөр, Г.Уянга нартай зэрэгцүүлж суулгаад нэлээд сайн мэтгэлцүүллээ. Харин амлалтуудаа хэдийнэ нэгтгээд “Хүний хөгжлийн сан” нэрээр бүр гоёыг амалж яваа улс төрчид “бид энд хэн нэгэнд боорлуулахаар ирээгүй” хэмээн нам дарж “Энэ бол хоёр намын улс төрийн амлалтын тухай нэвтрүүлэг. Монтажлахдаа энэ талаас нь хийгээрэй” гэж Г.Уянгыг хэлэхэд Хүрэлбаатар гишүүн “Монтажлах юм бол шүүхэд өгнө шүү” гэсэн хариу барьж байлаа.

Нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Пүрэвхүү, Ариунаа нар “Та нар бэлэн мөнгө амалсан шүү дээ?” хэмээн хамт нэхэлцсэн боловч тэдэнд нотлох баримт (бичлэг гэх мэт) байсангүй. Хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН ба АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгаанд ээлжлэн зүтгэсэн учраас тэр.

2008 оны сонгуулийн хавар хоёр намын улс төрчид 1 сая ба 1,5 сая төгрөгийн амлалтаар сонгогчдыг ховсдож, айл гэрүүдээр батламж тараан баярхаж явахад “Бэлэн мөнгө амлах хуулиар хориотой байхад танай нам яагаад?”, “Үнэхээр бэлэн мөнгө өгөх юм уу?”, “Энэ батламж чинь бэлэн мөнгө шиг харагдаад байна даа!?”, “Яг хэзээ өгөх вэ, нэг удаа юу, жил болгон юм уу? “Хүмүүс сонгуулийн маргааш өглөө эртхэн очиж авна гэж яриад байна?”, “Бэлэн мөнгийг өөр юмаар орлуулж зальдахгүй биз?”,  гэх мэтээр шаардаж, бас сонгогчдоос “Та 1,5 сая ба 1 сая төгрөгийг яг бэлнээр авна гэж ойлгов уу, эсвэл?” гэж мэтээр асуулт тавьж хариулт аваад хадгалчихсан сэтгүүлчийг би санахгүй байна. Тэр өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн нэр дэвшигчдийн дуудлагаар очиж үйлчлээд тийм сэхээ байгаагүй юм.

Одоо батламж нэртэй цааснаас өөр ямар ч ул мөр үлдээгүй.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз | 6 Comments »

2012 он хүртэл …

Posted by Ажиглагч on 2009/11/10

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанууд дээр байн байн түгшүүртэйгээр дурдах болсон 2012 оноос өмнө амжиж ноднингийн сонгуулиар “сайхан хуурсан” сонгогчдынхоо амыг мөнгөөр таглахгүй бол эрхэм гишүүдийн хувьд “ертөнцийн төгсгөл” ирнэ. Лав МАХН-ынхан үүнийг эртхэн ухаарч нийслэлийн намын хороогоо ийн чимэглэсэн ч юм билүү, хэн мэдлээ.  [Тэр орхимжтой, нүүрээ буруулсан нөхөр хэн бол?]

Үнэндээ анхааруулах зүйл олон бий. “1,5 саяыгаа гар зүсэм 20 мянгатын дэвсгэртээр тоолж авна (1.500.000 төг : 20.000 төг = 75 ширхэг юм байна!) гэдгээ анхааруулахгүй бол цэнхэр, ягаан тасалбар шиг юмаар зальдаж мэднэ. Бас одоо төсөв мөнгө хэлэлцэж байх үеэр дуу шуу муудсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч гэсэн 2,5 саяыг нь (1,5 сая + 1 сая) анхааруулахад гэмгүй. Энэ тохиолдолд хүн бүрт 2.500.000 төг : 20.000 төг = 125 ширхэг  буюу овоохон боодол мөнгө ногдоно. Нийтдээ ийм 2,7 сая боодол мөнгө хэрэгтэй гэсэн үг. 

2012MAHN

Posted in Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Ням гаригийн хулгайн нэвтрүүлэг

Posted by Ажиглагч on 2009/11/08

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан хөрөнгө орлогоо (хувийн компани, байр, хадгаламж, дүүргийн төсвөөс зүгээр л авсан 10 сая төгрөг зэргийг орхиж) худал мэдүүлсэн тул АТГ-аас хуулийн дагуу огцруулахыг шаардаад бараагүй өдий хүрлээ. Өөрийг нь сонгосон дүүргийн хурлын төлөөлөгчдөө ийш тийш аваачиж найрлаад хөдөлгөдөггүй, сэтгүүлчдийг хөлсөлж аваад “Би ганц эмэгтэй Засаг дарга, намайг гоочиллоо” гэх мэт ярилцлага өгөөд өрөвдүүлчихдэг. Бас “Мөрөөдлийн цэцэрлэгээ” мэдээ болгоноор ярьж баатар болдог.

Саяхан дараачийн “но” цухуйв. 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших хугацаандаа “Баянгол-түншлэл” нэрээр сурталчилгаа явуулж, төсвийн 10 сая төгрөг зарцуулсныг АТГ-аас илрүүлээд дахин хэрэг үүсгэлээ.

Л.Амгалангийн хариулт удаан хүлээлгэсэнгүй.

2009.11.08-ны Ням гаригийн 12 цагийн үед МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй хулгайн нэвтрүүлэг гэнэтхэн орж ирэв. [Яг эхлэлийг үзээгүй тул нэрийг мэдэж амжсангүй]. Баянгол дүүргийн ялалт амжилтыг нэгбүрчлэн танилцуулаад энэ бүгдийг Засаг дарга Л.Амгалан манлайлаад зогсохгүй орон гэргүй эрд гэр олгож, бяцхан охиныг нь өөрөө хөтлөн оруулсан зэрэг сэтгэл хөдлөм явдлыг харуулав. АТГ-ын мөрдөн байцаагчид үзээд нулимс дуслуулсан байх учиртай.

Төгсгөлд нь МҮОНТ-ийнхэн нэр хаяг огт тавьсангүй. Аргагүй дээ. Хулгайч нэрээ үлдээлээ гэж сонссон уу?

Бас нэгэн зүйл. Л.Амгалангийн “Баянгол-түншлэл” нэртэй сурталчилгааны кампанийг МҮОНТ хэд хэдэн удаа хулгайгаар сурталчилж 10 саяас нь овоо юм хүртсэн гэдэг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 14 Comments »

“Зоригттой тойм”

Posted by Ажиглагч on 2009/11/08

Toim setguul, D.ZorigtНоднин зуны УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчид болон Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярт нарт зориулсан хоёр дугаараас хойш “Үндэстний тойм” сэтгүүлийг хараагүй явснаа саяхан болж өнгөрсөн УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, ЭБЭХ-ний сайд Дашдоржийн Зоригттой дугаарыг санаандгүй олж үзлээ. Чингэлтэй дүүргийн олон мянган айлуудаар үнэгүй тараагдсан, иймээс номын дэлгүүр, сонины мухлагаар үзэгдээгүй биз

Редакцийн зурвастаа “Монголчуудын хүсэн хүлээсэн Оюутолгойн гэрээ батлагдлаа. Удтал дуншсан энэ гэрээ ард түмэн, иргэний хөдөлгөөн, улс төрчдийн хамтын хүчээр тодорхой тооны хэдэн хүнийг эс тооцвол бүгдийн сэтгэлд нийцэхээр нөхцөлтэй батлагдсан гэдэгт бид итгэлтэй байна” (яаж мэдэж байна аа?) гэж эхлээд “Чингэлтэй дүүрэгт болж буй нөхөн сонгуулийн өмнө гарч байгаа тул энэ сэдвийг бас тойроогүй ээ. Тус сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй Д.Зоригтод бид гол өгүүллээ зориулсан” гэнэ. Санаандгүй таарчихаж.

Гол өгүүлэл нь бүхэл бүтэн багц бөгөөд хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабандийн “Хүнийхээ хувьд их зөв залуу” , Д.Зоригтын өөрийнх нь бичсэн “Есөн эрдэнийн эх орон”, бас “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэгийн “Дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтаарай”, “Нийгмийн толь”-ийн Л.Мөнхбаясгалангийн “Түүний зүрх сэтгэлд итгэнэ”, “Аугаа Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай” нийтлэлүүд багтжээ. Манай топ хоёр захиалгат сэтгүүлчийн эдгээр нийтлэлүүд сайтуудад бас тавигдсаныг (харин сэтгэгдлийг тас хаасан байв) саналаа. Нэг сумаар баахан туулай намнажээ.

Дугаарт орсон танин мэдэхүйн бусад нийтлэлүүд урьдын адил дэндүү сонирхолтой. Ялангуяа С.Содбаатарын “Банхар” өгүүлэл. Тэд чинь төвд гаралтай юм байна шүү!

Posted in + СЭТГҮҮЛ, 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 3 Comments »

Хүн-утас: “Мобиком”-ын дэргэд

Posted by Ажиглагч on 2009/11/07

Энэ бол “Тэди” төвийн өөдөөс хараад өглөөнөөс орой болтол яриулдаг, суурин шахуу болсон цагаан утасны цэг. “Мобиком”-ын орлогоос дусал дуслаар хумслаад байгаа мэт харагдавч тэр дуслын хагас нь буцаад “Мобиком”-д орно. Утас нь “Мобиком”-ынх.  

Hun Utas

Read the rest of this entry »

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 3 Comments »

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой зарлал нийтэлнэ. Үнэ төлбөргүй

Posted by Ажиглагч on 2009/11/07

Урьд нь хэд хэдэн хүн “Танай сайтад баннер тавьж болох уу?” гэсэн мэйл ирүүлж, бас утасдаж байсан. Харин би “WordPress-ын блог дээр дээр баннер тавих аргыг  мэдэхгүй” гэж хариулдаг.  

Хэд хоногийн өмнө “Ирмүүн” компаниас утасдаж бас л “танайх сурталчилгаа нийтэлдэг үү, баннер тавьдаг уу?” гэж асуусан. Би хэсэг бодсонооо мэдээ маягаар нийтлээд үзэхээр шийдэв. Мэдээж үнэ төлбөргүй. Ингээд би “ЗАРЛАЛ” гэсэн шинэ булан (ангилал) нээчихлээ. Хааяа нэг иймэрхүү зарлал ирүүлбэл нийтэлж байя. Яагаад болохгүй гэж? 

Миний хувьд зарлал бол юуны өмнө мэдээ. “Зар мэдээ, сурталчилгаа”, эсвэл “Шуурхай зар” сониныг  дэлгэхэд хүмүүсийн амьдрал ахуй тэр чигээрээ харагддаг. Дээрх зарлалаас “Ирмүүн” компани шинэ хүмүүсийг цуглуулж, магадгүй өргөжих гэж байгааг мэдэж авлаа.  Шинэ сэтгүүл гаргах юм болов уу?

P.S: Шинэ бичлэг нэмэхлээр өмнөх нь дооошилдог. Харин энэ зарлалыг хэсэг хугацаанд дээр байлгаад үзье.

Posted in # ЗАРЛАЛ | 12 Comments »

Төмөр замын ээлж ирлээ

Posted by Ажиглагч on 2009/11/04

“Айвенхоу Майнз”-ийн захиалгаар гэнэтийн ашгийн 68 хувийг цуцлах хуулийг батлах санал хураалтын өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүний өөрийнгүй нийлээд энэ хуулийг батлуулах юм байна” хэмээн дуугарч билээ. Одоо Тавантолгойн ээлж ирэхийн өмнөхөн түүний нэгээхэн хэсэг – Ухаа худгийг ухаад урагш гоожуулж эхэлсэн “Энержи Ресурс” компани төрийнхөн, бас хэвлэл мэдээлэлтэй нийлээд төмөр замаа хүссэнээрээ урагш шууд хил давуулах нь гарцаагүй юм байна.

Лхагва гаригт УИХ-ийн байнгын хорооны хуралдаанаар ЗТБХБ-ийн сайд Х.Баттулга уг төмөр замыг урагшаа биш, Сайншанд руу тавьж монголын үндсэн төмөр замтай холбох хэрэгтэйг нотлон маргалдаж, ажлын хэсгийн ахлагч нь “Энержи Ресурс”-ийн эздийн нэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү байхдаа яадаг юм гэж хэрэлдээд дийлдсэн бол “Энержи Ресурс” хэвлэл мэдээллийг яаралтай дайчилж “Өнөөдөр” сонины маргааш өдрийн дугаарт сэтгүүлч Л.Болормаагийн тус компанийн гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлага “Г.Батцэнгэл: Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалт бол Монгол Улсын эдийн засагт хямралын үед төдийгүй цаашдаа ч ихээхэн ач холбогдолтой гэж харж байна” гэсэн гарчигтайгаар нийтлэгдэв. 

Мягмар гаригт МҮОНТ-ээр “Транзит Монгол” нэрээр зарлаж байгаад “Халуун сэдэв” захиалгат нэвтрүүлэг үзүүлсэн. Олон нийтийн телевиз хэзээд бэлхэн!

Эхлээд Оросын болоод Казахстаны төмөр замыг тэнгэрт тултал магтсанаа Монголын төмөр замын хоцрогдол, доройтлыг элдвээр дуудаж “2007 онд зүтгүүрүүдийн 85 хувь хуучирсан технологитой байсан бөгөөд байнга эвдэрдэг. Эдгээр зүтгүүрүүд нь удаан, нүүрсээр ажилладаг” гэв. Монгол-Оросын хамтарсан төмөр замыг муулах нь зөв, гэхдээ ингэж гүжирдээд яахнав. Хар утаа хаясан хар зүтгүүр зөвхөн кинон дээр л явдаг болоод удаж байгаа шүү.

Тэгснээ “… Монгол улс хувийн хөрөнгө оруулагчдын төмөр замд оруулах хөрөнгийг талархан хүлээн авч төрөөс ил тод зохицуулах чиглүүлэх болно гэдгийг ойлгуулах нь маш чухал“ гээд захиалагчдынхаа даалгаврыг палхийтэл зарлаж орхив. Төрөөс зохицуулахыг зөвшөөрсөнд баярлалаа! Тэгсэн хэрнээ “… Үнэндээ төмөр замын газрын даргыг ЗТБХБЯ-ны сайд томилдог, үүний зэрэгцээ тухайн яам Улаанбаатар төмөр замын хувьцаа эзэмшигч байдаг, энэ нь тухайн яам төмөр замын салбарт бизнесийн болон бодлогын ашиг сонирхолтой болохыг илэрхийлж байгаа бөгөөд улмаар зохицуулалтын тухай ярихад ашиг, сонирхлын асар том зөрчил гарна” гэж төмөр замын салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлдэг яамыг жийж орхиод зохицуулалт хийдэг хараат бус байгууллагыг шаардлаа. Тун удалгүй манай төр төмөр замаасаа хөөгдөх биз. 

Яриаг нь хасч танахыг мэдээгүй юу, Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын Худалдаа, тээврийг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүн нэрээр (үндсэн ажлаа нуусныг бодоход мэдэж байж), Монголын төмөр замын газрын Бодлогын хэрэгжилт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Энхбаяр, Монголын төмөр зам ТӨХК—ийн захирал А.Батболд нар төмөр зам дахь хувийн хэвшлийг мөрөөдөн хэсэг ярьцгаав. Уг нь төрд хамаатай албан тушаалтнууд юмсан. Эцэст нь 2008 онд хятадаас маш гоё зүтгүүр (нүүрсээр ажилладаггүй!) оруулж ирээд төмөр замд шахаж чадаагүй бололтой “Транскон” ХХК-ийн захирал Н.Ариунзаяа гомдлоо тайлав.

Нэвтрүүлэг “Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төмөр замын хэрэг эрхлэх газар, МТЗ ТӨХК, Транскон ХХК гүн туслалцаа үзүүлэв” гэж төгсөв. Ямар нэгэн нэр, хаяг алга. Хэн захиалсан бэ?

P.S:  Уг нэвтрүүлгийг Пүрэв гаригийн үдэш тэр чигээр нь давтан үзүүлэв. Нэг нэвтрүүлгийг МҮОНТ хоёр удаа оргил цагаараа явуулсан бол цаана нь том захиалагч байна гэсэн үг.

P.P.S: Бямба гаригийн орой 3 дахь удаагаа үзүүлэх нь тэр. 

Read the rest of this entry »

Posted in "Өнөөдөр" сонин, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

Талибуудын хөдөлмөр ба мэдээллийн мэдээлэл

Posted by Ажиглагч on 2009/11/04

Хэд хоногийн өмнө Биеийн тамир, спортын төрийн бодлогын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Н.Энхболд гишүүн тогтоолын төсөл алдаатай, тодруулбал, “хэлэлцэх эсэх нь зүйтэй гэж тогтов” гэсэн өгүүлбэр ойлгомжгүй байна гэхэд уг төслийг бэлтгэж оруулсан нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Оюунхорол “монголчууд буруу яриад зөв ойлголцдог тэр жишгээр ойлгочихвол зүгээр юм шиг байна” хэмээн тас ширвэв.

Саяхны нэг өдөр телевизийн суваг хэдэн сувгийг хэсэгхэн зуур солиход тааралдсан элдэв ярианы алдаануудын зах зухаас сонирхоно уу.

Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн Засаг дарга: Улаанбаатар хотын агаар маш их бохирдож байгаа гэж маш их ярьж байгаа. Бид үүнд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар зорилгоор энд мод авчирч тарьж байна…

“Ийгл” телевизийн World news: Афганистаны … мужид НАТО-гийн 3 мянган цэрэг байгаа бол талибаны 12 мянган дайчин ажиллаж байгаа юм… [Талибууд мөн ч хөдөлмөрч улс шүү!!!]

Эрүүл мэндийн дэд сайд Цолмон УИХ-ын хуралдаан дээр: … тайван бус байх юм бол халдварын тархалт 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн олон улсын судалгаа бий.

[Сувгийг харж амжсангүй]: … АНУ сүүлийн 70 жилд учирч байгаагүй эдийн засгийг давж гарлаа гэж мэдээлэв.

Монгол Улсын шадар сайд М.Энхболд: …. томуугийн халдвартай … хүн тогтоогдсон байна. Иймд бид энэ үйл явцыг бид эрчимжүүлэхээр ажиллаж байна…

“Инфо ТВ” сэтгүүлийн сурталчилгааны клип: …. Өөр ямар ч мэдээ, мэдээллээс сонсоогүй мэдээллийг хүлээн аваарай ..

“25-р суваг” телевизийн “Арай ч дээ” нэвтрүүлгээр УБЕГ-ын хэлтсийн дарга:… Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах эсэхийг…

Мөн нэвтрүүлгийн хөтлөгч Ариунаа: … 4-р цахилгаан станц өөрийн хүртэл хөлдөх аюул тулгараад … Энэ сонины хариу тайлбарыг өгөх хүн Төрийн өмчийн хорооноос олдсонгүй…

Мэдээж миний дуртай “болсон мэдээлэл” монголын телевизийн бүх сувгийг эзэлсэн төдийгүй олон улсын тавцанд гарч “дэлхийн зах зээл дээр болсон мэдээ, мэдээлэл”-д хүрснийг мэдлээ.

Аливаа улс үндэстэн, ямар ч уран илтгэгч яриандаа алдаж будилдаг ч дараачийн мөчид залруулаад явдаг. Харин бид юу ч болоогүй мэт үргэлжлүүлдэг. Алдсанаа ч анзаардаггүй. “Хүн яаж сэтгэнэ, тэгэж ярьдаг” гэсэн мэргэн үг бий. Ингэж эмх замбараагүй сэтгэдэг хүмүүс ажил амьдралаа эмх цэгцтэй зохион байгуулж, дэс дараа, цаг хугацаа, процедурыг дагаж чадах уу? УИХ нь хүртэл буруу бичээд, дээрээс нь Нямдоржтонгууд хулгайгаар засаад, араас нь “зөв ойлго” гэж загнаад (УИХ-ын гишүүнийг шүү! Жирийн иргэнийг бол баллахнээ!!!) байхлаар Монгол Улсад хууль журам тогтох уу?

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | 3 Comments »

Хүн-утас: хоёулаа

Posted by Ажиглагч on 2009/11/03

Америкийн автомашины General Motors, Crysler, Ford мэтийн аваргууд Детройт хотноо төвлөрдөг юм гэсэн. Улаанбаатарын жижиг худалдаачид Нарантуулд захад шавааралдаж, эмийн бөөний төвүүд 50 мянгатад, барилгын материалын дэлгүүрүүд Зуун айлд, автомашины засварууд Их тойруугийн дагуу жагсаж, нүдний шилний газрууд Урт цагааныг барааддаг нь тус тусдаа учиртай байж таарна.  

Гар утасны бяцхан цэг ажиллуулдаг энэ хоёр эмэгтэй өрсөлдөгч мөртлөө хоёр тийшээ тарж биш  зэрэгцэж суусан нь олон шалтгаантай биз. Тэдгээрийн нэгийг би анзаарлаа: утсаар яриулах зав чөлөөндөө энэ тэрийг хөөрөлдөнө.

P1030099

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | Leave a Comment »

Том шуугиан дэгдэнэ…

Posted by Ажиглагч on 2009/11/02

Монголд улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, С.Бямбацогт, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар санаачлан өргөн барьжээ. Дэлхийд хаа сайгүй иймэрхүү зохицуулалтаар гадныхныг хязгаарладаг, харин манайд уул уурхайн хамаг лицензээ алдчихаад Оюутолгойнхоо 34 хувийг Айвенхоу-аас зээлдэж авсан бол бараг бүгд гадаадынхны гарт байсан ураны лицензүүдийг дахин бүртгэх нэрээр 11-р сарын 15 хүртэл арайхийн түдгэлзүүлээд түгшүүртэй сууж байгаа. Буцааж олгохгүй гэвэл цаадуул нь том шуугиан дэгдээж хилийн наана цаанаас дарамтлуулсаар байгаад авч л таарна.

Стратегийн ач холбогдолтой гэж үзсэн 26 салбарын тоонд хэвлэл мэдээлэлтэй холбоотой нь лав дөрөв байна.

18. Монгол Улсын хүн амын тал буюу талаас илүү хувь нь оршин суух газарт телевизийн дамжуулах үйл ажиллагаа явуулах,

19. Монгол Улсын хүн амын тал буюу талаас илүү хувь нь оршин суух газарт радиогийн дамжуулах үйл ажиллагаа явуулах.

24. Полиграфийн үйл ажиллагаа нь сард нэг саяас дээш хүчин чадалтай бол холбогдох үйл ажиллагаа явуулах

25. Сард нэг дугаар нь 10.000-аас дээш хувиар гардаг өдөр тутмын хэвлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнтэй холбогдсон үйл ажиллагааг…

Ойлгомж муутай, түүхий тодорхойлолтууд байх шиг. “Хүн амын тал буюу тэн хагасаас илүү хувь“ гэхлээр нийслэл Улаанбаатар (одоо 45 хувь амьдарч байгаа), эсвэл нэг буюу хэд хэдэн аймагт, зүүн, баруун, өмнө зүгийн аймгуудыг тусад нь бүрхсэн гадаадын телевиз, радиог яах ч үгүй. “Дамжуулах үйл ажиллагаа явуулах” гэжээ. Нэвтрүүлэг үйлдвэрлэдэг телевизэд хамаагүй болж таарлаа. “Ийгл” нэртэй өрсөлдөгчөө хөөж гаргахын хүслэн болсон манайхан тогтоолын төслийг баярлан угтаж, “Монгол ньюс”-ийн “Өнөөдөр” сонин “Гадныхан Монголын хэвлэл мэдээллийн салбарт 100 хувь хөрөнгө оруулж, мэдээллийн салбарыг өмчилж буй нь эргээд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн. Өнгөрсөн жил болсон “Долдугаар сарын 1”-ний үйл явдлыг хөөрөгдөж, үймээн самуун болгоход гаднын хөрөнгө оруулагчидтай телевизүүдийн хөөрөгдсөн мэдээ, мэдээлэл том үүрэг гүйцэтгэснийг мартах ёсгүй” гээд ховлож эхэлсэн нь арай эртэджээ. Хэрвээ “25-р суваг” телевиз тэр өдөр МАХН-ын байрны галдан шатаалтыг шууд дамжуулж чадсан бол түүгээрээ өнөөдөр яасан их бахархаж, “Хамгийн ардчилсан, чөлөөт, хувийн телевиз” цолон дээрээ шуурхай гэсэн чимэг нэмж зүүх байсан. Даанч чадаагүй.

Гэхдээ “Библ” телевизийг хязгаарлаж, “Өглөө” кинон дээр гардаг шиг, түмэн олон христчдийн хэргийг түүнд үлдээгээд, төрийн хэргийг салгах нь зүйтэй. Тэр үед бас нэг томоос том шуугиан дэгдэж, Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын рейтингийн ёроолд шууд ойчно… Яая гэхэв. Дэлхий дээр үнэгүй юм гэж алга.

Полиграфийн үйл ажиллагаа гэж хэвлэх үйлдвэр биз. Миний хувьд өнгө тод, хугацаа түргэн, үнэ хямд бол хэн байвал арьсны өнгө хамаагүй. Харин “Сард нэг дугаар 10.000 хувиас дээш гардаг” буюу өдөр тутмын сонинууд үндэсний үйлдвэрлэл хэвээр байхыг бүрэн дэмжинэ. Тэртээ тэргүй хувь ширхэг нь буурч хамаг уншигчдаа сайтуудад алдан зүдэрч байхад гаднын нэг нөхөр орж ирээд хэд савхдаад зүйл дуусгаж мэднэ.

Posted in + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, + ТЕЛЕВИЗ | Leave a Comment »