АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for August, 2009

“Медведевийг өөр хүн урьсан шдээ…”

Posted by Бид on 2009/08/27

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголд айлчилсан хоёр өдөр (“овоо л доо, хоноод явсан байна”) манай бүх телевизийн мэдээллийн хөтөлбөр энэ айлчлалын тухай сурвалжлагаар эхэлж байсанд гайхах хэрэггүй биз. Ганцхан ТВ9 телевиз тэгээгүй нь хачин санагдлаа. 

8-р сарын 25-ны “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр зөвхөн дөрөвдэх сурвалжлагаасаа Д.Медведевийг тоосон бол 26-нд дахиад хоёроор ухрааж бүр “доош хийв”. Эхний сурвалжлагуудыг жагсаавал:

– Нийслэлд автозамын түгжрэл их байна

– Ядуу зүдүү амьдралтай хүмүүст тусалддаг нэгэн байгууллага

– Манай тамирчин Цагаанбаатар жүдо бөхийн дэлхийн аварга болов

– “Эрэл” компанийн орон сууцны барилгын хохирогсод хэвлэлийн хурал хийв

– Далан давхрын оршуулгын газарт хамаагүй хог хаяснаас шинээр хогын цэг үүсээд байгаа тухай.

Зөвхөн үүний дараа Медведевын айлчлалын сурвалжлагууд (Жуковын хөшөөнд цэцэг өргөв, Халх голын 70 жилийн ойн баярын хурал, Монгол-Оросын цэргийн “Дархан-2” хээрийн сургууль, Бэсрэг наадам гэх мэт) хөвөрсөн юм.

Тайлбар болгож уг айлчлалд зориулсан TV9 телевизийн эхний сурвалжлагын гомдлоор дүүрсэн нэг өгүүлбэрийг сийрүүлье: “ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсын түрүүчийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр урьсан боловч энэ Ерөнхийлөгчийн үед айлчилж байгаа юм …”.

Posted in TV9 телевиз | 4 Comments »

Бойкот

Posted by Бид on 2009/08/27

Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компанийн шаардсан 4 хуулийн өөрчлөлтийг манай Засгийн газрын ажлын хэсгийн зуучилснаар УИХ хэдхэн хоногт гүйцэлдүүлж өглөө.

Чуулганы хуралдаан дээр Сангийн сайд С.Баярцогт “Манай ажлын хэсэг аль нэг талд үйлчлээгүй…” гэж биеэ хамгаалж харагдсан. Уг нь нэг талд үйлчлэх учиртай, тэр нь Монголын тал байх ёстойсон. Хэдэн өдрийн турш түүний урсгасан тайлбар, бусад улс орон ингэдэг тэгдэг жишиг, зах зээлийн 50 жилийн прогноз, гаднын зөвлөх компанийн (цаагуураа Айвенхоу Майнз-ын хувьцаа эзэмшдэг гэсэн) гаргаж өгсөн тоо цифрт эргэлзсэн, алт, зэсийн үнэ огцом өсөхөд 68 хувийн татварын оронд ахиухан юм хүртээх, газрын гүний усыг ганц компанид өгч болохгүй гэсэн Н.Батбаяр, Г.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Энхбат зэрэг гишүүдийн шаардлагыг зөвхөн няцааж байлаа.

Бид 30, 50 жилийн цаадахыг яаж мэдэж байна аа? Нэгэнт мэдэхгүй юм чинь 15 жилээр гэрээ хийгээд сунгаад явбал найдвартай гэж мөн ч их ярьсан даа. Үүний тулд зарим гишүүд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан, гэхдээ үүнийг Айвенхоу Майнз зөвшөөрөөгүй, нэгэнт Айвенхоугийн зөвшөөрөөгүй юмыг УИХ хийхгүй. Хийлгэх ч үгүй.

Дөрвөн хуулийг өөрчлөх нь нэгэнт шийдэгдсэн асуудал байжээ. 57-р тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа Засгийн газраас хууль өөрчлөх даалгаврыг дуулгавартай хүлээн авч байхыг харахад “дээгүүрээ яриад шийдчихсэн” нь илт байв. Нэгэнт парламентад сөрөг хүчин байхгүй болохоор эсэргүүцсэн цөөн хэдэн гишүүнийг олонхоороо дарж авлаа.

Компани, Засаг хоёрын талд бүхэл бүтэн хэвлэл мэдээлэл, сэтгүүл, сэтгүүлч, нийтлэлчид хүчин зүтгэлээ. Харин гэрээг эсэргүүцээд байсан иргэний хөдөлгөөнүүдийг манай хэвлэл мэдээлэл энэ хэдэн өдөр бойкотлов.

“Эрс шинэчлэл”, “Миний Монголын газар шороо”, “Иргэдийн альяанс” зэрэг байгууллагын хоёр удаагийн хэвлэлийн хурлыг ихэнх телевиз (TV5, UBS гэх мэт) хав дарав.

Харин МҮОНТ юув дээ. Өөртөө зүүлттэй нэрээ бодоод ганц өгүүлбэрээр ч хамаагүй дурсах болов уу гэтэл тэгсэнгүй. УИХ-ын ээлжит бус чуулганы нээгдэхийн урьд үдэш МУУҮА-ийн ерөнхийлөгч До.Ганболдыг студидээ урьж, Оюутолгойн гэрээг иргэд дэмжиж байгааг нотолсон баахан яриа оруулсан (“Энэ гэрээ түргэн батлагдахыг хүсч байна уу? – гэх мэт асуулт тавихад цаадуул нь “хүсч байна” л гэж хариулахгүй хаачихав) мөртлөө тэр өдрийн иргэний хөдөлгөөнүүдийн хэвлэлийн хурлыг нуун дарагдуулав. Бас чуулган нээгдсэн өдрийн хоёр дахь хэвлэлийн хурлыг бас л олж харсангүй. Эдгээр хурлууд болсон “Монгол ньюс”-ийн мэдээллийн төв рүү очдоггүй юм болов уу гэтэл бусад хурлуудыг сурвалжилсан байх юм.

Хуулийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг Медведевийн айлчлалын өдөр хийсэн болохоор бүх анхаарал тийшээ. Жагсаал цуглаан байтугай хэвлэлийн хурлын талаар ярилтгүй. Шударга сайхан гэрээ батлагдтал орой болгон иргэний хөдөлгөөнийнхнийг цуглуулж байгаад бужигнуулна хэмээн тангараг тавьж байсан TV9 ганц удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан ч урьсан зочидтойгоо уралдаж чалчдаг бүдүүлэг хөтлөгч, бас Медведев хоёрын “ачаар” үзсэн хүн байгаагүй биз.

Мөнгөтэй Компани, мэдэлтэй Засгийн газар хоёр нийлэхээрээ Монголд хүссэнээ хийж чадахнээ.

Маргааш өөр юуг хүсэх бол?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

68 хувийг тэг болтол “зодож байна”

Posted by Бид on 2009/08/20

Одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу, элдэв хөнгөлөлт чөлөөлөлт үгүйгээр  Оюутолгойн гэрээг байгуулаад ир гэсэн тов тодорхой үүрэг өгсөн УИХ-ын 57-р тогтоолын хариуд Засгийн газрын ажлын хэсэг “Ёстой гоё гэрээ байгуулах боллоо, харин хэдэн хуулийг өөрчлүүлье” гэсэн хариу даалгаврыг өргөн барихад Д.Дэмбэрэл дарга “жа” хэмээн хүлээж авсан тэр мөчөөс хойш монголын хэвлэл мэдээллээр гэрээний заалтуудыг магтах, ялангуяа 68 хувийн татварыг муулах сурталчилгааны кампани өрнөж байна. Ерөнхийлөгчийн суудлаас ховхормогцоо сая шударга үнэнийг нэхэж эхэлсэн Н.Энхбаярын TV9 телевиз (бас мэдээж “Зууны мэдээ”) гэрээний төслийг эсэргүүцэгчдийг яриулснаас биш , хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, тоймчид бараг бүгдээрээ Засгийн газрын талд орж УИХ-ын чихийг зөөлрүүлэх гэсэн мэт балбаж эхэллээ “Өнөөдөр” сонин УИХ-ын гишүүдийг “Нусаа тат” гэж загнасан бол UBS телевиз “… 68 хувийн татварыг авах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн хувь хүртэх гэсэн сонирхолтой холбоотойг олон хүн мэдэж байгаа”-г илчлэв. (Харин “мэдэж байгаа” хүмүүсээ UBS мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй).  Бас Оюутолгойн гэрээ ба хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх УИХ ээлжит бус чуулганд “Амжилт хүсье!”, эрхэм гишүүдийг “Зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна” гэх мэт боловсон  анхааруулга ч цувлаа… 

Ийнхүү Засгийн газар, “Айвенхо майнз”, түүний мөнгөнд согтсон хэвлэл мэдээлэл гурав 68 хувийн татварыг шууд газарт унаган тэг болтол зодож байхыг хараад манай яруу алдарт олон нийтийн телевиз яаж зүгээр өнгөрөхөв. Бишээ, өмөөрөөгүй… 

Эхлээд “Айвенхоу майнз”-ийн түнш – “Рио Тинто” компанийн сурталчилгааны нэвтрүүлгийг МҮОНТ оргил цагаараа сэмхэн шургуулав. Америкт суралцахдаа Оюутолгойн гэрээний гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бурууг мэдчихээд ирсэн МУИС-ын багш Баянмөнх “… энэ татварыг хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй… яавал тэдэнд ашигтай байлгахав?” гэх мэтээр хичээл заалаа. Бас геологийн ухааны нэгэн доктор ярив. (Яг энэ хоёр ярианы хэсгээс тэр оройн “Цагийн хүрд” үзүүлсэн юм. Мэдээллийн хөтөлбөр хүртэл захиалгатай байжээ). Төгсгөлд нь “Улаанбаатар хот. 2009 он.

Тэгвэл чуулган нээгдсэн оройн оргил цагаараа Оюутолгойн гэрээнээс 68 хувийг татварыг авч хаяхыг ухуулсан дараачийн нэвтрүүлэг хулгайгаар орж ирлээ. (Бас л хөтөлбөрт байгаагүй гэсэн үг). Нөгөө хичээл зонхилж, түүнийг Засгийн газрын төслийг өргөн барих үед Сангийн сайд С.Баярцогтын хэлсэн үг, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн “жа”-гаар чимсэн байлаа. Төгсгөлд нь бас л “2009 он” гэжээ.

“Захиалгат нэвтрүүлэг” гэсэн тайлбар тавихаа ч больж. Олон нийтийн телевиз цайрчээ. 

P.S: Энэхүү захиалгат нэвтрүүлгийг нөгөө TV9 телевиз маань 20-ны оройн оргил цагаараа гэнэтхэн үзүүлэв. Мөнгө, мөнгө, мөнгө … Бүр ахиухан мөнгө төлбөл иргэний хөдөлгөөнийхнийг яриулахаа ч болих биз.

Posted in "Өдрийн сонин", Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 9 Comments »

Төлбөртэй сэтгүүлч

Posted by Бид on 2009/08/20

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү төлбөртэй нэвтрүүлгийн мөнгөнд үнэхээр донтчихжээ.

Өнгөрсөн долоо хоногийн “Сэдэв” нэвтрүүлгээрээ Оюутолгойн гэрээний асуудлаар зөвхөн МУУҮА ба уул уурхайн салбарынхны байр суурийг зөвхөн тэднээр яриулж тайлбарласан бол араас нь “Оюутолгойн гэрээ…” нэртэй захиалгат нэвтрүүлэг бэлтгэснийг өчигдөр зарим телевизээр үзүүлэв. Энэ удаад захиалагчиддаа бүр сайн үйлчилж илүү дэлгэрэнгүй тайлбарласан нь мэдээж. Сүүлдээ бүр “хар хүний төлөө шар хүн” гэгчээр давшилж гарах нь тэр:

… Иргэний хөдөлгөөнийхөн эх орончид мөн үү? … Хэн чанга хашгирснаар бол илжиг хот байгуулчих байсан гэж перс ардын үг бий… Иргэдийн 80 хувь Оюутолгойн гэрээг байгуулахын төлөө байна… Иргэний хөдөлгөөнийхөн хаанахын ард түмнийг төлөөлөөд байна аа?… Тэдэнд зориулж монголын ард түмний төлөөллийн үгийг хүргэе…

Ингээд Оюутолгойн гэрээг түргэхэн байгуулж ашиглалтанд оруулах нь зөв үү гэсэн мэдээжийн асуултыг гудамжинд яваа хүмүүст тавьж “зөв” гэсэн мэдээжийн хариултыг баахан урсгалаа. (Жишээлбэл, “сэтгүүлч хүн хэн нэгэнд худалдагдахгүй байж эсрэг тэсрэг байр суурийг хүмүүст хүргэх нь зөв үү?” гэсэн асуулт тавиад үзвэл?)

Удахгүй сэтгүүлч Пүрэвхүүд мөнгө төлж нэвтрүүлэг захиалаагүй бол монголын ард түмний тооноос хасагдаж мэдэх нь.

Posted in 25-р суваг телевиз | 2 Comments »

“Сүлдхэн”

Posted by Бид on 2009/08/20

8-р сарын 19-ны орой Монгол улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг долоо хоногоор тоймолдог “Сүлд” хөтөлбөрийг МҮОНТ-ээр үзлээ гэсэн чинь эхний хэсэг үнэхээр тийм байсан ч дараачийн хэсэг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжавын ОХУ-д хийсэн айлчлалд зориулагджээ. Хөтлөгчийн ярьснаар, олон чухал гэрээ, хэлэлцээрийг байгуулаагүй ч байгуулах эхлэлийг тавьсан юм байх. Араас нь дарга өөрөө хэдэнтээ гарч ямар ажил амжуулсан, юу мэдэж авснаа тайлбарлаж өгөв.

Энэ янзаараа бол МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дорлигжавын долоо хоногийн нөр их ажлыг танилцуулдаг “Сүлдхэн” хөтөлбөр шаардлагатай болж мэднэ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Дагасан уу, дагуулсан уу?

Posted by Бид on 2009/08/18

Нэгэн чухал эрхмийг “хөдөө орон нутагт ажиллаж байна” (яг тэгэж хэлэв) гэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг 2009.08.17-нд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэв. Тэр нь хэн бэ? Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвын аль нь ч биш, УИХ-ын жирийн гишүүн ч биш, яамны сайд ч биш, харин “Хаан” банкны гүйцэтгэх захирал Питер Морроу ажээ. Тэрбээр ХААН банкныхаа хөдөө орон нутаг дахь салбаруудын ажил төрөлтэй танилцаж Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төв болон сумдаар явахдаа МҮОНТ-ийн сурвалжлах багийг хөлслөн дагуулахад цаадуул нь Монгол улсын төрийн “өндөрлөг”-үүдийн түвшинд тун дөхүүлэн өргөмжилж өглөө.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

120 мянгат: Айлын цонхыг тагласан зочид буудлын барилга

Posted by Бид on 2009/08/16

Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын 14, 15-р байрны урд барьж байгаа G.M.V зочид буудлын 13 давхар, түүний залгаа 2 давхар барилгууд айлуудын цонхийг таглан баригдаад дуусчээ. Тухайлбал, нэгэн айлын цонх ийн таглагдсан байв.

xix-adore-1 Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 5 Comments »

Төмөр замын арктай шар …

Posted by Бид on 2009/08/16

Би “Хот төлөвлөлт ба газар олголт” булан нээж нийслэлийн барилга байшин, гудамж, зам талбайн байдал,  газрын маргаан зөрчил, хот төлөвлөлтийн алдаа завхралыг ажиглаж тодорхой баримт, жишээг нийтэлж байхаар шийдлээ.

Эхнийхийг танилцуулья.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, төмөр замын “арктай шар” гэгдэх орон сууцны нүүрэн талд, усан оргилуур, мод, цэцгийн мандал бүхий тохижуулсан жижигхэн гурвалжин дээр “Халиун толгой” компани олон давхар барилга барихаар суурь ухаж хашаа босгож эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн маргаан тэмцэл 2003 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна.  

Та харж байна уу? Энхтайвны өргөн чөлөө рүү харсан “арктай шар”-ын айлуудын цонхыг 10 давхар барилгаар таглаж болно гэж үү?

tumur_zam_arktai_bair Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Д.Дорлигжавын албан ёсны том айлчлал эхэллээ

Posted by Бид on 2009/08/14

Өчигдөр орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сурковын урилгаар хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр мордлоо гэсэн албан мэдээг Монгол орон даяар шуурхайлан цацлаа.

Ээ, бурхан гончигсумлаа минь, ямар том айлчлал вэ!

Араас Дорлигжав дарга өөрөө гарч ирээд, айлчлалын учрыг ойлгохгүй байсан над мэтийн монголчуудад ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевын Монголд хийх өөр нэг чухал айлчлалын бэлтгэлийг Гадаад харилцааны яам зохицуулж байгаа ч өөрийн биеэр очиж зарим нарийн ширийн зүйлийг тохирохоос өөр аргагүй тухай тайлбар хийлээ. Маш хэцүү ажилтай явах тул юмыг яаж мэдэхэв гээд “баяртай” гэж хэлсэн хэрэг.

Өнөөдрөөс “Дорлигжав Москвад хүрэлцэн ирлээ. Нисэх онгоцны буудал дээр …. гэсэн мэдээнүүд цувах юм болов уу? Нэгэнт ингэж хүчтэй эхэлсэн юм чинь буцаж ирээд “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр сэтгүүлчдийг цуглуулж ч магадгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Сонгуулиар завсарладаг мэргэжил

Posted by Бид on 2009/08/10

Ерөнхийлөгчийн сонгуулиар сураг алдран далд фронтод сэмээрхэн дайтаж яваад ирсэн зарим сэтгүүлч хэсэг амсхийгээд дэлгэцнээ дахин үзэгдэж эхэллээ.

Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны штабт зүтгэсэн “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгээ сэргээж Сүхбаатарын талбайн урдах Ахмадын холбооны байранд очиж Баасан хатагтайтай уулзсан бичлэгээ үзүүлэв. (Нурах шахсан барилгад Баасан конторлож ахмадууд цугларсан хэвээрээ, хэрвээ тэдний мэдэлд өгчихвөл хөрөнгө оруулагч бэлэн, засаад гоё байшин болгохоо амалж байна)

Ингээд сонгуулийн өдрүүдэд Пүрэвхүүгийн “Миний мэргэжил – сэтгүүлч” биш байсан бол одоо буцаад мөн болсон хэрэг.

Сурталчилгаа эхлэхэд хоёр намын штаб телевизийн захирлуудад хандаж “татгалзахааргүй санал” олныг тавьсны нэг нь гайгүй сэтгүүлчдийн нэр цохож штабтаа авч ажиллуулах хүсэлт байжээ. Бараг бүх захирлууд зөвшөөрч сэтгүүлчдээ зарчихсан байна. Зараагүй, зүгээр л чөлөө өгөөд явуулсан гэх биз. Гэхдээ редакцийн ёс зүйн зарчим энэ тэрийг “мартсаныхаа” төлөө тухайн телевиз асар их сурталчилгааг өндөр тарифаар саадгүй авч цацсан билээ. Зарагдсан сэтгүүлчийн тухайд гэвэл тусдаа гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирсон …

Харин одоо “шударга, тэнцвэртэй”, бас “хэнд ч худалдагдахгүй” ажиллах цаг ирлээ. Юу ч болоогүй юм шиг …

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз | 7 Comments »

УИХ-ын бас нэг гишүүн телевизтэй болов

Posted by Бид on 2009/08/05

Долдугаар сарын сүүлчээс дахиад нэг телевиз агаарын долгионоор (бас кабелиар) нэвтрүүлгээ цацаж эхлээд байна.

Нэр нь BTV.

Ноднингоос хойш Кёкүшю цамхагийн оройд шинэ телевиз дуншаад байна гэсэн нь ийнхүү мэндлэв. Б үсгийн тухайд гэвэл УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д. Батбаярын, бас “эдийн засаг бизнесийн чиглэлээр дагнан нийтлэл, нэвтрүүлгээ хүргэх анхны телевиз” гэж зарласан тул Бизнесийн гэсэн утгыг агуулжээ.

Шууд нээгдсэн www.btv.mn сайт дахь танилцуулгад хөрөнгө мөнгө, байшин саваа хүртэл гаргасан Д.Батбаярыгаа огт дурсаагүй байх юм. Түүний мөнгөөр л “Сони” корпорацид “2008 онд үйлдвэрлэсэн хамгийн өндөр үзүүлэлт бүхий мэргэжлийн техник хэрэгсэл, үйл явдлыг шууд дамжуулах DBS станцтай” болсон байж таарна.

Танилцуулга нь “олон нийтэч байр сууринаас” ажилладаг телевиз байх амлалтаар эхэлж байна. Бараг л олон нийтийн телевиз! Бас 21 аймаг болон томоохон улсын нийслэлүүдэд суурин сурвалжлагчтай гэж худлаа залжээ. Хэдийдээ амжсан байхав?

Харин аль ч телевизийн нэрийн хуудас болсон мэдээллийн хөтөлбөр нь “Б цэг” нэртэй, тэр нь эдийн засаг, худалдаа, үйлчилгээний агуулгатай байгаа нь содон санагдлаа.   

Гэхдээ шинэ телевиз хөл дээрээ босохыг нь хүлээж, бас амжилт хүсэх л үлдэж байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, BTV, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »