АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for September, 2009

Хүүхэд бүр унтах эрхтэй…

Posted by Ажиглагч on 2009/09/27

Нөгөө жаалууд дахин энэ гараашийг бараадан ирж намрын сүүлчийн бүлээн наранд нойроо авлаа.  

P1010607

Read the rest of this entry »

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 5 Comments »

Бас нэг шовгор…

Posted by Ажиглагч on 2009/09/25

Саяхан нийслэлийн удирдлага хуралдаж хотын төв хэсэгт дахиж нэг ч барилга бариулахгүй, тэр тусмаа нийтийн эзэмшилд үлдсэн цөөхөн зай талбайг амь биеээрээ хамгаалах болсноо зарласан юм. Гэтэл тэд хэнд юуг өгч авахаа цаагуураа хэдийнэ жин тан болгочихоод наагуураа тормолзож суугаа нь тэр аж.

Хэдхэн хоногийн өмнөөс МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд, Мэдээллийн технологийн үндэсний паркийн хойно, Оюутны нэртэй аятайхан талбай дээр нэр нь үл мэдэгдэх компани амжуулж өгч байна аа…

Ээлжит шовгор энд сүндэрлэснй дараа Оюутны талбайн үлдэгдлийг юу гэж нэрлэвэл зохилтой вэ? Ikh surguuliin urd

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 5 Comments »

Судлаач Д.Ганхуягийг дэвшүүлье

Posted by Ажиглагч on 2009/09/25

Арилжааны телевизүүд дундаас TV9 телевиз анх удаа олон нийтийн зөвлөлтэй болсон тухайгаа зарлав. Зөвлөлд багтсан (багтаасан?) хуульч С.Нарангэрэл, эдийн засагч Н.Дашзэвэг, бурханч лам Г.Пүрэвбат нарт ижил юм юу байдаг вэ? Зөв. Гурвуулаа тус телевизийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг саяын ялагдсан сонгуулиар нь хамгийн идэвхтэй дэмжсэн.

Сонгуульд ялуулж чаддаггүй бүтэл муутай нөхдөөс бүрдсэн, ерөөсөө хүн хүч муутай зөвлөл шиг санагдлаа. Тэгэхлээр нэмж нэр дэвшүүлж болох болов уу? Миний зүгээс судлаач Д.Ганхуягийг санал болгож байна.

Posted in TV9 телевиз | 6 Comments »

Хориг үргэлжилж байна

Posted by Ажиглагч on 2009/09/24

Оюутолгойн гэрээний төслийг шүүмжлэгчдийг олон түмэнд хамгийн нөлөөтэй мэдээллийн хэрэгсэл – телевизээр яриулахгүй, үүний тулд аливаа хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулахгүй байх хоригийг өнгөрсөн Бямба гаригт МҮОНРТ тун боловсон зөрчиж “Ярилцья” хөтөлбөртөө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу хоёрыг урьж Оюутолгойн гэрээний талаар хэсэг яриулав.

Ш.Сайхансамбуу: Бид [Оюутолгойн гэрээний төслийг шүүмжилсэн хэсэг гишүүд] хэвлэл мэдээллээр ярья гэхээр яриулаагүй… Хэдхэн хүн шийдээд тэрийг битгий зурагтаар гарга гэдэг… Бензиний үнийг хуйвалдаад нэмдэг компаниуд шиг…

Ц.Даваасүрэн: Тэр үеэр би сонинд ярилцлага өгсөн чинь сурвалжлагч нь эргээд таны хэлсэн энэ хэсгийг хасахгүй бол нийтэлж болохгүй байна гэсэн. Би тэнд Оюутолгойн гэрээний төслийг энэ хэвээр нь баталбал юу Монгол Улс юу алдах вэ гэсэн тоог хэлчихсэн юм…

Ноцтой мэдэгдлүүд! Эрхэм гишүүд амаа скотчдуулах шахсан байна шүү!

Ашгүй олон нийтийн телевиз гэмшиж хоригийг өөр дээрээ цуцлахаар шийдэв үү гэтэл бас үгүй аж. Засгийн газар “Айвенхоу Майнз”-тай тохирсон гэрээндээ гарын үсэг зурахад нэгэнт саадгүй болсон тул “албан ёсны зөвшөөрөлтэй” хоёр гишүүний гомдлыг ганц удаа тайлахад аюулгүй гэж үзсэн бололтой. Олон ургальч хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд байдаг гэж ойлгогддог “Нээлттэй хэлэлцүүлэг” энэ сэдвийн өмнө тас хаалттай хэвээрээ.  

Маргааш нь “Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд уригдаж “… иргэний хөдөлгөөнүүдэд хэвлэл мэдээлэл хаалттай байсан, “… бүх хэвлэлүүд хаагдчихсан учраас бид үгээ хэлж чадахгүй байна… гадаадынхан манай хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байна” гэсэн.

Бас Авирмэд, Дашзэвэг, Хурц, Болд, Владимир нарыг орой болгон урьж Оюутолгойн шударга бус гэрээний төслийг шударга болтол нь үзэлцэнэ гэж зарласан TV9 телевиз сэмээрхэн дуугаа хураажээ. 

“Оюутолгойн хориг” үргэлжилж байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 1 Comment »

Өглөөний наранд …

Posted by Ажиглагч on 2009/09/18

Сүүлийн хэдэн өглөө хаа нэгтээгээс ирсэн хэдэн жаал энэ гараашийг бараадан намрын бүлээн наранд ээж нойр авдаг болов. Зэргэлдээх сургуулийн хүүхдүүд хажуугаар гүйлдэн хичээлдээ орж, машины эзэд гараашаа онгойлгон  унаандаа сууж одохыг жаалууд үл анзаарна. Биш ээ, тэд жаалуудыг үл анзаарна. Нар нэлээн дээр гарсан хойно сэрцгээж  хаашаа ч юм шулганалдан одох юм …   

Huuhduud

Read the rest of this entry »

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 3 Comments »

Хятад сэтгүүлүүд

Posted by Ажиглагч on 2009/09/18

Бээжин сууж, би бас сууж байснаа саяхан тийшээ явахдаа сонины мухлагуудыг анзаарч хэдэн зураг дарснаа сонирхуулья. [Уг нь томоор авсан тод зургууд боловч зайндаа тааруулж багасгав].

Hyatad setguul kiosk (1)

Read the rest of this entry »

Posted in + СЭТГҮҮЛ, Гадаадын хэвлэл мэдээлэл, ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 4 Comments »

МАХН-ын зөв мэргэн захиалгаар …

Posted by Ажиглагч on 2009/09/17

Хэд хоногийн өмнө МАХН-аас санаачлан “Нийгмийн ардчиллын аян”-ыг 2009.09.15-2009.12.15-ны хооронд гурван сарын турш явуулахаар болжээ. АН-ынхны сүр дуулиантай тэмдэглэхээр бэлтгэж байгаа Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойтой зориуд давхцуулж хажуугаар нь орохыг хүссэн биз. Намуудын энэ толхилцоон бидэнд ямар хамаа байхав. Гэтэл МҮОНТ уг аяны нээлтэд зориулсан том хэлэлцүүлгийг МАХН-ын захиалгаар тэр өдөр нь тусгайлан зохион байгуулж өглөө.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

“Гэгээн үдэш” ба “Цагийн хүрд”

Posted by Ажиглагч on 2009/09/17

Өчигдөр МҮОНТ-ийн удирдлагууд хэвлэл мэдээллийн зарим судлаач, төрийн бус байгууллагын төлөөллийг урьж ярилцав. Тэдний тоонд багтаж очсон миний бие Бямба гаригийн урлаг, соёлын “Гэгээн үдэш” хөтөлбөрийг МҮОНТ-ийн хамгийн сайн нэвтрүүлэг гэж үздэг, харин “Цагийн хүрд” тэр чигээрээ төр засгийн мэдээллийн хөтөлбөр, учир нь бүх мэдээ, сурвалжлага нь албан ёсны арга хэмжээ, хурал, семинар, ёслолын тухай байдаг (үүнийг сэтгүүлчид нь чадах чинээгээрээ нуун далдалдаг), хөдөөнөөс бэлтгэсэн сурвалжлагууд нь төрийн томчуудыг дагаж, сайндаа л ямар нэгэн төсөл, хөтөлбөрийн захиалгаар хийгдэж байгааг (өнгөрсөн зун гэхэд “Монголын мэдээ” агентлагийн нэг ч сэтгүүлч “бие дааж” хөдөө яваагүй) шүүмжилж бас агуулгын хувьд огт ялаагүй “Сүлд”, “Нээлттэй засаг” мэтийг болимоор санагддагаа хэлсэн юм.

Тэр ч яахав. МҮОНТ-ийн удирдлага янз бүрийн хүмүүс, энэ удаад бидний санал бодлыг сонсоо л биз. Харин энэ тухай сурвалжлагыг оройн “Цагийн хүрд”-ээр үзүүлж байх юм. Ямар хэрэг байна аа?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Төр, засгийн хагас арилжааны телевиз

Posted by Ажиглагч on 2009/09/09

2009 оны 8-р сарын 28-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэгэн мэдээ “МҮОНРТ цаашид ямар удирдлагатай байхыг эцэслэн шийдлээ” гэсэн эхлэлтэй байв. Яагаад эцэслэн? Урьд нь шийдэгдэхгүй зовоож байснаа сая нэг дууссан мэт сүржигнэхийн учир юу байв? Цааш үзэхүл, МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн хуралдаан болж ерөнхий захирал М.Наранбаатарыг “хатуу шалгуур”-аар оруулж 90 хувийн саналаар хугацааг нь дахиад гурван жилээр сунгасан юм байна. Хуралдааныг даргалагч, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд одоогийн захирлыг үүргээ сайн биелүүлсэн гэж магтсан уг  мэдээ МҮОНРТ-ын хараат бус байдал сайжирсан гэх мэт тайлбараар төгслөө.

Яг тэр өдөр АН-ын З.Энхболд, Х.Тэмүүжин нарын УИХ-ын хэсэг гишүүн хоёр жилийн өмнө ОНРТ-ийн хамт олны зөвлөлийн өргөх бичгийн дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа ерөнхий захирлыг нь сонгон шалгаруулах журмаар томилохыг шаардсаныг ”Цагийн хүрд” харин тас нуув. Тэд үнэнд биш даргадаа хайртай аж.

Маргаашнаас”Өдрийн сонин”-д шүүмжлэлтэй ярилцлагууд гарч томилгоог эгзэгтэй болгож орхив. Харин “Өнөөдөр” сонин МҮОНТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын ” Би хэний үгэнд ороогүй вэ гэдэг нь сонины ярилцлагуудаас харагдаж байгаа байх” гэсэн том ярилцлагыг нийтэлж Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баттуяа, Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Гомбосүрэн, С.Цэрэндорж, Л.Болд, бас МҮОНРТ-ийн ҮЭ-ийн зөвлөлийн дарга М.Баттөмөр, бас МҮОНТ-ийн Үдшийн нэвтрүүлгийн редактор, “хамт олны зөвлөлийн гишүүн асан” (яг ингэж бичжээ. 2007 онд өлсгөлөн зарласан нөхдүүдийг гэмшлийг харуулсан хэрэг) Д.Наранцэцэг нарын яриагаар хүч нэмжээ. (“Өнөөдөр”-ийн ээлжит захиалгат нийтлэл. Хэрвээ тийм биш бол нөгөө талын байр суурийг оруулахсан).

Дээрх ярилцлагад Наранбаатар захирал МҮОНРТ-ийг ямар мундаг удирдаж хичнээн их ялалт амжилтанд хүргэснээ сайрхаад сонгуулийн сурталчилгааг ямар ч өө сэвгүй явуулсныг нь “Глоб интернэшнл”, Нээлттэй нийгэм форум, ТББ-ын эвсэл зэрэг мэргэжлийн байгууллагын мониторингоор нотлогдсон тухай ярьжээ. Гэтэл ННФ мониторинг явуулаагүй, зөвхөн “Глоб”-ийг санхүүжүүлсэн бол ТББ-ын эвсэл гэж мэргэжлийн ямар байгууллага байдгийг бүү мэд. Харин үлдээд байгаа “Глоб”-ын мониторинг бол МАХН ба АН-д зориулсан сонгуулийн сурталчилгааны цаг зөвхөн ойролцоо байсан эсэхийг гаргаснаас төдийлөн хэтрээгүй юм.

Үнэндээ юу болсон бэ гэвэл МҮОНРТ нь 2008 оны УИХ-ын ба 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтуудыг уландаа гишгэж улс төрийн хоёр гол хүчинд “тэв тэнцвэртэй” худалдагдсан билээ. Ингэхдээ ямар “хулгай” хийж, сонгогчдийг хэрхэн хууран мэхэлснийг миний бичлэгүүдээс үзээрэй (МҮОНТ, 2008 оны УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн ангиллууд). Баримт жишээнүүд өдөр, цаг, минуттайгаа бий. Сүүлчийн сонгуультай холбоотой ганц жишээ дурдахад “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө лангуун дээр гаргаж тавиад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр үнэлж хоёр нэр дэвшигчийн штабт сар гаруйн турш зарсан билээ. Бүр сэтгүүлчдээ дагалдуулаад өгчихсөн…  

Хойшид ядахдаа ичээд дуугүй байх болов уу гэтэл цагаандаа гарч байгаа бололтой.

Өнөөдөр МҮОРНТ-ийн удирдлага ба Үндэсний зөвлөл хоёр нэг болжээ. Тэднийг шүүмжилж хариуцлага нэхвэл бие биенийхээ араар нь орж нуугддаг, эсвэл “олон нийт”, “хараат бус байдал” зэрэг гоё үгээр давшилдаг болж. Тэд нийлээд МҮОНТ-ийг хувьчлаад авчихжээ. 

МҮОНТ муу ажиллаж, хуулиа байнга зөрчиж, удирдлагууд нь хариуцлага хүлээдэггүй гэдэг нь Ардчилсан намынхан л хэлж байгаа болохоос биш яг үнэн. Гагцхүү АН-ынхан өөрсдөө 2005 онд МАХН-тай нэг хөнжилд орж байгаад Олон нийтийн радио, телевизийн хуулийг төрүүлсэн, дараа нь Үндэсний зөвлөлийг тэнцүү хувааж өөрийн талын хүмүүсийг нэр цохож оруулсан, ноднин өвөл яг тэгэж шинэчилсэн билээ. Тэгэхэд зуугаад төрийн бус байгууллага нэгдэж хэдэн нэр дэвшүүлэхэд нэгийг ч аваагүй! Хохь нь! Харамсалтай нь үзэгчид бид хамт хохирч байгаа юм.

Өнөөдөр энэ телевиз, радио хоёр 40,30,20,10 жилийн өмнөх шиг [хоёр] нам, засгийн телевиз хэвээрээ төдийгүй нэмээд арилжааны телевиз болчихож. Ялгаа гэвэл олон нийтийн  пайз зүүсэн. Захиалгат, төлбөртэй нэвтрүүлэг тоймоо алдлаа. Уг нь арилжааны телевизүүд шиг мөнгөнд бүү донт, битгий худалдагд гэж жил бүр татварын төлөгчдийн 7-8 тэрбум төгрөгийг өгдөг. (Тэд үүнээс 2-3 тэрбумыг гартаа ч барьдаггүй, нэвтрүүлгийг орон даяар шууд дамжихад зориулагддаг гэж гомдоллож байсан. Тэгвэл тэр мөнгөөр МҮОНТ-ийн оронд TV9 юмуу “25-р суваг” телевизийг орон даяар орой бүр шууд дамжуулаад юу хэлэхийг нь сонсох юмсан). Тэдэнд 40 жилийн түүхтэй бэлэн телевизийг байшин барилга, техник хэрэгсэл, хүмүүстэй нь өгсөн. 2008 онд 7 биш бүр 11 тэрбумийг хуваарилсан.  Тухайлбал, техникийн шинэчлэл хийхэд 2 тэрбум, дээвэр засах энэ тэрд хэдэн зуун сая, нийлээд 11 тэрбум төгрөг өгсөн. Гэтэл төсвөө 148 сая төгрөгөөр хэтрүүлсэн байх юм. Зөвхөн үүнийхээ төлөө Ерөнхий захирал хариуцлага хүлээх ёстой баймаар.

2009 оны эхээр МҮОНТ-ээс Хямралын эсрэг аян зарлаж орой болгон тусгай нэвтрүүлэг явуулж орон даяар цацсан цагийг тооцвол лав хэдэн арван сая төгрөгт хүрч таарна. Харин аянаа дүгнэхдээ (UB palace-д шоудаж) 30 гаруй сая төгрөг цуглуулснаа зарласан санагдана. Ядарсан ардуудын мөнгийг 500, 1000-аар татахын оронд багтаж ядсан төсвөөсөө ганц хоёр тэрбумыг хэмнэж хүүхдийн оношлогооны төвд зориулсан бол жинхэнэ хямралын эсрэг аян болохсон!

МҮОНРТ 2008 оны үйл ажиллагааны тайландаа төсөв санхүүгээ оруулахгүй тас нуужээ. Гэтэл Олон нийтийн радио, телевизийн хуульд зааснаар бол заавал төдийгүй дэлгэрэнгүй тайлагнах ёстой. (6.1. Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана: … 6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт; 6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт… ). Үндэсний зөвлөл үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ …. Нийлж нуулцах шалтгаан байна аа?

Тэд 2007-2008 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэх компаниар “Улаанбаатар аудит” корпорацийг сонгон авсан байдаг.  Харин хэдхэн хоногийн өмнө “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Үдшийн шуудан”-гийн зочноор захирал Осоргаравыг нь урьж баахан сурталчилгаа хийлгэлээ.

Тал засахдаа мундаг юм аа…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 9 Comments »

Нэвтрүүлэг ба цаг хугацаа

Posted by Ажиглагч on 2009/09/07

Бүр 1950-иад оны сүүлчээс монголын радиод ажиллаж эхэлсэн ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа: “Миний бичсэн чанартай чанаргүй нь хамаагүй, мэдээлэл хийж байсан бодит түүх юм” гэж хэлснийг уншаад цаг хугацааны үнэ цэнийг дахин нэг ухаарлаа. 1959 оны ямар ч нэвтрүүлгийн бичлэг 2009 оны хамгийн сайн нэвтрүүлгийнхээс илүү үнэ цэнэтэй болсон байх шүү.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Хоол идэх нь гоё…

Posted by Ажиглагч on 2009/09/06

Хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдийн хамгийн хөгжилтэй явдлууд, бас зугаатай яриа мэдээж 6 настай шинэ сурагчдаас гарч байна.

– [Уйлж байгаа сурагч] Аав орж ирэхгүй байна… Гадаа байгаа…

– Ээжийгээ санаад байна …

– Намайг ухаантай болгож өгсөн ээж аавдаа баярлалаа.

[Сургуульд сурахад юу нь гоё байна? гэсэн сурвалжлагчийн асуултанд] Хоол идэх нь гоё…

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 1 Comment »